Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов
Монголын хамгийн том, хамгийн "шудрага" улстөрчийн хүүхэд татвар төлөгчдийн мөнгө, ядарсан ардын нуруун дээр алцайж суугаад хүссэнээрээ гулгиж, цалгиж байгааг олж харав. Энэ бол ирээдүйдээ итгэж, тэмцэж яваа залуу хүмүүсийн хувьд байж боломгүй, адгийн муухай “мораль” юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг “Орлогоо нотол” жагсаал өнөөдөр хотын төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Түүнийг огцруулахаар иргэн Г.Доржтүвдэнгийн УИХ-д хаягласан цахим өргөдөлд хоногийн дотор 35000 гаруй иргэн гарын үсэг зураад байна.
Ерөнхий сайдын том хүү О.Тэмүүлэн болон түүний сүй тавьсан бүсгүй Ө.Өгөөмөр нарын хэтийдсэн тансаглал залуучуудыг ийнхүү хотын төв талбайд цугларахад хүргэв. Ерөнхий сайдын 20 настай хүү О.Тэмүүлэн найз охиндоо 2025 оны Lexus RX машин, 5000$-ын үнэтэй Сhanel цүнх, 4950$ буюу 17 сая төгрөгийн үнэтэй Miu Miu брэндийн пиджак, 20 саяын үнэтэй очир алмаазан бөгж (нэмээд Canada goose, Smeg, Dior, Anteprima гэх мэт тансаг зэрэглэлийн бэлгүүд нэмэгдэнэ) бэлэглэж, тансаг амралтын газар нисдэг тэрэг хөлөглөж сүй тавьсан мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээний гол дуулиан болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Орлогоо нотол” хэмээн шаардаж эхэлсний дараа Ө.Өгөөмөрийн аав н.Өгөөдэйбаатар “Би 30 жил бизнес эрхэлж байгаа хүн, охиноо энэ битгий зүйлээр эрхлүүлж чадна” хэмээн ярилцлага өгсөн боловч тэр нь баримтаар нотлогдсонгүй. Сэтгүүлчдийн хийсэн мөрдлөгийн үр дүнд түүний 2007 онд байгуулсан “Ай Эс Өү Өү" компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, нэг ч тендерт оролцож байгаагүй, 2023 онд АНУ-ын Виржиниа мужид бүртгүүлсэн “Хүннү Роуд” компани нь мөн л үйл ажиллагаа явуулаагүйн улмаас идэвхигүй болсон буюу бүртгэл цуцлагдсан гэх мэт мэдээллүүдийг нийтэллээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гэр бүлийн жилийн нийт орлого нь 259,6 сая төгрөг /өөрийн орлого 249,9 сая, гэр бүлийн орлого 15,7сая/ гэж 2023 онд АТГ-т мэдүүлжээ. /2024 оны ХОМ-ыг нийтэд ил болгох хуулийн хугацаа болоогүй/ Тэгвэл энэ хэмжээний орлогоор Л.Оюун-Эрдэнийн гэр бүл хүү, бэр хоёроо ингэж тансаглуулж чадах уу? 2024 онд түүний хөрөнгө, орлого хэрхэн нэмэгдсэн бэ? Тиймээс иргэдийн зүгээс Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж, тайван жагсаалыг эхлүүлсэн. Мөн түүний АТГ-т гаргаж өгсөн ХОМ нь бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар хэсэг иргэд АТГ-т хандаж, АТГ-аас шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Шалгалтын хугацаа хуулиараа 30 хоног хүртэл үргэлжлэх боломжтой гэнэ.
Асуулт. Гэр бүлийнхээ жилийн орлогыг хэд нугалсан тансаглалынхаа үнийг О.Тэмүүлэн ямар эх үүсвэрээр төлсөн бэ? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан уу? Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнийн хувьд огцроод зогсохгүй л байх.
Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан үүгээр дуусахгүй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, төсвийн тэлэлт, түүнээс болж ард иргэдийн нуруун дээр ирж байгаа татварын дарамт гээд. Гэвч энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийг огцруулахад хангалтгүй байв. Гэтэл хорин настай хүүхэн, залуу хоёрын нэг өдрийн тансаглал бүгдийг өөрчлөв, ялангуяа залуу үеийнхнийг. Энд үеийн ялгаа гарч ирсэн.
Яагаад гэвэл залуу хүмүүс үнийн өсөлтийг, өлсөхийг тоохгүй, татварын дарамтыг ойшоохгүй. Ердөө ирээдүйдээ итгэх итгэл нь тэднийг авч явдаг. Ирээдүйгээ өөрийн гараар бүтээнэ, бүтээж яваа гэж итгэдэг. Тэр ирээдүйг нь ямар ч улстөрч, дарга сүйтгэж чадахгүй гэж итгэдэг. Гэтэл тэр ирээдүйг нь нэг ч баялаг бүтээж, татвар төлж үзээгүй, нэг ч удаа хөлсөө дуслуулж мөнгө олоогүй баян айлын эрх хүүхдүүд нүдэн дээр нь цөлмөж, хоосолж байгааг харав. Монголын хамгийн том, хамгийн "шударга" улстөрчийн хүүхэд татвар төлөгчдийн мөнгө, ядарсан ардын нуруун дээр алцайж суугаад хүссэнээрээ гулгиж, цалгиж, толгой дээрээс ялгадсаа асгаж байгааг олж харав. Энэ бол ирээдүйдээ итгэж, тэмцэж яваа залуусын хувьд байж боломгүй, адгийн муухай “мораль” юм. Залуу насанд гоёж гангална, дэгжирхэнэ, бие биендээ гайхуулна. Гэхдээ тэр бахархал нь зүй ёсны байх ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Бусдаас хулгайлсан зүйлээ гайхуулж, ид хав болгож болохгүй л гэсэн үг.
Өчигдөр харсан, жагсаалд ирсэн залуус бүгд сургууль боловсролтой, эрхэлсэн ажилтай, нийгэмдээ өөрийгөө илэрхийлээд, ирээдүйгээ тэмтрээд явж байгаа хамгийн гэгээлэг үеийнхэн байна. Тэдний ёс суртахуун манай үеийнхнээс тэс өөр байна. Тиймээс өөрсдийнхөө тээж яваа мораль, ёс суртахууныг захын зандалчны хүүхдэд гишгүүлэхгүй гэсэндээ тэд өнөөдөр талбай дээр зогсч байна.
Тиймээс Ерөнхий сайдаас гуйя, ОРЛОГОО Л НОТОЛЧИХ!!!
inews.mn
Батхуяг