У.Хүрэлсүхээс аврагдаж байж амьд үлдэх МАН, түүний төлбөр
МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа гишүүдийн саналыг худалдаж авахаар болжээ. Нэг санал 200 мянган төгрөг. Албан ёсны бүртгэлээр 240 мянган гишүүнтэй гэдэг тус нам энэ сонгуулийн хугацаанд гишүүдийнхээ тоог 300 мянга хүргэх зорилт тавиад байгаа.
Манай нэрт нийтлэлч Б.Цэнддоо ах саяхан “Нам, нэр дэвшигч хоёр эхлээд өөрийнхөндөө ялагддаг” гэж бичсэн байсан. Энэ дүрмээр АН гишүүддээ, нэр дэвшигч нь намыхандаа аль хэдийнэ ялагдсан харагдана” хэмээн бичсэн байна лээ. Ялсан, ялагдсан эсэхийг сонгуулийн дүн харуулах биз. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх /С.Эрдэнээс ялгаатай нь тэр одоо ч МАН-ын дарга хэвээр/ намынхаа гишүүдийн саналыг худалдаж авахаар болжээ. Нэг санал 200 мянган төгрөг.
Албан ёсны бүртгэлээр 240 мянган гишүүнтэй гэдэг тус нам энэ сонгуулийн хугацаанд гишүүдийнхээ тоог 300 мянган гишүүнтэй болох зорилт тавиад байгаа. Сонгууль болгоноор намын батлах тараадаг тогтсон уламжлал байдаг даа. Ингэвэл нийт төлбөрийн дүн 60 тэрбум төгрөг болно. Жархан тэрбум...
Тэгэхээр намын дарга нь намынхаа гишүүдийн саналыг мөнгөөр худалдаж авч байгааг гишүүддээ ялагдсан гэх үү, ялсанд тооцох уу? Урьд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй учраас яаж үнэлэхийг хэлж мэдэхгүй юм. Сонгогчийн саналыг худалдаж авлаа гэж сонссоноос гишүүдээс санал худалдаж авах тухай сонсож байсангүй. Энэ хэмжээгээр нам нь ч, нэр дэвшигч нь ч гишүүдийнхээ итгэлийг алдсан гэсэн үг.
-Тэгвэл цаана үлдсэн сая сонгогчийн саналыг яаж авах гэж байна?
-Ялгаагүй, худалдаж л авна шт...
Энэ бол МАН-ын аппаратад хариуцлагатай алба хашдаг хүмүүс хоорондын яриа шүү. Сая сонгогчийн 200.000-ыг нэмбэл 260 тэрбум болж байна. /Өмнөх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар эхний санал хураалтад 1,3 хүн санал өгсөн/ Таван жилийн өмнөх М.Энхболдын 60 тэрбумын сүлжээ дэргэд нь хүүхэд, нохойн наадам. Эндээс У.Хүрэлсүхийн хадгаламжинд байгаа тэрбум 700 саяыг хасвал цаана нь 258 тэрбум 300 сая төгрөг үлдэнэ. Энэ мөнгийг хаанаас гаргаж болох вэ? Энэ зэргийн бодлогыг эрхэм уншигчид өөрсдөө бодчих чадвартай л даа.
Үүн дээр хэвлэл мэдээлэл, соошл троллууддаа төлж байгаа мөнгө болон албан ёсны сурталчилгааны зардлыг тооцох гэвэл тооны машин гацах биз. МАН-ын даргын хувьд энэ сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялах зорилт тавьсан байгааг үүнээс харж болно. Ялагдвал яах вэ? гэдгээ тооцсон хүн л ийм тэнэг, бүдүүн зориг гаргадаг биз дээ. Тэгэхээр Х.Баттулга ганцаараа сонгуулийн үр дүнгээс айгаад байгаа нь юу л бол?!
Үнэндээ бол МАН-ын маш олон гишүүн У.Хүрэлсүх аль болох хурдхан зайлаасай гэж залбирч байгаа. Тэгэх шалтгааны үрийг ч мань өөрөө тарьсан. 2007 онд түүний байгуулсан Зүүний хүчний холбоо гэгч нам дамнасан байгууллага өнөөдөр У.Хүрэлсүхийн хувьд МАН-аас ч илүү нөлөөтэй, хүчтэй болсон. Нам дотор нам байгуулсан гэсэн үг. Яг Х.Баттулга шиг. Тэр тусмаа түүнийг Ерөнхий сайдад томилогдсоноос хойших албан тушаалын бүх томилгоонд Зүүний хүчний холбоо буюу найз нөхөд, ойр дотнын холбоо сүлбээтэй хүмүүс л өртсөн байдаг. Үүнд нь ил, далд гомдол тээж яваа намын гишүүд, намын дунд шатныхан болон дунд, ахмад үеийнхэн олон.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн /Хэнтийнх/, Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Булганчмэг, Б.Дөлгөөн, Байгаль орчны дэд сайд Ц.Батбаяр, Сонгууулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран... гэх мэтчилэн жагсаавал дуусахгүй. Бүгд У.Хүрэлсүхийн "суганы үс", Зүүний хүчний холбооны хүмүүс. Хамаг залуу насаараа зүтгэсэн нам нь арай гэж, бүр хоёр дараалж сонгуульд ялсан чинь хэн ч танихгүй нэг Баагий орж ирээд "Хүрэлсүхийн хүн байна" гээд ажил, албан тушаалыг нь булаагаад эхлэхээр гомдохгүй ямар хүн байх юм бэ.
Уг нь бол улс төрийн нам болгонд боловсон хүчний бодлого, хүний нөөц гэж зүйл байдаг. Нам ялж засгийн эрх авч гэмээн энэ хүмүүс ийм ийм албан тушаалд очих юм шүү гэсэн хүний нөөцийн бодлого. МАН бол бусад намуудтай харьцуулахад энэ тал дээр хамгийн хатуу чанга сахилгатай явж ирсэн нам. Харин У.Хүрэлсүх МАН-ын дарга болсноос хойш боловсон хүчний бодлого гээч зүйл нэгмөсөн алдагдаж, Удирдах зөвлөл хүртэл үүрэг рольгүй болсон. Энэ байдлыг ирэх сонгуулийн дүн өөрчилнө гэж олон хүн найдаж байгаа. Учир нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол ирэх зургаан жилийн хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Дахиад зургаан жил өнгөрөхөд МАН дотор У.Хүрэлсүхийн орон зай нэгэнт байхгүй болсон байна. Сүгсэлзүүрээс салах МАН-ынхны цор ганц боломж энэ.
Нөгөө талаас 2007 онд түүний байгуулсан Зүүний хүчний холбоо гэдэг байгууллага өнөөдөр аймаг бүрт хөлтэй, өөрийн гэсэн бүтэцтэй, гишүүдтэй болсон. Өнгөрөгч 2019 онд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэгчийг аймаг болгонд айгуулж Засаг дарга нараар удирдуулсан. У.Хүрэлсүх МАН-аас явлаа ч Зүүний хүчний холбоо, Монгол цэргийн нэгдсэн холбоо гэж МАН-аас дутахгүй хөлтэй албан бус намууд У.Хүрэлсүхийг тосч авна. Одоо харсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сурталчилгааг МАН биш, Зүүний хүчний холбоо, Монгол цэргийн нэгдсэн холбоо өөрсдийн сүлжээгээр хийж байна. Харин өртгийг нь МАН төлж байгаа.
ESUIGEN
Зочин
Зочин
zochin
Зочин
ХУУЛЬЧ
SEMUUN
УБ иргэн