Хотят ли русские... спецоперации ?

-Хотят ли русские войны?

-Нет, нет. Только Спецоперации !

-фельетон-

Оросын ерөнхийлөгч Владимир Ленин гэнэ ээ, хадуурчлаа, изивнийтээ. Владимир Путин дарга зарим нэрийг цээрлэх шийд гаргажээ. Ерөнхийлөгч хүн үгийг өөрчлөх байтугаа алга болгох эрхтэй. 

  Би Оросын төрөөс айдаг. Ардтүмнээс нь биш шүү. Зөвлөлт засгийн үед мэдээ орсон, ухаан орсон, боловсрол эзэмшсэн учраас Зөвлөлт засгаас айж мэдээ орсон, айж ухаан орсон, айж боловсорсон. Айдас минь Пу даргыг магт гээд байна. Манай төвийн телевизүүд ч даргын үүргийг сайн биелүүлж байгаа нь урам зориг өглөө.

   Ингээд ямар ч байсан Путин ерөнхийлөгчийнх нь үгийг дагаж байхаар шийдлээ. 

     Владимир Ильич гэнээ, бас л андуурчлаа.Владимир Владмирович гуай “Дайн” гэдэг үгийг хэрэглэхийг хориглож, оронд нь “тусгай ажиллагаа” хэмээхийг тушаажээ. Мөн, гадагшаа хийж буй аливаа дайны ажиллагаа нь “нацистуудаас чөлөөлөх явдал” байдгийг ч дурайтал зааж өгөв. Нацист, неонацистаас чөлөөлөхын утга бол “Геноцид үйлдэхээс сэргийлэх” явдал болохыг хэлж өглөө. Монголчуудад ч иймэрхүү, нэр цээрлэх ёсон бас байна. Ухаандаа, Чонын нэрийг цээрлэж “хээрийн амьтан” гэдэг дээ. Тэгж цээрлэхийн хэрээр чоно тайвширч, хоттой хонь руу дайрах нь багасдаг гэж хөгшчүүл хэлдэг. Воо, Путин дарга дайны аюулыг холуур байлгах гэж л нэрийг нь цээрлэсэн байх нь. 

      Ингэхэд, монголчууд хайртай дотно хүнийхээ нэрийг бас цээрлэн аавынхаа амьдайг “хэцүү нэрт” гэхчлэн дууддаг билүү, үгүй бил үү? Орхие, яршиг. Энийг алгасахгүй бол Путин дарга өөрөө онцгүй болчих гээд байна.

    Одоо ойлгохноо, Гитлер чинь өөрөө нацист боловч өөр газарт нацист байхыг үзэж чаддаггүй хүн байсан байх гээд байна. Тэгээд хөрш орнуудынхаа нацистыг дарах зорилготой цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээр “Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаа” эхэлсэн түүхтэй аж. 

   Давын өмнө, манай цэргийнхэн “Халх голын тусгай ажиллагааны ой” , “1939 онд болсон Халхын голд болсон Зөвлөлт-Японы тусгай ажиллагаа” гэж бичиж, тэмдэглэхгүй бол болохгүй боллоо. 

   Удахгүй бид, тавдугаар сарын 9-нд “Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаа” дууссны баярыг тэмдэглэнэ.

   Пу дарга, нэг улс нөгөөдөө цэргийн хүчээр халдан түрэмгийлсэн явдлын зорилгыг “Нацистуудаас чөлөөлөх” хэмээн томъёолох болсон тул “1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн ?? 

  Ингээд бодохоор, Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаанаас “Хүний нацистуудыг цэвэрлэх маш хэцүү, их төлөв өөрийнхөө нацистуудыг цэвэрлүүлээд дуусдаг юм байна” гэсэн сургамж үлдсэн ч байх шиг.

  Манай цэргийн түүхэнд “1939 онд япончууд Халх голоор БНМАУ-ыг нацистуудаас цэвэрлэх” гээд бүтэлгүйтэж, өөрсдийгөө нацистуудыг цэвэрлүүлсэн” гэж орох гээд байна. Ингээд бодохоор дайсны талын Япон ч яахав, нацистуудаас чөлөөлөгдчихөж, харин манай тал... гээд бодох гэхээр айчлаа, вайна. 

    Урагшлуулаад харахад, 1919 онд Гамин цэргүүд Хүрээний нацистуудаас Монголыг чөлөөлөхөөр цэргийн тусгай ажиллагаа явуулжээ. Зорилго нь Богдын хүрээнд геноцид гарахаас сэргийлэх байж гэмээр. Гэтэл Гамин нь өөрөө дотроо нацистуудтай байж таараад, Барон Унгерн тэднээс нь цэвэрлээд хаясан байх юм.

   Ингээд нацистуудаасаа салсан Гамингууд хүрээнээс зугтаан Хиагт орсон бололтой. Гэвч Ардын журамт цэргийн жанжин Сүхбаатар нацистуудыг нэг нүдээрээ ч үздэггүй хүн байсан тул тэднийг илүү сайн цэвэрлэж туслахаар шийдсэн ч юм шиг. Ингээд Ардын журамт цэвэрлэгчид.. гэнэ ээ, цэргийнхэн 1921 оны 3 сарын 18-нд Хиагтад байсан 10,000 гаминг нацистуудаас нь чөлөөлж өгөхөөр довтолсон болж таарч байна. Ингээд бид “Хятадын гамин цэргийг нацистуудаас нь чөлөөлсөн” тэр өдрийг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн ч юм шиг. 

   Энэ үеэр Монголд байсан Цагаантны дунд нацистууд байсаар байгааг мэдсэн Улаан армийн дайчид Монголд орж ирэв. Улаан цэргүүд Барон Унгерний цэргүүдийг нацистуудын хийж болзошгүй геноцидоос аварсан бөгөөд 1988 оныг хүртэл эндээ байрлан нацистуудыг даржээ. Дуусдаггүй наци нар, айн? 

Хорвоо дэлхий чинь бие биенийгээ нацистуудыг цэвэрлэх гэсэн том гүрнүүдийн “тусгай ажиллагаа”-нуудын хөлд үрэгдэнгээ алдаж ирсэн юм биш үү?

   Манай оронд, 1932 онд баруун аймгийн лам нар Ардын засагт шургалсан фашистуудаас чөлөөлөхийн тулд “эсэргүү тусгай ажиллагаа” хийжээ. Гэвч Ардын намынхан илүү сайн ажиллаж, лам нарыг өөрсдийг нь нацистуудаас чөлөөлсөн байна гэж үзэхээр байна. Хэрвээ лам нар эсэргүү тусгай ажиллагаа эхлүүлээгүй бол Ардын намынхан геноцидээр сүйрэх, түүнчлэн Ардын засаг маань Лам нарын бослогыг дараагүй бол тэд нацист- хуврагуудынхаа гарт үрэгдэх байсан шиг байна. Лам нарын бослого биш эсэргүү тусгай ажиллагаа л даа.

 Улмаар,1940-өөд ооны сүүлээр, манай орны баруун хязгаарт Хятадын гоминдааныхан болон хасгийн дээрэмчид олон удаа “хилийн тусгай ажиллагаа” явуулжээ. Тэдний “манай нацистуудыг дарах эзэрхэг түрэмгий төлөвлөгөө нь балран унасан төдийгүй, өөрсдийгөө нацистуудыг цэвэрлүүлээд буцсан” гэж томъёолж болмоор. 

  Ер нь бол харийн түрэмгийлэгчид манай эх орны дархан хил хязгаарыг зөрчин, биднийг нацистуудаас чөлөөлөх тусгай ажиллагааг олонтаа явуулсан боловч баатарлаг хилчдэд хоншоороо тас цохиулан буцаж “Май чи, та нар шиг юм нь биднийг нацистуудаас чөлөөлдөггүй юм” гэсэн хариу авсан гэхээр байна. Уучлаарай, энэ логикоор бол манай хилчин дайчид “Монголыг нацистуудаас чөлөөлөхөөс хамгаалсан” болчих гээд, яах уу? Путин тэгсэн юм чинь тэгж л байг уу ?? Тийм болоод л манай нацистууд эрх дураараа жагсаж, цагдаа хүчнийхний хамгаалалтад чөлөөтэй хэргээ хийж, алах талахаараа айлгадаг байх гээд байна. 

   Одоо, Манай хэвлэлийн газрууд, “дайн” гэдэг үг орсон ном зохиолын нэрийг “Тусгай ажиллагаа” болгон засах цаг ирж. Давын өмнө тэр Толстой нөхрийн бичсэн “Дайн ба энх” гэдгийг “Тусгай ажиллагаа ба Энх” болгон засч хэвлүүлэх хэрэгтэй болсон байна. Соёлт баруунд бол тэр товарищийн номыг аль хэзээний “ Leo Tolstoi. Special military operation and Peace” гээд нэрийг нь сольсон байна. Худлаа гэвэл, зургийг нь хар!

(Зургийг нийгмийн сүлжээнээс зээлэв)

Аа, тийм та нөхөд Путин даргыг дэмжиж байгаа юм чинь, орос дуу дуулж л таараа. Тэр дотор “Оросууд дайныг хүслээ гэж үү” дуу орж л таараа. Дайн гэдэг үгийг хэрэглэхээ больсон тул

- Хотят ли русские... “спецоперации”...

гэхээ мартаж, “Зөвлөлтийн мэргэжилтний сэтгэлд юм хийв” гээч болгочихов, хаширсан хүний үг шүү !!!

                                        21.03.2022