Хууль бол Засаг төрийн дээд эрхийг барих байгууллагаас
улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр
баталсан албан ёсны дүрэм, журам юм.

Монгол хэлний тайлбар толь


“Төрийн хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой” гэж тунхаглах бөгөөд ялангуяа  эрх мэдэлтэй, баян чинээлэг улс хэрэгт орохоороо энэ хэвшмэл хэллэгийн байнга   дурдах нь сонин.

Гэтэл амьдрал дээр бол ядуу зүдүү, эрх мэдэлгүй хүнд хууль хатуу чанга, эрх мэдэлтэй баян чинээлэг хүмүүст бол зөөлөн хэвээр байгааг хэнээр ч хэлүүлэх шаардлага үгүй бид мэднэ. 

Жишээ татах бараг шаардлагагүй ч гэлээ саяхан болж өнгөрсөн нэгэн баривчилгааг сануулахад л МАНАН-гэх бие зүсгүй мафийн толгойлогч Сахал хочит Д.Эрдэнэбилэг (ХХБанкны 90 орчим хувь, УБ-банкний 99 хувь эзэмшдэг) баян хийгээд ХХБанкны захирал О.Орхон, Эрдэнэтийн 49 хувийг 400 сая доллараар худалдаж авсан компанийн захирал гэх Ц.Пүрэвтүвшин нарын баячуудын  баривчилгааг ард олон “одоо л шударга ёс тогтох нь” гэж нийтээр талархан хүлээж авсан ч маргааш нь тэд нарыг “шударга ёсыг сахиулагч нар” суллан тавихад ард нийтээр шударга бусын хонгил бодитоор буй гэдгийг ойлгож авлаа.  

Мөн өчигдөрхөн “Цензургүй яриа”-гаар Л.Гансүх энэ шударга бусын хонгилынхон буюу хууль хүчнийхнийг  нэртэй устай нь хэлээд зогссонгүй тэр нэр дурдагдсан хуулийн нөхөд Н.Энхбаярын гэх хэрэг, өөрийнх нь холбогдож ял эдэлсэн нүүрсний гэх хэрэг, мөн С.Зориг агсаны амь насыг хороосон гурван этгээдийн гэх хэргүүдийг мөн тэр хэдэн хонгилын ажилчид л мөрдсөн, хянасан, шүүсэн болохыг мэдэгдэв. Гансүхийг баривчлахдаа ч зүгээр дуудаж ирүүлээд өмгөөлөгчгүй, ямар ч шүүхийн тогтоолгүй, хоёр сараар хорих гэж зүтгэсэнд зугтааж гарсаны учир парнаас хэдэн цагаар гавлаад тэр хоорондоо хүссэн шүүхийн тогтоолоо өнөөх хэдээрээ гаргуулан авч ирж хоёр сараар хорьсон, улмаар яллаж, гурван шатны шүүхээр ялыг мөн л өнөөх хэдэн этгээд хэвээр үлдээсэн төдийгүй ялынхаа талыг эдлээд магдланд ороход ч саад хийж байсан тухай бодот явдлыг ярилаа.

Энэ мэт хууль “тэгш үйлчилсэн” тохиолдлыг жагсаан бичвэл хэдэн боть ном болох тул орхиё.

Амьдрал дээр бол ядуу зүдүү хүн хулгай хийж амиа тэжээхээс өөр арга үгүй, орон гэргүй хүн орцонд, траншэйнд хоргодохоос өөр замгүй болсон цаг. Тэдэнд дээдсийн яриад байгаа хүний эрх, үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх мөн л хамаарах ёстой учир энэрэнгүй хандахыг төр хуульчилсан байдаг. Тиймээс хууль тэдэнд зөөлөн хандаад зогсохгүй архичдыг нь албадан эмчилж, ядуусыг нь хоолоор ч болтугай тэтгэж байж хүнлэг энэрэнгүй төрт ёс оршиж буйн хэрэг гарах учиртай. 

Хууль тэгш гэдэг энэрэх тал дээр ч мөн адил байх учиртай атал хүн болгон хуулийн өмнө тэгш гэдэг зарчмын ард ийм шударга бус зүйл нуугдсаар байгаа юм. Төр гэдэг иргэдээ прокурор буюу төрийн яллагчийн ялын тогтоолоор  яллахаас гадна, энэрэнгүй байхүүрэгтэй. Тэгээд ч одоо шиг “амь амиа бодоорой” гэх харгис нийгэмд энэрэх тал нь давамгайлж байх ёстой бусуу? Тэхгүй бол өөр хэн иргэнийг хамгаалах юм. Хууль бол өөрөө иргэдийг хамгаалах үндсэн үүрэгтэй эд шүү дээ. Тийм учраас л хууль чухал.

Монголын эртний ёсонд ч ийм хууль үйлчилж байсан тухай баримт олон байдаг төдийгүй, европод ч хууль бусаар баяжсан хүмүүсийн бүх хөрөнгийг хурааж хатуу цээрлүүлээд зогсохгүй өвлөх эрхийг нь хүүхдүүдэдээс нь хасдаг байсан тухай түүх олонтой байдаг.  Монголд ч хууль бусаар баяжсан хүнийг өөрийг нь цаазлаад, эд хөрөнгийг нь хураагаад, үр хүүхдийг нь боол болгодог байв! Ганцхан Чингисийн угсааныхан үүнээс ангид буюу алтан ургынхныг  алдаггүй, харин улс хөрөнгийг нь хураадаг, "хар биеийг нь орхидог" байв. Монголд шударга ёс , хуулийн утга учрыг өнөөдөр таг мартаад ихэс дээдэст ээлтэй, энгийн ардад хөнөөлтэй  шударга бусэнэ зарчмаа хүн бүр хуулийн өмнө тэгш гэсэн үгээр  халхалсан байгааг бид мэдэх ч өөр дээр нь ирэхээс нааш дуугарч буй хүн нэг алга. Татвар бол мөн л хууль бөгөөд их орлогтойгоос  их татвар, бага орлоготойгоос нь бага татаар авах замаар ялгавартай хандаж ядуу хэсгээ баян чинээлэг болгоходхууль чиглэх ёстой юм.  Ядуу хүн сайн өмгөөлөгч авч чадахгүй, ядуу хүн эрх мэдэлтний халдлагад өртөх магадлал өндөр бөгөөд адил тэгш татварын дарамттай бага орлогой хүн хэзээ ч баян чинээлэг болох аргагүй учир төрийн хууль бага орлоготой иргэнээих орлоготой болгоход чиглэхучиртай.

Угтаа бол хуулийн мөн чанар нь ядууст хүчээ үзүүлэх бус баян чинээлэг эрх мэдэлтэнгүүдийн эсрэг чиглэсэн байх ёстой юм. Аль ч үед баян чинээлэг, эрх мэдэлтэнгүүд цөөнх ядуу, ядуувтар хэсэг олон байсаар ирсэн учир тэр олонхид хууль зориулагдах учиртай билээ. Яагаад гэвэл тэр цөөнх эрх мэдэл, хөрөнгө чинээгээрээ хэнийг ч худалдан авч дарамтлан шахах чадалтай хэсэг байдаг бөгөөд энгийн номхон ардуудыг элдэв гэмт халдлага хүчтэй хэсгийн савраас хамгаалахын тулд хууль үйлчлэх ёсыг л шударга ёс ( Justice ) гэдэг юм. 

2019 оны 3 сарын 12