Хүрээ соёл, нүүдэлчин соёлыг хосолмол байдлаар нь судлахаар сонирхолтой
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах өнгөрсөн зун гэргийн хамт Лос-Анжелес хотод ирэхэд нь хамт аялах зуур яриа хөөрөө өрнүүлэх завшаан тохиосон юм.
(Номхон далайн хөвөөнд Монгол найрагчтай хөөрөлдсөн минь)
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах өнгөрсөн зун гэргийн хамт Лос-Анжелес хотод ирэхэд нь хамт аялах зуур яриа хөөрөө өрнүүлэх завшаан тохиосон юм. Хэзээ нэгэн цагт яруу найрагч Г.Мэнд-Ооёо ахтай үзэл бодлоо хуваалцаж хөөрөлдөнө дөө гэж бодож явсан минь биеллээ олсон ч яриа маань нэг өрнөж нэг тасалдаж явсаар нэг мэдэхэд түүний буцах цаг болчихов. Азаар гар утсандаа хийсэн бичлэг, яруу найрагчтай интернэтээр ярилцсан хураагуур зэргээ сэргээн сонсож тэмдэглэснээ сийрүүлэв.
Бид хоёрын яриа эхлээд Номхон далайн хөвөөнд өрнөсөн юм. Би түүнтэй яриа өрнүүлэхийн тулд яруу найрагч шүүмжлэгчдийн дунд оршиж байдаг үнэлгээний олон янзын шалгуур, яруу найргийг дагалддаг шуугиануудыг хөндөнө гэж бодож байв. Ингээд би сүүлд Америкаас Нобелийн шагналын эзэн болоод байгаа яруу найрагч рокийн хутагт Боб Диланы талаарх бахархлаараа яриагаа эхэллээ.
Х.Ж: Манай гариг дээрх олон сая залуус Боб Диланы шүлгийг эхлээд дуугаар сонсож дараа нь хэвлэгдэн гарахаар нь уншсан байх. “Шастир” хэмээх номыг нь уншиж байсан. Түүний дууны яруу найргийн мөрийг дундаас нь хасаж танах боломжгүй бөгөөд олон зуун сая сонсогч уншигчид үг үсэггүй цээжилээд дуулж яваа шүү дээ. Бит соёлыг Шведийн академи хүлээн зөвшөөрөхдөө Грекээс эхтэй Америкийн аман зохиолын уламжлалыг сэргээн хөгжүүлсэн гэсэн байсан санагдаж байна. Агуу их Хомерийн зохиосон “Иллиад” , “Одессей”-г ойрын хүмүүс нь эхлээд сонссон байх. Олон зууны тэртээд хүмүүсийн ой тойнд хадгалагдаж байгаад хожим нь бичигт тэмдэглэгдэн хэвлэгдэж, улмаар орчуулагдаад дэлхийгээр тарж тэгээд хүлээн зөвшөөрөгдөж, хүн төрөлхтний уран зохиолын ууган сонгодог өв хэмээн манай зуунд хүрч иржээ. Мэдээж Монголын хээр тал нутгаар дүүрэн үлгэрч туульч ерөөлч магтаалчид маань ч түүний оюуны садангууд мөн байхаа.
Г.М: Мэдээж Боб Диланы олон зуун сая шүтэн бишрэгч, талархан дэмжигчдэд Шведийн академи гайхалтай бэлэг барьлаа. Ялангуяа дууг зөвхөн хөгжмийн зохиолчдын бүтээл гэж ойлгож, яруу найрагчдын дууны шүлгэнд төдийлөн ач холбогдол өгдөггүй манайд бол ч аятайхан л санагдаж байна. Төрөл зүйлийн хувьд ч Нобелийн академийн шалгуур хүрээгээ тэлж байна. Дууны яруу найрагт Нобель өгөх тухайд хэний ч санаанд байгаагүй л болов уу? Гэхдээ энд уламжлалыг дурдсан нь онцлох зүйл мөн. Харин яруу найраг аялгуу хоёрын хос шүтэлцээнд оршиж байдаг гүн сэтгэлгээ амьдралын утга уянгыг илэрхийлэх ийм соёлын тухайд бол манайх ярих юмаар үнэнхүү баялаг юмаа. Уртын дуу байна. Уртын дууг дуулах соёл,айзам аялгууных нь гайхамшгийн тухай яриад судлаад байгаа болохоос яруу найргийн талаас ер ярихгүй байгаа юм. Гүнзгийрүүлж харваас уртын дуу бол хүмүүний дотоод сэтгэлийн гүн уянгат ухаан, хорвоо ертөнцийн хувь тавилангийн тухай уудам орон зай хязгааргүй цаг хугацаанд алсдагдсан туульслаг цараатай утга бүхий яруу найргийг хүний сэтгэлээс сэтгэлд, одоо цагаас ирээдүй рүү илгээж буй аялгуут шүлэг найраг юм шүү дээ. “Урт аялгуут яруу найраг” гэж хэлбэл эвтэйхэн ч юмуу даа. Хязгаар хярхаггүй хээр тал, одтой шөнийн гүн цээл, уулсын цаана уулс үргэлжилэх урт холын аян нүүдэл, тэмээн жингийн аажуу алхаа тэр бүгд уртаар айзамлаж шүлэглэх хэлбэрийг буй болгосон болов уу. Хүннүгийн үед уртын дуу байсан гэж түүх сурвалжид тэмдэглэснийг бодсон ч Хомероос цаашхи цаг үеийг заана. Энэ дашрамд хэлэхэд өрнө дахины яруу найргийн анталогиуд Хомероос эхэлдэг жишигтэй. Хэдэн жилийн өмнө би “Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж 300 шүлэгт” хэмээх анталоги эмхэтгэхдээ Энэтхэг дахины эртний туульсаар дамжин хадгалагдаж үлдсэн Вээдийн яруу найраг, түүхэн сурвалж дахь Хүннүгийн дуу, Нанхиадын эртний сонгодог дуунууд болох “Шүлэглэлт ном” тэргүүтнээр эрдэнэсийн яруу найргийн цаг хугацааг урагшлуулсан л даа.
Х.Ж: Антологийн соёл бол яруу найраг хийгээд уран зохиол улам бүр бүх нийтийн, дэлхий дахины оюуны өв болсоор байгааг илэрхийлж байна. Миний яруу найргийн шалгуур бол Аристотелоос эхтэй Шекспирээр дэлхийд, Данзанравжаагаар Монголд дэлгэрсэн театрын яруу найраг юм. Театрын яруу найргийн хэл уншигч үзэгчдийн түүхэн цаг үе, соёлын харилцаанаас ихээхэн хамааралтай үйл явдал дүрийн сэтгэл зүй өөр бусад бүх зүйлтэй хамааралтай нарийн төвөгтэй тарни шившлэг шиг санагдах нь ч бий. Дуурийн шүлгүүдэд бүх үг хэллэг нь үзэж сонсч байгаа бүх хүмүүст шууд хамаарлтай болчихдог. Харин номон дээрээс уншихад бол хөндлөнгийн байдалтай санагдах нь бий. Яруу үгсийн хэлбэлзлэл, хэм хэмнэлийн мэдрэхүй нь яруу найраг шашин хоёр хөршүүд болохыг сануулаад байдаг. Харин орчин үеийн яруу найраг нэг л нууцлаг болчихсон шиг.
Г.М: Сая чи Данзанравжаагийн театрын яруу найраг гэсэн хэллэг гаргаж ирсэн нь их содон сонин сонсогдож байна. Данзанравжаагийн соён гэгээрүүлэх үйл хэрэгийн үлэмж нь яруу найргаар, түүнээ илэрхийлэх арга нь театрлаг байсан нь үнэн юм. Түүний дэглэсэн “ Саран хөхөө” тэргүүтэн дуулалт жүжгүүдийг эс тооцлоо гэхэд тэр бараг бүх шүлгүүдээ аялгуугаар авшиглаж олон нийтэд болон шавь нартаа хүргэж байжээ. Түүний олон шүлэг урт болон богино ардын дуу болон үлдсэн байна. Харин хувраг шавь нартаа зориулж айлдсан гүр дуулалууд нь эдүгээ сүм хийдийн хурал номын уншлага болж уламжилсан байна. Яруу найргаа хүмүүст хүргэх арга нь үнэхээр л театрын гэхээр дэглэлттэй нь анзаарагдана. Ноён хутагт эгэл хүмүүст хүргэх шүлгээ ард олныг цуглуулж найр наадам үүсгэж дуулан түгээдэг, дорхноо л ардын дуу болон тарчихдаг байж. Харин гүр дууллууд нь сүм хийд хуврагуудын хүрээнд үлддэг байж. Чиний түрүүчийн хэлсэн тарни шившлэг шиг санагддаг гэх үг Данзанравжаатай шууд холбогдоно. Ариусган гэрэлтүүлэх явдал бол яруу найрагч байхын нэг гол үүрэг юм. Данзанравжаа бол тэр үүргээ гайхалтай биелүүлсэн яруу найрагч. Тиймээс ч түүний шүлгүүд тарнийн хүчийг олдог бололтой.
Х.Ж: Өнөө цагийн яруу найрагт тэрхүү тарнилаг шинж хадгалагдаж чадаж байгаа юу?
Г.М: Ялангуяа яруу найргийн сонгодог үе нь тухайн хэлний байгаллаг амьд эрчимийг өөртөө шингээн хадгалсан байдаг. Технологийн давалгаанд хэлний үүрэг буурч, хүч нь суларч, тарнилаг шинжээ гээсээр байна. Зарим улс оронд яруу найраг нь мөхөж байгаа тухай бичих боллоо. Өөрөөр хэлбэл хэлнийх нь хүч мохож үгсийн сан нь хомстож зөвхөн өдөр тутмын мэдээлэл, амьдрал ахуй хийгээд бизнесийн хэрэглээнд хэдхэн үгээр хэлэлцэж явцуурсаар байгаатай холбоотой. Чухам яруу найраг уран зохиол л хэлийг аварч амьд хадгалж чадна. Хэлэнд нууцлаг оршиж байдаг олон утга, агууламж, боломжууд, увдислаг шинжийг илүү нээж чаддаг учраас яруу найраг бол төрөлх хэлний дархлаа нь юм.
Х.Ж: Калифорн дахь Стэнфордын Их сургуулийн номын сан Нобелийн шагналт яруу найрагч Иосиф Бродскийн Литвад байх үеийн архивийг худалдан авсан байна. Захидал, гар бичмэл, төсөл, олон зуун хуудас шүлэг зэрэг 50 гаруй кг материал бий гэсэн. Тэрэн дотор Литвийн сэдэвтэй “Литвийн ноктюрн” зэрэг маш сонин шүлгүүдийн эх нь байгаа юм билээ. Ирээдүйд энэ архив асар үнэтэй соёлын өв болж үлдэнэ. Манайд зохиолч нарын, тухайлбал Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ тэргүүтний өв ямар байдалтай хадгалагдаж байдаг юм бол?
Г.М: Манайд зохиолч нарынхаа бичиг захидал, үнэт өвийг хадгалах хамгаалах ажил сүүлийн 25 жилд бүр хөсөр хаягдсан даа. Биднийг залуу байхад Зохиолчдын хороонд архивын өрөөтэй, зохиолч нар гар бичмэл, зохиолынхоо эхийг хадгалдаг. Том зохиолч нар суугаад архиваа янзалж байгаа нь атаархмаар сайхан харагддаг сан. Сүүлийн хорь гаруй жилд тэр уламжлал бүрмиөсөн тасарсан. М.Цэдэндорж гуайг нас барахад том шүүгээтэй ном архивийг нь хорооны номын санд авчирсан байдаг. Хорооны номын санд Дэлхийн уран зохиолын 200 ботиос эхлээд сонгодогууд, эхлэн бичигч маниусын номууд хүртэл 3-5 хувь заавал байдаг сан. М.Цэдэндорж гуай бол маш ховор номын цуглуулгатай, захидал харилцааны маш их өвтэй хүн байсан. Зах зээлийн шуурган жилүүдэд номын сан ч байхгүй болсон. М.Цэдэндорж гуайн архив ч сураггүй үрэгдсэн байсан. Тэр үеийн дарга даамлууд тун хариуцлагагүй үрэн таран хийжээ гэж харамсдаг. Д.Нацагдоржийн өв харин өмнөх үеийн мундаг мэргэдийн ачаар овоо танагтай үлдсэн байдаг. Харамсалтай нь хадгалалт хамгаалалт муу. Хэдэн жилийн өмнө би Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа Д.Нацагдоржийн “ Миний нутаг” шүлгийн гар бичмэлийг үзэх хэрэг гарсан юм. Хүрээлэнгийн захирал ар талынхаа төмөр шүүгээг онгойлгож ширээн дээрээ суут бүтээлийн гар бичмэлийг тавихад хадгалалтын буруугаас ноорч салмайсан гар бичмэлээс бужигнасан цагаан тоосонцор бургиж байсан. Явуугийн зарим гар бичмэл, гэргийдээ бичсэн захидал зэрэг нь зах дээр зарагдаж байсан сураг гардаг. Харин С.Эрдэнэ гуайн гэргий архивын мэргэжлийн хүн гэртээ урьж цалин өгч ажиллуулж байгаад өвийг нь цэгцэлж янзлаад улсын архивт шилжүүлсэн. Цэрэннадмид эгчид үнэхээр баярлах ёстой.
Х.Ж: Та ноднин ч билүү, “Бааст гуайн эрдэнэсийн сан” гэсэн нийтлэл бичиж сонинд нийтлүүлсэн байсан. Маш баялаг ховор ном, Монголын уран зохиолын түүхийн холбогдолтой өдрийн тэмдэглэл, гар бичмэл сэлт асар их өв цогцлоосон хүн юм байна. Түүний өвийг хамгаалах талаар бичсэн чухал санал гаргасан байсныг уншсан.
Г.М: Бааст гуайн гэр бол ХХ-ХХ1 зууны Монголын уран зохиолын өвийн сан юм. Олон үеийнхэний амьд түүх шаштирын чуулган юм. Бааст гуай өөрийн оролцсон утга зохиол соёлын бүхий л үйл явдлын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөж огноог тавиад маш нямбай цэгцтэй хадгалдаг юм билээ. Бааст гуайн бичиг соёлын энэ их өв, ховор цуглуулгатай номын санг төр засаг нь хэдэн төгрөг өгч гэрээ хийгээд судлаач архивч ажиллуулаад хямгадаад авах хэрэгтэй байгаа юм. Гучаад оны тэр хэцүү үед Д.Нацагдорж тэргүүтний өвийг манай хуучцуул хямгадаад авсан л байгаа юм даа. Гэтэл илүү их боломж бүрдэж мэдээлэл хөгжсөн, үндэсний хөрөнгөтнүүд бий болсон энэ цаг үед мэргэдийнхээ алтаар ч үнэлшгүй өвийг хамгаалж чадаагүй гэвэл хойч үеийнхэн үнэмших бол уу? Цөөн тооны цуглуулагч нар л иймэрхүү зүйлийг хямгадаж байх шиг байна. МУИС маань сайхан номын сантай болчихлоо. Цаашид Стэйнфордын номын сан шиг тийм онцгой өвийг цогцлоож болох юм даа. Улсын маань номын сангууд ном бичиг худалдаж авахад нь олигтой мөнгө өгдөггүй болохоор тэгсхийгээд л дээрээс ямар ном ирэхийг хүлээгээд л сууж байдаг бололтой. Үндэсний төв номын санг байртай болгох тухай хичнээн жил болж байж нэг юм эхлээд дундаа ороод олон солигдох засгийн газруудын өмнө алга тосоод л байж байна. Манай Сүхбаатар аймагийн номын сан театрынхаа байранд толгой хоргодож байна. Монгол шиг номын сангийн өлсгөлөн болсон өөр улс орон байдаг болуу гэж бодогддог юм. Төр соёлын бодлогодоо томоохон ахиц дэвшил гаргахгүй бол гучин долоон оны дараах оюуны хоосролын үеэс доор хомсдол үүсч болох юм.
Х.Ж: Бааст гуайн уламжлал нь хорь гучаад оны сэхээтнүүд Ринчен, Дамдинсүрэн гуай нар шиг мэргэдийн соёлын үргэлжлэл байх. Би энд хүрээ соёлын тухай ярьмаар санагдаж байна. Гадныхан болохоор монголчууд бүгдээрээ л мал дагасан нүүдэлчид байсан гэж ойлгодог. Гэтэл түүхэндээ хичнээн олон хот хүрээ байгуулж байсан байдаг. Нууц товчоонд тэмдэглэснээр Хэрэйдийн Ван ханы өргөө одоогийн нийслэл хот байгаагийн орчим буюу Туулын хар шугуйд байсан, Их Монгол Улсын нийслэл Хархорум хот Орхоны хөндийд цогцолсон , 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө босгож одоогийн нийслэлийн эхийг тавиад “Өргөө” , “Номын хүрээ” гэж нэрлэж байсан, хуучин Хархорумын буурин дээр Автай сайн хааны байгуулсан Эрдэнэзуугаас эхэлсэн манай нутаг дэвсгэр дээр байсан мянгаад сүм хийд зэргээс үзэхэд хотын соёл хүрээ соёл гэж зайлшгүй байсан байх ёстой. Энэ талаар бараг ярихгүй юм. Хүрээ соёлыг дагасан уламжлал, үе дамжсан бичгийн сэхээтэн давхаргын бүтээмжийн талаар ярьж байх ёстой гэж боддог юм л даа.
Г.М: Сэр-Оджав гуай, Пэрлээ гуай тэргүүтэн 300 гаруй эртний хот суурины туурь монгол нутагт бүртгэсэн байсан шиг санагдаж байна. Үзсэн харснаасаа хэлэхэд миний төсөөллөөр Эрдэнэзуу, Цогт тайжийн Туул голын хөвөөнд ээждээ зориулж байгуулсан “Сэтгэшгүй чандмана” хэмээх номын өргөө бүхий соёлын хотхон, Данзанравжаа хутагтын төрөлх говийн аараг толгодын дунд байгуулсан театр, номын сан, ардын хүүхдийг сургах дацан, “Цагаан сүм” хэмээх ховор цуглуулгатай музей үзмэрийн газар, Хойд шамбал хэмээх бясалгалын төв бүхий Өвөр баясгалант хамарын хийд зэргээр л баримжаалахад хот хүрээ байгуулалт нь ямагт соёл шашин, эрдэм номын соён гэгээрүүлэх төв байдалтай байгуулагдаж байсан санагддаг. Цогтын цагаан байшингийн гэрэлт хөшөөний бичээст “Эх хүү хоёр сүсэг бишрэлийг сайтар үйлдэж энгүй үлэмж номын үйлсийг энэ мэт бүтээв” гэсэн байдаг. Мөн номын өргөөний өмнө ой шугуй, нуурын дотор хун галуу шувуудын чуулган ганганалдаж байсан тухай бичсэн нь одоо бодоход цэцэрлэгт хүрээлэн бүхий хиймэл нуур байсан хэрэг. Жинхэнэ соёлын хотхонтой байжээ дээ, дөрвөн зуун жилийн өмнөх манай Монгол. Энд баялаг цуглуулгатай номын сан байж, ээж хүү хоёрын захиалгаар Хөх хотын Гүүш цорж Милын намтар дууллыг орчуулж өгсөн байдаг. Данзанравжаа хутагтын Цагаан сүмд байсан үзмэр цуглуулгаас тахилчийн аварч үлдсэн өчүүхэн хэсгээр нь музей байгуулсныг бид бишрэн үздэг шүү дээ. Хамарын хийд орчим бол соёл, гэгээрэл бясалгалын том төв болж байж . Монголчуудын олонхи нь малчин нүүдэлчин байсан ч нүүдэл соёл, хүрээ соёл хоёрыг хослуулан хөгжүүлж бие биеийн дутууг нөхөж харилцан хамааралтай, нүүдэл суурьшил хоёрыг тун эвтэйхэн тэнцвэртэй хөгжүүлж байжээ гэж бодогдож байна. Гучаад оны алдартай сэхээтнүүдийн олонхи нь л хөдөөний нүүдэлчин гаралтай хүмүүс байсан болохоор ч тэр үү, хот хүрээнд өвөлжиж, зун намартаа уулын ам голын хөвөө бараадан нүүж сууж мал ахуй айраг тарагтай агаар салхинд гараад ном соёлын ажлаа амжуулаад л байсан тухайгаа дурссан байдаг нь хот хөдөөгийн зохистой харьцаа байсны л жишээ байх. Өндөр гэгээний алдарт Ногоон Дарь эх, Цагаан Дарь эх, Язгуурын таван бурхан тэргүүт суут урлалууд, есөн эрдэнийн их хөлгөн судрууд бол яах аргагүй хүрээ соёлын үр шим мөн. Манайхан Сарьдагийн хийд гэж нэрлээд байгаа Хан Хэнтийд Өндөр гэгээний байгуулсан Их хүрээ бол яах аргагүй Монголын уран барилга, дүрслэх урлаг, ном судар, соён гэгээрлийн орон мөн. Доктор Чулуун тэргүүтэй манай түүх археологийнхан тэнд хэдэн жил малтлага хийж “Жинхэнэ хүрээ соёл” ямар байсныг тодруулаад байна. Би бол бараг сургаар л ярьж байна шүү дээ. Түүхч археололичид мэдээж энэ талаар томоохон дуугарахыг хүлээж байна. Монголын нутагт байсан том жижиг мянгаад хүрээ хийдүүд ямар нэг хэмжээгээр ном хэвлэдэг бархантай, эм тан хийдэг оточ маарамбын дацантай, бурхан тахилаа сэргээдэг урлантай, цамтай, майдар тэргүүт дэгт наадмын хөмрөгтэй байжээ. Тэд бас бүгдээрээ жастай мал ахуйтай, айраг цагаатай байсан нь мэдээж. Хот хөдөө хоёр нь айлсаж оршдог, ахуй болоод соёл нь бие биедээ зохистой нөлөөдөг монгол хуучин иргэншилээ хослуулж судлах энэ санаа бол маш чухал шүү. Монголчуудын оюун билгийн давуу тал, агуу ололтыг энэ загвараас хайж болох юм биш байгаа даа. Өнөөгийн Монголын хөгжлийн загвар энэ биш байгаа даа гэж бодогдож байна.
Х.Ж: Харин тийм. Хосолмол соёл иргэншилийн энэ давуу хүчийг сааруулсан хэлмэгдүүлэлтийн хар шуурга бол монголыг хүчгүй байлгаж баялагийг мөлжих гэсэн бодлого л гэж харагддаг юм?
Г.М: Манжийн эрхшээлээс ангижирч үндэсний хувьсгалаар дахин сэргэсэн үеийн үр хөврөл нь хорь гучаад оны соёлын сэргэн мандалтын төлөөлөл болох сэхээтнүүд юм. Ардын засаг дөнгөж мандаад л О.Жамьян, Зава Дамдин гавж, Шагж гэвш, Гэлэгжамц дооромбо тэргүүтэн номын мэргэд Судар бичгийн хүрээлэнг өөрсдийн номын хөмрөгөөсөө нийлүүлэн байгуулж, дав даруй Өвөр Монголын нутгаар хуучин судар ном олж цуглуулахаар мордсон байдаг. Тэрний нэг гайхамшигтай жишээ гэвэл Наянт вантай гэрээ хийж залж авчирсан Монгол данжуур хэмээх агуу дурсгал байна. Нэг биш хэд хэдэн удаагийн судалгааны анги явсан байдаг. Тэр ач буянаар өнөөдөр хэний ч өмнө нүүр бардам үзүүлэх судар номын хөмрөгтэй болсог. Харин гадна дотны зочин гийчин дагуулаад орохлээр Номын сан, хэдэн музейнүүдийнхээ байр савны зүдүүг бодохоос яс хавталздаг юм. Их Нацагдорж маань Налайхын цаахна байх Түрэгийн үеийн алдартай дурсгал болох Мэргэн Тоньюкукийн хөшөө дурсгалыг судалж сэргээх хамгаалах төсөл боловсруулсан байдаг. Гучаад оны сүм хийдийг цөлмөж бөйх үед түүхч их эрдэмтэн Ш.Нацагдорж гуай, соёлын зүтгэлтэн Цэрэн-Очир гуай хоёр Өндөр гэгээний язгуурын таван бурхан тэргүүт шашин соёлын гайхрамшигт дурсгалаас сорчилж Чойжин ламын сүмд авчирч хурааж хадгалсан нь эдүгээ дэлхийн нүдийг баясгаж байна шүү дээ. Гэтэл бидний цаг үе дээр нь халхлах аятайхан оромж ч суут бүтээлүүддээ барьж байгуулаагүй л хорин нэг дүгээр зууныг туулж явна. Харин Улс орнууд, хотууд музей, номын сан хоёроороо соёлын бахархлаа илэрхийлж байна. Өнөөдөр музей номын сан хоёр ард түмний соён гэгээрдэг, амардаг, үр хүүхдээ ухааруулдаг, сургууль боловсролын хичээл сургалтаа явуулдаг газар нь болсон байна. Белги зэрэг зарим оронд архаг архичдын цуглардаг гудамжид номын сан байгуулж өгөөд тэднийг тэр балчигаас нь гаргаж соёлт хүмүүсийн эгнээнд нь буцаасан туршлага ч байна.
Х.Ж: Бямбын Ринчен гуайн Д.Нацагдоржийг дурссаныг үзвэл, тэр орос хэлийг их шахамдуу сурсан, Германд очоод германаа ч сурсан, орос хэл нь бүүр сайжирсан гэж. Судар бичгийн хүрээлэнд хамт ажиллаж байхад монголынхоо болон өрнө дорнын түүх их уншина. Хятад мэр сэр мэднэ. Эртний уран зохиол их уншихаар хэл найруулга нь төдий чинээгээр сайжирсан гэх зэргээр дурссан байна.
Монголын үндэсний том сэхээтнүүд, оюуны лидерүүдийг цөвүүн цагийн тэр шуурга дайраагүй бол монгол маань ямархан төвшинд хөгжсөн байхыг төсөөлөх гэж үе үе үздэг л дээ. Танд ч бас бахархал харамсал аль аль нь төрдөг байлгүй?
Г.М: Улс орны түүхийн эргэлтийн цаг үед оюун санааны томоохон давалгаан үүсдэг зүй тогтолтой. Оюуны шинэчлэлт нь хувьсгалаасаа түрүүлж нийгмийг сэрээдэг бололтой. Хорь гучаад оныхон бол чухам нийгмийн захиалгаар төрсөн хүмүүс. Харамсалтай нь ялангуяа үндэсний ухамсарын сэргэлтэд гадныхан дургүй, цаг үеийн шуурганыг овсгоотой ашиглаж хөлжих гэсэн сүүхээтнүүдэд тэд таалагддаггүй. Энэ хоёрын эрх ашиг нийлдэг. Арван нэгэн оны хувьсгалын дараа ч ийм юм болсон. Монголчуудыг өөрсдөөр нь намнуулах. Энэ бол шалгарсан арга. Ийм үйл явдлын золиос болсон хүн бол их зохиолч Нацагдорж.
Х.Ж: Та саявтар Нацагдоржийн жимээр Италийн Генуяад очсон гэсэн. Тэнд Их Нацагдорж очсон гэж үү? Очсон бол яах гэж очсон юм бол?
Г.М: ...Ертөнцийн дөч дүгээр бүслүүр дэх Итали орон юутай сайхан улиралтай вэ? гэж эхэлдэг нэг шүлэг Нацагдоржид бий. Тэр Германд сурч ахуйдаа өрнө дэх Монголын холбогдолтой сурвалжуудыг эрж хайж шургуу судалж байж. Марко Пологийн тэмдэглэлийг Германаас орчуулж байх үедээ Италийг үзэх, тухайлбал энэ ном төрсөн Генуяаг үзэхийг мөрөөдөж байж. Амралтаараа хэд хэдэн газар аялах, юм үзэх хүсэлтээ удаа дараа уламжилж байж багавтар мөнгө шийдүүлж авсан байдаг. Тэгээд Итали руу аялж Генуяад Пагмадуламтайгаа ирж түүхийн улбааг мөшгөж явахдаа… Тунасан хөх далай үзэсгэлэнт харшид тулсан...Генуяад тэр шүлгээ бичсэн байх гэж санагддаг. Би сая очихдоо тэр шүлгийн гар бичмэлийн хуулбарыг хотод нь хүргэж яруу найргийн томоохон наадмын ёслол дээр нь түүхийг нь дурдаж байгаад гардуулж өглөө. Энэ бол хаа хаанаа бахархал. Сонирхуулахад Нацагдоржийн шүлгийг гардуулсан тэр өдөр Итали Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ манай ерөнхийлөгчид гардуулсан нь ховор тохиолдол шүү. Нацагдорж Европоос буцаж ирээд Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт шүлгүүдээ хуулж өгөхдөө дээр нь “Туурганы зургийг үзвэл” хэмээх гарчиг тавиад төгсгөлд тэмдэглэсэн гурван мөрийг бэхээр цохолж дарсан байна л даа. Яагаад гэвэл Нацагдоржийг гаднын даалгавартай туршуул байж магадгүй гэж хардах сэрдэх ажиллагаа Германд байх үеэс эхэлчихсэн байсан. Азаар Нацагдоржийн орчуулсан Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл нь хадгалагдаж үлдсэн байна. Саяхан эрдэмтэн Ж.Бат-Ирээдүй Боннын Их сургуулийн номын сангаас Их Нацагдоржийн хийж байсан Герман-Монгол толь бичгийн эхийг олсоноо зарлалаа шүү дээ. Хорин хэдхэн настай тэр залуу сурахын хажуугаар ийм их юм хийж бүтээж явжээ гэдэг нь гайхамшигтай үлгэр дуурайл юм даа. Нацагдорж бол тайж сурвалжтай, гэрийн боловсролтой хүн шүү дээ. Аав Дашдорж нь түүнийг Онходын Жамьян хэмээх томоохон бичгийн хүнд шавь оруулсан нь их л холыг харсан ухаан байж. Энд нөгөө хүрээ соёлын уламжлал явж байгаа байхаа. Мэдээж Дашдорж тайж бол хөдөө, хүрээг хослуулсан л хүн байсан бололтой. Тэгэхээр Монголын хүрээ соёл, нүүдэлчин соёл хоёрыг салгаж үзэлгүй, хосолмол агуулгаар нь судалбал зохилтой.
Х.Ж: Эртний орд шилтгээнтэй Монгол эзэнт гүрний хотын соёл хаачив аа л гэж би асуугаад байгаа юм л даа?
Г.М: Жамбалаа, наад асуултанд чинь манай түүхч археолоигчид хариулбал зохимжтой байхаа. Мэдээж эртний хотууд маань зарим нь он цагийн салхинд арчигдаж, зарим нь газар доороо түүхэн нууцаа хадгалаад нойрсож байгаа бизээ. Харин үлэмж их өвийг нь нүүдэлчин соёл маань өөртөө шингээгээд өнөө цаг руу нүүж ирсэн болов уу. Тэгэхээр ирээдүйд Монголд маань археологийн үр дүнд олон эртний хот балгад гарч ирж, сэргээн цогцлоно гэсэн өөдрөг мөрөөдөл надад байдаг, түүнээ л хэлж чадах байна.
Х.Ж: Та тун саяхан эртний их эрдэм соёлын төв байсан Наландрагийн туурин дээр очсон гэж байсан. Тэр талаараа жаахан хуучлахгүй юу?
Г.М: Наландраг өдгөө цаг үед эрдэмтэн судлаачид л нээж олж өгсөн байна. Мэдээж, хуучин судар сурвалж дотроос. Тэгэхээр хуучин ном судар, уран зохиол руу археологийн “малтлага” хийх хэрэгтэй юм. Тэгээд л Энэтхэгийн археологичид шороон довнуудыг малтаж эхэлсэн юм билээ. Буддагийн олон шавь нар нь Наландрагийн азарууд байсан болж таарч байна. Шаарийнбуу, Монголжийбуу хэмээх дэргэдийн хоёр шавь нь тэр нутгийнх. Наландрагийн азарууд. Нагаржуна, Чандракритди, Шантидева, Ловон Бадамжунай тэргүүт хожмын олон шавь нар ч Наландрагийн азарууд юм байна. Будда энд олон удаа заларч байж. Тас цогцолсон уул хэмээн эртний буддын судар шаштирт олонтаа дурдагддаг тэр уулын хормойд Энэтхэгийн Засгийн газар Шинэ Наландрагийн Их сургууль гэж байгуулаад байна. Наландрагийн цэцэглэлтийн тэртээх цаг үед гадаадын олон оюутан суралцаж байсны зэрэгцээ Наландрагийн азарууд гадагшаа дияанчилан явж ном эрдэм дэлгэрүүлж байсан гэж тэд ярьж байна. Нийтийн тооллын 600 гаад оны үед Наландрад суралцаж байсан Хятадын жуулчин И Чин хэмээхийн тэмдэглэлд Наландрад Монгол Солонгос Хятад Түвэд зэрэг орны оюутнууд тэр үед лавтай суралцаж байжээ. Тэгэхээр манай хууч домогт үүрэг үүрээд Жагарын оронд эрдэм сураар оддог байсан тухай өгүүлдэг нь бодтой зүйл болж байгаа биз дээ. Тас цогцолсон ууланд Будда хоёр дах удаагийн номын хүрдээ эргүүлж билэг баримадын сургуулиа айлдсан юм байна. Хожим нь түүний шавь Анандагийн санаачилгаар 500 бандида нар цуглаж Буддагийн ном сургаалийг эмхэлжээ. Наландраг ийнхүү шашин соёл энх амгалангийн асуудал хэлэлцдэг дэлхийн төв болгох зорилготой гэж байна. Манайх ч Хархорумаа дэлхийн нийслэл байсан, дэлхийн бүх шашин соёлын төв болж байсан агуулгаар нь сэргээн байгуулахад болохгүй гэх газаргүй. Шороон довон доорх балгадаасаа ч ил гаргаад гайхуулахад дэлхий нааш цувна даа.
Х.Ж: Зохиолчийн эрхэм үүрэг ер нь юу юм бэ? Хүмүүст хүн чанар, мөс жудагийг өвлүүлэхэд өөр өөрийн арга барил, олон өнгө, авьяас билиг, бичлэгийн ур чадварын хэр чинээнд өөр өөрийн дуу хоолойгоор ертөнцийг үзэх үзлийнхээ хүрээнд л бичдэг гэвэл та юу гэх вэ?
Г.М: Уран зохиолын олон тал нь яг л призм шиг гэж үздэг юм. Мэдээж хүн чанар, мөс жудагийн нандин сайныг хүний зүрх сэтгэлд хоногшуулан суулгаж өгөх нь эрхэм чухаг. Гэтэл энэ ертөнцөд чинь хэлж сануулах, зохиолчийг амар байлгахгүй маш олон асуудал байна шүү дээ. Сайн муу ямар ч зүйлийг бичлээ ч гэсэн хүний сэтгэлд гэрэл гэгээ тусгах тэр л утасыг зохиолч олж барьсан байх ёстой. Хамгийн хатуу сэтгэлтэй хүнд ч гэсэн өр зөөлөн ганц боловч чавхдас байгаа, түүнийг нь хөндөж эгшиглүүлж чадаж гэмээнэ уран зохиол нэг үүргээ биелүүлж буй нь тэр. Яруу найраг бол хүний сэтгэлийн бүүр нарийн чавхдасанд хүрнэ, тэгэхдээ бүр тасарсан утасыг ч нийлүүлж чадна. Уран зохиолын бусад олон үүргээс үндэстнийхээ хэлийг хадгалж, баяжуулж дархлааг нь хамгаалж байх явдал хамгийн эрхэм нь буй заа. Уран зохиолчдод л бүхнээс онцгой үгийн баялагийг эзэмших, илэрхийлэх авьяас билиг байгалаас өгөгдсөн байдаг болохоор тэр буй заа
Х.Ж: “Шилдэг бүтээл хий. Эрх чөлөө, дайн, нийгмийн тэмцэл гамшигийн тухай март” гэсэн хэлц байдаг санагдана. Уран зохиол зөвхөн мөнхийн сэдвээр туурвиад цаг үе, нийгмийн тэмцэл хөдөлгөөнөөс хол байх нь ямар байдаг юм бол?
Г.М: Намайг хэлж байна уу? (инээв Яруу найраг уран зохиол нь шинжлэх ухаанаар жиших юм бол квант-физикийн төвшинд цаг үеэ “шинжилж” байгаа юм. Тэгэхээр сэдэв бол угтаа судлал шүүмжлэл, сурах бичгийн л асуудал байх. Жинхэнэ уран зохиол бол юуны ч тухай бичлээ гэсэн цаана нь ертөнцийн асуудалыг давхар хөндөж байдаг жамтай.