Ялзрал
Монголчууд бидний нийгмийн амьдралд цөм түрэн орж ирээд, эдүгээ төр засаглалын байшин сав бүрийн хонгил, давхруудыг бүрэн живүүлж, бүх нийгмийг асар хурдтай ялзруулж байгаа муу усны үер бол авлига, хээл хахууль.
Монголчууд бидний нийгмийн амьдралд цөм түрэн орж ирээд, эдүгээ төр засаглалын байшин сав бүрийн хонгил, давхруудыг бүрэн живүүлж, бүх нийгмийг асар хурдтай ялзруулж байгаа муу усны үер бол авлига, хээл хахууль. Хээл, хахууль нь латины corruptus буюу устгах, муутгах, ялзруулах, эд баялгаар худалдан авах (хахуульдах) гэсэн үгнээс гаралтай. Олон зуун төр, соёл иргэншил гаднаасаа биш дотроосоо ялзран ганхаж, устан үгүй болж байсныг хүн төрөлхтний түүх харуулдаг. Хээл хахуулийг гаргахгүй байх, гарсан ч жигшин зогсоож чаддаг соёл, хүмүүний харилцааны хэв хэмжээ тогтоож чадсан улс орнууд бусдаас илүүтэй хөгжиж, улс нийгэм нь эрчимтэй урагшлан, хүн ард нь элбэг дэлбэг, аз жаргалтай амьдарч байна.
Дэлхийн улс орнуудыг тухайн орны иргэд нь төр засаглалдаа байгаа хээл хахуулийн хэмжээг үнэлснээр зэрэглэдэг болоод 25 жил болжээ. Дэлхийн 180 орныг хамруулсан 2009 оны жагсаалтад манай орон Казахстантай хамт 120-рт, хойд хөрш 146-д, харин урд хөрш хамаагүй сайн буюу 76-д орсон байсан. Хятад улс Монголтой харьцуулахад хээл хахуулийн түвшин хоёр дахин бага ч биднээс хорь дахин илүү хүчээр түүнтэй тэмцэж байна. “Интернэшнл хералд трибюн” сонинд (IHT. 2010-5-21-ны, III нүүр) Хятад улс олон мянган төрийн ажиллагсдыг авлигын хэргээр шийтгэсэн тухай бичжээ. Хяналтын яамны дэд сайд Хао Мингжин хэвлэлийн бага хурал хийлгэж, 3058 төрийн ажиллагсад, түүний дотор хэд хэдэн хотын дарга хээл хахууль авсан учир бүх насаар нь хорих хүртэл янз бүрийн шийтгэл оноосон гэжээ.
Эдгээр хүмүүс барилга барих, газар ашиглах, үндсэн хөрөнгө шилжүүлэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой гаргаж байгаа төрийн дэмжлэгийн мөнгийг (нийт 386 тэрбум ам.дол) түгээн зарцуулахдаа эрх мэдлээ ашиглан их хэмжээний авлига авсан, хөрөнгө гувчуулан завшсан нь тогтоогджээ. “Ассошиэтэд пресс” агентлагийн тэмдэглэснээр Хятадын иргэд хөгжлийн хурдыг дагасан үндсэн хөрөнгийн зохицуулалттай холбоотойгоор бэлэн мөнгө улсаас тараах нь өргөн дэлгэрсэн хээл хахуулийг улам бүр даамжруулж магадгүй хэмээн болгоомжилж байсан нь зөв байсныг харуулав. “Коммунист удирдлагууд тэдний эрх мэдэлд заналхийлж байгаа хамгийн том аюул бол авлига” гэж үзэх боллоо.
Ийнхүү улс төрийн ганцхан намын тогтолцоотой коммунист орон авлигыг өөрсдийн хамгийн том дайсан гэдгийг бүрэн ойлгож, түүний эсрэг шийдэмгий арга хэмжээ авч байна. Гэтэл олон намын тогтолцоотой манай улсад хээл хахууль нийгмийн амьдралын бүх салбарыг аль хэдийнэ бүрэн хамарч хүмүүсийн харилцааны хэвийн, хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ нэгэнт болжээ. Төрийн эрхийг, түүний дотор гүйцэтгэх болон шүүх засаглалын эрхийг бүхэлд нь ээлжлэн барьж ирсэн улс төрийн хоёр нам хээл хахуулийг таслан зогсоохын оронд улам бүр хөхиүлэн дэмжиж байна.
Үүний тод илрэл бол төр засгийн болон орон нутгийн удирдлагатай холбоотой авлига, хээл хахуулийн тухай баримт, нийтлэл хэвлэл мэдээллээр гардаг боловч түүнийг хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр үгүйсгэн өөрчилж, уусган сарниулж гаршив. Монголд байгаа бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор сонин, телевиз улс төрийн тодорхой хүчний эзэмшилд байдаг учир хээл хахуулийн тухай бараг бүх мэдээлэл сүржин эхлээд даржин замхардаг. Улс төрийн намуудын дотоод ардчилал ч улам бүр алга болж байна. Хариуцлагын тодорхой асуудлыг сөхөн гарч ирсэн гишүүдээ төрийн албан тушаалаар дотроо хахуульддаг арга барил газар авав. Ийнхүү хээл хахууль монголчуудын хамгийн том дайсан болоод байна.
зочин
enkhbayr
ббб
sain hun
zaya
swiss
Ganbat
Ganbat
Ganbat
Зочин
Зочин
Зочин
Uugii
Uugii
zuv
nasaa
мб
ÍßÌÊÀ
Дотно монгол
Монголхүү