Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо
Манай нэвтрүүлгийн 53 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар эмхлэн байгуулагдсан бүтэц болон 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж сексизм, феминизм, хүйсийн тэгш эрхийн асуудлыг хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцлоо.
В.Ганзориг: 2020 оны УИХ, орон нутгийн сонгууль болоод өнгөрлөө. Залуучууд, эмэгтэйчүүдийн идэвхи, оролцоог хэрхэн дүгнэж байна вэ? Тэднээс ямар гол мессэжийг авав? Тэрхүү мессеж нь та бүхний сонгуулийн стратегид нөлөөлсөн үү?
С.Одонтуяа: Би өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан учраас энэ удаа реформын чанартай системийн өөрчлөлтийн тухай нэлээд ярьж явсан. Улс төрийн нам, сонгууль, хөгжлийн асуудлыг өөр төвшинд авч үзэн, тооноос чанар руу шилжих цаг болсон. Сонгууль болон улс төрийн намуудын тухай хуулийг үндсээр нь өөрчлөхгүй бол мөнгөний уралдаан болсон. Япон, Солонгос улсууд шиг нэр дэвшигчдийн зургийг нэг самбар дээр байрлуулдаг болохоос эхлүүлээд дөрвөн жилийн турш тэр хүн үзэл, баримтлалаа яриад явдаг болох ёстой. Тэгвэл сонгуулийн үеэр бараг сурталчилгаа ч хэрэггүй. Бид 1917 оны Октябрийн хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын намын жишгээр яваад байна. Одоо цаг үе шал өөр болсон. Интернэт, ухаалаг гар утасны эрин үед суманд барих намын байр, аж ахуйн асуудал яриад явж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр үүнийг яриад явахад хүмүүст их хүрсэн.
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Х.Булгантуяа: Эмэгтэй улстөрчид намайг эмэгтэй учраас сонгооч гэж ярьдаггүй. Өнгөрсөн сонгуульд би эр, эм хүйсийн, төрөл бүрийн мэргэжлийн 30 гаруй хүнтэй өрсөлдсөн. Сонгогчид нэр дэвшигчийг эрэгтэй, эмэгтэй гэж харахаас илүү энэ хүн бидний төлөөлөл болж чадах уу, сонгогдож гарч ирээд яг юу хийж чадах, мэргэжил, туршлагыг нь хардаг. 2020 оны сонгуульд хүйсийн ялгаа тийм хүчтэй байгаагүй. Нэг намаас 15, 16 эмэгтэй нэр дэвшээд манай намаас жишээ нь 11 эмэгтэй сонгогдоод гараад ирлээ. Сүүлийн хоёр парламентад эмэгтэйчүүдийн идэвхи, оролцоо харьцангуй сайн байлаа. Үүнд манай залуучууд сонгуульд идэвхтэй саналаа өгдөг болж буй нь нөлөөлсөн гэж боддог. 2012 онд нийт залуусын 38% нь саналаа өгсөн бол 2016 онд 50%, 2020 онд 62% болж нэмэгдсэн. Залуучуудын эрхэмлэдэг үнэт зүйл эрсдэлд орж эхлэхээр залуусын идэвхи, оролцоо нь сэргэдэг судалгаа байдаг. Америкт сая энэ жишээ давтагдлаа.
Амьдрал сайхан болох тусам залуусын улс төрийн идэвхи, оролцоо буурах шинжтэй болдог. Шударга ёс, ил тод байдлыг хүсэмжлэх, залуусын дуу хоолой дутагдаж буйг мэдрэхээс гадна техник технологийн дэвшил, сошиал медиагийн үрээр манай залуучуудын идэвхи, оролцоо өндөр болж байна. Эмэгтэйчүүд хэзээнээс сонгуульд идэвхтэй оролцдог. Ямар ч үед сонгуульд саналаа өгч буй хүмүүсийн 60% гаруй нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэж биднийг хойш нь татах гэж ярьдаг. Бие биенээ дэмжээд гараад ирсэн байна шүү дээ. Эмэгтэйчүүд бид өөрсөддөө ч өөнтөгч хүмүүс. Энэ утгаараа биднийг илүү өндөр шалгуур, илүү хариуцлагатай нүдээр харж байгаа болов уу.
Ц.Оюунгэрэл: Би 2020 оны сонгуульд дэвшээгүй. Гэхдээ 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд намынхаа эмэгтэй бас залуу нэр дэвшигчдээ дэмжин ажилласан. Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж уулзалтууд дээр очин намын дэмжигчээр ажилласан. Манай нэр дэвшигчид ихэвчлэн “Жорлонгоо өөрчилье” төслөө ярьж өгөөч гэж урьдаг байв. Энэ нь яах аргагүй эмэгтэй хүний нүдээр харагддаг хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь гээд ярихаар хүмүүс уламжлалт ойлголтыг зөвшөөрөхгүй, хүйсийн тэгш оролцоо гэж ярьдаг. Гэхдээ амьдрал дээр яах аргагүй хөдөлмөрийн хуваарь шаардагддаг. Хүүхдээ хөхүүлээд сууж байгаа эмэгтэй хүнд яалт ч үгүй гэр доторх асуудлаа цэгцлэх ажил оногддог. Гадуур ажлаа хийгээд явж буй эрчүүд яах аргагүй цалин хөлс олж, гэрийнхээ санхүүгийн асуудлыг шийдэх үүрэг хүлээдэг. Эмэгтэй хүний нүдээр харагдаж байгаа асуудлуудыг системээр нь яаж шийдэх вэ гэдэг хариултыг эмэгтэй улстөрчид илүү сайн гаргаж, хүртээмжтэй томъёолж чаддаг. Хамгийн сонирхолтой нь нам харгалзахгүйгээр ялаад гараад ирсэн сум, аймгийн Засаг дарга нар манай төсөл рүү утасдаж хамтран ажиллах удирдамж зөвлөгөө аваад явж байна.
Б.Баярсайхан: Аливаа улсад нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг залуучууд хийдэг. Учир нь залуу хүмүүс хүсэл мөрөөдөлтэй бас зоригтой байдаг. 100 жилийн өмнөх ардын хувьсал, 30 жилийн өмнөх ардчилсан хувьсгалыг дандаа залуучууд хийсэн. Ардчилсан хувьсгалаас хойш найман удаагийн сонгууль өнгөрлөө. Энэ хугацаанд залуусын идэвхи буурсан гэж харж байгаа. Учир нь улстөрчид иргэдийн, ялангуяа залуусын итгэлийг алдсан. 2020 онд би анх удаагаа УИХ-д нэр дэвшин өрсөлдсөн. Энэ сонгуулийн үеэр ард иргэд Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийг үнэлэхээс гадна цаашаа явах 30 жилийн хөгжлийн энэ үед залуусын улс төрийн идэвхи эрс сэргэсэн. Залуусын оролцоо байнга өндөр байгаасай гэж хүсч байгаа.
1996 онд 302 эмэгтэй УИХ-д нэр дэвшээд долоо, наймхан эмэгтэй сонгогдож байсан бол 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдснаас хойш буюу 2012 онд нийт 574 нэр дэвшигчдийн 174 нь эмэгтэйчүүд байж, эдгээрээс 11 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2016 онд 498 нэр дэвшигчийн 129 нь эмэгтэйчүүд байснаас 13 нь сонгогдож чадсан. 2020 онд 606 хүн нэр дэвшснээс 151 нь эмэгтэй байсан. Мөн 13 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Эндээс сүүлийн жилд залуучууд, эмэгтэйчүүдийн идэвхи, оролцоо нэлээд идэвхжсэн гэж харагдаж байна. Би Завхан аймгаас сонгогдсон. Тойргийнхоо залуучууд, эмэгтэйчүүдийн хэлж захисан санал хүсэлт, орон нутгийн хөгжлийн асуудлыг бодитой ажил хэрэг болгох зорилготой ажиллаж байна. Миний сонгуулийн стратеги, үндсэн мессеж хүний хөгжлийн бодлого, ёс зүйтэй төрийн алба байсан.
В.Ганзориг: Монгол Улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход бэлэн үү?
С.Одонтуяа: Асуулт чинь буруу байна шүү.
Б.Баярсайхан: Бид хэзээд бэлэн байсан. Яагаад 2021 онд бэлэн болсон уу гэж асуугаад байгаа юм бэ? Үе үеийн манлайлагч эмэгтэйчүүд үргэлж бэлэн байсан. Тэдний бий болгосон нийгэм дээр бид үргэлжлэл нь болон амьдарч байна. Оюунгэрэл эгч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарлахад яагаад онцгойлж, юуг нь сонирхож үзээд байгаа юм? Энэ бүхэн хүйсийн тэгш бус байдал байгааг илтгэж буй хэрэг.
В.Ганзориг: Би бүдүүлэг асуулт асуужээ. Уучлаарай!
С.Одонтуяа: С.Удвал гуай, гишүүн асан С.Оюун нам дотроо нэр дэвшиж байсан.
Х.Булгантуяа: Д.Оюунхорол гишүүн нам дотроо мөн сунгаанд оролцож байсан. 1924 оны анхны Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэм, эдийн засгийн бүхий л талбарт эрх тэгш байна гэж тунхагласан. Монголын ард түмэн эртнээс үүнийг хүлээн зөвшөөрдөг байсан гэж боддог. Гэтэл ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ-д эмэгтэйчүүд нь юун сонгуульд өрсөлдөх, сонгуульд саналаа өгөхийн тулд асар их тэмцэл, бартаа дунд явж энэ эрхийг олж авсан байдаг. Ийм байхад яагаад 100 жилийн дараа Монгол Улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болох цаг болсон уу гэж яриад байгаа юм бэ? Америк саяхан л арьс өнгөний үзэлтэй холбоотой асуудлаа шийдсэн атлаа хар арьс ерөнхийлөгчтэй болж чадсан. Харин одоо л нэг юм эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болох гэж байна. Гэтэл хамгийн хуучинсаг гэгддэг Пакистан, Энэтхэг зэрэг улсуудад эмэгтэй төрийн тэргүүн байж болоод байдаг. Бид ерөнхийлөгч гэхээр заавал эрэгтэй хүнийг жанжин штабын даргаар төсөөлж, цэргийн хар туг, уулаа тахих тухай боддог. Эмэгтэй хүн болохоор улс орны сүр хүч нь унах гээд байдаг юм болов уу? 21 дүгээр зуунд ийм байж болохгүй ээ. Тухайн хүний мэдлэг, чадвар, хийх ажил, хэрэгжүүлэх бодлого чухал болохоос биш ерөнхийлөгчийн хувьд жендэрийн асуудал яригдах ёсгүй.
С.Одонтуяа: Дэлхийн олон улсын эмэгтэйчүүд асар их зовлон, бэрхшээл туулж байж сонгох, сонгогдох эрхээ олж авсан байдаг. Ялангуяа Африк, Арабын орнуудад эмэгтэйчүүдийн оролцоо маш хурдан нэмэгдэж байна. Харин манайд аль 1924 онд тэгш эрхтэй гэж заасан тул боломж нь байгаа юм чинь болно доо гээд эмэгтэйчүүдийн идэвхи буурсан, олон жил тайван явсантай холбоотой. Тэгш эрхгүй байсан бол эмэгтэйчүүд маань яаж тэмцээд явж байх байсан бол. Нөгөө талаас дарга гэдэг хэвшмэл ойлголт олон жил бидний сэтгэхүйд буруу суусан. Социализмын үед дарга хүн машин, костюмтай, хүн загнадаг, ар гэрээ мартаад ажилладаг голцуу эрэгтэй хүмүүс байсан. Өнөөдөр хүний асуудлыг шийддэг хүнийг дарга гэж ойлгодог. Аймгууд хар л даа. Эмэгтэй засаг дарга нэг ч байхгүй. Дүүргийн түвшинд Х.Болормаа дарга л байна. Финландын Засгийн газрын дөрвөн сайдаар жаахан охидууд ажиллаж байгааг сошиал медиагаар хүмүүс харсан байх. Гэтэл бид дарга хүнийг том жип унаж, хамгаалагчдаар хүрээлүүлдэг гэдэг сэтгэлгээтэй хэвээр байна. Ийм сэтгэхүйгээс салаагүй учраас эмэгтэй хүн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр гайхах нь аргагүй.
Ц.Оюунгэрэл: Би бэлэн гэж бодоод зоригтой нэрээ зарласан. 10 жилийн өмнө би нэрээ зарлахгүй, айх байсан. 10 жилийн өмнөх судалгаагаар нийгэм хүлээж авахааргүй байсан. Өнөөдөр яг эсрэгээр буюу 70% нь эмэгтэй нэр дэвшигчийг хүлээж авахаар харагдаж байгаа. Энэ миний зоригийн тухай асуудал биш. Манай нийгэм өөрчлөгдөж, эмэгтэйчүүдэд хандах хандлага эрс өөр болж, залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өндөр болсон. Иймээс монголчууд эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход бэлэн болсон гэж бодож байна.
В.Ганзориг: Монголын ардчилалд оруулж буй улс төрийн намуудын оролцоо, хувь нэмрийн талаар юу гэж боддог вэ? Тэр дундаа эмэгтэй манлайлагчид, эмэгтэйчүүдийн оролцоо талаас нь асуумаар байна.
С.Одонтуяа: Би үүнд маш шүүмжлэлтэй ханддаг. 1990 онд манай ардчиллын төлөөх намууд үзэл санаа яриад зөв гарч ирсэн. Зөв систем рүү явж байсан учраас иргэд дэмжсэн. Гэхдээ 2000 оноос иргэд ардчилалд тууштай байж чадаагүй. Учир нь нэг хэсэг иргэд ганзагын наймаа хийгээд төрөөс огт хамааралгүй амьдралаа авч явж эхэлсэн бол нөгөө хэсэг нь ажилгүй болж, эргээд социализмаа санагалзаж эхэлсэн. Иймээс 2000 онд буцаад МАН-нд саналаа өгсөн байдаг. АН үзэл санаа, үзэл баримтлалын шинэчлэлээ зоригтой хийсэн боловч нам нь ч, намын гишүүд нь ч цаашаа хөгжиж чадаагүй. Харин 70 жил болсон МАН-ын загварыг авсан. Үүнээс болж олон дэмжигчээ алдаж эхэлсэн. Одоо ч манай нам МАН шиг нүсэр болоод байгаа. Хоёрт, АН-ын лидерүүдийн байгаа байдал дэмжигчдээ алдахад нөлөөлсөн. Намын гишүүдэд, ялангуяа эмэгтэйчүүдэд асуудал байдаггүй. Жирийн гишүүн нам, сонгуулийн ажил гээд гутлын улаа эргэтэл явж ажилладаг. Гэтэл нэг өдөр нэг дарга гарч ирээд чи хулгайч, тэр дарга хулгайч гээд бүх юм нураадаг. Бидэнд ийм харамсалтай сургамжууд байгаа.
Х.Булгантуяа: МАН-ын хувьд аль болох хөнгөн, шингэн болохыг зорьж байгаа. Цахим, ухаалаг нам болох том хөдөлгөөн өрнүүлж, намын гишүүдээ тоолж бүртгэлжүүлэх ажлыг хийж дуусгалаа. Бид хөнгөн болохыг хичээж байхад эсрэгээрээ хөнгөн шингэн байх ёстой шинэ, залуу намууд том нүсэр бүтэц байгуулж, энд тэнд хатуу суурь хөлтэй байхыг хүсээд байдаг. Зарим зүйл дээр би намаа шүүмжилдэг. Жишээ нь, 2016-2000 оны хооронд Улаанбаатар хотын есөн дүүргийн гуравт нь АН ялж засагласан. Тэгэхэд хоёр эмэгтэй засаг даргатай байсан. Гэтэл өнөөдөр манайд нийслэл, аймагт засаг дарга нэг ч байхгүй. Ард түмэн бидэнд итгэл үзүүлсэн. Эцсийн мөчид эмэгтэйчүүдийг яв гэхээр нь, эсвэл арай гэж нэг квот олдохоор нь бараг хаана нэр дэвшихээ ч сонгож амжихгүй мандат аваад шинэ дээл эсгүүлж аваад гардаг. Эмэгтэй гэж дорд үзэж, ялгалгүй итгэл үзүүлээд сонгож байна. Ар гэрийн амьдралаа тээлгэж чаддаг мөртлөө дүүрэг, сумын засаг даргаар эмэгтэй хүн тавих гэхээр бөөн юм болдог.
УИХ-ын тухай хуулинд сонгуулиар квоттой болсон нь эмэгтэйчүүдийг дэмжихэд маш их нэмэр болсон. 2020 оны сонгуульд энэ квотыг нэмж чадаагүйдээ би сэтгэл дундуур байгаа. Уг нь хамгийн багадаа 20% гэдэг квотыг хамгийн их болгож тайлбарлах, эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн эсрэг өрсөлдүүлэх зэрэг үйлдэл гарсаар байна. Улс төр угаасаа амаргүй талбар. Хамгийн амбицтай, мөнгөтэй, салбар салбарын мэдлэгтэй, чадвартай төлөөллүүд ордог өрсөлдөөнтэй салбар. Бусад орны эмэгтэйчүүдийн холбооны хурлуудад оролцож байхад яг адилхан юм ярьдаг. Эрчүүдтэй өрсөлдөж байж улс төрд орох эрхээ олж авдаг. Хамгийн гол нь нэг үеэс нөгөөд шилжих үед энэ процесс заавал ахицтай байх ёстойг онцолж байсан. Манай эгч нар энэ квот дээр үнэхээр сайн ажилласан. Үүнийг нь алдахгүйн тулд нам үл харгалзан эмэгтэйчүүд хоорондоо нэгдэн ажилласан. Магадгүй бид нарын хүүхдүүдийн үед энэ квот гэдэг зүйл байхгүй болж, нийгэм, нам нь эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрдөг систем руу явах болов уу.
Ц.Оюунгэрэл: Эмэгтэйчүүд квотын дагуу УИХ-д орж ирэх нь эхний шат. Эдгээр эмэгтэйчүүдийн ажлыг нь хийлгэх үү, үгүй юу гэдэг нь хоёрдугаар шат болдог. АН УИХ-д олонх байхдаа эмэгтэйчүүдэд илүү боломж олгосон гэж би хардаг. Бид 11-үүлээ байсан ч байнгын хорооны эмэгтэй дарга нарыг гаргаж ирэх, тухайлбал, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ гишүүн гэх мэт, түүнчлэн эмэгтэйчүүд олонхийг нь бүрдүүлдэг байнгын хороог байгуулдаг байсан. Эдгээрээр дамжин УИХ-ын даргад асуудлаа тавихад шийдэгддэг байв. 2012-2016 оны УИХ-ын эмэгтэйчүүд бүлгээ байгуулдаг, дээр нь Нийгмийн бодлогын байнгын хороон дээр үнэмлэхүй олонхи байсан. Бүх эмэгтэйчүүд энэ байнгын хороонд орно гэхэд саадгүй оруулдаг байв. Энэ мэтээр байнгын хороог эмэгтэйчүүд бодлогоор аваад явж болдог юм байна гэдэг нь харагдаад эхэлмэгц иргэд эмэгтэйчүүдээс маш их зүйлийг хүлээдэг болсон.
Бидний дараагийн парламентад биднээс олон эмэгтэй сонгогдмогц хүлээлт тэр хэрээр өндөр болсон. Гэвч нэг ч байнгын хороонд эмэгтэйчүүдийг олонхи болгоогүй, эмэгтэйчүүдийн бүлгийг нь байгуулаагүй. Одоогийн УИХ дээр ч гэсэн эмэгтэй даргатай байнгын хороо байхгүй. Байнгын хороонд орох эмэгтэй гишүүдийн хүсэлтийг нь шууд биелүүлэхгүй, олонхи болгохгүй бүгдийг нь салгаж байршуулсан. Энэ нөхцөлд сонгогчдоос зөвхөн эмэгтэй гишүүнд хандаж ирүүлдэг хүсэлтүүдийг төрийн бодлого болгох хүчийг нь тарамдуулдаг гэсэн үг. Хүн харахад одоогийн УИХ өмнөхөөсөө олон эмэгтэй гишүүнтэй болсон ч үр бүтээл алга. Манай үеийн парламент цөөн эмэгтэйтэй атлаа үр бүтээлтэй байсны нууц нь бид бодлогоо ил тод хэлдэг байсан. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хороонд бид олонхи болж орно, Хууль зүй, Байгаль орчны байнгын хороонд ирцэнд бойкот тавих хэмжээнд олуулаа орно, энэ энэ байнгын хорооны даргыг бид авна гэхэд 11 байнгын хорооноос хоёрыг нь авч чаддаг, гурван байнгын хорооны бодлого дээр ноёлж оролцож, нэг байнгын хорооны бодлогыг атгаж явдаг байсан. Одоо энэ бүхэн байхгүй болж, тооны хувьд ахиц байгаа ч чанарын хувьд ухарсан. Иймээс намын бодлого, намын бодлогыг барьдаг цөөн хэдэн удирдлагын хувьд эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх соёлын ялгаа одоо хүртэл байна гэсэн үг. Харахад квоттой, харахад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлээд сонгуулаад байгаа мэт боловч сонгогдоод гараад ирсэн эмэгтэйчүүдийг үр бүтээлтэй ажиллуулахгүй яаж ийгээд боогоод байна. Ийм боолт харагдаад байна.
Б.Баярсайхан: Улс төрийн нам гэхээс илүү манай улс төрийн систем нь өөрөө төлөвших шатандаа явж байна. Систем төлөвшихийн тулд улс төрийн намууд үзэл баримтлал, онол арга зүй дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх ёстой. Монголын улс төрийн намуудын ихэнх нь нэг хүнийг тойрон хүрээлсэн бүлэглэл маягтай, популизм дээр тулгуурласан шинжтэй, сонгууль дөхөхөөр л идэвхждэг. МАН-ын хувьд яах аргагүй энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын улс төрийн ууган хүчин. Монгол Улсын 100 жилийн түүхийг бичилцэж буй намд ялалт, амжилт, ялагдал, алдаа, оноо бүгд байгаа. Гэхдээ бусад олон намаас сахилга бат, төлөвшил, хөгжлөөр ялгардаг. Ялангуяа олон намын тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 жилийн түүхийг авч үзвэл үзэл баримтлалаа тодорхойлж, зан төлөвшлөө тогтоосон улс төрийн хүчин болсон гэдгийг зөвхөн намын гишүүд биш улс төр судлаачид өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулийн дүн бол ямар нам иргэдийн итгэлийг хүлээхээр төлөвшсөн байгааг үнэлж дүгнэдэг процесс учраас сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд МАН-д үнэмлэхүй олноороо итгэж саналаа өгсөн нь яах аргагүй 100 жилээ тэмдэглэж буй төлөвшсөн нам гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч байна гэж би харж байна.
Эмэгтэйчүүдийг дэмжихийн хувьд хэлэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороон дээр эмэгтэйчүүд олноороо орсон. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар эмэгтэй хүн ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жил Монгол Улсын Засгийн газарт Х.Булгантуяаг оруулаад таван эмэгтэй дэд сайд байсан. Үүнийг бид Жендэрийн тэгш байдлын тухай хуульдаа тусгасан. Өнөөдөр гэхэд тэр хуульд заасан квотын дагуу Засгийн газар гурван эмэгтэй сайдтай ажиллаж байна. Ямар ч байсан бид урагшаа явж байгаа. МАН залуучууд, эмэгтэйчүүдийг зоригжуулж дэмжсэн. Хэн ч танихгүй 30-аад залуу өнөөдөр УИХ-д орж ирсэн. 100 жил болж байгаа намыг хуучинсаг гэж харж байж болно. Тэгвэл МАН цаг үетэйгээ хөл нийлүүлж, залуучуудаа, эмэгтэйчүүдээ дэмждэг гэдгээ 2020 оны сонгуулиар баталсан.
С.Одонтуяа: Тооноос чанарт шилжих ёстой гэж дээр би хэлсэн. Улс төрийн намын хуулийг эмэгтэйчүүд сууж байгаад өөрчлөх ёстой. МАН-ын байр жишээ нь яг хажууханд байна. Улс төрийн нам ийм том байртай байх буруу. Энэ байрыг нь улсын мөнгөөр барьсан. Ийм барилгатай хүүхдийн эмнэлэг ч Монголд байхгүй. Нам байраа түмэн хүмүүст түрээслээд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Нам улс төрийн үзэл баримтлал л гаргах ёстой. Өнөөдөр Монголд намууд бизнес хийж, төрийн ажилд оролцож, яамдын сайд дарга нарыг намынхаа байранд дуудаж байна. Ингэж болохгүй. Ерөөсөө энэ намуудыг хөнгөн болгоё, нэг байранд бүгдийг нь оруулаад суудлынх нь тоогоор зайг нь хуваарилах тухай Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа ярьж байсан. Тэр нэгдсэн байранд хүмүүс үзэл баримтлалаа боловсруулаад сууж байг, улс төрийн намууд ингэж их зардал гаргах ямар хэрэгтэй юм гэж байсан нь зөв алхам байсан. Одоо бид үзэл баримтлал дээрээ сайхан ажиллаад, мэргэжлийн хүмүүстэй явж уулзаад, судалгаанд мөнгө зарахын оронд намын байрны зардал, нөгөө түрээс, хураамж гээд аж ахуйн ажил хийгээд яваад байна.
Ц.Оюунгэрэл: Зардал өндөртэй улс төр хийгээд байна шүү дээ.
С.Одонтуяа: Монголчууд улс төрийн нам, улс төрдөө ямар их мөнгө зардаг юм гээд гадныхан гайхдаг. Тэгэхээр бид ядуу байх нь аргагүй шүү дээ.
Ц.Оюунгэрэл: Би дээр Хавайд амарч явахад Америкийн сонгууль нь болж таарсан. Хавай гэдэг муж бүтэн 60 жилийн турш ганцхан Ардчилсан намыг сонгосон. Яагаад гэвэл Ардчилсан нам нутгийн иргэдэд илүү их эрх өгсөн юм байна. Үүнд талархал илэрхийлж нутгийн хавайчуудад байнга Ардчилсан намд саналаа өгч байдаг. Ер нь Хавайд ганцхан Ардчилсан нам л байдаг, Ардчилсан намын төв байраар ороод манай сонгуулийн явцтай танилцаад яв гээд тэндэхийн нэг улстөрч намайг дагуулаад явсан. Байранд нь очиход яг энэ танай өөрөө шиг газар хэдэн хүн сонгуулийн мөнгө босгох уулзалтаа хийж таарсан. Хувцас сольдог юм шиг тэр жижиг өрөөнд хүмүүс зогсолтгүй орж гараад, тэнд нэг нь бялуу зараад, энд нэг хүн ундаа зараад сууж байсан. Би ундаа, бялуу худалдаж авч идчихээд хэзээ намайг намынхаа төв байр руугаа оруулах юм бол гээд хараад байсан чинь за явах уу гэж асуусан. Ингээд болчихож байгаа юм уу гэсэн чинь тийм, энэ манай намын төв байр гэж хэлсэн. Ердөө ганцхан ширхэг л уулзалтын өрөө. Хүмүүс ирж уулзалтаа хийгээд гардаг. Олон хүн ирэх юм бол эвхсэн сандлуудаа гаргаад хурлын өрөө болгочихдог. Намд ганц уулзалтын өрөө хангалттай юм билээ.
С.Одонтуяа: Эмэгтэй гишүүд Швед рүү туршлага судлахаар явсан юм. Өдөр болгон нэг эмэгтэй гишүүнтэй уулздаг байв. Нэг өдөр цайны цагаар доор нэг өрөөнд эмэгтэй гишүүнтэй нь уулзах боллоо. Бидэнд сэндвич, кофэ өгөөд байж байтал жинсэн өмд, комбинзон шиг хувцастай, үсээ ягаанаар будсан хүүхэн орж ирсэн нь парламентын гишүүн нь болж таарсан. Шведийн парламентийн гишүүдийн 40% нь эмэгтэйчүүд байдаг. Та нар сонгуульдаа хэр их зардал гаргасан бэ гэж биднийг асуухад маш их зардал гаргасан, би лав 2000 евро гаргасан. Сонгуульд ялсан тул дараа нь манай намаас суудлын мөнгө гээд буцаагаад өгсөн гэж хэлсэн. Зөрүүлээд та нар сонгуульдаа хэр их зардал гаргасан бэ гэж биднээс асуухад доогуураа бие биеэ хөлөөрөө цохиод их гэж болдоггүй, бага гэж хэлж болдоггүй тэгсгээд өнгөрсөн. Тэр өндөр хөгжилтэй оронд эмэгтэй хүн үзэл бодол, үзэл санаагаа хүмүүст юмаа таниулаад, улс төрд дарамтгүй ингээд ороод ирчихсэн байгаа юм.
Ц.Оюунгэрэл: Манай хамгийн том асуудал бол хүмүүсийн төлбөрийн чадварт нийцэхгүй зардлыг нэр дэвшигчдээс нэхдэгт байдаг.
Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны гол асуудал санхүү, мөнгө байдаг. Мундаг эмэгтэйчүүд зөндөө байна. Улс төрийн санхүүгийн босгоос гадна эмэгтэйчүүд гэв гэнэт шийдвэр гаргаад улс төр рүү гүйгээд ордоггүй. Чадалтай эмэгтэй байсан ч нэлээд юм бодно, нөхөртэйгөө зөвлөлдөнө. Хэр баргийн эрэгтэйчүүд иймэрхүү шийдвэрийг эхнэртэйгээ зөвлөхгүй өөрөө гаргаад явдаг. Санхүүгийн энэ дарамтыг багасгаж байж эмэгтэйчүүдийн оролцоо гэж ярихгүй бол үнэнийг хэлэхэд маш хэцүү. Энэ асуудлыг одоо л хуулинд өөрчлөлт оруулж шийдэх ёстой. Би энгийн байх дуртай. Япон, Солонгост олон нэр дэвшигчдийг нэг самбар дээр байрлуулахаас гадна улс төрд орж байгаа хүмүүс нь метроны буудал дээр хантааз өмсөөд, чанга яригч барьж, сальфетка тараасан хүмүүс намайг дэмжээрэй гээд сонгуулиа хийж байдаг. Энэ мэтээр сонгуулийг маш энгийн болгох хэрэгтэй. Улс төрийн намуудыг төсөв санхүүгийн дарамтаас салгах хэрэгтэй. Тэгж байж оролцоо нэмэгдэнэ. Хандив өгч чадахгүй юм чинь гэдгээр олон юмнаас хойшоо суудаг. 2020 оны сонгуулиар АН яг тэглээ шүү дээ. МАН-ын эмэгтэйчүүдийн хувьд харин элдэв дарамт байгаагүй. Засаг дарга зэрэг албан тушаалыг эмэгтэй хүнд өгөхгүй байгаа ч эмэгтэйчүүдээ нэр дэвшихэд хажуу эрэгтэйд нь ганц эмэгтэйгээ унагаж онигоо болов, дэмжиж ажиллаарай гэж сайн захиж байсан. Зарим эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдтэйгээ хамт унасан байх шүү.
Б.Баярсайхан: Бид өнгөрсөн 30 жилийн хөгжлийн түүх, алдаа, оноогоо цэгнээд дүгнээд явж байна. Хөгжихийн тулд Одонтуяа гишүүний хэлсэнчлэн дарга, улс төр гэдэг имижийг өөрчлөх, дахин тодорхойлох хэрэгтэй. Намаа өөрчилж, илүү энгийн болгох ёстой. Гадны улсуудын жишээг дурдаж байна. Эстони улс олон жилийн өмнө цахим болж боловсол, авилгын асуудлаа шийдсэн. Спикер нь өөрөө компьютерынхаа ард сууж байгаад бүх юмаа тайлбарлаад үнэхээр атаархмаар байсан. Өнөөдөр яг тэр цаг үеийн эхлэл Монголд тавигдаж байна гэж би харж байна. Хоолойгоо шахаж ярьдаг дарга, улс төрч, улс төр гэхээр заавал хар байх ёстой юм шиг, заавал авилга авах ёстой юм шиг, заавал нэг муу муухай юмтай орооцолдох ёстой юм шиг залуучууд хардаг болчихоод байна. Улс төрд яаж цагаан байж болдгийг, муу муухайгаасаа хол байж зөв явж болдог гэдгийг өнөөгийн улстөрчид харуулах ёстой. УИХ-ын сонгуулийн өмнөх судалгаагаар ямар төрийн түшээ хүсэж байна вэ гэсэн асуултад нэгдүгээрт шударга, хоёрдугаарт ёс зүйтэй, тэгээд энэ сэтгэлтэй хүн гэж сонгогчид хариулсан байсан. Тэрэн дээрээ ч хариуцлагатай сонголтоо хийсэн болов уу.
Салбар болгонд ёс зүйн асуудал, авлига, муу муухайдаа идэгдсэн жишээ байна. Үүнд иргэд маань бухимдаж байгаа. Иймээс хамгийн түрүүнд түүчээлээд нийгмийг тайвшруулах, зөв чиглэл рүү нь залан манлайлах хүмүүс нь төрийн түшээд бид, дээрээс нь 200 мянган төрийн албан хаагчид юм. Хэрвээ төрийн алба цэвэршээд, төрийн түшээд цэвэр тунгалаг ажлаа хийгээд, иргэдийнхээ төлөө сэтгэлээ зориулаад эхэлбэл энэ хуучин тогтсон муухай имиж арилж, ард түмний төрдөө итгэх итгэл нэмэгдэнэ. Ингэж байж залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, нийгэм цэвэршинэ.
В.Ганзориг: Саяхан БНОУХ (IRI) залуучуудын улс төр, нийгмийн идэвхи, оролцооны талаар судалгаа хийснээ танилцуулсан. Бараг 70% нь улс төр муухай, улс төрийн намуудад итгэдэггүй гэж хариулсан байсан. Яаж энэ бүхнийг өөрчлөх вэ? Шийдэл нь юу вэ?
С.Одонтуяа: Би бас тэр судалгааг үзсэн. Энэ судалгаанд залуусын 70, 80% нь ардчиллыг дэмждэг, цаашаа улам сайн хөгжүүлэх ёстой гэж хариулсан байсан. Шийдэл нь шударга сонгууль гэж байгаа. Залуучуудтай уулзаад явж байхад Монгол Улсад ажил мэргэжлээрээ төрийн албанд мэргэших гэдэг юм байхгүй боллоо гэж их ярьдаг. Гадаадад сургууль төгсөөд төрийн албанд яг мэргэжлээрээ буюу хот төлөвлөлт, хүн амын хөгжил гээд ажиллаж байхад нь баахан улстөрчид орж ирээд сольдог, солигддог, асар тогтворгүй. Зоригтойхон хууль гаргаад 2024 оноос төрийн ба улс төрийн албыг маш тодорхой зааглах ёстой. Өөрөөр хэлбэл, залуучууд зөвхөн улс төрөөр явмаар байна, улс төрөөр мэргэшнэ гэвэл тэр дүүргийн иргэдийн хурал, аймгийн иргэдийн хуралд очоод улс төрөө хий. Харин төрийн албанд байх юм бол ингээд ажилла гэх мэт. Энэ хооронд сэлгүүцэх боломж байхаар мэргэших боломжгүй болдог. Үүнийг хуулиар зохицуулж өгөхийг маш олон залуучууд хүсч байгаа. Одоо бол нэг цүнх баригч орж ирээд л ямар ч мэргэжилгүй байж хүмүүсийг даргалдаг. Үүнд залуучууд их гутардаг. Тийм учраас өндөр мэргэжилтэй хүмүүс гадаадад гарч байгаа.
Х.Булгантуяа: 2019 оноос хэрэгжиж эхэлсэн хуулиар төрийн алба мерит зарчим руу орсон. Хэлтсийн дарга заавал хийж байж газрын дарга болно, төрийн албанд арав гаруй жил ажиллаж байж төрийн нарийн бичгийн дарга болно гээд. Олон залуусыг харахад ерөөсөө сонгууль, улс төрд орохгүй, яг төрийн албаараа мэргэших сонирхолтой байдаг. Яагаад гэвэл төрийн албанд тав, долоон жил ажиллаад хэлтэс, газрын даргын түвшинд хүрчихсэн. Дахиад хэдхэн жил ажиллахад төрийн нарийн бичгийн даргын шалгуурыг хангах боломж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар гарч ирсэн. Үндсэн хуулиар олгогдсон хэн ч сонгуульд өрсөлдөх эрх хүн болгонд нээлттэй байх ёстой. Олон жил багш хийсэн хүн нэг өдөр ерөөсөө боловсролын салбар болохгүй байна, би яагаад нэр дэвшиж болохгүй гэж бодож болно. Хүсэх юм бол 10 жил явсан улс төрөөс буцаад боловсролынхоо салбарт орох боломж байх ёстой. Хотод энэ боломж харьцануй гайгүй. Хөдөө суманд хүний нөөц дутмаг учраас хэцүү юм билээ. 2000 хүнтэй сум зөндөө байна. Энд 200-300 хүний дотор л бүх намын хүний нөөц эргэлдэж байдаг.
С.Одонтуяа: Суманд хүртэл улстөрждөг гээд шүүмжилдэг. Уг нь суманд намаас нэр дэвшихээ болъё гэдэг санаанууд явж байсан. Монгол Улсыг хөгжүүлэхгүй байгаа гол чөдөр бол хэт их улстөржилт. Энэ бол миний хувийн бодол шүү, уучлаарай. Өөрөөр хэлбэл, дүүрэг, нийслэл, аймагт үнэндээ улстөрчид хэрэггүй. УИХ дээр бодлого тодорхойлох төвшинд өөр. Манай намын бодлого ийм, ингэж хөгжих ёстой гээд УИХ дээр яриад улстөржөөд ажиллах ёстой. Харин суманд хоёр хүн суучихаад нэг нь МАН, нөгөө нь АН гээд бие биенийхээ ажлыг хийлгэдэггүй байж болохгүй. Сүүлийн 30 жил сум огт хөгжсөнгүй шүү дээ. Нэг ШТС, нэг банкны салбар, нэг тохиролцооны дэлгүүр, модон жорлон л байгаа биз дээ? Энэ бүхнийг өөрчлөх ёстой.
Ц.Оюунгэрэл: IRI-ийн судалгааг нэлээд сайн базаж хийсэн байсан. Улстөрчид нүдээ нээгээд, чихээ онгойлгож чадах л юм бол нээлттэй, ардчилсан нийгмийн давуу тал нь өдөр болгон улстөрчдийг ийм байж болохгүй шүү, ийм болоод өгөөч ээ гээд ард түмний хүсэл сонирхол, эргэх холбоо өдөр бүр ирдэг. Нийгмийн сүлжээ хөгжсөн өнөө үед Монголд улстөрчид нүд, чихээ л онгойлгож чадах юм бол өөрийн чинь өөрчлөгдөх замыг ард түмэн заагаад өгнө. Харин хүний хэлж байгааг сонсохгүй, чиглэлийг анзаарахгүй, өөрсдөө л чухал царайлаад сууж байгаад хоцрогдвол тэр улстөрч цаашаа явахгүй. Тэгэхээр хүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно. Залуучууд сонгуульд олноороо орж ирдэг боллоо. Хуучин залуучууд маань Монголын ирээдүйг ахмад насныхан тодорхойлоод байна гэж гомддог байсан. Гэтэл сүүлийн статистикаар харахад залуучууд өөрсдөө ирээдүйгээ түрээд тодорхойлоод эхэлсэн. 55-аас дээш насны хүмүүс саналаа өгч буй хүмүүс нийт сонгогчдын 19% болсон. Тэтгэврийн хүмүүст зориулсан хичнээн гоё бодлого намууд гаргасан ч нийт сонгогчдын 19%-д л нөлөөлж чадна. Үлдсэн 81% нь залуучуудын хүсээд байгаа ирээдүйг чиглүүлээд байна шүү дээ. Тийм учраас залуучууд юу хүсч, мөрөөдөөд байгааг ойлгохгүйгээр улс төр хийх ямар ч боломжгүй болсон. Тиймээс тэд нартай нийцэж имижээ өөрчлөх гэдэг бол улстөрч хүний гэрийн даалгавар. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд улс төрийн ажлыг хийе гэвэл нүд, чихээ нээлттэй байлгах ёстой.
Х.Булгантуяа: Залуусын идэвх, оролцооны хувьд дэлхий даяараа л иймэрхүү хандлагатай байгаа юм билээ. Улс төр бохир гээд аль болох хол байхыг хичээдэг. Гэхдээ эцсийн эцэст бидний сонгосон ардчилсан зарчмаар улс төрийн намууд л гол бодлогыг чиглүүлж, улс орны хөгжлийг тодорхойлдог. Нэг талаараа улс төрийн намуудыг цомхон, хөнгөн байх ёстой гэж ярьж байгаа ч нөгөө талаар яагаад энэ улс төрийн нам боловсон хүчин муутай байгаа юм, яагаад бодлого гаргахгүй байгаа юм гээд шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, нөгөө талаасаа том үр дүн хүсээд байдаг. Үнэнийг хэлэхэд 38 намаас парламентад суудалтай нь гурав, дөрөв л байна. Тэрэн дотроо АН, МАН хоёр том тулга, хоёр багана нь болоод хоёр талаасаа бодлого, хүний нөөцөөрөө өрсөлдөж байна. Үүний цаана мэдээж тодорхой хэмжээний дэмжлэг залуучуудад хэрэг болдог. Улс төрийн дэмжлэггүй бол хэцүү.
Гэхдээ нөгөө талаараа сонгуулийн насны иргэдийн тэр том хувийг эзэлдэг залуучууд гэртээ орж ирсэн материалыг хариуцлагатай эргүүлээд харчихгүй, сошиалаар явдаг хийсвэр мэдээллээр сонгууль өгчихөөд яагаад хариуцлагагүй төр гарчихсан юм гээд асуудаг. Хариуцлагагүй сонгогчид байсан учраас хариуцлагагүй төр гардаг. Иймээс залуус бид хариуцлагатай байх ёстой. Монголчууд бид дөнгөж 3,3 саяулаа. Ийм цөөхүүлээ байж өөрийнхөө улсыг муулаад яах билээ. Харин дуртай ч бай, дургүй ч байж улс орноо бүхий л талаар нь сайжруулахын төлөө зүтгэх ёстой. Улс төр нь болохгүй байгаа, тэр нь хойш нь татаад байгаа бол улс төр рүү нь ороод сайжруул л даа. Бодлого боловсруулах төвшинд нь ажилла л даа. Иргэдтэй уулзах уулзалтууд дээр эмээ, өвөө нар л ирдэг. Залуучууд ирдэггүй атлаа хамгийн их шүүмжилдэг. Өнөөдөр гарч байгаа төрийн бодлого залууст хамгийн их нөлөөлдөг. Манай ахмадууд улс орны хөгжилд санаа зовдог хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэврийн асуудал нь сайн байх юм бол тайвширдаг. Гэтэл залуучуудын ипотекийн зээл, хүүхдийн цэцэрлэг, цалин, нийгмийн даатгалын шимтгэл яах гээд байгаа юм гээд өөр том асуудлууд яриад улс төрийн намууд залуустай уулзалт хийх гээд бүр яддаг.
Америкийн сонгуульд олон залуучууд жишээлбэл дэмжиж буй улстөрчдөө үнэгүй ажилладаг. Дэмжиж байгаа болохоор гээд нэг малгайг 20, 30 доллараар худалдаж авна. Би таны улс төрийн сонгууль дээр үнэгүй ажиллая гэдэг зоригийг гаргадаг. Сонгуулиар над дээр олон хүүхэд таныг дэмждэг тул үнэгүй ажиллая гээд ирсэн. Тэгэхэд би энэ бол амар ажил биш шүү, 20 гаруй хоног өдөржин шөнөжин гэр, байшин хорооллоор явна гэхэд 20 гаруй хүүхдээс хоёр, гурав нь л үлдсэн. Тэгэхээр бид үнэхээр ардчиллыг хайрлая гэж бодож байгаа бол, улс төрийн намуудыг мөнгөнөөс хол болгоё гэж бодож байгаа бол, хүссэн улстөрчөө дэмжье гэж бодож байгаа бол тэр үнэт зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой юм билээ. Тэгж байж ардчилал, шударга, ил тод байдлыг авч үлдэж чадна.
С.Одонтуяа: Монголд л хүмүүс улс төрөөс залхаад байгаа юм биш. Англид жишээ нь 1950 онд нийт сонгогчдын 20% нь намын гишүүнчлэлтэй байсан. Гэтэл одоо 2%. Нөгөө дээр үеийн улс төрийн нам моданаас гарсан байхад бид намаа муулахгүй, шүүмжлэхгүй суугаад байж болохгүй. Улс төрийн намыг шүүмжилж байж эрс өөрчлөлтийг хийх ёстой. Одоо нам гэхээр хүмүүс бөөн мөнгө, бөөн дарга, бөөн арга хэмжээ гэж боддог. Яг үзэл санаагаараа дөрвөн жил, 10 жил ажиллавал чи амжилтад хүрнэ гэдгийг ойлгуулах ёстой. Махатма Гандид нөмрөгнөөс өөр юу ч байгаагүй. Гэтэл тэр хүний үзэл санаа тэгж их түгсэн. Тереза эх байна. Түүнд мөнгө, эрх мэдэл байгаагүй. Нелсон Мандела үзэл санаагаа яаж түгээсэн билээ. Ийм үзэл санааг бид одоо Монголд авч ирэх ёстой. С.Зоригийн үзэл санаа шиг явах ёстой. Нам гэхээр дарга, эрх мэдэл бодоод, тэрэндээ тааруулсан дүрэм, журам хийгээд явчихдаг. Улс төрийн намууд уг нь бол нэгдсэн нэг дүрэм, татвартай болоод гишүүнчлэл бүртгэл нь шилэн болчих хэрэгтэй. Ингэж байж нэг хүн нэг намд ороод баахан мөнгөний хэрэгсэл болгож байгаад гараад өөр улс төрийн хүчинд ордгийг зогсооно. Ингэж үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
Б.Баярсайхан: Сая нэг дэвшил гарсан. Засгийн газраас Алсын хараа 2050 гээд ирэх 30 жилийн хөгжлийн үзэл баримтлал хийхдээ бүх намуудын төлөөлөлтэй ярилцаж хэлэлцэж, ямар ч нам, улс төрийн хүчин гарч ирээд засагласан бай энэ хөгжлийн чиглэл, шугамаа баримтлаад явъя аа гээд баталсан. Тэгэхгүй бол яаман дээр нэг сайд ирээд бодлого өөрчилдөг шиг яваад байвал хөгжихгүй. Тиймээс энэ баримт бичгийг гаргахын тулд 38 намын төлөөлөлтэй бараг бүгдтэй нь уулзсан гэж харж байгаа. Хоёрт, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлэн, улс төр ба төрийн албыг салгах гэж оролдсон. Дахиад хэд хэдэн заалт өөрчлөх ёстой байгаа. Мерит зарчим барьж байна гээд тэнд зүгээр л юу ч ажил хийдэггүй хүнийг муу, сайн нь хамаагүй 15 жил шигдээд суулгана гэсэн үг биш шүү дээ. Чадвар болоод ёс зүй, ажилдаа хандаж байгаа хандлагын үнэлэмжээрээ тэр хүн дээшээ доошоо бууж, дэвшиж байх ёстой.
Энэ хууль хэрэгжээд сургалт хийгдэж байхад Сингапурын төрийн албаны сургуулийн захирал хэлж байсан. Сингапурт төрийн албанд ороход хүн ямар ч нэр төртэй сургууль төгссөн хамаагүй хандлагын сорил өгдөг. Энэ сорилоор худлаа ярих, хандлага, ёс зүйг нь тодорхойлдог. Яагаад гэвэл Сингапур улсын төрийн албанд худлаа хэлдэг хүн бол орж болохгүй. Би төрийн албаа ингэж явах ёстой гэж хардаг. Хоёрт, улстөрч, дарга гэдэг имижийг бид өөрчлөх ёстой. Анх удаа Завхан аймагт очиход намайг эмэгтэй хүн ирлээ гэж хүлээж аваагүй. Эсвэл нэг төрийн албан хаагч байсан, бизнес эрхэлдэггүй юм байна, мөнгө төгрөггүй юм байна гэж хараагүй. Нэр нь цэвэр байна уу, өнгөрсөн түүх, одоо юу ярьж байна, бидний төлөө юу хийж чадах зэргийг харж сонголтоо хийсэн. Яг ийм эрүүл сонголт хийгээд явах юм бол улс төрд асар их мөнгө зарцуулдаг асуудал байхгүй болно.
В.Ганзориг: Нэвтрүүлгийн цаг дуусч байгаа тул сүүлийн асуултуудаа бөөндөе. Улс төрд ороход тулгардаг хамгийн том саад юу вэ? Улс төрд орох гэж буй залууст өгөх зөвлөгөө? Гадаад ертөнц талд Монголын нэр хүнд сайн биш байна. Үүнийг яаж сайжруулах ёстой вэ? Эрх барьж байгаа намынхан байж бүсгүйчүүд нь нийлж байгаад нэг аймгийн засаг даргыг эмэгтэй хүн болгож болдоггүй юм уу?
Х.Булгантуяа: Бид улс төрд шууд дарга болж хэзээ ч орохгүй шүү дээ. Би залуучуудын холбооны зүтгэлтэн, бичиг цаас, хэл усанд сайн гээд төсөл бичдэг хүн намд орж байсан. Нам, улс төрд ороход эмэгтэйчүүд өөрөө өөрсөддөө л тээг тавьдаг юм билээ. Эмэгтэй хүн хэрэггүй дээ, ингэж чадахгүй дээ гээд. Дэлхийн шилдэг 100 эмэгтэй захирлаас Форбес сэтгүүл асуусан байсан. Эмэгтэй хүнийг албан тушаал ахиулахаар би чадах болов уу, арай л эрт биш үү гэж эргэлздэг байхад эрэгтэй хүн цаг нь болсон, харин ч оройтсон гэж боддог. Тэгэхээр магадгүй улс төрд орж буй эмэгтэйчүүдийн хамгийн том бэрхшээл бидний өөрсдийн сэтгэл зүй байх. Монгол эмэгтэйчүүд чадвартай шүү дээ. Монголын ард түмэн үеийн үед итгэл үзүүлж ирсэн. Ар гэрийн амьдралын маш их ачааг үүрээд явж чаддаг учраас бид өөрсөддөө итгэлтэй байх ёстой. Жендэрийн асуудал ярихаар энд тэнд суусан, бараг л Монголын эдэлж болох бүхий л эрхийг эдэлчихсэн хэдэн эмэгтэйчүүд илүү их эрх эдлэх гээд байгаа юм шиг хүмүүс боддог.
Тэгш эрх гэдэг бол тэгш боломж гэсэн үг биш. Хэдийгээр үндсэн хуулиар бид бүгдээрээ сайн сайхан, эрүүл амьдрах, эрдэм мэдлэг эзэмших эрхтэй хэдий ч хүн болгонд тийм боломж байна уу гэвэл үгүй. Бид ингэж эмэгтэйчүүдийн оролцоо гэж яриад байгаа нь энэ тэгш боломжийг л эмэгтэйчүүддээ, нийгэмд бий болгохыг хүсч байгаа хэрэг юм. Айл гэрийн эмэгтэй нь аз жаргалтай байвал тэр гэр бүл аз жаргалтай байна гэдэг үзүүлэлт байдаг шиг өнөөдөр хүүхдийн хүчирхийллийг харахад хамгийн эхлээд эхнэрээ зодож эхэлдэг. Хүүхэд дараачийн хохирогч болдог.
Монголын гадаад нэр хүндийн хувьд улс төрийн намуудын нэр нөлөө байгаа. Бонд босгохоор гадаад руу явж байхад нь Засгийн газраа огцруулдаг. Засгийн газар нь огцорч байхад гадаадад бонд гаргана гэж юу байх билээ. Одоо ингээд харахад бид нэг юмыг өөрсдөөсөө асуух ёстой юм шиг байгаа юм. Реформ, шинэчлэл хүсээд байгаа юм уу эсвэл тогтвортой байдал хүсээд байна уу? Реформ хүсэж байгаа бол нэлээд юмыг өөрчлөхөөс өөр аргагүй. Мэдээж реформ шинэчлэл хэрэгтэй байна. Гэхдээ энэ шинэчлэл өнөө маргаашийн үүл солигдож байгаа юм шиг битгий байгаасай, тооцоо, судалгаатай, хүний нөөц, бэлтгэлтэй яваасай гэж ард түмэн хүсээд байгаа юм болов уу. 100 жилийн ойг тохиож байгаа энэ цаг үед дараачийн 100 жилийг мэдээж тогтвортойгоор, гэхдээ тодорхой хэмжээний өөрчлөлт шинэчлэлийг хийж таарах байх.
Нийлж байгаад эмэгтэй засаг дарга гаргаж болдоггүй юм уу гэсэн. Засаг захиргааны нэгж, сонгуулийн тухай хуулиараа аймгийн иргэдийн хурал энэ асуудлыг өөрсдөө шийддэг. Аймгийн иргэдийн хурал дээр сонгуулийн хуулиар 20%-ийн квот байдаг. Яг л бидэнтэй адилхан аймгийн 40 гаруй төлөөлөгчөөс 10 хүрэхгүй нь эмэгтэйчүүд байдаг. Манай намын хорооны дарга, дэд даргаар маш олон эмэгтэй ажилладаг ч засаг даргаар тавьдаггүй. Би нам дотор энэ асуудал дээр их шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ аймгийн иргэдийн хурлын даргаар эмэгтэй хүн ажиллаж байгаа. Тэргүүлэгчид мэдээж зөндөө байгаа.
Ц.Оюунгэрэл эгч ерөнхийлөгчид нэр дэвшихээр зарласан нь эмэгтэйчүүдийн хувьд том прогресс болж байна. Орон нутгийн сонгуульд квотгүй байхад сумын төвшинд эмэгтэйчүүд эсрэгээрээ УИХ-аас илүү нэр дэвшиж гарсан. Тэгэхээр хөрсөн дээрээ бол бараг л дэвшсэн эмэгтэй болгоныг гаргаж байсан. Тэгэхээр эмэгтэйчүүдийн дэмжлэг байна гэж хэлмээр байна.
Ц.Оюунгэрэл: Монголыг юу муухай харагдуулдаг вэ гэж асуусан. Биднийг төлбөрийн чадвараасаа хэтэрсэн үрэлгэн зан муухай харагдуулдаг. Бид нарт туслах гээд ядаад байгаа орнууд өөрийнхөө ард түмний татвараас хумслан, хасан байж бидэнд илүүчилдэг. Гэтэл наад захын боловсролдоо зарцуулах ёстой мөнгөөрөө бид тансаглаад байгаа харагддаг. Хоёрт, бид хэзээ ч, хэнтэй ч гэрээ хэлэлцээ хийсэн, гарынхаа үсгийг зурсан л бол гэрээгээ хүндэтгэж, хэлсэндээ хүрдэг, амласнаа биелүүлдэг улс болох хэрэгтэй. Өнөөдөр гарын үсэг зурчихаад, маргааш гарын үсэг зурсан хүнээ шоронд хийдэг. Тэгээд дахиад гарын үсэг зурна гэдэг. Энэ бүхэн биднийг хамгийн найдваргүй, тогтворгүй, ойлгомжгүй, хаашаа явах гээд байгаагаа мэдэхгүй орон болгож харагдуулдаг. Тэгэхээр бид ард түмэндээ ч, олон улсад ч амласан зүйлээ биелүүлдэг байх хэрэгтэй байна. Үнэнч шударга хүн гэдэг шиг үнэнч шударга улс болох ёстой. Ингээд ирэхээр хүмүүс юу амлахаа боддог болж эхлэнэ. Худлаа ярихаа болино. Одоо тэртээ тэргүй амласнаа хэзээ ч биелүүлдэггүй юм чинь юу ч амласан яах вэ гэсэн хандлага явдаг.
Эмэгтэйчүүд маань нийлээд эрх барьж болдоггүй юм уу гэсэн. Болно шүү дээ. Болгохын тулд би зориглон нэрээ гаргаад байна. Одоо ерөнхийлөгчийн сонгууль дээр болдог юмаа гэдгийг туршаад үзэж болно. Хамгийн сонирхолтой нь би улс төрд юу ч бодохгүй орсон. Айж ч амжаагүй. Юу руу орж байгаагаа бодож ч амжаагүй. 26 настайдаа ажлаа тараад гэр рүүгээ явж байсан чинь манай багш тагтан дээрээ тамхи татаад зогсож таарсан. Намайг хараад ороод ирээч гээд хотоос ирсэн нам байгуулах хүмүүстэй танилцуулсан. Тэд манай багшийг аймгийн намын дарга болооч гэж гуйсан байсан. Багш үгүй ээ гэсэн ч хотоос ирсэн найз нартаа үгүй гэж хэлж чадахгүй тамхиа татаад зогсож байхад нь би таарсан хэрэг. Манай шавь, онц сурлагатай гэж намайг танилцуулаад багшийн тагтан доогуур яваад 30 минутын дараа би намын гишүүн ч болохгүйгээр шууд Хөвсгөл аймгийнхаа намын дарга болчихсон. Үүний дараа ажлаасаа гараад ганцхан цагийн дараа Мөрөнгийн телевизээр ярилцлага өгөөд сууж байлаа. За та ингээд аймгийн намын хорооны дарга боллоо. Юу хийе гэж бодож байна гэсэн асуултанд хамгийн инээдтэй нь би юугаа ч бодохгүй, мэдэхгүй засгийн эрхэнд гарна гэж хариулж байсан. Ямар засгийн эрх, яаж гарах юм бүү мэд. Заяаны хань зам дээр гэдэг шиг улс төр миний зам дээр байсан.
Одоо залуучуудыг улс төрд ороход, ялангуяа эмэгтэйчүүдэд саад болж байгаа хамгийн том зүйл бол ерөөсөө л санхүүжилт, намын санхүүжилтийн буруу тогтолцоо. Энэ тогтолцоог нурааж чадах юм бол маш олон залуучууд улс төрд ороход бэлэн байгаа.
Б.Баярсайхан: Олон индексээр Монгол Улсыг гадаад орчинд тодорхойлж байдаг. Зарим индекс үнэндээ гутармаар харагддаг. Гэхдээ энэ дээр би өөдрөг юм яримаар байна. Good Country гээд индекс байдаг. Энэ индексийн нэг шалгуур нь танай улс дэлхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ гэдгээр нь тодорхойлдог. Энэ шалгуураар бид 200 орноос гуравт бичигдсэн. Энэ бол НҮБ-ын цэнхэр дуулгатнууд буюу дэлхийн энхийг сахиулах үйлсэд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр юм. Мөн үндэсний хэл, соёлоо авч яваа гэдэг шалгуураар дэлхийн 200 улсаас 65-д жагссан байсан. Ц.Оюунгэрэл эгчийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд улс орон итгэлтэй байхаас гадна бид амласан тойргийнхоо хүмүүст яг тэр амлалтаа биелүүлдэг байх ёстой. Улстөрч хүний наад захын чадвар итгэл даах байх ёстой.
Улс төрд орох амархан уу? Үүнийг би анх сонсоод улс төрийн намд гишүүнээр орох амархан уу гэж ойлгосон. Тэр утгаар нь тайлбарвал маш амархан. МАН-ын хувьд гишүүн болох гээд очсон хүн бүрд хаалга үүд нь үргэлж нээлттэй. Ялангуяа залуучуудад. Харин улс төрд орох шийдвэр гаргах ямар байсан бэ гэвэл өөр. Би хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан. Хувийн болон олон улсын байгууллагад ч ажиллаж байсан. Энэ хооронд улс төрийн намуудаас саналууд ирж байсан. Итгэл үнэмшлээ өгөөд би сонголтоо хийсэн. Өнөөдөр бодоход саад гээд хэлэх юм надад алга. Санхүүгийн асуудал ярьж байна. МАН гишүүнээр орж байгаа хүмүүст ийм санхүүгийн асуудал ерөөсөө тавьдаггүй. Бага хурлын гишүүн болбол жилд төлөх төр татвараа төлөөд л явна. Өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн бэрхшээл, санхүүгийн дарамтыг МАН огт үзүүлээгүй. За ганц саад нь юу вэ гэвэл эмэгтэй хүн байгаа нь юм даа.
Сонгогдсон тойрог Завхан аймаг руу 1000 километр давхиад ирэхэд асуудал алга. Эрэгтэй улстөрчдөөс дутаад байх юм алга. Бид өнөөдөр жендэрийн асуудал ярьж байна. Эмэгтэйчүүдийн гаргаж байгаа эрчүүдтэй яг адилхан алдааг нийгэм 10 дахин тод хардаг. Эрэгтэй хүн тэр алдааг гаргах юм болбол эр нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз гэж ярьдаг. Нийгмийн ачааны хамаг хүндийг эмэгтэйчүүд үүрч, эрүүл мэндийн салбар, төрийн алба, бизнест адилхан зүтгэж байхад яг шийдвэр гаргах түвшинд ороход ямаан толгой юунд гардаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж хэлдэг. Иймэрхүү уламжилсан гэх юм уу, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үзэгдэл байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ би илүү өөдрөг харахыг хүсдэг. Шийдвэр гаргаж намын гишүүн болоход аль ч намын үүд хаалга нээлттэй байгаа. байх. Гэхдээ эмэгтэй хүний хувьд тэр туулах зам буюу өөрийнхөө хүсэл мөрөөдөл, улс төрийн карьертаа хүрэх зам маш их бартаа саадтай байдаг юм байна аа гэдгийг мэдрээд явж байна. Үүнээс ухрах юм бол улстөрч болсны хэрэг байхгүй.
Эмэгтэй засаг дарга яагаад байхгүй байгаа юм бэ гэж байна. Би энэнтэй санал нэг байна. Завхан аймагт олон эмэгтэйчүүд нэр дэвшсэн. Сонгуулиар Завхан аймгийг хоёр удаа тойрсон. Ингээд явж байхдаа би улс төрд орж ирж байгаа эмэгтэй нэр дэвшигчдээ их зоригжуулсан. Сонгогчидтой хийдэг уулзалт дээрээ эмэгтэйчүүдээ гаргаж ирж байгаад эмэгтэй хүн ямар их том бартаа замыг туулж байж энэ шийдвэрийг гаргаад ингээд явдаг гэдгийг ойлгуулсан. Би дөрвөн хүүхэдтэй. Үндэсний статистикийн хорооны 2019 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд, эрчүүдийн ажилладаг цагийг тодорхойлсон. Адилхан найман цаг ажиллаад ирдэг гэвэл дөрвөн хүүхэдтэй эмэгтэй өөрийн карьераас найман жилээр хойшоо ухардаг. Хоёрт, өдөр болгон эрчүүдээс 273 минут илүү ажилладаг. Тэр нь хоол хийх, хүүхдээ асрах, гэр орноо цэвэрлэх гэх мэт эмэгтэйчүүд өдөр бүр 8 биш 12, 13 цаг ажилладаг. Энэ бүхнийг орхиод улс төрд одоо орох ямар хэцүү гэдгийг сонгогчдод ойлгуулахыг оролдсон.
Ц.Оюунгэрэл маань нэрээ дэвшүүлээд зоригтой гараад ирэхэд олон хүнд урам өгч байгаа. Үүнтэй адилхан намайг сонгогдоод гараад ирэхэд МАН-ын ялангуяа залуу эмэгтэйчүүд урам зоригтой авснаа илэрхийлж байсан. МАН-ын нийт гишүүдийн 56% нь эмэгтэй гишүүд. Эмэгтэй удирдагч, эмэгтэй улс төрч байгаа газар орчин нь илүү цэвэр байдаг гэдэгт би итгэдэг. Эмэгтэйчүүд авилгаас илүү хол байдаг. Ээж хүний гэр бүлдээ зориулдаг нандин чанаруудыг улс төрд гаргадаг. Жишээ нь, эрүүл мэнд, нийгэм, хамгийн эмзэг асуудлууд дээр очиж шийдвэр гаргаж байдаг. Жишээлбэл, эрчүүд эдийн засгаа яриад, эмэгтэйчүүд хөнгөн сэдэв яриад байна гэж ярьдаг. Яагаад эрүүл мэнд хөнгөн сэдэв гэж? Яагаад хүүхэд хамгаалал хөнгөн сэдэв гэж? Яагаад хүний эрх хөнгөн сэдэв юм бэ? Эдгээр чинь хамгийн чухал сэдэв. Хэрвээ улс орныг нэг гэр бүл гэж харах юм болбол эмэгтэй хүн тэр дотроо нөхөртөө нэг хэлэхгүй, хүүхдүүддээ гэж хэлэхгүй хамгийн нандин зохицуулалт харилцаануудыг хийж, тэр нь дандаа гэр бүлийн сайн сайхны төлөө байдаг. Тэгэхлээр улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд үнэхээр олноороо орж ирэх ёстой юм аа. Нэмээд эмэгтэйчүүд илүү зүтгүүр, тууштай байдаг.
С.Одонтуяа: Ойлгосон уу, Ганзориг оо?
В.Ганзориг: Би нэмж хэдэн асуулт асууж гэж байснаа болилоо (Инээлдэв).
Ц.Оюунгэрэл: Дэлхий дээр эмэгтэй хүн ерөнхий сайд, ерөнхийлөгч нь байсан 79 орон байдаг юм байна лээ. Манай урд хөрш ч гэсэн энэ жагсаалтанд ордог. Маог нас барсны дараа нэг хэсэг эхнэр нь төр барьж байсан. Тэгэхээр энэ хавьдаа бараг Монголоос бусад газар энэ жагсаалтанд орсон бололтой. Эмэгтэйчүүдэд итгэх дэлхий нийтийн итгэл ийм өндөр байсан бөгөөд байсаар ч байгаа юм байна. Нөгөө талаар энэ ковидын үеэр удирдах түвшиндээ эмэгтэйчүүдтэй орон асуудлыг арай өөрөөр шийдэж байгааг ярьж байна. Ерөөсөө яг айл гэрийн ээж нь хүүхдүүддээ тайлбарлаж өгч байгаа юм шиг олон нийттэй харилцах харилцаа нь эрс өөр байгааг хэлж байна. Би ч гэсэн тэрэн дээр Д.Сарангэрэл сайдыг магтмаар байна. Яагаад гэвэл дөнгөж дэлхий нийтэд ковид тарж эхэлж байхад Эрүүл мэндийн сайд эмэгтэй хүн байж таарсан. Иргэдтэйгээ өдөр тутмын харилцаатай байсан. Бид тэр харилцаанд нь дасаад, бараг Эрүүл мэндийн яамны мессеж ирэхгүй үед хаягдсан юм шиг мэдрэмж төрдөг байв. Тэгж бид нартай харилцсан хүн. Тэгэхээр эмэгтэй хүний менежмент их өөр байдаг гэдэг нь Д.Сарангэрэл сайдаас харагдсан. Мөн бусад орны эмэгтэй удирдагчдаас харагдсан. Тухайлбал, Шинэ Зеланд, Тайвань, Герман гэх мэт. Эмэгтэйчүүд удирдаж байгаа газар айдас, түгшүүр, замбараагүй байдал бараг байхгүй, тэгж сайн менежмент хийсэн байна гэж үзэж байгаа.
Эрэгтэй удирдагчтай газруудад давалгаатай, нэг унаад алга болсноо гэнэт их сэргэж босож ирээд л, тогтвортой биш харилцаатай байсан байдаг. Тэгэхээр энэ ковидын үед, ялангуяа хямралын удирдлагын үед буюу хямралын дараа эмэгтэйчүүдийн үүрэг эрс нэмэгдэх нь ээ. Эмэгтэйчүүд менежментийн өндөр түвшинд гарч ирж байж ковидын дараах эдийн засаг хурдан босно гэдэг дүр төрх харагдаж эхэлж байна гэж яригдаж байна.
В.Ганзориг: Та хэдийн яриаг сонсоод байсан чинь бүр эхнэрээ саначихлаа байна (Инээлдэв).
С.Одонтуяа: Эрчүүдээ муулахгүйгээр эмэгтэйчүүдээ яаж магтах вэ гэж бодоод байна. Эрчүүд маань алсын онч хараатай байдаг бол эмэгтэйчүүд хараандаа хол, ойрын бүх зүйлийг зэрэг байлгах чадвартай. Ковидын үед эмэгтэй дарга нар ажилгүйдэл, эрүүл мэнд гээд бүх юмыг тэнцвэртэй байлгасан байна шүү дээ. Эрчүүд маань яах вэ, бүдүүн бараг шүү дээ. Өвдөхгүй л байвал болоо гээд яваад байдаг. Тэр хооронд нь эдийн засаг нь унаж байдаг ч юм уу. Ер нь эмэгтэйчүүд дарга болох гээд байгаадаа биш нийгмийн шаардлага гарч ирж байна. Өмнө нь хүнд үйлдвэрлэл, капиталын хуримтлал гэж ярьдаг байсан бол одоо хүний хөгжлийн эрин үе ирсэн. Улс орнуудын байшин баялагийг харахаас илүү иргэд нь эрүүл, боловсролтой байна уу, хүний эрх нь хангагдаж уу, байгаль орчны тэнцвэртэй байдал байна уу гэдгийг хардаг хэмжүүртэй болсон. Энэ хэмжүүрт эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал.
Бид гадныханд муухай харагдаж байна уу гэдэг асуулт. Энэ бол угаасаа хэмждэг хэмжигдэхүүнтэй. Сайхан өрөө дарчихлаа гэсэн чинь өнөөдөр Дэлхийн банк Монголчуудын өр тэд дахин нэмэгдсэн гээд ярьж байна. Монголчууд алсын хараатай мундаг гээд өөрсдийгөө ярьдаг гэтэл авлигын индексээр 180 орноос 106-д жагсаж байна. Хүний хөгжлийн индексээр 99-д орчихсон ухраад яваад байна. Бид хичнээн сайхан ярьсан ч хүний хөгжлийг хэмждэг ухагдахуун дэлхий дээр бэлэн байгаа. Тийм учраас эдгээр асуудлууд дээр хэцүү муухай харагдаж байна аа. За тэгээд хар, саарал жагсаалтад орлоо. Гадаадынхан нэг юмыг ойлгодоггүй. Танайх мөнгөгүй гэдэг атлаа ямар үрэлгэн төсөвтэй юм бэ гэдэг. Сая би төсөв харахад аймшгийн үрэлгэн байна. Ковид гарчихаад байхад тэнд байшин барих төсөвтэй байхаар гаднынхан ойлгодоггүй. Вакцины төсөв нь байхгүй ч юм уу. Ийм зүйлээс болж нэлээд ичдэг. Үүнийг засах ёстой.
Энэ бүхнийг засахаар УИХ-аас олон ажлын хэсгүүд бол гаргаад ажиллаж байгаа. Гадаадын жуулчид ирэхэд манай улсын байгаль экологи, хүмүүс, зочломтгой зан бүгд сайхан байдаг. Ганцхан гутаадаг юм бол жорлон. Энийг одоо өөрчилье өө гээд зориг гаргаад Ц.Оюунгэрэл ажиллаж байна. Монгол эмэгтэйчүүд мундаг. Компанийн захирлаас авахуулаад хэчнээн өрх толгойлсон ээж байдаг, тэд яаж амьдардаг юм бол? Улсаас тусламж авдаг уу, яаж амьдардаг юм, танай хүүхнүүд мундаг шүү дээ гээд бахархаж гаднынхан зөндөө ярьдаг. Эмэгтэй улстөрчид, эмэгтэй удирдлага ажил голдоггүй. Ц.Оюунгэрэл өмнө нь Засгийн газрын гишүүн байсан хүн. Сайд байсан хүн одоо хамгийн хүнд буюу жорлонгийн тухай төсөл амжилттай хийгээд явж байна. Манай улстөрчдийг урт хугацааны стратеги байдаггүй, нэг дарга солигдохоор бүх юм өөрчлөгддөг гэдэгт гадныхан их дургүй байдаг.
В.Ганзориг: Тогтворгүй байдал нь угаасаа Монголын хамгийн тогтвортой юм нь гэсэн шүү.
Х.Булгантуяа: Манай эмэгтэйчүүд ярьсаар байгаад жорлонгийн асуудлыг боловсролын салбарт орон нутгийн бүх төвшинд шийдэхээр болсон. Сургууль, цэцэрлэг, дотуур байр гээд. Энэ мэтээр ахиц дэвшил гарч байгаа.
С.Одонтуяа: Өмнөх парламентын үед эмэгтэйчүүд нам харгалзахгүй маш их уулздаг байсан. Өөрөөр хэлбэл, бид идэвхтэй байж асуудлуудыг хурдан шийдэж байж дараагийн эмэгтэйчүүд гарч ирнэ гэдэг ойлголттой байсан. Тиймээс хамгийн олон жил яваад батлагддаггүй байсан хуулиудыг бариад ажилласан. Гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль гэх мэт. Одоо бид улс орны хөгжлийг гацаагаад байгаа улс төрийн нам, сонгууль, улс төрийн намын санхүүжилтийн хууль, гэр бүлийн болон хөдөлмөрийн гол хуулиуд дээр анхаараад ажиллаж байна.
Үүний дараа маш олон залуучууд, эмэгтэйчүүд улс төрд, УИХ-д орж ирэхэд үзэл баримтлал, үзэл санаагаараа ялдаг тийм нийгмийг л бий болгохыг хүсээд байгаа юм. Мөнгөтэй нь биш! Өнөөдөр маш сайхан залуу үе бойжиж байна. Тэгэхээр энэ бүх боломжийг нээж өгөхийн төлөө бид ажиллаж байна. Ковид дэлхийн улс орнуудыг шал өөр хөгжил рүү хөтөлж байна. Тиймээс манай эмэгтэйчүүдийн оролцоо улам өндөр болно оо.
В.Ганзориг: Сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа!