В.Ганзориг: Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? Хэр бодитой юм бэ?

Д.Галбадрах: Уур амьсгалын өөрчлөлтөнд итгэгчид ба үл итгэгчид гээд хүмүүс хуваагдсан нь бий. Урт хугацаанд болж буй агаарын хэмийн өөрчлөлт, түүнээс үүдэн гарч буй байгаль болон цаг уурын үзэгдлийг товчхондоо уур амьсгалын өөрчлөлт гэнэ. Жишээ нь, хур тунадас, ган гачиг, үер усны хэмжээ болон давтамж нэмэгдэх үзэгдлүүдийг хэлнэ. Мэдээж байгалийн жам ёсны үзэгдлүүд болж байгаа ч хүмүүс яагаад ингэж их санаа зовоод байна вэ гэвэл хүн өөрөө уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болсон. 

1800-аад оны үеэс эхлэлтэй аж үйлдвэрийн хувьсгалтай зэрэгцэн хүн төрөлхтөн нүүрсийг ихээр хэрэглэж эхэлсэн. Дараа нь дотоод шаталтын хөдөлгүүр гарсантай холбоотой газрын тосыг ашиглаж эхэлсэн. Нүүрс болон газрын тосыг ашиглах явцад агаарт хүлэмжийн хий их хэмжээгээр цацагддаг. Зарим хүмүүс агаарт дэгдсэн хүлэмжийн хий аюулгүй гэж ярьдаг. Тийм биш л дээ. Дэлхий дээр тусч буй нарны цацрагийг буцаж гарахад нь ойлтоос нь бариад үлддэг. Ингэснээр хүлэмж маягийг орчлыг дэлхий дээр үүсгэдэг. Энэ орчил агаарын хэмийг удаан хугацаандаа нэмэгдүүлээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн агаарын дундаж температур 1,2 хэмээр өссөн. Энэ бол цэвэр хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөө юм. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

Монгол Улсын хувьд сүүлийн 50 жилийн хугацаанд агаарын температур 2,25 хэмээр нэмэгдсэн. Үүнээс үүдэн ган, зуд, үер усны давтамж нэмэгдэж байна. Үүнийг харахын тулд хол явах хэрэггүй. Өнгөрсөн жилийн зуд болон Улаанбаатар хотын үерийг бүгд санаж байгаа. Тодорхой хэмжээгээр хотын буруу төлөвлөлттэй холбоотой ч байгалийн гамшгийн хэмжээ болон давтамж нэмэгдсээр байна. Ойр ойрхон хүчтэй аадар бороо орж буй нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Үүнд үл итгэсэн хэвээр байвал цаашид эдийн засагт асар их хэмжээний хохирол учрах төдийгүй хүн төрөлхтний оршихуйн асуудал яригдана. Эдгээртэй холбоотой янз бүрийн тоо баримт, судалгаа бий. 

В.Ганзориг: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн яамтай болсон. Мөн уур амьсгалын тусгай элч ажиллаж байна. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байна вэ?

П.Батхишиг: Уур амьсгалын өөрчлөлт зайлшгүй бөгөөд бодитой асуудал болсон. Үүний эсрэг юу ч хийхгүй явж байгаад 2015 оны Парисын хэлэлцээрээр дэлхийн 190 гаруй улс нэг конвенци дор нэгдсэн. Үүний дагуу хөгжсөн болон хөгжиж буй орнууд бүгд өөрсдийн хувь нэмрээ оруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд хүргэж буй сөрөг нөлөөллийг багасгах, үнэхээр багасгаж чадахгүй бол дасан зохицох арга хэмжээ авахаар тохирсон. Энэ конвенци жил болгон хурлаа хийгээд, үйл ажиллагаагаа дүгнээд явдаг. 

Монгол Улсын Засгийн газар 2009 оноос эхлэн уур амьсгалын тусгай элчийг томилж ажиллуулж байна. Анхны элч Даваадорж доктор байсан бол дараа нь Батжаргал гуай, сүүлд Одбаяр зөвлөх ажиллаж байсан. Иймээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг өчигдөр, өнөөдрөөс анхаарч эхэлж буй асуудал биш юм. Үндэсний тодорхойлсон хувь нэмэр хэмээх үндсэн баримт бичгийг барьж явдаг. Мөн хүлэмжийн хийг 2030 он хүртэл хэрхэн, яаж бууруулах вэ гэдэг Засгийн газрын 2019 оны тогтоолтой төлөвлөгөө бий. Өнөөдөр бид энэ төлөвлөгөөний урьдчилсан тайланг сонссон. 

Уур амьсгалын тусгай элч Засгийн газрын барьж буй бодлогыг илэрхийлэх, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй ажлуудад хувь нэмрээ оруулах, ногоон сангууд, донор орнуудтай хамтран ажиллах үүрэгтэй. Сая бид Бакуд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн хурал, Риад хотод болсон Цөлжилтийн эсрэг тэмцэх конвенцийн хуралд оролцоод ирлээ. Хоёр жил тутам болдог Цөлжилтийн эсрэг хурал 2026 оны 6 сард Улаанбаатар хотод болно. 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй бол юу болох тухай бид ярих нь зүйтэй. Монгол Улсын газар нутгийн 76% цөлжилтөнд ямар нэг байдлаар нэрвэгдсэн. Үүнийг эсрэг ямар нэг зүйл хийхгүй бол, эсвэл хэн нэгнийг хийхийг хүлээвэл тэр бүс нутагт аж амьдралаа залгуулдаг хүмүүс, ан амьтан, байгаль экологи маш хүнд байдалд орно. Бидний өнөөдөр байгаль орчинд зарцуулж буй 1 төгрөг ирээдүйн 30 төгрөгний зардлаас урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Байгаль орчинд зарцуулж буй мөнгөн хөрөнгийг тэгж харах ёстой юм билээ. Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд бага нөлөөтэй атлаа их нөлөөнд байгаа улсад тооцогддог. Том газар нутагтай учраас хариуцах хүрээ өргөн болохоос гадна бидний үйл ажиллагаанаас үүдэлтэй бусад улсуудад учирдаг нөлөө, бусад орноос хамаараад Монголд учирдаг нөлөөллүүд бий. 

В.Ганзориг: Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ногоон эдийн засаг гэж ярьдаг болсон. Ногоон санхүүжилтийг ямар хэлбэрээр хэрхэн босгож байна вэ? Ямар боломж бас сорилтууд тулгарч байна?

С.Батчимэг: Тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг дэлхийн 190 гаруй улс дагаж мөрдөж эхэлсэн тухай сая ярьлаа. Монгол Улс 2014 оноос эхлэн ногоон хөгжлийн бодлого, Алсын хараа 2050 зэрэг бодлогуудаараа тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхээр ажиллаж байна. Эдгээр зорилтуудыг биелүүлэхэд хамгийн чухал зүйл нь санхүүгийн хөшүүрэг байдаг. Энэ чиглэлийн санхүүжилтийг татахаас гадна амжилттай зарцуулах нь маш чухал ажил болж байна. 

Олон улсын санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийг ойролцоогоор 379 ихнаяд ам.доллар гэж үздэг. Үүнээс 30 ихнаяд ам.долларыг 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн чиглэлд зарцуулах дүр зураг ажиглагдаж байна. Монгол Улсын хувьд анх 2014 онд Ногоон хөгжлийн бодлогыг баталснаас хойш олон бодлогын алхмууд хийгдсэний нэг нь 2022 онд Тогтвортой санхүүгийн үндэсний замын зурагтай болсон. Ингэснээр тогтвортой санхүүжилтийн чиглэлд хийх алхмууд илүү тодорхой болсон. Манай санхүүгийн салбарыг банк, ББСБ, хөрөнгийн зах зээл, даатгалын салбар бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд санхүүгийн салбарынхны олон улсаас татсан ногоон санхүүжилтийн нийт хэмжээ 1.2 тэрбум ам.доллар болоод байна. Энэ нь ойролцоогоор 4 ихнаяд төгрөг гэсэн үг. Банкны салбарын хувьд 2024 оны 3 улирлын байдлаар нийт зээлийн багцын 3.4 хувь нь ногоон зээл буюу тогтвортой хөгжилд зарцуулагдсан байна. Үнийн дүнгээрээ 1.2 орчим ихнаяд төгрөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийт татсан эх үүсвэр 4 ихнаяд төгрөгийн 1.2 ихнаяд нь банкны салбарын харилцагчдад зээл хэлбэрээр олгогдсон байна. Банкууд тогтвортой санхүүжилтийн хэмжээгээ 2030 онд гэхэд нийт зээлийн багцын 10%-д хүргэхээр зорьж байгаа. ББСБ-уудын хувьд 126 тэрбум төгрөгийн зээлийг ногоон санхүүжилтын зориулалтаар гаргасан. Энэ нь ББСБ-ын салбарын нийт олгосон зээлийн 2.4%-тай тэнцэнэ. Энэ хувийг ББСБ-ууд 5%-д хүргэхээр зорин ажиллаж байгаа. 

Түүнчлэн энэ чиглэлд дотоодын болон олон улсын хөрөнгийн захаас санхүүжилтийг бид татаж байгаа. Нийтдээ 255 сая ам.долларыг Монгол Улс хөрөнгийн зах зээлээс босгоод байна. Хамгийн сүүлд ХХБ олон улсын зах зээлээс 50 сая ам.долларын санхүүжилт татсан. Үүний 40 сая ам.доллар нь ногоон бонд, 10 сая ам.доллар нь нийгмийн бонд байгаа. 2023 онд Хаан банк олон улсын захаас 60 сая ам.доллар татсан бол дотоодын зах зээлээс 2023 ба 2024 онд 30 сая ам.долларын санхүүжилт татсан. Төрийн банк дотоодын биржийн бус зах зээлээс 10 тэрбум төгрөг босгосон. Эдгээр санхүүгийн байгууллагууд энэ татсан эх үүсвэрээ эргээд харилцагчдаа ногоон санхүүжилтын зорилгоор зарцуулдаг.

Энэ дундаас нэг онцлох төслийг дурдмаар байна. Тэр нь Монголын хөрөнгийн бирж дээр санхүүгийн бус салбараас анхны ногоон бондыг гаргасан. Энэ төсөл дээр манай байгууллага хамтран ажилласан.“Ти Эм Эл Пластик” үйлдвэр буюу хог хаядлын дахин боловсруулалт дээр ногоон бонд гаргаж 15 сая ам.доллар босгож байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд татсан эх үүсвэрээ ногоон төслүүд рүү хэрхэн санхүүжилт хийх вэ гэдэг дээр сайтар анхаарч байгаа. Зорилготойгоо харьцуулахад санхүүжилтын хэмжээ бага байна. Учир нь санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангах ногоон төслүүд ховор байна. Иймээс төслүүд ногоон болох, энэ талын ойлголт мэдлэгээ санхүүжилт хүсч буй хүмүүс нэмэгдүүлэх хэрэгтэй. 

В.Ганзориг: Том зориг гаргаж санхүүгийн бус салбараас олон сая ам.долларын бонд гаргаж байгаа юм байна. Танай байгууллага яагаад энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн бэ?

Ч.Агиймаа: 2018 онд үйлдвэрээ барих санааг гаргасан. 2018 оноос өмнө Монгол Улс Хятад руу хог хаядлаа экспортлох боломжтой байв. Гэтэл Хятад боловсруулаагүй хог хаягдлын импортдоо хориг тавьсан. Үүнээс хойш Монголд үүсч буй хуванцар хог хаягдлыг шатаах эсвэл газар булахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ асуудлыг хараад бид хуванцар хог хаядлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрээ гаргаж, 2021 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшил цаашид ногоон чиглэл рүү шилжих нь зайлшгүй болсон. Иймээс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс шат дараатай хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийхдээ байгаль орчинд ээлтэй, инновацлаг технологийг сонгож, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засаг, нийгэмдээ хувь нэмэр оруулахыг хичээж байгаа. 

В.Ганзориг: Та бид хоорондоо ногоон хөгжил гэж яриад ойлголцоод байна. Гэтэл хүн бүр ийм ойлголттой байж чадахгүй байгааг би хардаг. Юун уур амьсгалын өөрчлөлт, өнөө маргаашийн талхаа яая гэж байхад энэ чинь амьжиргааны өртөг өсгөөд байна гээд хүмүүс шүүмжилдэг. Бид ногоон руу шилжихэд бэлэн болж чадсан юм уу?

Д.Галбадрах: Асуудлаа бид өнөөдөр шийдвэрлэхгүй бол цаашлах тусам байдал улам хүндэрнэ. Байгаль орчин талаас нь яръя. Бид өнөөдөр байгалиа зохистой ашиглахгүй бол ирээдүйд арга хэмжээ авахад хэтэрхий оройтно. Байгалийн экосистемийг нөхөн сэргээж хуучин хэвэнд нь оруулахад маш их зардал ордог. Иймээс эхнээсээ зөв төлөвлөлт хийх ёстой. Иймээс хүмүүсийн өдөр тутмын амьдралд нь нөлөөлөхгүйгээр асуудлыг шийдэх шийдлийг бодлогод суулгаад хэрэгжүүлээд явах боломжтой. Тухайлбал, манай улсын эдийн засгийн хамгийн чухал салбар бол ашигт малтмал, газрын тосны салбар байдаг. Үүнийгээ ашиглахдаа хаана, яаж, зөв ашиглах вэ гэдгээс эхлэх ёстой. Аль болох байгальдаа сөрөг нөлөөгүй, ховор амьтан, ургамлыг хөндөхгүйгээр, экосистемд бага нөлөө үзүүлэх байдлаар сонголтоо хийх ёстой гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэх явцдаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж явахаас гадна ашигласныхаа дараа нөхөн сэргээх зарчмуудыг баримтлах ёстой. Ингэж байж нийгмийн эрх ашигт нийцдэг. Манай улсын хүн амын 1/3 нь малчид. Малчдын бэлчээр, ус болон ашигладаг бусад баялгууд байгалиас шууд хамааралтай байдаг. Иймээс малчдын хувьд энэ маш чухал асуудалд тооцогддог. Цэвэр агаар, цэнгэг усаа хамгаалахаас өөр аргагүй. 

Америкийн нэг жишээг хэлье. Монтана мужид 100 жилийн өмнө зэсийн уурхай байгуулж ашиглажээ. Ингэхдээ асар их хэмжээний бохирдол гаргаж, цэнгэг усаа бохирдуулсан. Өнөөдөр тэр усаа цэвэрлэхийн тулд асар их хэмжээний зардал гаргаж, ус цэвэршүүлэх үйлдвэр нь өдөр бүр ажилладаг. Энэ зардлыг санхүүжүүлэх тусгай сан байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл зардал гаргаж усаа цэвэршүүлсээр байгаа. Манай улсад ийм нөхцөл байдал үүсэхэд энэ асуудлыг ингэж шийдэх мөнгө байгаа билүү? Энэ мэт асуудлууд эдийн засагт асар том дарамт үүсгэх учраас цогцоор нь шийдэх ёстой. Хог хаягдлыг дахин боловруулж буй энэ компани бол нэг л жишээ. Үүнд төр болон банк, санхүүгийн салбарын оролцоо маш чухал. Уг төслийг эхлүүлээд явж буй энэ хоёр байгууллагад талархаж байна. Нэмээд манайхан шиг нийгмийн сайн сайхны төлөө олон нийтийн байгууллагын оролцоо маш чухал байдаг. Энэ бүх байгууллагууд оролцоод, хамтдаа хэрэгжүүлэх ажлууд маш их байгаа.

В.Ганзориг: Төрийн оролцоо болон эрх, үүрэг талаас нь цэгцтэй ойлголт өгнө үү.

П.Батхишиг: Ногоон эдийн засаг гэхээр тусдаа эдийн засаг гэсэн үг огт биш. Эдийн засгаа байгальд ээлтэй, хүний амьдрах орчинд хор нөлөө багатай, экосистемд сөрөг нөлөө, хог хаягдал багатай байлгах концепцийг ногоон гэж хэлээд байгаа юм. Манай уламжлалт нүүдлийн соёл яг ийм философитой. Иймээс бидний хувьд шинэ зүйл биш юм. Үүнийг төр хийх ёстой юм шиг нэг хэсэг ойлгож явсан. Үүнийг шууд буруутгахад хэцүү. Учир нь 70 гаруй жил явсан социалист системд бидний сайхан, муухай амьдрахыг төр чиглүүлдэг байв. Нөгөө талд зэрлэг капитализм буюу нийгмийн асуудлуудыг хая, өөрсдөө хөгжинө биз гэж ярьдаг хүмүүс байдаг. Энэ асуудлыг ийм хоёр туйл руу аваачиж болохгүй. Учир нь төрд өөрийн үүрэг гэж бий. Мөн эдийн засагт оролцох механизмтай. Үнэхээр байгаль орчинд хор нөлөөтэй үйлдвэрлэл байх юм бол бодлогоо гаргах ёстой. Татвараа нэмэх зэрэг ажлаа хийх ёстой. Тэрнээс биш утаа гаргаж буй нөхөр дээр очоод зуухыг нь хийж өгөх хэрэггүй. Яагаад гэвэл энэ ажлыг хувийг хэвшил хийх ёстой. Төр нь жижиг, хувийн хэвшил нь том байж амжилттай хөгждөг гэдгийг дэлхийн даяар 200, 300 жил амжилттай хөгжсөн нийгэм, улсууд баталж харуулаад байна шүү дээ. 

Өнөөдрийн бидний агаарын бохирдлын асуудлыг хөгжилтэй орнууд 1930, 1940 онд шийдчихсэн. Гэтэл одоог хүртэл бидний тулгамдсан асуудал хэвээр байна. Нүхэн жорлон ихэнх орнуудын хувьд 1940, 1950 оны асуудал байсан. 2024 онд бидний асуудал хэвээр байсаар л байна. Эдгээр жишээнээс харахад 60, 70 жилийн зөрүү байна. Асуудлуудыг шийдсэн бэлэн шийдлүүд байхад бид заавал бусдын унасан нүх рүү очиж унах шаардлагагүй. Иймээс жолоогоо алдах юм бол дараа нь гарах зардал асар өндөр болно шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгож байгаа бол одооноос арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Ингэж чадвал бидний дараа дараагийн үеийнхэн эрүүл орчинд саруул амь зууна. Байгалийн баялаг, экосистем зөвхөн бидний үеийнхэнд зориулагдаагүй шүү дээ. Энэ утгаараа бид харин ч зарим асуудал дээр оройтож орсон. Аж үйлдвэрийн хувьсгал, малтмал түлш, газрын тос гээд бид суралцаад л явж байна. Иймээс гадны сайн туршлагыг авах хэрэгтэй. 

Д.Галбадрах: Ногоон хөгжлийг гаднаас хайх хэрэггүй. Нүүдлийн соёл иргэншлээсээ суралцах ёстой. Нүүгээд явахад гэрийн буурианаас өөр юу ч үлддэггүй, тэр буурь нь эргэж эдгээд дэлхий ертөнцөд сөрөг нөлөө, ул мөр үлдээдэггүй соёл шүү дээ. Ногоон хөгжил, ногоон эдийн засгийг дэмжихээр дандаа зардал нэмэгдэнэ гэсэн үг биш. Нэг жишээг хуваалцъя. Ноолуураас болоод ямааны тоо толгой өссөн, улмаар бэлчээрийн даац хэтэрч байгальд сөрөг нөлөө үүссэн. Үүнтэй холбоотой үйлдвэрлэгчид анхаарлаа хандуулж эхэлсэн. Учир нь үйлдвэрлэгчид түүхий эд материалаа хариуцлагатайгаар бэлддэг болсон. Түүхий эд, орцоо зохистой ашиглах, бэлтгэн нийлүүлэх, боловсруулах явцдаа байгаль орчиндоо ээлтэй байх, хор хөнөөл учруулахгүй ажиллах, технологио сайжруулах, хаягдлаа багасгах, эрчим хүч хэмнэх, хэрэглээгээ зохистой болгох, дахин ашиглах нь ногоон эдийн засгийн цөм юм. Иймээс нийгмийн хариуцлагатай компаниуд ноолуураа хариуцлагатай бэлтгэсэн, байгальд ээлтэй, экосистемд зохистой ажиллаж буй сайн малчдаас илүү өндөр үнэ төлж түүхээ эдээ авдаг болсон. Малчид малаа зохистой маллаж, бэлчээрээ доройтуулахгүй ноолуураа бэлтгээд өгвөл илүү орлого олох боломжтой гэсэн үг. Иймээс ногоон хөгжлийг дан зардал эсвэл нэмэлт өртөг гэж харж болохгүй шүү. 

В.Ганзориг: Ногоон санхүүжилт дээр ажиллахад тулгамддаг хамгийн том асуудал юу байдаг вэ?

С.Батчимэг: Санхүүжилт татахад үүсдэг асуудал гэхээс илүүтэйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн тухай ойлголт хангалтгүй байдаг. Парисын хэлэлцээрээр дэлхийн дундаж агаарын хэмийн өөрчлөлтийг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй барина гэдэг зорилт тавьсан. Яагаад заавал 1,5 хэмийн өөрчлөлт гэдгийг сонирхож үзэх ёстой. Энэ тухай нийгэмд энгийн хялбар байдлаар ойлгуулах ёстой гэж боддог. Тухайлбал, жилийн 12 сарын 2 сард нь ган гачиг тохиож байна. Үүнээс үүдэлтэй ойн түймрийн эрсдэл 40 хувиар өсдөг. Энэ бүхэн хүнсний гол хэрэглээ болсон улаан буудай, цагаан будаа, буурцгийн төрлийн ургамал тариалалтанд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Хэрэв дэлхийн дундаж температур 1,5 биш 2 хэмээр нэмэгдвэл жилийн 12 сарын 4 сар нь гантай жил рүү шилжиж, газар тариалангийн салбарт ноцтой хохирол учирна. Энэ өөрчлөлт 3 хэмд хүрвэл далайн амьдралд нөлөөлж эхэлнэ буюу зарим төрлийн загас, амьтны төрөл зүйл устаж үгүй болно. Энэ зуур дэлхийн хүн амын тоо, аж үйлдвэрлэлтийн түвшин, хүмүүсийн хэрэглээ тасралтгүй өссөөр байна. Байгалийн хязгаарлагдмал нөөцөөр тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтөөр дэлхийн хэм 1 градусаар нэмэгдэхэд хүн болон амьтны амьдрах орчин, экосистемд хүчтэй нөлөө үзүүлж байна. Дээрээс нь хүнсний хэрэглээнд эрсдэл учирч байна. Ингээд ярихаар хүмүүс уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засгийг ойлгож эхэлдэг. 

Дэлхийн дулаарлыг үүсгэж буй гол зүйл хүлэмжийн хий. Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хий дэлхийн дулааралд өчүүхэн хувь нэмэр үзүүлдэг мэт боловч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийн дунджаас 2,4 дахин өндөр байдаг. Мөн дэлхийн дулааралтай харьцуулбал Монголын цаг агаар 2 дахин хурдтай өөрчлөгдөж байна. Гэх мэтээр энэ асуудал дэлхийн дунджаас илүү хурдтай, хурцадмал асуудал бидний хувьд аль хэдийнэ болсон гэдгийг хувийн хэвшил, төр засгаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Бидний өдөр тутмын жижигхэн дадал том нөлөө үзүүлэх боломжтой. 

Банкнаас ногоон зээл авахад энгийн бизнесийн зээл авахаас илүү шаардлагууд гарч ирдэг. Учир нь монголын банк, санхүүгийн байгууллагууд олон улсаас ногоон санхүүжилт татахдаа энгийн санхүүжилтээс илүү шаардлагуудыг давж байж мөнгө босгодог. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг тооцож мэдээлнэ, үүнтэй холбоотой тайлан мэдээллийг тогтмол гаргах ёстой болдог. Энэ стандарт, шаардлагуудыг эргээд бид санхүүжилт хүсч буй байгууллагууддаа тавихаас өөр аргагүй болдог. Бизнесүүд үүнийг шаардлага нэмэгдээд, ногоон зээл авах процесс улам төвөгтэй болохоос гадна зардал өсөх гээд байна гэж ойлгодог. Энэ нөхцөлд "Ти Ди Би Секьюритис" ҮЦК дараах зөвлөмжийг өгдөг. 

Тогтвортой санхүүжилтийн зорилгоор олгож буй зээлийн хүүгийн зардал бусад төрлийн зээлтэй харьцуулахад хөнгөлөлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэгт, ногоон төслийн санхүүгийн өртгийг бууруулах боломжтой. Хоёрт, цаашид үйл ажиллагаагаа явуулахад асар их хэмжээний хэмнэлт бий болдог. Жишээ нь, хог хаягдлаа дахин боловсруулах, ус болон эрчим хүчинд хэмнэлттэй төсөл хэрэгжүүлбэл эхний хөрөнгө оруулалт нь өндөр мэт боловч ирээдүйд гарах зардлуудыг хэмнэдэг. Үүнийг манай бизнесүүд илүү сайн ойлгох хэрэгтэй байна. Иргэн хүний жижиг дадал ч том нөлөө үзүүлдэг. Жишээ нь, манай 3,5 сая иргэн өдөрт хэрэглэдэг усны хэрэглээгээ 1 литрээр хэмнэж чадвал нэг өдрийн дотор 3,5 сая ус хэмнэж чадна. Энэ хэмжээг 1 жил, 10 болон 100 жилээр тооцвол ямар үр дүн гарахыг төсөөлж ойлгодог байх ёстой. 

Ч.Агиймаа: Хог хаягдлын асуудал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг олон асуудлын томд нь тооцогддог. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хүний хувьд хэлэхэд бидэнд хоёрдогч түүхий эдийн олдоц маш чухал байдаг буюу том сорилт болдог. Монголд хог хаядалтай холбоотой хууль, дүрэм журмууд байдаг ч хэрэгжилт болон хяналт тал дээрээ хангалтгүй. Жишээ нь, иргэд, аж ахуйн нэгжүүд дахин боловсруулах боломжтой дахиваруудыг ангилж ялгаад тавьдаг ч ТҮК-ийн компаниуд ирээд холиод ачаад явдаг. Яг энэ асуудлыг хариуцсан яамтай болсон учраас өндөр хүлээлттэй байгаа. Хог хаягдлаа ангилаад тавьсан байхад тээвэрлээд явах компаниуд нэг үеэ бодвол гараад ирсэн. Дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ бүрдүүлэхийн тулд эх үүсвэр дээр нь очиж авах сонирхолтой болсон. Иймээс хэрэгжилт тал дээр нь сайн хяналт тавих чухал байгааг хэлмээр байна.

Тулгамдаж буй дараагийн асуудал манай хоёрдогч түүхий эдтэй холбоотой. Хогийн цэг болон анхны эх үүсвэрээс манай түүхий эд гардаг буюу иргэд манай түүхий эдийг бэлддэг гэсэн үг. Иймээс үүн дээр НӨАТ-ын асуудал үүсдэг. Өртөг нь баримтгүй болоод байдаг. Үүнийг яамтай болсон учраас ойрын үед шийдэх ёстой гэж гэж харж байна. Бид яг одоо түүхий эдээ 3 үндсэн сувгаас цуглуулдаг. Улаанбаатарт байгаа ландфилийн цэгүүдийг түшиглэсэн түүхий эд хүлээн авах, бэлтгэн нийлүүлэх, ангилан ялгах өөрсдийн цэгүүдтэй. Үүнээс гадна орон нутагт хоёрдогч түүхий эдийн үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. 

Бид өнгөрсөн жил үйлдвэрийнхээ дэргэд охин компани байгуулсан. Тэр нь анхны эх үүсвэр дээрээ дахивараа ангилсан газрууд дээр дуудлагаар очиж тээвэр хийж авах үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж, СӨХ-үүдэд хог хаягдлын менежментийн сургалт хийж, дадал хэвшил олгох тал дээр түлхүү ажиллаж байна. Бид нартай хамтран ажилладаг СӨХ, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, бусад байгууллагуудын тоо тасралтгүй нэмэгдэж, одоогийн байдлаар 1500 гаруй анхны эх үүсвэр дээрээс түүхий эд нийлүүлдэг газруудтай болсон.

В.Ганзориг: Америк ба Монгол Улсууд хамтраад ирэх 15 жилд 670 орчим тэрбум төгрөгийг уур амьсгалын өөрчлөлт болон байгаль хамгаалалд зарцуулахаар болсон. Энэ мөнгийг ямар хугацаанд хэрхэн босгосон бэ?

Д.Галбадрах: Манай байгууллага 198 сая.ам долларын санхүүжилтийг баталгаажуулсан. Үүнээс 71 сая ам.доллар нь олон улсын хандивлагчид Монгол Улсад байгалиа хамгаалаарай гэж өгч буй мөнгө юм. Хүний мөнгөөр байгалиа хамгаалахаас гадна энэ ажилд Монгол Улс өөрөө хөрөнгө зарцуулах ёстой. Тийм учраас дээрх дүнгийн 127 саяыг нь манай Засгийн газар гаргаж хувь нэмрээ оруулах үүрэгтэй байгаа. Энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд бүгд дэмжиж явсаар бодитой ажил хэрэг болж чадсанд баяртай байна. Байгалиа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвараа бий болгоход яах аргагүй санхүүжилт шаардагддаг. Байгаль хамгааллын ажил манай 1,5 сая км квадрат газар нутгийн ой, хээр тал, говь, цэнгэг усны экосистем дээр л явагдана. Биологийн олон зүйлийн конвенциор дэлхий нийтээрээ хуурай газар, далай тэнгисийн 30 хувийг хамгаалах үүрэгтэй. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050 баримт бичигт 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах болно гээд заасан байгаа. Өнөөдөр бид газар нутгийнхаа 21 хувийг хамгаалж чадсан байгаа бөгөөд үлдсэн 9 хувийг судалж үнэлэн хамгаалах ажилд энэ санхүүжилтийг зарцуулна. Газар нутгаа хамгаалаад орхихгүй. Хамгаалахын тулд хүмүүс ажиллуулж, амьтан, ургамлаа хамгаалахын тулд судалгаа шинжилгээний ажлууд байнга хийгдэж багагүй хэмжээний зардал гардаг. Манай улсад бэлчээрийн асуудал тулгамддаг. Зохистой ашиглалт талаас бэлчээрийн даацийн нөлөөллийг бууруулах ажлыг зайлшгүй малчидтай хамтран хийх буюу хөрөнгө оруулж таарна. Энэ төслийг хэрэгжүүлэх явцдаа бид цаашид энэ ажил өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг болох загвар руу шилжүүлэх юм. Энэ хөтөлбөрийн гадаад эх үүсвэр тэр чигээрээ буцалтгүй тусламжаас бүрдэж байгаа учраас тусгай хамгаалттай газар нутгийг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын менежементийг сайжруулах, малчид иргэдийн бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих гэсэн 3 чиглэлд илүү төвлөрч ажиллана.

П.Батхишиг: Байгаль орчноо хамгаалах ажлыг зөвхөн Байгаль орчны яам хийх ёстой мэт ойлгоод иржээ. Хүний эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх нь угаасаа төрийн үндсэн ажлын нэг. Гэхдээ байгаль орчныг хамгаалах ажлыг дан төсвийн мөнгөөр хийж чадахгүй. Дан төслийн санхүүжилтээр ч явахгүй. Иймээс дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ажлуудыг бүх талуудын оролцоон дээр нь суурилж явуулж байна. Нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалж яах гээд байгаа юм, цаана нь байгаа уул уурхай, тээвэр логистикийн бизнесүүд яах юм гээд энэ нэвтрүүлгийг үзэж буй зарим хүмүүс гайхаж байж магадгүй. Газар нутгийг хамгаалж хав дарна гэхээс илүү хамгаалангаа зохистой ашиглах, нөөцийг үржүүлэх, цэвэрлэх, судлах гээд олон ажил давхар хийгдэх юм. Ийм учраас өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгай хамгаалалттай 5 газрын менежементийг хувийн болон төрийн бус байгууллагад шилжүүллээ. Хамгаалахаас гадна яаж илүү сайхан болгож, өөрөө өөрийгөө авч явдаг болгох вэ гэдэг зарчим рүү шилжиж буй хэрэг. 

Хустайн цогцолбор газрын менежментийг ТББ хариуцдаг. Менежментийг нь хувийн салбарт өгөхөд төрөөс илүү сайн хийгээд явдаг. Байгаль орчин хамгаалах ажлын бодлого төрөөс гардаг ч гэсэн үйл ажиллагаа, хэрэгжилт тал дээр ТББ, хувийн хэвшил рүү бүрэн шилжих боломжтой. Тэр утгаараа “Дэ Нэйче Консерванси” байгууллагын босгосон 71 сая ам.долларыг нэг удаагийн санхүүжилтэнд зарцуулна гэсэн үг огт биш. Ирэх онд 15 сая ам.долларыг нь зарцуулаад үлдсэн мөнгийг нь хөрөнгө оруулалтын сан дээр байршуулж арвижуулах замаар урт хугацаанд чиглэсэн тогтвортой санхүүжилтэнд зарцуулах юм. Хуучин нэг удаагийн төслүүд урт хугацаанд хариуцах эзэнгүй хаягддаг байсан. Одоо урт хугацааны тогтвортой шийдэл рүү Засгийн газар өөрийнхөө үүргийг хүлээн энэ төсөл дээр оролцож байгаа гэсэн үг. ДНБ-ний 1 хувийг байгаль орчны салбартаа зарцуулах амлалт авсан байгаа. Өнөөдөр энэ хувь 30 орчим хувийн биелэлттэй байна. 2030 он хүртэл хийх ажлууд багагүй бий. 

Байгаль хамгаалах ажлыг хувийн салбар руу шилжүүлэх ажил нээлттэй. “Хашаандаа сайхан амьдаръя”, “Мод таръя” зэрэг ТББ, хөдөлгөөнүүдтэй ирэх долоо хоногт уулзаж, хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг хэрхэн дэмжих талаар ярилцана. Яг үнэнийг хэлэхэд ихэнх ТББ санхүүгийн хувьд бэхжиж чадаагүй, гадны тусламж төслийн шаардлагыг хангадаггүй, чадавхийн хувьд бэхжээгүй байдаг. Олон улсын хуралд оролцоод, өндөр хөгжилтэй орнуудын төлөөлөлтэй уулзаж байхад ногоон төсөлд зарцуулах санхүүжилт хангалттай байна гэж ярьдаг. Жилд 100 тэрбум ам.доллар зарцуулна гэж амласан амлалтаа 2020 онд биелүүлсэн. Одоо 2035 онд хүртэл жилд 300 тэрбум ам.доллар зарцуулдаг болно гэж тэд нэг талаас хэлдэг. Нөгөө талаас хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд тэр мөнгийг чинь авч чадахгүй байна, зарим сангуудаас мөнгийг нь авахын тулд дунджаар 26-28 сар зарцуулж байна гэж ярьдаг. Эндээс харж байхад шаардлага хангасан төсөл, тэр төслийг хэрэгжүүлэх чадавх маш чухал болоод байна. Олон улсаас том санхүүжилт авч хэрэгжүүлсэн ч үр дүн гаргаагүй муу жишээнүүд багагүй байдаг. Иймээс мөнгө авахаасаа өмнө чадавхиа сайжруул гэдэг асуудал хүчтэй хөндөгдөж байна. Иймээс цаашид төрийн гаргасан бодлого хувийн хэвшил, ТББ, иргэн, иргэний нөхөрлөлүүдээр дамжин байгаль хамгаалах салбар дээр хэрэгжих ёстой. Жишээ нь, Ёлын ам дээр аялал жуучлалын бизнес эрхэлдэг байгууллага өөрөөсөө 2,2 тэрбум төгрөг гаргаж хөрөнгө оруулаад тогтвортой ажиллах санал гаргасан. Болохгүй гэх ямар ч шалтгаан байхгүй. Энэ хөрөнгө оруулалтаар зам, талбай, жорлон, усанд ордог цэг, үйлчилгээний байгууламжаа барина. Энэ ажлыг төр хийхгүй шүү дээ. 

Д.Галбадрах: Дээр дурдсан 71 сая ам.долларыг бид 2 жилийн хугацаанд босгосон. Ази, Европ, Америк тивийн маш олон орны байгууллага, төрөл бүрийн сан, зарим улсын Засгийн газар хүртэл орж хандив өгсөн. Тухайлбал, Германы Засгийн газар мөнгө өгсөн. Нийгмийн хариуцлага өндөр дэлхийн алдартай компаниуд ч бий. Гэхдээ тэд өөрсдөө хүсэлтээ гаргаад бидний нэрийг битгий олон нийтэд ил гаргаарай гэсэн учраас дурдаж чадахгүй байна. Яагаад энэ хүмүүс Монголд ийм их мөнгө өгөв гэвэл нэгт, монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлал байсан. Хоёрт, өнөөдрийг хүртэл газар нутгийнхаа зарим хэсгийг онгон байдлаар хадгалж чадсан, цаашид ч хамгаалах хүсэл байсан. Эдгээрийг олон улсууд хараад Монгол Улсад итгээд өгч буй мөнгө гэсэн үг. 

Мөнгө авч буй нь сайхан боловч төслөө амжилттай хэрэгжүүлэх өндөр хариуцлага бидний өмнө ирсэн. Энэ 71 сая ам.долларыг зарцуулахдаа бид анх удаа олон улсын шилдэг туршлага дээр тулгуурласан “Монголын байгалийн өв сан” гэдэг байгаль хамгааллын илтгэлцлийн санг байгуулсан. Хараат бус засаглалтай, тусдаа удирдах зөвлөлтэй, өөрийн гэсэн дүрэм журамтай байгууллага бий. Энэ сангаар дамжуулж дээрх мөнгө зарцуулагдана. 

В.Ганзориг: Төр ба хувийн хэвшил хамтраад ногоон чиглэлээр гаднаас мөнгө босгох, санхүүжилт татах боломжууд хэр нээгдэж байна вэ?

П.Батхишиг: Дэлхий дээр ногоон сангууд зөндөө байна. Эдгээрээс хамгийн том нь 16,4 тэрбум ам.доллар удирдаж байгаа Green Climate Fund болов уу. Энэ сангаас Монгол Улс өнөөдрийн байдлаар 480 сая ам.долларын төслүүд авсан байдаг. Үргэлжлүүлээд авах боломжууд нь нээлттэй. 2018, 2019, 2020 онд гарсан шийдвэрүүд нь биднээс шалтгаалаад удсан тохиолдлууд байна. Уур амьсгалын өөрчлөлт болон Цөлжилтийн эсрэг конвенцийн хурлуудад оролцож байхад тэнд яригдаж буй нэг том сэдэв яах аргагүй Ногоон санхүүжилт байсан. Хичнээн сайхан зорилго, төлөвлөгөө байгаад санхүүжилт дээрээ очоод л гацдаг. Байгаль орчны зарим төслүүд банкны зээлээр хэрэгжих боломжгүй. Ялангуяа дасан зохицолтын төслүүд дээр зарцуулсан санхүүжилт дээр эргэн төлөгдөх агуулга яригддаггүй, илүү буцалтгүй тусламжийн шинжтэй байдаг. Харин mitigation талдаа хөгжлийн банк болон бусад сангуудын санхүүжилт, зээлээр явах нь харьцангуй бодитой. 

Санхүүжилтын шинэ механизмууд гарч ирж байна. Debt for nature буюу өрийг байгаль орчинд зарцуулах үүргээр солих гэх мэт. Debt for education, Debt for health гээд явж байна. Өрийг тодорхой зорилгоор удирдах боломжууд үүссэн. Ихэнх хөгжиж буй, буурай хөгжилтэй орнууд өртэй байгаа. Манай Засгийн газар ч гэсэн 8 эсвэл 9 орчим тэрбум ам.долларын өртэй яваа болов уу. Хөгжилтэй орнууд нөгөө талдаа үүрэг хүлээсэн байдаг. Тэр нь дэлхийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулах гэх мэт. Жишээ нь, Германы Засгийн газар ийм үүрэг амлалт авсан байгаад Монгол Улс өртэй байсан бол өрөө буцааж мөнгөөр биш байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр хийхээр амласан нөгөө үүргийнх нь Монгол Улс дахь хэрэгжилтээр төлөх боломжтой гэсэн үг. Мөн эрүүл мэнд, эсвэл боловсролын салбарт зарцуулах боломжууд нээлттэй болж эхэлж байна. 

Засгийн газрын түвшинд гарсан бондууд байдаг. Эдгээр бондуудыг дахин санхүүжүүлэх асуудал гардаг. Ногоон сангууд зөвхөн мөнгө өгдөггүй. Санхүүжилтийн бүтцийг өөрчлөх (restructuring) замаар 7.75 хувьтай бондыг 5.75 хувьтай болгон хөрвүүлж өөрчлөх хэлэлцээрийг хийдэг. Энд 2 хувийн хүүгийн зөрүү гарч байна. 500 сая ам.долларын бонд гэж төсөөлж үзвэл энэ 2 хувийн зөрүү жилийн 10 сая ам.доллар болно. Энэ 10 сая ам.долларыг байгаль орчиндоо зарцуулах нөхцөлтэй сангууд энэ хэлэлцээрийг хийж өгдөг. 10 жилийн хугацаатай гарсан бондоо ингэж солиулж чадвал бид 100 сая ам.долларын санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох боломжтой. Засгийн газар өөрийн санхүүгийн үүргээ заавал төсвийн хөрөнгөөр биелүүлэх албагүй гэсэн үг. 

Карбоны худалдааг дурдах ёстой. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслүүд дэлхийн улс орнуудын санхүүгийн чадавхтай холбоотой харилцан адилгүй түвшинд хэрэгжиж байна. Гэхдээ бид 2030 он гэхэд Парисын хэлэлцээрээр амласан үүргээ биелүүлэх ёстой. Өндөр хөгжилтэй орнууд карбон татварыг хэрэгжүүлээд эхэлсэн. Нөгөө талдаа цахилгаан машин авбал татаас өгөх замаар зохицуулаад явж байна. Ингэлээ гээд өндөр хөгжилтэй орнуудын үүрэг бүрэн хэрэгжиж дуусахгүй байгаа. Нэмээд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хөрөнгө оруулах, түүний үр дүнд бий болж буй хүлэмжийн хий бууралтыг өөрийн улс дээрээ авсан амлалт, үүрэг дээрээ бичих боломж нээгдсэн. 

Сая Бакуд болсон хурлаар хүлэмжийн хийн арилжааг улс хооронд хэрхэн, яаж хийх стандартыг зөвшилцөөд баталсан. Иймээс энэ эхэлсэн ажил дэлхий даяар зөвхөн 2030 оноор хязгаарлагдахгүй гэж бодож байна. Тэгэхээр бид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн, яаж дэмжих вэ, нөгөө талдаа ийм үйлдэл хийхгүй байгаа хэсгийг яаж хийдэг болгох вэ гэдэг хоёр асуудлыг шийдэх ёстой болно. Бидний хүлэмжийн хийг бууруулах том зорилгын талаас илүү хувь нь эрчим хүчний салбараас хамаарч байна. 30 орчим хувь нь мал аж ахуйн салбараас хамаардаг. Хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулах зорилгын 80 илүү хувь нь зөвхөн энэ хоёр салбараас шууд хамаарна. Жишээлбэл, ноолуур дэмжсэн Цагаан алт хөтөлбөрийг хүлэмжийн хийг бууруулах амлалттай хэрхэн зохицуулж, бодлогын тэнцвэрээ хангах вэ гэдэг нь чухал. Үүнийг дагаад мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, бэлчээрийн доройтлыг сайжруулах арга хэмжээнүүд хийгдэх ёстой. Эрчим хүчний салбарын хувьд нүүрсний технологи ч хурдацтай өөрчлөгдөж байна. Нүүрсэн дээр суурьтай эдийн засагтай бидний хувьд шууд ногоон шилжилт хийхэд хүнд. Гэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг хэд дахин бууруулдаг цахилгаан, дулааны станцын технологиуд гараад ирсэн. Харин сэргээгдэх эрчим хүч рүү хамгийн бага зардал, нөлөөтэйгөөр хэрхэн шилжилт хийх ёстойгоо тодорхойлох ёстой. Богино, дунд, урт хугацааны бодлого гарган хэрэгжүүлж таарна.

С.Батчимэг: Бидний гаргаж буй ногоон бондын талаар хөрөнгө оруулагчид яг иймэрхүү асуултыг асууж байгаа. Олон улсын зах зээлийн санхүүжилтийн бүтцийг харвал ногоон төслүүд мөнгөө голцуу хөрөнгийн захаас босгож байна. Жишээ нь, 2023 оны байдлаар 200 орчим тэрбм ам.долларыг зээлийн санхүүжилтээр, харин 700-аас 800 тэрбум ам.долларыг бондын зах зээлээс босгосон. Монголын хувьд гаднаас мөнгө босгоё гэвэл хамгийн эхэлж анхаарч үзэх зүйл нь манай Засгийн газрын зээлжих зэрэглэл байдаг. Зээлжих зэрэглэл сайжирч буйтай холбоотой эерэг үр дүн гарч байна. 

Манай байгууллагын хувьд дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр ногоон бонд, ногоон санхүүжилтыг илүү хөгжүүлж ажиллая гэж зорьж байна. Санхүүгийн байгууллагууд гадаад зах зээлээс ногоон төслийн санхүүжилтыг тодорхой хэмжээгээр авч чадаж байгаа. Мөн бидний хувьд дотоодын зах зээлээс ногоон бондоор дамжуулж санхүүжилт татаж байхад нэг том давуу тал үүсч байна. Тэр нь дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ногоон төсөл, ногоон хөгжил руу хандуулж чадаж байгаа гэсэн үг. Үүний хамгийн том жишээ бол “Ти Эм Эл Пластик” үйлдвэр юм. Энэ үйлдвэрийн өмнөх үе шат нь банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй хийгдсэн. Хөгжлийнхөө дараагийн шатанд хөрөнгийн зах зээлээс санхүүжилтээ татаад явж байна. 

Энэ байгууллагын ногоон бонд дээр ажиллаж байхад хэд хэдэн том давуу тал хөрөнгө оруулагчдад үүсч байна. Нэгт, хөрөнгө оруулж байгаа учраас өгөөжөө хүртэнэ. Энэ бол ямар нэг хандив, тусламж биш бөгөөд та өөрийнхөө хөрөнгийг өсгөх зорилгоор мөнгөө хийж байна гэсэн үг буюу санхүүгийн хувьд үр дүнгээ энэ төслөөс авна. Хоёрт, төслийн нийгмийн өгөөжийг хүмүүст танилцуулж ойлгуулах явц. “Ти Эм Эл Пластик” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах тохиолдолд Монгол Улсад хаягдаж буй ус, ундаа, хуванцар савны хог хаядлыг 100% дахин боловсруулж чадна. Хог хаягдлын менежментийн асуудлыг хүмүүс өмнө нь огт мэддэггүй байсан бол энэхүү төслөөр дамжуулж маш сайн ойлголттой болж байгаа. Хогоо хаяхдаа ангилж хаядаг дадалд сууж эхэлсэн. 

В.Ганзориг: Нэвтрүүлгээ бэлдэж байхдаа танай компанийг саяхан Кока Кола компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дуулсан. Тэр нь танай түүхий эдийн нийлүүлэлт, борлуулалт баталгаатай болж байна гэсэн үг үү? Нөгөө талдаа Пепси, АПУ, Монос гэх мэт бусад PET бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах нь нээлттэй биз дээ?

Ч.Агиймаа: Кока Кола дэлхийн том брэнд учраас энэ чиглэлд дэлхийд том амлалт өгсөн байдаг. Тэр нь 2030 он гэхэд сав, баглаа, боодлынхоо 50 хувийг дахин боловсруулсан түүхий эд ашиглаж хийнэ гэсэн амлалт. Тиймээс манай байгууллага энэ амлалтыг нь хэрэгжүүлэхэд хамтрахаар бэлэн болоод байж байна гэсэн үг. Бусад үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахдаа нээлттэй байх болно. 

В.Ганзориг: Хүмүүсийн амлалтыг нь мөнгө болгож аваад та нар айхтар бизнес хийж байгаа юм байна даа.

П.Батхишиг: Хог хаягдал дээр бохирдуулагч нь төлөх гэдэг зарчим үйлчилдэг. Нэг талдаа ашиг олох үйл ажиллагаа эрхэлж байгаа ч нөгөө талдаа түүнээс үүдэн гарч буй хог хаягдлаа хариуцах ёстой гэдэг санаа. Өнөөг хүртэл бид үүнийг төдийлөн анхаардаггүй явж ирсэн. Манай хувийн хэвшлийнхэн үүнийг олж хараад ажиллаж байгаад таатай байна. Хог ангилах, ялгах, цуглуулах логистикийн асуудал дээр Хогны холбоотой хэд хэд уулзаж байхад өртгийн бүрдүүлэлтэнд баримт байхгүй байгааг хөндсөн. Түүхий эд нийлүүлэгч мөнгөө аваад явдаг ч санхүү, НӨТ-ийн баримт өгөх боломжгүй байдаг. Нөгөө талдаа энэ түүхий эдийг нь ашиглаад үйлдвэр борлуулалтаа хийгээд татварын газар очихоор саяны асуудлыг хүлээж авдаггүй асуудал үүсдэг. Энэ асуудлыг шийдэх ёстой. 

Айлуудын хогонд төлж буй мөнгө их бага байгаа. Үүнийг ИТХ-ын тогтоолоор өөрчлөх боломжтой. Хог бол бизнес. Хогийг дахин боловсруулах нь бас л бизнес. Энэ утгаар нь харвал эдийн засгийн талаасаа хувийн хэвшил бүрэн хариуцаад хийгээд явах боломжтой. Бид бодлогын хувьд төлөвлөгөө гаргаж байгаа. Хөгжилтэй улсуудад хуванцараа тушаагаад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг, шилээ тушаагаад мөнгөө авдаг жишээнүүд байдаг. Энэ бол тойрог эдийн засгийн механизм ажиллаж байна гэсэн үг. Энэ систем ажиллахын тулд оролцогч талууд бүгд ажиллах ёстой. Мод тарих ч ялгаагүй. Мод тарих норматив зардлыг бизнесийн сонирхолд хүрэхүйц түвшинд аваачиж байж тэрбум мод амжилттай тарина. Оролцогч талуудын хувьд эдийн засгийн утга агуулгатай байж гэмээнэ ийм том зорилго урт хугацаандаа амжилттай хэрэгжинэ. Өөрөө алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компани нэг сая мод тарина гээд ярьж явах зөв үү, буруу юу? Гэгээлэг зорилго хэдий ч үндсэн бизнесээ ашигтай ажилуулах нь татвар төлөгчдийн мөнгө рүү гар дүрэхгүй гэсэн үг шүү дээ. Иймээс байгаль орчны салбарыг эдийн засагжуулах агуулгыг томоор нь харах хэрэгтэй. Хог, мод, ургамал, гол ус, тусгай хамгаалалттай газар нутаг гээд бүх талбарт энэ хамаатай бөгөөд цахимжуулалт, технологийн дэвшлийг давхар ашиглах ёстой. 

В.Ганзориг: Танд хязгааргүй нөөц, эрх мэдэл байсан бол энэ салбарт ямар шийдвэрийг хамгийн түрүүнд гаргах байсан бэ?

Д.Галбадрах: Би мэргэжлийнхээ дагуу явцуурах байсан. Байгаль хамгааллын санхүүжилтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргах байсан. 

С.Батчимэг: Хөрөнгийн зах зээлийн оролцогчдоор дамжуулан ногоон зээл, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд түлхэц болох ажлуудыг хийнэ.

П.Батхишиг: Хүмүүсийн толгойд өөрчлөлт хийж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нийгмийн хандлагатай холбоотой ажлыг хийх байсан.

Ч.Агиймаа: Маш энгийн бөгөөд хүн болгоны хийж чадах ажил буюу анхны эх үүсвэр дээрээ хүн болгоныг хогоо ангилж сурахад нь дэмжлэг үзүүлэх, үүнтэй холбоотой мэдээ, мэдээллээр хангаж сургах байсан.