Венчур хөрөнгө оруулалт
Олон улсын зах зээлээс Series B хөрөнгө оруулалтыг анхны компани тун удахгүй татаж гэрээгээ эцэслэх гэж байна. Монгол компани хөрөнгө удирдлагын чиглэлээр Сингапурт оффисоо нээж, олон улсад гарснаас гадна АНУ-ын цахиурын хөндийд бас монгол компаниуд нийлээд өөрсдийн оффистой болжээ. СЭЗИС анхны эндовмент сан байгуулчихлаа. Монголд эхнээсээ нууцхан байдлаар анхны Family Office-ууд байгуулагдаж байна. Монгол Bootstrapping старт ап Японоос багагүй хэмжээнээс хөрөнгө оруулалт авч, дотоодын старт ап компаниудын түүхэнд бас нэгэн нэн шинэ түүх бичих гэж байна. Нэвтрүүлгийн зочдоор Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, “Exponential Zaisan Partners” хөрөнгө оруулалтын сангийн захирал А.Азбаяр, “Synergy Fund Solution” хөрөнгө оруулалтын менежментийн компанийн захирал А.Анар, “Smart Mongol” апп-ыг үүсгэн байгуулагч болон ”Founders Club”-ын захирал З.Цоломонбаяр нар уригдлаа.
В.Ганзориг: Старт ап буюу гарааны бизнес гэж яг юу юм бэ? Уламжлалт компани, бизнесээс юугаараа ялгаатай вэ?
Ж.Золзаяа: “Старт ап” гэдэг ойлголт 2010 оноос Монголд эрчтэй яригдаж эхэлсэн. Экосистемд оролцогч тал бүр янз бүрээр тодорхойлдог. Гэхдээ ерөнхийд ч хэлбэл, технологи, инновац ашиглан 3-5 жилийн дотор бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загвараараа өндөр өсөлт үзүүлж, салбартаа бүтээлч түйвээлт хийхийг гарааны бизнес гэдэг.
А.Азбаяр: Бид өдөр бүр асуудалтай тулдаг. Улаанбаатарын утаа, замын түгжрэл гэх мэт. Технологийн дэвшил, инновацийг ашиглан нийгмийн аливаа асуудлыг шийдэхийг зорьсон шийдлүүд амжилттай гарааны бизнес болж чаддаг. Уламжлалт асуудлыг уламжлалт бус аргаар шийддэг бизнесийг старт ап гэж хэлж болно.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
А.Анар: Арай өөр өнцгөөс хэлж болно. Хөрөнгө оруулалт талаасаа Seed, Series A, B, C гээд явдаг. Үйл ажиллагаа талаасаа санхүү нь чадавхжиж, тогтворжих хүртлээ явсан компаниудыг старт ап гэж хэлж болно.
З.Цолмонбаяр: Гараанаасаа л өсөлттэй буй компаниудыг старт ап гэж хэлж болно. Өндөр өсөлт гаргахын тулд уламжлалт бизнесүүд асар их хугацаа зарцуулдаг байсан. Старп ап үүгээрээ ялгагддаг.
В.Ганзориг: Спарт ап компаниудын амьдралын мөчлөг ямар байдаг вэ? Хэзээ спарт ап гэж нэрлэгдэхээ болих уу? Энэ экосистемийн бусад оролцогч талууд нь хэзээ, ямар байдлаар орж ирдэг вэ?
А.Азбаяр: Хувь хүн ганцаараа эсвэл бусадтай хамтраад ямар нэг асуудлыг шийдэх зорилгоор компани байгуулснаар старт ап бизнес эхэлдэг. Эхний санхүүжилтээ өөрсдөө гаргаад явж байгаа старт апийг bootstrap гэж гарааны бизнесийн орчилд нэрлэдэг. Мөн хамтран үүсгэн байгуулагчтай эхэлж болно. Жишээ нь, технологийн ур чадвар дутагдаад байвал энэ чиглэлийн мэргэжилтэнг олж ирээд хамтран ажилладаг. Дараагийн шатанд Angel үе гэж бий. Өндөр эрсдэл бас боломжийг харж, тухайн гарааны бизнест анхлан итгэж, бага хэмжээгээр буюу 5 мянган доллараас эхлэн хөрөнгө оруулдаг хувь хүмүүсийг Angel Investors буюу Сахиусан тэнгэр хөрөнгө оруулагч гэж ярьдаг. 10 хүнээс 50 мянган ам.доллар босгох боломжтой гэсэн үг. Эдгээр хөрөнгө оруулагчдад компанийнхаа тодорхой хэмжээний хувийг өгөх хэрэгтэй болно. Энэ үед өөрсдийн компани дээрээ эзэмшиж буй хувь ширгэж багасдаг. Ингээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, өөрийн гэсэн оффистой болох, эхний шатны борлуулалт хийж үзэх боломж үүсдэг.
Спарт апд хөрөнгө оруулсан Энжел хөрөнгө оруулагчдийн дараа үр таригчид буюу Pre-Seed болон Seed хөрөнгө оруулагчид венчур хөрөнгө оруулалтын сангаар дамжин тухайн бизнесийг дотоодын зах зээлд байр сууриа олоход туслан орж ирдэг. Үүний дараагаас гадаад зах зээл рүү бизнесээ тэлж буй гарааны бизнестэй Series A хөрөнгө оруулагчид хамтарч эхэлдэг. Энэ үеэс эхлээд олон улсын венчур сангууд орж ирдэг. Жишээ нь, Монголоос Төв Ази эсвэл Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү амжилттай гарч, тэндээ нэлээд сайн байр сууриа эзлэхийн тулд Series B, C гээд хөрөнгө оруулалтуудыг үе шаттай босгоод явдаг.
Анар захирал старт апуудын амьдрал Series C хөрөнгө оруулалтын шат орчимд дуусдаг гэж хэлсэн. Би үүнтэй санал нийлэхгүй. Аливаа старт ап IPO хийж нээлттэй компани болох, эсвэл бусад бизнестэй нэгдэх, худалдагдах үед старт ап байхаа больдог. Тэр үед өмнө нь үзүүлсэн өндөр өсөлт тогтворжиж, өмнөх хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг нь өгөөжийн хамт эргүүлэн өгч бизнесээс гарах боломжийг олгодог гэсэн үг. Энэ үеэс эхлэн старт ап гэдэг нэр үгүй болно. Миний бодлоор Тесла одоог хүртэл старт ап компани. Учир нь саяхан л Cyber truck-гаа гаргалаа. Роботоо дөнгөж гаргаж эхэлж байна. Иймээс эднийд цаашаа өсөх зөндөө боломж бий гэсэн үг.
Ж.Золзаяа: Гарааны бизнест экосистем маш чухал байдаг. Оролцогч талуудын зөв оролцоо бүрдэж байж гарааны бизнес амжилттай бойжиж, өндөр өсөлт үзүүлнэ. Хууль эрх зүйн орчин тодорхой байх ёстой. Ингэж байж таатай орчин бүрдэж, төр бизнест гай болохгүй явах боломж бүрддэг. Төрийн зүгээс гарааны бизнест оруулж буй хөрөнгө оруулалт дээр татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна гадаадаас ирж буй мөнгийг саадгүй оруулах нөхцлийг бүрдүүлэх ёстой байдаг. Өөрсдөө бүх эрсдлээ үүрээд бизнес хийж байгаа энэ энтрепренершип соёлыг бид улам сайн түгээх хэрэгтэй. IT Park-аас гадна хувийн хэвшлийнхэн спарт апийн хурдасгуур төв, инкубатор, хамтын оффис байгуулж залууст гарааны бизнесийн ур чадвар олгох, олон улсад гарахад нь туслах зорилгоор экосистемийн дэд бүтцийг нь байгуулж өгдөг.
Энэ дунд манай Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хөрөнгө оруулагч, төр, хувийн хэвшил, олон улс, их, дээд сургууль гэх зэрэг оролцогч талуудыг холбож ажилладаг. Өөрөөр хэлбэл, технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг бойжуулах замаар олон улсын зах зээлд гарахад нь туслах, хүний нөөцийг бэхжүүлэх гэсэн хоёр үндсэн үүрэгтэйгээр Монголын анхны тэрбум ам.долларын үнэлгээтэй Юникорн компанийг төрүүлэх зорилготой экосистемийн бүх оролцогчдын дунд гүүр болж ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд бид олон улсын жишиг парк болох ёстой байгаа.
Саяхан бид төрөөс нэг ч төгрөг гаргалгүй оролцогч талуудтайгаа хамтран ялагчийг нь дэлхийд сойх зорилготой 300 сая төгрөгийн шагналын сантай үндэсний хэмжээний анхны спарт апуудын тэмцээнийг зохион байгуулсан. Улирал бүр старт ап, хөрөнгө оруулагчидтай хамтран бизнес аялал, хамтарсан арга хэмжээнд оролцоод явж байна. Үүний хажуугаар болохгүй зүйлс зөндөө бий. Гэсэн бид бие биенийхээ зовлонг мэддэг, хамтдаа мөс хагалж яваа учраас гоншигноод байлгүй хамтран ажиллаж асуудлаа шийдэхийг зорьдог.
А.Азбаяр: Мэдээллийн технологийн (Information technology) үндэсний паркийн нэрийг өөрчлөөд Инновац технологийн (Innovation technology) үндэсний парк болгомоор санагддаг. Учир нь старт апуудын үйл ажиллагаа зөвхөн мэдээллийн технологиор хязгаарлагдах ёсгүй. Энэ мэтээр бодлого боловсруулдаг хүмүүсийн ойлголтыг нь өөрчлөхгүй бол старт ап гэхээр ай ти компани гэж харах гээд байдаг.
В.Ганзориг: Би өөрөө хуучин аргаар компани байгуулж байсан болохоор энд ярьж байгаа бойжуулдаг төв, бизнес хурдасгуур гээд сонсохоор одоогийн старт апуудыг нэлээд эрхэлсэн нөхдүүд гэж харах гээд байна. Нэмээд шагнал, тэтгэлэг авах боломжууд нэлээд байдаг.
Ж.Золзаяа: Том хүүхдийн цэцэрлэг гэж бид бас нэрлэдэг.
З.Цолмонбаяр: Бид 2016 оноос хойш Smart Mongol бүтээгдэхүүнээ гаргаж олон нийтэд хүргэхээр тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд дээр дурдсан хөтөлбөр, төвүүдэд хамрагдаж, төрөөс ямар нэг дэмжлэг туслалцаа авч байгаагүй. Гэхдээ энэ хугацаанд бид огт зүгээр суугаагүй. Аливаа бизнесийг гараанаас нь өсөлттэй эхлүүлнэ гэдэг асар хэцүү. Ийм учраас гарааны бизнесийн экосистем зөв ажиллаж байж тэнд тийм өсөлт бий болдог. Өөрөөр хэлбэл, старт апууд бүтээгдэхүүнээ маш богино хугацаанд гаргах ёстой, тэрийг нь бодит хэрэглэгчид хэрэглэх ёстой. Хэрэглэхгүй бол бүтээгдэхүүнээ өөрчилж, найдвартай ажиллуулах ёстой. Аль болох олон хэрэглэгчтэй болж орлого олох ёстой. Энэ бүх процесс амжилттай явагдаж чадвал тухайн компани IPO хийх, бусадтай нэгдэх, зарагдах зэргээр үйл ажиллагаа нь тогтворжиж, бизнес нь нас биенд хүрч урт хугацаанд амьдрах суурь баталгааждаг. Гэхдээ энэ хүртэл явах процесс маш хэцүү.
Цахиурын хөндий богино хугацаанд хамгийн их старт ап компаниудыг төрүүлж бойжуулан, дэлхийн хэмжээний компани болгож чадаж байна. Энэ систем Монголд ямар байна вэ? Зүйрлэж хэлбэл, Монгол Улс гарааны бизнесүүдийн хувьд говь юм уу, эсвэл хангай юм уу? Хангайд ямар ч ургамал ургаж чаддаг бол говь цөлд загаас өөр зүйл ургахгүй. Ургасан ч хатуу, навчгүй байдаг. Ийм экосистем дунд бид бүтээгдэхүүнээ гаргаад хэрэглэгчдэд хүргэх гээд явж байна. Энэ хугацаанд маш олон оролцогч талтай хамтран ажиллаж үзсэн.
Би төрийг буруутгахгүй. Чадлаараа ажиллаад байх шиг байдаг. Бид төрийн ямар нэг хөтөлбөрт хамрагдаж байгаагүй буюу төр, хувийн хэвшлээс үл хамааран бүх бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаад явж байгаа bootstrap гарааны бизнест хамаарагдана. Бизнесийнхээ эхний 8 жилийг яг өөрсдөө авч явсан. Компанийнхаа орлогоор зардлаа санхүүжүүлж, нэмэлт хөрөнгө оруулалтаа өөрсдөө хийж явсан гэсэн үг. Тун удахгүй бид компанийнхаа хөгжлийн дараагийн шат руу шилжихээр бэлдэж байгаа.
А.Анар: Бүтээгдэхүүнээ амжилттай гаргаад, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон старт ап зах зээлээ тэлэхийг хүссэн үед акселератор хөтөлбөрт хамрагдаж болдог. Мөнгө, менежмент, ноу хаугийн дэмжлэг, бизнесийн сүлжээг тэлэх нь энэ хөтөлбөрийн зорилго байдаг. Харин инкубатор буюу бойжуулах хөтөлбөр бизнесийн санааг боловсруулах шатанд нь старт апуудад тусалдаг. Зах зээлд нэвтрэх боломжтой эцсийн бүтээгдэхүүн болж чадсан уу гэдэг дээр нь дэмжлэг үзүүлдэг. Мөн оффисоор хангаж, ажиллах орчныг нь бүрдүүлдэг. Мөн корпорэйт инкубатор, корпорэйт акселератор гэж байдаг. Тэр нь том компаниуд, бизнес группуудын асуудлыг шийдвэрлэх зорилготой өөрсдийнх нь хөрөнгө оруулалттай төвүүд гэсэн үг. Монголд эдгээр газрууд бий.
В.Ганзориг: Эдгээрийг хөрөнгө оруулалтын сангууд ажиллуулдаг уу?
А.Анар: Үгүй. Тусдаа өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг. Экосистемийн бие даасан оролцогч болж явдаг.
А.Азбаяр: Бид экосистемийг дэмжсэн 6 төсөл хэрэгжүүлж байна. Манайх Delaware-т бүртгэлтэй Америкийн хөрөнгө оруулалтын сан. Энэ сангаас гадна Монгол дахь компаниараа дамжуулан 4 жилийн өмнө бид “Founder Institute” гээд эрт үеийн спарт апуудыг дэмждэг дэлхийн номер нэг акселератор хөтөлбөрийг Монголд оруулж ирсэн. Энэ хөтөлбөр дэлхийн 100 гаруй оронд хэрэгждэг бөгөөд төгссөн компаниудын үнэлгээ 35 тэрбум ам.долларт хүрсэн. Дэлхий даяар 25 мянган ментортой. Тэр дунд нь Элон Маск байдаг. Старт апаа эхлүүлэх гээд дөнгөж санаагаа бариад явж буй залуусыг 14 долоо хоногийн дотор бараг MBA хөтөлбөрийг шахаж өгдөг гэсэн үг. Компанийн эрхэм зорилгоо тодорхойлохоос эхлүүлээд харилцагчийн хөгжүүлэлт зэрэг бүх ажлыг хийж гүйцэтгэнэ. Долоо хоногийн дотор 200 боломжит харилцагчтай холбогдож санаагаа зарах гэрийн даалгавар өгдөг. Ингэж явж байгаад 7 дахь 7 хоног дээрээ компаниа үүсгэн байгуулж бүртгүүлдэг. 14 долоо хоногийн дараа буюу хөтөлбөрөө төгсөх үед тухайн бизнест хөрөнгө оруулахад бэлэн старт ап төрсөн байдаг.
Одоогийн байдлаар бид дотоодын 60 гаруй компанийн захирал, хөрөнгө оруулагч, бизнесийн эксперт болон эздийг оруулсан ментор клуб, бизнесийн сүлжээг үүсгэн байгуулаад байна. Спарт ап компанийн өндөр өсөлтийг амжилттай хадгалж явах амар биш. Үүнийг нь зөв удирдах, харилцагч эсвэл түншийг нь олж өгөх, хөрөнгө оруулалт татах зэргээр бизнесийг үүсгэн байгуулагчдад туслах зэрэг ажлыг цогцоор нь хийж байгаа хөтөлбөрийг акселератор гэдэг.
Үүний дараа Angel хөрөнгө оруулагчдын клуб гэж байдаг. Анхны хөрөнгө оруулалтыг өгөх хүмүүс гэсэн үг. Тухайн компани зах зээл дээр тодорхой хэмжээний байр суурь эзлээд эхэлмэгц дараагийн шат руу гарахад нь зориулсан MONJA гээд ЖАЙКА-гийн хурдасгуур хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн менторууд арай өөр. Тухайн компани бизнесээ гадагшаа тэлэх зорилготой байдаг тул энэ шатны ментор, хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд гадаадын экспертүүдээс бүрддэг. Бид энэ хөтөлбөр дээрээ одоогоор 40 гаруй гадны мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдыг цуглуулаад байна. Старт ап чалленжэд түрүүлсэн, эхний 3-т орсон компаниудыг энэ хөтөлбөрөө оруулдаг. Инкубатор гэхээр IT Park шиг ажил хийх нөхцлийг нь бүрдүүлж оффисоор хангах буюу дэд бүтэц тал дээр нь тусалдаг бол акселератор хөтөлбөрийн агуулга буюу контент нь чухал байдаг.
В.Ганзориг: Энэ бүх хөтөлбөрүүд үнэ төлбөртэй байдаг уу? Дөнгөж бүрэлдэж бий болж буй старт ап компаниудад ийм санхүүгийн боломж байдаг юм уу?
А.Азбаяр: Зарим нь төлбөртэй байдаг. “Founder Institute” дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Сингапурт жишээ нь энэ хөтөлбөрүүд үнэгүй байдаг. Зардлыг нь хөрөнгө оруулалтын сангууд гаргадаг гэсэн үг. Гэтэл урт хугацаандаа энэ схем старт апуудыг залхуу болгох хандлага харагддаг. Эсрэгээр яг хажууд нь буй хөрш Индонези улс шал өөр буюу энэ хөтөлбөрт хамрагдахын тулд 1200 ам.доллар төлдөг. Яагаад гэвэл энэ хөтөлбөрийн менторууд нь хөрөнгө оруулах сангийн төлөөлөгчид өөрсдөө байдаг. Бидний хувьд 400 ам.долларын төлбөртэй. Гэхдээ багаараа орж ирвэл 2 дахь нь 50%, 3 дахь нь 75% гээд хямдраад явдаг. Мөн эрт бүртгүүлбэл 50%-ийн хөнгөлөлт үзүүлдэг. 14 долоо хоногийн дотор бараг л бизнесийн удирдлагын мастерийн зэргийн хөтөлбөр дүүргэхээс гадна бизнес, экосистемийн сүлжээнд нэвтэрдэг. Мөн хөтөлбөрөө төгсөхдөө өөрийнхөө компаниа байгуулж, хөрөнгө оруулагчтай холбогдож дуусдаг тул энэ хэмжээний төлбөр асуудал биш. Энэ хөтөлбөрийг дүүргэж чадахгүй бол уг хөтөлбөрөөс гаръя, бууж өгье гэсэн товч өдөр бүр дарахад бэлэн компьютерийн дэлгэц дээр нь байж байдаг.
Ж.Золзаяа: Мэдээллийн технологийн үндэсний парк 2002 оноос хойш буюу 22 жилийн турш инкубаторын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 450 гаруй бизнес бойжиж, 156 нь амжилттай төгссөн. Энэ дунд Датакомын Энхбат, Анар шарк, Бизнетворкоор гарч ирсэн Баярсайхан гээд хүмүүс байдаг. Мэдээллийн технологийн чиглэлээр яваа хүмүүс ямар нэг байдлаар манай парктай холбоотой түүхэн холбоос байдаг юм билээ. Манай инкубатор хөтөлбөр старт апуудыг 2 жилийн хугацаанд бойжуулаад 6 сар тутам үнэлж шалгаад тэнцээгүйг нь гаргадаг. Амжилттай яваанууд нь үргэлжлээд манай ахисан түвшний инкубатор хөтөлбөрт хамрагддаг. Оффисын хөнгөлөлтийг 80% хүртэл үзүүлдэг. Дотроо оюутнууд болон эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан инкубатор хөтөлбөрүүд ч бий. Шалгуур үзүүлэлтээ хангаж чадахгүй, явцын үнэлгээний үеэр хангалттай дүн авч чадахгүйгээс болж нийт оролцогчдын 1/3 нь унаж, хөтөлбөрөөс хасагддаг.
Мэдээллийн технологийн старт апуупын дөнгөж 10%-ийг л бид өөрсөд дээрээ бойжуулж чадаж байна. Хүртээмж талаасаа маш хангалтгүй байгаа гэсэн үг. Иймээс 5 жилийн өмнөөс бид хууль эрх зүйн орчныг бүрдүүлье, энэ чиглэлийн яамтай болъё, өндөр технологийг хөгжүүлэх төрийн бодлого гаргая гэж ярьж явж эхэлсэн. Үр дүнд нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” 2024 оны 6 сарын 5-нд батлагдсан. Энэ хуулиар технологи үйлдвэрлэж буй бизнесүүдэд татварын болон татварын бус хөнгөлөлт эдлүүлэх юм. Одоо НДШ, ХАОАТ, НӨАТ-ын буцаан олголт, хөнгөлөлт, чөлөөлөлт, 8 төрлийн татварын бус хөнгөлөлттэй холбоотой журмууд боловсруулагдаж байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн төсөл дээр 60%-ийн санхүүжилтээ өөрсдөө хийсэн бол үлдсэн 40%-ийг улсаас санхүүжүүлэх боломжтой болж байгаа. Нэмээд зээлийн батлан даалтын сан шалгуур хангасан бизнес дээр зээл авах үед нь батлан даалт гаргах боломжтой болсон.
Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Виртуал бүс үүсгэж байна. Энэ бүсээр дамжуулан нийт компаниуддаа боломж олгож, шалгуур хангаж байвал дээр дурдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжтой болох юм. Энэ виртуал бүсийг удирдах ажлын алба нь Мэдээллийн технологийн үндэсний парк байна гээд хуулинд зааж өгсөн. Анх удаа манай байгууллага чиг үүргээ хуулиар тодорхойлуулж чадсан. Дээрх бүх ажил, журмуудыг 2025 оны 3 сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулж эцэслэхээр ажиллаж байна. Энэ ажил хэрэгжвэл манай мэдээллийн технологийн салбарын дата нэгдсэн байдлаар цуглаж нэгтгэгдэнэ. Энэ нь ирээдүйд гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах үндсэн өгөгдөл болно гэсэн үг. Бид дэлхийн 30 гаруй улсын шинжлэх ухаан болон мэдээллийн технологийн паркуудыг судалж үзсэн. Манай МТҮП дэлхийд байхгүй бүтэцтэй. Тэр нь бидний статус төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж явдаг. Цаашид бид олон улсын жишиг парк болж өөрчлөгдөх ёстой. Одоо явж буй түрээс суурьтай орлогын загварыг болих ёстой. Төрийн байгууллага учраас цалин бага гээд чадварлаг хүмүүс манай дээр ирдэггүй гээд ярьвал зовлон бас бий. Хувийн хэвшил маань биднийг маш сайн дэмжиж ажилладаг учраас энэ хүртэл хамтдаа явж байна.
А.Азбаяр: Эндээс нэг зүйл анзаарвал мэдээллийн технологийг дэмжсэн автобус нь хурдтай хөдлөөд явчихлаа. Гэтэл бусад салбар нь ард нь үлдээд хоцрох нь. Зөвхөн мэдээллийн технологи гэлгүй бүх салбараа жигд дэмжээд явмаар байна. Жишээ нь, монгол инженер залуу хонины ноосоор агаар шүүгчийн материал хийгээд, цоо шинэ материал хөгжүүлээд явж байна. Бас нэг бүсгүй үхрийн аргалаар цаас үйлдвэрлээд эхэлж байна. Цаашаа хувцасны материал болгоод хөгжүүлэх боломжтой юм билээ. Энэ мэтээр хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг бусад салбаруудаас гоё шийдлүүд гарч ирнэ. Мэдээллийн технологийн компаниуд сайхан хуультай болж, виртуал бүсээр дамжуулан янз бүрийн татварын болон татварын бус хөнгөлөлт, чөлөөлөлт авах нь ээ. Энэ бүх боломжийг бүх салбарын старт апуудад олгомоор байна.
В.Ганзориг: Одоо байгаа боломжуудыг тултал ашиглаад хамгийн амжилттай яваа монгол старт ап компанийг нэрлээч гэвэл та бүхэн аль компанийг хэлэх вэ?
А.Анар: Монголоос амжилттай яваа старт ап гэхээр шууд толгойд орохгүй байна. Учир нь би энэ амжилтыг “Юникорн” компаниар хэмжихийг хүсдэг. Монголынхоо хил, газарзүйн бүсээр өөрсдийгөө хязгаарлаж сэтгэж ажилладаг нь манай старт апуупын хамгийн том асуудал байдаг. Өөрсдийн санаа төдийгүй орлогоо монголоор хязгаарладаг. Ийм бизнест гадны сангууд хөрөнгө оруулдаггүй. Иймээс монголын 3 сая биш, дэлхийн 8 тэрбумд хүнд зориулсан шийдэл дээр ажиллах хэрэгтэй. Энэ замнал руу явж байгаа компани гэвэл сая Старт ап чалленж уралдаанд орж түрүүлээд Америк явсан багийг хэлмээр байна. Технологио эзэмшиж өөрсдөө эхнээс нь хийж өрсөлдөх давуу талаа болгож чадсан бид нарын мэдэхгүй хоёр, гурван компаниуд бас бий.
Хөрөнгө оруулалт дээр гадаад, дотоод хамаа байдаггүй. Учир нь мөнгө бол мөнгө. Бизнест мөнгийг хэн сайн өсгөж, өндөр өгөөжтэй удирдах вэ л гэж ярьдаг. Хэрэв Монголд хөрөнгө оруулалтын орчин, таатай нөхцөл бүрдэхгүй бол мөнгө гадагшаа л гарна. Монголын хөрөнгө оруулагчид аль хэдийн гадагшаа гараад хөрөнгөө удирдаад эхэлсэн. Хамгийн наад зах нь компаниудыг IPO хийхээс нь өмнө урьдач хөрөнгө оруулалт хийх жишээний. Эсвэл гадны венчур сангуудад хөрөнгө оруулах гэх мэт. Монгол хөрөнгө оруулагчид ч гэсэн дэлхийн хэмжээний төсөл рүү хөрөнгө оруулах сонирхолтой болсон.
З.Цолмонбаяр: Амжилттай жишээ гэвэл би QPay-г дурдмаар байна. Зөвхөн бэлэн мөнгө эсвэл картаар хийдэг байсан төлбөр тооцоог QR уншуулж хийдэг данс суурьтай төлбөрийн системийг Монголд нэвтрүүлж, энэ салбарт өөрчлөлт хийж, апп хооронд шилжүүлэг хийдэг болсон. Ноднин жил IPO хийх үеэр энэ компани 40 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Lendmn мөн скоринг системийг апп дээрээ суулгаж өгснөөр цоо шинэ өөрчлөлт хийж чадсан. Тэр үед бид банкинд зээл авах хүсэлтээ өгөөд хэд хоног хүлээдэг байсныг энэ апп гарч ирснээр шууд хийдэг болсон. Одоо бүх ББСБ-ууд скорингийг апп дотроо хийдэг болжээ. Мөн энэ компани олон улсад гарч чадсан.
А.Анар: Энэ жишээнүүд бүгд Монголд дотроо л асуудлыг шийдсэн шийдлүүд юм. Энэ бүх технологи өмнө нь гадаадад бүгд байсан. QPay-г Хятадууд WeChat-аараа дамжуулан аль дээрээс хийгээд эхэлсэн байсан. Скоринг систем олон улсад аль дээр гараад тэрнээс болоод асуудлууд ч үүссэн. Скоринг системийг янзлахгүй бол нэг бол хүмүүсийг амьдралаар нь ядуу эсвэл баян байлгах боломжтой гээд маргаан хүртэл өрнөж байв.
А.Азбаяр: Монголоос хамгийн амжилттай яваа старт ап бол Анд Глобал компани. Яагаад гэвэл тэд яг одоо олон улсаас Series B шатны хөрөнгө оруулалтаа босгож байна. Энэ компанийн үнэлгээ нэлээд олон зуун сая ам.долларт хүрсэн гэсэн үг. Олон улсын венчур сан болон корпорэйт сангуудаас амжилттай хөрөнгө оруулалт татаж чадсан, Монголоос тэр түвшинд хүрсэн цорын ганц компани. Юникорн руу энэ компани л манайхаас хамгийн ихээр дөхөж байгаа болов уу. QPay-ийг амжилтыг юугаар хэмжих ёстой вэ? Хувьцааны үнэ нь ямар байгаа вэ? Монголд IPO хийсэн компаниудын амжилт монголоороо л дуусдаг. Гадагшаа гараад Нью Йорк, Лондон, НАСДАК, Хонг Конг, Сингапурын хөрөнгийн бирж дээр гарвал энэ жинхэнэ амжилт болно.
Монголд хөрөнгө оруулагчдын боловсролын түвшин ба капиталын хэмжээ гэсэн асуудлууд бий. Старт апууд энд тэнд өмнө нь гарсан шийдлүүдийг хийж болно. Гэхдээ яаж өмнөх хувилбараас нь илүү сайн хийж, тэднийг хажуугаар нь хурдан гүйцэж түрүүлж зах зээлийг нь эзлэх вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, старт ап гэхээр заавал өмнө нь хаана ч байгаагүй санаа, технологийг гаргаж ирэх албагүй. Өөр байдлаар хөгжүүлж, өөр стратеги хэрэгжүүлэн амжилт олох боломжтой.
В.Ганзориг: Одоо бүгдээрээ гарааны бизнесийн хөрөнгө оруулагчдын талаар ярилцъя.
А.Анар: Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Энэ салбарын үржвэр маш өндөр байдаг. Үүнийг бусад салбартай харьцуулахаар өгөөж, эрсдлийн түвшин өөрөөр яригддаг. Хүн мэддэг, сонирхдог зүйлдээ л хөрөнгө оруулдаг. Энэ утгаараа монгол хөрөнгө оруулагчид урт биш богино хугацааг харсан наймааны төрлийн ашиг хайгаад байдаг. Удаан барих тусам эрсдэл үүсдэг бараа үнэ цэнгүй байдаг. Angel, Seed, Series A, B, C, D, IPO гээд гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын төрөл бүхэн онцлогтой буюу хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх түвшнээрээ ялгагддаг. Жишээ нь, Энжел хөрөнгө оруулагчдын ордог эрсдлийн түвшинд манайх хөрөнгө оруулахгүй. Ер нь Series А-гаас хойших төрлийн хөрөнгө оруулагч Монголд тун хэцүү байдаг. Энэ орон зайд хүмүүс бага байна. Энжел хөрөнгө оруулагчид ч гэсэн Монголд тоотой хэдхэн бий.
А.Азбаяр: Бид венчур сангаа байгуулаад удаагүй. Хөрөнгө босгоод хэдхэн старт ап компанид оруулаад явж байна. Мөн энжел хөрөнгө оруулагчдаа сургах гээд үзэж байна. Монголд байр нь алдагдсан. Seed хөрөнгө оруулалтын түвшинд очсон старт ап компаниудаа хүртэл бид энжел хөрөнгө оруулагчид танилцуулаад явдаг. Ийм байдлаар сонирхлыг өдөөж, старт ап руу хөрөнгө оруулбал хамгийн багадаа 3-5 жилийн дараа гарах боломжтой, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж мөнгөө хийвэл 7-12 жил хүлээх ёстой урт хугацааны хөрөнгө оруулалт юм байна гэдэг мэдлэг, мэдээллийг өгөхийг хичээж явна.
Яг одоогийн байдлаар манай Angel Investors клуб дээр 84 хүн бүртгэлтэй байна. Хувь хөрөнгө оруулагчдаас гадна компаниудыг төлөөлж орж ирсэн хүмүүс ч бий. Энэ дунд Монголд бизнес хийгээд үзсэн, амжилттай хөрөнгө оруулж өгөөж хүртэж байсан гадны экспатууд ч байгаа. Хөрөнгө оруулъя гэсэн хүн бүрийг бид элсүүлэх сонирхолтой. Венчур сангийнхаа хувиар уулзсан гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаа тоолбол 400 давна. Хэрэв бид Цахиурын хөндийд яг адилхан ажил хийсэн бол аль хэдийн манай сан бүрдээд багц боссон байх байв. Монголд венчур сангийн хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас бид дэлхийд энэ тал дээрээ хамгийн таатай орчин болох Америкт сангаа бүртгүүлсэн. Хөрөнгө оруулагчид Монгол гэдэг нэрнээс айдаг.
Ж.Золзаяа: Аль аль талдаа асуудал байдаг. Боломж олгож байхад ашиглахгүй, араасаа хөөцөлдүүлээд явдаг, чиний хэлдгээр эрхээрээ хатсан, сурч хөгжихийг хүсдэггүй, дэлхийн зах зээл рүү гарахыг тэмүүлдэгггүй “өлсгөлөн” биш старт апууд ч байдаг. Нөгөө талдаа алсыг харж буй спарт апууд мөнгөтэй хүн бүртэй хамтран ажиллахаа больсон. Учир нь залуус мөнгөнөөс илүү хөрөнгө оруулагчдын үнэ цэн, стратеги, урт хугацааны түншлэлийг чухалчилдаг болсон. Үзэл санаа, үнэ цэн нийцэхгүй бол их мөнгөний өөдөөс үгүй гэж хэлж чаддаг болсон.
Урьд нь старт апууд хэдэн мянгаараа байгуулагдаж том хөөс манайд үүссэн. Одоо л тогтож байна. Өнөөдрийн байдлаар нэмж старт апууд маш багаар төрж байна. Энэ хэрээр чанаржиж, үлдэж чадсан компаниуд маань хөрөнгө оруулагчидтай хэрхэн харьцахаа ойлгож эхэлсэн. Гүнд, Тесо, Эм Си Эс, Зайсан партнерс гээд гарын 5 хуруунд багтах гарааны бизнест хөрөнгө оруулагчид Монголд бий. Харин одоо бидний өмнө нийт хөрөнгө оруулагчдад гарааны бизнесийн соёл, мэдлэгийг түгээх цаг ирээд байна. Гадуур мөнгөтэй атлаа юунд хөрөнгө оруулахаа мэдэхгүй хэсэг бүлэг хүн, газрууд байна. Хууль эрх зүйн орчин байхгүй гэж сая хэлсэн. Тэгвэл яг одоо “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” нөгөө талд ид хэлэлцэгдэн, тун удахгүй УИХ-аар батлуулахаар ажлын хэсэг нь ажиллаж байна.
А.Анар: Монголд орчин нөхцөл ийм байгаа учраас бид компаниа Сингапурт байгуулсан.
В.Ганзориг: Бидний яриа Венчур капитал сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани руу орж байна. Венчур хөрөнгө оруулалт болон энэ төрлийн сан гэж яг юу гэдгийг маш энгийнээр тайлбарлаж өгнө үү. Монгол ийм сан хэд байна вэ? Аль хамгийн их хөрөнгө оруулалтыг хийгээд байна?
А.Азбаяр: VC гэдэг нь Венчур капитал гэдэг үгсийн товчлол юм. Хөрөнгө оруулалтын сангуудыг эрсдэл даах чадвараар нь ангилдаг. Хамгийн эрсдэлтэй буюу ирээдүйд өндөр өгөөжтэй байж болох эрт үеийн салбар, компаниудад хөрөнгө оруулдаг санг Венчур сан (VC) гэдэг. Манайд энэ төрлийн гэхээс илүү корпорэйт венчур сангууд (CVC) байдаг. Энэ нь өөрийн группын бизнест тохирох старт ап компаниудыг түүж аваад тэдгээр тохирсон хөрөнгө оруулалтыг л хийдэг гэсэн үг. Ийм төрлийн сангаас хөрөнгө оруулалт авч буй компаниудад сайн бас муу тал үүсдэг. Дэлхийн зах зээл рүү гарна гэдэг мөрөөдөл, зорилготой старт апийн хувьд корпорэйт сан биш венчур сангаас хөрөнгө оруулалт авах нь зөв болно. Венчур сангийхан дараа дараагийн хөрөнгө оруулагчидтай холбож, олон улсын зах зээл руу тухайн старт апийг хөтөлж гардаг.
Бид сая старт ап чалленжид түрүүлсэн компаниа Сан Франциско руу Цахиурын хөндийд аваачин, хөрөнгө оруулагчидтай уулзуулж, олон улсын өрсөлдөөний тавцан дээр гаргасан. Харин корпорэйт венчур сангууд тухайн старт ап компанийн хувьцааг аль болох их хувийг нь худалдаж авахыг хичээдэг. Энэ хэрээр үйл ажиллагаанд нь шууд оролцож, удирдлагын шийдвэр гаргалтанд нөлөөлж эхэлдэг. Венчур сан тухайн компанийн багахан хувийг авахаас гадна үйл ажиллагаанд нь тэр бол оролцолгүй шууд бусаар тусалж дэмжин явдгаараа ялгаатай. PE буюу Private Equity сангууд илүү уламжлалт бизнес рүү л хөрөнгө оруулдаг.
Манайх Америкт бүртгэлтэй венчур сан болохоор хуулийнх нь дагуу сангийн бүр нарийн мэдээллээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих нь хязгаарлалттай байдаг юм билээ. Америкийн хуулиар General solicitation гэж ойлголт бий. Эрсдэл өндөр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бид санал болгодог учраас нийтэд шууд сурталчлах нь хязгаарлалттай байдаг. Бид тодорхой хэмжээний мөнгө босгоод яг одоогийн байдлаар 3 старт апад хөрөнгө оруулаад, энэ гурвийгаа хэрхэн дэмжиж, яаж олон улсад гаргах вэ гээд ажиллаж байна.
А.Анар: Хөрөнгө оруулалт, венчур болон корпорэйт сангаас гадна Family office буюу Гэр бүлийн хөрөнгийн удирдлага гэж байдаг. Үүний нэг жишээ нь Гүнд Инвестмент юм. Энэ байгууллага Сократус гээд старт апийг дэмждэг компанид хөрөнгө оруулсан. Манайх буюу хөрөнгө оруулалтын менежментийн компани энэ сангийн хөрөнгийг удирддаг. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийг цуглуулаад тэр хүмүүсийн эрх ашгийг нэг санд төвлөрүүлдэг. Бид удахгүй Сингапурт уул уурхайн технологийн сан байгуулах гэж байна. Монгол уул уурхайн улс. Тиймээс уул уурхайн шилдэг технологи руу өөрсдөө хөрөнгө оруулж, тэнд нь очиж суралцах ёстой. Түүнийгээ эргээд монголынхоо хөрсөндөө нутагшуулах хэрэгтэй байна. Уул уурхай гэхээр л Австрали, Канад гэж хүн бүр ярьдаг бол Монголыгоо энэ түвшинд аваачих нь бидний зорилго юм.
Манайд хөрөнгө оруулагч сангийн нэгж эрх эзэмшигч болно. Нэгж эрх гэдэг нь компанийн хувьцаа эзэмшигч болж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт хийгдээд дуусахаар өгөөжөө хувь хэмжээнийхээ дагуу хувааж авдаг. Манай менежментийн компани энэ санд үйлчилгээгээ үзүүлдэг. Энэ санд манайх шиг хөрөнгө оруулалтын менежементийн ямар ч компани үйлчилгээ үзүүлж болно. Монголд яг ийм буюу манайх шиг компани одоогоор байхгүй. Хаалттай сангууд байж магадгүй. Ийм сангуудын мэдээлэл хаалттай байдаг учраас мэдэхгүй байна.
В.Ганзориг: Сүүлийн 3 жилийн турш Зүүн Өмнөд Ази, Хятад, Америкийн 100 гаруй венчур хөрөнгө оруулалтын сангуудтай уулзсан нэгэн залуу дараах зүйлийг хэлсэн байсан. Зүүн Өмнөд Азийн улсууд БИЗНЕС ЗАГВАР, Хятад ТЕХНОЛОГИ, Цахиурын хөндий ИННОВАЦ гэдэг зүйлсийг онцолж хөрөнгө оруулж, мөнгө босгож, старт ап компаниудыг дэмжин тэтгэж, хамтран ажиллаж, экосистемээ бүрдүүлж байна гээд. Манай Монголын хувьд энэ экосистемийг нэгтгэж буй зүйл нь юу вэ, юу байх ёстой вэ?
А.Азбаяр: Баялаг удирдах мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зөвлөгөө (Wealth management service) өгдөг байгууллага болон түүний хууль эрх зүйн орчин Монголд хараахан бүрдээгүй. IPO, бондоор энэ зах зээл хязгаарлагдах ёсгүй. Гадаадын баялгийн менежментийн компаниуд Монголд сэмээрхэн орж ирээд харилцагч аваад эхэлсэн. Энэ зах зээлээ бид өөрсдөө алдаад байна. Бид уулзаж явдаг хөрөнгө оруулагчиддаа байнга захиж хэлдэг. Венчур сан бол эрсдэл маш өндөр шүү. Иймээс нийт баялгийнхаа 3-5 хувиар л хөрөнгө оруулалт хийгээрэй гээд. Ийм маягаар баялгийн удирдлагын зөвлөх үйлчилгээ өгдөг салбар Монголд хөгжих хэрэгтэй байна. Family office буюу гэр бүлийн хөрөнгийн сан энэ байгууллагын үйлчлүүлэгчид байдаг. Монголд ийм сангууд бий. Зарим нь өөрсдийгөө ийм гэдгээ мэдэхгүй яваа. Мөн хөрөнгөө маш буруу зүйлд оруулж, эрсдэлтэй бизнест баялгаа 100% хийгээд явдаг.
Fund of funds буюу Сангуудын сан гэдэг ойлголт байдаг. Үүнийг Монголд байгуулах цаг болсон. Саяхан бид Үндэсний баялгийн сангийн (Sovereign Wealth Management Fund) тухай хуулиа баталсан. Дампуурах шахсан тэтгэвэрийн сан тэнд бас байна. Зарим их, дээд сургуулиуд урд нь гарч алхаад өөрсдийн Endowment Fund-аа байгуулаад эхэллээ. Эдгээр сангууд тодорхой зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан хэдий ч хажуугаар нь ашгийн төлөө хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Манайд одоо байгаа сангуудын ихэнх нь мөнгөө банкинд хадгалуулдаг, эсвэл бусдад хандив тусламж өгдөг. Зүй нь сангуудын санг байгуулж, мэргэжлийн менежерүүдээр удирдуулж тэндээсээ венчур сан болон бусад төрлийн хөрөнгө оруулалтын сангууд руу хөрөнгө оруулж удирдах замаар старт апуудын экосистемийг дэмжих ёстой.
Бид өөрсдийн венчур сангаа үүсгэн байгуулах гээд явж байхдаа венчур сангийн домог гэж яригддаг Paul Bragiel гээд дэлхийн даяар 30 гаруй венчур сан үүсгэн байгуулсан хүн Монголд 2014 оноос хойш хэд хэд ирж сан байгуулахаар судалж байсныг мэдсэн. Монголд хангалттай хөрөнгө оруулалт байхгүй учраас старт апуупын үнэлгээ нь маш хямдхан байна. Цэвэр хөрөнгө оруулагчийн хувиар олон улсад гарах боломжтой монголын спарт апуудад хөрөнгө оруулж багахан хувийг нь аваад олон улсад гараад олон Х өсөлт хийх үед өндөр ашиг хүртээд гарах боломжтой гэж харжээ. Гэвч Монголд ирээд энэ төрлийн хөрөнгө оруулагчид нь бэлэн биш байна гээд буцсан түүхтэй. Биднийг сонсоод амжилт хүсье гээд өнгөрсөн.
Ж.Золзаяа: Хөрөнгө оруулагчдад энэ төрлийн хөрөнгө оруулах соёлыг түгээх цаг ирсэн. Энэ ажлыг та бид хамтдаа хийх ёстой. Динамик, залуу, цөөхөн хүн ам, шинэ содон зүйлд дуртай хандлага биднийг бүс нутгийн гарааны бизнесийн төв болгох боломжтой. Учир нь маш бага зардалтайгаар, бусад улстай харьцуулбал татварын бага орчинд бүтээгдэхүүнээ Монголд гаргаж туршаад, дэлхийн зах зээлд руу гардаг старт ап, энтрепренершип, хөрөнгө оруулалтын сангуудыг холбодог гүүр нь Монгол байж болно.
А.Анар: Монгол хөрөнгө оруулагчид венчур сан дээр шалгуур тавих болоогүй гэж бодож байна. Үүнийг нь буруутгах аргагүй. Яагаад гэвэл сүүлийн 20 жилийн турш энэ хүмүүс өөрсдийн хөрөнгөө хуримтлуулахын төлөө ажиллаж, одоо хийж байгаа мэддэг бизнестээ хамаг ухаанаа зарж ирсэн. Манай хөрөнгийн зах зээл компанийн бонд гэдэг зүйлийг одоо л ойлгож эхэлж байна. Эрсдэл талаас нь харвал Засгийн газрын бонд, банкны хадгаламж, компанийн бонд, хувьцаа, тэгээд хамгийн сүүлд нь венчур хөрөнгө оруулалтын сан гэж эрэмблэгддэг. Гэтэл Монголд компанийн бонд л дөнгөж одооноос газар авч нутагшиж эхэлж байна шүү дээ.
Гэхдээ манай монгол хөрөнгө оруулагчдын эрсдэл даах чадвар маш өндөр байдаг. Яагаад гэвэл дийлэнх нь бизнесээ ганзагын наймаа, уул уурхай, эсвэл бүр хоосноос эхлүүлсэн байдаг. 10 компанид хөрөнгө оруулахад 8 нь унаад, 2 нь маш амжилттай явдаг юм байна гэдэг логик толгойд нь орсон байдаг. Энэ ойлголтоо венчур хөрөнгө оруулалт руу хөрвүүлэхэд л болно. Ер нь маш төстэй гэсэн үг. Төслүүдээ эрсдлийн түвшингээр нь хувааж байгаад хөрөнгөө 20-50 компанид тарааж байршуулдаг. Энэ бодлогыг манай хөрөнгө оруулагчид улам сайн ойлгоосой гэж хүсдэг.
З.Цолмонбаяр: Манайх олон монгол хөрөнгө оруулагчтай уулзаж байсан. Эрхэм зорилго, бизнес загвар, стратеги гэхээс илүү компани чинь хэд вэ л гэж асуухаас гадна бизнесийг аль болох хямд үнэлэх сонирхолтой байдаг. Хувьцааны 10%-ийг авчихаад бүх шийдвэрт оролцох гэж дайрдаг, компанийн нэрээр элдэв тендерт орохыг шахдаг. Манайд Японоос хөрөнгө оруулж байгаа. Энэ хөрөнгө оруулагчид биднээс үнэ огт асуугаагүй. Хүсч, зорьж, мөрөөдөж байгаа зүйл рүүгээ тэмүүлж ажиллах бүх эрх чөлөөг өгч, биднийг ямар ч стрессгүй болгож өгсөн. Монгол хөрөнгө оруулагчид ийм байдаггүй.
Гарааны бизнес гэхээр голцуу хөрөнгө оруулагчид, улстөрчид суугаад ярьдаг. Яг бизнес эхлүүлсэн, хийж буй хүмүүс нь ярьдаггүй. Иймээс өөрсдөө дуугарч, асуудлаа шийддэг байя гээд “Founders Club”-ийг үүсгэн байгуулсан. Techstars-ийг үүсгэн байгуулагч Brad Feld америкийн Boulder гээд хотыг нэг хүнд ногдох старт ап компаниудын тоогоор Америкийн дунджаас 6, Цахиурын хөндийгөөс 2 дахин их болгож чадсан. Нууц нь экосистемийн төвд Founders буюу бизнесийг үүсгэн байгуулагч нарыг байлгасан. Хэн их мөнгөтэй, эсвэл улстөрчид энэ экосистемийг манлайлах учиргүй гэж хэлсэн. Дэлхийн дунджаар ЖДБ нийт аж ахуйн нэгжүүдийн 97-99 хувийг бүрдүүлж, ДНБ-нд оруулж буй хувь нэмэр нь 40%-тай байдаг. Гэтэл Монголд ЖДБ-ийн ДНБ-нд оруулж буй энэ хувь дөнгөж 5% байдаг. Асар том зөрүү байгаа биз? Яагаад Монголд бизнесийн бүтээмж бага байдаг юм бэ, яагаад нэг хүнтэй компанитай удаан яваад байдаг юм, яагаад ажлын байраа нэмэгдүүлж, олон хүн ажиллуулах тусам энэ нь бизнесийн дарамт болоод байгаа юм бэ?
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНГОСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!
Бизнесийн хамгийн сайн шийдэл бол Deregulation буюу зохицуулалт, дүрэм, журмыг багасгах, шаардлагагүйг нь байхгүй болгох гэж би хэлнэ. Гаднаас хөрөнгө оруулалт авч ирж байхад заавал хугацаа зааж бүртгүүлэх ёстой гээд торгодог байж болохгүй. Зүүн Өмнөд Азид хамгийн өндөр өсөлт үзүүлж буй Малайз, Индонези, Филиппин улсуудын өсөлт үзүүлсэн хамгийн өндөр цэг нь бизнес хийх орчныг нь сайжруулсан үед гарсан. Төрийн оролцоог багасгахад бизнес, эдийн засгийн боломжууд цэцэглэдэг. Our local problem is global business гэж Цахиурын хөндийд ярьдаг юм билээ. Жишээ нь, та нар биллинг үйлчилгээг Монголд хийж байгаа бол Хонг Конг, Казакстанд хийж чадна шүү дээ гээд урагш нь түлхдэг. Энэ хандлагыг өдөөж дэмжиж ажилладаг ийм соёл Монголд үнэхээр дутагдаж байна. Эсрэгээр хавчин дардаг. Үүнийгээ өөрчилж чадвал гарааны бизнесийн хамгийн том шийдэл болно.
А.Азбаяр: Старт апуудад хөрөнгө оруулахыг сонирхдог хүмүүст зориулсан тусгай сургалтын хөтөлбөрийг Монголынхоо их, дээд сургуулиудтай хамтран гаргах ёстой гэж нэмж хэлмээр байна. Бид Санхүү эдийн засгийн их сургуультай энэ талаар яриад эхэлсэн.