Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн 384 жилийн ой тохиов. Энэ өдөр хотын дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах өөрийн бодлогоо танилцуулжээ. 

Ингэхдээ Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. (Нэг удаа зорчихдоо 27500 төгрөгийн төлбөр төлнө) Төлбөртэй бүсээс 800 метрийн цаана төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, эсвэл, дугуй скүүтерээр явна. 

Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг зогсоож, нийслэлд явж байгаа хуучин автомашинуудыг орон нутаг руу шахна. Шинээр машин худалдаж авахын тулд хуучин машинаа зарах эсвэл устгалд оруулах ёстой гэв. Хамгийн гол нь энэ бүхнийг УИХ-аар хэлэлцүүлж, хууль гаргах юм байна. Хууль төсөл нь энэ долоо хоногт УИХ-д өргөн баригдахаар бэлэн болчихсон юм байна. 

За тэгээд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, 12 тойрог замын холбоос бүхий авто замын сүлжээг бий болгох хөрөнгө оруулалтын зардлыг ирэх оны төсөвт тусгаж, зураг төсвийн ажлыг хийж байгаа гэнэ. Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлнэ. БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах боломж, нөхцөлийг ойрын үед судалж, танилцуулахаар хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар яриа хэлэлцээ хийж байгаа гэв. 

Ингэхэд, хотын даргын ажил аваад сар болоогүй, дээр нь аравхан сарын дараа ажлаа хүлээлгэж өгөх хүн ийм том бодлого дэвшүүлж болдог юм уу? Эсвэл ирэх сонгуулийнхаа пиарыг эхлүүлчихэв үү?

2016 онд МАН засаг авангуутаа “Метро шиг хэрэггүй юм байхгүй. Манайд таарахгүй” гэж хэлээд Э.Бат-Үүлийн бүх төсөл, төлөвлөгөөг зогсоож байсан. Одоо сонгуулийн өмнө гэнэт ухаан орсон нь ямар шалтгаантай вэ? Болж бүтэж байгаа болгоныг зогсоож, гацааж, мартуулж байгаад өөрсдөө шинээр гаргаж ирэх нь МАН-ын ганц бодлого юм уу? Эсвэл зүгээр л ирэх оны төсөвт аль болох их мөнгө суулгаж аваад, сонгуулиар гараа угаах гэсэн санаа юу?

Хотын даргын мэдээлснээр нийслэлд өнөөдөр 720.000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ тоо жилд 50.000-аар нэмэгддэг гэсэн байна. Жилийн 7-хон хувийн өсөлт. Авто замуудаа өргөсгөөд, уулзвар, гарцуудаа зохицуулаад (гүүр, тунель юу байдаг юм) хуучин машинуудаа он заагаад хөдөлгөөнд оролцуулахаа больчихвол ядаад байх юмгүй. Дээр нь, хамгийн гол нь хөгжиж болдоггүй, өндийж өгдөггүй нийтийн тээврийн асуудал. 

Нийслэлд өдөрт бүр 1000 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Үүний 50 хувь нь ашиглалтын хугацаа дууссан гэж хэлээд Засгийн газар 2022-2023 онд 800 автобусаар парк шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн. 2022 он, 2023 оны нэг, хоёрдугаар сард нийт 284 автобус оруулж ирсэн. Нэг бүрийн үнэ нь 302 сая төгрөг. Сүүлд оруулж ирсэн 100 автобус юу болж дууссаныг бид мэднэ. 700 автобус гэрээлээд эхний 100 дээр нь л бүдэрчихсэн. Одоо дахиад шинээр 700 автобусны тендер зарласан, ирэх сард шалгаруулаад, 2024 оны нэг сар гэхэд парк шинэчлэлээ хийчихнэ гэж хотын дарга ярьж байна. Зүгээр л энэ ажлаа жаахан сахилга баттай, хариуцлагатай, хугацаанд нь хийчихэж болдоггүй юм уу. Иргэдээ гудамжинд хөлдөөчихөлгүй, хөр цасан дээр хөрвөөлгөлгүй шиг зам талбайгаа цэвэрлээд өвлийг давах нь хотын даргын ажил биш юм уу?

Өнөөдөр хотод анхны цас орлоо. Хотын даргын хийдэг ажил юу билээ? Хотын замуудаар давс цацна. Анхны цас оронгуут зам дээр хүрзээр давс цацдагаа ядаж болимоор байна аа, 21-р зуун шүү дээ. Цас цэвэрлэгээний хэдэн машинтай болоод ТҮК-ийнхнийхээ ажлыг хөнгөлмөөр байна. Одоо түгжрэл асуудал биш болсоон. Автобуснуудаа хурдан оруулж ирэхгүй бол нийслэлчүүдийн тал нь зам дээр осгоно. Зам дээр явж байгаа машинуудын чинь тал нь хөлдөөд гарахаа болино

2024 онд монголчууд морио солино оо, МАН-тай удаан найзлахгүй ээ. Эрх биш өнгөрсөн хоёр сонгуулийн хугацаанд МАН юу тарьсан, бид юу хурааснаа иргэд мэдэж байгаа. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үгтэй. Арван сарын дараа ажлаа өгөөд явах хүнтэй метроны төсөл яримааргүй байна аа. Хууль энэ тэр гаргах ч хэрэггүй. Тэрнийхээ оронд давсаа олигтойхон цац. Тэгээд ганц  удаа хэлсэндээ хүрээд гэр хорооллынхоо дэнжүүд рүү автобусны шугам тавьчих. Тэгвэл түгжрэл бага ч гэсэн буурч магадгүй. Үлдсэнийг нь дараачийн хүн хийг. Өвөл болж байна, хотын дарга аа! Үүлэн суудлаасаа бууж ирнэ үү! 

inews.mn