В.Ганзориг: 2025 оны улсын төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Дөнгөж төрсөн хүүхдээс авахуулаад өтгөс буурал хүртэл хүн бүхэнтэй холбоотой асуудлыг Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хариуцаж, төсвийг нь баздаг. Энэ салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал юу байна вэ?

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Л.Энх-Амгалан: Хуучин Хөдөлмөр ба Нийгмийн хамгаалал гээд хоёр тусдаа яамтай байсан. Энэ хоёр яамыг нэгтгээд, урд талд нь гэр бүл нэмэгдээд шинээр зохион байгуулагдсан. Яагаад гэвэл Монгол Улсын Засгийн газар гэр бүлийг бодлогынхоо төв авч ирж, нийгмийн хамгаалал ба халамжийн бодлого илүү гэр бүл төвтэй байх ёстой гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт хэрэгжүүлсэн бодлого гэр бүл төвтэй гэхээс илүү ахмадууд, хүүхдүүд, ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэрэг гэр бүлээс нь салгасан олон жижиг хөтөлбөр, хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжүүлсэн учраас үр дүн хангалтгүй байна. Хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлд ямар асуудал үүсч буйг бодлогоор нь зөв тодорхойлж, нийгмийн хамгааллын бодлогыг яг очих ёстой эзэнд нь хүргэх зорилт дэвшүүлсэн. Шинэ яамны зорилго ийм. 

Ерөнхийлөгч 2025 оны төсөв дээр бүхлээр нь хориг тавьчихлаа. Монголд халамж хавтгайрсан гэдэг ойлголт бий. Ийм учраас ажил, хөдөлмөр эрхлэх хүмүүс байхгүй болсон гэж ярьдаг. Ажилгүйдэл өндөр атлаа нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолтой явдаг парадокс үүссэн. Улсын төсвөөс 2,2 ихнаяд төгрөгийг нийгмийн халамжинд зарцуулдаг. Энэ нь манай ДНБ-ийн дөрөв орчим хувь, төсвийн урсгал зардлын найм, ес орчим хувьтай тэнцдэг. Бусад хөгжилтэй улсуудын хувьд энэ зардал ДНБ-ийн нэг хувиас хэтэрдэггүй, нэгээс нэг аравны таван хувь орчимд, төсвийн зардал нь ч гэсэн таван хувиас хэтэрдэггүй юм билээ. Манайд энэ зардал яагаад ийм өндөр байна вэ гэвэл хүүхдийн мөнгөнөөс үүдэлтэй. Дээр дурдсан 2,2 ихнаяд төгрөгийн бараг 1,6 ихнаяд нь хүүхдийн мөнгө. Иймээс цаашид хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэх үү, эсвэл нийгмийн хамгаалал буюу хүн амаа өсгөх гэр бүлийн бодлогод тооцох уу гэдгээ тодорхойлох шаардлагатай болсон. 2,2 ихнаяд төгрөгийн зардал дээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкныхан судалгаа хийгээд бодлогын зөвлөмжүүд гаргасан. Энэ зөвлөмжинд Монгол Улсад халамж нэрээр явж буй хөтөлбөрүүд эзнээ олохгүй, хэт хавтгайрсан байна гэж дүгнэсэн. Бусад улсуудын хувьд иймэрхүү хөтөлбөрүүд өрхийн орлогыг нь харгалзан дандаа зорилтот бүлгүүдийг чиглэдэг. Ингэж байж үр дүнгээ өгдөг. 

Манай халамжинд зарцуулж буй мөнгөний дөнгөж 25 хувь нь л зорилтот бүлэгтээ хүрч эзэндээ очиж байна. Яагаад гэвэл хүүхдийн мөнгийг өндөр орлоготой, орлого багатай айлын хүүхдүүд ижилхэн авдаг. Цалинтай ээж хөтөлбөр ч гэсэн өрхийн орлогоос үл хамаарч бүх ээжүүдэд олгогддог. Насны хишиг ч мөн ялгаагүй. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Иймээс зарцуулж буй нэг төгрөг бүр үр өгөөжтэй байх ёстой. Төсвийн өгөөж, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнг нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр явуулж буй бодлогоо өөрчлөх ёстой. Хүүхдийн мөнгөнөөс гадна нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлсэн бүх хөтөлбөрөө Халамжийн хуулиар хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг гээд бүгд Халамжийн хуулиар явсан. Энэ бүгдийг цэгцлэх цаг болсон. Нийгэм ч ингэж шаардаж байгаа байгаа учраас ойрын хугацаанд халамж, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн бодлогуудыг өөрчилж, эрх зүйн шинэчлэл хийнэ. 

Б.Отгонтөгс: Сайдын хэлсэн статистик мэдээллүүд болон хөтөлбөр байгаа онохгүй байгаа гэдэг бол зөв. Судлаачийн зүгээс биш өндөр настай ээжийгээ асардаг иргэний зүгээс хэлэхэд тэтгэврийн хөгшид миний тэтгэвэрийг үргэлжлүүлээд тасралтгүй өгч байгаасай, тэгж л байвал болно доо гэсэн хандлагатай байдаг. Тэрнээс биш тэтгэвэрийн шинэчлэл хийгээсэй, төсөв үр ашигтай байгаасай гэхгүй. Би их сургуулийн орчинд залуу хүмүүстэй ажилладаг. Эдгээр хүмүүсийн яриагаар бид нарын үед их хэмжээтэй төлж буй нийгмийн даатгалын шимтгэл ирээдүйд бидний тэтгэвэр болж ирэх болов уу гэдэгтээ эргэлзэж байна. Инфляцийг түвшин нэмэгдэж, макро эдийн засгийн орчин тогтворгүй байгаа үед 45 хувиар тогтоогдох тэтгэвэр амьдралд хүрэхгүй болох вий дээ гэдэг айдас үүссэн. Тэтгэвэр хүлээж буй болон тэтгэвэр авч буй хүмүүсийн хоорондын ялгаа ийм байна. 

Судлаачийн зүгээс үзэхэд энэ бүх ачааллыг ирээдүйд манай төсөв, нийгмийн даатгалын систем даах уу гэдэг нь том асуудалд тооцогдоно. 10 хувийн татварын түвшинг хэвээр бариад, харин нийгмийн халамж, хамгааллын бодлогоо шинэчилж өөрчлөөд, заримыг нь болиулаад, өгөх ёстой хүнд нь илүү өгөх замаар хүрэх ёстой эзэнд нь хүргээд явж чадвал ирэх найман жилд асуудал гайгүй гэж харж байна. Эдгээр шинэчлэлээс гадна иргэдийн төрөх, гэр бүл болох шийдвэрүүд Засгийн газраас хамаарахгүй. Хэдийгээр одонтой ээж, хүүхдийн мөнгийг ихээр өгч байгаа ч Монголд төрөлт буурч байгаа. Энэ түвшин 2,38 руу дөхсөн. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрүүлэх насны эмэгтэй хүний насан туршдаа төрүүлж буй хүүхдийн тоо 2,38 гэдэг нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүний ард 0,38 гэсэн цэвэр өсөлт гарч байна гэсэн үг. Энэ бол маш муу тоо. Хүн ам өсөхгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар манай нас баралтын түвшин маш өндөрт ордог. Ялангуяа эрчүүдийн хувьд. Ингээд төрөлтийн түвшин бага, нас баралтын түвшин өндөр болоод ирэхээр олон жилийн турш нийгмийн даатгалын шимтгэл төлөөд бид нарын үе тэтгэвэртээ гарахад санхүүжилтийн нөөц яах бол гэдэг нь эдийн засагчийн хувиас харахад маш том асуудал болсон.

Мияаги Кэнсүкэ: Говь үйлдвэрийн бүтээн байгуулалтанд 1977 оноос эхлэн Япончууд оролцож эхэлсэн. Эндээс Япон ба Монгол улсуудын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Зөвхөн Говь үйлдвэрийг бариад зогсоогүй тэнд ажиллах мэргэжилтэн, хүний нөөцийг бэлдэх бүх ажил Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн. 2007 онд Говь үйлдвэр хувьчлагдсан. Одоо энэ үйлдвэр Монгол Улсын төсөвт үлэмж хувь нэмэр оруулдаг татвар төлөгч, томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болж чаджээ. 1990-ээд он буюу Монгол зах зээлийн систем рүү шилжиж байх үед ЖАЙКА-аар дамжуулан Японы Засгийн газар хамгийн их тусламж, дэмжлэгүүдийг үзүүлж, маш олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн. Жишээ нь, Дулааны Дөрөвдүгээр Цахилгаан Станцын төслийг дурдаж болно. ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар 1997 онд Монголд албан ёсоор байгуулагдсан. Энэ жил 27 жилийн ой тохиож байна. ТЭЦ-4 хуучин оросын мэргэжилтнүүдийн технологиор баригдсан нь хуучирч элэгдэлд орсон байсан. Иймээс бид 1990-ээд оноос энэ станцыг шинэчлэх ажилд оролцсон. Учир нь тэр үед ТЭЦ-4 Монгол Улсын нийт эрчим хүчний талыг үйлдвэрлэж, Улаанбаатар хотыг эрчим хүч болон дулаанаар хангадаг байв. Би яагаад үүнийг онцолж яриад байна вэ гэвэл хүний амьдралд эрчим хүч, дулаан шиг чухал зүйл байхгүй. Эдийн засгийн хөгжлийг нь үүнгүй төсөөлөх аргагүй. Иймээс ТЭЦ-4-ийн тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулахаас гадна менежмент, технологийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байсан.

Цаашилбал, боловсролын салбар буюу бага, дунд сургуулиудын барилгын бүтээн байгуулалтын ажлууд, хүний нөөцийн төслүүд, мөн эмнэлэг, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, дэд бүтцийг бэлдэх зэрэг дээр ажиллаж иржээ. Сүүлийн үед эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд багагүй ажиллаж байна. Жишээ нь, ЖДҮ-ийг хөгжүүлэх, ХАА-н салбарыг сайжруулах гэх мэт. Өнөөдөр бидний хөндөж буй нийгмийн хамгаалал, нийгмийн бодлогын салбарт Монголд өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг мөн дурдах ёстой. 

Нэгт, 2016-2020 оны хооронд хэрэгжсэн нийгмийн даатгалын үйлчилгээний салбарын чадварыг бэхжүүлэх төслийг хэлмээр байна. Энэ төслөөр дамжуулж нийгмийн даатгалын ажилтнуудын хандлагыг зөв болгох, татвар бүрдүүлэлтийг сайжруулах, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлууд амжилттай хэрэгжсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө Монгол Улсын нийгмийн даатгалын үйлчилгээ хүнд сурталтай, явдал чирэгдэл ихтэй, ажилчдын хандлага тааруу байсан. Төслөөр дамжуулан олон улсад байдаг нийгмийн даатгалын үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, ISO-9001 авах хэмжээнд үйлчилгээний чанарыг сайжруулж ирсэн. Төслийн хүрээнд япон мэргэжилтнүүд Монголд ирж ажилласнаас гадна энэ салбарын ажилчдыг Япон руу сургалтанд хамруулж, туршлага суулгасан. Жилийн төлөвлөгөөтэй ажиллахаас гадна үйлчилгээний ажилчдад зориулсан гарын авлагатай болсон. Маш сайн үр дүн гарсан. Энэ дөрвөн жилийн хугацаанд мэдээж нийгмийн даатгалын салбарын бүх асуудлыг шийдэж чадаагүй. Гэхдээ үйлчлүүлэгч нэг цэгийн цонх дээр очоод бүх асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болсон.

Хоёрт, Сайд болон Отгонтөгс багшийн ярианд дурдагдсанчлан Монголд төрөлт багасч, хүн амын бүтэц, пирамид хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ дээр бид ямар тооцоолол, санхүүгийн дүн шинжилгээ хийж байх ёстой вэ гэдэг маш чухал. Үүнийг одооноос ярих ёстой. Энэ ажлын хүрээнд ЖАЙКА 2020-2023 оны хооронд нийгмийн даатгалын салбарын санхүүгийн дүн шинжилгээний практик ур чадварыг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. 2023 оны дата мэдээлэл дээр тулгуурлан бид тооцоо хийж үзсэн. 2023 оны байдлаар Монгол Улсын хүн амын 13 хувь буюу 380 мянган хүн 65-аас дээш насныхан байна. 2040 он буюу ердөө 17 жилийн дараа нийт хүн амын 17-оос 18 хувь 65-аас дээш настай болно. Өөрөөр хэлбэл, монголын хүн амын хөгшрөлт асар хурдацтай явж байна. Энэ дээр бид нийгмийн хамгаалал, халамж талаасаа бэлэн байна уу гээд тооцооллын асуудлууд тулгамдаж гарч ирсэн. Дээр дурдсан төслийг хэрэгжүүлсэнээр Монгол Улс төсвийн орлого, зарлагаа хэрхэн зөв удирдах, насны үечлэлээр хэрхэн хуваарилалт хийх, нийгмийн халамж болон тэтгэвэрийн бодлогоо хэрхэн тодорхойлох зэрэг дээр шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол хийх бүрэн боломжтой болсон. Энэ төслийн хэрэгжилт өнгөрсөн онд дууссан. 

Чиба Хисао: Би 2016 оноос хойш Монголд нийт найман жил ажиллаж байна. Энэ хугацаанд гурван төсөл дээр ажиллажээ. 2016-2022 оны хооронд хэрэгжсэн Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дэмжих, 2020-2024 онд хэрэгжсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, мөн одоо эхэлж буй Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг ахлан ажиллаж байна. Нийгмийн хамгааллын тогтолцоо яах аргагүй манай төсөлтэй шууд холбогддог. Эдгээр төслийг хэрэгжүүлэн ажиллаж байхад зорилтот бүлгийн хүмүүст халамжийн үйлчилгээ бүрэн дүүрэн хүрч чадахгүй байгааг хардаг. Ийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн хүмүүсийн нийгмийн оролцоо, эдийн засгийн бие даасан байдал хангалтгүй хэвээр байна. Цаашид нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог өөрчлөн сайжруулах, эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж хэлмээр байна. 

Монголыг бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад тодорхой хэмжээнд нийгмийн халамж, хамгааллын тогтолцоо бүрдэж чадсан, бэхжээд явж буй хэдий ч өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй байгаа. Тухайлбал, халамжийн үйлчилгээний агуулга, цар хүрээг сайжруулах шаардлагатай. Иймээс төслийн үйл ажиллагааны хүрээнд Энх-Амгалан сайдтай байнгын уялдаа холбоотой ажилладаг. Одоо хийх гэж байгаа салбарын өөрчлөлт, реформууд дээр ч хамтран ажиллана.

В.Ганзориг: Та бүхэн салбарын гол асуудлуудыг маш тодорхой томъёоллоо. Тэгвэл шийдэл талдаа яг ямар ажлыг ямар хугацаанд хийж өөрчилж чадах юм бэ? Энэ тал дээр юу төлөвлөж байна вэ?

Л.Энх-Амгалан: Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу тойрог болон намын жагсаалтаас сонгогдсон 126 гишүүнтэй, нийгмийн төлөөллийг нэлээд сайн хангаж чадсан УИХ болсон. Сонгуулийн үр дүнд МАН олонхи болж ялсан ч АН, ХҮН намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулан, 14 мега төсөл, бодлогын реформ хамтдаа хийхээр ажиллаж байна. Нийгмийн хамгааллын реформ хийх хувьсгалын тохироо бүрдсэн. Хамтарсан Засгийн газрын үед хийгдэх хамгийн том реформ тэтгэвэрийн шинэчлэл юм. Энэ өөрчлөлтийг энэ парламент хийхгүй юм бол нийгмийн даатгалын сан ирээдүйд маш том эрсдэлд орно. 2025 оны улсын төсвийн үеэр улстөрчдийн богино хугацааны шийдлээс болж манай нийгмийн даатгалын сан дээр 4,7 ихнаяд төгрөгийн шинэ ачаалал үүссэн. Зөвхөн 2025 оны төсөв дээр гэхэд л төсвөөс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг санхүүжүүлж буй дүн бараг 1,7 ихнаяд төгрөгт хүрлээ. Энэ тоо нэг ихнаяд төгрөгөөр жил бүр нэмэгдэхээр байна. Иймээс тэтгэвэрийн реформыг цаг алдалгүй хийх ёстой. 

Монгол Улс олон давхар тэтгэвэрийн тогтолцоо руу шилжихийг тэтгэвэрийн реформ гээд байгаа юм. Отгонтөгс багш ээжийнхээ кэйсийг ярьлаа. Ээж нь миний тэтгэвэр цагтаа буугаад амьдралд минь хүрэлцэх байгаа даа гэж буй шиг тэтгэвэр авч буй бүх ахмадууд ингэж санаа нь зовдог. Монгол хүн бүр адилхан санаа зовж байна. Өнөөдөр 380 орчим мянган ахмад тэтгэвэр авдаг. Эдгээр хүмүүсийн авч буй тэтгэвэр амьдралд нь хүрч байна уу гэвэл үгүй. Нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэрээ авдаг. Миний үеийнхэн буюу 50 гарч буй хүмүүс 10, 20 жилийн дараа тэтгэвэрт гарахад тэтгэвэрийн сангийн нөөц хүрэлцэх үү, өгч буй мөнгө нь амьдралд хүрэх үү? Шинэ үеийн залуус гарч ирж буй өнөө үед ирээдүйн Монголын тэтгэвэрийн сан ямар бүтэцтэй байх вэ гэдэг дээр маш их санаа зовж байна. Тийм учраас бидний сонголт бодлогын реформ хийх юм. 

Олон давхар тэтгэвэрийн тогтолцоо гэдэг нь суурь тэтгэвэрээс гадна албан журмын тэтгэвэрийн сан, нэмээд сайн дурын буюу хувийн тэтгэвэрийн сан зэрэг олон давхар тогтолцоог нэвтрүүлэх юм. Нөгөө талдаа параметр тооцох ёстой. Хэдэн наснаас тэтгэвэрт гарах уу, хэдэн жилээр тооцох ёстой, цалингийн хэдэн хувиар тэтгэвэрийг нь тогтоох уу гэх зэргээр параметрийн шинэчлэл хийгдэнэ. Энэ том реформыг энэ Засгийн газрын үед хийнэ. Хувьсгалын тохироо бүрдсэнээс гадна үүнээс өөр сонголт байхгүй. Энэ үед л өөрчлөлт хийхгүй бол хэтэрхий оройтно. 

Мөн халамжийн бодлогоо цэгцэлнэ. Тэр нь халамжинд зарцуулж буй мөнгөө багасгана гэхээс илүү зорилтот бүлэгт нь хүргэж, халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлана гэсэн үг. Хөдөлмөрлөх ёстой хүмүүсийг хөдөлмөрөөр дэмжих бодлого явуулна. Үүнийг дагаад халамжийн маш том реформ хийгдэнэ. Ингээд тэтгэвэр, халамж, хөдөлмөрийн бодлогын реформууд давхар хийгдэнэ гэсэн үг. Энэ бүхэн гэр бүлийн бодлого дээр суурилах юм. Давуу тал гэвэл бид Баялгийн сангийн хуультай болсон. Анхны хуримтлалын сан байгуулагдлаа. Энэ санг манай яам хариуцдаг болсон. Энэ сангийн анхны 490 тэрбум төгрөг иргэдийн данс дээр бичигдэн хуримтлагдах боломж нээгдсэн. Үүнийг бид иргэдээ орон сууцжуулах бодлоготой уяж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах гэж байна. Энэ оны 1 сарын 1-нээс эхлэн 17 хувийн шимтгэлийн хоёр хувийг иргэдийн нэр дээр данс нээгээд бодитой хуримтлал үүсгэж эхэлсэн. Энэ дүн оны төгсгөл гэхэд 200 орчим тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хуучин бол иргэдийн данс дээр хий бичилт хийж явдаг байв. Нэмээд тэтгэвэрийн нөөц сангууд гарч ирж байна. Мөн хуримтлалын сангууд ч үүсч байна. Үүнийг дагаад хувийн тэтгэврийн сангууд ч ирээдүйд олноор гарч ирнэ. Энэ бүх сангууд хөрөнгийн зах руу орж, урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид үүсэх юм. Ингэж байж одоо манай иргэдийн ярьж хүсдэг зээлийн хүү буурах бодит нөхцөл бий болно. Зээлийн хүү буурахаас гадна ипотекийн орон сууцны бодлого хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, хөшүүрэг үүсэх юм. Улмаар хөрөнгийн зах зээлийн тогтолцооны шинэчлэл явагдана гэсэн үг. Энэ бүх шинэ боломжууд бидний өмнө нээгдэж байна. 

В.Ганзориг: Хугацаа хэлнэ үү. Саяны хэлсэн ажлуудыг хэзээ хийж дуусгах юм бэ?

Л.Энх-Амгалан: ХҮН намтай их ойрхон ажиллаж байна. АН-тай ч ойрхон ажиллаж байгаа. Энэ намрын чуулган дээр би бүх хуулиудаа өргөн барих гэж байна. Маргааш УИХ-ын даргын дэргэдэх Бодлогын зөвлөл буюу бүх байнгын хорооны дарга нар орсон хурал дээр Гэр бүлийн хууль, Халамжийн хууль, Тэтгэвэр, Нийгмийн даатгалын тогтолцооны хууль, Сайн дурын тэтгэвэрийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийн хуулийн үзэл баримтлалыг танилцуулна. Өөдрөгөөр төсөөлбөл, 2025, 2026 он гэхэд тэтгэвэр, халамж, хөдөлмөр, гэр бүл, орон сууцны бодлогын шинэчлэл хийсэн байна. Гэр бүлийн бодлого гэдэг бол орон сууцжуулалт. Гэр бүлийн яам байгуулсаны давуу тал нь иргэдээ орон сууцжуулах боломж юм. Орон сууцтай иргэн урт хугацаанд тогтвортой ажиллаж амьдардаг учраас энэ бодлого манай яам дээр давхар ирж байгаа. Иймээс ирэх жилүүд нийгмийн тэгш буй байдлыг багасгасан бодлогын томоохон шийдлүүдийг хэрэгжүүлэх он жилүүд байх болно.

Б.Отгонтөгс: Энх-Амгалан сайдын ярьж байгаа гурван түвшний тэтгэвэрийн сан хамгийн зөв шийдэл болж байгаа. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь нам, засгийн асуудал болно. Энэ шийдэл зөв үү, үгүй юу гэдгийг эдийн засгийн онолын судалгаагаар аль 1911 онд Рамсэй гээд их залуудаа нас барсан эдийн засагчийн загвар гаргасан байдаг. Үе хоорондын залгамж холбооны загвараар параметрийг тооцдог. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрийн насыг 45, 50 эсвэл 60 наснаас тооцох уу, тэтгэвэрийн хувийг цалингийн 45 хувиар тооцох уу, үгүй юу гэдгийн хүн амын насны пирамид, макро эдийн засгийн нөхцөл байдал зэрэг бүх юмыг тооцож байж гаргадаг. Хуулинд энэ зөв параметрийг оруулах ёстой юм. Мөн иргэддээ үүнийг сайн ойлгуулж чадвал амжилттай хэрэгжүүлж чадна гэсэн үг. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНГОСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!

Сайд сая иргэдийн төлж буй 17 хувийн шимтгэлийн хоёр хувь нь хувь данс дээр нь байршиж эхэлсэн гэж хэллээ. 1999 онд 40 настай байсан хүмүүс нийгмийн даатгалын хуучин тогтолцоогоор тэтгэвэрээ авч байна. Манай ээж шиг өндөр настай социализмын үеийн хүмүүс цалинд тулгуурласан тэтгэвэрийн тогтолцоогоор тэтгэвэрээ авдаг. Бид шинэ тогтолцоо руу шилжээд 24 жил болж байна. Одоо үүний тэнцвэрийг олохгүй бол энэ чигээрээ яваад байж болохгүй болсон. Дээр хэлсэн хоёр хувийг яаж өргөжүүлж хэрэгжүүлбэл иргэддээ болон нийгмийн даатгалын сандаа үр өгөөж нь хамгийн өндөр байж болох тухай судалгаан дээр саяхан сууж байгаад гарч ирлээ. Энэ хувийг хөрөнгө хэрэгтэй байгаа зах зээл рүү шилжүүлж чадвал хувийн хэвшилд үр өгөөжтэй байхаас гадна оролцогч тал болгон хождог систем болох юм. 

Л.Энх-Амгалан: Одоогийн манай тэтгэвэр хуваарилалтын тогтолцоотой. Өнөөдөр бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээр ахмадуудын тэтгэвэрийг тавьж байгаа гэсэн үг. Эв санааны нэгдлийг тогтолцоон дээр явж байгаа нь энэ. Бид хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжихээр зорьж байгаа юм. Цаашаа бүтэн хуримтлалын тогтолцоо руу шилжинэ. Хуучин нэг хүний нийгмийн даатгалын шимтгэлээр гурван хүний тэтгэвэрийг тавьдаг байсан бол гурван хүний шимтгэл нэг хүний тэтгэвэрт хүрэхээ больж байна. Иймээс хүссэн хүсээгүй энэ шилжилтийг хийх ёстой. Зарим даатгалууд эв санааны нэгдлийн зарчим дээр явдаг. Жишээ нь, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг дурдаж болно. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүс ирээдүйд өөрийнхөө хуримтлалыг бүрдүүлж байна гэсэн үг. Тэр хүмүүсийн хуримтлалыг бид бусдын тэтгэвэр болгон тавьж болохгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Иймээс олон эх үүсвэрээс бүрддэг хагас хуримтлалын тогтолцооны шинэчлэл рүү шилжиж байгаа хэрэг. 

Б.Отгонтөгс: Нэмж нэг зүйл хэлэхэд одоо батлах гэж байгаа хуулиуд дээрээ ирэх 20 жилд хийгдэх өөрчлөлтүүдийг тусгаж өгөхгүй бол болохгүй. Учир нь сүүлийн үед богино цагаар ажилладаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. 2023 оны цаг ашиглалтын түүвэр судалгааг дөнгөж сая Статистикийн үндэсний хороо хийж дуусгасан. Бид өөрсдийгөө өдөрт дунджаар найман цаг ажилладаг гэж боддог. Гэтэл энэ хугацаа 4 цаг 28 минут болсон байна. Үлдсэн цагийг нь ажилдаа очих, буцахдаа зарцуулдаг. Хүмүүс ирэх 10, 20 жилд, ирэх зуунд нэг газраа найман цаг ажиллахгүй. Ажлыг богино хугацаагаар хөлсөөр хийдэг болно. Үүнийг Gig economy гэж ярьдаг. Хөлсөөр ажиллах гэрээгээр хийж байгаа ажил дээр бид нийгмийн даатгалын шимтгэл тооцох, түүнийг уян хатан тогтоох, нэмээд хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээл рүү хүчтэй орж байгаа, төрийн ажлыг хүн биш машин хийж буй нөлөөллийг хэрхэн зохицуулах ёстой вэ гээд маш нарийн бодох ёстой. 

Л.Энх-Амгалан: Энэ том шинэчлэлийг бид дангаараа хийхгүй. 2020-2023 онд актуарчийн чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлсэн тухай ЖАЙКА сая дурдсан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сантай бид олон жил хамтран ажилласан. Эдгээр байгууллагууд нийтдээ 27 удаа тэтгэвэрийн шинэчлэлийн бодлогын зөвлөмжүүд өгсөн байдаг. Бидний хийх гэж байгаа тэтгэвэрийн шинэчлэлийн бодлогын ирээдүйн төсөөллүүдийг Дэлхийн банкны экспертүүд PROST гээд тусгай програм дээр 2080, 2100 он хүртэлх төсөөллийг бодож, тэр үеийн макро эдийн засгийн байдал, ажилгүйдэл ба инфляцийн түвшин, хүн амын насжилт, 2030 оноос хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг эзлэх Z үеийн ажил эрхлэх сонирхол, нэг дор олон ажил хийх чадвар, зах зээл дээр гарч ирэх мега тренд ямар байх вэ гээд боломж, эрсдлийн тооцоог олон хувилбараар хийсэн байдаг. Энэ бүхнийг тооцож байгаад хамгийн зөв буюу одоо тэтгэвэр авч буй болон удахгүй тэтгэвэрт гарах гэж буй хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд дөнгөж ирээдүйн хуримтлалаа үүсгэж буй залууст эрсдэл үүсгэхгүйгээр тэтгэвэрийн шинэчлэлээ хийх ёстой. Тэтгэвэрийн шинэчлэл хийгээд алдсан улс орны жишээ бий. Маш амжилттай хийсэн улсууд ч байна. Иймээс Монголынхоо онцлогийг харгалзан, сайн тооцоо судалгаа дээр суурилж энэ өөрчлөлт хийгдэх учиртай. Энэ бол нийгмийн зөвшилцөл дээр суурилж хийгддэг ажил. Тэрнээс биш хэн нэг сайд, эсвэл аль нэг Засгийн газар гэхээс илүү энэ иргэн бүрт хамаатай асуудал учраас олон нам, нийгмийн олон янзын төлөөллийн зөвшилцлөөр тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэл хийгдэх ёстой. 

Чиба Хисао: Нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах олон арга байдаг. Тэр бүгдийг ярьвал өнөөдрийн нэвтрүүлгийн цаг хүрэхгүй. Иймээс энэ тогтолцооны цаана байдаг суурь ойлголтын талаар товч дурдмаар байна. Сүүлийн үед бид шаталсан татвар буюу орлогын дахин хуваарилалтын талаар нэлээд ярьж байгаа. Энэ хоёр ойлголтыг цогцоор нь хэрэгжүүлэх ёстой. Шаталсан татварын тогтолцоогоор өндөр орлоготой иргэдээс илүү өндөр, орлого багатай хэсгээс бага татвар авна гэсэн үг. Энэ тогтолцоог зөв хэрэгжүүлбэл төсвийн орлого нэмэгдэх боломжтой. Харин энэ нэмэгдэл орлогыг эргээд яаж зөв зохистой нийгэмд хуваарилах вэ гэдэг нь маш чухал. Энэ бодлогыг зөв хэрэгжүүлж чадвал нийгэм, эдийн засагт маш өндөр өгөөжтэй байдгийг хөгжингүй орнуудын жишээнээс харж болно. 

Орлогын дахин хуваарилалт гэхээр хүмүүс шууд бэлэн мөнгө тараах өгнө гэж ойлгоод байж магадгүй. Эсрэгээр тэтгэвэр, даатгал, нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг нийгэмд тэгш хүртээмжтэй хүргэх тухай ойлголт юм. Энэ бүх үйлчилгээ зөвхөн нийгмийн эмзэг бүлэгт зориулагдахгүй. Орлогын дахин хуваарилалтанд өндөр орлоготой иргэд ч хамрагддаг. Энэ тогтолцооноос нийгмийн бүх давхарга ашиг хүртдэг. Япон Улсын хувьд орлогын дахин хуваарилалтыг хийснээр бага орлоготой өрхийн тоо маш бага болж, дундаж орлоготой өрхийн тоо эрс нэмэгдсэн. Дундаж орлоготой өрхийн тоо өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгддэг. Иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэх нь хувийн хэвшил, компаниуд ашигтай байдаг. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой иргэдийн борлуулалтанд эерэгээр нөлөөлж, энэ бүлэг эргээд дундаж давхаргаа бодвол илүү татварыг улсад төлдөг. Шаталсан татварын тогтолцоо энэ маягаар нийгмийг бүхэлд нь эдийн засгийн эргэлтэнд оруулж өгдөг. Ийм учраас өндөр хөгжилтэй орнуудын ДНБ-ийн хэмжээ хөгжиж буй орнуудаас хамаагүй өндөр байдаг. Хэрвээ би Монгол Улсын аль нэг яамны сайд байсан бол шаталсан татвар болон орлогын дахин хуваарилалтын үйл ажиллагааг эхлүүлэх байсан. 

В.Ганзориг: Японы энэ загвар Монголд тохирох уу? Тохирох байсан ч бид энэ тогтолцоо руу шилжихэд бэлэн үү?

Б.Отгонтөгс: 2000 он хүртэл бид 10 хувийн татвартай байгаагүй. Одоо бид бүгд 10 хувийн татвар төлдөггүй буюу орлогын түвшингөөс хамаарсан шаталсан татварын системтэй гэсэн үг. Бүх хүн адилхан төлдөг жигд татвартай эдийн засаг биш. Ийм тогтолцоонд бэлэн байсан болоод ийм татварын системтэй явж байгаа хэрэг. Гэхдээ энэ 10 хувийн татварыг дундаж давхаргаас аваад, ядуу болон эмзэг давхаргаас 8 хувь, өндөр орлоготой бүлгээс 23 хувийг авч тухай ярьвал өөр хэрэг. Татварын хувь гэхээр 30, 40 гээд дандаа тэгш тоо яриад байдаг. 13.1 болон 27.8 хувь байж болдоггүй юм уу? Дээр ярьсан загварыг бодож явсаар байгаад эцэст нь эдийн засгийн параметрүүд голцуу сондгой тоонууд гардаг. Түүнийгээ улстөрчдөд өгөхөөр харж байгаад өө 15 хувь болгочихъё гээд хүчээр тэгшитгэдэг. Энэ хооронд асар том ялгаа гардаг. Зөв мэдлэг, мэдээллийг нь иргэдэд өгөөд энэ өөрчлөлтийг хийхэд манай нийгэм бэлэн гэж бодож байна. Угаасаа бид шаталсан татвартай системд амьдарч байгаа. Гэхдээ 10 уу эсвэл 13.8, үгүй бол 27.8 хувь уу гэдэг байна. Энэ хувийг яг оновчтой байдлаар тооцоог нь хийгээд гаргаж болно. 

Л.Энх-Амгалан: Татварын бодлого эдийн засгийн бодлоготойгоо уялдаж явах ёстой. Хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн татварууд бий. Хамгийн гол нь татвар төлөгчдийн тоог өсгөх асуудал юм. Хүн бүр татвар төлдөггүй, зарим нь тогтмол төлж байхад зарим нь огт төлөхгүй явдаг тэгш бус байдал үүссэнээс одоогийн суурь асуудал үүдэлтэй. Монголд 90 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 50 мянга байдаг. Энэ 50 мянгаас ажилчдынхаа НДШ-ийг төлдөг 30-аас 40 мянга байдаг. Энэ мэтээр татварынхаа бааз суурийг өргөтгөх ёстой. Хамгийн гол зүйл Монголд бүтээмжийн асуудал болж таардаг. Хүн бүр өндөр цалин авахыг хүсдэг. Нөгөө талд яагаад бид хүн бүрт өндөр цалин өгч чадахгүй байгаа вэ гэхээр бүтээмжтэй холбоотой болж таардаг. Иймээс манай эдийн засгийн бодлого бүтээмж рүү чиглэх ёстой. 

Өнөөдөр Монголд уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи гээд өндөр цалинтай салбарууд бий. Ийм өндөр бүтээмжтэй салбаруудыг солонгоруулах ёстой. Бид дөнгөж 3.5 сая хүн амтай боловч 1.2 сая хүн л ажил хөдөлмөр эрхэлдэг. Хөдөлмөрийн зах зээл байнгын хомсдолтой байдаг. Үүнийг 100 хувь халамжаас болсон гэж хэлж болохгүй. Бага төрөлтийн үед буюу 1990-2005 оны хооронд нэг жилд бараг 15-аас 20 мянган хүүхдийн төрөлтийг бид алдсан. Энэ бага төрөлтийн үеийн алдагдсан боломжийн өртөг өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр 250-аас 300 мянган хүнээр хомсдол бий болгож байна. Нэмээд 200 мянган монголчууд гадагшаа гараад явчихсан. Ингээд нийт 500 мянган хүнээр хөдөлмөрийн зах зээл сох дутахаар бодит хомсдол үүсч буй хэрэг юм. Эдгээрийг тооцож, сайн уялдуулж байж эдийн засгийн бодлогоо зөв авч явна. Энэ бодлого зөв байвал иргэд орлоготой болно. Иргэд орлоготой болохоор аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татвар төлөх эдийн засгийн хөшүүрэг үүснэ. 

Мияаги Кэнсүкэ: Нийгмийн хамгааллын бодлоготой холбоотой ЖАЙКА цаашид Монголд ямар ажлууд хийхээр төлөвлөж буйгаа яръя. Олон шийдэл байж болох ч бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдын хийх гэж байгаа ажлыг ард иргэд хэр сайн ойлгож, хэр сайн мэдээлэлтэй байгаагаас хамаарч үр дүн нь хэмжигддэг. Сая манай Чиба мэргэжилтэн шаталсан татварын тогтолцооны талаар ярьлаа. Энэ тогтолцоог Япон Улс 1800 оноос эхлэн авч хэрэгжүүлсэн. Үүнийг бид анх Европын улс орнуудаас авч нэвтрүүлсэн. Тэрнээс хойш 100 гаруй жилийн хугацаанд шинэчлэх, сайжруулах, Японы онцлогт тохируулах олон ажлыг хийсэн. Энэ системийг анх нэвтрүүлж байхад хүн болгон алга ташиж сайнаар хүлээж аваагүй. Маш их хэлэлцүүлэг хийх, олон нийтэд мэдээлэл түгээх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн. Одоог хүртэл татварын систем маань маргаантай сэдэв хэвээр байсаар л байгаа. 

Саяхан Японд шинэ Засгийн газар байгуулагдсан. Шинэ Засгийн газрын бодлого болон улстөрчдийн маргааны сэдэв өнөөдөр Японд татварын шаталсан тогтолцоо болж гарч ирж байна. 1800 он бол Мэйжигийн хувьсгалын үе байсан. Энэ үед баримталж байсан бодлого нэлээд амжилттай хэрэгжсэн байдаг. Үүний нөлөөгөөр Японы эдийн засаг өнөөдөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээгээ алдахгүй явж байна. Энэ түвшинд хүрэхийн тулд бид гаднаас авсан бодлого, хөтөлбөрүүдийг шууд тэр чигээр нь хуулж хэрэгжүүлээгүй. Янз бүрээр туршиж, өөрийн орны онцлогт таарч, таарахгүйг мэдсэний дараа нутагшуулсан. 

ЖАЙКА буюу Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа хөгжиж буй улсууд дээр төвлөрч явагддаг. Процессийн хувьд тухайн улс орнуудын тавьсан хүсэлтийн дагуу Япон Улс техникийн болон бодлогын хамтын ажиллагааг эхлүүлдэг. Дээр миний дурдсан Говь үйлдвэр, ТЭЦ-4 төслийн хамтын ажиллагааны үеэр дэд бүтэц төдийгүй менежментийн хамтын ажиллагаа хэрэгжсэн. Одоо шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг гэх мэтээр хамтын үйл ажиллагааны салбар өргөжиж байна. Цаашид ч олон салбар дээр хамтран ажиллахад бидний зүгээс бүрэн нээлттэй байгаа. 

Бидний нэвтрүүлгийг үзэж буй хүмүүс нийгмийн хамгаалал гэдэг чинь ямар төвөгтэй сэдэв юм бэ гэж бодож байхыг үгүйсгэхгүй. Сайн ойлгохгүй байж ч магадгүй. Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал гэдэг нь хувь хүний хариуцлага, өөрийн хичээл чармайлтаар даван туулахад бэрхшээлтэй эрсдлийг даван гарахыг нийгмийн бүхий л шатанд дэмжин, хувь хүний бие даах чадвар, гэр бүлийн чадавхийг дэмжсэн, эрүүл бөгөөд аюулгүй тайван амьдралыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа юм. ЖАЙКА-гийн гол үзэл санаа хоёр зүйл дээр тогтдог. Эхнийх нь хүний аюулгүй байдал бол хоёр дахь нь бүтээмжинд суурилсан хөгжил юм. Хүний аюулгүй байдал гэдэгт нийгмийн хамгаалал, эрүүл мэнд цогцоор багтана. Хөгжил бүтээмжээр хэмжигдэх ёстой. Бүтээмж сайн байж гэмээнэ тогтвортой, урт хугацааны хөгжлийн тулгуур болдог. 

Маш олон бодлогын шинэчлэл, реформуудыг хийх гэж буйгаа Энх-Амгалан сайд яриандаа дурдсан. Эдгээр өөрчлөлтийг хийхээсээ өмнө иргэд маань ямар ойлголттой байгааг мэдэж, жигд мэдээлэлтэй байхын тулд олон талт хэлэлцүүлэг явуулах, соён гэгээрүүлэх ажлуудыг бодлого, хөтөлбөртөө оруулах нь маш чухал гэж бодож байна. Гэр бүлийн яам болсон гэдгээ мөн сайд хэлсэн. Энэ холбоо үгийг жижиг хүрээгээр харбал нэг өрх болох хэдий ч том зургаар нь харвал Монгол Улс өөрөө нэг гэр бүл юм. Бодлогоо ингэж харж хэрэжүүлбэл илүү амжилттай хэрэгжих болов уу. Гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн чиглэлд Япон Улсын дэмжлэг, хамтын ажиллагааг хүсвэл бидний зүгээс хамтрахад бэлэн байна.

В.Ганзориг: Хувийн хэвшил татвартай холбоотой асуудал дээр сэтгэл дундуур байдаг нь надад анзаарагддаг. НДШ бол хуульчлагдсан дээрэм гэж хүртэл нэг бизнесмен хэлсэн. Нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой хийх гэж буй реформын талаар хувийн хэвшлийнхэн, татвар төлөгчид, шийдвэр гаргагчид, олон нийт, бусад намын нөхөддөө та бүхний зүгээс онцгойлон захиж хэлэх зүйл юу байна вэ?

Л.Энх-Амгалан: Манай Засгийн газрын хийх гээд байгаа 14 мега төсөл ба бодлогын реформын хамгийн том нь тэтгэвэрийн шинэчлэл юм. Эвслийн Засгийн газар байгуулсан дээрээ энэ тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой. Тэтгэвэрийн шинэчлэл хүн бүхэнд хамаатай асуудал. Иймээс хүн бүрийн эрх ашигт нийцсэн шинэчлэлийг хийх болно. Дараагийн асуудал халамж. Бидний өнөөдрийн ярилцлагын сэдэв ижил болон тэгш боломжийн тухай байгаа. Хүн бүр гутал өмсөх ёстой бол хүн болгонд гутал тарааж өгөх нь Equality буюу ижил боломж. Харин хүн бүрийн хөлөнд таарсан гутлыг нь өгөх Equity буюу тэгш боломж. Халамж яг ийм байх ёстой. Хавтгайрсан халамжийг багасгаж, хүртээмжтэй, хүн бүрт ижил тэнцүүгээсээ гадна тэгш боломж олгосон гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. 

Б.Отгонтөгс: Шаталсан татвар оруулах нь зөв. Төсвийн урт хугацааны тогтвортой байдалд энэ маш чухал. Монголын татвар өндөр байна, татвар төлөхгүй, татвар муухай гэж ярьдаг бизнес эрхлэгчид ховор. Тэдний төлж буй татвараар манай нийгэм хөдөлж буйг тэд ойлгож байгаа. Энэ татварын мөнгөөр л зам, гүүр баригдаж, эрчим хүч үйлдвэрлэгдэж, цэцэрлэг, сургууль ажиллаж байгаа. Нийтийн бараагүйгээр ямар ч бизнес явахгүй. Хувийн компани тэгж чадахгүй. Харин хураасан татвараа төр авлигагүй, яг иргэдийнхээ төлөө, бүх хүнд таарсан бодлогын дагуу зөв хуваарилах нь чухал. 

Татвар, нийгмийн даатгал, халамжийн бодлого дээр бидний орхигдуулаад байгаа жендерийн бодлогыг сайтар авч үзэх хэрэгтэй. Жендерийн бодлого гэхээр эмэгтэйчүүдэд илүү өг гэсэн үг биш. Жишээ нь, эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү Монголд 9.8 жил байдаг. Өөрөөр хэлбэл, дундаж эрэгтэй хүн эхнэрээсээ 9 жилийн өмнө нас бараад байна. Энэ нь гэр бүлд маш хэцүү нөхцөл байдлыг үүсгэдэг. Гэтэл тэр эрэгтэй хүн насаараа НДШ төлсөн байдаг. 60 насандаа тэтгэвэрт гараад 62, 63 насандаа нас барьж байна. Зарим нь 58, 59 насандаа бурхан болдог. Иймээс эрэгтэйчүүдийн тэтгэвэрийн хувьд тодорхой хугацааг харгалзсан уян хатан параметр тогтоож болох юм. Эмэгтэйчүүд бага дүнтэй боловч эрчүүдтэй харьцуулбал урт хугацаанд буюу 9.8 жилээр илүү тэтгэвэр авдаг. Тэгэхээр эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрийн нөхцлийг адилхан тогтоох ёстой юм уу? Equity буюу тэгш түгээмэл гэдэг ойлголт энд гарч ирж байна. Иймээс нийгмийн даатгал болон халамжийн бодлого дээр жендерийн байдал, зөрүү, ирэх жилүүдийн насжилт, төрөлт ба нас баралтын түвшин, залуучуудын гэр бүл болохгүй байх хандлага зэргийг маш нарийн тооцох ёстой. Ийм шинэчлэлийг жил болгон хийхгүй учраас нэг хийж байгаа дээрээ маш сайн алсыг харж хийх учиртай. 

Чиба Хисао: Би яриандаа шаталсан татвар ба орлогын дахин хуваарилалтын тогтолцоо зэрэгцэн явах ёстой гэж дурдсан. Шаталсан татвар улсын төсвийн бүрдүүлэлтэнд эерэг нөлөө үзүүлэх хэдий ч энэ нэмэлтээр цуглах орлогын дахин хуваарилалтын маш зөв хийх ёстой. Иймээс энэ талаар олон удаагийн хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй. Энэ системийг амжилттай хэрэгжүүлж чадвал бага орлоготой иргэдийн тоог багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр нийгмийн бүхий л оролцогч энэ тогтолцооноос өгөөж хүртэж чадна. Дундаж орлоготой өрхийн тоо өсөхийн хэрээр орон сууцанд орох иргэдийн тоо нэмэгдэнэ. Энэ хэрээр агаарын бохирдол буурна. Улмаар нийгмийн бүх бүлэг энэ тогтолцооноос өгөөж хүртэнэ гэсэн үг. Иймээс орлогын дахин хуваарилалттай холбоотой цуврал хэлэлцүүлгүүдийг нийгмийн олон талыг оролцуулан заавал хийх ёстой гэж бодож байна. Монголд найман жил ажиллаж амьдрахдаа би нэг зүйлийг анзаарсан. Тэр нь төр, засгийн зүгээс хууль, тогтоомжоо эхэлж баталж гаргачихаад тэрийгээ мөрдүүлэхийг хичээдэг. Эсрэгээр хууль, журам батлахаас өмнө ямар зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар иргэдтэй харилцан хэлэлцэж, ярилцан зөвлөлдөж байж гаргавал хэрэгжилт тал дээрээ хамаагүй үр дүнтэй болно. 

Мияаги Кэнсүкэ: Нийгмийн хамгааллын бодлого ард иргэдтэй салшгүй холбоотой. Иймээс үүнтэй холбоотой хууль тогтоомжийг иргэдийн хэлэлцүүлэггүй хийх нь утгагүй бөгөөд иргэдээс бүх зүйл эхлэлтэй байх ёстой. Юу юугүй хууль батлачихаад тэр хуулинд нийцүүлж ажиллахаас илүүтэйгээр ард түмнээс гарч буй дуу хоолой дээр суурилан бодлогоо хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй ажил болдог. Энэ нэвтрүүлгийг үзээд сууж буй иргэн энэ сэдвийг надад хамаагүй асуудал гэж үзэхгүйгээр би ер нь нийгмийн хамгааллын асуудал дээр юу хийх ёстой вэ гэж нэг бодоод үзэх хэрэгтэй. Иргэн бүр энэ асуудал бол анхаарлаа хандуулж, сонирхож цаашаа судалж үзэх ёстой. Хүний аюулгүй байдал болон бүтээмжтэй хөгжлийн тухай би дээр дурдсан. 

НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг философитой буюу хүртээмжтэй нийгмийн төлөө боловсруулагдсан. ЖАЙКА буюу Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зорилго ч яг адилхан. Иймээс Монгол Улс ч гэсэн энэ үзэл баримтлалын дагуу бодлогоо хэрэгжүүлээд явбал илүү үр дүнтэй байх болов уу гэж харж байна.