“Маргааш би бясалгал хийнэ. Маргааш би хайрлан нигүүлсэнэ. Маргааш би бүжиж баясна” гэж бүү ярь. Яагаад маргааш гэж? Маргааш хэзээ ч ирэхгүй. Одоо яачихсан юм бэ? Оройтохоос биш эртдэхийн аюул энд алга. Хойш тавина гэдэг чинь сэтгэлийн ов мэх. Хоосон найдлагын өөшинд хууртаж суусаар аз завшаантай бус, эрлэгийн элчтэй л нүүр тулах цагтаа чи юу хүлээгээд байснаа ойлгох вий. Даанч тэр цагт бүх юм хожимдсон байна. Урьд өмнө ч ийм азгүйтэлд ахин дахин орж байсан. Чи энд шинэ гийчин биш шүү дээ. Тоо томшгүй удаа төрсөөр, үхсээр яваа. Тэр болгондоо хүлээх, найдах гэдэг сэтгэлийн ганц мэхэнд орж амаараа шороо үмхдэг. Одоо биш бол хэзээ сэхээрэх юм бэ? 

Завшаант мөчийг бүү хүлээ.
Зүрх рүү бүү довтол.

Адиша хэлж байна: Сэтгэлгээ рүү довтол. Зүрх рүү бүү довтол. Хүмүүс яг эсрэгээр аягладаг. Тэд чиний сэтгэлгээ, үзэл суртлыг тэвчиж чадна. Итгэл, хайрыг чинь л тэвчиж чадахгүй. Чамд итгэл байгааг хармагцаа, хайр байгааг үзмэгцээ дайрч давшилдаг. “Чи илбэнд хууртаж, хоронд мансуурч. Хайр бол солиорол. Хайр бол сохор. Логик л нүдтэй” гэж хэлдэг... Хайрлаж, итгэж байгаа хүний зүрх рүү довтлох нь хамгийн адгийн мөртлөө хамгийн хялбар нүгэл. Та нар шүлсээ үсчүүлэн шүүмжилж байхдаа ямар гайхамшигт гоо сайхныг гутааж байгаагаа мэддэггүй. Сарнайн бут руу чулуу шидэж байгаагаа анзаардаггүй. 

Хайнагийн ачааг үхэрт бүү тох.

Хүмүүс золигт гаргах хэн нэгнийг яаж ийгээд олдог. Өөрөөс нь хүчтэй хүнд өгч чадаагүй хариултаа сул дорой нэгэнд хаяглаж, өш хорслоо тайлдаг зантай. 

Мулла Насрэдин хааны ордонд алиа салбадай байжээ. Нэг удаа ярьсан хошигнол нь хааны гэдэнг хөдөлгөж, түүнийг тас хийтэл алгадаж орхив. Мулла эргүүлээд алгадмаар байсан ч хааны өөдөөс гар сарвайх зориг хөөрхий салбадайгаас яаж гарах вэ. Харин хажуудаа зогсож байсан гэмгүй хүнийг алгадчихлаа. Нөгөө хүн нь цочин балмагдаж:

- Та яаж байгаа юм бэ? Би танд гэм хийгээгүй шүү дээ гэхэд нь Мулла:
- Битгий гоншигноод бай. Цааш нь дамжуулахгүй юу? Хорвоо дэлхий хэр уужмыг мэдэх гэсэн юм гэжээ. 

Хүмүүс байнга ийм ааш аяг гаргадаг. Эр нөхөр нь боссынхоо дэргэд дуугүй номхон царайлчихаад гэртээ ирсэн хойноо эхнэртээ агсарна. Ямар ч шалтгаангүйгээр уурлана. Уурлах далимыг бол хаанаас ч олно доо. Хоолны давс ихдэж, мах нь түлэгдэж гээд юу л бол юуг өлгөж авна. Түүнээс болж уур нь хүрч байгаа гэж өөртөө хүртэл итгүүлнэ. Үнэн хэрэгтээ тэр босстоо уурласан. Гэвч босс нь эрх мэдэлтэй хүн. Үг сөрж, өмнөөс нь пээдийвэл ажлаасаа хөөгдөж магадгүй. Юу ч гэж доромжилсон инээж, сүүлээ годгонуулж байгаад гарч ирсэн. Харин одоо боссоо эхнэр рүүгээ проекцолж, шар хороо тайлж байна. 

Баруунд ийм юм болбол эхнэр нь адилхан арцалдана. Дорнын бүсгүйчүүл тэгж чадахгүй. Эр нөхөр нь тэдэнд өөрсдийгөө хар гэртээ хаан, бор гэртээ богд гээд ойлгуулчихсан. Хөөрхий эмэгтэй хүүхдээ сургуулиас ирэхийг нь хүлээх болно. Нөхөртөө гаргаж чадаагүй уураа хүүхэддээ гаргана. Хүүхдээ зодож ч магадгүй. Яагаад гэвэл хүүхэд нь оройтсон, хувцсаа урсан, болох болохгүй амьтадтай нийлсэн л гэнэ. Шалтаг мундахгүй шүү дээ. 

Хүүхэд яах вэ? Өрөөндөө орж хүүхэлдэйгээ зодож, тоглоомоо эвдэлнэ. Ийм маягаар амьдрал хөвөрдөг. Тэгвэл Адиша хэлж байна: Тухайн нөхцөлд хариултаа өгч сур. Өөр тийш нь битгий шилжүүл. Шилжүүлж юүлээд байвал амьдрал чинь эцэс төгсгөлгүй там болж хувирна. Хариуцлагыг өөртөө хүлээж ав. Эрсдлийг хүлээж ав. Хайнагийн ачааг үхэрт тохсны хэрэггүй.

Жинлүүрийн сум шиг бүү аашил.

Нэгэнд нь шунан тачаадаж, нөгөөг нь үзэн ядах учир юун? Чамд таалагдсан бүхэн сайхан, гологдсон бүхэн муухай биш шүү дээ. Сайхан, муухайн хэмжүүр угаасаа байхгүй. Чи л түүнийг санаанаасаа зохиодог. Алагчаалалгүй тэгш хандах юм бол учрал бүрээс гоо сайхныг хүртэнэ. Эргэн тойрноосоо үнэний анхилгыг мэдрэх болно.

Буруу үзлээс сал.

Элдэв сэжиг таамаг, сэрүүн зүүднээсээ салж, амьдралд илүү бодитоор ханд. Үйлдэл бүрээ ажиглаж тунгааж яв. Учир нь жирийн нэг үйлдэл цаашаа гинжин хэлхээ болон цувардаг. Чамайг явсан хойно ч энэ дэлхийд үйлийн үр чинь үргэлжилнэ. Дэлхий ертөнцөд сайн сайхан юм бэлэглэж чадахгүй бол ядахдаа муу муухайг бүү нэм. 

Төгс боломж нь үзэл сурталгүй зүгээр л амьдарч, зөнгөөрөө байх. Удаах боломж нь аль болох сөрөг байр сууриас салж, эерэг тал руу шилжих. Сөрөг талаас ангижирч чадвал эерэг тал аандаа арилна. Хар, цагаан хоёулангаас нь ангижрах бол Адиша тэргүүтэн бүх гэгээн багш нарын үнэмлэхүй сургаал юм. 

Сүүлчийн судар: 

Бурхан дүрт шулмаас сэргийл.

Бурхан дүрт шулам гэж эго-г нэрлэдэг. Үргэлж санаж сэрж яваарай. Амьдралын агшин бүрт эго шургалдаг шүү. Есөн шидийн ов мэхээр толгойг чинь эргүүлж, эцсийн мөч хүртэл ид бахаа хангах гэдэг. Эго-г христ, лал, жүүдийн сударт “муу ёрын сүнс” гэж нэрийджээ. Энэ бол өөрийн сэтгэлээс ангид нэгэн биш. Чухамдаа түүний амин цөм. Түр зуур ч болов би-үгүйгээр байх гээд үз. Цэцэрлэгт нүх ухаж байгаа бол зүгээр л ух. “Би ухаж байна” гэж битгий бод. Халуун наранд хөлсөө цувуулан ухаж байлаа ч өөрийгөө март. Тэнд ажилчин байхгүй, ажил л үргэлжлэг. Тэгээд чи гайхах болно. Эгогүй бол амьдралын жирийн хором ямар гэгээлэг, ямар бурханлаг болохыг мэдэрнэ. Шүгшүүрт орлоо ч зүгээр л ор. Би-гээ мартаж сулла. Тэр цагт шүршүүр ганц биеийг чинь биш, дотоод ахуйг чинь угаан сэрүүцүүлнэ.

Сэхээлэг байх юм бол өдөр тутмын амьдралдаа эгогүй хормыг олон удаа амтална. Нэг амталсан байхад ахин дахин амтлаад баймаар баяр жаргалан билээ. Тэг тэгсээр эгогоос бүрмөсөн салах ивээлт өдөр ирнэ. Тэр өдөр эго үхэж, би-үгүй хутаг мэндэлнэ. Би-үгүй бол чиний жинхэнэ оршихуй. Огт байхгүй болох агшиндаа л чи анх удаа байх болно.


- Ошо “Билгүүн ухааны шастир” (Агнистын гэгээ)