ҮЙЛИЙН ҮР: ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ УХАМСРЫН ТОГТОЛЦОО
ҮЙЛИЙН ҮР: ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ УХАМСРЫН ТОГТОЛЦОО
“Үйлийн үр” гэдэг үг Монголд хамгийн их хэрэглэгддэг хэр нь хамгийн буруу ойлгогдсон ойлголт болжээ. Хэн нэгэн осолд орвол “үйлийн үр нь юм даа” гэдэг. Хэн нэгэн ядуурвал, гэнэт муудаж үхвэл “өмнөх насандаа муу юм хийсэн байх” гэж дүгнэдэг. Ингэж хэлэхэд амархан. Харин ингэж ойлгох нь бодит үнэнтэй огтхон ч нийцдэггүй. Миний хувьд випясанса бясалгалаар арваад жил хичээлсэнээс ойлгож авснаа бусдад ойлгуулах гэж хичээж үүнийг чадан ядан бичиж буй билээ.
Буддизм анхнаасаа хүнийг айлгах сургааль байгаагүй. Харин өөрийгөө ажиглах, ухамсраа таних ухаан байв. Сиддхартха Гаутама випассана бясалгалаар дамжуулан үйлийн үрийг дарж устгах биш, ойлгож сулруулан гэгээрэлд хүрсэн гэдэг. Гэвч цаг хугацааны явцад мухар сүсэг, айдас, буруу тайлбар энэ ойлголтод ихээр шингэж, өнөөдөр “үйлийн үр” гэдэг нь бусдыг буруутгах, зовлонг тайлбарлах амархан үг болон хувирчээ. Бараг хэн ч энэ талаар ойлгохыг хүсдэггүй бичдэггүй зүгээр л үйлийн үр гэх нэг аймаар зүйл л гэж ойлгосоор иржээ. Гаанжуур Даанжуурт ч буддизм гэх үг хэллэг байдаггүй юм байна. Хожим бид ихээхэн зүйлийг нэмж зохиож оруулжээ.
Тэгвэл үйлийн үр гэж чухам юу вэ? Юуны өмнө нэг зүйлийг шулуухан хэлэх хэрэгтэй. Үйлийн үр бол бурхан чамайг шийтгэж буй явдал биш, (бурхан гэдэг үгнь гэгээрэлд хүрсэн хүн бөгөөд тэнгэр гэдэг нь буянүйлдээд тэнгэрт төрсөн гэсэн утга ) тэнгэрээс оноож буй ял шийтгэл ч биш, хэн нэгэн чиний бүх үйлийг тэмдэглээд дүгнэж суудаг тогтолцоо бол огтоос биш юм.
Буддын сургаалд “карма” гэдэг нь санаатай бодол, түүнийг дагасан үг, мөн түүний үргэлжлэл болсон үйлдэл гэсэн гуравхан зүйлийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, ямар шалтгаан тавина, тийм үр дагавар бүрэлдэнэ гэсэн амьдралын энгийн зүй тогтол юм.
Иймээс үйлийн үр бол хувь заяа, өмнө зурсан зураг тавилан биш. “Ийм амьдралтай төрсөн нь үйлийн үр” гэж ярих нь хүнийг ямар ч гарцгүй мэт бодолд оруулдаг. Гэтэл буддын сургаалын үндсэн санаа үүний яг эсрэг.
Хэрвээ бүх зүйл урьдчилан шийдэгдсэн бол сонголт, хариуцлага, ухамсар гэдэг ойлголтууд утгагүй болно. Буддын ойлголтоор хүн бол өнгөрсөндөө баригдсан оршихуй биш, харин ирээдүйгээ агшин бүрт шинээр бүтээж байдаг оршихуй юм. Тэгээд ч бурханы сургаальд өчигдөр гэж байхгүй яагаад гэвэл өнгөрсөн учир. Маргааш гэдэг ч байхгүй яагаад гэвэл болоогүй учир гэж заажээ. Бид яг өнөөдөрт л амьдарч чадна. Дэлхийн бүх алтыг өгөөд ч өчигдөрт хальт очоод ирэх ч арга байхгүй мөн маргаашид мөн адил. Өчигдрийн үйл өнөөдрийг нөлөөлж магадгүй ч өнөөдрийн ухамсар маргаашийг өөрчилж чадна. Тэхээр бид үйлийн үрийг өнөөдөр л сэтгэлдээ тарьж байдаг байх нь.
Мөн “эх, эцгийн нүгэл үр хүүхдэд тусна” гэдэг итгэл Монголд гүн суусан байдаг. Гэвч буддын сургаалд ийм зарчим огт байдаггүй. Хүн бүр өөрийн бодол, өөрийн үг, өөрийн үйлдэлд л өөрөө хариуцлага хүлээнэ. Эцэг эхийн буруу үйл хүүхдэд шийтгэл болж шилждэггүй, харин орчин, дадал, нөлөө хэлбэрээр л хам дамжиж болно. Энэ хоёрын ялгааг ойлгох нь маш чухал. Тэр хүүхэд ч мөн ялгаагүй урдын болон одоо үүсгэж буй өөрийн үйлийн үртэй байдаг.
Тэгвэл үйлийн үр үнэндээ хаана үүсдэг вэ? Ихэнх хүн кармаг заавал том үйлдэлтэй холбож ойлгодог. Аль нэг насандаа туйлын том нүгэл үйлдсэн гэх мэт. Харин буддын сургаалд карма гадаад үйлдлээс биш, дотоод ухамсраас эхэлдэг гэж тайлбарладаг. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлах гэж оролдоё.
Ухамсрыг (тэр дундаа далд урамсрыг, яагаад гэвэл далд ухамсар мэдрэмжийг хариуцаж байдаг бөгөөд ил, далд ухамсар хоёр хоорондоо ханатай учир бие биедээ болж буй мэддэггүй) нэг гэр гэж төсөөлъе. Хаалган дээр виняна хэмээх “харуул” зогсож байдаг. Хаалгаар хэн нэгэн орж ирэхэд тэр зүгээр л “хэн нэгэн орж ирлээ” гэж мэдэгдэнэ. Сайн муу гэж дүгнэхгүй, сэтгэл хөдлөл ч байхгүй. Фэйсбүүк дээр нэг пост харлаа, нэг хүний нэр харлаа гэдэг нь үүнтэй адил. Энэ үед ямар ч үйлийн үр үүсээгүй байдаг.
Дараа нь саня буюу “шошго наагч” ажиллана. “Энэ хүн танил байна”, “энэ хүн муу гэсэн”, “энэ хүн нададитаалагддаг” “энэ хүн надад ёстой таалагддаггүй” гэх мэтээр шошго наана. Фэйсбүүк дээр “энэ нөхөр авлигач гэнэ”, “энэ эмэгтэй худалч гэнэ” гэх мэдээлэл яг энд сууж өгдөг. Буруу ойлголтын үр сууриа яг энэ үед тавьж эхэлдэг. Мөн та хэн нэгэнтэй эрт дээр цагт муудалцсан бол таны саня түүнийг муу хүн гээд сейвлэж орхино. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрч тэр явдлыг тэр хүн мартсан байсан ч хамаагүй чиний хувьд чиний саня түүнийг муу гэж дүгнэсэн учир. Чамд бол тэр хүн муу хүн. Чамайг би есөн үеэрээ мартахгүй гэх нь есөн үеэрээ өөрөө зовно л гэсэн үг.Уурлахад хамгийн эхний хохирогч нь өөрөө байдаг. Өнөөх хүн тэр уурыг авах нь ч бий огт тоохгүй нь ч буй шүү дээ.
Үүний дараа ведна буюу биеэр мэдрэх шат орж ирнэ. Санягийн наасан шошгоны дараа дотор арзайж, цээж давчдаж, дургүй хүрч эхэлдэг. Гэхдээ энд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй: мэдрэмж өөрөө карма биш юм. Зарим муу мэдээг сонсоход дотор пал хийгээд явчихдаг шүү дээ. Гэвч энэ карма биш.
Харин дараагийн шат болох санкара дээр л бүх зүйл шийдэгддэг. Энэ үед “би коммент бичнэ”, “би муулна”, “би дайрна”, “би шэйрлэнэ” гэсэн шийдвэр гарна. Яг энэ мөчөөс л үйлийн үр үүсдэг. Та тэр хүнтэй бодит амьдрал дээр нэг ч удаа уулзаж байгаагүй, ямархүн болохыг нь огт мэдэхгүй байж болох ч та өөрийн гараар карма үүсгэчихсэн байдаг.(Та өөрийнхөө фэйкбүүкийг нэг хараад бодоорой. Та мартсан ч гэлээ карма огт мартдаггүй маш их санкара өөрөө та өөртөөидалд ухамсартаа үүсгэсэн байгааг )
Фэйкбүүкийн бодит жишээгээр хэлбэл, та нэг хүнийг олон хүн муулж байгааг харна. Та түүнтэй уулзаж байгаагүй, ярилцаж байгаагүй, бодит байдлыг нь мэдэхгүй. Гэтэл бусдын үг саня болж, дургүй хүрэх мэдрэмж ведна болж биеэр тарж, дайрч бичих үйлдэл санкара болж, та өөрийн кармаг өөрөө бүтээж орхидог. Тэр хүн үнэхээр буруу хүн ч байж болно, эсвэл огт буруугүй, бүр гэгээрэлд ойр хүн ч байж магад. Гэхдээ энэ нь таны карматай огт хамаагүй. Таны карма бол та яаж хариу үйлдэл хийснээс л бүрдэнэ. Хар л бол хар. Хард улаан гэж байхгүй хард цагаан гэж байхгүй хар л бол хар! (Ийм зүйл гэр бүлд их тохиолддог бөгөөд санкара чинь үргэлж давтагдаж хуримтлагдсаар байгаад нэг өдөр тэсэрч зодох бүр алах үйлдэл илэрнэ. )
Ихэнх хүн “тэр хүн үнэхээр муу байсан бол яах вэ?” гэж асуудаг. Гэхдээ тэр хүн үнэхээр муу байсан ч ууртай дайралт, доромж үг, үзэн ядалт чамд сайн карма болдоггүй. Буддизм бурууг зөвтгөхийг заадаггүй, харин дотоод хариу үйлдлээ өөрөө тэгш амгалан ажиглахыг заадаг.
Чөлөөлөгдөх боломж яг энд байна. Хэрвээ хүн энэ дотоод дарааллыг анзаарч сурч, уур шунал төрөхөөс өмнө зогсож чадвал карма аяндаа өөрөө сулрана. Тийм учраас бясалгал гэдэг нь бодох, дүгнэх зүйл биш, харин болж буй бүхнийг тэгш амгалан сэтгэлээр ажиглах явдал юм.
Мэдрэмж өөрөө асуудал биш, харин мэдрэмж дээр автоматаар хариу үйлдэл хийдэг зуршил л карма үүсгэдэг юм байна гэдгийг. Өвдөлт ч мөнх бус, баяр хөөр ч мөнх бус. Үүнийг биеэрээ мэдэрч “энэ ч басмөнх бус” гэж тэгш амгалан сэтгэлээр хандаж чадвал санкара хүч авахгүй, карма болж сэтгэлд гүн суухгүй. Авьяас гэдэг үг бол эртний пали үг бөгөөд утга нь дадал гэсэн утгатай ажээ. Ямар дадал бэ гэвэл урд насандаа олон дахин хийж байсан үйлийн үр суусан гэсэн үг. Тэр урд насандаа зурдаг, бичдэг, дуулдаг…байсан болоод тийм авьяас буюу түүний сэтгэлийн файлд гүн суусан дадал ил гарч ирсэн нь тэр ажгуу.
Өнөөдөр “үйлийн үр” гэдэг үг бусдыг шүүх, зовлонг зөвтгөх, өөрийгөө цагаатгах хэрэгсэл болжээ. Харин жинхэнэ утгаараа энэ ойлголт нь “чи бол амьдралынхаа золиос биш, чи бол амьдралынхаа оролцогч” гэдгийг сануулж буй хэрэг юм.
Эцэст нь хэлэхэд, үйлийн үр гэдэг нь айлгах үг ч биш, хараал ч биш, бусдад нааж зүүх пайз ч биш. Харин хүн өөрийгөө яаж бүтээж, яаж эвдэж, яаж өөрчилдөг вэ гэдгийг харуулдаг ухамсрын тэр дундаа мэдрэмжийг хариуцдаг далд ухамсарын бодит тогтолцоо юм. Хэрвээ бид үүнийг ингэж ойлговол “үйлийн үр” айдас төрүүлэхээ больж, ухаарал төрүүлж эхэлнэ.Хүн өөрийгөө ажиглаж сурч эхлэнэ гэсэн үг.
Гэвч бясалгалд сууж энэ бүх дарааллыг биеэр мэдэрч тэр их санкараг тэгш амгалан сэтгэлээр ажилгаж сурах л үйлийн үрийг үүсгэхгүй байх тогтолцоо билээ. Үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд ч хэдийгээр үнэгүй боловч арав хоног нам гүм сууж өөрийгөө өөрөө ажиглах тийм ч амар биш учир ихэнх хүн бясалгалд суухыг хүсдэггүй юм.
Бараг л сүм бүрийн хананд бичээстэй байдаг
“Миний үг учраас бүү дага. Өөрөө шинжилж үзээд, үнэн гэж танивал л дага.” Гэсэн бурхан багшийг үг нь бясалгалыг өөрөө хийж үзээд биеэр мэдрээд үнэн байвал дага гэсэн утга болой. Харамсалтай нь бурханы практик арга бясалгал үгүй болж (эсвэл хялбар аргууд гарч ) зөвхөн номлол үлдсэн учир бясалгал гэдэг тусдаа зүйл мэт болон хувирсан болой. Шашны судар бүрт випясана гэсэн үг байх ч түүнийг биеэр үзээгүй хүн ойлгох нь тун бага ажгуу.

