Засаг захиргааны анхан шатны нэгж гэсэн “хуулийн томъёолол”-оор л бидний хороо хорины тухай “бүх мэдлэг” хязгаарлагддаг. Иргэд, айл өрхөд хамгийн ойр байдаг болохоор энэхүү төрийн бүтцийн нэгжийг “андахгүй” юм шиг анзааргагүй явах хэрнээ ялангуяа залуучууд тэр бүр орж, сонжиж сонирхоод байдаггүй. Гэтэл бидний тухайн хамгийн дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийн сан энд бий. Учир нь хорооны ажлын бараг 90 хувийг судалгаа эзэлдэг байна. Айл өрхийн шилжилт хөдөлгөөн, гэр бүлийн байдал, амьжиргааны түвшин, ажил хөдөлмөр эрхлэлт, хүүхэд шуухад, нас хүйс, гавъяа шагнал, хэрэг түвэгт орсон эсэх, гадаад, дотоодод аялсан зорчсоныг хүртэл хорооныхон мэдэж л байдаг. Энэ бүх судалгаанд тулгуурлан хаана, хэнийд ямар хүндрэл бэрхшээл байна, түүнийг яаж шийдүүлэх, төрийн ямар бодлого, зохицуулалтад хамруулах гэх мэтийг уялдуулан ажиллах шаардлагатай болдог. “Ахмад настныг амралтанд явуулах, таяг, шүд, нүдний шил авах гээд бүхий л халамжийн ажил, үйлчилгээ шууд л халамжийн хэлтэс рүү яваад шийдэгдчихдэггүй юм шүү дээ. Бид л тэр хүний тухай мэдээлэл, судалгааг баталгаажуулж, тодорхойлж явуулдаг. Хороогоор л хийгддэг ажил” гэж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны зохион байгуулагч Г.Түмэнбаяр өгүүлсэн юм.


ХОРОО БА АЖ АХУЙН НЭГЖҮҮД

Долоон буудлын эцсээс баруун тийш салсан замаар хоёр буудал хэртэй явж эдний хороонд очвол шинэвтэр цогцолбор байртай, дотроо нэг цэгийн үйлчилгээний өрөөтэй, тун тохилог байлаа. Өнгөрсөн оны эцэст 9907 хүн бүртгэгдсэн ч гэлээ он гарснаас хойш 10000 давчихаад байгаа энэ хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. “Их ханд”, Хурга гэдэг хоёр хувийн цэцэрлэгт цөөн тооны хүүхдүүд хамрагдаж, 17 дугаар хорооны 103-р цэцэрлэгт бас хэдэн хүүхэд явдаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дийлэнх нь гэртээ байдаг, дээрээс нь эндхийн хөрс болон агаар бохирдол ихтэй болохоор гэдэсний, түүнчлэн амьсгалын замын халдварт өвчин дэгдэх эрсдэл их байдаг аж. Хэдийгээр сургууль байхгүй ч энэ хороонд христийн хоёр, буддын нэг, Монгол Аура төвийн нэг сүм бий. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага яг хорооны дэргэд “хүний хөгжлийн төв” байгуулжээ. Эдгээр байгууллагуудтайгаа хороо багагүй хамтран ажилладаг юм байна. Хуулиар хороонд үйл ажиллагааны төсөв зардал хуваарилагддаггүй. Тохижилтийн болон бүтээн байгуулалтын ажлын зардлыг дүүрэг, нийслэлийн түвшинд захиран зарцуулдаг. Дүүргээс зөвхөн хороонд ажиллаж байгаа албан хаагчид, ажилтны цалинг л шилжүүлнэ. Тийм учраас хорооны иргэдийг хамруулсан төрөл бүрийн ажил, арга хэмжээ зохион байгуулахыгн тулд Олон улсын болон буяны байгууллагууд, хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлагатай болдог байна. Харин тус дүүргийн нэгдүгээр хорооны зохион байгуулагч С.Туул “Аж ахуйн нэгж, байгууллагаас хандив, хөрөнгө нэхэх хориотой” гэсэн юм. Гэхдээ өгвөл авахгүй гэдэггүй бололтой.


ХОРОО БА ТҮРЭЭС

Хотын төвд орших, УИД-ийн зүүн талын замаас Чингисийн талбайн баруун талын зам хүртэлх газар нутгийг хамаардаг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороог “Элитийн хороо” гэж нэрлэдэг. Энд олонд нэр хүндтэй, урьд өмнө төр засгийн өндөр алба хашиж байсан, нийгэм, соёлын нэртэй зүтгэлтэн хүмүүс олноор амьдардаг. Нийслэлийн Засаг даргын тамгын газар хүртэл нутаг дэвсгэрт нь байрладаг энэ хороо хэд хэдэн газарт явган хүний зам тавьчихвал бүхэлдээ шороон замгүй болно. Үндсэндээ тохижилт гүйцэт хийгдсэн, хүн амын амьдрах орчин, эрүүл аюулгүйн индексийн түвшин дээгүүр байдаг. Нийтдээ 926 өрх, 3683 хүн амтай эднийхний ажлын хүндрэлтэй тал нь иргэдийн шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн асуудал гэнэ. Элит хороонд бүртгэлтэй байх сонирхол, энэ хороог харъяалдаг эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хамрагдах эрмэлзлээс зарим бэрхшээл үүсдгийг хорооны улсын бүртгэгч Ц.Урансайхан өгүүлж байлаа. Албан ёсоор бүртгэлтэй 480 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байдаг ч нэгдүгээр давхрын худалдаа, үйлчилгээний объектуудыг түрээслэдэг жижиг аж ахуйдыг тус бүрт нь тоолбол дээрх тоо хэд дахин өсч ч мэднэ гэнэ. Том том үйлчилгээний газрууд ихтэй, хотын төв газар болохоор хүмүүс хэрэг түвэг их хийж, эднийхний ажлын үзүүлэлтийг чамгүй доош татдаг бололтой. Яг хорооны иргэд бол нэг их хэрэг тариад байдаггүй ч эдний нутаг дэвсгэр дээр гарсан хэргүүд бүгдээрээ л энд бүртгэгдчихдэг ажээ.

Улаанбаатар хотын анхны барилгуудад тооцож болох орон сууцнууд нь ихээхэн өтөлжээ. Хүн ам нь ч ялгаагүй. Тэтгэврийн хөгшид голдуу байдаг юм байна. Залуус, хүүхдүүд нь гэр, хаяган дээрээ бүртгэлтэй ч гэлээ гадаад орнуудад явчихсан нь олон гэнэ. Харин ч тэдний оронд гадаадынхан ирээд суурьшихаж. Иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадын хүмүүст орон байр түрээслэх явдал маш их болжээ. Үүнийг бүр бизнес болгосон нь байдаг гэнэ. Моннис компани 7 орон сууц худалдаад авчихсан, гадаадынханд түрээслэдэг бол “Гандирс” байранд бас нэгэн орос эр мөн тооны байр авчихсан, бас л түрээслүүлээд сууж байдаг гэх. “Энэ бизнесээс манайхан татвар, шимтгэл авч чаддаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд” гэж С.Туул халаглав.


ХОРОО БА БҮРТГЭЛ

Монгол хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх. Мөн хаана амьдарч байна, тэндээ бүртгүүлэх үүрэгтэй. Социализмын үед иргэн шилжих хөдөлгөөнөө 14 хоногийн дотор бүргүүлэхгүй бол шийтгэл хүлээдэг байлаа. Нүүж ирсэн хороо хориндоо бүртгүүлээгүй хүнийг ажилд авсан байгууллага маш том торгууль хүлээнэ. Ер нь ийш тийш удаан хугацаагаар явах зөвшөөрөл буюу “зам явах”-ыг тэр бүр амар олгохгүй. Өөр өөр газарт хуваарилагдсан эхнэр, нөхөр хоёрыг салгаж нүүлгэх гээд машин унаа ирж зогсчихоод амар заяа үзүүлдэггүй байлаа шүү дээ. Журам ёс хатуу чанд байлаа. Харин одоо манайхан эрхээ сайн мэдэх хэрнээ үүргээ тэр бур ухамсарлахаа байж уу гэмээр санагдана. Байраа зараад нүүчихсэн хүн дараагийнхаа хаяган дээр бүртгүүлээгүй, эс бөгөөс шинээр авсан байр байшинг нь улсын комисс хүлээж аваагүйгээс хаяг үүсээгүй зэрэг зүйл бүрийн шалтгаанаар хуучин хаягнаас нь хасч болохгүй нөхцөл бий болдог байна. Энэ үед сонгууль болвол...

Манай хаяган дээр өч төчнөөн хүн нэмээд биччихэж гэх мэт улс төржүүлсэн хэл яриа энэ мэтээс үүсдэг байна. Иргэний бүртгэл мэдээллийн санд хүн ганц л газар, ганц л хаяг дээр бүртгүүлсэн байх ёстой бол хорооны мэдээллийн санд тухайн нутаг дэвсгэрт байгаа хүн бүхнийг бүртгэж, тэдэнд төрийн үйлчилгээг үзүүлж байх шаардлага тулгардаг байна. Гадаадад ч юм уу, хөдөө орон нутагт түр оршин суугаа хүнийг үндсэн хаягнаас нь хасч болдоггүй. Харин явж очсон газрынх нь хороод түүний ирснийг заавал бүртгэнэ. Ээжийнхээ хаяган дээр бүртгэлтэй 16 хүртэлх насны хүүхэд эмээ, өвөөтэйгөө зуслан дээр амьдраад байвал тэндэхийн хэсгийн ахлагч хорооны мэдээллийн санд бүртгэж авна. Өөрөөр хэлбэл хорооны мэдээллийн санд хүн давхардан бүртгэгдэх тохиолдол байдаг аж. Гэхдээ энэ бол хорооны ажлын нэг онцлог.


ХОРОО БА ЯДУУРАЛ

Хороо гэх ганц үгээр илэрхийлэгдэх захиргааны эдгээр нэгжүүд орчин ахуйгаасаа шалтгаалаад тэс өмнөө байгааг анзаарч болно. Гэр хорооллын хороо, байшин хорооллын хорооны зовлон бэрхшээл, ажлын онцлог нь өөр өөр ч иргэд, хүмүүстэй ажилладагт нь ялгаа зааг байхгүй. Чингэлтэйн 18 дугаар хороо сүм, хийдүүдийг оролцуулаад нийт 36 аж ахуйн нэгжтэйн 23 нь хүнсний дэлгүүр. Хорооныхон шахаж шаардсаар байгаад 12 аж ахуйн нэгжийг гадна болон дотор талдаа хяналтын камерьтай болгосон нь гэмт хэрэг буурахад багагүй нөлөөлжээ. Зөвшөөрөлгүйгээр, хуулиар хязгаарласан цагаас хэтрүүлэн хуурамч архи худалдаалсан хоёр ч дэлгүүрийн зөвшөөрлийг цуцлуулаад авсан тухайгаа Г.Түмэнбаяр ярьсан юм. Гэр хорооллынх ч гэлээ энэ хороонд бас гадаадынхан бий. Хятад голдуу 25 хүн оршин суудгийн дотор нэг алжир, 3-4 солонгос, цөөн тооны орос иргэд байдаг гэнэ. Зарим нь монгол эхнэртэй, ирж очин явдгийг нь ч тэр хэллээ.

Дүүрэгтээ төдийгүй нийслэлд хүн ам олонтойд тооцогддог энэ хорооныхны амьжиргааны түвшин нэг үеэ бодвол дээшилж. Хэдхэн жилийн өмнө 340 шахуу гэж тооцогддог байсан нэн ядуу өрх өнгөрсөн жилийн судалгаагаар 120 орчим болж буурсан байна. Тэднээс 82 айлыг хүнсний талон болон халамжийн тусламжид хамруулахаар хөөцөлдөж байгаа юм байна. Эднийх урд талаараа 14, 15, 16 дугаар хороотой, баруун талаараа 17-р хороо,    хойд     талаараа 19 дүгээр хороо, зүүн  талаараа Сүхбаатар дүүргийн  14, 15 дугаар хороодтой хиллэдэг. Долоон буудлын төв замаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд зааглагдана. Сүхбаатар дүүргийн  14 дүгээр хорооны Засаг дарга Д.Дэлгэрсайхан ядуу өрхийнхөө тоог 300 гаруй гэж тооллоо. Ядуурлыг яаж бууруулах вэ?


ХОРОО БА АЖИЛ ЭРХЛЭЛТ

“Хорооны ажил сэтгэл дээр тогтдог юм” гэж Д.Дэлгэрсайхан ярьж байна. Түүнд албаны машин байхгүй. Цалингаас нь өөр санхүүжилт үгүй. Хорооны байрны халаалт, дулаан зэрэг урсгал зардлыг нь дүүрэг төлдгөөс өөр дэмжлэг бараг л байхгүй. “Тийм юмаар яах юм бэ?” гэж тэр өөдөөс асуув. Тус хорооны гол цэг болох Долоон буудлын эцсийн буудал дээр маш олон худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулдаг. “Хас” банк”, “Сод монгол”, Петровис ШТС-ууд, “Тэнүүн Огоо” автобусны бааз, “Долоон буудал” ХХК, Бэхбатцайз ХХК, Очир худалдааны төв, Болдмед ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй. Өнгөрсөн оны наймдугаар сард ажил авснаасаа хойш тэр эмзэг бүлгийн 30 гаруй хүнийг түр болон байнгын ажилд оруулжээ. Зам дагуу мод, зүлэг тарих ажилд 10, төмс, хүнсний ногоо тарих ажилд 20, гарцан дээр зогсоход 3 хүн гэх мэт. Нэн ядуу, өрх толгойлсон хоёр эмэгтэйг Моннис компани болон 35 дугаар сургуульд хариуцуулан ажил эрхлүүлж, хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургуульд оруулжээ. Гэхдээ жилийн гэрээтэй. Жилийн дараа эдгээр айлууд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгээр үр дүнг нь тооцож, цаашид ажиллах гэнэ. “Одоо Мягмарсүрэн гэдэг нэг айл бий. Тэднийхийг ч бас аль нэг компанид хариуцуулчих санаатай хөөцөлдөж байна” гэж тэр ярьсан юм. Мөн эдний хороонд өрхийн бичил үйлдвэрлэл эрхэлдэг айл өрх цөөнгүй юм байна. Бизнесээ өргөжүүлэх гэхээр зардал мөнгө нь хүрэлцдэггүй ч амьдрах эрмэлзэл байгааг нь дэмжих ёстойгоо тэр өгүүлсэн юм. Тэгээд “Хас банк”, “Адра” олон улсын байгууллага, мөн Батлан даалтын сантай хамтраад Долоон буудлын эцсийн задгай талбайд өдөрлөг зохиожээ. Өнөө бичил үйлдвэрлэл эрхлээд, оёж нэхээд, урлаж бүтээгээд байгаа хүмүүсээ, тэдний бүтээгдэхүүнийг олонд дэлгэж, зээл мөнгө болон хамтран ажиллах түншүүдийг нь газар дээр нь шийдвэрлэж өгсөн байна.

Гэр хорооллын хороонд байгаа бэрхшээл хотын төвд байхгүй гэж бодвол бас л эндүүрэл. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд “ажилгүйдэл цөөн ч гэсэн байгаа” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн 1-3 дугаар хороодыг хариуцсан нэг хөдөлмөрийн мэргэжилтэн ажилладаг юм байна. Хорооныхон хэд хэдэн хүнийг ажилд зуучилж өгснөөс гадна хороондоо “эко эргүүл” ажиллуулж, тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулжээ. Энэ хорооны нэг бахархал нь Монголд байдаггүй дэд бүтцийн хонгилын систем юм. Одоо хороо байрлаж байгаа 18 дугаар байр болон Гандирс байрыг холбосон хонгилын систем иж бүрэн компьютерийн хяналттай, орон сууцны контор дээр байрлах удирдлагын системтэй. Хороо энэ онд өөрийн цогцолбор байрыг барихаар суурийг нь ухаж байна. Мөн ачааллаа хэтрүүлж ажилладаг 5 дугаар цэцэрлэгийн хуучин байрыг нурааж шинэ, том цэцэрлэг барих ажил ч эхэлжээ.


ХОРОО БА ТА

Гэр болон байшин хорооллын хэдэн хороодыг сүлжилдүүлэн өгүүлсний минь учир нь төр байгаад төрийн ажил сайнтай, муутай явагдаж л байгаа бол тэр бүхэнд хороо гэх энэ бичил нэгжүүд үргэлж оролцож байдгийг хэлэх гэснийх. “Иргэддээ хүрдэггүй”, “Ойр хэрнээ хол” гэхчлэн бид элдвээр хэлж, сонгуулиар будлиулдаг, улстөрждөг мэтээр ойлгож, муулж шүүмжилсэн ч хороо хогийн уутаа тарааж, бүртгэл судалгаагаа хийж, тодорхойлолт гаргаж өгсөөр л байх болно. Харин та хороогоороо чухам хэзээ орсноо нэг санахыг хичээгээрэй. Өөрийн чинь тухай хороо ямар ихийг мэддэгийг та лав төсөөлөхгүй.

2014.04.11