ҮНДЭСНИЙ БАЯЛАГИЙН САН ХЭМЭЭН НОРДИК ҮЛГЭР 


Хэн дор эрдэм буй болбоос түүн дор тус буй
Хэн дор эе буй болбоос түүн дор нөхөд буй
Хэн дор эд буй бөгөөс түүн дор харам буй
Хэн дор эрх буй бөгөөс түүн дор хилэнц буй

Орчлонгийн сав шимийн дуулал

Саяхан Чингис хаан фонд гэх баялгын сангийн тухай нэвтрүүлэг үзлээ. Уг нэвтрүүлгээр ярьсанаар бол 8 жилийн дараа гэхэд л Монгол улсын иргэн бүр жилдээ 10 сая төгрөгийг энэ сангаас хүртэнэ гэлээ. Таван ам бүлтэй айл гэр жилдээ 50 сая төгрөгтэй болох ажээ.

Өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлыг засах, ардчилалыг баталгаажуулах, хүн бүр газрын баялагаас хүртэх Норвегийн үлгэр жишээн дээр Үндэсний баялагийн сангийн хууль гарсан гэх бөгөөд энэ үлгэрээр л Монгол улсын үндсэн хуулийг өөрчилсөн ажээ. Уг хуулийг Норвегийн баялагийн сангийн жишгээр хууль гаргаж өөрчлөхийн тулд үндсэн хуулийн 6.1,6. 2 дугаар заалтыг үндсэн хуульд тусгасан хэмээн тухайн үеийн УИХ дарга асан Г.Занданшатар мөнөөх нэвтрүүлгээр ярьлаа.
Тэгээд би баялагийн сан ямар эх үүсвэрээс бүрддэгийг И-Монголиад орж харвал өнөөдрийн байдлаар Баялагийн санд хуримтлагдсан бүх мөнгөний 95 хувь нь мөнөөх Хятадын Шинхуад 100 жилээр алдчихаа шахсан Эрдэнэс таван толгой, мөн л хэсэг бүлэг хүмүүс 49 хувийг нь хувьчлаад авчихсан байсан Эрдэнэт үйлдвэрийг буцааж улсын болгосон хоёр компаниас л бүрдсэнийг та харж болно. Үлдсэн 5 хан хувь нь бусад стратегийн ордуудаас орж ирж байгаа гэдэг үнэхээр хачин санагдав. Стратегийн орд гэх тодотголтой тэр ордуудыг улсын төсвөөр хайгууль хийсэн ордууд гэдгийг ч мөн тайлбарлах хэрэггүй биз. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стратегийн 16 орд байна. Цаашдаа стратегийн ордод оруулах 50 гаруй орд байгаа гэх бөгөөд стратегийн ордуудын 9 нь улсын мэдэлд үлдсэн нь хувийн хэвшилд лиценз эзэмшигчээр дамжин ямар нэг хууль бус замаар хувийн компаниуд очсон бөгөөд дээрх 34 хувиа төрд буюу баялагийн санд өгөхгүй гэсэн тэмцэл яг одоо өрнөж засаг төрийг унагах сэдэлтэй жагсаал цуглаан болж буй тухай ч нэвтрүүлгээр ярьлаа.
Ер нь хэрэг дээрээ бүхий л маргаан эвдрэл мөнгөнөөс л болж байдгийг хэн хүнгүй мэднэ. Анд нөхөд, ажил төрөл, гэр бүл, хамаатан садан, за тэгээд улс төрийн гол эвдрэл мөнгөнөөс л болдогийг хэлэх илүүц бизээ.
Өнгөрсөн 30 жилд төртэй ойр мэдээлэлэл бүхий хүмүүс л уул уурхайн лиценз олж аваад нүүрсчин, алтчин, төмөрчин…зэрэг болцгоон баяжиж тэд эхэндээ хэдэн тэрбумаар орлогоо ярьдаг байснаа одоо их наяд гэх хэн ч тоолж үзээгүй их тоогоор ярих болсоныг бүгд мэднэ. Улмаар асар ихээр баяжсан “картель” хоорондын цусгүй дайн эхэлж хэвлэл мэдээлэлээр болон сошиал сүлжээгээр тролууд тэдний санхүүжилтээр бичиж, хоорондоо хэрэлдэж, жагсаж цуглаж элдвээр үзээд одоо бүр иргэний дайны ирмэгт арай л хүрчилгүй тогтож байна.
Социализмийн үед бүгдээрээ жигд ядуу байсан орон ардчилалын энэ гучь гаруй жилд цөөнх нь баян болж дийлэнх нь ядуу эсвэл ядуувтар давхарга болсоныг хэн хүнгүй л мэдэж буй. Бидний үлгэр жишээ аваад дагаж буй Норвеги улс ч мөн адил 1969 онд дэлхийн хамгийн том далайн газрын тосны ордуудын нэгийг илрүүлсэнээс болж манайтай ижил зөрчил үүсч эхэлжээ. Гэвч Норвеги улс нь дал наян хувийн татвартай социалист орон бөгөөд, дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг учир 1990 онд Норвегийн парламент хууль тогтоомжийг баталж, байгалийн баялагаа улсынх болгожээ. Таван сая гаруй хүн амтай улсад гэнэт асар их мөнгө орж ирсэн учир шууд л улсын мэдлийн сан байгуулсан байна.
Мөн Чили улс ардчилсан тогтолцоотой орон ч дэлхийн талыг зэсээр хангадаг орон билээ. Гэвч Чили улсын байгалийн баялаг улсын мэдэлд байдаг юм байна. 1973—1981 онд Пиночетийн хунтын дэглэм засгийн эрх аваад Америкчуудад зэсээ өгөхгүйн дээр ОХУ-д ч зэс өгөхгүй гэсэн учир манайд Эрдэнэтийн зэсийн уурхайг ЗХУ-ын санаачлагаар 1978 онд хамтран эзэмшихээр Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэрийг барьж эхлүүлсэн түүхтэй.  
Норвеги улсын санд 2024 оны 11-р сарын байдлаар 1.74 их наяд ам.долларын хөрөнгө цуглаж дэлхийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх компаниудын дунджаар 1.5%-ийг эзэмшиж, нийт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том ганц бие даасан баялгийн сан болжээ. Энэ нь Норвегийн иргэн бүр 325,000 гаруй ам.доллар ногдоно гэсэн гэсэн үг бөгөөд газрын баялаг дуусах үед мөнгөтэй үлдэх буюу ирээдүйд шууд чигэлсэн сангаасаа тэтгэвэрт гарсан иргэддээ  өндөр тэтгэвэр олгодог мөн сангийн хөрөнгөөр олон улсын хувьцаа худалдаж авч сангийнхаа мөнгийг аривжуулдаг ажээ. Тус сан нь Норвегийн газрын тос, байгалийн хийн олборлолтын орлогоороо хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд “Microsoft”, “Apple”, “Samsung” зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт дэлхийн 72 оронд үйл ажиллагаагаа явуулдаг 9146 компанид хөрөнгө оруулалт хийсэн тухай тайлан гарч байжээ. Сүүлийн байдлаар нийт 8,900 компанид хувьцаа эзэмшиж байгаа нь дэлхий даяар биржид бүртгэлтэй бүх хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг гэсэн үг юм.
Дэлхий дахинд бол анхны баялгийн санг Кувейт улс 1953 онд газрын тосны олборлолтоосоо олсон орлогоороо байгуулж байжээ. Тэр цагаас хойш тэрбум гаруй долларын хуримтлалтай улсаас эхлэн жагсаавал Хятад улс нэгдүгээр т хоёрт Арабын Нэгдсэн Имират улс, Саудын Араб, Сингапур, Кувэйт, Хонг Конг, Орос, Казахстан тэргүүлдэг бөгөөд дэлхийн 44 орон үндэсний баялагийн сантай, Монгол улс 41 д жагсаж байна.
Бид “алтан дээр суусан гуйлагачин” гэх нэртэй болоод их удлаа. Норвегийн сангийн жишгийг судалснаар манай нөхцөлд тааруулж гурван хэсэг сан болгон нэг санд цугалсан мөнгийг иргэддээ тэгш тарааж эхэлсэнийг хишиг хүртсэн хүн бүр мэдэж байгаа. Ийм янзаар явбал удахгүй Монголын иргэн бүр их хэмжээний ногдол ашигийг Монголын иргэн бүр Үндэсний баялагийн санд хуримтласан мөнгөөрөө орон сууц авах, эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулах эрхтэй болох тухай дээрх нэвтрүүлгээр ярьлаа.
Үнэхээр ч 1990 оноос хойш 35 жилд уул уурхайгаар цөөн тооны хүмүүс баяжсан бөгөөд стратегийн гэх тодотголтой ордуудын 34 хувийг төрд буюу баялагийн санд хуримтлуулах гэснээс үүдсэн зөрчил өнөөдөр ид хүчээ авч буйг бид харж сууна. Хэн дор эд буй түүн дор харам буй гэдэг энэ буюу.
Энэ хугацаанд бүтэн үе солигдож баян ядуугаараа ялгарч эхэлсэн бөгөөд уул уурхайтай хүмүүсийн олсон орлого жилдээ л зуун сая америк доллараар л яригдах болсоныг хүн бүр гадарлана. Цаг цагаараа байдаггүй ёсоор залуу үе эрийн цээнд хүрч төрд гарч ирж мөнгөний энэ тэнцвэргүй байдлыг одоо л амжиж засахгүй бол юу ч болж мэдэхээр болсоныг ойлгоод баялагийн сангаар ард түмэн байгалийн баялагийг тэгш хүртэх зам нээгджээ. Монгол улсын Үндсэн хуулийн 6 р зүйлд
1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно хэмээн заасан билээ.
Энэ Үндэсний баялагийн санг бол нам харгалзахгүй дэмжиж буйн жишээ нь Х.Баттулга тэргүүтэй АН-ын нөхөд бүх аймгаар Хөх Монголын Хөх туг аян зохион байгуулж 34-50 хувь ард олонд очих ёстой хэмээн ярьж, УИХ ын дарга асан одоо чөлөөнд буй З.Энхболдоос эхлээд дэмжиж Ухаа худгийг улсад авах тухай яриа өрнөж хэн хүнгүй л дэмжиж буйгаар харагдана.
Манай улсад ийм хандлага анх 2008 оны УИХ-ын сонгуулиар стратегийн ордуудын орлогоос МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5 сая, АН “Эрдэнийн хувь” нэрээр 1.0 сая төгрөг тус тус тараахаар ам уралдан амлалт өгцгөөсөн. Ингээд МАН 45, АН 28 суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Аль аль нь мөнгө амлаж сонгогдсон учраас 2009 онд Хүний хөгжил санг байгуулж, АМНАТ болон стратегийн ордуудын ногдол ашгаар санхүүжүүлж эхэлсэн. Ингээд 2010 онд Хүний хөгжил сангаар дамжуулан иргэн бүрд “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг тараах Засгийн газрын тогтоол гарч байлаа. Улмаар 2010 оноос 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл хоёр жилийн хугацаанд Хүний хөгжил сангийн мөнгийг оюутнуудад төлбөрөөр, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшдөд бэлнээр, иргэдэд сар бүр 21 мянгаар цувуулж гэхчилэн тараасан энэ үеэс эхлэлтэй. Гэвч аливаа хүн авсанаа таг мартаж өгсөнөө л санаж үлддэг ёсоор мартагдаж сүүлдээ элдэв нэртэй сан байгуулагдаад тэр санг нь улс төрчид хувааж залгиад дууссаныг та санаж л байгаа.
Энэ засгийн газар парламент үндсэн хуульд дээрх заалтыг оруулж ирсэнээр байгалийн баялагийг ард түмэнд тэгш хуваах ажил эхэлсэн ч мөнөөх л хэсэг бүлэг баячууд эсэргүүцэж эхэлжээ.  Ингэж бэлэн мөнгө тараавал бүгдээрээ л архичин болно шүү дээ, хэн ч ажил хийхээ болино, халамжийн бодлогоо зогсоо ...гэх мэтээр тэд ярьж, яриулж л байна.
Өөх өгсөн хүнтэй өглөө оройгүй заргалдав гэгчийн үлгэр дахиад л эхлэх янзтай. Ядуугаа гайхан гансрах, эс бөгөөс баячуудыг хэлбэрдэн дуурайхаас өөр шидгүй болсон бидэнд дээрх үгс яг л үлгэр мэт амттай сонсдох ч худлаа гэх үл итгэл хүмүүсийн далд сэтгэлд улалзана. Яагаад гэвэл сан л гэхээр дарга нар хоослоод идчихдэг одоо бидэнд эмийн сан, хийморийн сан  л  үлдсэн... Үхсэний чинь 10 сая. Наад мөнгөний чинь сургаар л юмны үнэ өсөөд байна, тиймдээ тулбал 10 сая чинь 1 саяын ханштай л болно шүү дээ... гэх үгсийг та фбгээ нээхэд харж болох ч ихэнх нь дуугүй л харж суух авай. Нийт олны итгэл дээр алдарсан ч гэлээ хэрэв худлаа бол ядаж ам асууж тэмцэлдэн хэрэлдэх сайхан үзүүр ингэж гарч ирлээ дээ. Гэхдээ одоо тараагаад буй 135 мянган төгрөг цаашлаад өсөхөөр бэлэн мөнгөөр бус орон сууц эмэнэлэг боловсролд зориулах ажээ.

Гэхдээ санд цугласан бүхнээ хуваагаад тараачихгүй, ууж идээд барчихгүйн тулд дотор нь 3 сан байгуулсан тухай ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ нэгэнтээ товч хэлсэнийг сийрүүлбэл   Ирээдүйн өв сан нь ирээдүйд хадгална. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад захиран зарцуулах боломжтой хэлбэрийн сан юм. Энэ сангийн хуримтлал 3.9 их наяд төгрөгт хүрсэн байна.

Хуримтлалын санг шинээр бий болгосон. 2024 оны жилийн эцсээр 497 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Үүнийг иргэн бүрт хуваахад 135 мянган төгрөг болсон. Энэ дансыг нээсэн бөгөөд И-Монголиагаар харах боломжтой. Баталгаажуулаад карт, хадгаламжийн дэвтэр хэлбэрээр авч болно. Энэ бол иргэдийн хувьд хадгаламж гэсэн үг. Цаашдаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн чухал салбарт бэлэн бус хэлбэрээр захиран зарцуулах боломжтой болно.

Хөгжлийн сан нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг улсын төсөв дээр дэмжлэг үзүүлж шийдвэрлэх, Хөгжлийн банкаар дамжиж зээл болон бусад хөрөнгө оруулалтын томоохон орчинд сэдэлжүүлэлт болоход чухал сан. Үүгээр дамжиж дэд бүтцүүдийг шийдсэн байдаг. Хөгжлийн сан нь Хөгжлийн банктай нягт хамтарч ажиллана гэсэн үг. Засгийн газар 2025 онд авто замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдалд хөгжлийн сангаас дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасан гэжээ.

Манай улсын 1924 оны,1940 оны,1960 оны мөн 1992 оны үндсэн хуульд байгалийн баялагийн тухай  зааж байжээ.

1924 оны анхдугаар үндсэн хуулийн 3- р зүйлийн нэгд “Бүгд найрамдах Монгол ард улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялагууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх  тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно. Тавдугаар зүйл. Бүх газар шороо ба түүний хөрсөн доорх зүйлүүд, ой мод, ус тэдгэр баялаг …улсын өмч буюу нийт ардын хөрөнгө мөн болно. Эдгээрийг өмчийн хөрөнгө болгож үл болно”

1940 оны үндсэн хуулийн есдүгээр зүйл. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын социалист өмч бол улсын (бүх ард түмний хөрөнгө) хоршооллын (хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршоололын хөрөнгө) ийм хоёр хэлбэрт байна”.

1960 оны үндсэн хуулийн 10-р зүйл. “ Бүх газар түүний хөрсөн доорх баялаг, ой мод, гол ус, тэдгээрийн баялаг өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн.”

1992 оны үндсэн хуулийн 6-р зүйл. “ Монгол улсын газар, түүний хэвлий ,ой, ус , амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл,төрийн хамгаалалтад байна” хэмээн тус тус заажээ.  
Эрт дээр цагаас ингэж тунхагласан байгалийн баялаг улсын өмч байна гэсэн учир өдгөө бид эвээ бэхэлж чадваас Монгол улсын иргэн  хүн болж төрсөнийхөө хувь хишгийг хэн нэгэн худалдан авч хувьдаа эзэмшихгүй нийтээр ард олноороо хүртэх ёстойг дээр өгүүлсэн Үндэсний баялагийн санд төвлөрүүлэн ард нийтээр эзэмших ёстой ажгуу. Үүнийг тэрлэгч би бээр жар гарсан хүмүүсийн нэг бөгөөд бидний үеийнхний цөөн хэсэг л газрын баялагаар баяжсан учир одоо нийт олны хяналтад буй Үндэсний баялагийн сандаа стратегийн гэх өвгөд дээдсийнхээ нээж илрүүлсэн ордынхоо 34 хувийг нийт ядуу олондоо өгчихөөд тайван амьдравал үр хүүхдэд чинь өлзийтэй болуужин хэмээн бодохын учраа үүнийг тэрлэв.

Хэрэв та лавшруулан сонирхвол доорх баялагийн сангийн  хуулийг уншина уу.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140188869101

МУСГЗ зохиолч , нийтлэлч Д.Төрмөнх