БАЯЛГИЙН САН БА “SOCIAL MOBILITY”

Бишээ цаад эзнийг нь эздийг нь

Үндэсний баялгийн сангийн хууль 2024 оны 4-р сард батлагдаж одоогоор Эрдэнэс таван толгойгоос 3.5 их наяд, Эрдэнэт үйлдвэрээс 700 тэрбум, Оюутолгойгоос 550 тэрбум орчим нийт 4.7 их наяд төгрөг хуримтлагдаж, 3.5 сая иргэндээ шууд хувааж нэг хүний дансанд 135 мянган төгрөг и-монголиа дээр бүртгэгджээ. Гэхдээ энэ мөнгийг шууд авч үрэхгүй, ирээдүйд зориулсан мөнгө. Эрүүл мэнд, Боловсрол, орон сууц зэрэг “үндэсний үйлдвэрлэл”-д зарцуулагдана. Өмнө тарааж байсан ЭТТ ногдол ашгаас тэс ондоо, Сингапур загвараар гаргасан манайдаа цоо шинэ зүйлийн эхлэл. Цаашлаад Цагаансуварга, Нарийнсухайт, Асгатын мөнгөний орд зэрэг стратегийн ордууд, бүүр цаашлаад Ухаахудгийн ордын 34 хувь ч Баялгийн санд төвлөрөх ёстой болж таарав. Чухам энэ л асуудал дагуулсан болов уу. Гол нь стратегийн ордууд бүгд эзэнтэй, эзэдтэй, жишээ нь Ачит ихт, Ажнай, Сахал, Ухаахудгийн хамтрагч АПУ, Петровис гээд үргэжилнэ, тэд нар нь УИХ-д өөрийн төлөөлөлтэй. Манайд нэг муухай үзэгдэл гаарсан нь томоохон ордуудыг ямар нэг лоббигоор, хулгайгаар авчхаад шууд л “хувийн өмч”, “хувийн бизнес” гээд онгироод сагсуураад явчихдаг. Хулгайн өмчийг хувийн өмч гэдэг юм болов уу? Стратегийн орд гэж сүртэй нэршилд ач холбогдол өгөөд яахав, зүгээр л хэдхэн хүн хамж баяжаад, бусад нь хоосон хоцорч болохгүй хамгийн том ордуудаа л стратегийн гээд нэрлэчихсэн хэрэг. Тэрэндээ тулбал уурхайн рояалти татварыг АМНАТ гээд нэрлэчихсэн юм шүү дээ. Нэршлийн хэлбэрийн асуудал яривал тэр пиар. 

Social Mobility

“Social Mobility” гэсэн ойлголтыг монголоор яаж орчуулахыг сайн мэдсэнгүй. Товчхондоо нийгмийн анги давхаргын шилжилт хэр хэмжээнд байдаг, ядуу гэр бүлийн хүүхдүүд нийгмийн дээд хэсэгт хэр шилжиж, хэр чинээлэг амьдрах боломжтой эсэхийг харуулдаг индекс. Дэлхийн 80 орчим орныг жагсаахад Дани, Норвеги, Швед, Финланд гэсэн скандинавын орнууд тэргүүлж “Кастын” системтэй Энэтхэг, Пакистан, Бангладеш сүүл мушгижээ. Манай дата харин алга. Япон, Солонгос тэхий дундуур, өөрсдөөсөө ядуу зарим улсуудаас доогуур жагсаж буй нь нэгэнт тогтоод “царцчихсан” нийгэмтэй учир тэр биз. Гайгүй хөгжилтэй орнуудаас Грек, Өмнөд Африк, Турк нэлээд доогуур оржээ. Шалгуур хамгийн гол үзүүлэлт нь Боловсролын чанар, Боловсролын тэгш хүртээмж байдаг аж. Скандинавын орнууд яагаад энэ үзүүлэлтээр тэргүүлдэг шалтгаан нь Боловсролын тэгш хүртээмж маш өндөр, эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд явуулах шалтгаан бараг байдаггүй. Хувийн цөөн сургууль нь голчлон тусгай чиглэлийн, шашны гэх мэт, тэдгээр нь ч төлбөр маш, бага улсаас зарим санхүүжилтээ авдаг. Гол философи нь “Боломжийг бүгдэд тэгш өгвөл нийгмийн ялгаа багасна”. Манайд шинээр бий болсон Үндэсний баялгийн сан бол Боловсролын тэгш хүртээмжийг бий болгох нэг чухал алхам. Эрүүл мэнд, Боловсрол, Эрчим хүч гээд манай хамгийн тулгамдсан асуудлууд бол явж явж мөнгөний л асуудал. Тэр мөнгө хаанаас гарах вэ гэвэл уул уурхайгаас, цаашлаад Баялгийн сангаас гарах учиртай байв. Гэвч одоо Баялгийн сангийн тухай тоож ярьж байгаа хүн ч алга, ганц зүтгүүлж хэрэгжүүлж байсан хүнээ огцруулчихсан, явж явж сумын галчаас эхлээд Ерөнхий сайдад дэвшинэ гэдэг social mobility-ийн нэг том жишээ шүү.

Тэгш боломж нь тэгш амьдрахаас өөр

Манайд одоо нөхцөл байдал ямар байна вэ?Цөөн баячуудын хүүхэд нь 60 саяын төлбөртэй сургуульд суралцаж байхад үлдсэн дийлэнх нь ангидаа 60-лаа сууж байна. Урлаг, математик, спортын гоц төрөлхийн авьяастай хэд нь л эцэг эхээсээ арай дээр амьдарч, нийгмийн дээд хэсэгт орох боломжтой. Эсвэл гадагшаа гарчихна. Олимпиадын амжилтаар дэлхийд эхний 20 байранд ордог ч ЕБС-ын PISA үнэлгээгээр сүүл мушгина. Скандинавын орнууд харин олимпиадад гавьдаггүй ч Боловсролын чанар хүртээмж, ардчиллын индекс, social mobility-аар тэргүүлдэг.

Би энд бүгдээрээ тэгш амьдрах тухай социалист тунхаг яриагүй, бүгдэд тэгш боломж олгох скандинав хэв маягийн тухай л дурдав. Тэрэндээ тулбал социалист нийгэм бол “сошиал шилжилт” байтугай хот хөдөөгийн шилжилт нь ч хэцүү байсан цаг үе. Муу сурлагатнаас гайгүй бизнесмен болчихсон цөөн хэдийн тухай ч яриагүй, тэр бол цөөн хүнд заяадаг авьяас, аз л байсан хэрэг. Том төслүүдээ гацаах, төрд хураах коммунист попролын талаар ч яриагүй, харин ч уул уурхайгаа тултал нь ашиглаж Баялгийн сангаа арвижуулж, нийтээрээ тэгш хүртэх тухай л ярив. Тэтгэлгээр гадагшаа сураад ирсэн цөөн хэдэн авьяастнуудын тухай ч яриагүй. Нийт масс нь яах юм бэ? 60 хүүхэдтэй ангид сурч буй хүүхэд 60 саяын төлбөртэй сурч буй хүүхэдтэй тэгш өрсөлдөх боломжтой гэж үү? Баяны хүүхэд баян чигээрээ, ядуугийн хүүхэд ядуу чигээрээ л үлдэх “кастын систем”-тэй болохыг зарим нь Ардчилал, чөлөөт бизнес гэж андуураад байх шиг.