ФИЛОСОФИ 30 СЕКУНДЭД

Философийн сэтгэлгээний 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар

Философи нь хааяа “жинтэй асуултууд” гэж нэрлэгддэг асуудалтай холбогддог. Ёс суртахуун гэж юу вэ? (“Юу хүмүүний үйлдлийг ёс зүйн хувьд зөв хийгээд буруу болгодог вэ?”); бид юуг танин мэдэж чадах вэ, эсвэл юуг ч танин мэдэж чадахгүй юу? (“Таныг хүрээлэн буй ертөнц цахим ертөнц биш, бодитой гэдгийг та баттай мэдэж байна уу?”); хүний мөн чанар юу вэ? (“Та бол тархи мөн үү, бидэнд сүнс байдаг уу?”); бодит байдал гэж юу вэ? (“Юмс яагаад ийм байдаг юм бэ?”) гэх мэт асуултууд тийм асуудлын тоонд орно.

Шашин ч гэсэн иймэрхүү асуудалтай тулгардаг. Гэхдээ философи, шашин хоёрын асуудал давхацсан ч хариулт нь өөр байдаг. Шашны тулгын чулуу нь сүсэг бишрэл байдаг бол философи нь оюун ухаан, сэтгэн бодохуйд хандан, хариугаа авна.

“Шалгагдаагүй, асуултад ороогүй (мэдэгдээгүй) амьдрал тийм ч үнэ цэнэтэй биш” гэж Сократ хэлсэн гэдэг. Энэ бол үнэн, миний бодлоор тун чиг үнэн үг. Гэр бүл, найз нөхөд, нийгэмдээ тусалж, тэднийг баян чинээлэг амьдрахад өөрийгөө огоорон байж зүтгэсэн хүмүүс өнгөрүүлсэн амьдралдаа хэзээ ч харамсдаггүй, амьдралаа үнэ цэнэгүй өнгөрүүлсэн хэмээн үзэхгүй.

Миний философийн мэдлэг тийм ч гүнзгий биш. Гэхдээ логикийн хувьд хуурамч дүгнэлтийг танин мэдэх, утга санаагаа товч, тодорхой бөгөөд нягт нямбай илэрхийлэх чадвар зэрэг нь философид шингэмэл байдаг шинжүүд бөгөөд эдгээр шинжийг бусдад шилжүүлж болдогт түүний давуу тал оршдог. Философиор бага зэрэг хичээллэхэд л бид хүчирхэг хамгаалалт, уран цэцэн, зальжин этгээдийн гох дэгээнд үл орох дархлаатай болно. Гэхдээ энэ нь философийн багахан мэдлэг яагаад үнэ цэнэтэй болохыг харуулчихаж байгаа юм биш.

Үүнийг мэддэг, эс мэддэгээс үл хамааран хүн бүр философийн итгэл үнэмшилтэй байдаг. Бурхан оршдоггүй ч түүнийг байдаг гэсэн итгэл бол философийн итгэл үнэмшил. Буруу, зөвийн тухай асуудал субъектив санаа бодлын асуудал байсан ч тэдгээр нь мөн л философийн асуудал мөн. Олон хүн үүнийгээ анзаардаггүй. “Ийм асуулт тавьсан, эс тавьсан ямар ялгаатай юм бэ? Ийм итгэл үнэмшилтэй болон үнэмшилгүй хүний амьдрал ялгаагүй. Тэгэхээр энд санаа зовох юу байгаа юм бэ?” гэсэн асуулт гарч болно. Шалгаагдаж байцаагдаагүй (утгажаагүй) амьдрал гарцаагүй, өөрөөр амьдрах аргагүй байсан байж болно оо. Гэхдээ л энд, хар аяндаа философийн шав тавигджээ.

Энэ бүхэн философи гэдэг бол эрхэмлүүштэй зүйл гэсэн итгэл үнэмшлийг биш юм гэхэд философи бол сонирхолтой зүйл гэсэн бодол санааг үлдээдэг. Энэ номыг уншсанаар та хүн төрөлхтнийг өдсөн, цэцэн мэргэнд дуудсан, гайхашруулсан, зарим үед будлиулж төөрөгдүүлсэн гээд янз бүрийн үзэл санаатай танилцах болно. Ус руу орохгүй бол сэлж сурахгүй!




ПЛАТОНЫ АГУЙ
30 секундэд тайлбарлахуй

3 СЕКУНДЫН ТОВЧЛОЛ
Бид хий үзэгдэлд чин сэтгэлээсээ итгэчихжээ. Гэрэлд юм харж чадахаа больж, “сохорчихож.” Гэхдээ философичид тийм биш нь мэдээж л дээ.

3 МИНУТЫН ОЙЛГОЛТ
Өнөөдөр бид агуйд амьдрагчдыг зөвхөн телевизээр л хардаг хэмээн өөрсдийгөө бүү хуур. Платоны агуй бол зайлсхийх аргагүй зүйл. Иймээс жирийн агуйнаас хэцүү. Платоны үзлээр, жүжигчид төдийгүй эрдэмтэд мөн чанарыг олж харж чаддаггүй. Тэгэхээр Платоны үнэн физик ертөнцийн гадна байдаг юм бол энэ нь үнэхээр оршдог гэж үү? Агуйг орхих явдал боломжтой, тэр ч бүү хэл, хүсэм зүйл биш гэж үү?

Нэгэн дүрслэл. Хүмүүс гал түлсэн агуй дотор ханыг нь ширтэн сууж байна. Ханан дээр сүүдэр байх бөгөөд хүмүүс түүнийг бодит байдал гэж бодно. Хэрэв та энэ хүмүүсээс нэгийг нь оргуулан гадагш авч гарвал тэр юм харж чадахгүй, нүд нь гэрэлд цохиулна. Гэхдээ хэсэг хугацааны дараа орчин тойрныхоо зүйлс, бодит ертөнц, тэр ч бүү хэл, тэр бүхнийг гэрэлтүүлж буй гэрлийн эх сурвалж болох Нарыг хүртэл харж чадна. Тэгээд түүнийг буцааж агуйд оруулан, бусдад нь үнэнийг хэлж тайлбарлуулахыг оролдох юм бол тэр хүмүүс шоолж дооглохоор үл барам алахаас ч буцахгүй. “Платоны агуй” хэмээх энэ зүйрлэлийг түүхэн дэх хамгийн оновчтой, голыг нь олсон зүйрлэл хэмээн үздэг. Ойлгоход ч тийм хүнд биш. Агуйд суугчид бол харанхуй бүдүүлэг олон түмэн; сүүдэр бол дэлхий дээрх юмс үзэгдэл буюу мөнхийн “хэлбэрийн” хуулбар болох физик юмс үзэгдэл; агуйгаас оргон гарч чадсан хүн бол философич; Нар гэдэг нь нөгөө Сайн буюу үнэний уг сурвалж; алуулахад бэлэн байгаа хүн бол Сократ. Платон багшийнхаа цаазаар авахуулсныг ингэж дүрсэлжээ. Ёс суртахуун уу? Шагнал гэдэг нь философичдын хувьд магтаал, нэр төр, баялаг биш билээ.

Хэрэв та агуйд амьдардаг бол гарахаасаа өмнө сайтар эргэцүүл. Гэр болсон агуйдаа хэзээ ч эргэн ирж чадахгүй байж болох юм шүү дээ.


БЭРКЛИГИЙН ИДЕАЛИЗМ
30 секундэд тайлбарлахуй

3 СЕКУНДЫН ТОВЧЛОЛ
Бэрклигийнхээр, бүх юм таны тархинд байдаг.

3 МИНУТЫН ОЙЛГОЛТ
Хэрэв алим түүнийг харж буй хүний тархинд л байдаг юм бол тэр хүнийг нүдээ анимагц алга болчих уу? Энд, бидний харж буй үгүйгээс эс хамааран, Бурхан хүртэж байдаг учраас ертөнц оршдог хэмээн Бэркли маргадаг. Олон хүн энэ хариултыг гарцаагүй хэмээн хүлээн авдаг боловч Бэрклигийн хувьд юмсын үргэлжилсэн оршихуй гэдэг бол Бурханы оршихуйн төдийгүй түүний өгөөмөр сэтгэлийн баталгаа юм.

Бид бараг бүгдээрээ ертөнцийн талаарх оюун санааны дүрийг өөрсдийн маань сэрэл бий болгодгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ нь юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Энэ бол бид ертөнцийг дотоод, оюун санааны дүрээр дамжуулан шууд бус хүлээн авдаг гэсэн үг. Хэрэв та тэр оюун санааны дүрүүд гадаад ертөнцийн юмсыг үнэхээр тусгаж байна уу, үгүй юу гэдгийг хэрхэн мэдэх вэ гэж бодож байгаа бол скептик байран дээр байгаа хэрэг. Энэ скептик үзэлд өгсөн Жорж Бэрклигийн хариуг идеализм хэмээнэ. Идеализм оюун ухаан болон түүнд буй санаанаас бусад зүйлийн оршихуйг няцаадаг. Энд бидний туршлага хэчнээн дэмжигдэж байдаг ч гадаад ертөнц гэж байхгүй учраас түүний талаар скептизм гэж байх аргагүй. Сэрэлд буй зүйл л байна. Бид сэрлэн мэдрэмжээ ангилж, бүлэглэн нэр өгдөг. “Алим” гэдэг бол бидний амтлах, үнэрлэх, харах сэрлийн цогц юм. Исгэлэн амт, анхилуун үнэр, улаан өнгийн цогцыг алим гэнэ. Тэгэхээр ямар нэг гадны, илүү зүйлийн талаар бодохын тулд туршлагаас цааш явах хэрэгтэй. Бүр хачирхалтай нь, амтлаагүй амт, хараагүй өнгөний тухай утгагүй бодолд хүргэдэг. Хэрэв та үүнтэй санал эс нийлэх аваас бидний сэрлийг дэмжигч материаллаг субстрат гээд ямар нэг өөр зүйлийн тухай бодож байна гэсэн үг. Тэгвэл үүнийгээ батал хэмээн Бэркли хэлэх байсан буй заа.

Ертөнцийг хүртэх хэрэгсэл байгаагүй бол ямар нэг зүйл оршино гэж үү?


НЭПКО хэвлэлийн газар