Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ...
Ардын цэцэн үг

Нүүдэлчид нийгмийн ялгарал багатай. Байдаг жаахан ялгааг хувь заяа ньүе үе тэгшитгэнэ. Нэг өдөр ноён явтал маргааш нь “хөрст дэлхий хөрвөж” олзны хүн, хоньчин болчих жишээний. Өвөг дээдсийн түүх маань“Ван хаан тариа нүдэж...Тэмүжин унгастай тэргэнд хоригдож.. хятадын хааныг хулгайлан авчраад хонинд явуулж...” гэхчлэн хүүрнэнэ. Хэний ч хувь заяа баталгаатай биш. 

Алба хэргэм, эрх мэдэл донсолгоогүй явлаа ч гэсэн хөрөнгө мал найдвартай биш. Нэг өвлийн зуданд “хот нь харлана” гэдэг нь цайрч харагдах хонь үгүй болж бууц нь бараантан үлдэнэ гэсэн үг. Орчин үеийн ойлголтоор бол цалингийн карт нь “цайрч”,дэлгүүрээс юм аваад бичүүлэх гэтэл урдаас “таны үлдэгдэл хүрэхгүй байна” гэж нүүр түлэхтэй адил ойлголт. 

П.Козловын тэмдэглэлд байдаг даа, Алтайн нурууны хөндийгээр нүүмэр аядаж яваа ноён. Хөөрхий зуданд хамаг малаа алдаж ачлагын тэмээгүй болчихсон, хэдэн зарц нь унь ханыг нь үүрчихсэн мачийж явдаггүй юү. 1919 оны мал тооллогын дүнгийн хавтгайд 10 хүрэхгүй хоньтой ноён, хохь тайж нар байдаг нь Чингисийн алтан ургийнхан юм шүү дээ.

Ийм учраас нүүдэлчдийн хувь заяаны судар “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” хэмээн хэлэлцэж, “Хаад ноёдын хэрэг нь буруутахад, Харц биднээс юуны ялгаа” хэмээн тавлангуй дуулалдана.

Ерөөсөө л сайн яваад байгаа, угаасаа л баян тарган хүн байх боломж хомс хээр талд “Хэний нь үр сайн явна вэ” гэдгийг хэрхэн мэдэх билээ?

Цагаан сар бол Тест-баяр

Монгол хүний сайн яваа нь найр наадам дээр л харагдаж иржээ, зуу зуун жил. Харин наадам баярын оргил нь цагаан сар. Цагаан сарын гоёл, идээ шүүснийх нь байдал, бэлэг хадагний чансаа нь тухайн айл энэ жил сайн явна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлнэ. Тийм болохоор “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ, Залуудаа сайн явсан нь өтлөхөд мэдэгдэнэ” хэмээн сургасаар иржээ. 

Ийм учраас цагаан сар бол монгол айлын “амжиргааны түвшингийн индекс”-ыг харуулах үзүүлэлт, өрхийн амьдралын чанарын түвшинг тогтоох тест-баяр байсаар ирсэн ажгуу. Чухам энэ өдөр л бусдадаа төрүүлсэн сэтгэгдэл нь жилийн турш хадгалагдаж явсаар хойтонгийн цагаан сарыг хүргэнэ. (Цагаан сар нь үндэсний ёс уламжлал, бэлгэдэл, монгол хүний үнэт өв соёл гэдэг нь тусдаа сэдэв гэж үзээд нүүдэлчдийн баяр наадамд хандах байдал талаас нь өгүүлж байгаа юм шүү.)

Ийм учраас цагаан сарыг сайн тэмдэглэх, энэ өдөр хүний дор орохооргүй харагдах гэж нийтээрээ хичээнэ. Сайн хичээвэл “жилдээ сайн явсан” гэж хүмүүс ойлгоно. Ийм эрмэлзэл нь сагсуу сайрхуу заримыг нь хөлдөө чирж ч байсан бололтой. 

Хүрээнии онигоонуудад “гэрээ зарж цагаан цагаан сар хийсэн”, “нэг баярхуу айлын тэнгэрт тулам таваг санаангүй нуртал дотор нь өрөөстэй тоосго илэрчээ” гэхчлэн гардаг. Оргүй ч биш бололтой.

Гэхдээ, улсын шалгалтыг бусдаас хуулаад ч болов өгчихвөл диплом баталгаатай авдаг. Яг түүн шиг яаж ийгээд зээлж хуйлаад ч болов чанартай шинэлээд хаячихвал “ жилдээ сайн явжээ” гэдэг тодорхойлолт ч баараггүй олно гэж итгэдэг байсных болов уу?

Монгол хүн учраас л сайн амьдрахаас илүү сайхан баяр хийх нь чухал гэж ойлгоод ирсэн ч юм биш. Бие биенээсээ алс зайдуу нүүдэллэн амьдардаг учраас нь ямарч наадам цэнгээн хүнтэй уулзах, нийлэн хөгжилдөх боломж олгох тултиймэрхүү шалтаг шалтгааныг алдана гэж байхгүй. Гандаардан уйдаж явдаг малчин хүнд наадан цэнгэх байтугаа зүгээр нэг хүнтэй тааралдан, яриа өрнүүлэх нь ямар их таашаал өгдгийг хотынхон мэдэхгүй. 

Залуу хөвүүд харахад эрх чөлөөтэй боловч ээж ааваас нь өөр ярилцах хүн байхгүй. Хүссэн зүгтээ явж болох ч адуу малаас өөр тааралдах амьтан байхгүй. Гоё дээл, ганган чимэг байх боловч түүгээрээ гоёод алхахад хонь малаас нь өөр харж гайхах амьтангүй. Чи орь залуу нас, уран гол шиг бие, үзэмж төгс дээл, үнэ цэнэтэй зүүсгэлтэй байгааг хэн чхарахгүй, мэдэхгүй бол ямар байх вэ?

Малчин амьдрал нь ийм тавилан руу хөтөлнө. Малчид дөрвөн цагийн улиралд тааваараа нүүдэг гэж бахдан ярилцах боловч үнэн хэрэгтээ малынхаа бэлчээрийг дагах тул мал нь хүнээ дагуулан нүүдэг гэвэл зохилтой юм. Мал нь хүнийг хүнээс улам холдуулна. Ийм болохоор баяр наадмыг хүнтэй уулзах уйдаагаа гаргах боломж төдийгүй, өөрийгээ сурталчлах, хувийн “пиар” хийх чөлөө учрал гэж харна.

Гэхдээ наадам цагаан сар хоёр жаахан ялгаатай. Наадам нь олонтой газар очиж гоёх гангарах, хувь хүнийхээ чанарын сурталчилгааг хийх боломж олгоно. Бас наадамд хүний дээл, бусдын мориор гангараад, эргүүлж өгөх боломжтой учраас үзэгчдийг “төөрөгдүүлэх” магадлалтай. Монголчууд “Хуримын хувцас олдоно, хурын хувцас олдохгүй” гэж хэлэлцсээр ирсэн нь хүний дээлээр наадамд гангарч болно, харин борооноор хүний цувыг гуйвал “өөрөө өмсөнө” гээд харамлаж мэднэ гэсэн санаа.

Харин цагаан сараар айлын таваг, айлын идээ шүүс гуйж хэрэглээд эргүүлж өгөх боломжгүй. Бас амьтан хүний гар цайлгах бэлгийг өөрөөсөө л гаргахаас өөр мэхгүй. Хүнээс дээл гуйж болох ч цаадах нь хамгийн сайнаа өөрөө л өмсөж таарна. Чухам иймээс тухайн айлын амжиргааны чанарын жинхэнэ үзүүлэлт наадмаас илүү цагаан сараар харагддаг байсан байх.

“Хүний чаддаг”-ийн оронд “Өөрийн чаддаг”

Он жилүүд улирсаар, нэгэн үе хаагдаж, дараа нь “нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зөвхөн хөдөө тэмдэглэхийг зөвшөөрч явсан цагаан сар сэргээд гучаад жил өнгөрөв.

Монгол хүнийжилдээ сайн явсан нь жилийн турш мэдэгддэг боллоо. Заавал түүнийг цагаан сараар шинжих хэрэггүй болсон гэсэн үг. Энэ утгаараа цагаан сар нь жинхэнэ өв уламжлал, ёс журам, үндэсний соёлын илэрхийлэл байх боломж бүрдэж ирлээ гэсэн үг.

Жил болгон маргаан дагуулдаг юм бол цагаан сарын бэлэг.Ер нь бол амьтан ах дүүсийн гар дээр тавих юмтай байх нь монгол хүний аз жаргалын нэг итгэлцүүр юм. Хүндэт хүмүүс, эцэг дээдэс, ах дүүсээсээ бэлэг авах нь бас л сайхан зүйл.

Зарим нь оймс бэлэглэх нь буруу л гэнэ, нөгөө нь зөвхөн дотоодын оймс бэлэглэвэл дээр л гэнэ. Юу бэлэглэх нь хамаагүй, гол нь бэлгэдэлдээ л, түүнийгээ хэрхэн тайлбарлаж байгаад л орших байх.Жишээлэхэд, монголчууд урт зам туулж, амьдралын туршлага хуримтлуулснаа бусдадаа гайхуулж “Би чамаас илүү (олон) оймс элээсэн” гэж ихэрхдэг. Энэ утгаараа нь “урт насалж, хол зам туулахыг бэлгэдэн оймс бэлэглэдэг” болгож тайлбарласан ч болно.

Цагаан сараар уламжлалт бэлгээ өгөх, дотооддоо хийсэн бараагаа бэлэглэхийг их уриалдаг болж. Зарим нь бүр Чингис хааны нэрийг барин миний хийсэн юмыг авч идэхгүй бол монгол улс сөнөнө хэмээн авирласан ч харагдана. Уг нь Чингис хаан бол гадаадын хамгийн сайн барааг монгол хүнд эдлүүлсэн хүн юм л даа.Иймээс “Миний хийснийг авахгүй бол монгол улс сөнөнө” гэж дүвчигнэхийн оронд “Хүний чадахгүйг бид хийнэ” гэж зоригловол харин ч дэмжээд гүйчмээр санагддаг. 

Гэхдээ бас учиртай. Ганц хот, ганц гэрээр явдаг нүүдэлчин хүн бүх юмаа өөрөө хийдэг, хийхгүй ч бол болдоггүй байсан. Харин монголчууд ХХ зуунд хотшин суурьшаад хөдөлмөрийн хуваарьтай иргэншилд орсон. Ер нь ХХ зуунд хийсэн монголчуудын дэвшлийг “Хөдөлмөрийн хуваарьгүй нүүдэлчний хэвшлээс хөдөлмөрийн хуваарьтай хотшилд хийсэн шилжилт” хэмээн томьёолж болно.

Чухам үүний буянаар л хонио өөрөө төхөөрөөд, нэхийгээ өөрөө элдээд, дээлээ өөрөө оёод, өөрөө оёсноо өмсөөд, хүүхдээ өөрөө хүмүүжүүлээд, аргалаа өөрөө түүгээд, гэрээ өөрөө дулаацуулааад, хоолоо өөрөө хийгээд явдаг амьдрал өөрчлөгдөж зөвхөн өөрийн чадахаа хийдэг болжээ.

Жишээлэхэд, багш хүн хичээлээ л заахаас биш махыг нь идэх гэж хонь маллах шаардлагагүй, гэрээ дулаацуулах гээд нүүрс малтах, аргал түүх хэрэгцээгүй болж.Багш өөртөө гутал оёж, оймс цойлдох хэрэггүй, харин “адидас, найк”-аас эхлээд нэрд гараагүй эвтэйхэн брэндийн гутал худалдаал авчихна. Үүнийг л хөдөлмөрийн хуваарь гээд байгаа юм. Хүн зөвхөн чаддагаа хийж амьдрах, хүн зөвхөн чаддаг нэгнийхээ хийснийг хэрэглэх боломж олгосон түүнийг бахдан дуулмуй. 

Дээр үед бэр сонгохдоо, “үйл үртсэнд сайн” гэдэг үзүүлэлтийг голлодог байж. Энэ нь царай зүснээс илүү “юм оёж, дээл хийж чаддаг эсэх” гэдэг шалгуур тавигддаг байж.Бас “царайны сайхнаар цай чанахгүй” гэдэг үг ч тэндээс гарч. Гэтэл хотшиж, хөдөлмөрийн хуваарь болсны буянаар юм оёж чаддаггүй боловч хөөрхөн эхнэр авах боломж бүрдэж. (Цай чанаж чадахгүй боловчцарай сайхантай гэргий авч чадсан бол хөдөлмөр хуваарьт талархууштай)


Таван нүдэнгийн “таван сургамж”

Бид “хүний чадаагүйг бид чадах” боломж хаана байгааг олж харалгүйгээр “самсунг” байхад утас хийж, “адидас” байхад пүүз оёж, “тоёота” байхад машаан зохиож өөрийгээ зовоогоод яах ч билээ.Тийм болохоор “Энийг монгол хүн л чадна”(гэхээсээ илүү “Энийг л монголын нэрээр гаргаж болно” хэмээн томъёолмоор) гэмээр юм юу байгааг эрж, бүтээж , чадаж байгаагийн нэг нь “Говь” брэнд байна. Эртүүд гадаадад таарсан гадаад хүнд “Говь”-ийн ноолуур бэлэглэсэн чинь “Ой...гооби” гээд, таниад сүйд байна лээ. 

Бас тэр “Таван нүдэн” гэж гэж шинэ брэнд гарч. Ангийн хутганаас эхлээд хэт хутга, зоог шүүс хөндөх хутга, бүүр яс мөлжих богинохон нь хүртэл байдаг юм байна. Таван нүдэн бидэнд таван хичээл хэлж байна. 

Нэгдүгээрт,бөөн мөнгө шавж, угалзаар зодоод тэрийгээ “монгол хийц” гэж ойлгодог бусад бүтээгдэхүүнээс өөр харагдах аж. Уламжлалыг сэргээнэ гэдэг бол илүүдсэн угалзыг хасахын нэр бол мөн.

Хоёрдугаарт, Монголчууд дизайн зургийг нь өөрснөө гаргаад оросын нэрд гарсан зэвсгийн үйлдвэрийн дархчуул хатааж үйлддэг бүтээгдэхүүн гэнэ. Монголоо мэддэг нь дизайнаа хийгээд,хутга мэддэг нь хатааж ширээсэн эд бололтой. Ер нь “чаддаг юм” гэхээр заавал бүхэл бүтнээр нь монголд хийх албагүй болохыг даяаршсан дэлхий бидэнд хэлээд байгаа юм. Нэрд гарсан загварын хүрэмний зөвхөн товчийг нь төгс хийдэг байхад л дагаад баяжиж болдог болж.

Гуравдугаарт, монголбрэндийг заавал монголд хийсэн байх албагүй. Хэрэглэгчийн хувьд брэнд нь монголынх гэдэг нь сонин болохоос хаана үйлдсэн нь чухал биш. Монгол брэндийг орос, япон, германд ч хийж болох нь. Яг л америкийн алдартай брэнд хувацснуудыг хятадад оёдог шиг. Тэгэхээр, “монголд байдаг юмаар, монгол хүн өөрөө хийгээд, хийх хийхдээ монголдоо хийгээд, монголчууд нь түүнийг авбал(авахгүй бол монгол нь сөнөнө гээд байгаа юм аа бас) л сая монгол брэнд гээч болдог” гэдэг төөрөгдлөөсөө гарах хэрэгтэйг хэлж байна.

Дөрөвдүгээрт, Монголчууд нэн эртний анчин гөрөөчид, улмаар дэлхийд танигдсан баатарлаг дайчид учраас зэр зэвсэгийн сайныг хэрэглэж, үйлддэг байсан нь дамжиггүй. Хүн төрөлхтөн ч түүнд итгэж байгаа. Чухам ийм итгэл, ийм түүх туршлага дээр “Таван нүдэн” брэндийг бүтээж байгаа бололтой. Гадаадынхан монголын хийсэн гар утсыг тоохгүй байж болох ч хутгыг нь хараад “Чингисийн удмынхан ч харин хутга хийчихэж мэднэ” гэж бодно. (Тэдний лого-г хараад зоос юм уу л гэмээр юм билээ. Гэтэл тэр нь монгол цэргийн хөө хуягны нэхээс буюу таван төмөр гогцооны уулзварын дүрслэл гэнэ)

Тавдугаарт,... тавдугаарт юу гэх гээд байна аа гэхээр, тэр яс мөлждөгөөс нь нэгийг авна аа бас.