Үндэсний аюултай байдлын эсрэг нэгдэл
"Би бол улсынхаа тэргүүн барлаг юм"
“Ich bin der erste Diener meines Staates!”
Пруссын хаан Фридрих
Бид ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвыг “төрийн гурван өндөрлөг” хэмээн ярьж, бичсээр иржээ.
Гэхдээ энэ гурвыг баяр ёслолын үеэр л бөх үзэхэд л хамт сууж байхыг харснаас бус хамтраад шийдвэр гаргаж байхыг бараг харсангүй. Харин хоорондоо зөрчилдөхийг бол үргэлж харж иржээ.
Энэ гурван өндөрлөгийг эзэлж байж л улс төрд ялалт ирэх бөгөөд сонгуулийн зорилго, улс төрийн тулааны утга үүнд л орших аж.
УИХ- ын дарга бол 76 гишүүний дарга төдийгүй засгийн газрыг буй болгодог маш том өндөрлөг юм. Мэдээж сонгуульд дийлэнх болсон намын дарга голдуу энэ өндөрлөгт гардаг. Түүний үзэмжээр засгийн газар буй болдог ч арван зургаан сайд тавихаас хэтрэхгүй болохоор үлдсэн жаран гишүүн засгийн газрыг ээлжлэн унагасаар, түүн дээр нь нөгөө өндөрлөг болох ерөнхийлөгч хүч нэмж засгаа унагасаар өнөөг хүрлээ. Н.Алтанхуяг гэх өндөрлөгийг хэрхэн өмнөх ерөнхийлөгч эзэлж авч Ч.Сайханбилэгийг өөрийнхөө өндөрлөгийг хамгаалах “дагавар өндөрлөг” болгож байгаад тэр хоёр хамтарч Таван толгойн ордыг Хятадын “Шинхуа”д 30 жилээр, түүнийг нь дахиж сунгаад 30 жил гэх мэтээр хязгааргүй эзэмшүүлээд өөрсдөдөө хувь авах гэж байсныг нөгөө өндөрлөг болох УИХ –ын дарга З.Энхболд сөрж тэмцээд авч үлдсэн түүх саяхных шүү дээ. Ингэж аварч чадаагүй бол ард олон ямар 1072 хувьцаагаа авах байсан билээ дээ!
Хоёр жилийн өмнө болсон ерөнхийлөгчийн сонгуулийн сценари ч гэсэн М.Энхболд ерөнхийлөгч болж дараа нь үлдсэн хоёр өндөрлөгийг тэдний баг эзэлж аваад амар сайхандаа жаргах байсан ч “Монгол ялсан” билээ.
Н.Энхбаяр хаан шиг байсан үеүд бол гурван өндөрлөг дээр нэг намын жанжид зогсож байсантай шууд холбоотой бөгөөд Ц.Элбэгдоржийн хаанчлал ч мөн адил энэ гурав нэг намд харьяалалтай байсантай холбоотой юм.
Харин өнөөдөр өнөөх гурав маань ҮАБЗөвлөл гэж нэгдээд шүүх, прокурорыг сольж гурван “өндөрлөг” биш ард олны гурван банхар “барлаг” болж цул болоод эхэлтэл Ардчилсан нам үүнийг хамгийн ихээр эсэргүүцэж “Үндсэн хуульд халдлаа… “ гэх болсон нь парадокс харагдаж эхэллээ.
АН намын дарга С.Эрдэнэ ч үүнийгээ “та нар бүгд гөлөг болно” гэж хэлсэн нь чин сэтгэлийн үнэн үг мэт сонсогдож байлаа. Энэ үгэнд ард олноо гэсэн утга огт байхгүй бөгөөд, өөрсдөө арслан мэт байснаа гөлөг болох тухай л үнэн үгээ хэлж байлаа.
1990 онд дэлхий дахинд социалист систем нуран унаснаар ардчилал, эрх чөлөөний замд Монгол улс орж чинээлэг сайхан амьдралтай болно гэж бүгд итгэсэн боловч хорин найман жилийн дараа тэр хувьсгалын үр шим ард түмэнд эрх чөлөө олгосон хэдий ч чинээлэг амьдралтай болоогүй бөгөөд цөөн тооны төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд л баяжиж, тэр баячуудад төрийн машин үйлчилдэг, харин ард олон ядуу эсвэл ядуувтар анги болтлоо нийгэм гажуудаж дээдэст ээлтэй, доодост халтай «ардчилал» болон хувирчээ.
«Дээдэс нь суудлаа олохгүй бол, доодос нь гүйдлээ олохгүй» гэсэн мэргэн ардын минь эртний үг бий.
Өнөөдөр ард олны хувьд бол «үндэсний аюултай байдал» хэдийнээ үүсжээ.
Ард бидэнд бол айж сүрдэх биш харин ч баярлууштай дээдэсийн асуудлыг шийдэхэд ҮАБЗөвлөл зөвлөмж оруулдаг болж байхад, харин тэдэнд бол аймшигтай сонсогдож буй нь гайхал төрүүлнэ.
Жишээ нь АТГ-ыг УИХурал томилж чөлөөлдөг. Ажлаа хийхгүй авилгал өсөөд байвал ҮАБЗөвлөл аюултай боллоо гэж үзээд зөвлөмж гаргаж УИХ д хүргүүлнэ. УИХ зөвлөмжтэй санал нийлж ч болно нийлэхгүй байж ч болно. Санал нийлбэл АТГ-ын даргыг УИХурал хугацаанаас өмнө огцруулна. Бүх шатны шүүгчийг томилох чөлөөлөх, түдгэлзүүлэх саналыг ШЕЗ гаргаж, ерөнхиийлөгч зарлиг гаргадаг. ШЕЗөвлөлд өмнө нь түдгэлзүүлэх саналыг зөвхөн прокурор санал оруулдаг байсан бол энэ хуулийн нэмэлтээр ҮАБЗ зөвлөмж оруулах болжээ гэсэн үг юм. Прокурорын тухайд бол ҮАБЗөвлөлийн зөвлөмж шууд ерөнхийөгч дээр ирэх бөгөөд ерөнхийлөгч чөлөөлж болох юм. Товчилбол томилох эрхтэй хүн болон байгууллагад ҮАБЗөвлөлийн зөвлөмжийг л нэмэлтээр оруулсанаас өөр зүйл үгүй атал үндсэн хууль зөрчлөө гэж үзэх нь гайхал төрүүлнэ.
“Монгол ялна” гэдгийн утга бол ард түмэн олноороо ялж, хонгилын эзэд олигархууд ялагдах хувьсгалын уриа байсан билээ. Ард түмэн үндсэн хуулийн зургаагийн нэг, хоёрт заасан газрын баялгийг утгаараа эзэмшиж, хувь хүртэж, энэ цөөн олигархууд ялагдаж тэдний гар хөл болсон “шударга бусын хонгил” нурж төрийн гурван өндөрлөг нэгдэж ард олныхоо төлөө гэсэн “барлаг” болох их эргэлт, эрс шинэчлэлтийг түмэн олны захиалгаар эхэлж байна гэж би мунхаглан боддог.
Үндэсний аюулгүй байдалд хэн саад хийж байгаа билээ дээ. Хэн жирийн иргэдийг хэлмэгдүүлэн тамлаж, зөвхөн өөрсдөө л баяжсаар 30 жилийг барсан билээ дээ? Тэд л өнөөдөр энэ тогтолцоогоо хэвээр үлдээж дараагийн сонгуулиар өнөөх л идэх уухын гол өндөрлөгүүдийг эзэлж авахаар тэмцээд байгаа болохоос биш ард олныг сайхан амьдруулах гэж өндөрлөг эзлэх гээд байгаа хэрэг огт биш юм аа.
Төрийн гурван өндөрлөг үндэстнээ аюултай байдлаас аврахын тулд нэгдэж хөндлөнгийн хяналтын буй болгож хоточ банхарын үүрэг хүлээж буй анхны тохиолдон энэ бөгөөд үүнийг “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл” гэдэг учир өмнөх өндөрлөгийн нэг байсан хүн “үндэсний аюултай байдлын зөвлөл” болж байна гэж хэлсэн нь хэнд аюултай байгаа нь ойлгомжтой бус уу?
Яагаад гэвэл ард олныг хамгаалах гурван монгол банхар хулгайчуудыг барих учраас тэр юм! Ард олны хөрөнгө баялгийг төдийгүй ард олныхоо амь насыг ч тэр гурван хоточ банхар нийлж хамгаалах учиртай болохоор тэд айж байгаа юм!
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 10-р сарын 1- нд УИХ-ын намрын чуулганы нээлт дээрээс гишүүд хийгээд нийт ард түмэнд хандаж эрс шинэчлэл хийх цаг ирсэн тухай тунхаглан хэлсэн үгэндээ ;
“Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигарх цөөнх байх болно…” хэмээж байсныг санагтун !
2019 оны 4 сарын 2