Барилгын салбарын хувь заяа
Барилгын салбар сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.
Барилгын салбар сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Галзуурсан өндөр үнэ бууж өгөхгүй, хамаг бие нь дагжин чичирч, бүх арга чаргаа хэрэглээд ч биеийн байдал илааршиж өөрчлөгдөх шинж тэмдэг мэдэгдэхгүй байсаар нэг жилийн нүүр үзэх нь.
Энэ өвчтөн хэрвээ амьсгал хураачихвал дуусаагүй 470 барилга, нэг их наяд (триллион) төгрөгөө оруулсан хөрөнгө оруулагчид, урьдчилгаа мөнгөө төлсөн 7800 айл өрх, энэ салбарт ажилладаг 78000 хүн хохирно. Төгрөгийн дуслыг яаралтай залгаад өгчих юм бол байдал хэвийн болно гэж барилгын салбарынхан амлаж, төр засгаас аврал хүсэж байна. Энэ зөв шийдвэр мөн үү?
Ямар ч өвчтөний амийг аврах, улмаар эмчилж эдгээхийн тулд юуны өмнө өвчний оношийг нь зөв тогтоох шаардлагатай. Буруу оношилбол ямар ч эмчилгээ үр дүнд хүрэхгүй нь мэдээж.
Барилгын салбарын бүтээмж алга болж, өрсөлдөх чадвараа алдсаны жинхэнэ шалтгаан нь гурван талын шахалтын улмаас барилгын салбарынхны үйл ажиллагаандаа гаргасан гажилтад байгаа юм. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт, зохицуулалт, хэрэглээний хүчнүүдийн нөлөөнд барилгын салбарын шилжилтийн насных нь гэнэн үйлдлүүдийн үр дагавар илрэн гарч байна.
Тухайн салбарт нийлүүлж байгаа материалын болон боловсон хүчин, санхүүгийн эх үүсвэрт гажилт бий болсон нь үнийг хөөргөхөд нөлөөлсөн. Барилгын материалын дотоодын нийлүүлэлт хэрэгцээний өсөлтийг гүйцэхгүй байсан тул гадаадаас ихэнх материалаа импортолж байлаа. Үлэмж ашигтай байсан энэ хэрэгцээг том эдийн засгийн бизнесүүд олж хармагцаа хямд үнэтэй зээлийн эх үүсвэрээр бараа авч хадгалан, хүссэн үнээрээ нийлүүлсээр ирсэн юм.
Ажиллах хүчээ ч гадаадаас оруулсаар ирсэн, оруулсаар байгаа нь дотооддоо боловсон хүчнийг бэлдэх, мэргэжил дадлагыг нь дээшлүүлэх талаарх урт хугацааны бодлого алдагдахад хүргэсэн билээ.
Санхүүгийн эх үүсвэрийн хувьд орон сууцны эрэлт хэрэгцээ асар их байгаатай холбоотойгоор жилийн 20 хувийн хүүгээр буюу таван жилд хоёр ч байр авчих үнээр нэг байр худалдан авч байсан нь хөрөнгө оруулагчдад хуурамч хүлээлт өгч, банкууд богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээ барилга барьж байгаа нийлүүлэгчид, худалдан авч байгаа хэрэглэгчдэд хоёуланд нь нэгэн зэрэг их хэмжээгээр олгож байв.
Барилгын салбарын нэг том онцлог нь хүний аюулгүй байдалтай шууд холбоотой учир аюулгүй байдлыг хангах онцгой зохицуулалт хийгдэх учиртай. Төр засгаас энэ ажлыг Мэргэжлийн хяналтын газарт даалгасан нь үнэндээ нэмэр биш нэрмээс, дэмжлэг бус дарамт болсоор ирэв. Уг нь бол барилгын чанар, аюулгүй байдлыг зураг төслийг нь анх боловсруулсан компани эхнээс нь дуустал нь хариуцдаг олон улсын жишиг бий. Гэтэл манай “хянагчид” зөвхөн дууссаны дараа ирж үзээд ашиглахыг зөвшөөрдөг, эсвэл эс зөвшөөрөн гуйлгаж, гувчуур нэхнэ. Тэгсэн хэрнээ аль ч тохиолдолд хүмүүс байрандаа ямагт орчихсон, төвхнөчихсөн байдаг бөлгөө. Угаасаа хэн юу хийх нь бараг хамаагүй болсны нэгэн жишээ энэ.
Барилгын компани зөвхөн барилгаа л барих ёстой байтал тэд газраа олдог, барилгаа барьдаг, захиалгаа авдаг, борлуулалтаа ч хийдэг. Тэд өөрөө өөрийнхөө захиалагч болж байгаа учир “сүх далайтал үхэр амар”-ын жишгийг баримталдаг бөгөөд хэзээ нэгэн цагт ямар нэгэн байшин нурж болох тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулсны учир тэр. Тэд бүхнийг хийдэг хэрнээ алийг нь ч сайн хийж чаддаггүй. Төрөлжөөгүйн гор энэ. Барилгын салбарын тоглогчдын хэн нь юуг хариуцах нь хэрвээ тодорхой бол тус тусын чиглэлээр даатгалын үйлчилгээ хөгжүүлж, даатгагч нь чанар, гүйцэтгэлд давхар хяналт тавьж байх ёстой.
Төр энэ бүхнийг хийлгүүлдэг болохоос өөрөө хийдэггүй юм. Зайсан дахь нэгэн шинэ байшингийн доорх гарааш үерт автаж, өндөр үнэтэй өчнөөн олон машиныг усанд хөвүүлж эвдлээ. Хэн энэ хохирлыг барагдуулах ёстойг судлаад үз дээ!
Төр засаг, түүний дотор хот, орон нутгийн удирдлагуудад барилга барих газраа авах, дэд бүтэцтэй холбуулах, ашиглалтад өгөх зөвшөөрөл авах зэрэг түмэн шатны буман ажлаа бүтээлгэхийн тулд ил далд өгч байгаа төлбөр, хахууль нь барилгын үнийг хөөрөгдөж байгаа томоохон шалтгааны нэг (үнийн бараг гуравны нэг) мөн. Энд бас барилгын компаниуд ч өөрсдөө буруутай. Газрын наймаа хийж байгаа барилгын компаниуд бүр давхар буруутай.
Барилгын салбарынхан хэрэглэгчийн чадавхийг бүрэн ойлгож зах зээлийн хэсэг бүрт (segment) зориулсан бүтээгдэхүүн бий болгохын оронд хамгийн өндөр ашгийн төлөө улайрсаар хамгийн том хэрэглэгч болох гэр хороололд амьдарч байгаа бага орлоготой иргэдэд таарсан барилгыг хэн ч барьсангүй.
Шинээр барьсан орон сууцуудад угаасаа байранд байсан айлууд, тэдний үр хүүхдүүд орсон болохоос гэр хорооллоос бараг хэн ч орж чадахгүй байна. Тиймээс эсгий хот гэрлийн хурдаар тэлж байгаа. Банкууд ч энэ талаар санаачилга гаргахгүй, удирдан чиглүүлэхийн оронд ойрын ашгаа хөөцөлдөн мөнгө хүүлж, үнэ хөөргөдөхөд ихээхэн түлхэц үзүүлсэн. Тэд одоо ч гэсэн сарын 2.0 хувьтай зээл авч болно гэж хадуурч байна. Худалдан авах чадвартай цөөхөн хэрэглэгчийн тогтоосон үнээр цаашдаа ч борлуулна гэж төөрөлдөж байна. Дарга нар, газрын дамчны хахуулийн мөнгө, банкны өндөр хүүг эцсийн эцэст хэрэглэгч л төлж ирсэн. Одоо эцсийн хязгаартаа тулжээ.
Барилгын үнийг хөөрөгдсөн нийлүүлэлт, зохицуулалтын зардлын дээшээ чиглэсэн чангаалт, хэрэглэгчийн худалдан авах чадварын доош улласан таталтын дунд чивчрэн сунгагдаж байгаа барилгын салбар чичрэн, халуурч байна. Дээрх хоёр хүчийг сааруулах хүртэл энэ байдал үргэлжилнэ. Эсвэл уяа тасарч бүх зүйлийг шинээр эхлэхэд хүрнэ. Асуудлын гол нь дуслын тариа залгахад биш, дээрх татах хүчүүдийг сааруулахад байгаа юм. Ядаж эхлээд сааруулсан байх ёстой.
Газар, элдэв зөвшөөрлийн хахууль гэнэт алга болоод л, банкны хүү огцом буураад л, түүнтэй зэрэгцэн гэр хорооллынхон бүгдээрээ ажилтай болсноор сайн цалин авч, байр худалдаж аваад эхэлтэл бас л хугацаа хэрэгтэй. Харин энэ сайн өдрийг өвчтөн тэсвэрлэн хүлээж чадах болов уу?
Юу тарьсан, түүнийгээ л хураадаг билээ. Гэтэл бид дандаа л тарьснаасаа өөр төрлийн ургац хүлээх юм даа.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Санал
zochin
tumru
zochin