Цахиур
Өвлийн жавар тачигнасан нэг орой бүрэнхий болж байтал Хашаат сумын баруун хоолойгоос олон хүн дуулалдах авиа бүдэгхэн сонсогдлоо. Тэр балранхай авиа наашлан тодорсоор сүүлдээ "Аваргуу Чойбалсангаа төрүүлсэн ачит эх Хорлоогоо" гэж хоолой нийлүүлэн хадаасаар ойртож ирлээ. "Хөхөө өвлөөр юун олон согтуу найрчид вэ?" гэж найранд хорхойтой хашаатынхан сээхэлзэж соохолзов. Анхдуу аялах авиа үл мэдэг гарсан яг тэр газар нь Адармаг хэмээх хүн тавьдаг ухаа байдаг бөгөөд тэр нутгийн хүүхдүүд "Адармаг аягүй олон чөтгөр шулмастай" гэж дотуур байранд унтахынхаа өмнө лааны бүдэг гэрэлд сайрхах, аль эсвэл нутгаараа бахархах гэсэн санаагаар томоогүйтэн хуучилж, нэгдүгээр ангийн бидний нойрыг хульжааж, шөнө хар дарсан зүүдэндээ зарим хүүхэд орилж бархирдаг сан.
Дотуур байранд суудаг хүүхдүүд, тэр дундаа, ялангуяа нэгдүгээр ангийн аав ээжийгээ санаж хэвлэн болж шаналсан бид хэд майжиг цагаан байшингийнхаа гадаа үүдэнд "Адармагийн чөтгөр шуламсууд маршал Чойбалсанг дуулсаар ирлээ" гэж шуугилдаж, айсандаа ханьсан бөөгнөрөв. "Одоо яана аа. Буг чөтгөр байхгүй гэж бидэнд заадаг багш нар дуу дуулсан чөтгөрүүдийг биеэр нь үзээд юу гэх бол. Захирал багшаас өгсүүлээд багш нар бүгд чөтгөрүүдээс айж, яаж зугтааж, орилолдож байх бол. Сүрмаа багш хоёр том хөхөө сэрэлзүүлэн, яаж сормогонон харайлгаж байх бол. Багш нар муусайн шаарнууд сурагч биднийгээ чөтгөрүүдээс хамгаалахгүй дээ" гэсэн шүү хорон бодол миний балчир тархинд харваад би дээд ангийн арай өсгөлүүн нэгнийг бараадаж, бөөгнөрсөн хүүхдүүдийн яг гол дунд орж чөтгөрүүдээс биеэ хамгаалав.
Дуу улам дөхсөөр. Хөгжим ч уянгалж байна. Бас болоогүй хөгжимддөг чөтгөрүүд болтой. Ер нь гоё дуулж, гоё хөгжимддөг буг чөтгөрүүд айсуй нь тодорлоо. Чөтгөрөөс айх гайхах зэрэгцсэн миний зүрх хүчтэй түг түг цохилж байсан хэдий ч буг чөтгөрийн эзгүй хээр эгшиглүүлсэн аялгуунд автаж, нэг мэдэхнээ сэтгэл минь тийшээ бүр татагдаж орхижээ. Дуу хөгжмийн хүч агуу аж. Чөтгөрүүдийн дуун дундаас нэг янзын гоё хоолойтой шулмас бусдаас гоцлон "Ша-аа-ар аа хадны маань энгэрт нь ээ хөө хөө, ша-аа-ар аа солонго нь татаад байна аа хөө, ша-аа-ар аа уургаа ши-ии-мүүлсэ-ээ-эн ижийгээ бодохлоор дэн дун аа хөө" гэж уянгалуулан дуулах нь бүр сэтгэл эзэмдээд ээжийгээ санасан намайг золтой л уйлуулчихсангүй.
Тэгтэл сургуулийн хашааны баруун талаас хав харанхуйн дунд дөв дөрвөлжлөн жагссан явган чөтгөр шулмууд эр эм хоолойгоор хоршин дуулсаар цас шир шир хийлгэн яралзтал алхлан улаан булангийн үүдэнд ирлээ. Сургуулийн хашаанд багш галч нарын хэдэн гэр байх. Захирал багш тэргүүтэй багш нар тэднийг гайхсаар угтав. Хөгжимтэй дуучид маань Адармагийн чөтгөр шулмас ч биш, зэргэлдээх Лүн сумын сайн дурын уран сайханчид манай суманд тоглолтоор мааршилж ирсэн нь тэр юмсанжээ.
Нэг хэсэгтээ сумын төв анир авиагүй болов. Бодвол өртөө шахам газар явган таваргаж ирсэн хөөрхий уран сайханчид шороо тоосоо гүвж, багш галч нарынхаар тарж, аяга хоол олж идсэнхэрэг. Сайн дурын уран сайханчид гэж олон түмнийг урлагаар баясуулахын төлөө сайхан сэтгэлээр бие хайргүй зүтгэж явдаг улс билээ. Тэднийг хөнгөн хөвсгөр гэж хэлээ билүүдэх хүмүүст би хэзээний дургүй. Дотуур байрны хүүхдүүд өнөө үдэш чухам юу болдог бол гэж зүрх сэтгэл нь жигтэйхэн догдолж, байх суух газраа олохгүй үелзэв.
Чингэтэл пад харанхуй сумын төвд гэнэт ямаан бүрээ янхийж, байрны хүүхдүүд дэрхийв. Улаан буланд зөндөөн лаа зэрэг зэрэг барьчихсан нь өдөр шиг болчихлоо гэж хүүхдүүд хөөрч хашгиралдав. Надад ч тийм өдөр шиг санагдсангүй. Гэхдээ үргэлж ганц лааны бүүдгэр гэгээ олноороо бараадаж, гэрийн даалгавраа хийх гэж толгойтой үсээ үе үе шархийтэл хуйхлан мунгинаж суудаг бидэнд нэгэн зэрэг асаасан олон лааны гэрэл өөр орчлонд очсон мэт янзтай сайхан байв. Миний хөл хөнгөрөөд сэтгэлд ямар нэгэн дэв шүгэлчихжээ. Байрны хүүхдүүд энэ үдэш гадаа харанхуйд чарлалдан бие биеийг ямар ч зорилгогүй элдэж ноцолдож гарав. Маний багад сайн дурын уран сайханчид том бага хүмүүсийг ингэж догдлуулдаг золбоотой улс байсан юм.
Төдөлгүй сумын төвийнхөн улаан буланд пиг дүүрэв. Дарга нарын авгайчууд уруулаа час улаанаар будаад жигтэйхэн гоёчихож. Улаан булангийн тайз ерөнхийдөө их намхан. Сургуулийн гал тогооноос бидний сууж хоол иддэг урт урт модон сандайлгуудыг биднээр зөөлгөж, улаан булангийн намхан тайзны яг урдуур хоёр гурван эгнээ болгон өрөөд тэрэн дээгүүрээ дарга нарыг авгайчуултай нь залав. Улаан буланд өөр сандалгүй тул юм үзэхээр пиг дүүрсэн том хүмүүс дарга нарын араар зогсоогоороо хэд давхарлан шавааралдаж, биднийг юм үзэхийн аргагүй таглачихлаа.
Хүүхэд бидэнд хүмүүсийн дундуур зүсэх сиймхий олдсонгүй. Босоогоороо чихчилдсэн томчуулын ард ялимгүй зай үлдсэн боловч тэндээс бидэнд улаан булангийн адраас өөр юу ч үзэгдсэнгүй. Том том улаан таван хушуутай эрээн хөшиг цаанаасаа төмбөлзөхөд удахгүй бидний өмнө гарч ирж дуулах жүжигчид хөшигний араар явж байна гэж бид бие биендээ сайрхана. Хөшигний завсраар чамин гоё хувцастай уран сайханч гялсхийн шагайх нь бидэнд их олз байв. Мөн хөшигний цаана хөгжмийн ганц нэгхэн утас янз бүрээр жингэнэх нь гоёхон. Би амьдралдаа хөгжим гэдэг юмыг огт үзээгүй болохоор энэ нь ямар гоё сонсогдсон гээч. Цээжин дотор нэг их сайхан, тэгсэн мөртлөө намуухан аялгуу цорголоод ирсэн. 1950 онд радио нэвтрүүлэг гэрэл чийдэн хөдөөд байгаагүй цаг гээд бодчих!
Хөшиг нээгдлээ. Хөшигний дээд сэжүүр бидэнд харагдаж буй учраас бид цөмөөрөө "Хөшиг нээгдлээ" гэж хашгиралдсан юм. Хөшиг нээгдмэгц томчууд бидний урд улам чигжээд бид шохоорхол татсан тайзнаас бүрэн мөсөн тусгаарлагдав. Дараа нь хөгжим эгшиглэж, эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан ярилцаж буй мэт дуулалдаад эхэлсэн. Зүгээр л ярьчихгүй, дуулж ярих нь их түвэгтэй санагдав. Нүдэнд харагдах юм даанч алга. Хөгжмийн аянд дуулаад л байлаа. Их удаан дуулалдсан. Сүүлдээ бөөн бөөн азарган нэхий дээлтэй хүмүүс учиргүй ихээр халууцаж, улаан буланд байхын аргагүй эвгүй үнэр ханхлав. Бид ч сайхан хөгжим дуунд анх татагдсаныгаа бодвол тэгсгээд уйдах шинжтэй боллоо.
Хамгийн харамсалтай нь тайзан дээр юу болж буйг урд зогссон олон томчууд халхлачихаад бидний нүдэнд юу ч үл үзэгдэнэ. Тийм болохоор уйдахаас ч биш өөр яалтай. Миний ой тойнд "Ижил хоёр шувуу шиг ижилдээд хоёулаа сууяа" гэсэн үг л үлдэв. Харсан юм гэвэл тайзны нээлттэй хөшигний цаана тайзны голд бас нэг хөшиг давхарлан татсан агаад тэр хөшиг дундаа цонх шиг дөрвөлжин нүхтэй, тэр нүхээр нэг эхнэр дээлтэй хөөрхөн хүүхэн "Алтан торонд суув чиг амарч ердөө чадсангүй" гэж дуулаад уйлж буйг би томчуудын суган доогуур гялс хараад алдсан юм. Үзэж сонссон юм гэвэл ердөө л энэ хоёр. Алтан торонд суугаад уйлж буй хачин хөөрхөн хүүхнийг өрөвдөх сэтгэл надаас салахгүй, би томчуулын ард үлдсэн бяцхан зайнд бодлогоширч ийш тийш алхлав. Тэгэхдээ тэр цонх шиг дөрвөлжин нүхтэй хөшиг манай Хашаатынх биш Лүнгийн хөшиг хэмээн тааж, тэр том хөшгийг хаа холын Лүнгээс явган үүрч ирэхэд их хүнд байгаа даа гэж бодсноор нөгөө алтан торонд суусан хөөрхий бүсгүйг мартаж орхижээ. Ерөнхийдөө дуу хуур цааш маш их сунжирлаа. Яасан урт дуу вэ гэж би ядарсандаа залхав. Хүүхдүүд юу ч харж чадахгүй байсан болохоор сүүлдээ томчуудын ард үлдсэн хөөрхөн зайндаа барилдаж гарлаа. Дуу хууранд амь тавьсан томчуулд биднийг загнах сөгөө байсангүй.
Эцэст нь би юугаар зугаацахаа мэдэхээ болилоо. Тэгээд цааш харж дуу хуурт автсан томчуудын ар нуруу, бүсэлсэн бүсийг маажиж малтаж гарав. Тэгтэл миний сонирхлыг Омбоо хэмээх өвгөний хэт хутга татлаа. Омбоо өвгөн Гүрсэд багшийн аав бөгөөд хань бүлгүй ганц бие багш хүүгийнхээ гал тогоог барьж, сургуулийн хашаанд хөөрхөн бөмбөө шиг жижигхэн гэрт өвөлжиж буй өвгөн. Би Омбоо гуайн хэт хутгыг тухтайхан судаллаа. Урт мөнгөн уяа хоёр байна. Нэг уяа нь хутганд нөгөө нь хэтэнд холбоотой ажээ. Маш нарийн хийцтэй бэлний хоёр хэсэг хоорондоо нугастай юм. Нугасыг нь би баахан ганхуулав. Омбоо өвгөнд ажиг авах шинж огт алга. Тэр өвгөн үрчгэр хар нүүрнийхээ хамаг хөлсийг цувруулан уран сайханчдын тоглолтыг гөлөрчээ. Өвгөний хутганд хоёр ясан савх байна. Хоёуланг сугалж үзлээ. Савхнууд нь өрөөсөн үзүүртээ мөнгөн бөгжтэй юм. Савхнуудыгхуйнд нь буцааж шургуулаад эрээн иштэй хутгыгхуйнаас нь сугалах гэсэн нь хүч хүрсэнгүй. Тэгээд ч хүчтэй чангааж болохгүй байв. Яагаад гэвэл өвгөнийг мэдчихэж магадгүй гэж айв. Өвгөн хэрэв мэдчихвэл "Чи хүний хутга хулгайлж, хэнийг алах гээв?" гэвэл баларлаа гэсэн үг. Би хутгыг шохоорхож ханаад хэт рүү нь давшлаа. Хэтэнд үзээд байх юм алга. Бөөрний нь түгжээг мултлан хэтний дотор хуруугаа шургуулбал ганцхан том цахиур, гал унгасдаг уул хэмээх хэсэг өвсөрхүү юм л байв. Тайзан дээр эр эм хүмүүс дуулсаар л ажээ.
Чингэтэл буун дуу тас тас хийж, төмөр сэлмүүд жингэнэн харшилдлаа. Юу гээч нь мандав аа гээд ихээхэн сонирхсон авч надад даанч юу ч харагдсангүй. Хичнээн зүтгэлээд би амжилт олсонгүй. Тайзан дээр болж өнгөрсөн айхтар сонин юмыг харж чадаагүйдээ би бухимдаж, байж ядав. Нэг үгээр хэлэхэд өширхөж хонзгоносон би ямар ч тодорхой зорилгогүйгээр хий өжүүрхсэндээ Омбоо гуайн ганц том цахиурыг аваад өвөртөлчихлөө. Сэтгэлийн мухарт "Би ингээд хулгай хийчихлээ гэж үү" гэсэн эвгүй сэжиг төрсөн боловч цахиурыг Омбоо өвгөний хэтэнд буцааж хийсэнгүй. Тэр муу цахиур чулууны хэрэг надад огт байсангүй. Хачин юм шүү.
Шөнө орондоо орохдоо нөгөө цахиураа дэрэн дороо хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад нуучихав. Шөнө дунд өнгөрлөө. Нойр огт хүрдэггүй. Нөгөө хулгайлсан цахиураа яах вэ. Маргааш гадаа хаячих уу. Тэгье, тэгвэл сэтгэлийн тээгнээсээ сална гэж бодлоо. Гэтэл цаана нь өөр бодол толгойд орж ирэв. Би өөрөө хэрэглэхгүй мөртлөө тэр цахиурыг албаар хээр хаяж, зүв зүгээр явсан Омбоо өвгөнийг цахиургүй болгож, хохироох нь амьдын хар нүгэл биз дээ гээд дахин шаналав. Би хулгай хийсэн! Хулгай хийсэн хүн тамд унадаг гэж ээж захьсан. Би одоо зүгээр хүүхэд биш хулгайч хүүхэд. Миний хулгайч болох нь миний нүдний харцанд бичээстэй байгаа. Хүүхдүүд миний нүдийг хараад энэ бол яг хулгайч хүүхэд байна гэж танина. Дэрэн дор нэг л их том хар нүгэл! Тэр том хар нүгэл ээж ааваасаа хол яваа намайг гайтуулах гэж ёрлоод унтуулдаггүй. Би өөрийн хулгайч гарнаас сэжиглээд ер тайвширдаггүй. Бодож бодож, ямартай ч гэсэн Омбоо гуайн цахиурыг хээр хаях нь буруу гэж шийдлээ. Гэвч тэгс хийгээд хээр хаячих нь зөв ч юм шиг бас эргэлзэв. Омбоо гуай цахиураа өөрөө гээчихлээ л гэж бодно биз. Намайг авсан гэж зүүдлэх ч үгүй. Ингээд хулгай хийсэн намайг орчлон дээр хэн ч мэдэхгүй өнгөрнө. Тэгээд л гүйцээ юм биш үү. Үгүй ээ тийм заль гаргавал нүгэл нь бүр ихсэнэ. Хөөрхий Омбоо өвгөнийг би бага ч гэсэн хоролчихлоо шүү дээ. Адгийн шаар л гэмгүй хүнийг хорлодог. Би тэгж зүрхлэхгүй. Би өөрийгөө тэгж бузарлахгүй. Би тэгжтэнэглэхгүй. Энэ муу цахиурын хулгайнаас би гайтаад миний үйлс насан турш бүтэхгүй, зовлонгийн аль мууг үүрч, бас тэгээд дээр нь ойртсон хавьтсандаа үргэлж гай тотгор тарьдаг, тийм бузар хүн болчихвол би яана аа. Хулгай хийвэл тийм хүн болдог гэж ээж захьсан!
Иймэрхүү юм тунгаасаар үүр цайлгав. Өглөө гадаа гарч нөгөө цахиураа сайн үзвэл олон гоё өнгийн судалтай ер бус алаг цахиур “шаачихжээ”. Гоё цахиур үзээд би бондгосхийн цочив. Айдас улам нэмэгдлээ. Омбоо өвгөн нандин шүтээн-алаг цахиурандаа харамсаад үхнэ биз. Цахиур гартааман хөөрөг мэт солонгорсон судалтай учраас нүгэл нь бүр ч хүндэрнэ. Хулгайны гоё цахиураа яах эсэхээ мэдэхгүй хэд хонолоо. Нөгөө үнэтэй цахиур өвөрт яваад байдаг. Хамгийн гол нь гээж болохгүй гээд үргэлж түүнийг тэмтэрч явдаг ажил үүрэгтэй болов. Орой харуй бүрий болохын хэрд миний гэдэс өлсдөг жамаараа өлсөж, бисургуулийн хашаан доторх хэдэн гэрийн салхин доогуур аль айлаас хоолны үнэр үнэртэж байна гээд шиншилж явтал Омбоо гуайн гэрээс жигтэйхэн сайхан хоолны үнэр ханх тавих нь тэр. Хайртай цахиурыг нь хусчихсандаа би банатаад орж хоолыг нь "буудаж" зүрхэлсэнгүй. Дотуур байранд байхад гэдэс өлсөнө гэдэг даанч хэцүү. Би хэсэг шүд зууж тэвчсэнээ ерөөсөө дүүрсэн хэрэг гээд Омбоо гуайнд орж явчихав.
Ашгүй Гүрсэд багш гэртээ алга. Гэрт ганц лаа сүүмийх агаад Омбоо гуай намайг муухай хялайснаа жишүү хараад суучихав. Энэ ч яахав, хоолыг нь "буудахад" энэ хашааныхан цөм ингэдэг, надад дасал болсон царай зүс ааш авир. Гэр орноосоо хол дотуур байранд суугаа жаалууд сургуулийн хашаан доторх хэдэн гэрийн хоолыг "буудсаар" бүр хаширааж орхисон юм. Би Омбоо өвгөний үүдэн хооронд сүүдэр бараадан зогсож, эцсийн үр дүнгээ үзэхээс нааш гарахгүй дээ хэмээн гүрийлээ. Зогсоод л байлаа. Зогсоод л байлаа. Тэгтэл Омбоо гуайн тэвчээр барагдав болтой хумбан шаазан аваад надад хоол хийж өгөв. Би аягатай хоолыг авч зуухны сүүдэрт дотуур байрны хоолыг бодвол часхийсэн амттай хоолноос ховдоглон сорж эхлэлээ. Омбоо өвгөнд баярласан гэж жигтэйхэн. Хамгийн гол нь хоол идэх зуураа би нөгөө гоё алаг цахиураа өврөөсөө авч харанхуйг далимдуулан зуухны гүхээн дээр сэмхээн тавилаа. Тэднийхээс гарахад бие сэтгэл минь бүрэн амарсан мэт санагдаж билээ.
Хожим нь сэтгэлд нэг юм үлдсэнийг ухаарав. Тэр нь гүхээн дээрх цахиураа Омбоо өвгөн олж авсан бол уу, эсвэл үзэлгүй хогтойгоо холиод шүүрдчихсэн бол уу гээд сэтгэл бас л хоёрдов. Шаналсан сэтгэл элвийг бодоход хүргэдэг. Омбоо гуай хэд хоногийн өмнө алга болсон алаг цахиураа зуухныхаа гүхээн дээр гэнэт гараад ирсэн байхыг үзээд "Энэ муу Очир золиг л цахиурыг минь гүхээн дээр тавьчих шиг боллоо. Энэ моньд хэдийд яах гэж авчаад, тэгээд яагаад буцааж надад өгөх болов. Аяга хоол өгөхөөр баярлаад хулгайлсан цахиураа буцааж өгөв өө дөө, дамшиг чинь. Намайг эзгүй хойгуур манай гэрт хулгайгаар орж юм уудалдаг золиг уу. Үүнээс хойш чамай хүүг маш сайн анаж, гэнэдүүлэн бариад, захирал багшид тушаая байз хөө" гэж занаж байгаа бий гэж таамаглаад би сэтгэлээр улам уналаа. Эцэст нь хамгийн гол нь дахиж хулгай хийж, сэтгэлээ энэ яваа насандаа дахин ингэж шаналаахгүй гэж өөртөө тангараг тавьж андгайлав. Харин түрүүчийнхээ үйлдсэн олон өнгө солонгорсон алаг цахиурын хулгайн нүглийг өршөөж хайрла гэж бурхнаас аврал гуйж, бас ээждээ үнэнээ хэлж, ээжтэйгээ хоёулаа хамтдаа нууцхан маани мэгзэм хөгжөөж нүглээ наминчилъя гэж шийдсэнээр дотор овоо уужрав.
зочин
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
Өвгөн жаахан зөнөх янз ...
Өвгөн жаахан зөнөх янз
Уншигч
Зочин