-Хэрэв ашигт малтмалын асуудлаа ард түмэндээ ашигтайгаар шийдэж чадахгүй бол энэ УИХ-аас нэг ч гишүүнийг дахин сонгохгүй байх кампани өрнүүлье-

Нэг. Ерөнхий сайд С.Баярын УИХ-ын чуулганы индэр дээрээс ард түмэндээ тунхагласан, эхлүүлэхээ амласан таван төгөлдөршлийн хоёр дахийг нураах цахилгаан төлөвлөгөө эхэлжээ. Зарим ордын гэрээ, хэлэлцээрийг УИХ-ын төвшинд улс төр болгож байгаагаас энэ нь харагдана. Ашигт малтмалын сэдэв улс төр болов. Асуудлыг зөв хувилбараар шийдэх гарцын тухай биш, хэдэн том ордын гэрээ, хэлэлцээрийг хэн гардаж хийх, "бялуу зүсэх хутга"-ыг хэн барих эрхийн төлөөх тэмцэл Төрийн ордонд өрнөж байна, энэ өдрүүдэд.

МАХН Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэж хоёр удаа хулхидсан. Ц.Элбэгдоржийг 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиас нэрийг нь татуулж гэрээ байгуулаад ч түүндээ хүрэлгүй Засгийн газрыг нь огцруулж байв. Тэгвэл одоо АН-ынхан хариугаа авч байгаа юм шиг МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, түүний Засгийн газрыг хоёр дахь удаагаа хана мөргүүлэх гэж байна. Эхнийх нь УИХ-ын сонгуулийн хууль байлаа.

Хоёр. С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан МАХН-ын дарга, гүйцэтгэх засгийн тэргүүн гэсэн хос албан тушаалын төвшинд АН-ын зөвлөлийн гишүүдтэй уулзав. "Би Ц.Элбэгдоржийг эзгүйчлээгүй

шүү" гэж хойморт нь сууж байгаад баахан ярилаа. Уулзалтын дараа С.Баярын талаархи эерэг ойлголттой гишүүдийн тоо АН-ын зөвлөлд нэмэгдэж, шинэ Ерөнхий сайд болон сөрөг хүчний хамтын ажиллагаа эхлэв. Удалгүй Э.Бат-Үүл тэргүүтэй гишүүд УИХ-ын сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах хуулийн төсөл санаачилж, С.Баяр энэ өөрчлөлтийг таван төгөлдөршлийнхөө нэг болгов.

АН-ын зөвлөл, МАХН-ын бүлэг бараг зуун хувь дэмжсэн уг төслөө гишүүд парламентад өргөн барьж, Ерөнхий сайд УИХ-ын чуулганд үг хэллээ. Төдөлгүй тухайн үед Японд ажиллаж байсан Ц.Элбэгдорж, сонгуулийн хуулийн төсөл санаачлаад Монголд сууж байсан Э.Бат-Үүл хоёр дунд ийм нэгэн яриа агаарын шугамаар урсав.

Ц.ЭЛБЭГДОРЖ:

-Сонгууль тулчихсан үед сонгуулийн хуулийг өөрчилж хэрхэвч болохгүй.

Э.БАТ-ҮҮЛ:

-Яагаад, хуулийн хугацаа байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ:

-Хэрэв пропорциональ болгоно гэвэл тойргоо аваад эртнээс бэлдчихсэн хүмүүсийн хөдөлмөр үгүй болно. Тэднийг яах болж байна.

Э.БАТ-ҮҮЛ:

-Харин биднийг энд сууж эрх баригчдыг хянаж байх хойгуур эзгүйчлээд тойргууд дээр ажиллачихсан хүмүүс байгаа учраас л тогтолцоог өөрчилмөөр байна.

...Энэ ярианы дараа Ц.Элбэгдорж Японоос яаравчлан ирж АН-ын зөвлөл, гүйцэтгэх зөвлөлийн хамтарсан хуралдаан хоёр ч удаа болсноор сонгуулийн тогтолцоо хуучнаараа үлдлээ. Тус намын гишүүд Ерөнхий сайдтай хамт сонгосон байр сууриа намын даргынхаа өмнө 180 хэм эргүүлсэний учиг ч эхнээсээ тодров. Эдгээр хурлын дараахнаас АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжавын "УИХ-д байгаа манай намын гишүүдийг бүгдийг нь 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнд тооцож, зарлаж болно" гэсэн ярилцлага сонинуудаар гарлаа. АН-ын удирдлага хэрэв саналаасаа татгалзвал дахин нэр дэвших ногоон гэрлийн эрхийг УИХ дахь намын гишүүддээ бүгдэд нь амласан байжээ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд тойрогтоо эхний жил 100 сая, хойтон нь 250 сая төгрөг төсвөөс хуваарилуулсан. Сонгуулийн тойргийг томсгож, аймгийг нэг тойрог гэж үзэх хууль гарсантай холбогдуулан эрхэм гишүүд 2008 оны төсөвт "хөрөнгө оруулалт" нэрээр аймаг бүрт 500 сая төгрөгийг мөн л төсвөөс хуваарилж дөнгөсөн.

Хожмоо сонгуульд эдгээр мөнгийг төсвөөс биш, халааснаасаа өгсөн юм шиг, төсвийн хөрөнгөөр босгосон бүтээн байгуулалтыг өөрөө тоосго өрж, шавар зуурсан мэт сурталчлах нь тодорхой. Тэгэх л гэж засаг захиргааны нэгж, салбараар олгодог төсвийг хууль зөрчин байж сонгуулийн тойргоор хуваарилсан хэрэг. Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчилбөл тэд

бусад нэр дэвшигчидтэй нэг гараанаас гарч, шударга өрсөлдөөнд орох гээд байлаа. Тийм учраас төрийн нэрээр олж авсан дээрх давуу эрхээ эдлэх, мөнгө хуваарилуулсан гавьяагаа үнэлүүлэх сонголтыг УИХ дахь АН-ын гишүүд сонгосон юм.

Ингэснээр дөнгөж эхний алхмын эхлэл дээрээ бүдэрсэн сөрөг хүчин, шинэ Ерөнхий сайдын хамтын ажиллагаатай хамт С.Баярын олон түмэнд тунхагласан таван төгөлдөршлийн анхных нурав.

Гурав. Томоохон ордуудын гэрээг баталж, төслийг эхлүүлэх, ашигт малтмалынхаа үр шимийг ард нийтээрээ хүртэх эхлэлийг тавих нь Ерөнхий сайдын таван төгөлдөршлийн нэг. Тийм ч учраас С.Баяр Тавантолгойг төрийн мэдэлд авахаа танхимаа бүрдүүлэхээсээ ч өмнө мэдэгдэж, үндэсний компаниудтай зөвшилцөх ажлын хэсэг томилоод байгаа. Асгатын лицензийг "Монголрос-

цветмет" компаниас Засгийн газарт татаж тус ордыг "Полиметалл" компанитай 50:50 хувиар хамтран ашиглах төслийг УИХ-д өргөн барилаа. Гэвч алинд нь ч ахиц гарсангүй. Тавантолгойн хэлэлцээр сунжирч, Асгатын гэрээ гацаанд орлоо. Гэхдээ энд гацаасан, сунжруулсан улс төрийн шалтгаан нь илүү байлаа. УИХ-ын гишүүд батлаад мөрдөөгүй, амьдралд хэрэглээгүй, "засвар"-тай Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт оруулахаар болов. Түүний дараа ордуудын гэрээг хэлэлцэнэ гэнэ. Цаг хугацааны хувьд авч үзвэл УИХ-ын ээлжит чуулган Цагаан сарын өмнө завсарлаж, хавар дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ. Зургадугаар сард нь УИХ-ын ээлжит сонгууль болно. Үйл явдал тун тодорхой харагдаж байгаа. Оюутолгойн гэрээ 2003 оноос хойш сунжирч байгаатай адил Тавантолгой, Асгатын гэрээ 2008 оны сонгуультай золговол сонгуулийн үр дүнгээр байгуулах Засгийн газар тоглоомыг дахиад шинээр эхэлнэ. Тэд "хөзөр"-өө өөрсдөө хуваана.

Тийм учраас ордуудын хувь заяаг зөв хувилбараар нэг өдрийн өмнө ч болов шийдэх бус, зөв тоглолтоор УИХ-ын ээлжит сонгууль хүртэл сунжруулах улс төрийн сонирхол сөрөг хүчинд байна. 2008 оны сонгуульд ялна гэсэн итгэл нь ордуудын гэрээг өөрсдөө гардаж хийх АН-ынхны аазгайг улам хөдөлгөх. Засгийн эрх барьж байх хугацаандаа ордуудын төслийг эхлүүлэх хүсэл ч МАХН-д бий. Өөрөөр хэлбэл, энд томоохон ордуудын гэрээг гардаж хийх, энэ үед нь засаг барьж байх эрхийн төлөөх МАХН, АН-ын далд тэмцэл өрнөж байна. Энэ "хайчин гал" дахь улс төр нь УИХ-ын чуулганы завсарлах хугацаатай ч давхцлаа. Эцэстээ улстөрийн шалтгаан, цаг хугацааны шахалт хоёр нийлээд Ерөнхий сайд С.Баярын төгөлдөршлийн хоёр дахийг нураах цахилгаан төлөвлөгөө болов. Мэдээж нураах төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид нь 2008 оны сонгуулийн ялалтаа халааслачихсан гэх сөрөг хүчин, хувьцаагаа төрд алдах гээд байгаа "Энержи ресурс"-ийнхэн бөгөөд С.Баярын хэт хатуу байр суурь ч зарим талаар олз болж байна.

Ашигт малтмалын асуудлаа шийдэх нь зөвхөн хоёр намын хувь заяатай холбоогүй. МАХН, АН хоёроос илүү эрхэм, үнэ цэнтэй Монгол Улсын, саарал ордонд суугаа 76-гаас хэд дахин олон ард түмний эрх ашиг, хүсэл юм. Иймд бүрэн эрхийн хугацаандаа ашигт малтмалын асуудлаа монголчуудад ашигтай хувилбараар цэгцэлж чадахгүй бол энэ УИХ-аас нэг ч гишүүнийг дахин сонгохгүй байх кампани өрнүүлж яагаад болохгүй гэж.

Дэлхийн зах зээл өөрөө цаг, минутаар өөрчлөгдөж, хувьсч байна.

Бидний түншээ сонгож чадахгүй будилж, улстөржиж суух зуур дэлхийн эдийн засаг донсолж, улсын төсвийг бүрдүүлдэг зэсийн үнэ унаж эхэллээ. Мозамбек улсад Тавантолгойтой дүйцэх нөөцтэй нүүрсний нөөц илэрлээ. Энэ бүхэн бидэнд өгч байгаа дохио, яаравчлах сануулга биш гэж уу.