2020 оны хоёрдугаар сарын 13, Улаанбаатар хот, Төрийн ордон.

Дайчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 172 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

Ийм нэгэн зарлигийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж байжээ. Бүрэн эрх нь дуусгавар болохоос жил гаруйн өмнөхөн. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол өөрөө эсвэл УИХ хүчингүй болгох Үндсэн хуулийн заалттай. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn цахим хуудаст байршуулснаар эл зарлиг өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарлигийг тухайн үед хэрэгжүүлээгүй болохоос гаргасан өдрөөсөө өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр буй хэрэг. Үүнийг зориуд онцолж, тодотгоод байгаа нь өөрөө шалтгаантай.

Учир нь, сонгуулийн цикл дагасан улс төрийн ороо бусгаа, урд хөршид гарсан “Ковид-19”-ийн халдварын дэгдэлт дэлхий нийтийг бүрхэж эхэлсэн цаг үед Төрийн тэргүүний зүгээс орон даяар дайчилгааны бэлтгэл нөөц бүрдүүлэх, тэдгээрийг дайчлах журмыг баталж явсан нь хамгийн анхаарал татах ноцтой асуудал мөн үү? гэвэл мэдээж тийм. Ингэж харах ч хэд хэдэн үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Тамгын газрын даргын зөвшөөрснөөр Төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээдэг. Эл уламжлалын дагуу дайчилгаатай холбоотой Ерөнхийлөгчийн зарлигийг тухайн үеийн хэвлэлээр дамжуулж, олон нийтэд ил болгосон талаарх мэдээлэл алга. Legalinfo.mn-д албан ёсоор байршуулснаас бусдаар нийгэмд ийм зарлиг гарсан талаарх мэдээллийг нийгэмд хүргэлгүй хав даржээ. Нэгэнт хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нээлттэй байршуулсан болохоор хэн ч уг журамтай ороод танилцаж болох хангалттай хугацаа өнгөрсөн гэсэн үг.

Хоёрдугаарт, Н.Номтойбаярын холбогдсон гэх хэрэгт үндэслэж УИХ-ын гишүүний Халдашгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн дуулиан тойрсон асуудал улс төрийн түвшинд өндрөө авахтай зэрэгцэн парламентын уур амьсгал бүхэлдээ тийш чиглэсэн цаг үеийг давхцуулан зарлигаа ёсчилсон байгаа юм. “Ковид-19” тойрсон хөл хорио, урд хөршийн хориг, хязгаарлалт нь ч УИХ-ын гишүүд төдийгүй нийгмийн сэтгэхүйг Ерөнхийлөгчийн зарлигт анхаарал хандуулах сэхэл өгөөгүй бололтой. “Ковид”-ын голомт Уханиас Монгол Улс 31 оюутнаа эх оронд нь авчирсан нь тухайн үедээ л нийгмийн айдас, болгоомжлолд автуулаад байсан цаг.

Гуравдугаарт, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу?, Парламентын засаглалтай байх уу? гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай хэмээн мэдэгдэж явсан тэрбээр  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээс гурван сарын өмнө дайчилгаа явуулах журмыг баталсан зарлиг буулгасан нь энэ. 

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулга баталсан журмынхаа хүрээнд “Дайчилгаа зарлах тухай” зарлиг гаргасан бол юу болж өнгөрөх байв? Хэрвээ шүү...?! Нэн тэргүүнд Дайчилгааны тухай хуулийн 10.1-д зааснаар цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанд тэнцэх насны иргэдээс нөөц бүрдүүлнэ. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4 дүгээр хэсэгт тус тус зааснаар бэлтгэл албанд бүртгэлтэй 50 нас хүртэлх эмэгтэй офицер, ахлагч, байдлагч, түрүүч, 55-65 нас хүртэлх ахлагч, дунд, ахлах, дээд офицерийг шууд татах байжээ. Үүгээр зогсохгүй цэргийн бэлтгэл үүрэгтэнд зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлэх ажлыг сум, дүүргийн Засаг дарга нар шуурхай зохион байгуулах үүрэг хүлээхээр байлаа. 

Хуульд зааснаар "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж зэвсэглэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайчилгаа явуулна" гэжээ. Өөрөөр хэлбэл, сонгууль угтсан улс төрийн үйл явдал, акц, "Ковид" тойрсон цар тахлын нөлөө Монгол Улсын тусгаар тогтнолд аюул заналхийлэл учруулна гэж үздэггүй л юм бол "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам" баталсан тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн цаад сонирхол юу байв? гэсэн АСУУЛТ гарч ирэх нь. Үндсэндээ "Ковид"-ыг эдийн засаг, хүн амын эрүүл мэнд талаасаа хохирол багатай даван туулах стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх нь Монгол Улсад "амь тулсан" ажил байснаас дайны байдалд шилжих, дайчилгаа явуулах эсэх нь ямар ч ач холбогдол өгөх шалтгаан байсангүй. Тийм атал Төрийн тэргүүн нь ийм зарлиг гаргаж явсан нь өөрийн эрхгүй анхаарал татах шалтгаан нь.

Сонирхолтой нь, зөвхөн Ерөнхийлөгчийн институцийн хэмжээнд мэдээлэлтэй явсан журмыг гаргаснаас сар гаруйн дараа Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар зургаан зүйл бүхий уриалга гаргаснаа зарласан түүхтэй. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах агуулгатай түүний уриалгад "Хямралын эсрэг" сан байгуулж, цомхон бөгөөд чадварлаг комиссыг нэн яаралтай байгуулж, Төрийн удирдлагыг төврөлүүлэхийг санал болгосон байдаг. Үүнийгээ тэрбээр дарангуйлал тогтоох оролдлого огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ хэмээн зөөллөж байв. Гол нь, Дайчилгааны журам баталсны араас үргэлжлүүлэн ард түмэндээ хандсан Ерөнхийлөгчийн уриалга зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байжээ гэдгийг эндээс төвөггүйхэн ойлгож блохоор. Ерөөс "Ковид"-той тэмцэх бодлогыг нэг гарт төврөлүүлэх замаар Төрийн удирдлагыг гартаа авах гэсэн түүний боловсон нүүдэл байсныг үгүйсгэхгүй.

Хэрвээ Төрийн удирдлагыг төвлөрүүлсэн тусгай комисс байгуулсан бол Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг Ерөнхийлөгч даргалахаас өөр сонголтгүй. Нэгэнт эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн хүн шийдвэр гаргана, бусад нь дагана. Тэр тохиолдолд Монгол Улс дайчилгаа явуулах эсэх нь бусдад хамаагүй, дотооддоо, дарга шийдэх л асуудал болж хувирна. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалга биеллээ олоогүй. Сонгууль болдгоороо болсон. Парламентын үйл ажиллагаа явдгаараа явсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн "13 дугаар" зарлиг шүүгээндээ үлдсэнээр гурван оныг үджээ. 

Ташрамд дурдахад, дайчилгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхийлөгч зарладаг. Тэгэхдээ зарлиг гаргадаг. Харин гаргасан зарлиг нь хуульд нийцээгүй гэж үзвэл хүчингүй болгох эрх нь УИХ-д хадгалагддаг. Гагцхүү хуулийн ийм шат дамжлага, процесс бий болохоор л шууд зарлиг буулгаж, хад мөргөхгүйгээр ойр ойрхон уриалга, санал гаргаж ард түмний нэрийн өмнөөс "тулгаж", бага багаар дасгах Х.Баттулгын хэтийн зорилго биеллээ олоогүй хэрэг. Байнгын ажиллагаатай парламентын нэг давуу тал нь энэ юм.

UZEG.INFO