ВОЛТЭР АЙЗЭКСОНЫ “ЛЕОНАРДО ДА ВИНЧИ” НАМТАР НОМ
Италийн Винчи хотноо төрж хорвоо ертөнцтэй анх танилцсан Леонардо “галзуу” мэт сониуч, есөн шид нь бүрдсэн хүү явжээ. Тэрээр бутач хүүхэд, ижил хүйстэн, ногоон хоолтон, солгой, анхаарал нь сарнимтгай, бас ч үгүй тэрслүү үзэлтэн, эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч архитекторч, хөгжимчин, зохиолч, өөртөө тугалын ихэс, матрын эрүү, тоншуулын хэл, нүүрний булчин, сарны гэрэл, сүүдрийн ирмэг судлах даалгавар өгсөн суутан байв.
ВОЛТЭР АЙЗЭКСОНЫ
“ЛЕОНАРДО ДА ВИНЧИ” НАМТАР НОМ
Мона Лизаг зурсан, 16-р зууны үеийн сахалтай өвгөн зураач гэдгээр нь ихэнх хүн мэдэх Леонардо да Винчи угтаа хаана хэзээ, хэний гэр бүлд төрсөн, ямаршуу зан авиртай, юу сонирхож, юунд автдаг асан, цаг үргэлжид зураад л суудаг байсан уу, зурахаас өөр зүйл хийж чадах уу, амьдрал нь хэрхэн өрнөв... хэдэн арван бэстсэллэр номын зохиогч, гарамгай намтар туурвигч Волтэр Айзексон энэхүү урлагийн түүх, суутнуудын намтарт хорхойсогч хэн бүхний нээлгүй өнгөрч үл болох “Леонардо да Винчи” номдоо дээрх хөвөрсөн олон асуултад “дөнгүүр” хариулт өгсөн юм.
Италийн Винчи хотноо төрж хорвоо ертөнцтэй анх танилцсан Леонардо “галзуу” мэт сониуч, есөн шид нь бүрдсэн хүү явжээ. Тэрээр бутач хүүхэд, ижил хүйстэн, ногоон хоолтон, солгой, анхаарал нь сарнимтгай, бас ч үгүй тэрслүү үзэлтэн, эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч архитекторч, хөгжимчин, зохиолч, өөртөө тугалын ихэс, матрын эрүү, тоншуулын хэл, нүүрний булчин, сарны гэрэл, сүүдрийн ирмэг судлах даалгавар өгсөн суутан байв.
Түүний тэмдэглэлийн дэвтрээс нээвэл: 1490-ээд онд Миланд байхдаа бичсэн тэмдэглэлдээ сурч мэдэхийг хүссэн зүйлсээ жагсаажээ. Үүнд нь: “Тооны багшаар гурвалжнаас яаж дөрвөлжин үүсгэхийг заалгах, цэргийн дарга Жанниногоор Фэррарагийн цамхгийн ханыг хэрхэн хийснийг заалгах, Бэнэдэтто Протинаригаас Фландрчууд мөсөн дээгүүр яаж явдгийг мэдэх... Галууны хөлийг ажиглах: Дандаа дэлгээтэй юм уу, хаалттай байдаг бол тэр явж чадахгүй, тэнгэр яагаад цэнхэр юм бол?, Яагаад загас усан дотроо тэнгэрт байгаа шувуунаас ч илүү хурдан хөдөлдөг юм бол?, Уг нь ус агаарыг бодвол илүү нягт, хүнд биз дээ?, Тоншуулын хэлний талаар мэдэх, Бямба гарагт халуун усны газар очиж шалдан эрсийг харах... гэх мэт галзуу ч юм шиг, галтай сониуч ч юм шиг бичвэрүүд хөвөрдөг.
Тэр “Би инженерчлэлийн авьяастай. Гүүр, усны суваг, их буу, хуягт тэрэг, төрийн орд харшийн дизайн гаргаж, бүтээж чадна... Зургийн тал дээр би бүхнийг чадна” хэмээн Милан хотын захирагчид захидал бичин, өөрт нь ажил даалгахыг хүсэж байв.
Зуны нэгэн нартай өдөр Леонардо дээр гэнэт увдист туяа туссанаас ийм суутан болчхов уу, энгийн эгэл нэгэн байгаад оюун ухаан, байгалиас заяасан өгөгдөл хоёроо оч гартал нь хавьруулснаас ингэв үү, цаашлаад тэр ижил хүйстнээ сонирхдог байв уу, алддаг, шантардаг, эхлүүлсэн болгоноо дуусгаж чаддаггүй ердийн л хүн шиг явсан уу... гээд л дотоод сэтгэл, зан чанар, бодол оюун руу нь илүү гүн өнгийснөөрөө энэхүү ном “өнгөн талыг тоочсон маягтай” намтар бүтээлээс хол илүү үнэ цэнтэй юм.
“Өөр хэний ч онохгүй байг авьяас онодог. Харин хэний ч харахгүй байг суу билиг онодог” Германы философич Артур Шопэнхауэр.