Ерөнхий сайд аа! Ард чинь ард түмэн тулж байна, ухарч үл болно.

Монголын улстөрчид, тэр тусмаа эрх баригч МАН-ын дээд эрэмбийнхэн алингаа алдаж, энэ олон жил үйлдсэн хамаг нүгэл, хулгай, дээрэм, гэмт хэргүүд нь илрээд, үүр нь эвдэрсэн шоргоолж шиг орох байх газраа олж ядаж байна. Хууль хамгаас дээгүүрт гэж ярьдаг ч, “үйлдвэрлэсэн” тэр хуулиа хэрхэн зөрчиж болохыг өөрсдөө үлгэрлэдэг гишүүд Үндсэн хуулиа хүртэл зөрчин хуйвалдаж, хууль ёсны Засгийн газраа хууль бусаар төрийн эргэлт хийж, хагас өдрөөр огцруулсан нь нотлогдож бүтэлгүйтлээ. Одоо тэгээд энэхүү хуйвалдааныг сэдэж, зохион байгуулсан, үйлдсэн эрхмүүд, басхүү нүүрсний хулгайч гишүүд, Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажиллаж, хэдэн их наядаар нь улс, иргэдээ хохироож, шулсан нүгэлтнүүд хариуцлагаа хүлээгээд, ял шийтгэлээ эдлээд явах ёстой биз ээ!

Эрх мэдэл, албан тушаалд хүрсэн л бол хууль, цааз өөрт нь огт хамаагүй болсон мэтээр ойлгож, юу дуртайгаа хийж, үйлдэж явдаг зарим нэг мулгуу, ёс суртахууны наад захын ойлголтгүй улстөрчдөд энэ бүхэн чинь худлаа шүү, хэнбугайд ч хуулиас давж гишгэх ямар ч боломжгүй шүү гэдгийг нь хатуу бөгөөд шударгаар нотлон харуулах, нийгэмд цаашдаа жишиг, сургамж болгох нь Монголын шат, шатны хуулийн байгууллагынхны хийх нэн чухал ажил үүрэг болоод байна. 

Болж өнгөрсөн бүхнийг хуулийнханд даатгаж орхиод, үйл явцыг хянахын хажуугаар даруй өдөр тутмын ажил, амьдралынхаа асуудалд анхаарахгүй бол өвөл болчихлоо. Өнөө, маргаашгүй түнэр хар утаа олгойдоод эхлэнэ. Зам харгуй, гудамж, талбай тэс хөлдөнө. Хаширдаггүй бидний монголчуудыг тэгээд ямаршуу хүнд өвөл, бэрхшээлт амьдрал тосохыг төсөөлөөд үзээрэй!

Бэнзээн,шатахуун хомсдож, гэрэл, цахилгаан тасарч, цалингаа нэмүүлэхийг хүссэн жагсаал цуглаан үргэлжилж, улстөрийн хэрүүл тэмцэл ужгирч, ирэх оны төсвөө ч хэлэлцэн баталж чадаагүй энэ байдлаараа удвал Монголын амьдрал ёстой л улаараа эргэдэг юм байгаа биз дээ. Тиймээс төрийн институциуд хаана, хаанаа анхаарч, хичээх ёстой юм. Ирэх арваннэгдүгээр сарын 15-наас өмнө таг орхигдчихоод байгаа улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж, батлаж чадахгүй бол төсөөлөхийн ч эцэсгүй тамтай тэгээд та, чи, би гэлтгүй бүгдээрээ тулцгаана аа! Тэгэхийг үнэндээ хүсмээргүй л байна шүү.

Тэгэхээр одоо яах ёстой билээ! Г.Занданшатарын Засгийн газарт дахиад маш том сорил тулж байна. Энэхүү сорилыг давж гарах нь Засгийн газрын үүрэг юм. Эндээс Ерөнхий сайдын болоод танхимынх нь хувь заяа шууд шалтгаална.Байгуулагдаад 4-н сарын нүүр үзэхдээ юм, юмтай л туллаа. Танхимаа бүрдүүлэхээсээ эхлээд Г.Занданшатарт өөрийнхөөрөө ажиллах бололцоог олгосонгүй. Хувийн ашиг сонирхол нь хөндөгдсөн журмын зарим нөхдийнх нь зүгээс түүнд тулгасан дарамт, шантааж, саад бэрхшээл асар их байсныг бид бүгдээрээ харсан. Засгийн газрыг бараг ажиллуулсангүй.

Гэхдээ энэ богино хугацаанд Ерөнхий сайдынхаа хувьд Г.Занданшатар Монголын ард түмний зүрх, сэтгэлд аль эрт унтарсан, бүр уугихаа ч байсан итгэлийн галыг нь асааж, шударга ёс, хуулийн засаглал, хувь хүний хөгжил, эрх чөлөөнд итгэх итгэл, урам зоригийг урьд өмнө байгаагүйгээр төрүүлж бол чадсан. Асаасан энэ итгэлийн галыг улам бадрааж дүрэлзүүлэх хэрэгтэй. Ард түмний дийлэнх түүнд итгэж эхэлж байна. Олон жил эгэл иргэдийнхээ цус, хөлсийг сорж, хийж, бүтээхгүй атлаа ямагт худал ярьж, амлаж, ард түмний нуруун дээр мордчихоод, өөрсдийгөө энэ улсын хаад, ноёд, хатад, эзэн нь гэж ойлгоод, юу хүссэнээрээ туйлж, наргиж, наадамлаж, хуурч, хулгайлж, зарж, худалдаж болох бүхнийг зарж, худалдаж, хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний амьдралыг эргэлзэхгүйгээр зольж, татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр л үлгэрийн мэт тансаглаж, амьдралаас тасарсан төрөөс төрсөн тэрбумтнууд, цадаж, ханахаа байсан хувалз, хулгайч, авлигач улстөрийн эрх мэдэлтнүүдийн бүлэглэлийг нэг намынх гэж хайцаалалгүй илчилж, зоригтой тэмцэл өрнүүлж байгаа нь Монголын ядарч туйлдсан нийгэмд ч урам зоригийг өгч байна. 

Энэ  бүхний төлөө, түүнчлэн Г.Занданшатарт, түүний Засгийн газарт цаашдаа итгэж болох хэд хэдэн шалтгаанбайна. 

1. Мэдээж, хамгийн түрүүнд 2026 оны нэгдсэн төсвийн асуудал хөндөгдөж таарна. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв, болон 2027 оны төсвийн төсөөллийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар боловсруулсан байсан гэдгийг онцлох  ёстой. Ер нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 4 жилд улсын төсвийн мөнгөн дүн асар нэмэгдэж, хэдэн арван их наядаар батлагдах болсон юм. 2021 онд 15.6 их наядын төсөвтэйгээр Л.Оюун-Эрдэнэ ажлаа эхлүүлж байсан бол дараа жилүүдэд  5-7 их наядаар тус бүр нэмсээр 2025 онд бүр 35.8 их наядын төсөв батлуулах гэж УИХ-ын гишүүдийг лоббидон зүтгүүлж байсныг нь санаж байна. Маш том дүнтэй ч, улс оронд энэ өнгөрсөн 4 жилд ард түмний амьдралд наалдсан түй ч үгүй, гадаад өр асар нэмэгдсэн, эдийн засгийн үзүүлэлтүүд унасан, май, энэ хар гээд үзүүлчих ямар нэгэн бүтээн байгуулалт ч үгүй, үнэн гунигон жилүүд. Жил бүр асар алдагдалтай төсөв оруулж, батлуулаад эрх баригчид өөрсдөө тансаглаад өнгөрдөг жишиг өнгөрсөн энэ хугацаанд тогтсон байлаа.

Улмаар 2025 оны эхний хагас жилээр улсын эдийн засгийн өсөлт 2.5 хувь болтлоо унаж, 3.3 их наядаар төсөв тасарчихаад байхад Л.Оюун-Эрдэнэ огцорч, Г.Занданшатар Ерөнхий сайдын албыг хүлээж авсан даа. 2026 оны төсвийг ч Л. Оюун-Эрдэнэ 37.3 их наядаар төсөөлснөөс үүдэнГ.Занданшатарыг асар бэрхшээл угтсан. Шинэ томилогдсон Ерөнхий сайд тэр даруй шуурхайлан хэд хэдэн арга хэмжээг авч, эдийн засгийг сэргээх зоригтой алхмуудыг хийсэн нь 4-хөн сарын дотор үр дүнгээ харуулав. Оюукаас ялгаатай нь тэр мэргэжлийн эдийн засагч хүн. Тэрбээр анх удаа төсвөө олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь тусгахыг хичээсэн. Тиймээс Оюукын хөөсрүүлсэн 2026 оны төсөвт 2.2 их наядаар тодотгол хийж чадсан нь гайхамшиг байлаа. Яагаад гэвэл 1990 оноос хойших түүхэнд төсөвт ийм өндөр дүнтэй таналт хийж байгаагүй юм билээ. Ийм том дүнтэй таналтыг хаанаас хийхээ тэр сайн олж харж чадсан байна. Зүйрлэвээс Монгол Улс 100 төгрөгийн ашиг олоод 80 төгрөгөөр нь тансаглачихдаг үрэлгэн улс. Бас өдөр, шөнөгүй ямар ч үр дүнгүй хурал хуу, элдэв форум зохион байгуулж, хоол, унд, байр сав, архи, дарс, үзэг бал, дэвтэр, цүнх, урилга, хөтөлбөр гээд хэнд ч хэрэггүй хог новшинд асар их мөнгө үрдэг бүр нэг хачин гаж донтой болчихсон байсан улс. Энэ бүгдийг цэгцэлж,энэ мэт ямар ч үнэ цэнгүй урсаж байдаг зардлыг танаж, ямар ч байсан 2.2 их наядын хэмнэлт гаргасан нь цаашдаа бусад олон үргүй зардлуудыг хянаж, танаж болох итгэлийг эрхгүй төрүүлж байгаа юм.

2. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо эдийн засгийн уналтыг зогсоож, улмаар сэргээх зорилтыг яаралтай хэрэгжүүлсэн байдаг. Тэрбээр ажлаа аваад удалгүй 2025 оны 7-р сарын 9-нд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3-н сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн багийг томилон ажиллуулсан нь олон зорилго агуулсан байв. Эдийн засгийг сэргээх нь амин чухал. Гэхдээ яаж?Мэдээж төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төсвийн орлого өсөх юм бол эдийн засаг өснө. Тэр үүнийг маш богино хугацаанд хийж чадсан. Эдийн засаг ч өсөөд ирлээ. Түүний томилсон БЭТ-ийн баг үнэхээр сайн ажилласныг та бид одоо сайн мэддэг болсон. Чухам энэ 4-хөн сарын хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрчихээд байна. Энэ бол Ерөнхий сайдын чадамжтай яах аргагүй холбогдож таарна.

Хамгийн гол нь ЭТТ ХК-д онцгой бүрэн эрхтэй төлөөлөгчийн баг ажиллуулснаар юуг илрүүлсэн гээч!Хулгайг шүү дээ, бүр асар их хулгай!!! Тус компанид онцгой дэглэм тогтоосноор төрийн өмчит компанийн орлогыг зүгээр л хувийнх мэтээр хулгайлж, хуу хамж, завшдаг төрийн шат шатанд үүрэлсэн хулгай ямар их байдгийг  илрүүлж, олон нийтэд илээр зарлаж, тэдний эсрэг тэмцлийг эхлүүлсэн анхны зоригтой алхмыг хийсэн нь итгэл төрүүлж байна. Мөн энэ хугацаанд нүүрсний экспорт 33 хувиар өсөж, ганцхан сарын дотор 9.3 сая тонн нүүрс борлуулсан нь түүхэн дээд амжилт болоод байна. 

3. Монголын эдийн засаг өөдөлдөггүйн шалтгаан гагцхүү төрийн шат, шатны албанд нүүрлэсэн асар их хэмжээтэй хулгайд байгаа юм байна, эрх мэдэлтнүүд хийгээд тэдний холбоо сүлбээтнүүдийн бүлэглэсэн хэдэн их наядын хулгайд байна. Тэдэнтэй тэмцэж, энэ их хулгайг таслан зогсоохгүй бол эдийн засаг хэзээ ч сэргэхгүй ээ гэдгийг Г.Занданшатар ард түмэндээ зоригтой хэлсэн анхны Ерөнхий сайд. Өөрөөр хэлбэл Г.Занданшатарын цааш, цаашдаа баримтлах философийг  нь “Хулгайтай тэмцэхгүй  бол Монгол өөдлөхгүй юм байна” гэж би хувьдаа ойлгож хүлээж авлаа. Сард 30 сая төгрөгийн цалин аваад, дээр нь нэмж хулгай хийгээд сууж байдаг Төрийн өмчит компанийн даварсанзахирлуудад тэр шударга дайн зарласан бас л анхны Ерөнхий сайд. Тэдний энэ их хангамжийг хасаж, сайд нарынхаа адил сард 2-3 саяын цалинтай болгоно гээд хэлчихлээ. Мэдээж сайн, үр дүнтэй ажиллаж байвал, нэмэлт урамшуулал олгохоос татгалзахгүй юм гэнэ. Энэ чинь л нөгөө шударга зарчим мөн юм ш дээ. 

4. Өмнөх Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ баялаг бүтээгч, үндэсний аж ахуйн нэгж, компаниудын өмчид бүдүүлгээр халдаж, бүр дээрэмдэж, айлган сүрдүүлж, дарамтлаж,ай мөн ч их галзуурч, бэрх зүйлүүдийг хийсэн дээ. Гадаадын бүх хөрөнгө оруулагч Оюукын энэ мэдлэгүгүй, бодлого үгүй тэнэг алхмуудаас нь болж Монголоос дүрвэж гарцгаасан. Зандка харин шал өөр хүн. Тэр ийм тэнэг алхам, шийдвэр гаргах нэгэн биш юм аа гэдгийг нь Монголын стратегийн ордуудын лиценз эзэмшигчидтэй хийсэн уулзалт, хэлэлцээрээс нь олж харсан билээ. Тэр маш сайн хэлэлцэгч юм гээч. Ямар сайндаа л Монголын тэдгээр “олигархууд” нэгэн дуугаар “Өмнөх Засгийн газар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ биднийг учир зүггүй л “зодоод” байдаг байсан болохоос биш, ингэж илэн далангуй ярилцаж, хэлэлцээрийн ширээний ард сууж байсангүй ээ. Бид Таны байр суурийг сонслоо. Баялагын санг бүрдүүлэхэд бид бүгдээрээ дэмжинэ ээ” хэмээн хэлэхэв дээ. Энэ бол түүнийг дэмжихээс аргагүй сайн чанар мөн л дөө. Хувийн хэвшлийг маш сайн дэмжиж,Монголын сайхан ирээдүйн төлөө хэнтэй ч гар нийлж хамтран ажиллана гэдгээ ч Г.Занданшатар байнга, нээлттэй хэлдэг хүн л дээ.

4. Тэрбээр Монголын эдийн засгийн өсөлт нь нэгдүгээрт:Баялагын сангийн хуримтлалыг шийднэ, хоёрдугаарт: Төрийн өмчит компаниудад болон төсвөөс зувчуулдаг хулгайг зогсоосноор төсөвт орох орлого илүү хурдтай нэмэгдэнэ. Ингэснээр хамгийн чухал монгол хүний хөгжлийн төлөөх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно хэмээн үзэж байна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ шиг баахан худал сансар, огторгуйн мега төсөл ярьж бүлтрэхгүй байна. Монгол хүний өрсөлдөх чадвар, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, өндөр орлоготой байх, амьдрах чадварт хамаг анхаарлаа хандуулах ёстой гэдгийг ярьж байна. Түүний Засгийн газрын хэрэгжүүлэх мега төсөл бол Монгол Хүний Хөгжил юм байна гэж ойлгож байгаа учраас би хувьдаа талархалтай хандаж, түүнд итгэж байна.

5. Тэр Л.Оюун-Эрдэнэ шиг таг харанхуй, боловсролгүй нэгэн биш. Олон улсын эдийн засагч мэрэгжилтэй, банкир, бас дипломатч хүн. Түүнд М.Энхсайхан шиг Монголын эдийн засагт реформ хийж чадах мэдлэг, боловсрол бол бий. Туршлага, чадвар ч  хангалттай. Гагцхүү туйлын чанд хатуу зориг хэрэгтэй.

Мань хүн ер нь очиж ажилласан газар, салбар бүрдээ үр дүнтэй шинэчлэл хийж байсан байдаг юм билээ. Монголын хамгийн том “ХААН” банкыг нэгэн цагт удирдаж байсан АНУ-ын иргэн, олон улсын шилдэг санхүүч Питер Морроуагсны туурвисан “My Mongolia” хэмээх үнэхээр гайхамшигтай ном байдаг. Тэрбээр зах зээлийн харилцаанд шилжиж байх шилжилтийн үеийн Монголын хот, хөдөөгийн амьдрал,тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хийгээд хүмүүс, шинэ залуу үеийнхэн, корпорэйт соёл Монголд хэрхэн бүрэлдэж байв, урлаг,соёлын салбар ямар түвшинд байв, Монголын улс төр, шүүх, хууль хүчнийхэн хэр бохир байсныг, зарим сайд, дарга нар яаж дарамтлаж, авилга нэхдэг байсан тухай гээд үйл явдлуудыг маш баялаг сэдвээр баримттайгаар бичсэн байдаг юм. Тэр номонд 2000-аад оны эхэн үед өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын тухай “Надтай ажиллаж байгаа залуучуудаас итгэл даахуйц, чадварлаг, цаашдаа маш сайн менежер, удирдагч болж чадах эдийн засгийн мэдлэгтэй, харизмтай нь Г.Занданшатар... “ гэж бичсэн байдаг нь зохиогчийн хувийн тодорхойлолт хэдий ч үнэнээс нээх хол зөрөөгүй санагддаг.

6.Хөдөө аж ахуйн яамны дэд сайд, тэрчлэн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Атрын III аяныг гардан хэрэгжүүлж, салбарынхаа талаар төрөөс баримтлах бодлогын бичгийг анх батлуулсан бол “Гадаад бодлогын шинэ үзэл баримтлал”, “Гадаад харилцааг эдийн засагжуулах” хөтөлбөрийг санаачилсан нь бас л мань эр.

УИХ-ын спикерээр ажилласан 5 жилд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг амилуулж хэрэгжүүлэх Эрх зүйн шинэчлэл, УИХ-ын хяналт,шалгалтын чиг үүргийг шинэ шатанд гаргах, Цахим шилжилт хийх, Хүний эрхийг дээдэлж, хууль бүхэнд хүний эрхийг амин сүнс болгон суулгах, шударга ёс, хуулийн засаглалыг төлөвшүүлэх, авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, парламент ёсны боловсролыг хүүхэд залууст олгох гээд олон чиглэлээр үйл ажиллагаа нь тэлсэн байдаг юм. 

Хорь гаруй жил яригдаж, 3-н парламент дамжин өрнөж, шийдэлд хүрч зориглоогүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүнд ажлыг гагцхүү Г.Занданшатар л хийсэн байдаг юм даа. Түүний бас нэг том шинэчлэл бол яах аргагүй “Цэгцрэх хөдөлгөөн”, “Зөвлөлдөх ардчилал” мөн. 

“Молекулын эмх замбараагүй хөдөлгөөн нэг шугаманд цэгцэрч, цэгцтэй хөдөлгөөнд орохоороо энерги болж хувирдаг. Үүнийг физикт цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг. Яг үүнтэй адил хүний нийгэм цэгцэрсэн цагт хөгжил ирдэг.Тиймээс Монгол Улсаа хөгжүүлье гэвэл төрөө цэгцлэхээс эхлэх хэрэгтэй” гэж ярьж, ном бүтээл болгон хэвлүүлж, төрийг цэгцлэх хөдөлгөөнийг эхлүүлэхээр чармайсан хүн гагцхүү мань Зандка. Төр, засгаас гарч буй бүх шийдвэр заавал ард түмэнтэйгээ зөвлөлдөж зөвшилцөж байж гардаг байх хэрэгтэй, өөрөөр хэлбэл “Зөвлөлдөх ардчилал” байх ёстой гээд хууль санаачлан батлуулж, амьдрал дээр маш үр дүнтэй хэрэгжүүлсэнг нь бодохоор түүнд итгэх итгэл асдаг. Тэр хамгийн их уншдаг, судалдаг улстөрч. Энэ бол маш сайн чанар. 

Энэ бүхний эцэст Хамгийн гол нь одоо түүнд ухрах зам үгүйг ойлгох ёстой. Тэр хулгайч нарын эсрэг эхлүүлсэн тэмцлээ бүрэн дуусгах учиртай юм. Тиймээс намынхаа дарга болох ёстой. МАН-ынхан түүхийн хуудаснаас бүрэн арчигдах гээгүй бол Г.Занданшатарыг намынхаа дарга болгохоос өөр гарцгүй юм.  Д.Амарбаясгалан хийгээд өөр хэн нэгэн дурны хонгио нар өмнүүр нь орж сүгсэлзээд огт нэмэргүй. Д.Амарбаясгалан, Д.Оюун-Эрдэнэ хоёр хэдийнээ авилга, албан тушаалаар хэл, хөлийг нь тушсан амьгүй албатуудаараа МАН-ын Бага хурлаа бүрдүүлж, бүгдийг нь барьцаалсан. Үүнийг монгол хүн бүр мэддэг болсон. МАН-ын Бага хурлын гишүүд дотор ямар нэгэн тендергүй, төрийн өмчит 170 гаруй  компанийн аль нэгэнд шахааны бизнесгүй нэг ч гишүүн байхгүй гэж мөрийцсөн ч  би чадна. Бага хурлынхаа олонхийг барьцаалж, багцалсандаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ  хоёр бардаж, бахаддаг юм. Тэр хоёрын хийж чадсан ганц зүйл нь л энэ. Тэдний намдаа үлдээх өв нь хүртэл ийм бохир, гэмт хэргийн түүхбайдаг..

МАН өнөөдөр үзэл бодлоороо нэгдсэн гэхээсээ илүү төрийн эрх мэдлийг яаж ийгээд ямар ч арга, заль хэрэглээд авах, болохгүй бол хүн алж, хүрээ талаад ч болтугай авах, төрийг зөвхөн өөрийнхөө амьдралыг тэтгэх түшиц газар болгохыг зорилго болгосон нүгэлтэй шуналтай хүмүүсийн бүлэглэл болж хувирсан шүү дээ. Энэ нам Монгол Улсыг худал, хуурмагийн орон болгосон гол нам.

Г.Занданшатар, Б.Энхбаяр хоёроос өөр хулгайч нартай эрс тэмцэх хүн одоо МАН-д огтоос байхгүй. Тэр хоёрт ч шулуун тэмцэхээс өөр арга үгүй ээ. Худал ярьж, хэлсэн амласнаасаа буцаж, нөгөөдүүлтэйгээ ямар нэгэн байдлаар эвлэрэх аваас Монголд дахиж амьдрах, монгол хүний нүүр царайг харж явах ямар ч боломжгүй болно. Бүх насаараа асар шившиглэгдэх болно оо гэдгээ эрхбиш ухаарах ухаантай хүмүүс. Г.Занданшатар, Б.Энхбаяр хоёр амласандаа хүрч хулгайчдыг төрөөс зайлуулж, хариуцлага хүлээлгэж чадвал жинхэнэ ард түмний баатар болно. 104 жилийн түүхтэй намаа ч аврах түүхэн хариуцлагаас ухарч болохгүй ээ. Л. Оюун-Эрдэнэ болохгүй бол ард түмэн намайг дэмжинэ гэж өөрийгөө  мөн ч их хуурсан даа. Гэвч түүн шиг худалч хүнийг ард түмэн хэзээ ч дэмжиж байгаагүй юм ш дээ. Харин та хоёрын ард Монголын ард түмэн тэр чигээрээ тулаад зогсож буйг бүү март!!! Энэ бол үнэн. Ухрах газар одоо та хоёрт огт байхгүй ээ! Нэгмөсөн хулгайч нарын бүлэглэлийг дуусга!!! МАН-ын УЗ-ийн хурал дээрээс “ Би хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй” гэж хэлээд хаяад гарч явсанд чинь талархаж алга ташъя, Ерөнхий сайд аа!