Цэц рүү очих тэдний зам "засагдлаа". Гэхдээ...
Парламентад ажилласан туршлага нь жин дарах ч Дээд шүүхийн сонгон шалгаруулалтаас гарч ирэх магадлал нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарт бага. Парламентад буюу спикер Г.Занданшатарын "халаас"-нд Д.Одбаяраас сулрах нэг орон тоо бий ч Хуулийн сайд асныг дэмжих үү? эсвэл Ахлах зөвлөхөө дэвшүүлэх үү? гэдэг нь өөрөөс нь гэхээсээ цэвэр МАН-ын бодлогоор явах асуудал.
Улсын Дээд шүүхээс нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаа албан ёсоор цахим хуудастаа байршуулжээ. Агуулга нь Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулах тухай. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ерөнхийлөгчөөс гурав, парламентаас гурав, Дээд шүүхээс гурван хүнийг тус бүр нэр дэвшүүлж, зургаан жилийн хугацаатай томилдог хуулийн заалттай. Энэ дагуу Дээд шүүхээс өөрт олгосон эрхийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбулган, Хууль зүйн сургуулийн профессор Д.Гангабаатар нарыг нэр дэвшүүлж томилуулсон нь 2021 он. Харин одоогийн суларч буй орон тоо нь Цэцийн даргаар ажиллаж буй Н.Чинбатынх юм. Түүнийг 2017 оны зургаадугаар сарын 9-нд Дээд шүүх санал болгосноор УИХ-аас томилж байв. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сараас Д.Одбаярын оронд Цэцийн дарга болж дэвшин өнөөг хүртэл ажиллаж буй ч энэ сарын 9-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болжээ. Нөгөө талд Цэцийн дарга асан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод жил гаруйн хугацаа тойрч байна.
Үндсэндээ Дээд шүүхийн сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигчийг УИХ-д оруулж ирэхтэй зэрэгцэн Д.Одбаярыг Цэцээс явуулах асуудал ч хаврын чуулганы төгсгөлд хөндөгдөж мэдэх нөхцөл үүсэх нь. Улс төрийн хуанлийн хуудаст үлдсэн үйл явдлын дарааллаас харахад М.Энхболд УИХ-ын спикер болсныхоо дараа нэгэн цагт Засгийн газрын танхимд нь Хуулийн сайдаар ажиллаж байсан Д.Одбаярыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, бүр дарга болох замыг нь засч байлаа. Гэвч БНСУ руу албан ажлаар явсан Д.Одбаяр хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсоноор албан тушаалаасаа сайн дураар буусан ч сул гишүүнээр үлдсэн түүхтэй. 2019 оны арванхоёрдугаар сарын үйл явдал юм. Гагцхүү хууль журмынхаа дагуу 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн эрх нь дуусгавар болсон тэрбээр өнөөдрийг хүртэл суудалтайгаа яваа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сар гэдэг бол улс төр, нийгмийн уур амьсгал бүхэлдээ нүүрсний хулгай руу чиглэсэн цаг үе. Тэгж явсаар шинэ онтой золгосон, залгуулаад Хөгжлийн банк тойрсон хэрэг явдал ч хүчээ авч Нээлттэй сонсголоор үргэлжилсэн.
Нэр дэвшүүлж, томилсон Д.Одбаярынхаа бүрэн эрхийг хэлэлцэх нь байтугай нүүрсний хулгай, Хөгжлийн банкны шокноос парламент өөрөө гараагүй байсан хэрэг. УИХ-ын нэг гишүүн нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулахаар болсон ч залгуулаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн нь ч үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, Д.Одбаярын бүрэн эрх дуусгавар болсон эсэхээс үл хамаарах хэмжээний улс төр, нийгмийн үйл явдлын шуурганаас Монголын парламент сая ч нэг юм гарч, амьсгаа авах дээрээ тулж байх шиг. Ямар ч байсан хууль мөрдөх хамгийн шударга хэмжүүр болсон Дээд шүүхээс өөрсдөд ногдсон нэг квотод нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарласны ард бүрэн эрх нь дуусгавар болоод бүтэн жил тойрох гэж буй Д.Одбаярыг явуулах нь цаг хугацааны л асуудал болж байна. Ингэснээр Цэцэд сулрах хоёр гишүүний орон тоог нөхөх нэр дэвшигчдийн марафон ч эхлэх нь. Гол нь тэдгээр горилогчдын нэрс МАН-ын "Цагаан ордон"-оос тодрох уу? эсвэл МУИС тэргүүтэй бусад мэргэшлийн салбараас тодруулах уу? гэдэг нь өнөөдөр АСУУЛТЫН ТЭМДЭГ!
Гагцхүү 2020 оны сонгуулиас хойш энэ хүртэл хугацаанд Цэцийн гишүүнд албан бусаар "нэр дэвшүүлж" ирсэн хоёр парламентч бий нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар. Энэ хооронд Ц.Нямдорж Хэрэг эрхлэх газрын даргаар жил хэртээ ажилласан бол Д.Лүндээжанцангийн хувьд УИХ-ын даргын Ахлах зөвлөхийн албатай. 1992-2020 оныг хүртэл тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай тэднийг Цэцийн гишүүнээр томилуулах тухай яриа байсхийгээд гарч ирсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд харьцангуй нам гүн явсаар ийнхүү дахин өдлөх нь. Оргүй ч яриа биш. Гэхдээ энд нэг асуудал байна. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулж байгаагийн хувьд ч намынхаа угшилтай хуульчдыг Цэцэд томилуулах сонирхол МАН-д бий юү? гэвэл бий.
Гэхдээ Байнгын ажиллагаатай парламентын архив болтлоо ажилласан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг хоёуланг нь Цэц рүү явуулах тэрхүү сонирхол 100 хувь биеллээ олох эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа Дээд шүүхээс дэмжлэг хүлээж чадах эсэхээс шууд хамаарна. Учир нь, Б.Энхбаяр нарын гишүүний УИХ-д өргөн барьж батлуулсан, 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Шүүхийн тухай хуульд "Цэцийн гишүүнийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж, нууц санал хураалтаар нэр дэвшүүлнэ" гэдэг өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнд нэр дэвшигч нь ардаа ямар ч дэмжлэгтэй байсан Дээд шүүхийн нийт шүүгчдээс олонхийн санал авна гэсэн үг. Санал хураалт нь нууц учраас хэн нь хэнд өгснийг мэдэх боломжгүй. Яг ийм шалгуур, үзүүлэлт бас босгын дагуу анх удаагаа тодорч гарч ирсэн хоёр хүн нь Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар. Тэгэхээр парламентад ажилласан туршлага нь жин дарах ч Дээд шүүхийн сонгон шалгаруулалтаас гарч ирэх магадлал нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарт бага. Парламентад буюу спикер Г.Занданшатарын "халаас"-нд Д.Одбаяраас сулрах нэг орон тоо бий ч Хуулийн сайд асныг дэмжих үү? эсвэл Ахлах зөвлөхөө дэвшүүлэх үү? гэдэг нь өөрөөс нь гэхээсээ цэвэр МАН-ын бодлогоор явах асуудал. Насаараа нам, Төрийн ажилд нухлагдсан энэ хоёр эрхэмд Цэцийн гишүүнээр зургаан жил ажиллаад тэтгэвэртээ гарах сонирхол мэдээж бий. Тэр болтол Цэц рүү чиглэсэн улс төрийн уур амьсгал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
UZEG.INFO