Б.Шарав: Ямар ч суутан цаг үедээ үнэлэгддэггүй ч байж мэднэ…
Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравтай ярилцлаа.
Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравтай ярилцлаа.
Д.Т -Бид хоёр олон жил ойр явжээ. Л.Мөрдорж гуайтай ч хамт, Х.Билэгжаргалтайгаа ч хамт балгаж ч, наргиж ч явлаа. Гэхдээ би гэгч мунхаг хүн өөрийн чинь бичсэн “Замбуутивийн наран” магтууг анх Бельгиудтэй хамтарч хийсэн “Талын хот” кинонд 1992 онд ашиглах санаатай анх сонсоод л өнөөх таньдаг Шараваасаа бүтээлчийг олж хараад шүтэж эхэлсэн гэж хэлж болно.
Б.Ш -“Замбуутивийн наран”-г хөгжмийн дээд сургуульд байх үедээ бичсэн юм. Тэр үед гэнэт л юм бичиж болохоо больчихоод байсан үе байлаа. Уран бүтээлч хүн чи андахгүй дээ, нэг л болж өгөхгүй зогсчихоод байдаг даа?
Д.Т -Тийм үе байдаг. Яагаад ч юм гарахаа байчихдаг.
Б.Ш -Том том багш нарын ном сонсоод, тэгээд бас хагас хугас ухаан суугаад ирсэн үе л дээ. Энэ Европын сонгодгуудын хойноос бид хөөгөөд гүйцэхгүй юм байна... гэдгийг ойлгоод эхлэхгүй юү. Айлаас эрэхээр авдраа ухах тухай бодож эхэлж …Нутгаа ч их санаж байлаа. Энэ европчууд яахав хот барьж байгуулж, өөрийн гэсэн соёлоо дархлаа л биз, бид ч гэсэн бас том явсан үе бий шүү дээ, эднийг бүгдийг удирдаж байлаа гээд омог сэтгэл төрнө өө дөө …Чингис хааны үе, түүнээс ч өмнөх үеийн тухай, бүр тодруулбал уртын дуу хэрхэн үүссэн тухай гэх мэт юм их бодож байлаа. Тэгээд цаг нь болсон хэрэг.
Д.Т -Уралын консерваторт байх аа?
Б.Ш-Тийм. Тэгээд 4-р курс төгсөх хавар нэг өглөө босож ирээд эхний хэсгийг бичсэн юм л даа. Өнөөх нутгаа санасан сэтгэлээр авдраа ухсан хэрэг шүү дээ. Уртын дуу бол уриа дуудлагаас үүссэн гэж би боддог, таадаг хүн л дээ. Гэтэл тэр үед модерн хөгжмийн урсгалууд ид хүчээ авч байсан үе болоо тэдэнтэй хольж хутгасан гэх үү дээ. А.Шнитке, Р.Шедрин… гэх хөгжмийн зохиолчдын арга барилыг ажиглаад шинэ юм гаргаж ирэх санаа төрсөн хэрэг. Өнөөх монгол аялгуугаар шүү дээ. Тэнд маш олон санаа орсон хожим нь бүр хөгжүүлсэн юм. Тэгээд ч энэ бүтээлдээ би их хайртай байдаг юм. Энэ бүтээлээс улбаалж дараа дараагийн симфони маань төрсөн хэрэг.
Д.Т -Курсын ажил юм бол сургуульдаа шалгалтад сонсгоно биз дээ?
Б.Ш -Тэгэлгүй яахав. Бүр үггүй дан хоёр төгөлдөр хуураар л тоглуулсан юм. Тэгсэн багш маань наадах чинь л чиний их үнэтэй санаа байна. Энэ л чиний арга барил байж мэднэ гэж хэлсэн юм. Их тоосон хэрэг л дээ. Тэгээд цаашлаад сургууль төгсөхдөө нэгдүгээр симфонио бичээд түүгээрээ диплом хамгаалж, дараа нь хоёрдугаар симфони 1987 оны 10 сард тоглогдсоны маргаашнаас л Монголын хөгжмийн ерөнхий хандлага бүхлээрээ өөрчлөгдсөн гэж болно. Өөрөөр хэлбэл, 1987 оноос өнөөг хүртэл Монголын хөгжмийг бүхэлд нь нэг барил нэг том барил “изм” гэж үзвэл тэр “изм” нь миний нэрээр овоглож, өнөөг хүрсэн гэж би боддог. Яагаад гэвэл чиг хандлагын үндсэн суурь надаас эхтэй юм. Цаашдаа ч ингэж л явна гэж бардам хэлнэ.
Д.Т -Явж явж бүтээлч хүн ерөөсөө өөрийнхөө л тухай, өөрийн хэлэхээс өөр аргагүй болсон болоод л хэлдэг юм биш үү? Зурдаг нь зургаар, бичдэг нь уран зохиолоор, хөгжмийн зохиолч бол хөг аяар бичдэг. Бүхий л алдартнуудын бүтээл өөрийнхөө л тухай ярьсан яриа ч юм шиг?
Б.Ш -Чи яг зөв хэллээ. Би бол бүр улаан хөдөөний хүн шүү дээ. Багадаа хурдны морь унаж өссөн, бүр жалгын мухарт төрсөн, өнөөх төгөлдөр хуур гэгч хөгжмийг 16 нас хүрч байж л анх харсан хүн. Хэрвээ би хотод төрөөд, хөгжим бүжгийн сургууль төгсөөд, консерваторид очсон бол надаас шал өөр л юм дуугарч таарна. Гэтэл миний амьдрал гэнэтийн өөрчлөлтөөр хөдөөгөөс хотод нэг буудалласан болоод шууд гадагшаа гарч, нүд тайлсан хүн учир “Замбуутивийн наран”-гаар миний уран бүтээлийн шинэ хаалга нээгдсэн байх гэж боддог. Харин чи их дээр олж сонсоод кинондоо ашигласан нь сайхан санагдлаа.
Д.Т –Хөжмийг үгээр тайлбарлах гэдэг угаасаа утга муутай. Жишээ нь өөрийн чинь “Сэтгэлийн эгшиг”- ийг бараг л гашуудлын хөгжим мэтээр хүмүүс хүлээж авдаг. Бүр некрологид тавиад ч сурчихаж. Нээрээ ч тэрийг хүн тайван, тэгш амгалан сонсож чаддаггүй… Иймэрхүү хөг ая ер нь ямар үед гардаг юм бэ?
Б.Ш -Дээрх бид хоёрын яриа бол энэ хэсэгт хамаагүй шахам юм. За яахав “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, “Манан”… зэрэгт хүмүүс их дуртай байдаг. Жишээ нь “Сэтгэлийн эгшиг”-ийг нэг л сэтгэл хачин болоод, гунигтай ганцаардсан ч юм шиг үймээд, эхнэрээ санаад байхдаа л биччихсэн эд. Харахад зүгээр л хэдхэн нот. Гэхдээ хялбархан хэдэн нот шүү. Хийлч Дээгий нэг удаа надад хэлсэн юм шүү. Энэний нот гэж одоо юу байна аа…гэж... Тоглоод ядаад байх юмгүй амархан харагдаж л дээ. Тийм л дээ нээрээ. Гэхдээ л хүн түүнийг сонсоод шууд миний сэтгэлд болж байсан тэр гуниг тэр шаналал… одоо юу гэж нэрлэнэ сүнс, энерги, далд ухамсарт байгаа сэтгэлийн хөдлөл ч гэнэ үү …тэрийг сонссон хүн яг адилхан мэдрээд байгаад л учир байгаа юм. Хөгжим өөрөө сэтгэлийн маш хүчтэй хэл юм шүү дээ. Үгээр илэрхийлж болдоггүй юмыг л эгшгээр илэрхийлдэг. Энэ бол цэвэр мэдрэмжийн л асуудал…
Д.Т -Гадаад ертөнц өөрийг чинь хэр хүлээж авдаг юм бэ?
Б.Ш-Гадагшаагаа тоглогдсон тал дээр бол би хөгжмийн ертөнцдөө хамгийн амжилттай яваа нь ч байж мэднэ. Миний бүтээлүүдээс гадаадад маш их тоглогдсон. “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмж, “Зуурдын орон” бүжгийн жүжгийн чуулбар, Морин хуурын концерт, “Хэрлэнгийн домог” гэх мэт олон бүтээлүүд маань АНУ-ын Корнеги холл, Британийн Альберт холл, Японы Сантори холл гэх мэт дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад бараг бүгдэд тоглогдсон юм шүү дээ. “Хэрлэнгийн домог” гэхэд л Нобелийн шагнал гардуулах ёслол дээр хүртэл тоглогдсон.
-Гадагшаа тоглогдохоор мөнгө цаас бас орж ирэх үү?
-Өө тэгэлгүй яахав. Амазон энэ тэрд ч зарагдаж байгаа. Одоо миний унаад яваа машин гэхэд гадны л мөнгөөр авсан юм шүү дээ. Интернетэд зах хязгаар гэж байхгүй шүү дээ. Зах зээл л юм бол манай бүтээлчид гадагшаа л хүнд хүргэх юм хийхийн төлөө, бусад нь ч энэ зүгт хандуулах, зарж борлуулах зүйлсийг хийх цаг болсон. Зөвхөн Монголдоо тэгээд урлагаар амьдрах арга бол байхгүй. Хөгжим хаана ч орчуулгагүй хүрдэг болохоор нутагтаа хийгээд чадвал гадагшаа л харж явах хэрэгтэй цаг шүү дээ. Харин чиний киноны хувьд нэлээд хэцүү байх. Заавал мөнгө шаардана. Нот бол олон улсын хэл, тэгэхээр бидний хувьд бас боломжтой юм. Төгөлдөр хуур, нотны цаас, үзэг байхад юм хийгээд байж болно.
Д.Т -Ер нь л манайх шиг 3 сая хүнтэй оронд медиагаар мөнгө хийнэ гэж байх уу?
Б.Ш –Хэцүү дээ. Маш сайн кино хийгээд хийгээд нэг сая хүн үзнэ биз дээ. Бүүр маш сайн кино бол шүү дээ. Тэгвэл энэ урд, хойд хөршид бол нэг хотод л ийм тооны хүн үзнэ шүү дээ. Тэгэхээр л бүх урлагийн салбар дэлхийн зах зээлд л оюуны бүтээлээ яаж гаргах вэ гэдэгт санаа зовох ёстой болов уу даа. Саяхан л нэтэд юу ч олддоггүй байлаа. Одоо ч бас ч гэж YouTube-д зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй юм хум байж байх болж.
Д.Т-Ютуб гэснээс өөрийн чинь бүтээлүүдийг маш их хүн сонсож, маш олон зурвас үлдээсэн байх юм билээ. Нэг хүн “Ийм сайхан аялгууг хүн төрөлхтөнд өгсөн Шарав гуай танаар бахархъя. Энэ аялгууг мэдэрч сэтгэлийн таашаал авсан хүн бүрийн өмнөөс талархъя. Мянга мянган жил үл тасалдах хөг аялгуу мөнхөд хүн төрөлхтөнг сэхээрүүлэг” гэх мэтээр бичсэнийг хардаг уу?
Б.Ш -Хааяа хардаг, урам ч төрдөг. “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан”, “Манан”, “Бөртэ хатан” гэх мэт жижиг аязуудыг их сонсдог бололтой юм билээ. “Сэрсэн тал”-ыг бол их хурдан бичсэн санагддаг юм. 1984 онд улс тунхагласны 60 жилээр сэрж байгаа улс орон гэсэн агуулгатай найрал хөгжмийн бүтээлийн захиалгаар хийсэн юм. Одоогоор 31 жил тоглогдоод байна. Үндэсний их найрал хөгжим хамгийн олон удаа тоглосон бүтээл юм. Эндээ олон тоглогдохоос гадна гадагшаа ч олон тоглогдсон бүтээл. Москвагийн их тайзан дээр хоёр удаа, Юнескод ч хэд хэд тоглогдсон. Парист ч бас тоглогдсон байх жишээтэй. Ер нь манай морин хуурын чуулга очсон газар болгондоо л тоглодог. Японы дунд сургуулийн хүүхдүүд тоглосон бичлэг ч YouTube-д байна билээ.
Д.Т -Төрийн шагнал ямар бүлээрээ авсан юм бэ. Хүмүүс “Сэрсэн тал” эсвэл “Гэгээн алсад одох юмсан” бас “Сэтгэлийн эгшиг” гурвыг л төрөөс үнэлсэн байх гэж боддог?
Б.Ш - Би “Хоёрдугаар симфони”, эхлээд чиний асуусан “Замбуутивийн наран” гэдэг хоёр бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн юм шүү дээ. “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” гурвын аль нь ч биш. Хүмүүс тэгж андуураад байдаг.
Д.Т -Ингэхэд Б.Шарав гэх миний таньдаг хувь хүн ер нь яажшуу амьдарч байдаг хэрэг вэ. Цалин цавуу гэж огт байхгүй байх. Төрийн шагналын цалин гэж байх уу?
Б.Ш -Үгүй яахав дээ. Тэтгэвэр тогтоолгох гээд үзсэн чинь ердөө л 6 жил хэдэн сар л цалин авч цаг бүртгүүлсэн хүн юм билээ би. Тэгээд тэтгэвэр тогтоож болдоггүй. Харин тэгсэн энэ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэг хууль батлуулсан юм билээ л дээ. Түүнд нь харин хамрагдаад 208 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээр нь гавьяатын нэмэгдэл гэж 150 мянга тэгээд л болоо.
Д.Т -Төрийн шагналд цалин байдаггүй хэрэг үү?
Б.Ш -Байхгүй шүү дээ өгөхдөө хэдэн цаас дагалддаг. Гэхдээ социализмын үед арай дээр байсан шиг байгаа юм. С.Гончигсумлаа багш төрийн шагнал дээрээ 2 мянга нэмээд гэдэг байх аа… Унаад явдаг байсан улаан “Шкода” машинаа авсан байдаг юм билээ. Их дэлгүүрээс цоо шинээр нь авсан гэж байгаа шүү. Тэр үед бараг машины мөнгө өгдөг байж. Одоо хэд дагалддаг болсон юм бол доо. Миний үед 50 мянган төгрөг дагаж байсан одоо жаал нэмэгдээ биз…Билгээг авахад 350 мянга болсон байсан санагдана. Гэхдээ яахав ээ, би чинь CD-гээ зарна. Киноны хөгжим бичнэ. Номнууд байна. Тэгээд бас жижиг сажиг захиалга мундахгүй. Эрхбиш юм хийсэн болохоор хишгийг нь хүртэж л суух юм даа.
Д.Т -Бусад оронд яадаг юм бэ. Холоос хайгаад яахав, Оросод яг өөрийн чинь зиндааны төрийн шагналтай хүн яажшуухан амьдардаг юм бэ дээ?
Б.Ш - Өө шал өөр. Кобекин, Владимир Александр гэж хүн байгаа. Намайг Уралын консерваторид сурч байхад багшилж байсан төрийн шагналтай хүн. Одоо амьд байгаагаас магадгүй хамгийн нэртэй хөгжмийн зохиолч байж мэднэ. Тэр хүнтэй би олон жил хамт ажиллаж бас их ойр явлаа. Якутын “Чингис хаан” киноны хөгжмийг тэр хүн бичиж би бас зөвлөх хөгжмийн зохиолч хийж байлаа. Тэр хүнээр л жишээ авахад Москвад, Санкт-Петербургт байртай. Уран бүтээл хийх үедээ тэндээ очно. Уралдаа бас байр савтай, хамаг хөрөнгө нь тэнд байна. Мөнгө төгрөг энэ тэрээр огт гачигдах зүйлгүй зөвхөн л уран бүтээлээ бодно. Би сайн мэдэх хүнээ л ярихад шүү дээ. Тийм л юм билээ. Энэ Өвөрмонголд миний шавь болох Цагаан гэж хүн байна. Хөх хотын хүн гэхдээ Бээжинд хувийн студитэй, тэндээ уран бүтээлээ хийгээд сууж байх гэх мэт боломжтой улс олон байх юм аа.
Д.Т –Одоо ч интернэтээр худалдаа хийдэг болж дээ. HI-FI online store гэж гарч ирж. Энд мэдээж бүтээлүүд чинь зарагдаад эхэлсэн байх л даа?
Б.Ш- Тэгэлгүй яахав. Би сая гэрээгээ шинэчилсэн. Харин интернэтэд хил хязгаар гэж байх биш. Тэхээр манай хувийн хэвшлийнхэн ийм юм эхлээд явж байгаад талархаж сууна. Эрх чөлөө байна. Дэлхий хавтгай болж, юу л бол юу олж сонсож мэдэж болно. Бид харин өөрсдөө жоохон арчаагүй байгаа ч юм шиг.