Гэрээ байгуулчихлаа, тэгээд одоо яах вэ?
С.Баярын тэргүүлсэн Засгийн газар Монголын түүхэнд үлдэх томоохон алхмыг хийлээ.
Гэвч энэ алхам нь сайн, саарын алийг илүүтэй дагуулах бол гэсэн асуулт үүний цаана үлдэж байгаа нь ч нууц биш. Онолын хувьд бол Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр Монгол Улсын хөгжилд нэгэн том мотор ажиллаж эхлэх ба үүнийг даган өөр салбарууд өндийж, ядмагхан бүтэцтэй эдийн засагт шинэ бүтцүүд бий болох учиртай. Ашигт малтмалын арвин нөөцтэй хэр нь бараг юу ч үйлдвэрлэдэггүй Монгол Улс үүнийг даган хөгжлийн шинэ зам дээр гарах учиртай гэвч тэрхүү хөгжлийг гэрээ биш сайн засаглал, зөв менежмент, асар их ухаанаар бүтээх хэрэгтэй болно.
Тэгэхээр хийх ёстой жинхэнэ ажил маань гэрээ биш байлаа. Ажил, асуудал, тэмцэл харин одоо л эхэлнэ. Оюутолгойн ордын тэр их баялгийг хэрхэн яаж шингээх вэ гэдэг л бидний хувьд гэрээ байгуулахаас дутуугүй хариуцлага, ухаан шаардсан асуудал болж хувирах нь ээ. Далайд гарцгүй дээрээ сул засаглалтай, авилгалаар ажилладаг төртэй Монгол Улс олборлосон газрын баялгаа жинхэнэ өсч үрждэг баялагт хувиргах уу, эсвэл гэнэт их идчихээд дараа нь ухсан нүх, хоосон ядуу иргэдтэй үлдэх үү гэдэг сорилт өмнө маань босоод ирлээ. Энэхүү амаргүй сорилтыг амжилттай давж чадвал С.Баярын Засгийн газар, өнөөгийн парламентын хийсэн алхам гавьяа болж түүхэнд үлдэнэ. Хэрэв тэр сорилтод бүдэрч орхивол тэдний гавьяа, гайг шүүгээд байх утга ч үлдэхгүй. Тийм л учраас Монгол Улс цаашид орших, эс оршихоо шийдэх цорын ганц боломжийнхоо өмнө байна гэж олон жил ярьсан сан, одоо л мартчихаагүй бол шүү.
Угтаа биднээс хөгжлөөр түрүүлж явж байж ч мэдэх африкчуудыг бид элэглэх дуртай. Тэр хар тивийн Нигери гэж улс өмнөх зууны далаад онд өнөөгийн бидэн шиг боломж, бас сорилтын өмнө шүүгдэж байжээ. 1970-аад онд тэнд газрын тосны том орд нээгдэхтэй зэрэгцээд дэлхийн нефтийн хямрал эхэлсэн байна. Энэ боломж нигер хүн бүр баяжихад хангалттай шалтгаан байсан боловч төр засагт нь шургалсан авлигачид өөрсдийнхөө халаасыг дүүргэх дээр хамгийн түрүүнд тархи, толгойгоо ажиллуулж эхэлсэн байна. Төрийн данс руу орж байгаа мөнгийг шууд хувийнх руугаа хийх нь хэтэрхий соёлгүй хэрэг байсан тул янз бүрийн төсөл хэрэгжүүлж, мөнгийг дундаас нь зувчуулах болсон аж. Мянганы нийслэл, мянганы хурдны зам тавьж, тэр төслүүдэд тийм ч, ийм ч зүйл нийлүүлнэ гэх замаар төрийн нэр барьсан хэсэг хүн мөнгө халааслах боломжтой болжээ. Баялаг ч барагдаж, дэлхий нийт ч хямралаа цэгцэлчихсэн хойно бахь байдгаасаа долоон дор үлдэцгээжээ. Иймэрхүү жишээ дэлхийн түүхэнд олон.
Гэвч бид бас бусдыг шүүж элэглэхээсээ ичмээр олон муу жишээтэй улс. Сүүлийн жилүүд дэх зэсийн үнийн өсөлтөөс юутай үлдсэн билээ гээд ярихад л хангалттай. “Эрдэнэт” үйлдвэрт дунд төвшний нэг захирал солигдоход л өмнөх даргын өрөөндөө 400 сая төгрөгөөр хийлгэсэн засварыг үл тоон нураагаад хаядаг гэх яриа бий. Дөрвөн зуун сая төгрөгөөр хийлгэсэн засвартай өрөөг дахиад өөрөөр засч, өчнөөн төгрөг зарлагадахдаа “миний таашаал өөр” гэдэг үндэслэл гаргадаг гэх. Засгийн удирдлагад байгаа намыг санхүүжүүлэх, нам, төр дэх эрх мэдэл бүхий хэсгийнхний “идэж, уух” нэг том тогоо нь “Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн гэдэг хардлага олон нийтэд бий.
Оюутолгойн баялгаас иргэд хүртэнэ гэдэг “онол” эцсийн дүндээ явж, явж намуудын амласан нэг удаагийн сая, сая таван зуун төгрөгөөр хэмжигдээд дуусахгүй гэх баталгааг өнөөдөр олон хүн олж харж чадаж байгаа болов уу. Уг нь төсөв нь арвижиж, түүнийг дагаад төр нь данхайж, халамж нь хэтийдэхээс өөр үр дүнг ард түмэн хүлээж байгаа. Төсөв томорч, төр дэх хэсэг бүлгүүд хязгааргүй баяждаг тийм ирээдүй бидэнд хэрэггүй. Олсон ашгаа дуртай зүйлдээ биш хэрэгтэй зүйлдээ зарцуулах чадвартай ухаалаг төр, сайн засаглал, эрүүл хяналтын тогтолцоо гээд олон зүйлийг бид дотооддоо ярих цаг ирлээ. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахаас хэцүү, хүнд ажил юм.