ЦАГААН ГУЛЗ

“Гулзат хайрхан”(Sheep Mountain)-ны бараа

“Долл шийп”(Dall sheep) гэх Аляскa нутгийн гулзыг угтаа Монгол Алтайн нурууны аргаль, гулзын алс холын садан төрөл байх гэж хөтөч залуу Бэн ярих нь нэг л дотно сонсдоно. Дэлхийн зэрлэг хонь судлалын нэрт эрдэмтэн Жэймс Кларкийн “The Great Arc of the Wild Sheep” номонд ч иймэрхүү үг, өгүүлбэр таарч байсан нь санагдав. Гулз гэдэг нь манай орны "Мянган гулзатын нуруу" гэдгээс үүсэлтэй, орчин цагийнхаар бол угалз гэсэн үг. Молхи бичээч миний бие түүнийг “цагаан гулз” гэж нэрлэхээр бүдүүн зүрхлэв. Учир нь энэ гулз бол чандгана цагаан зүстэй нь гойд өвөрмөц. Өндөр уул нуруудын мөнх цастай сэрүүн царамд нутагладаг өлчир амьтан. Тэднийг цастай ууланд олж харахад өндөр технологийн хүчирхэг дуран авай ч мөхөсдөх аж. Байгаль эхийн гайхалтай уран зохирол энэ буюу.

Цагаан угалз олж үзэх хүслэнд хөтлөгдөж Анкорижаас үүрээр мордон Матануска мөрний үзэсгэлэнт дэлгэр хөндийг өгсөж "Гулзат хайрхан"-ыг зорив. Хоёр цаг гаруй давхиж “Матануска мөсөн гол” -ын бэлчирт хүрлээ. Энэхүү алдарт мөсөн гол нь 4018 метр өндөр “Маркус Бэйкер хайрхан” -аас эхтэй бөгөөд 43.5 км урт, 6.4 км өргөн аж. Манай Алтай Таван богдын “Потанины мөсөн гол”-оос бараг 27 км урт, гэхдээ хавьгүй өргөн юм. Тэндээс хөдлөхөд бороо зүсэрч, нар мишээж намрын ертөнцийн үзэмж мэлмий, мэдрэмж баясгав. Намрын цагийн өнгө зүс нь өчүүхэн тал бичээчийн хувьд үгээр онож дүрслэх аргагүй үзэсгэлэн төгөлдөр. Манай Эг тарвагатайн бэлчирийн намрын төрх санагдуулж, зэрлэг аньс, нэрс, нохойн хошууны үнэр шингэсэн шижир агаарт нь өөрийн эрхгүй шимтэв.

Төдөлгүй “Гулзат хайрхан”(Sheep Mountain)-ны бараа харагдлаа. Аляскийн уугуул иргэдийн өгсөн нэр ажээ. Уг хайрханы өвөр тал нь бэлээсээ дунд бие хүртлээ хус, гацуур, жодоо, цөөрөс зэрэг мэдэх, эс мэдэх түмэн зүйлийн мод, мянган янзын жимсгэнэ дүүрэн, өнгө өнгийн бут сөөг, торлогтой, түүнээс дээш оргил хүртлээ асгатай сайр, үхэр хадтай сарьдаг, энд тэндээ задгай ногоон нуга, тунгалаг булаг, шандтай юм. Аргаль, угалзын сайхан нутаг. Манай баруун Алтайн “Мянган гулзат” , Аляскийн зүүн хойдын “Гулзат хайрхан” хоёр ямар холбоотойг мэдэх аргагүй, гэхдээ аль аль нь аргаль, угалзын өлгий нутаг санж. Тив, далай тэнгисийн холхи алсад тасарч заяасан хамаатан садан уулс гэлтэй.

Хайрханы өвөр талын нар туссан энгэрийг өгсөж дурандлаа. Аян замын залуу анд минь "хургатай аргаль" гэж баяртай шивнэв. Хүрэн хадан цохионы сүүдэрт гурван цагаан амьтан зэрвэс харагдаад торлог руу орчихов. Тэр баярладаг нь учиртай. Өмнөх өдөр нь бид гурав “Төрнагайн арм” гэдэг газрын “Салхитын цохио” хэмээх ууланд өдөржин бэдрээд нэг ч угалзын бараа олж хараагүй юм. Ядахдаа тэр уул эгц өгсүүр, мод, сөөг, торлог нь өтгөн шигүү, хад асга ихтэй, бас халтиргаатай байж таарав. Мацаж өгсөхдөө тороогүй боловч дараа нь өндрөөс уруудах ахуйдаа нэг биш удаа өнхрөх дөхсөн учраас бараг мөлхөж буусан. Угалз хараагүй болохоор урам ч үгүй, тамир ч үгүй зүдэрсэн хэрэг. Тэгээд л энд хурга, төлөг дагуулсан аргалийн бараа хараад алдуул адуугаа олсон мэт хөөрцгөөж билээ.

Нөгөө гурваас нилээд дээхнүүр орших өндөр цохионы нөмөрт нэг угалз хэвтчихсэн хээв нэг хэвж буй харагдав. Цадсаны шинж, тэгсхийгээд дугхийх нь. Овоо хараандаа оруулж шимтэн ширтлээ. Буу биш дуран шүү дээ. Эврийнх нь байдлаар таавал 12-13 насных болтой. Манайхаар бол “шаазгай алаг” гулз, өөр хэлбэл хал үзэж, хашир суусан аварга. Холоос зорьж ирснийг минь “Гулзат хайрхан” мэдэрч, ховор амьтнаа харуулж байна даа гэж сүсэглэн залбирав. Тэгтэл тэр цохионы доохнуур өөр хоёр угалз цайран гарч ирлээ. Тэр хоёр зогсоо зайгүй идээшилсээр баруунш зүглэн уруудах шинжтэй. Толгойгоо өргөх агшин бүрт нь нягталж харлаа. Дээрхээс арай залуувтар хоёр. Тэр хоёр нөгөө хурга, төлөгтэй аргалиас саахалт гаруй зайтай идээшилнэ.

“Чандгана цагаан гулз”

Манай орны аргаль, угалз өдийд ороо хөөцөлдөөнийхөө халуунд ид "шатаж" байгаа л даа. Харин энд бол бүр намрын адагт л ороо нь ордог юм санж. Тийм учраас хурга нь эхээсээ салаагүй, эхийг нь угалз ер тоосон шинжгүй харагдана. Сарын дараа гэхэд энэ хоёр залуу угалз нь дээрх “шаазгай алаг” аваргад гадуурхагдан хөөгдөж, "найз охин төлөг" -ийн эрэлд зүдэрнэ. Харин аварга болбоос энэ эх аргаль, түүний төлөг хоёрыг эзэмдэнэ. Хурга нь бие дааж, үе тэнгийнхэнтэй нийлж наадах, амьдрах арга зам олохоос өөр аргагүй болно. Тэр дөнгөж 5-6 сартай л байх. Халзан бүргэдийн дайралтаас амиа аврах арга мэх эзэмшиж хараахан амжаагүй ч байж мэдэх.

Энэ хооронд хургатай аргаль хуурай сайр уруудаж хадны хаг долоож, мэрж харагдав. Хадны хаг хужиртай учраас тэдний хувьд “амтат бурам” аж. Тарга тэвээрэг авахад нь их чухал гэж Бэн ярив. Хурга цадаж уйдсан бололтой. Элгэн хаданд наадан елдэгнэж яваад эхээсээ нилээд холдчихов. Төлөг эгч нь эх, дүү хоёрынхоо хооронд амсхийж зогсох. Хурга чилгэр хадны нарийн үе дамжин дүүлсээр эгчдээ дөхөж очлоо. Тэр хоёр нийлж, хад дамжин мацсаар эхдээ хүрэв. Янгирын ишгэнээс дутуугүй элгэн хаданд авирах эрдэм сурчихжээ.

Монгол аргалийн хурганаас арай илүү ч юм шиг санагдав. Тэгтэл эх аргаль ухасхийж төлгөн үрээ эврээрээ сэжин хэд хэд мөргөлөө. Дүүгээ орхиж холдсоных нь шийтгэл буйзаа гэж таав. Тэртээ дээр эргэлдэх халзан хүрэн бүргэдээс үрээ харамлах эхийн мэдрэмж нь чингэж аашлуулсан байж болох.

“Эхийн шийтгэл”

Торлогоос гарч ирсэн нөгөө хоёр угалзыг дагуулан шагайж зогстол гэнэт бороо асгарлаа.

Хадны нөмөр ч хань болох шинжгүй. Хөдлөхөөс өөр яах билээ. Үд аль хэдийн хэвийсэн учраас ходоод ч хонхолзож байлаа. "Гулзат хайрхан" нэртэй амралтын газар руу бараг нисч очсон боловч өдрийн зоогны цаг өнгөрсөн гээд өөр нэг амралтын газар зааж өгөв. Тэгж явтал бороо татарч, тэнгэр гийсэн учраас нөгөө хэд рүү эргэж очлоо. Гурван угалз оргил өөд өгсөж өндөр мөрөгцөг дээр гарчээ. Хоёр нь хэвтчихсэн, нэг нь идээшилж харагдана. Харуулын алба гүйцэтгэж буй нь тэр.

Харин солигдмол бараан үүлс, шингэн цайвар манан өчүүхэн зурагчинд нэн хяслантай. Хургатай аргаль ч тэднээс нилээд холдож хэвтжээ. Тэгээд ч бич цаг дундаа орчихсон болохоор тэдний хувьд дугхийх цаг нь. Аргаль, угалзын өдөр тутмын амьдралынх нь ердийн хэвшил л дээ.

“Дугхийх цаг”

Цагаан угалз бие бялдрын хувьд манай говийн угалзтай бараг төстэй. Гэхдээ бие нь яргай, эвэр нь богино, нарийвтар, дэрвэгэр агаад шингэн шар өнгөтэй. Толгой нь жижгэвтэр. Цагаан угалз нь зөвхөн Америкийн Аляска бөгөөд Канадын Юконы уул нуруудад гол төлөв нутагладаг. Дэлхийд өөр хаана ч байхгүй нь онцлог. Аляскийн байгаль, амьтны ертөнцийг судалж алдаршсан биологич Билл Долл(Bill Dall) цагаан угалзыг анх олж судалсан учраас түүнийг “Dall sheep”(Ovis dalli) гэж нэрлэсэн түүхтэй. Энэ угалзын гарал үүслийн тухай эх сурвалжаас цухас өгүүлье.

Өдгөөгөөс бараг 750 жилийн өмнө Шивэрт(Сибирь)-ийн Цасны аргаль, угалз(Snow Sheep) Берингийн хоолойн нутгаар дамжиж Аляска руу нүүж очсон гэх домогтой. Тэгээд улмаар баруун Хойд Америк, Калифорни, тэндээс баруун умард Мексик рүү тархасан байх магадлалтай гэнэ. Тэгэхлээр цагаан угалзын дээдэс нь цасан угалз болж таарах нь. Харин цасан угалзын дээд удам нь манай Монгол алтайн аргаль, угалз гэх таамаглал Жэймс Кларк дэвшүүлсэн байдаг.

Цагаан угалзын ноос нь өвлийн цагт хоёр хуруу гаруй урт ургадаг, харьцангуй зузаан арьстай учраас Аляскийн хахир хүйтэн өвөлд тэсвэртэй, цас их унаж өвс ургамал хомдсон ч зуд турханд нэрвэгдэж үрэгдэх нь ховор гэнэ. Харин манай аргаль, угалз бол ган гачаал, зуд турхан, малын халдварт өвчинд нэрвэгдэж нүдээ аньдаг азгүй тавилантай гэж бодоход гунигтай.

Нас бие гүйцсэн цагаан угалз дундажаар 90 кг жинтэй, эвэр нь 80-90 см урт. Манай орны Өмнөговийн ижил насны угалз бол дундажаар 130 кг жинтэй, бараг 120-130 см урт эвэртэй байдаг. Цагаан угалзын дундаж нас нь 12-15 жил аж. Аргаль нь тавдугаар сарын хуучид, зургаадугаар сарын шинэдээр нэг хурга төрүүлнэ. Хурга нь мэндэлсэнээсээ хойш дөнгөж хагас цагийн дотор босч давхидаг шидтэй.

“Эх, үр хоёр”

Цагаан аргаль, угалз нь баавгай, шилүүс, чоно, нохой зээх, заримдаа халзан бүргэдийн зууш болохоос үргэлж айж бэргэж амьдардаг.

“Гулзат хайрхан” -д дахиад л бороо дусалж эхлэв. Нөгөө гурван угалз зүүрмэглэсэн хэвээр, огт босох шинжгүй. Уг нь бороо зогсож, тэнгэр цэлмэх ахуйд жаргах нарны зөөлөн туяанд нөгөө гурав босч идээшилвэл гайхалтай дүрс буулгах аз тохионо гэж горьдсон хэрэг.

Бороо зогсоох ид шидгүй төрсөн болохоор яалтай ч билээ. Гэхдээ өмнөх өдрийг бодвол олз омогтой, ганзага нийлэх аз тохиосонд бид тэндээс баяртай эргэж мордсон болой.

Аляскад 45 000 орчим, Канадaд 50 000 гаруй цагаан аргаль, угалз нутагладаг гэсэн тоо баримт байна. Эдгээр тоо нь орчин цагт зэрлэг амьтныг тоолдог шинэ технологи, арга барилыг ягштал баримталж гаргасан, шинжлэх ухааны үндэслэлтэй аж. Манайд бол далан сая малаа зүс, хүйсээр нь яс тоолдог боловч аргаль, угалзын тоо толгойг зориуд хулхи тоолдог хуучимсаг уламжлал нь амь бөхтэй. Үүний цаана олон шалтгаан байдаг, нэг нь энэ ховор амьтныг агнуулж төсвийн цоорхой нөхдөг төрийн бодлоготой холбоотой. Жил бүр зуу давсан тоогоор агнуулахын тулд зориуд зохиомол тоо гаргадаг гэлцдэг нь ортой байж мэдэх.

Малчин ард сэтэртэй ажнай хүлэгээ төхөөрч иддэг билүү. Манай төр болбоос “Улаан ном”-нд орсон ховордсон амьтан, жигүүртнээ агнуулж “иддэг”. Харамсалтай, эмгэнэлтэй, сохор бодлого. Энэ өнгөцөөс үзэхүл Аляскад заяасан цагаан угалзын хувь тавиланд атаархахаас өөр яах билээ.

Махатма Ганди “Аливаа үндэстэн улсын нэр хүнд нь амьд байгалийн өвийг хэрхэн хайрлан хамгаалж буй байдлаар нь илчлэгддэг” гэж хэлсэн нь манай төрийн сонорт хүрч, санамжид нь орох болов уу найдна.

2025.09.28