Ойрд юу болоод байна
Ойрд юу болоод байна
Энэ бүгд УИХ 126 суудалтай болохоос эхэлсэн.. Бүр тодруулбал үүний өмнөх жил 12-р сарын хүйтэнд бүтэн сар шахуу “Нүүрсний жагсаал” өрнөсөн, тэнд тал нь Засаг огцруулах тал нь Нүүрсчдийг цаазлах зорилготой байжээ. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг нтр философийн хэлц ч одоо утгаа алдсан, ард түмэнд асуудал байна, тэмцмээр байна гэвч юуны төлөө? Юуны эсрэг?
Сүүлийн олон жил үнэмлэхүй засагласан МАН 2024 оны сонгуульд ялснаар дахиад засаглах боломжтой болов, гэхдээ энд нэг юмыг хүмүүс анзаардаггүй АН-д 40+ суудал өгөх боломжийг нь олгосон юм. Хуучнаараа 76 суудлаараа явсан бол дахиад л МАН 60+ суудал авч жинхэнээсээ бослого тэмцэл өрнөж, МАН-ын шинэ байрыг шатаах байлаа. Үүнийг урьдчилан харж байсан тул МАН дахиад шинэчлэгдэх, шинэ харагдах хэрэгцээ шаардагдаж жагсаалтын 48 гишүүнийг цоо шинээр бүтээж оруулж ирэв. Тэдний нэлээд нь УИХ-д орсон, ихэнх нь улс төрийн талаар ямар ч ойлголтгүй жирийн л боловсролтой, зорилготой залуус байгаа юм. “Улс төр хийхэд” ур ухаан хэрэгтэй, төлөвштөлөө дахиад ганц хоёр жил өнгөрнө. Сэтгүүлчийн камерт алдаж онож яваагаас эхлээд угаасаа гурван үсэгтийн боловсруулсан Жудаг Баярмаа тэргүүтэй улс төрчид ч бий. Энэ жагсаалтыг тал талаасаа deal хийж босгосон юм, ганц Оюун-эрдэнэ шийдчихдэг юм биш. Ширхэг ч “хуучны луухгар” улс төрчгүй лист бүрдүүлснээр МАН арай шинэлэг харагдсан юм, өөр арга байгаагүй.
Нийтэд олон асуудал байгаа бөгөөд асуудал харсан даруйд Засгийн газар луугаа л дайрч бурууг хайдаг, гэвч Засгийн газраас ч илүү том урт настай лобби бүлэглэл байдаг бөгөөд тэр нь Засгийн газруудаар тоглож 1-2 жилийн дотор л огцруулж явсаар сурсан тоглоомын дүрэмтэй байжээ. Харин шинэчлэгдсэн үндсэн хуулиар Засгийг огцруулах нь тийм ч амаргүй болсон, бас шинээр орсон гишүүд жинхэнээсээ мэдээлэлд ойртож хаана ямар хүч байгааг мэдэж, хэн хэний захиалгаар дуугардгийг гадарлаж эхэлсэн аж.
Мэдээлэлд ойр байж байгаад лиценз авч орд хуссан хоёр бүлэглэл хоорондоо тулав. Ухаа худаг ордын тодорхой хэсгийг төрд авах сургаар Жэнкогийн “Төгрөг нуур”-ын хэргийг ч сэвж илчилж гаргав. Үнэндээ Жэнко ч тэр, Элбэгээ ч тэр өнөөгийн нийгэмд тийм ч хүчтэй хүмүүс биш, гэхдээ тэдний тарьсан үйл лай бол манай өнөөгийн бүх асуудлын үндэс юм, хажууд нь Намбарын Энхбаяр энхийн тагтаа шахуу. Ковид, Украйны дайн зэрэг манайд шууд нөлөөтэй глобал хямралын үеэр нүүрсний гарц муудаж, төгрөгийн ханш уналаа. Доллар 3600 хүрэв.
Бүх зам Ромд хүрнэ гэдэг шиг бүх улс төр Нүүрсэнд хүрнэ. Нүүрс тээвэр, нүүрс олборлолт, нүүрс экспорт, Баяннуурын чээнжүүд гэх мэт. Одоогоор нүүрс гацчихсан байна, Трампын янз бүрийн ааш манайд хүртэл ингэж дам нөлөө үзүүлдэг аж, гэхдээ энэ үзэгдэл нэг их удахгүй болов уу. Дундын зууч бүхий компаниудаар монголоос өөрсдөө нүүрс олборлоод өөрсдөө худалдаж аваад, олсон мөнгөөрөө төрийг удирддаг том бүлэглэлийг дарах гэсэн залуу насны омголон зан эргээд нэлээд хүчтэй бууж байна.