“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочин улстөрч А.Ганбаатар. Монголын социал демократ намын дарга. Бас “Үг” студийн захирал гэдгээр нь олон нийт мэднэ. Бидний яриа хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын гурванд болсон юм.
-Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр яагаад сэтгүүлчтэй биш улстөрчтэй ярилцаж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Гэвч өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөний тухай бодит орчин ямар төвшинд байгааг  хамгийн гүн гүнзгий мэдэрсэн, энэ гажуудлаас болж магадгүй сэтгэлдээ том шарх авсан хүний нэг учраас таныг сонгосон юм.
-Тийм үү.
-Өчигдөр бид утсаар ярьж байхад та надад нэг асуулт тавьсан. Тэр ойлголт хаана байна вэ гэж. Яриагаа эндээс эхлэе. Нээрээ тэр ойлголт хаа явах шиг байна вэ?
-Өнөөдөр тавдугаар сарын гурван. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Хүний үг хэлэх, үзэл бодлоо лэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг нь өөрөө хүний үндсэн эрх чөлөөний гол цөм ойлголт л доо. Хоёрдугаарт, энэ эрх чөлөө их үнэ цэнэтэй олддог. Жишээ нь дарангуйлагч нийгэмд бол хэвлэл мэдээллийн байгууллага нь дарангуйлагч нартаа үйлчилдэг. Дарангуйлагч нарын ард түмнээ хуурах гол хэрэгсэл нь болж өгдөг. Ардчилсан улс орнуудад бол ардчилсан байхын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээ өөрийнх нь гольдирлын дагуу, эрх чөлөөг нь олгож ажиллуулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байх юм бол нийгэм нь цэвэршиж байдаг. Ийм л зүйл байгаа юм. Өчигдөр телевизийн сувгуудыг харлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрөөр нөгөө энэ чиглэлийн элдэв холбоонууд, түүний удирдлагууд болох С.Баярмөнх, Р.Хадбаатар эд нар л нэг их баяр хөөртэй улсууд баяр тэмдэглэх гэж байгаа байдалтай гарцгааж байх юм. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын баяр болгож хувиргаж байгаа юм уу даа. Алт мөнгөн үзэг ч гэх шиг элдэв шагнал зохиож нэг нэгнээ шагнадаг, бие биенээ магтдаг өдөр ч болчихсон юм шиг харагдаж байна л даа. Бодит байдал дээр өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт баярлаж хөөрөөд байх орчин огт байхгүй байна шүү дээ. Үнэхээр ардчилсан нийгэмд байх ёстой тэр зүй ёсны байр суурин дээрээ хэвлэл мэдээллийн байгууллагууд байж чадахгүй байна. Харин эсрэгээрээ том анхаарлын тэмдэг босоод ирчихсэн байгаа биз дээ. Өнөөдөр энэ салбар хэдэн улс төрчдийн, хэдэн олигархийн, эсвэл аль нэг нам хүчний мэдэлд л байгаа биз дээ. Нөгөө ёс зүйн код моод нь хаана байна. Ийм гол юмнууд нь өнөөгийн нийгэмд төлөвшөөгүй байна.
-Хуучин нийгмийг халсны дараа та бүхний монголын ард түмэнд авчирч өгсөн нэг том зүйл нь хэвлэлийн эрх чөлөө байсан. Харин үүнийгээ тунхаг төдий гаргаж шидчихээд, цаашдынх нь хөгжил, зүй тогтолд анхаарлаа хандуулалгүй сул хаячихсан. Нөгөө өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдана гэгчээр зүйл асууж байж магадгүй, гэхдээ?
-Нэг талаас тийм л дээ.
-Жишээ нь саяын таны хөнддөг ёс зүйн кодыг дөнгөж хоёр гуравхан жилийн өмнөөс л бид ярьж эхэлсэн шүү дээ. Гэтэл монгол орон ардчиллын замаар ороод 20 жил болчихоод байна. Төрийн мэдлийн хэвлэлүүдийг халж хувьд шилжүүлсэн. Шинээр ч олныг байгуулсан. Өнөөдөр тэдгээрийг атгаж байгаа хэсгийнхэнд ардчилсан хүчнийхэн өөрсдөө ч тодорхой хувийг эзэлж байгаа шүү дээ?
-Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж нэг тийм тунхаглалын шинжтэй хууль гарсан. Ихэнх нь зүгээр л тунхаг байдаг нь үнэн. Жишээ нь мэдээлэл хаж олж авах эрхтэй ч гэдэг юм уу. Чухамхүү тэр мэдээлэл олж авах, хайх, баталгаажуулах эрх нь хэрхэн хэрэгжих вэ гэсэн үндсэн механизмуудыг нь хийж өгөөгүй. Нэлээн олон жилийн өмнө гаргасан хуулийг яриад байна шүү дээ. Уг нь бол нэгэнт хууль гаргаж байгаа юм чинь цаана нь эрх чөлөөг нь хангасан механизмуудыг нь хийж өгөх ёстой байсан. Тэрийг нь хийгээгүй. Тухайн үед бидэнд бололцоо ч байгаагүй. Одоо УИХ-аар хэлэлцэгдэхээр өнгөрсөн парламентын үед тавигдсан нэг хууль ойрын үед батлагдах юм шиг байна. Энэ хууль байгаа хэлбэрээрээ батлагдаад гараад ирэх юм бол нөгөө тунхагын шинжтэй хууль чинь жинхэнэ амьдрал дээр хэрэгжих боломжтой болох нөхцөл байдал бий болж байгаа байхгүй юу.
-Бид нарт бол нэг их баярлан хүлээж авахаар хууль гарч ирнэ гэсэн найдлага алга байна. Яагаад гэвэл яг жинхэнэ фронт дээр ажиллаж байгаа сэтгүүлчдийн оролцоо юу байв, тэгээд санаачилж оруулж байгаа нөхдүүд нь хэн юм гээд аваад үзэхээр нэг их…
-Би яг тэр хуулийг нь үзсэн. Тэр бол боломжийн хууль байна лээ. Яагаад гэвэл 2001 Польш улсад яг тийм хууль батлагдсан юм. Би тэр хуулийг орчуулж, нарийн судалж, өөр бусад хуулиудтай харьцуулж үзсэн л дээ. Энэ хууль гарсны дараа юу өөрчлөгдөх вэ. Энэ хуулийн ачаар сэтгүүлчдэд  олж авсан мэдээллийнхээ баталгаа болох баримтуудыг гаргаж авах эрх нь нээгдэж байгаа байхгүй юу. Би ганцхан жишээ ярьж өгье. Миеэгомбын Энхболд Улаанбаатар хотын захирагч байх үедээ орон нутгийн сонгууль болохын өмнөхөн 17 компанид Улаанбаатар хотын стратегийн цэгүүдэд шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгох тушаал гаргасан. Нэг шөнө шүү дээ. Тэр мэдээлэл бидэнд хаанаас ирсэн гэхээр хотын захиргаанаас ирсэн. Тэгээд бид “Үг” сонин дээрээ тавьсан. Гэвч дараа нь асуудал яаж шийдсэгдсэн гэхээр М.Энхболд шүүхэд хандаад “Миний ажил хэргийн нэр хүндийг сэргээ” гэсэн. Нийслэлийн захирагчийн тамга тэмдэгтэй бичиг шүүх рүү явуулахгүй юу. Шүүх айна биз дээ. Эцэст нь манай сонин буруудаад, М.Энхболдод маш их мөнгөний торгууль төлж байлаа ш дээ. Хэрэв энэ хууль байсан бол бид уг мэдээллийг олж авсан даруйдаа  нийслэлийн захирагчийн албанд нь хандаад, мэдээллээ баталгаажуулах холбогдох баримт бичгүүдийг гаргуулж авах боломжтой байх байсан байхгүй юу. Гаргаж өгөх үүрэг нь энэ хуулиар ногдож байгаа. Польшид бол сэтгүүлчид нь маш том оролцоотойгоор энэ хуулийг батлуулсан. Маш том лобби бүтэг байгуулж ажилласан. Түүнээс биш эрх баригчдад бол энэ хуулийг батлах сонирхол байдаггүй.
-Таны эрхэлдэг компаниас гаргаж байсан “Үг” сонинд тохиолдсон явдал бий. Хэрэв энэ хууль гарчихсан байсан бол танай эрхлэгч ял эдлэхгүй байх боломж байсан уу?  
-Би Миеэгомбын Энхболдтой холбоотой асуудал ярьлаа шүү дээ. Энэ хууль гарсан байсан бол бид тэр дор нь нийслэл хотын засаг захиргааны байгууллагад хүсэлт тавиад, холбогдох, баталгаажуулах баримтуудыг гаргаж авах байсан.
-Хотын захирагчийн гаргасан тушаал эхээрээ ч юм уу, ядаж хувилсан нь байгаагүй юм байна?
-Байгаагүй. Гэхдээ ШТС-ууд нь дараа нь баригдчихсан л байхгүй юу.
-Аман мэдээллийг утсандаа ч юм уу хураагаад авчихсан бол шүүх дээр торгууль хүлээхгүй байх боломж байж?
-Би сэтгүүлчдийн тэр нарийн янз бүрийн аргыг мэдэхгүй. Байж болдог л байх.
-Танайд тохиолдсон дараагийн баримт руу орж уг нь түрүүн асуусан юм. Хамгийн хаалттай нийгмийн үед ч манайд сэтгүүлч хүн ял эдэлж байгаагүй. Гэтэл танай эрхлэгч яллуулсан. Яг тэр тохиолдолд та нарт өөрийгөө хамгаалах боломж байсан юм уу?
-2000-2004 онд Монгол оронд хаалттай нийгэм тогтчихсон байсан үе. Өөрөөр хэлбэл Намбарын Энхбаяр МУ-ын Ерөнхий сайд болчихсон байсан, МАХН-ын дарга болчихсон байсан үе. МАХН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. Яг энэ үед монгол оронд чинь хаалттай нийгэм бий боллоо шүү дээ. Тэгээд эрх баригчид нь юу хүссэн бэ гэхээр бүх сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа байлгахыг хүссэн. Тэрийгээ хэрэгжүүлсэн. Чөлөөт хэвлэл гэдэг чинь эрх баригчдаасаа хэт ангид байж байж өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг салбар биз дээ. Гэтэл тэр эрх барьж байгаа хүн нь “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэж байгуулаад, тэр сандаа бүх сонинуудыг хамаж аваачсан. Зарим талаар дарамтаар аваачсан ч гэж үзэж болно. Сангийн захирал нь жишээ нь “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх гэж нэг нөхөр байдаг ш дээ. Одоо энэ хэвлэлийн эрх чөлөө гээд л баярлаад л, орилоод л, шагнаж, шагнуулж гүйгээд байгаа нөхөр. Манай “Үг” сонин бол энийг сөрж зогссон. Ийм байж болохгүй ээ гэж. Эцэст нь чөлөөт хэвлэлийг зөвхөн өөрсдийгөө магтдаг хэрэгсэл болгож хувиргасан шүү дээ. Бүр утгыг нь алдуулсан. Нөгөөдүүл нь зүгээр л магтаалын хур буулгаж байдаг хүчин болж хувирсан. Манай ерөнхий сайдын гэргий бол үзэсгэлэн гоо моо гээд л тэр үеийн сонинуудыг хэрвээ санаж байгаа бол ичмээр юм байдаг. Дэлхийн супер од Ричард Гир ирээд санаашраад, дурлаад яасан яасан ч билээ. Бүр ичиж үхмээр, шившигтэй юмнууд бичдэг байсан. За тэгээд Чингис хааны удам мудам л гэнэ. Тэр үеийн сонинуудыг зориуд нэг эргэж хараарай. “Сэрүүлэг”, “Монголын нэг өдөр”, “Хүмүүс” энэ тэр гээд сонинууд байна ш дээ. Эд чинь зүгээр л эрх баригчдад үйлчилдэг алиа салбадайнууд байсан. Тэрийг сөрж зогсдог нь ганцхан “Үг” сонин байсан. “Үг” сонин бол маш хурдан газар авсан. 2001 онд Сонинуудын холбооноос “Үг” сонинг шилдэг сонин болгож байлаа. Б.Ханддолгорыг оны шилдэг сэтгүүлч болгож шагнаж байлаа. Гарцаа байхгүй ялгарч, сөрж чадаж байснаараа олон түмний талархлыг хүлээж эхэлсэн. Үүнээсээ болоод занаанд орсон. Дарах, хаах сонирхол асар их болсон. Тэгж байтал Сэлэнгэ аймгаас манай эрхлэгч Б.Ханддолгорын итгэлийг олж авсан нэг сурвалжлагч нэг мэдээ явуулахгүй юу. Дөнгөж хилийн цаахан хүртэл дох гэдэг тэр өвчин чинь газар авчихсан байлаа. Монгол руу орж ирэх тийм аюул бодьтой нүүрлэж байсан. Яг энэ үед хилийн орчим суурин газар нэг вирус тээгч байна гээд бүр нэр устай нь бичээд ирүүлсэн. Нөгөөдөхийг нь сэрэмжлүүлэг гээд Б.Ханддолгор сониндоо нийтэлсэн. Тэр үе чинь дөнгөж дохын илрэлийн тухай л ярьж эхэлж байсан үе шүү дээ. Ийм үед ялангуяа орос руу байнга зорчдог тэр хэсгийхнийг анхаарахгүй бол дохын аюул манайд орж ирлээ л гэсэн сэрэмжлүүлэг байсан. Ирсэн мэдээлэл нэг нэртэй байсан. Тэр нэрийг нь манай эрхолэгч тавиад явуулчихсан. Энэ бол түүний хамгийн том алдаа л даа. Нэр тавьж болохгүй шүү дээ. Энэ бол өөрийнх нь алдаа мөнөөсөө мөн. Тэгээд тэр асуудал чинь хоёр талын хүмүүс уулзаад, ойлголцоод, үндсэндээ замхарчихсан байсан юм шүү дээ. Гэтэл гай болж нөгөө эмэгтэй нөхөртөө зодуулаад нас барчихсан. Байнга л зодуулж, дарамтлуулдаг байсан юм билээ. Тэгээд л нэг удаагийн зодууранд нь амь насаа алдсан. Мэдээж ийм явдал “Үг” сониныг дарж авах том шалтаг болж өгнө биз дээ. Дор нь Б.Ханддолгорыг барьж аваачаад шоронд хийчихсэн. Б.Ханддолгорыг мэдээ өгсөн хүнээ хэл л гэж шахсан. Манай эрхлэгч мэдээллийнхээ эх сурвалжийг хэлэхгүй гэж гүрийгээд л тийм байдалд хүрсэн.
-Үнэхээр харамсалтай явдал. Тэгээд юу болсон бэ. “Үг” сонин одоо яагаад гарахгүй байгаа юм. Нугалуулчихсан уу?
-Б.Ханддолгорыг аваачаад шоронд хийчихээр яах юм бэ. Мэдэхгүй их л амархан шийдэгдчихсэн. Яасан ч хурдан шүүх хурал мурал нь болж байв. Ингээд үйл ажиллагаа зогссон. Ажиллаж байсан машины толгойг нь тасдаад хаячихаар яахав. Тэр эрхлэгчийн өөрийнх нь бий болгосон команд задарч, байхгүй болно биз дээ. Маш их ч хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Эргэж босч ирэхэд хэцүү болсон л доо. Нэгэнт босоод ирчихсэн байсан юмыг асар том хүчээр унагаад хаячихаар эргэж босч ирнэ гэж байдаггүй юм билээ. Манай сониныг унагахад бас их үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд чинь одоо энэ Ардчилсан намын “Алтан гадас”-ынхан ш дээ.
-Яаж?
-Манай сонины гол захиалагчид ардчилсан намыг дэмжигсэд болон ардчилсан намын гишүүд байлаа. Нийтдээ бид чинь 5000 гаруй хувь хэвлэдэг байсан юм ш дээ. Өнөөдрийн энэ хэвлэлүүд чардайгаад чардайгаад 1000-2000 л байгаа. Ингээд явж байсан чинь нөгөө нөхдүүд чинь Ардчилсан намын аль эрт байхгүй болчихсон байсан, үхчихсэн байсан “Сайн байна уу” сонингоо гаргаж ирж намынхандаа шахаад эхэлсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь хоёр сонин захиална гэхээр хэцүү болоод ирнэ биз дээ. Заавал “Сайн байна уу” гэдэг тэнэг сониноо захиал гэж өвчигнөөд унасан. Тэндээс яагаад тийм сонирхол явуулсныг би одоо хүртэл ойлгодоггүй юм. Эсвэл А.Ганбаатар гэдэг хүнийг унагах сонирхол нь давамгайлсан юм уу. Би нөгөө сөрж яваад байдаг учраас. Тэдэнтэй хамт яваагүй, зам салсан учраас уу бүү мэд.
-Ганцаараа яваад л уу. Та үргэлж ганцаараа л харагддаг. Сүүлийн арван хэдэн жилийн турш тэгж л харагдлаа?
-Би ганцхан факт хэлье тэгэх үү. Монголын Социал Демократ намыг сэргээн байгуулъя гэж бид шийдээд, байр сууриа илэрхийлэхэд хоёрхон өдрийн дотор мянга хэдэн зуун хүн цугласан. Тэгэхээр ямар хэмжээний хүлээлт байсан нь харагдаж байгаа биз дээ. Улс төрийн нам байгуулахад эхлээд 800 хүн хэрэгтэй байдаг биз дээ. Гэтэл хэд цуглаж байна. Зүгээр л анхны байдлаар зар тарахад шүү дээ. Үй олноороо ирж байгаа байхгүй юуТэгэхээр би ганцаараа биш байгаа биз дээ. Яахав дуугардаг нь би харагдаад байж магадгүй.
-Тэгвэл ардчиллын төлөөх таван нам нэгдээд Ардчилсан намыг сүүлд байгуулж байхад энэ амбиц тань яагаад байгаагүй юм бэ?
-2000 онд эд нар ялагдсан. МАХН үнэмлэхүй ялалт байгуулж гарч ирээд 15 мянган хүнийг ажлаас халсан. 15 мянган төрийн албан хаагчийг. Энэ олон мянган хүмүүсийн тал хувь нь манай МСДН-ын ч юм уу, МҮАН-ын ч юм уу гишүүнчлэлтэй улсууд байсан. 1996-2000 оны хооронд Ардчилсан хүчнүүдтэй хамтарч ажиллаж байсан гэж өөрийнхөө намын хүмүүсийг хүртэл зайлуулсан юм шүү дээ. Ёстой их цэвэрлэгээ хийсэн. Энэ явдал үнэхээр аймшигтай айдсыг төрүүлсэн. 2000 он хүртэл ардчиллын үнэ цэнийг мэдрээд, үнэт зүйлсийг нь хамгаалж явах ёстойгоо ухамсарлаж эхэлж байсан, түүнийхээ төлөө явж байсан хүмүүст гэнэт тийм айдсын үүл нөмөргөж хаясан. Нийтээр нь төрийн байгууллагуудад их цэвэрлэгээ хийгээд, халаад солиод, гаргаад хаячихсан. Тэр мэддэг чаддаг байна уу, туршлагажсан байна уу хамаа байхгүй хоморголон цэвэрлэсэн. Энэ үзэгдэл бусад намуудын дотор айдас төрүүлэхгүй юу даа. Тийм учраас ерөөсөө л нэгдэе гэсэн уур амьсгал бүрэлдсэн. Ерөөсөө нэгдэхгүй бол болохгүй нь гэсэн том шуурга, давалгаа явагдсан гэсэн үг. Тийм зүйлийг сөрж зогсох боломж байгаагүй л байхгүй юу. Бүгд энэ бодлогыг хүлээж авсан. Шийдвэрээ гаргацгаасан. Тэр үед би “Үг” гэдэг нэрээ аваад л үлдсэн. Би чөлөөт хэвлэл мэдээллийн салбарт ажилланаа гээд.  
-МСДН-д олон том лидерүүд байсан. Танаас бусад нь өнөөгийн Ардчилсан намд орон зайгаа эзлээд л явж байна. Жишээ нь Баабар байна. Р.Гончигдорж байна. Та яагаад тэдэнтэйгээ явж болоогүй юм бол оо. Асуухсан гэж бодоод л байсан юм?
-Хөөе хөөе Ардчилсан намыг нэгдэхэд надад чинь намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод явах уу гэсэн санал хүртэл ирж байсан юм шүү.
-Тэгээд яагаад?
-Үгүй. Миний явах зам биш байна гэж би хариулж байсан.  Биш ч байсан. Одоо ч биш.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт хаана байна вэ гэдэг асуултаас илүү танд тавих нэг асуулт байна. Өнөөдөр монголын улс төрийн орчинд тэр социал демократ гэх үзэл, тэр голомт хаана байгаа вэ. Амьд байгаа юу. Эсвэл?
-Наадах чинь ёстой хамгийн сонин асуулт байна. Би бас нэлээн юм хум уншиж, үзэж хардаг юм л даа. Одоо дэлхийг хамарсан энэ нео либерал үзэл гэж нэг юм байна л даа. Энэ үзэл чинь явсаар байгаад өнөөдрийн энэ аймшигтай байдалд хүргэлээ ш дээ. Энгийн үгээр хэлэхэд чадаж байгаа юманд арга байхгүй. Чадаж байгаа нь амьдар, чадахгүй нь үх гэдэг энэ зарчмыг л бий болголоо. Төрийн үүргийг дэндүү багасгаад, бусдыг нь бүгдийг аваачаад хувийн санаархал дээр асгаад өгчихсөн. Үүний үр дагавар эцсийн бүлэгтээ өнөөгийн энэ хүнд хэцүү байдлыг бий болгочихлоо шүү дээ. Гэтэл европын орнууд яагаад илүү тийм тогтвортой байгаад байдаг юм бэ. Европын орнуудын үзэл санаан дотор социал демократ үзэл санаа байнга хадгалагдаж байдаг байхгүй юу. Жишээ нь нийгмийг тэнцвэртэй хөгжүүлэх үзэл байна. Тэр үзэл санаан дээр чинь л европчууд ийм тогтвортой байгаад байдаг юм шүү дээ. Доод хэсгээ үргэлж дээш нь татаж явдаг. Нийгэм илүү тэнцвэртэй байх талыг л гол бодлогоо болгож явдаг. Энэ үзэл санаа бол социал демократ үзэл.
-Би танаас монголд энэ үзлийг тээж байгаа тэр голомт хаана байна вэ гэж асуусан?
-Үгүй ээ, энэ чинь зүгээр л хүмүүсийн дотор байж байдаг зүйл байхгүй юу. Гэтэл бодлого чинь өөрөө шал өөр юм руу явчихлаа ш дээ. Дэлхийг хамарсан тэр нео либерал үзлийн урсгалд монгол тэр чигээрээ хамрагдаад л явчихсан байхгүй юу.
-Монголын улс төрд маш удаан амьдраад байгаа олон жижиг намууд байдаг. Нэг үгээр амь бөхтэй байгаад байдаг уран сайхны намууд. МСДН-д тийм дайнд ч гэсэн яваад байх боломж байгаагүй юу?
-Манай намын нөхдүүд ярьж байгаа. Энэ тавдугаар сарын сүүлээр их хурлаа хийе гэж. Тэнд л чухамхүү монгол улс юун дээр, хаана, яаж явж байгаа юм бэ гэдгийг гаргаж тавих ёстой. Одоо бол зүгээр л залуургүй завин дээр л хөвж яваа байхгүй юу. Татварын бодлого нь гэхэд шал өөр юм байж байдаг. Нийгмийн бодлого нь бүр өөр юм байж байх жишээний. Юу болоод байгаа нь ойлгомжгүй. Ямар нэгэн зөв харьцаа, тэнцвэр гэсэн юм байхгүй. Энэ байдалд дүгнэлт хийх ёстой. Социал демократ үзэл санаа дэлхийд ямар түвшинд хөгжчихөөд байна. Үүний ачаар улс орнууд ямар түвшинд хүрчихээд байна. Бүгдийг гаргаж тавих, ярих цаг болчихоод байна. Тэгсэн тохиолдолд хүлээж авах асар олон улсууд байгаа гэдгийг мэдэрч байна. Социал демократ үзлийг алчихсан хүмүүс чинь одоо энэ МАХН-ын нөхдүүд шүү дээ. МАХН-д социал демократ орон зай биднээс хойш үлдлээ ш дээ. Өөрсдийгөө зүүн төвийн үзэлтэй, социал демократ нам гэж ярьж хэлдэг боловч яг энэ үзэл онол дээр тулгуурласан нэг ч бодлого МАХН-д байхгүй байгаа байхгүй юу.
-Соц интерний тэр байгууллага энэ тэр нь жигтэйхэн хүлээн зөвшөөрдөг юм биш үү?
-Юуг.
-Одоогийн манай МАХН-ыг ?
-Хн. Соц интерн МАХН-д ямар хамаатай юм. Гишүүн гэдэг чинь гишүүн байгууллагуудтай харьцдаг байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны нэг хэлбэр л байдаг байхгүй юу. Тэнд нэг их МАХН-г сонирхоод байгаа ч юм байхгүй. Аяало гээд нэг нарийн бичгийн дарга байдаг юм. Нэг аппаратын л дарга. Тэрнээс соц интерний жинхэнэ гишүүн намууд гээд үзэх юм бол жишээ нь Францийн социалист нам, Английн лебор нам гээд европын бүх мундаг, том намууд тэнд цугларч байдаг. Би нэг удаагийнх нь их хуралд очсон. Бүх мундагуудыг тэнд харах завшаан тохиолдож байлаа. Тэд нар чинь соц интерний жинхэнэ хүмүүс болохоос биш Аяало гэдэг чинь зүгээр нэг нарийн бичгийн дарга нь байхгүй юу.
-Луйс Аяало гээд л зургаа авахуулж гүйгээд байдаг биз дээ?
-Алиа л явдал шүү дээ.  Н.Энхбаяр МАХН-ыг соц интернд элсүүлсэн гавъяатай л гэнэ. Н.Энхбаяр элсүүлсэн юм биш ш дээ. Р.Гончигдорж захидал бичээд л бидэнд татгалзах зүйл байхгүй гээд л явуулчихсан байхгүй юу.
-Манай МАХН-ыг элсүүлээд өгөөч гээд үү?
-Тэгсэн ш дээ. С.Баярцогт, Р.Гончигдорж гэсэн хоёр нөхөр орж ирж тоглоод л МСДН-ыг устгасан. МСДН-ыг устгах сонирхол Ардчилсан намд ч байсан, МАХН-д ч байсан. Ялангуяа МАХН-д энэ социал демократ орон зайг дангаараа эзлэх сонирхол байна биз дээ. Бид ч бас том орон зай эзэлж байлаа ш дээ. Ардчилсан нам нь болохоор биднийг дандаа өрсөлдөгчөө гэж хардаг байсан. Хамтрагч, түнш гэдэг нүдээр харж чаддаггүй. Яаж хавсайдаж байгаад ч болов байхгүй болгох вэ л гээд байх жишээтэй. Ийм хоёр сонирхол хоёр талаас нийлээд, тэрэнд нь үйлчлэх хүмүүс манай намаас олдчихгүй юу. Маш олон хүн ийм байдалд орсонд харамсдаг л даа. Маш олон хүмүүс. Энэ МоАХ-ынхан чинь анх хачин хачин юм ярьж гарч ирж байсан юм ш дээ. Лениний онолыг энэ МАХН  буруу хэрэгжүүлээд баллаад хаячихсан юм. Одоо ленинизмийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ёстой гээд л. Удирдагч нар нь Нэргүй, Бошигт эд нар гээд сайхан комунистууд байх жишээтэй. Тэд нар чинь энэ хоёроо багшаа гэнэ. МоАХ-ны анхдугаар их хурлын илтгэлийг жишээ нь Нэргүй доктор ч бичсэн байх шиг. Бүр ерэн оны дөрвөн сар хүртэл эд нар чинь энэ онолоороо явсан ш дээ. 1990 оны нэгдүгээр сарын 21-нд Лениний нас барсан өдөр Сүхбаатарын талбай дээр цуглаан хийгээд, хүмүүсийн малгайг авахуулаад, Сүхбаатарын хөшөөг тойруулж алхуулаад хачин юм болсон ш дээ. Өвлийн дүн хүйтэнд чинь агуу их Ленин багш магш гээд жагсаад л. Бид бол шал ондоо хүмүүс байсан.
-Тийм байх. МоАХ-ынхан жагсаж цуглах, өлсөж цангахад тэргүүн эгнээнд явсан. Нэг үгээр хар ажлыг нь хийж. Харин соцдекүүд гэж хэсэг нөхөд онол суучихаад, цагаан гарлаж цэмцэгнээд уурыг нь барж байсан юм биш үү?
-1990 оны нэгдүгээр сарын дөрвөнд гаргасан бид нарын тэр тунхаг бол үнэхээр гайхалтай юм байгаа байхгүй юу. Бид энэ монгол улсыг дэлхийн хөгжлийн жам ёсны урсгалд нь оруулах ёстой. Бид нийгмийг үндсээр нь өөрчлөх тийм өөрчлөлтийн төлөө байна. Тэгээд ийм найман зүйлийн зорилтыг дэвшүүлж байна…гэсэн манай анхны тунхаг гарч байлаа. Дэлгэрэнгүй яривал цаг чинь хүрэхгүй байх.
-МСДН-ын анхны тунхаг, илтгэл энэ тэр дээр нээрээ ямар хүмүүс ажиллаж байсан юм бэ. Анхны илтгэлийг “Аазны тор”-ын Дугар гуай бичиж байсан гэж хэлж байсан?
-Солиор гэж байна гээд биччих. Дугар гэдэг хүнийг чинь бид нар 1996 онд л харсан. Тэр Нэргүй, Дугар эд нар ардчилсан холбооныхыг л бичиж байсан байж магадгүй. Ардчилсан социалист хөдөлгөөний анхны тунхагийг Ламжав гуай, Баабар, Улаанхүү, бид дөрөв анхны эхийг нь гаргаж байсан юм. Хоёр хувилбараар гаргаж байсан. Тэр хувилбаруудаа нөхдүүддээ үзүүлж ярьж байгаад нэг сарын дөрвөнд анхны тунхагаа гаргаж байсан юм.
-Ойрын үеийн сонгуулиудад МСДН ямар үүрэгтэй оролцов оо?
-нэгэнт улс төрийн нам учраас сонгуульд оролцох ёстой гэдэг утгаар л оролцож л байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарна гэсэн найдлага бол байгаа л байхгүй юу.
-Найдвар унтардаггүй учраас л байгаад байна гэж үү?
-Найдвар унтардаггүй учраас ч юу байхав. Би хувьдаа их баяртай байгаа ш дээ. Чухамхүү социал демократ үзэл санаа ялаад, гараад ирлээ. Дэлхий дахинаа хар л даа. Бүх юм нүдэн дээр тодорхой болчихоод байна. Тийм учраас бид ялж байгаа хэрэг мөн юм байгаа биз дээ.
-Та “Үг” студийн нэвтрүүлгүүдээ хийгээд явж байгаа. Яг энэ ажлаараа та юу хэлэхийг хүсдэг юм бэ. Тодорхой үр дүнд хүрч байна уу?   
-Нийгэмд тодорхой байр суурьтай, өөрийн хэлэх үгтэй, хүмүүс тэрийг нь хүлээж авч байдаг хүмүүс байна. Тийм хүмүүсийн хүрээнд хүрч чадаж байгаа. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олигархад үйлчилж байгаа энэ үед үүргээ биелүүлж, зөв байж чадаж байгаа гэж үзэж болно.
-Өнгөрсөн долдугаар сарын нэгний тухайд та юу хэлэх вэ. Одоо явагдаж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ сэдвээс аль аль тал нь зугтаад байх шиг харагдах юм?
-Зугтаад байна гэж би бодохгүй л байна л даа. Сонгуулийн компанит ажил дөнгөж л явж байна ш дээ. Сүүлийн долоо хоногт юу болохыг хэлж мэдэхгүй байна. Долдугаар сарын нэгэнд бол аймшигтай үйл явдал болсон. Энийг далимдуулаад нийгмийг аймаар айдастай болгоод хаячихлаа. Тэгээд энэндээ Ц.Нямдоржийн бахархалтай байгааг ээ. Суух ёстой хүмүүсийг нь хойно аваачаад суулгачихсан. Юун өршөөх мөршөөх…гээд л. Сонгууль булхайтай болсон уу болсон. Энэ бол нийтэд тодорхой юм ш дээ. Тэгж ард түмнийг доромжилж болохгүй биз дээ. Тэр хорь гучин мянган хүнийг хэн зохион байгуулаад цуглуулчихсан юм. Хар аяндаа цугласан ш дээ. Тэгээд л явж байсан хүмүүсийг цагдаа нар нь хөөж очиж буцааж хуйлруулж авчраад л…зарим талаар улам өдөөн хатгаж ч байх шиг.
-Хөөрхий  тэгээд байр оронгоо шатаалгачихаад одоо өрөвдөлтэй л байгаа юм биш үү?
-Алиа юм ярьцгаах юм. Тэр өдөр хувьсгалт намын байрных нь үүдэн дээр би хүртэл очсон ш дээ. Д.Энхбат, Ж.Батзандан хоёр машин дотроос үг хэлж л байсан. Чулуу нүүлгээд л байсан. Асуудал тиймдээ тулчихаад байхад тэр С.Баяр нь гарч ирээд ганц үг хэлчихэж болно биз дээ. Телевизээр бид бүгд л үзээ биз дээ. Хэрвээ сонгууль булхайтай болсон гэж үзэж байгаа юм бол ахин тоолуулсан ч яадаг юм. Бид бэлэн байна. Айх ичих юм байхгүй л гээд байсан. Тэгээд тэрийгээ л гараад хэлнэ биз дээ. Тэрийг яав л гэж дээ.
-Буудчихвал яах юм?
-Хэн буудах юм. Ард түмэн үү.
-Тэнд чинь тавын таван иргэн буудуулаад үхчихээ биз дээ?
-Тэр чинь онц байдал тогтоосны дараа болсон явдал. Би өдрийн асуудлыг ярьж байна шүү дээ. Тэгээд ч тэр тагнуулын байгууллага энэ тэр нь хамгаалж байдаг юм байгаа биз дээ.

Бидний ярианы эхний хэсэг ийн өндөрлөлөө.
Маргааш түүний санаачилснаар кино болон үзэгчдэд хүрч буй “Нянгар хаданд гарсан нь” киноны нээлт болно.
“Үг- студийн даруухан байр, ногоон цай, mild sewen, дуу хураагуурын жижиг аппараттай…улс төрийн хүрээнийхэн дотор хамгийн хэгжүүн, хамгийн ихэмсэгээрээ зартай нөхрийг ярилцлагын зочноороо урьчихсан миний эрх чөлөөний өдөр…
Би хүссэн зочинтойгоо хүссэн сэдвээрээ ярьсан ч…угаасаа дутуу хагас эрх чөлөөний тухай ойлголттой, дутуу хагас орчинд ажиллаж  байгаа сэтгүүлчдийн нэг гэдгээ энэ өдөр илүү тод мэдэрч, эмзэглэх гэж түүн рүү ирсэн ч юм шиг.
Хүмүүс баярын мэнд хүргэсэн мессеж явуулаад л…манай сэтгүүлчид хүлээн авалт дээр оргилуун дарс тулгацгаагаад л…миний эрх чөлөөний өдөр өө гэж.