“Бид гартаа зэвсэгтэйгээр асуудал шийддэг хойд хөрштэй, мөнгөөр асуудал шийддэг өмнөд хөрштэй, хүний эрх, ардчилалыг дээдэлдэг 3-дагч хөрштэй. Сонгосон зам маань 3-дагчтай ижил. 2 хөршөөрөө халхлагдан далайд гарцгүй болсон ч 3-дагч хөршүүдээрээ дамжуулан оюуны гарцтай болсон”–УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн жиргээнээс


Энэ асуудлыг өмнө нь гурван цувралаар академич Ц.Батбаярын түүхийн номоос хөндсөн. Ач холбогдолоо алдахгүй сэдэв. Орос-Украины дайн үргэлжлэх тусам АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг үзэн ядах, Монголоос хөөх хийрхэл монголын сошиал ертөнцөд үе үе дэвэрдэг. Өөрсдөөсөө болж амьдрал нойл заасан зовж ядарч явагсад, улс төрд шаансгүй бологсод Өрнөдийн (Баруун) эсрэг босох уриагаа мэр сэр түгээнэ. “Оросын тролл” гэх нэр усгүй, хаяггүй баахан нөхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд орхичихмооргүй санагдана. Гарчигт өгүүллээ. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалахын хамт дахин түүх сөхөж эрхэм анд доктор профессор Дэнзэнлхамын Уламбаярын туурвисан шинэхэн номоос эшлэхээр шийдлээ. Энэ бол Ардын хувьсгалын эхний жилүүдийн бахархам түүх!

1920-иод онд Ардын эрхт Монгол Улс, Өрнөдийн томоохон гүрэн АНУ, Герман улсын[1] [1918-1933 оны хоорондох Герман улсын албан ёсны нэр нь Ваймерын Бүгд Найрамдах Улс Д.У] хооронд олон улсын эрхзүйн ad hoc харилцаа тогтсон гэж дүгнэж болохоор байна.

Улс буюу Засгийн газрын хооронд бие биеэ албан ёсоор харилцан хүлээн зөвшөөрөөгүй, үл зөвшөөрөх бусад учир шалтгаантай боловч тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд түр зуур албан ёсны харилцаанд орох тохиолдол олонулсын харилцааны түүхэнд түгээмэл байсан бөгөөдэдүгээ ч байгааюм.Үүнийгдипломатынэрхзүйд ad hoc хүлээнзөвшөөрөх гэдэг билээ. 

Монгол Улсын олон улсын эрх зүйн статус, түүнийг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явцыг шинэлэг байдлаар судлан, үнэнийг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага эдүгээ зүй ёсоор урган гарч, тийм учраас ч дурдсан чиглэлд судлаачид анхаарлаа хандуулж буй нь ч бүрнээ зүй ёсны хэрэг юм. 

1920-иод оныг тус орны улс төр, эдийн засаг, оюуны амьдралд эргэлтийн шинжтэй ч гэж хэлж болохуйц, ингэхлээрээ нарийн түвэгтэй, үүгээрээМонгол Улсын шинэхэн түүхийн нэн сонирхолтой үе гэж хэлж болохоор байна. Учир нь урьд өмнө шийдвэрлэж байгаагүй олон чухал асуудлууд энэ үед цоо шинээр дэвшигдэн гарч иржээ. Улс төрийн зүтгэлтнүүд, олон түмэн тэдгээр үзэгдэл, үйл явцыг өөр өөрийнхөөрөө үнэлж цэгнэж, янз бүрээр хандаж байв.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа 9 дүгээр сарын 12-нд Ерөнхий сайд бөгөөд Гадаад Хэргийн тэргүүн сайд Д.Бодоо Хаалган хотноо Гадаад Монголыг тусгайлан хариуцаж суусан Америкийн анхны суурин Консул Самуэл Сокобиныг анх хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хэлэлцэхдээ Монголын үндэсний ардчилсан хувьсгал ялсны дүнд Ардын эрхт, хэмжээт цаазат засаг тогтсон үнэнхүү учир байдал хийгээд түүний гадаад, дотоод бодлогын утга чанарын тухайд нотлон тайлбарлахын хамт өөрийн нэрийн өмнөөс АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад (тухайн үед Charles Evаns Hughes ажиллаж байжээ) тухайлан хандсан ноот бичгийг ноён консулд гардуулжээ.Тэрхүү ноотод: «...Америк улсын Гадаад хэргийн яамны эрхэм сайд танаа...Одоо гагцхүү тусгайлан илтгэх нь манай Богд хаан ба Засгийн газар хийгээд олны санал улсын Засгийн газраас манай Монголын Ардын Засгийн газартай эртхэнээ гэрээ байгуулан, Элчин сайд суулгаж, худалдаа, арилжааг улмаар бадруулан хоёр этгээдийн ашиг тусыг хөгжүүлэхийг хүсч байгаа тул эрхэм сайд Та толилж даруйхнаа баяртай хариу хүртээх ажаамуу»[2] гэжээ. Дурьдсан ноот бичиг Нью-Йоркт хэвлэгддэг «The Nation» сэтгүүлийн 1921 оны 11 дүгээр сарын 13-ны дугаарт тайлбар, бүрэн эхээрээ «Mongolia Speaks to the World. Chairman of the Council of Ministers and Minister for Foreign Affairs of Mongolian People‘s Government Mr. Bodo» нэртэйгээр нийтлэгдсэн байна.[3] 

Америкийн Консул С.Сокобин Ерөнхий сайдтайуулзахдаа Монгол Улс тусгаар тогтсоноо албан ёсоор нотолж, гадаад олон улсуудад ялангуяа Дундад Иргэн Улс болон Өрнөдийн гүрнүүдэд тунхаглан зарлах нь чухал болохыг зөвлөсөн баримт юм.[4] Үнэхээр ч хоёр хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 14-нд өөрийн нэр дээр «Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсуудад тунхагласан бичиг» гаргасан нь хоёр хөршөөс гадна Дундад болон Өрнөдийн орнуудад хандсан хэрэг байв. Тийнхүү «...Монголын хүн иргэнийг тус тусдаа энх түвшний улиралд хандуулахыг гүнээ эрмэлзэн бүхий дээр, бас ч гадаад олон улстай гэрээ байгуулан худалдаа арилжааг нэгэн адилаар нэвтрүүлэхийг эрмэлзэн байгаа явдлыг хамтад илэрхийлэн гаргав»[5] хэмээн дэлхий дахинд зарлажээ.

Америк Консул С.Сокобин Монголын талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нийслэл Өргөөд 4 удаа ирж байжээ.[6]

ХБНГУ-ын Бундес архивт шинээр олдсон нэгэн чухал эх сурвалжид Германы дипломатчдын Монголд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яамны тэргүүн сайд С.Данзангаас “ Их Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа Элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих”-д Олноо өргөгдсөний арван хоёрдугаар оны 5 сарын 23 буюу 1922 оны 7 дугаар сарын 18-наар өдөрлөсөн 567 тоот албан захидал илгээжээ.[7] Сайхь нугалбар албан бичгийн(үндсэн эх, орос, герман орчуулгын хамт) гол зорилго нь Монгол Улсын Засгийн газар Герман Улсын худалдааны пүүсүүд Монголоос мал болон ангийн гаралтай түүхий эд худалдан авч, Германаас төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа авчран худалдаалахад дэмжлэг үзүүлэх төдийгүй цаашид худалдааны харилцаа тогтоох замаар хоёр орны хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Бээжин дэх ЭСЯ-аар нь дамжуулан Засгийн газарт нь хүргэх явдал байжээ. Консул Х.Гипперих Бээжинд буцаж очоод албан захидлыг монгол эх, орос, герман орчуулгын хамт Берлинд илгээжээ. Тухайн үед Ваймерийн БНУ-ын Рейхсканцлер бөгөөд Гадаад хэргийн сайдаар Карл Йозеф Вирт (Karl Josef Wirth,1879-1956) ажиллаж байжээ.[8]

1920-иод онд Монголын нам, засгийн удирдах зарим зүтгэлтнүүд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан өндөр хөгжилтэй Өрнөдийн зарим гүрнүүдтэй худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох чиглэлийг барьж байсныг 1923 оны 7 дугаар сарын 24-нд тусгай комиссоос боловсруулан нийтэлсэн 18 зүйл бүхий “Эдийн Засгийн үндсэн бодлого” хэмээх Засгийн газрын бодлогын шинж чанартай баримт бичиг басхүү тодорхой илтгэнэ. 

Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулах ажил 1922 онд эхэлж, Засгийн газрын шийдвэрээр ГЯЯ-ны сайд Б.Цэрэндорж, Дотоод яамны дэд сайд бөгөөд Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бигийн дарга Ж.Цэвээн, Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамьян нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэрхүү баримт бичгийн 17 дугаар зүйлд: «Монгол Улсын гадаад харилцааны учир байцаавал Орос, Рибин, Америк, Англи, Герман зэргийн олон их, бага улс дотроос зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраас зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм, соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрүүлэхэд хүрвэл эрх биш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орох буй заа»[9] гэжээ. Энэ баримт бичгийг 1923 оны 7 дугаар сард хуралдсан МАХН-ын II их хурлаас «намын програмìд нэмэн өргөтгөж баталсан 9 дүгээр зүйлтэй адил сацуугаар улс төрийн ба намын хэрэгт удирдлага болговол зохино»[10] гэжээ. 

Дээр дурдсан «Эдийн засгийн үндсэн бодлого» баримт бичгийн 18 дугаар зүйлд монгол залуусыг гадаад оронд сургахдаа гагц Орос улстай хэмээн заасангүй, харин «Урьд эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай эрдмээр илүү нь эрхбиш түрүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг Засгийн бодлогын манлай болгожээ» гээд улс орнуудыг боловсролын түвшингээр нь дараалуулахдаа: 

Аль улс
Хэдэн хүнээс
Бичиг үсэг үл мэдэх хэд
Герман
Нэг түмэн
10
Англи
Нэг түмэн
10
Орос
Нэг түмэн
7000
Рибин
Нэг түмэн
100

гэх мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө чадал хүчээр аяндаа баялаг ажгуу. Учир тийм тул эдийн засгийг үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино[11] гэсэн байна. 


- Үргэлжлэл бий




[1]Ж.Болдбаатар. «ХБНГУ-ын Бундесархивт буй Монголын тухай»-КEMU архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээлэл аргазүйн улирал тутмын сэтгүүл. 2005 №1 (9) 15-22 дахь тал, Д.Уламбаяр. «Германы “Wostwag” хувьцаат нийгэмлэг, түүний Монгол дахь үйл ажиллагаа»-“Олон улс судлал” сэтгүүл, ШУА-ийн ОУСХ, 2013, №4 (101), 39-55 дахь тал, И.Будбаяр. «Монгол, Германы худалдааны харилцааны эхэн үед холбогдохнэгэн бичиг»-“Олон улс судлал” сэтгүүл, ШУА-ийн ОУСХ, 2007, №3 (77)

Bundesarchiv, (Barch,R-9208/2359/2360-2361), BL. 177, 299

[2] “Монгол Улсын Ардын Засгийн газраас АНУ-ын Гадаад яманд явуулсан бичиг-1921.09.12”-БНМАУ-ын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. I боть. УБ., 1964, 6 дахь тал 

[3] «Mongolia Speaks to the World. Chairman of the Council of Ministers and Minister for Foreign Affairs of Mongolian People‘s Government Mr. Bodo»-Journal: “The Nation” NY.: Vol. CXIII, Wednesday, November13, 1921. Р.Болд. Монголын тусгаар тогтнол ба АНУ: 1910-1973 он. УБ., 2008, 398-399 дэх тал

[4] Д.Уламбаяр. «Гадаад Монголыг хариуцсан АНУ-ын анхны суурин консул Самуэл Сокобин»-“Pax Mongolica” сэтгүүл, ШУА, ОУХХ,Vol.3 2017 №1 (6) 116-146 дахь тал 

[5] “Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсуудад тунхагласан бичиг-1921.09.14”- БНМАУ-ын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. I боть. УБ., 1964, 7-8 дахь тал

[6] Америк консул Сокобин Монголын тухай 1921-1924 Баримтын эмтхгэл. (Орч. Р.Болд). УБ., 2017

[7] Bundesarchiv, (Barch,R-9208/2359/2360-2361), BL. 177, 299; И.Будбаяр. «Монгол, Германы худалдааны харилцааны эхэн үед холбогдохнэгэн бичиг»-“Олон улс судлал” сэтгүүл, ШУА-ийн ОУСХ, 2007, №3 (77)

[8] Карл Йозеф Вирт ЗХУ-тайхарилцаагаа хэвийн болгох байр суурь баримталж, улмаар 1922 оны 4 дүгээр сард Италийн Раппало хотод Зөвлөлт-Германы хооронд дипломат харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Соёрхосон батламжийг 1923 оны 1 дүгээр сарын 31-нд Берлинд солилцож, мөн оны 9 дүгээр сарын 13-нд Үндэстнүүдийн Холбоонд бүртгүүлсэн байна.

[9] “Эдийн засгийн үндсэн бодлого”. Нийслэл Хүрээ 1923.7.23. ҮТТА. Лавлах номын сан, 3/2330-ын 7-8 дахь тал

[10] Б.Лхамсүрэн. Монголын гадаад орчин, төрийн тусгаар тогтнол. УБ., 1995, 44 дэх тал

[11] “Эдийн засгийн үндсэн бодлого”. Нийслэл Хүрээ 1923.7.23. ҮТТА. Лавлах номын сан, 3/2330-ын 7-8 дахь тал