Өндөр гэгээн Занабазар “Цагийг тохинуулагч залбирал” (төвд: Жинлав цогзол) хэмээх номоо “эвдэрч үл дуусах сав ертөнц, энэлж үл дуусах шим ертөнцийн” бэрх сорилтон дунд зохиож, зон олноо зовлон гамшгаас гэтлэхэд нь туслах авралын дуудлага болгон гэрээсэлжээ. “Гадаад цагийн хүрд дотоод цагийн хүрдэнд харгалзана” гэж Цагийн хүрдний тантар-т өгүүлдэг. Дотоод цагийн хүрд гэдэг нь бидний бие, сэтгэлийн далд үелзэл юм. Дотоод ахуйн хямралаас гадаад цагийн хүрдний хямрал буюу дайн дажин, өвчин тахал, байгалийн элдэв гамшиг шалтгаалдаг. Тийм учраас цагийг тохинуулахын уг үндэс нь өөрсдийн дотоод ахуйг тохинуулах явдал гэж Өндөр гэгээн маань болгоожээ. “Амны бэлгээс ашдын бэлгэ”, “Санаа зөв бол заяа зөв”, “Олны буян оломгүй далай” гэхчлэн өвгөдийн сургаалыг гэрч болгож, уг номыг олноороо уншиж ухаарч, залбирч бясалгавал айл гэрээс аваад улс орон хүртэл амар төвшин байхын адис ерөөлтэй хэмээн үе үеийн өтгөс мэргэд захисан тул үг, утгын өчүүхэн тайлал хийж өргөн түмэндээ толилуулъя. 

Адистидийн дээдийг хайрлагч язгуур уламжлалын багш,
Агуу шидийн хурыг буулгагч амарлингуй, догшин ядам,
Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусанд
Ариун гурван үүдний чин бишрэлээр мөргөе.

Очир хөлгөнд багш, ядам хийгээд дагинас сахиусыг авралын гурван орон гэж дээдэлдэг. Эхний шадад багш дээдэстээ залбирчээ. Номын мөрд биечлэн хөтөлсөн багшийг язгуурын багш гэдэг. Ариун номыг уламжилсан өмнөх үеийн багш нарыг уламжлалын багш гэнэ. Адистид гэдэг нь дээд сүр хүчээр хувиргах гэсэн утгатай. Гэгээн багш нар бидний оюун санааг билгүүн энэрлийн хүчээр сэрээж сэхээдэг учраас “Адистидийн дээдийг хайрлагч” хэмээн сүсэглэюү.

Удаах мөрөнд ядам бурхдад залбирчээ. Ядам гэдэг нь сэтгэлийн дээд шүтээн гэсэн утгатай үг. Дандарын бясалгалд дотоод бурхан чанараа ядам бурхадын дүрээр ургуулан бясалгадаг. Уур хилэн, шунал хүсэл тэргүүтэн сөрөг сэтгэлийг билгүүн чанарт хувиргах уран аргын үүднээс ядам бурхад амарлингуй, догшин олон янзын дүртэй. Өөрийгөө бурхан лугаа нэгэн чанарт уусан хайлтал бясалгах явцад дотоод эрдэм билиг маань тодордог. Түүнийг “шид” гэсэн үгээр илэрхийлжээ. ”Бүтээл” гэсэн утгатай Сиддхи хэмээх самгарьд үгийн монголжсон дуудлага. Хамгийн агуу шид бүтээл нь цаглашгүй энэрэл хайр, билгүүн ухаан билээ.

Гурав дахь мөрөнд дагинас, сахиусанд залбирч байна. Үнэний замд өмөг түшиг болох тэнгэрлэг бүх хүчийг энд багтаажээ. Гурван үүд гэдэг нь бидний үйл хэргийг үүтгэгч бие, хэл, сэтгэл гурав. Биеэрээ сөгдөн мөргөж, хэлээрээ өлзийг өгүүлж, сэтгэлээрээ сүслэн бишрэх нь гурван үүдний мөргөл юм. Дээдэд залбирч мөргөснөөр бие, хэл, сэтгэлийн нүгэл ариусч, зовлон бүхний үндэс болдог би-г баримтлах үзэлд ерөндөг болно. 

Олон зүйлээр бэлтгэж, сэтгэлээр хувилгасан тахилыг
Огторгуйн түгээмэл энг огоот дүүргэн өргөе.
Орчлон тэргүүлшгүйгээс хураасан алдас уналаа наманчилж,
Олон эгэл ба хутагтын буянд даган баясъя.

Идээ ундны дээж зэрэг бодитоор бэлдсэн тахил, тэр бүхнээ хязгааргүй огторгуйд түгсэн рашаан далай болгон бясалгаж багш бурхад лугаа хамаг оршихуйд өргөх нь үгүйрэл гачлангийн үндэс болсон харамч шунахай сэтгэлийн муу үрийг арилгах арга. Үйл үрийн хуулиар аюул зовлон бүхэн нүглээс үүддэг, амар жаргал бүхэн буянаас үүддэг. Буян, нүглийн ялгаа зөвхөн сэтгэлд бий. “Орчлон тэргүүлшгүй” гэсэн нь шалтгаан, үрийн хязгааргүй орчлыг сануулж байна. Сэтгэлд агуулагдсан нүглийн үрийг ухаарлаар ариусгаж, буяны үрийг талархал, баяслаар тэтгэх учрыг удаах мөрөнд өгүүлжээ. “Эгэл ба хутагтын буянд” гэдэг нь гэгээрсэн, гэгээрээгүй бүх төрөлхтний сайн сайханд баясаж талархана гэсэн үг. Чин зүрхний талархал нь хэрүүл тэмцэл, тамын үндэс болдог атаа жөтөө, атгаг хорын сэтгэлээс чөлөөлнө.

Гүн дэлгэр номын хүрдийг өнөд эргүүлэхийг айлтгаж
Гүр орчлонгийн эцэс хүртэл бат оршихыг залбиръя.
Ганц үүгээр жишсэн хамаг буяны цогцоор
Гайхамшигт гурван цагийн бурхад бодьсад ерөөсөнчлөн

Алдуурч төөрсөн бүгдийн мунхгийн харанхуйг арилгаж,
Аливаа бүхнийг тольдогч билгийн гэгээг мандуулъя.
Асар хэтэрхий цөвийн балар харанхуй бүрхсэн
Аймшигт муу цагийн амьтан бүхнийг ивгээ.

Бурхадын сургаал номыг “гүн, дэлгэр” хэмээх хоёр үгэнд товчилжээ. Үнэмлэхүй үнэн буюу хоосон чанарыг заасан сургаалыг “гүн” гэж хэлдэг. Харьцангуй үнэн буюу ертөнцийн олон хэмжээсэнд задран дэлгэрсэн шалтгаан, үрийн сургаалыг “дэлгэр” гэж хэлдэг. Зүрхний үүдээ нээж, урин дуудсан залбирлаар л сүнсний цангаа тайлах номын рашааныг хүртэх хувьтай хэмээн Гэгээнтэн бидэнд сануулж байна.

Мөргөл, тахил, наманчлал, даган баясал, айлтгал, бат оршил өргөх, буян зориулгыг Долоон гишүүт залбирал гэдэг. Нүглийг ариусгаж, буяныг дэлгэрүүлэх товчоон юм. “Гурван цагийн бурхад бодьсадын ерөөсөнчлөн...” гэж тодотгожээ. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэгээрэгч энэ зам мөрийг дагадаг гэсэн үг. Их нигүүлсэнгүй сэтгэлээр ертөнц дахинд билгийн гэгээг түгээхийн төлөө буян бүхнээ зориулжээ. Чин зүрхний ийм залбиралд хамгийн хүнд үйлийн үр ч агшин зуур устдаг гэж судар номд өгүүлсэн буй.

“Бүхнийг тольдогч билиг” гэдэг үгийг бяцхан тодруулъя. Энэ бол хир түйтгэр бүхнээс ангид цэвэр огторгуйлаг ухамсар юм. Өндөр гэгээн “өөрөө тодрох билгийн гэгээ” гэсэн утгатай своёмбу (соёмбо) гэдэг үгээр мөн томьёолж байв. Тэгш амгалан ажиглагч буюу гэрчлэгч ухамсартаа орших тусам төөрөгдлийн манан сарниж, зам мөр – жам ёс өөрөө тодрох ажээ. 

Эгэл нисванисын муу үр цагтаа боловсорсон
Элдэв зовлонгийн түймэр бүхэн аяндаа амирлаад
Эсрэг тэсрэгийн өс арилан, энэрэл хайраар найрамдаж
Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо.

Гай зовлонгийн шалтгааныг гаднаас биш, дотроосоо хайхыг эхний мөрөнд сануулжээ. Тухайн нөхцөлд биднээс хамааралгүй дээрээс бууж, дэргэдээс нэрвэж байгаа мэт харагдавч үйлийн үрийн жам ёсоор уг учиг нь өөрсдийн сэтгэлд агуулагдсан нисванис буюу сөрөг эрчмийн үр хөврөл цаг нь болж, нөхцөл нь бүрдэхэд илэрч буй хэрэг. Тийм учир дотоод ариусал, энэрэл билгийн хүчээр л харыг сүлж, хатууг аяраана хэмээн Гэгээнтэн захижээ. 

Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун, аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтун
Хэдүй эртний тангаргаа бүү огоор, бүү огоор
Хэрхэвч сааталгүй биднийг түргэнээс түргэн авар.

Чингэхдээ дээд хүчнээс тусламж гуйн залбирч байгаа нь мөнөөх шалтгаан, үрийн хуулинд зохирч буй хэрэг. Ухаарал, сэхээрэл, энэрэл хайрын эерэг хэлбэлзэлд өөрөө оршиж гэмээ нь түүнийг тэтгэн дэмжих Оршихуйн хүч ажиллаж таарна. “Ертөнц сэтгэлд хөтлөгддөг” гэсэн энгүүн үгээр энэ үлэмж гүн утгыг Дармапада сударт өгүүлжээ. “Үнэний мөрийг дагасан хүнийг бид үргэлж сахин хамгаална” гэж бурхад, сахиусан тэнгэрүүд андгай тангараг өргөдгийг олон судар номд эш үзүүлсэн буй.

Бурхан шашны наран арван зүгтээ мишээж
Буй бүх амьтан амгалангийн цогийг эдлээд
Бузар түйтгэрийг арилгаж, буяны чуулган төгссөн
Бурханы гэгээн хутагт бушуу хүрэх болтугай.

Чухаг дээд багш гурван эрдэнийн адистид,
Чухам үнэн чанар, шүтэн барилдлагын хүч,
Чуулсан бидний сүсэг, номын сахиусны үйлсээр
Чухал санасан бүгд сэтгэлчлэн бүтэх болтугай.

Зөв зүйтэй хүсэл эрмэлзэл маань сэтгэлчэн бүтэхийн учир зүйг эдгээр мөрөөр илэрхийлжээ. Үнэний хүчинд үл эргэлзэх чин итгэлээр лугшиж гэмээ нь бидний залбирал Оршихуйн таалал лугаа нэгэн хэлбэлзэлд орно. Бядуу ухааны нүдэнд таатай, таагүй элдэв өнгөөр харагдавч билгийн мэлмийд улам улмаар хөгжин дэлгэрэх амьдралын зам мөр тэр буюу.

Аврал бүхэн хурсан ачит багшийн адистидаар
Ахуй үес хийгээд хэтийн доройтол амирлаад,
Аяндаа үүдэх сансар, нирвааны сайн сайхан бүхнээр
Ашид цэнгэхийн өлзий хутаг орших болтугай!


- АГНИСТЫН ГЭГЭЭ