Цувруулан асгасан халтар хар аргал шиг говийн хадан уулсын өчүүхэн нэгэн хуниаснаас ганц гэрийн онхорхой тооно дөнгөж цухуйх нь эргэн тойрноосоо сэрэмжлэх мэт. Энэ бол Гонжооных. Гонжооны утаа харагдана уу гэхээс гэр нь үзэгдэхгүй. Хадан дотор тэдний ямаа хүүхэд хоёр эрхэлнэ. Барчгар хадны нугачаанд хавчуулсан ганц яндангаас утаа суунаглах нь жалга судаг болсон үрчгэр уул янжуур татаж байна уу гэлтэй. Гонжооны гадуур шувуу шаазгай бужигнана. Энэ нь ч бас аргагүй, тэднийх дөнгөж сая идшээ хийсэн айл. Энэ нууц өвөлжөөнд Гонжооных өвөлжиж байсан удаагүй. Ойр хавьд хүн малгүй учир Гонжоонд хийх ажил байхгүй шахам. Ямаа хадаа бараадаад хүүхдүүд ямаагаа дагаад өвөлжиж байна. Гэвч Гонжооны сэтгэл тавгүй. Өдөржин орон дээрээ хувцас гуталтайгаа дээш харж хэвтэхэд нүднээс нь нулимс биш ямар нэг бүлээн ус мэлмэрч шанааг даган хүзүү рүү нь нойтон оргиулан урсана. Жунгаа гэр дээр дэлгэсэн арьс ширний хөлдүү хөрсийг эвэр хошуугаараа тачигнуулан тоншиж халим цөвдөл булаацалдан гуагалахад дургүй нь хүрсэн Гонжоон орон дээрээс залхуутай өндийж, урт гаансаараа дээвэр өөдөө ёворч "Ишш-үү" хэмээн уцаарлана. Улаан хушуутууд гэр дээрээс сүр сархийн үргэн ниссэнээ дорхноо буцаж ирээд гуагалалдана. Өвөлжөөний хойдхи аварга бөгтөр хөсрий цохио орвонгоороо тонгойж Гонжооны бор гэрийг няц дарах гэсэн мэт ан цаваа улам ярзайлган тооноор өнгийнө. Тэр цохионы оройд суусан шаазгайг Гонжоон орон дээрээсээ ширтэж хэвтлээ. Тэгтэл шаазгай хаа нэгтээгээс чимээ авч бяцхан хар толгой шомболзуулан ийш тийш үсчиснээ ямар нэгэн мэдээ Гонжоонд дуулгах гэсэн мэт яаруу түргэн шулганав. Гонжоонд эвгүй совин татаад явчихлаа. Тэгтэл ч нохой нь хуцсаар хаяанаасаа нэг тийш ухасхийв. Өдийж чагнавал морин төвөргөөн хад тачигнууллаа.

…Өнгөрсөн зун Дулаан говьд нэг эзэнгүй цагаан ат зусчээ. Эзэн нь зун намаржингаа гарсангүй. Тэгээд "эзэнгүй цагаан" нэр авч ойр орчмын хүмүүс "Эзэнгүй цагаан тэнд явна, энд харагдана" гэцгээх болов. Нэг үгээр тэр нутагт эзэнгүй цагааныг малчид андахгүй болжээ. Намар оройших тутам эзэнгүй цагаан улам таргалж, хоёр бөх нь туг ширээлэв. Эзэнгүй цагааныг таргалах тусам Гонжоонд хармын сэтгэл оволзоно. Хүний тэмээг харамлана гэдэг хачин. Цагаан атыг хулгайлж магадгүй хүн энэ нутагт ганцхан бий. Түүнээс Гонжоон харамласан хэрэг. Тэр нь нударга Гомбо. Нударга Гомбыг сайн эр гэхгүй ч зайны эр гэдэг. Түүний хийсэн хулгайг Гонжоон бүгдийг танатаагүй ч өөрөө өөрийнхөө тэмээг хулгайлсныг мэднэ. Гомбын нэг тэмээ айлын таван тэмээтэй ижилсэн цуг явдаг байв. Гэтэл энэ зургаан тэмээ гэнэт алга болжээ. Таван тэмээний эзэн бүрэг дорой хүн тул Гомбыг зайтай эрийн хувьд ийш тийш сураг ажиг алсхан тавьж, эрж хайж өгөхийг гуйв. Гомбо "Ганц муу гуврууны араас би эрж чадахгүй, таван тэмээ алдсанаараа чи хай. Сохор мухар эргэлд давьчих унаа морь ч надад алга" гэж туньжээ. Таван тэмээний эзэн Гомбын хэлснийг "зөв" гээд хоёр сайн морь хагсруулан Гомбод өгчээ. 

Нударга Гомбо хүний хоёр морь унаад хэдэн сум дамжин айраг архи эргүүлэв. Гэвч эрлээ яахан олох билээ. Гомбо өөрийнхөө нэг тэмээг хамсруулан нийт зургаан тэмээ хулгайлаад алс нутгийн хүнд өндөр үнээр зарчихсан юм чинь. Ингээд нударга Гомбо хүний хоёр мориор гангарчихсан "Зургаан тэмээ үзэгдэнэ үү? Нэг нь миний, тав нь хүний юм. Миний ганц ч яахав дүүрсэн хэрэг, хүний тавыг ядаж олоод өгчих юмсан" хэмээн нигүүлсэнгүй царай гаргаж, баахан хэсүүчилсэн ажээ. Уулзсан хүмүүс "Ганц ч гэсэн гарз байлгүй яахав" гээд Гомбыг өрөвдөж байснаас хардаж сэрдсэн нь үгүй. Гомбын үхсэн муу зальжин хулгайг гадарласан Гонжооны зэвүү ч хүрэх шиг, атаа нь ч хөдлөх шиг, сэтгэл нь нэг л янзын болчихов. Гомбод хэлье гэвч зориг дутна. Суманд мэдүүлье гэвч хэргийг нь улайлгаж чадахгүй бол нударга Гомботой өстөн дайсан болоод сайнаа үзэхгүй. Гомбо хэрэв хонзгоновол Гонжооны хамаг малыг хамахдаа сийхгүй толгой. Донгио дорой Гонжоон Нударгаас юу ч олж долоохгүй сүйрэх болно гэж айна. Гэхдээ л Нударга хулгайчид Гонжооны зэвүү хүрээд ер больж өгсөнгүй.

Намрын нэгэн өдөр Гомбо Гонжоонтой хээр таараад говь руу дурандаж сууснаа, 

-За хөө энэ өвөл чинь эзэнгүй цагаанаар тогоо тосолдог юм билүү дээ гэж Гонжооныг итгэсэндээ ч юм шиг, элэг барьсандаа ч юм шиг бардамнахад Гонжооны хорсол дотогшоо зумарч ходоод нь хорсчээ. 

Ингээд Гонжоон нударга Гомбоос өрсөхөөр яарч зөдгий нууц өвөлжөөнд ганц гэрээр буугаад цас бурганасан нэг "аятайхан" өдөр мань хүн говь сэмхэн орлоо. Эзэнгүй цагааныг нэг их хайсангүй. Дорхноо олов. Дулаан говьд нөгөөх маань байдаг газраа урьдын адил гав ганцаар шаширлан зогсоно. Таргалсан гэдэг учиргүй. Хангай шиг сайхан амьтан. Тэнгэр ч ашгүй улам харанхуйлж, шамарга цас холилдон бударлаа. Гонжоон Гомбоос өрссөнөө хонзонгоо авлаа гэж баярлажээ. Гонжоон авгай хүүхдэдээ "Цагаан тэмээний эзэнтэй хээр таараад худалдаж авлаа. Үнэ өртгийг нь дараа өгөхөөр тохирсон" гэж хэлэв. Өөрөө бодохдоо "Эзэнгүй малыг хулгайлахад яадаг юм бэ. Гомбо эзэнтэйг хулгайлаад байгаа юм чинь" гэж хулгайгаа зөвтгөжээ.

Тэгээд цагаан атныхаа махыг сумын сургуулийн дотуур байранд суудаг гурван хүүхдийнхээ хоолонд хүргэж өгөөд буцаж явтал Хүйтэн говьд эзэнгүй цагаантай яг таарчээ. Эргүүлж тойруулж үзвэл эзэнгүй цагаан яг дүрээрээ мөн. Гонжоон бүр гайхаж, ид шидтэй лусын амьтанд мэс хүргэж, айхавтар нүгэлд унасан юм биш байгаа гэж бодоход хүрчээ. Хэдхэн хоногийн өмнө өөрийн гараар эд бад хийсэн цагаан ат нь яах аргагүй амьд явж байдаг. Ганцхан Дулаан говьд биш, Хүйтэн говьд явж байна. Жигтэй юм аа. Орой гэртээ ирээд Гонжооны залгисан цай хоолойг нь давсангүй. Тэгтэл хэд хоногийн дараа юу болсон гэж санана. Нударга Гомбын цагаан ат алга болсон тухай нутаг усаар шуугив. Нударгын цагаан ат эзэнгүй цагаантай усны дусал шиг ижилхэн гэнэ гэсэн яриа Гонжооныг сандаргаж, юун түрүү энэ тухай эхнэр хүүхдээ сонсчих вий гэж айлаа. Ингээд Гонжоон хэд хоног өглөө босуут бүсээ чанга бүслээд орон дээрээ гуталтайгаа ямар нэг юм битүү хүлээн хэвтэж буй нь энэ. 

…Гонжоон өндийж суугаад амьсгал дарж чимээ чагнав. Хадан дотор морин төвөргөөн яах аргагүй гарч байна. Гонжооны бие зарзалзав. Тэгтэл тооноор өнгийх аварга цохионы оройд суусан шаазгай учиргүй шаагьж шаргиснаа Гонжооныг өөрийнхөө хэлийг ойлгосонгүйд уцаарлан урт хар сүүлээ чанх дээш нь гозойлгоод цав цагаан сангас годхийлгэсэн нь Гонжооны тооноор онолдож ороод зуухны нь төмөр таг дээр чимээтэйеэ унав. Энэ зуур ч морин төвөргөөн тодорлоо. Нохой тун сүрхий ээрч, ирж буй хүний морины сүүлнээс зуурч байна уу гэлтэй дуу нь тасалдан хахаж цацаж эхэлтэл тасхийх сүрхий чимээ гарч нохой нь орь дуу тавин гаслав. Гаслах дууны нь өнгөөр нохойныхоо хэрхэн өвдөж буйг Гонжоон бүх биеэрээ мэдэрч хамаг бие нь шархирлаа. Бас дээр нь хавь ойрын хад цохио нохойн гаслаагаар цуурайтах нь сүрдэм агаад ёргүй.

Тэгтэл өглөөнөөс хойш хот хороо цэвэрлэж явсан Гонжооны эхнэр Хандын дуу хадаж, “Айлын гадаа ирж, нохой зодоод чи яасан дээрэлхүү гурилын хүүдийв? Муу Нударга хулгайч чамтай нэгийгээ үзье” хэмээн тачигналаа.

Гонжоон гэрээс гарах гээд чадсангүй. Тэр гарч Нударгатай үзэлцэх гэсэнгүй гагцхүү Хандыгаа түргэхэн дуугүй болгох гэжээ. Төдөлгүй лужир том биетэй нударга Гомбо Гонжооны өмгөр гэрийн хаалгаар багтаж цөхөн орж ирэв. Тэр бээр ууртай агаад Гонжоон руу хялалзаж,

-Танай эхнэр намайг хулгайч гэлээ. Хэн нь хулгайч болохоо одоохон гайгүй цөмөөрөө үзнэ ээ хөө! гэж ханцуй шамлахад Гонжоон босон харайж, галынхаа захад сөхрөн мөргөөд, 

-Гомбо минь цагаан атыг чинь доогуур төлье. Олон охин хүүхдийг минь бодож, шоронгийн тав битгий болгооч! гэж хоолой чичрүүлэв.

Огт санаандгүй явсан Гомбын царай хачин гайшралд орсноо хулгайд алдсан тэмээгээ гэнэт ингэж олсондоо инээд нь хүрсэн авч угаас зайтай эрийн хуйх гэсэндээ гэнэт сэтгэж,

-Тэгж үхсэнээс тээглэж үхье. Хулгайч нартай хуйвалдаж, хувьсгалт хууль завхруулдаг нь би биш гэж сүржигнэж суутал гаднаас Ханд нохой зодсон нударга Гомботой улаан сармайгаа хуваалцахаар галтайгаа орж ирээд,

-Муу Нударга хулгайч, чи яана гэнэ ээ? Нохой зодчоод чи ямар нүүрээрээ гэрт орж ирэв. Яасан дээрэлхүү гахайв? Олон хүүхэдтэй ядуу л айл байгаа биз. Гэхдээ чам шиг манайх хулгай хийхгүй гэж давшлав. Ханд уурандаа Гомбод хэлэх гэснээ бүгдийг урсгахаар шийдээд ханцуй шамлан дайрлахдаа өөрийгөө "Боль боль" гээд сөхрөн гуйж буй эр нөхөр, эг маггүй хөхөрч буй Гомбо хоёрыг гэнэт анзаарч ихээр гайхлаа. 

-Ханд минь дуугүй болж үз гэж Гонжоон эхнэрээсээ зуурав. Хандын шар улам хөөрч хулчигар нөхөртөө,

-Чи яасан хийморьгүй эр вэ. Нохойгоо зодуулчаад энэ муу хулгайчийг долигонож байх уу? Ёстой гайгүй байлгүй гэж чарлавал Гомбо баяр хөөртөө тас гэдрэг савж унаад элгээ хөштөл хөхрөв. Тэлчлэн хөхрөх түүний чинэрсэн улаан нүүрийг Ханд сарлахаар арван урт хуруугаа сарвайлган дайрахад Гонжоон ар хормойноос нь зуураад урагш алхуулсангүй. Ханд Гомбын цулцайтал инээсэн том ягаан хацарт хурц хумсаа шигтгэхээр гараа сарвайлган тэмүүлэхдээ "Хэдий ядмаг ч гэсэн манайх чам шиг хулгайгаар амьдраагүй" гэсээр байлаа. 

Хэдий болсныг бүү мэд тэр гурав таг дуугүй сууна. Гомбо тамхи татна. Ханд мөрөө чичигнүүлэн уйлж нулимсаа арчина. Гонжоон хүний нүүр харахгүй тонгойж, нусаа ой гутам татсанаа дорой дуугаар, 

-Атны чинь оронд ат өгье гэхэд Гомбо тамхиныхаа утааг намжиртай шившээд,

-Миний ат дүйцэх ижилгүй амьтан байсныг бөөрий нь гаргасан та хоёр сайн мэдэж байгаа гэв. 

-Тэр ч тиймээ гээд Гонжоон уйлж суугаа авгай руугаа өрөвдсөн, арга барагдсан нүдээр сэм хараад, -Юу байдгаараа төлье. Чи олон хүүхдийг минь бодооч. Би шоронд орвол энэ айл яаж хэцүүдэхийг чи төсөөлж байгаа гэв. Гомбо гаансаа түрийлэх зуур, 

-Доогуур төлүүлэх яахав ганцхан хожим хойно хүн амьтан чихраа аваад энэ хэрэг сөхөгдвөл чи бид хоёр хоёулаа ойчно гэсэн үг. Тэгвэл чи ч яахав хийсэн нүглээ эдэлнэ. Харин шударга цагаан мөртэй гэм зэмгүй-би чиний өмнөөс ял эдлэнэ гэхэд хэцүү байна гэж яриагаа төгсгөөд явахаар бослоо. Гонжоонд хэлэх үг олдсонгүй. Ханд саяхан муу муухайгаар нь цоллон үзэлцэж байсан Гомбо руу нулимсанд халтартсан хөөрхөн хар нүдээр арчаагүй царайчлаад, 

-Гомбо минь! гэж дөнгөж дуугарав. Гомбо зуухны баруугаар үүд рүү явахдаа мөнгөн цохилууртай тамхины хүүдийгээ бүсэндээ яаралгүй хавчуулах зуур, 

-Харин нь ээ?! гэж тунирхуу гүвтнэлээ.

Энэ үгийг сонсоод Гонжоон Ханд хоёр түүн рүү өрөвдөлтэй бүлтэгнэв. Гомбыг явахад Гонжооны нохой ч ээрсэнгүй, хөрзөн чулуу хольж өрсөн хоргоныхоо ёроолд хэвтээд шар нүдээрээ Гомбыг сэм харах нь түрүүчийнхээ дэлсүүлсэнд хулчийж сургамж авсан янзтай. Ханд нохойгоо хорихоо ч мартжээ. Гомбыг тэдний гаднаас хөдлөх үед гэрээс Хандын уйлах чимээ жингэнэлээ. 

Гомбо хэд хоног Гонжооныхоор үзэгдсэнгүй. Энэ нь Гонжоон Ханд хоёрт айхтар шаналгаа авчрав. Хоёул Гомбын гэрийн зүг горьдон харуулдана. Эцэст нь найдвар тасарч тэр хоёр дулаан хувцас аяганы хийц ер л шоронд хэрэг болох байх гэснээ бэлдлээ. Эцэг эх хоёрыгоо бараг үл дуугаран царай дарж, хэд хоноход тэдний гэртээ байдаг сургуулийн өмнөх насны балчрууд бүлтэгнэн учрыг таахыг хичээнэ. 

Тэгтэл нэг өдөр Гомбо морилон ирлээ. Тэр бээр Гонжооны хулгайг шүүхэд мэдүүлэхээр шийдсэнээ дуулгав. Гонжоон Ханд хоёр уйлан хайлан гуйсны эцэст Гомбо жаахан зөөлөрлөө. Тэдний нэлээд мал хөрөнгийг цагаан атныхаа сүйтгэлд авахаар Гомбо ийм башир заль зохиосон нь мэдээж. Гомбын юу л хэлснийг нөгөө хоёр зөвшөөрч байлаа. Гомбо Гонжооны хулгайн өмнөөс яланд орж мэднэ гэж тунирхаж, энэ тунирхлаараа цагаан атныхаа сүйтгэлийг нэмнэ. Гомбо бас Хүйтэн говьд азаар амь гарсан эзэнгүй цагаан атанд эзэн суух гэнэ. Ингэснээр хүн амьтанд өөрөө хулгайд цагаан атаа алдаагүй гэсэн ойлголт өгч, цаад талд нь Гонжооныг аварч буй юм гэж биеэ магтав. "Эцсийн эцэст би л та нарыг өрөвдөж байж, өөрийнхөө толгойг яланд урхидуулж байгаа юм" гэж туньсаар Гонжооны баахан мал хөрөнгийг аваад буцав.

Гонжоон Ханд хоёрын дотор бяцхан амсхийв. Гонжоон дахиад ийм муухай ажил хэзээ ч хийхгүйгээ эхнэртээ тангараглаж, Ханд нөхрийгөө шоронд л орохгүй бол хоосорч нойтрох хамаагүй гэж хоёул толгой нийлүүлэн уйлжээ. Тарьсан хэрэгтээ гэмшээд Гонжоон бие хайргүй ажиллав. Төл сайн бойжуулж, сумын ноолуурын аварга боллоо. Хөдөлмөр өдрийн хөлс ч бузгай авч үр хүүхдээ гойд халамжилж хувцаслав. Гонжоон өвөл хавар ялгалгүй хээрийн оторт явлаа. 

Тэгтэл хойтон зун нь тэднийд Гомбо согтуу давхиж ирээд,

-Гонжоон, чиний хулгайг дарсныг мэдсэн хүн байна. Түүнийг би мянган төгрөгөөр хахуульдаж аргаллаа. Ерөөсөө та нарыг өрөвдсөн биш би өөрөө балрах нь гэж агсрахад Ханд шалавхан босож, мянган төгрөг гарт нь атгуулав. Гомбо мянган цаасыг авч өвөртлөөд Хандад нэг үг хэлэх гэснээ болиод түүнийг тун жоготой ширтлээ. Энэ ичгүүргүй шалиг харцыг нөхөр нь анзаарчих вий гэж айсандаа Хандын хамаг бие чичрэв. 

Намаршиж байтал Гомбо бас л согтуу, морины хар хурдаар давхин ирж, Гонжооны өөвгөр гэрийг мөргөн зогсоод эмээл дээрээсээ,

-Гонжоон. Хөөе Гонжоон. Авгайнхаа алтан гархийг цагаан атны минь сүйтгэлд нэмж өгөхгүй бол хулгайг чинь сөхлөө гэж хашгирлаа.

Хүүхдүүдээсээ ичсэн Ханд ухасхийн гэрээс гүйж гараад хоёр алтан ээмгээ чихнээсээ сугалан Нударгад сэм атгуулав. Баярласан Гомбо "Гонжоон эзгүй байгаа юм уу?" гэснээ Хандын бугуйнаас атгаж, өөр лүүгээ татаад уруулыг нь архи ханхалсан сэжиг хүрэм дарвагар ам өөдөө дөхүүллээ. Ханд "Хүүе яадаг билээ таминь" гэж уулга алдаад цааш зүтгэв. Гомбо Хандыг татаж авчраад хүчээр үнстэл морь нь үргэж цамналаа. Гомбо Хандын гарыг тавилгүй,

-Ийм хөөрхөн хүүхэн уг нь надтай суух байсан юм. За нэгэнт өнгөрсөн хорвоо яахав. Харин би чам дээр ирнэ шүү. Чи намайг оруулаарай. Тэгэхгүй бол нөхрийг чинь шоронгийн хадаас болгоод чамаар нууц амрагаа хийнэ шүү гэж хэлээд ухасхийн одлоо. 

Нулимс мэлтэгнэсэн Хандын нүдэнд мориныхоо хоёр тал руу гуйвж дайван бас дуу хадаан одох Нударга бүрэлзсээр далд оров.

Нөхрийгөө оройхон отроос ирэхэд Ханд алтан гархиа алдсанаа хэллээ. Энэ явдал нэг л биш гэж тэр хоёр бодлогошров. Лааны бүдэг гэгээнд шивэр авир хүүрнэх хоёрын аварга том сүүдэр гэр дотор ийш тийш сүүтэлзэнэ. Хандын дотор айдас хуралдаж, "Чам дээр ирнэ шүү" гэсэн Гомбын үг дахин ахин сонсогдоход энэ тухай нөхөртөө хэл юү байя юу? гэж эргэлзэнэ. Ханд нулимс хурсан түгшүүртэй нүдээр Гонжооныг байн байн харна. Эхнэрийнхээ зовлонг мэдэрсэн Гонжоон, 

-Яахав дээ хөө, орон шоронд орохгүй шүү бол алт олдоно биз. Миний хийсэн муухай ажлаас л болж байгаа нь энэ гэв. Хандын нүдэнд нулимс улам хурснаа,

-Ээмэг яах вэ, цаадахь чинь надтай хавьтах гэнэ гэлээ. Гонжоон "Юу-уу?" гэж муухай дуугараад таг болов. Тэр хоёр бодолд дарагдаж нэлээд суулаа. Тэгтэл Гонжоон ам нээж,

-Ерөөсөө Ханд минь би сум орж хэргээ хүлээе. Сайндаа л таван жил ял эдлэнэ биз. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Ганцхан би чамайгаа л таван жилийн зовлонд хатаалаа. Энэ л хэцүү байна. Бусад нь яахав. Муу өмхий Нударгад тэгж элэг бариулахгүй шүү. Би түүний хамаг хулгайг дэлгэнэ. Гонжоон хүү хүнд тэгж доромжлуулдаг эр биш гээд шүдээ зуухад шанаа түүшингийн нь булчин сүртэй зангирав. Ханд нулимсанд халтартсан нүүрээ арчингаа нөхрийнхөө эрэмгий царайг тааламжтай харахад Гонжоон улам зориг орж,

-Таван жилийн дараа чи хэдтэй байх билээ? гэж асуулаа. Ханд бодсоноо, 

-Гучин естэй байх нь гэж хэлээд ялимгүй ичингүйрхэхэд Гонжоон,

-Дөч хүрээгүй л байх нь дээ гээд баяртай инээв. Хандын хацар гэрэлтэж, хар нүд нь улам очтой гялалзах нь үзэсгэлэнтэй. Санаа нь амарсан Гонжоон унтаж амрахаар яарч лаагаа өнхөрч унатал үлээгээд орондоо орлоо. 

Нударга Гомбын хулгайг гадарлах тутам зэвүүцэх, атаархахын аль нь болох нь үл мэдэгдэх нэгэн янзын голомт сэтгэлд нь үүсч, хамаг биеийг нь зовоогоод явсан сан. Гэтэл нударга Гомбын бүх хулгайг илчилнэ гэж бодохоос Гонжооны сэтгэл цэлэмчихэв. Уг нь тэр гайны голомт сэтгэлд үүсээгүй бол юу гэж ийм базаахгүй хэрэгт холбогдох билээ гэж Гонжоон боджээ.