Ингэж хэлэх шалтгаан байгааг нийслэлчүүд бид мэднэ. Нийслэлийг коммунистууд  ээлжгүйгээр дангаараа  удирдахдаа юу болгож хувиргав. Ямар ч зохион байгуулалт байхгүй, төлөвлөлтгүй явж ирсэн нийслэл маань хаяагаа тэлэхгүй нэг цэгтээ бөөгнөрч, үүнийгээ дагаад машины түгжрэл, утаа, хог, хаа сайгүй хагарч яйрсан зам, харанхуй гудамж гээд дэлхийн ямар ч нийслэлд байхгүй дүр зураг бий болсон. Энэ бүхнээс болоод иргэд нь хүртэл ямар их уур бухимдалтай байдаг гээч. Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт байнга зөрчигдөнө. Дунд сургуулийн бага ангийн хүүхэд хичээлдээ явж байгаад траншейнд унаад үхчихэж байна. Хөгшин хүн Сүхбаатарынхаа талбай дээр хальтирч унаад хөлөө хугалчихаж байна. Зун бороонд хүмүүс живээд үхчихнэ. Агаарын бохирдлыг бууруулах 500 тэрбум төгрөгийн төсөвт утаагүй зуух нь дэлбэрээд хүн үхээд байдаг. Утаа, шороо тоосноос  болж хичнээн нь бас үхэж байгаа бол. Өөрөөр хэлбэл төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд амь насаа алдах нь дэндүү их болж байна. Удирлагуудынхаа буруутай, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болоод энх цагт дайны үеийнх шиг иргэн нь гэмтэж бэртэн, үхэж үрэгдэж байдаг нийслэлтэй улс дэлхийн хаана ч алга. Гэвч коммунист удирдлагууд нь энэ олон хүний амь эрсдэж байхад хэзээ ч хариуцлага хүлээсэнгүй. Хүний амины төлөө хариуцлага хүлээдэггүй юм чинь нийслэлийн өнгө төрх муу муухай байгаагийн төлөө юу гэж хариуцлага хүлээхэв. Ингэж явсаар бид хичнээн ч жилийг ардаа орхив.



Гэр хорооллыг барилгажуулж, хотыг утаанаас салгах юм болсон. Энэ яриа нь олон ч хотын даргын нүүр үзлээ. Барилгажуулах төсөл буюу Долдугаар хороолол гээч нь үнэн чанартаа томоохон компаниудад иргэдийн газрыг булааж өгөх, өмчийг нь үнэгүйдүүлж, барилгын компаниудад газар олгож байгаа л хэрэг. Үүнийгээ утааг багасгаж,  иргэдээ орон сууцжуулж байгаа гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ газрыг нь булааж аваад нэг хороолол барьчихаар гэр хороолол тэр чигтээ байхгүй болоод Улаанбаатар утаагүй болчихно гэвэл жинхэнэ үлгэр болно. Гэр хороолол байгаа цагт утаа байж л байна. Багасгалаа, багасгалаа гээд байхгүй болгож амжихгүй. Утаагүй зуух өгч, орон сууц   барилаа гээд үүнийг тэр чигт нь шийдэж чадахгүйг энэ олон жил утааны тухай ярьсан үлгэр, бодит амьдралын зөрүү хоёроос бид ойлгосон. Нийтийн орон сууц хичнээнийг барьсан ч цаана нь тэдгээр орон сууцанд багтаж чадахгүй гэр хорооллынхон байсаар байна. Тиймээс коммунистуудын яриад байгаа зүйл бүтэшгүй гэдэг нь ойлгомжтой. Угаасаа ч бид өнгөрсөн он жилүүдэд нийслэлийг ямар байлгасныг нь тайлбаргүйгээр мэдэж байгаа шүү дээ.

Нийслэлийг тэлж, утаанаас ангижирч, хүн шиг амьдрах боломжийн талаар  Э.Бат-Үүл гишүүн яриад байгаа. Түүний ярьснаар бол  хотын зах руу шуудуу ухчихад л болоод явчих юмыг яагаад хэрэгжүүлдэггүй байсан юм  бол. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл гэр хорооллын хашааны газрыг инженерийн шугамтай холбож, амины тохилог орон сууц бариулаад суучихвал болчих тухай тэрээр санал дэвшүүлсэн. Ингэж гэр хорооллын хөрвөх үйл явц улс орнуудад хөгжил авчирчээ. Дээр нь орон сууцны үнийн хөөрөгдөл эх адаггүй нэмэгдэхээ болих юм. Тэгээд ч нийтийн орон сууц барих нэрээр нэг хэсэг компанийн бизнесийг дэмжих зорилгоор иргэнийхээ газрыг булааж авна гэдэг бол цэвэр дээрмийн шинжтэй үйлдэл юм. Тэр байтугай хотын дарга Долдугаар хороог босгох гээд байгаа Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрээс барилгын компаниудыг газар худалдаж авахгүй байхыг үүрэгдээд байгаа. Тэртэй тэргүй дээрэм хийж авч байгаа хойно арга ч үгүй биз.   

Угаас газраа өгөхгүй байх нь хувь хүний хэрэг шүү дээ. Хотын А зэрэглэлийн бүсэд хэдэн тэрбум хүрээд байгаа газрыг нь дээд тал нь хоёр өрөө байрны мөнгөөр буюу    29-40 кв метр талбай бүхий байраар сольж авч эхэлж байгаа. Хотын төвийн өндөр үнээр бизнес болгон дамалж, өгөлцөж, авалцдаг газрыг хувь иргэнээс нэг метрийг нь 100 мянгаар тооцож  авч байгаа хэрнээ суурин дээр нь орон сууц бариад нэг метр квадратыг нь хоёр саяар л зарах жишээний байгаа шүү дээ.

АН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн газрыг төрөөс баталгаажуулж, үнэ тогтоох тухай Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатарын оруулсан санал тусгагдсан байна лээ. Ингэвэл иргэдийн өмчилж авсан газар  үнэ цэнэтэй болох  юм. Тэгвэл хэн дуртай нь өмчийг үнэгүйдүүлж булааж аваад байхгүй.

Ер нь гэр хороолол руу дэд бүтэц барихгүй байгаа нь ердөө л улс төр бизнесийн л эрх ашиг болохоос болохгүй юм байхгүй. Харин ч орон сууц барьснаасаа илүү хямд өртөгтэй байгаа. Дээр нь хувийн хаус бол иргэн байгаль хоёртоо илүү өлзийтэй байдаг. Хүн байгальтайгаа шууд харьцана, өөртөө таатай орчинг бий болгох боломжтой. Нийтийн орон сууцанд бол нийтийн л эрх ашигт захирагдана шүү дээ. 

Хотын зах руугаа нэг шуудуу ухчихаад, халуун хүйтэн усыг нь холбоод, дэд бүтцийг нь шийдчих ухаан  өдий болтол толгойд нь орж ирдэггүй юм уу гэвэл үгүй.  Зөвхөн хүсэхгүй л байсандаа байгаа юм. 

Ингэж дэд бүтцийг шийдэх ажил ч элдэв тендер гэхээсээ илүүтэй ажилгүй суугаад байгаа хэдэн нөхдүүдээр ухуулчих л нүх шүү дээ. Ингэж жорлонгийн шуудуу ухаад л хотоо тэлээд, утаанаасаа салах боломж байна. Гэтэл коммунист удирдлагууд нь хотыг тэлэх бодлого явуулсангүй.

Харин үүнийг Үүл баатар гарч ирээд хийе гэлээ. Ингэж чадвал нийслэлийн оршин суугчдын хэт төвлөрөл багасах юм байна.

Гэр хорооллын айлын хашааны газрыг инженерийн шугамтай холбож, амины тохилог орон сууц бариулснаар утаа, хөрсний бохирдлоос сална. Орон сууцны үнийн хөөрөгдөл багасна. Иргэд өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болно. Үүнийг дагаад хувийн жижиг үйлдвэрлэлүүд бий болно. Ингээд ажилгүйдэл ядуурал буурна. Энэ мэтчилэн олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжууд бүрдэж байна. Иргэд маань жинхэнэ утгаараа хувийн өмчтөн болж чадна. 

Улаанбаатар хотыг коммунистууд авч явбал ямар байдгийг бид бишгүй харлаа. Одоо боллоо. Хот шиг хотод, улс шиг улсад,  хүн шиг л амьдармаар байна шүү дээ.