Зөнгийн үзэгдэл зүүдтэй төстэй боловч зүүд биш. Зүүд бодол сэтгэхүйн тусгал бол зөнгийн үзэгдэл цэвэр тунгалаг ахуйд тодордог обьектив үзэгдэл. Нэгэн жишээ дурдъя. Би яруу найрагч андтайгаа автобусаар аялж явлаа. Шөнийн арван цагийн үед хажууд сууж явсан анд маань:

- Сая чи сонсов уу? Нэг хүн “Мунна, Мунна” гэж дуудаад байх юм гэлээ.

- Үгүй ээ, юу ч сонсогдоогүй. Чи зүүдэлсэн юм болов уу гэхэд

- За боль доо, би сэв сэрүүн байна. Мунна гэж миний багын нэр. Аав, ээж хоёр маань тэгж дууддаг байсан юм. Ээж тэнгэрт хальсан. Одоо тэр нэрээр дуудах хүн аав минь л байгаа гэв.

- Тэгвэл зорьсон газраа хүрмэгц гэр рүүгээ яриарай гэж би хэллээ.

Нагпурт арван хоёр цагт хүрлээ. Анд минь буугаад утас цохиход аав нь өнгөрсөн тухай мэдээ дуулдав. Яг арван цагийн үед амьсгал хураажээ. Нөгчих үедээ ганц хүүгээ санагалзан, багын нэрээр нь дуудсан юмсанж. Энэ бол зүүд биш. Зуун бээрийн цаанаас аавынх нь дуу сонсогджээ. Мэдээж зөвхөн түүнд сонсогдсон. Орон, цагаас үл хамаарах зөнгийн үзэгдэл гэж энэ юм...

Би та нарын зүүдэнд орвол та нарын асуудал. Зүүд бодол төсөөллийн тусгал учраас тэр. Харин зөнгийн үзэгдэлд тодорвол хариуцлагыг би өөртөө хүлээнэ. Зүүд чиний унтаа үед тохиодог бол зөнгийн үзэгдэл үргэлж сэрүүн үед тохиодог. Зүүд тархитай холбоотой бол зөнгийн үзэгдэл зүрхтэй холбоотой. Анир чимээгүй бясалгагч төлөвт орох тусам зөнгийн үзэгдэл ургана. Хөндлөнгөөс оролцож тайлбар хийлгүй эхнээс нь төгсгөл хүртэл хүлээцтэй ажигла. Бүрэн дүүрэн хүлээж авах юм бол тайлбар шаардлагагүй, учир утга нь аяндаа ойлгогдоно. 


Зэн нядлагч

Хорвоо угтаа ариун ч үгүй, бузар ч үгүй хоосон чанар. Түүнд ямар өнгө будаг оноох нь чиний шийдэх хэрэг. Бясалгалаар хорвоогийн үйл бүхэн бодь мөр болдог. Японд их арш гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн мал нядлагчийн тухай дурсъя. Бүхэл өдөржин мал амьтан нядалж, мах ясыг нь зардаг ганц ажилтай. Тийм хүн яаж гэгээнтэн байх вэ гэж итгэж ядсан нэгэн буддын номч түүн дээр очжээ. Улай нялайг харсан номч:

- Ёстой ой гутчихлаа. Ямар элийрсэн амьтад чамайг гэгээнтэн гэж боддог байна аа? гэхэд нь нядлагч инээгээд ийн хариулжээ:

- Би бол үе дамжсан мал нядлагч барлаг. Өөрийгөө гэгээнтэн гэж хэнд ч зарлаж яваагүй. Тэгж боддог хүмүүс байгаа бол тэдний л хэрэг. Та тэдэн дээр очиж мэтгэлцэхгүй юу. Миний хувьд ажил үйлэндээ сэтгэл хангалуун явдаг. Юу хийхдээ биш, яаж хийхдээ учир нь бий. Зөв, бурууг гадна талын үйлээр биш, дотоод ухамсраар цэгнүүштэй. 

Тийм ээ, би амьтны амь тасалж байна. Би биш гэхэд өөр хүн тэднийг алж таарна.Гэхдээ тэд над шиг ийм энэрэл хайраар төхөөрөхгүй шүү дээ. Тийм хойно би яаж ажлаа орхих вэ. Нядлагч байсны минь төлөө намайг тамын ёроолд хаявал ч хаяг. Хөөрхий цайлган амьтдыг хайр найргүй яргачдын гарт үлдээж чадахгүй гэжээ.

Хүмүүс яагаад түүнийг гэгээн арш гэж хүндэлж байсны учрыг би ойлгож байна. Тэрээр хэнд ч сургаал ном зааж, судар ном уншиж яваагүй. Бичиг үсэг ч мэдэхгүй хөдөөх эр. Гэхдээ л тэр туйлын шашинлаг бус орчинд шашинлаг амьдарч байжээ. Энэ бол маш нандин утга учир. Эгэл чулууг алт болгодог алхимич шиг бузрыг ариунд, муухайг эрхэм сайханд урвуулагч их шидтэн байжээ. 

Түүний алдар цуу түгсэн тул мал төхөөрч байгааг нь харах гэж хүмүүс хол, ойроос зорин очдог байжээ. Японы эзэн хаан хүртэл өөрийн биеэр морилсон гэдэг. Учир нь балиус хутгаа барин босоход нь түүний нүдэнд нулимс мэлтэлзэж, бүх биеэс нь хайрын долгис цацардаг юмсанж. Гайхалтай нь түүнийг хүмүүс ойлгохгүй атал амьтад ойлгодог байв. Ердийн тохиолдолд амийг нь таслах гэсэн яргачны гараас алив амьтан мултрах гэж амь тэмцдэг. Харин тэр нядлагч амьтныг уяа дээсээр уяж хүлэлгүй, зүгээр л тэвэрдэг байлаа. Нядлуулах гэж байгаа амьтан өөрөө түүний гарт үхэхийг хүсэх шиг харагдана

Эзэн хаан түүний балиус хутгын талаар сонирхжээ. Тэр хутга үсний ширхэг унахад хэрчигдэм хурц гялалзуур харагджээ. 

- Та хутгаа өдөр бүхэн хурцалдаг уу? гэж хааныг асуухад нядлагч:

- Үгүй ээ, миний эцэг, бас өвөг эцэг минь ч энэ хутгыг хэрэглэж байхдаа хурцалж үзээгүй. Гагцхүү бид амьтанд байж болох хамгийн бага өвдөлт мэдрүүлэх ясны заадсыг мэддэг. Тийшээ яг онож хатгах бүрийд хутга маань хоёр ясны хооронд билүүдүүлж, аяндаа хурцлагддаг юм гэж хариулжээ. 


Ерөөлт хөтөч

Өөрийгөө ухаарах дорнын арга билгийг баруунд түгээх үйлсэд Георгий Гүржиевтэй эн зэрэгцэх хүнгүй гэж би боддог. Нэрт философич Жоад мэтийн хүмүүс түүнийг хууран мэхлэгч, тархи угаагч гэж цоллодог байлаа. Гэвч Жоад абугай зургаан долоо хоногоос хэтрэхгүй гэсэн онош эмчээсээ сонсоод, амьдралын тухай цоо шинэ бодролд автжээ. Тэгээд нэг найзаасаа:

- Гүржиевийг над дээр авчирч туслаач. Тэр хүнийг ойлгоогүй мөртлөө шүүмжилж явсандаа уучлал гуймаар байна гэжээ. 

Түүний хүсэл ёсоор биелж, Гүржиев дэргэд нь сууж байлаа.

- Намайг өршөөгөөрэй. Үхэл минь ойртсон болохоор тантай дахиж уулзахгүй байхгэхэд нь Гүржиев:

- Сайнаар харвал сайн сайхан тохиол. Насан турш ягшсан үзэл бодолд чинь шинэ сэргэг салхи сэвэлзжээ. Намайг энд авчирсан тэр дуудлагад талархалтай биш үү? Зургаан долоо хоног чамлахааргүй хугацаа. Зөв ашиглавал зургаан минут ч хангалттай. Тан шиг ирмүүн хүн зургаан секундэнд ч нэвтэрч болно. Би таны дэргэд байна. Нүдээ аниад, оюун ухаанаа ажигла. Өөр юу ч хийхгүй, зүгээр л ажиглаад бай гэжээ. 

Үхэх дөхсөн хүн юу ч хийхэд бэлэн байдаг. Үхлийг тэгж мэдрээгүй байсан бол Жоад “Оюун ухаанаас тусдаа ажиглагч гэж юу байх вэ?” гээд л мэтгэлцэх байсан биз. Гэвч тэр үед маргаж мэтгэлцэх чөлөө байсангүй. Зүгээр түүний хэлснээр хийгээд үзэхэд алдах юмгүйг ойлгожээ. Тийнхүү оюун ухаанаа ажиглаад эхэлмэгц гайхалтай юм болж. Байнга оволзож байдаг бодлын шуугиан замхраад, Гүржиевийг ч, өөрийн үхлийг ч мартаад ер бусын нам гүмд уусчээ. Гурван цагийн дараа Гүржиев түүнийг сэрээж:

- Та үнэхээр нам гүмд орж чадлаа. Царай чинь тавираад, нүд чинь хөдлөхгүй байсан. Чин зүрхнээсээ даган баясъя гэжээ.

Бодол болоод зүүдэнд автсан үед хүний нүд чичирхийлдэг. Бодол, зүүд зогсоход нүд ч зогсдог учраас Гүржиев Жоадыг гаднаас нь хараад мэджээ. Жоадын нүд зогсож, бүх бие нь тавирч, үхлийн айдас сарниад нүүр царай нь гэрэлтжээ. Гэрч ухамсар амилсан цагт өвөрмөц гоо сайхан туяардаг. 

- Одоо үүнийгээ л үргэлжлүүлээд бай. Өдөр бүхэн танд хорин дөрвөн цаг байна. Сэрүүнбайхдаа, амарч хэвтэх зуураа нам гүмд уусаад л бай. Тэгэх юм бол үхлийн дуудлагыг та өөрийгөө таних завшаан болгоно. Үхлээс өмнө үхэлгүйг нээнэ гэж Гүржиев хэлжээ.

Жоадын нүдэнд баярын нулимс бүрхсэн гэдэг. Үг дуугүй нулимсаараа талархал, наманчлалаа илэрхийлжээ. Үлдсэн зургаан долоон хоног түүний амьдралд хамгийн чухал мөч байлаа. 

- Эцсийн эцэст Гүржиев намайг шинэ аялалд хөтөлж, үхэшгүй мөнхийн утгыг таниулна гэж зүүдлээ ч үгүй явж дээ. Амьдрал үнэхээр гайхамшигтай юм аа! гэж анд нөхдөдөө сүүлчийн үгээ хэлсэн гэдэг. 


- Ошо “Дусалд ууссан далай”

Агнистын гэгээ - 19