САЙХАН АМЬДРАХ УРЛАГ
Аз жаргал, Эд баялаг, Амжилтад хүрэх 52 зөвлөмж
Ролф Добэлли


Эрт урьд цагаас буюу ядаж л сүүлийн 2500 орчим жилийн хугацаанд хүн төрөлхтөн сайхан амьдарна гэж юу гэсэн үг болох талаар бодлогоширсоор иржээ. Хүн яаж амьдрах ёстой вэ? Сайхан амьдрахын тулд юу хэрэгтэй вэ? Хувь тавилан үүнд хамаатай юу? Мөнгө үүнд хэрэгтэй юу? Сайхан амьдрал сэтгэлгээтэй холбоотой зүйл үү, аль эсвэл амьдралдаа ямар нэг бодит, тодорхой зорилгод хүрнэ гэсэн үг үү? Хүн аз жаргалын хойноос зориудаар хөөцөлдөх ёстой юу аль эсвэл зүгээр л таагүй байдлаас зугтаахад л болоод явчих уу?
Хүн төрөлхтний үе бүхэн энэ асуултыг шинээр тавин, ахин дахин тунгаан бодсон ч олсон хариунууд нь нэг л чамлалттай байв. Яагаад тэр билээ? Яагаад гэвэл хүмүүс ямагт ганц том зарчим, аугаа онол, алтан дүрмийг л хайгаад байж. Тэгтэл сайхан амьдрах ухаанд христийн шашны ариун хундага шиг тийм ганц алтан дүрэм байдаггүй ажээ.
Сүүлийн дөч тавин жилд тэгтэл сэтгэлгээний янз бүрийн салбаруудад чимээгүй хувьсгал явагдлаа. Шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, анагаах зэрэг салбарын эрдэмтэд орчлон бол ганц өгүүлбэрээр юм уу, хэдхэн зарчмаар тодорхойлохын аргагүй ээдрээтэй зүйл юм гэдгийг ойлгож эхэлжээ. Тийм болохоор орчлонг ойлгохын тулд ганц зарчим биш харин хайрцаг дүүрэн багаж хэрэгтэй. Тийм атал бид амьдрах ухааны талаар ганцхан алтан онол л хайгаад байлаа.
Өнгөрсөн хоёр зуун жилд хүмүүс эгэл хар ухаанаар ойлгохын аргагүй нарийн ертөнц бүтээжээ. Үүнээс болоод бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эмч, сэтгүүлч, уран зураач, эрдэмтэн, улстөрчид болон чи бидэн шиг энгийн хүмүүс сэтгэлгээний багажуудтай л байхгүй бол зорьсондоо хүрч чадалгүй бүдэрч унахаас аргагүй болсон байна.
Энэхүү сэтгэлгээний багажууд буюу аргачлал, хандлагуудыг “амьдралын үйлдлийн систем” гэж нэрлэсэн ч болох хэдий ч би жаахан хуучинсаг хүн тул зүгээр л багажны сав буюу багажууд гэж нэрлэхээр шийдлээ. Юу ч гэж нэрлэлээ гэсэн эдгээр багаж буюу аргууд баримтын цуглуулганаас хамаагүй үр дүнтэй шүү.
Хэдэн жилийн өмнөөс би сайхан амьдрахад туслах арга ухаануудыг багажны савандаа цуглуулж эхэлсэн юм. Тэгэх зуураа би хүмүүсийн бараг мартсан эртний мэргэн ухаанаас өгсүүлээд хамгийн сүүлийн үеийн сэтгэлзүйн судалгааны үр дүнгүүдийг ч энэ авдартаа хадгалсан.
Цуглуулсан багажуудаа би олон жилийн турш өдөр тутмын амьдралдаа ашиглан, амьдралд маань тулгарсан том жижиг олон бэрхшээлийг давахад хэрэглэсэн. Эдгээрийг хэрэглэснээр амьдрал минь бараг бүхий л талаар дээрдсэн. (үс минь шингэрч, ярьдаг онигоонууд минь хуучирсан ч гэлээ баяр баясал минь багассангүй) Тиймээс би чин сэтгэлээсээ: эдгээр тавин хоёр сэтгэлгээний багажийг хэрэглэж үзээрэй гэж чамд зөвлөж байна. Сайхан амьдрал авчирна, баталгаатай гэж би амлахгүй ч сайхан амьдралд хүрэхэд чинь нэмэр болно шүү.



АТААРХАЛ

Ханан дээрх толь минь надад хэлээч

“Найз минь надаас илүү гарахад дотор минь муухай оргидог” хэмээн хорон үгтэй Америк зохиолч Гор Видал хүн бүхэнд төрдөг ч тэр бүр ил тод хэлээд байдаггүй сэтгэл хөдлөлийг ярилцлагынхаа үеэр шулуухан хэлсэн юм. Атаархал бол хамгийн хэрэггүй, ашиггүй, хорон сэтгэл хөдлөл.
Атаархал хэнд ч хэрэггүй гэдгийг уг нь бүгд мэднэ. Герегийн философичид ч үүнийг сануулж байсан. Библид атаархал юунд хүргэдэг тухай олон арван сургамжит түүх бийгээс хамгийн алдартай нь Абэл, Кайн хоёрын түүх. Цасан цагаан (Snow White) ч бас атаархал юунд хүргэдгийг харуулсан үлгэр билээ.
Нобелийн шагналт Бэртранд Рассэл атаархлыг аз жаргалгүй байдлын хамгийн том эх сурвалж гэж үзсэн. Атаархал өвчин эмгэг, санхүүгийн хүндрэлээс илүү аз жаргалд нөлөөлж, сайхан амьдрах боломжийг хаадаг. Харамсалтай нь атаархал бидэнд хувьслын явцад үүсэж хөгжсөн тул үүнийг тийм ч амархан үгүй хийх аргагүй.
Атаархал дан ганц хүнд байдаг зүйл биш, үнэндээ гэвэл амьтанд байдаг зөн совин юм. Хүн дүрст амьтан судлаач Франс дө Ваал, Сара Броснан хоёр хоёр сармагчингаар элдэв зүйл хийлгүүлэн, зөв хийсэн тохиолдолд өргөст хэмхээр шагнасан бөгөөд энэ шагнал ч сармагчингуудад таалагджээ. Дараагийн удаа юм хийлгүүлэхдээ харин тэр хоёр нэг сармагчинд нь өргөст хэмх, нөгөөд нь амтат усанд үзэм өгөв. Энийг харсан эхний сармагчин уурлан өргөст хэмхээ чулуудан судлаачдын заасан зүйлийг хийхээс татгалзжээ.
Атаархал аюултай зүйл: хүн өөрийгөө хэдий чинээ бусадтай харьцуулна төдий чинээ атаархал төрдөг. Түүнчлэн хүн нас, мэргэжил, амьдрах орчны хувьд өөртэй нь ойролцоо хүнтэй өөрийгөө харьцуулан атаархдаг. Мэргэжлийн теннисчид мэргэжлийн теннисчидтэй өөрийгөө харьцуулдаг бол том компанийн захирлууд том компанийн захирлуудтай, зохиолч нар зохиолчидтой барьцан атаархдаг. Хүн өөрийгөө пап ламтай харьцуулдаггүй тул түүнд атаархдаггүй. Түүнчлэн их Александр юм уу, чулуун зэвсгийн үеийн хэн нэгэнд атаархдаггүй. Бас харь гарагийн хүн, аварга акул, өндөр улаан модтой ч өөрийгөө харьцуулдаггүй. Эдгээр зүйлс аварга том, өндөр, сонин хэдий ч хэн ч эдгээрт атаархдаггүй.
Атаархлыг яаж давах вэ? Бусадтай өөрийгөө харьцуулахаа больж, атаархалгүй амьдрах хэрэгтэй. Бүх харьцуулалтаас зугт. Энэ л алтан дүрэм.
Хэлэхэд ч яахав амархан л даа. Заримдаа зүв зүгээр байхад чинь хүмүүс нэгнээ бусадтай харьцуулдаг. Калифорнийн Их сургууль хуулийн дагуу багш нарынхаа цалинг ил тод тайлагнах үүрэгтэй. Тийм болохоор сургуулийнхаа вэбсайт дээрээс багш нар бие биенийхээ цалинг чөлөөтэй харж болно. Цалингийн дунджаас бага авч байгаа багш нар энэ талаар мэдсэнийхээ дараа ажилдаа хандах сэтгэл ханамж нь буурч байв. Ил тод байдал аз жаргалыг нураажээ.
Үүнтэй төстэй өөр нэг том туршилт бол сошиал медиа. Хүмүүс өнөөдөр Фэйсбүүкт өөрсдийгөө бусадтай харьцуулан бухимдаж, залхдаг болсон байна. Хүмболдтын Их сургуулийнхан энэ талаар судлан хүмүүсийн бухимдлын шалтгаан нь атаархал байна хэмээн тогтоосон юм. Аргагүй шүү дээ, Фэйсбүүк угаасаа хүмүүст өөрийгөө бусадтай харьцуулах багаж хэрэгсэл болсон юм. Нэг ёсондоо үзэн ядалт төрөх үржил шимт хөрс болжээ. Тиймээс сошиал сүлжээнүүдээс зайгаа авахыг би чамд зөвлөж байна. Хэдэн лайктай, дагагчтай, найзтай зэрэг тэнэг статистикууд аз жаргалгүй байдал төрөх үндэс болдог. Ийм вэбсайтуудад хүмүүсийн оруулдаг зураг ч тэдний эгэл амьдрал биш. Харин зориуд нарийн төлөвлөн оруулж буй, худлаа сэтгэгдэл төрүүлэх, байгаагаасаа илүү сайхан, гоё харагдах гэсэн зургууд байдаг.
Урьд өмнө хэзээ ч хүмүүс өөрсдийгөө өнөөгийн бидэн шиг их бусадтай харьцуулдаггүй байсан. Интернэт атаархлыг орчин цагийн тахал болгон хувиргажээ. Нийгмийн сүлжээнаас тасарч, салсныхаа дараа л чи өөрийгөө бусадтай харьцуулах гэхээ болино. Төгсөлтийн ой байна. Эдгээрээс зугтаж байх хэрэгтэй. Орлого, эрүүл мэнд, гэр бүл гээд бүх талаараа л өө сэвгүй мундаг яваа л биш бол оролцож яах билээ? Гэхдээ очихгүй бол өөрийгөө ангийнхан дундаа хэр байгааг яаж мэдэх билээ? Мэдэх аргагүй, тийм болохоор л, ер нь бол яваад хэрэггүй.
Чи өөрөө “элит” нь байж чадах тийм хот, дүүргийг сонгож амьдар. Хүрээллийнхээ тухайд ч тийм сонголт хий. Асар баян л биш бол саятнуудын ротари (сайн үйлсийн) клубт бүү элс. Оронд нь сайн дурын үйл ажиллагаанд оролцвол чи бусдад илүү их тус хүргэнэ.
Тэгээд хамгийн гол нь 11 дүгээр бүлэгт дурдсан фокуслах төөрөгдөл-өөс зайлсхий. Хөрш чинь мөнгөлөг Порше 911 машин худалдаж авчээ. Хөршүүдийн чинь “мөнгөлөг муужгай” гэж өхөөрдөн нэрлэдэг энэ тансаг машин унтлагын өрөөний чинь цонхноос хэдхэн алхмын цаана зогсоол дээр зогсож байна. Машин хаазлах бүрийд зүрх рүү чинь жижигхэн хутгаар бүлчих шиг санагдаж байна уу? Хэрэв ингэж байгаа бол шалтгаан нь чи буруу зүйлд анхаарлаа төвлөрүүлээд байгаагийнх. Өөрийнхөө амьдралыг хөршийнхөө амьдралтай харьцуулснаараа чи автоматаар түүний Порше 911 машиныг өөрийн Прүистэй харьцуулж байгаа хэрэг. Ийнхүү үүнд хэт анхаарал хандуулснаараа чи эдгээр зүйлсийн чиний амьдралд нөлөөлөх нөлөө, тунг хэтрүүлэн үнэлж байгаа юм. Машинаас болоод хөрш чинь чамаас хамаагүй аз жаргалтай амьдарч байгаа мэт чамд санагдах ч үнэндээ энэ мэт зүйлс аз жаргалд тийм ч их нөлөөтэй байдаггүйг бид 12 дугаар бүлэгт харсан. Хэрэв чи хэт автах төөрөгдөл-д автаж байна гэдгээ мэдвэл сөрөг арга хэмжээ аван атаархаж байгаа зүйлс чинь үнэндээ амьдралд тийм ч их нөлөөтэй биш гэдгийг санаарай.
Хэрэв тэгсэн ч атаархал чинь унтарч өгөхгүй байвал одоо хамгийн том зэвсгээ гаргах цаг болж: зориудаар атаархаж байгаа хүнийхээ амьдралын өө, дутагдалтай талыг бодон, хөөрхий минь, бас л зовж яваа амьтан шүү хэмээн төсөөл. Ингэмэгц сэтгэл чинь тэр дороо л сайхан болоод, дээрдээд явчихна. Энэ тийм ч гэгээн гэх юм уу, гайхуулаад байх арга биш хэдий ч аргагүй тохиолдолд бол нөлөөгөө өгдөг л мэх.
Харин эсрэгээр нь, чи бусдын атаархлыг төрүүлэм амьдарч байгаа бол даруухан байгаарай. Ингэснээр өөрийгөө бусдын атаархлын соёоноос хамгаалах болно. Даруу байх бас илүү эерэг байдал үүсгэнэ. Хамгийн хэцүү зүйл бол амжилтынхаа талаар онгирохгүй байх явдал гэж хүмүүсийн хэлдэг үнэн. Ямар нэг зүйлээр онгирмоор санагдвал даруухан гэдгээрээ л онгироорой.
За тэгэхээр энэ бүхнээс ямар дүгнэлттэй буцах вэ? Хөршүүдийн чинь дунд, танилууд, найз нөхдийн чинь дунд чамаас илүү аз хийморьтой яваа хэн нэгэн заавал бий. Үүнийг зүгээр л хүлээн зөвшөөр. Атаархлыг хэдий чинээ эрт сэтгэл хөдлөлийн авдарнаасаа гаргаж хаяна төдий чинээ чи сайхан амьдарна.