Миний өмнө “Эрх чөлөө” сонины 1993 оны хуучин дугаар (№40) байна. Энэ сонин МҮАН-ын хэвлэл байлаа. Монголын Үндэсний Ардчилсан Нам бол одоогийн АН болж нэгдсэн намуудын нэг, уг сурвалжаараа манай анхны сөрөг буюу хоёрдогч нам билээ. 

МҮАН-ын Улаанбаатар хотын намын хорооны дарга Ц.Энхтүвшингийн ярилцлага тэнд гарсан байгаагаас юу нь сонин байна гэхээр, 1990-ээд оны эхээр улс төрийншинэ намууд өөрсдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байсны илэрхийлэл энд харагдана. 

Дөнгөж шинээр хамтдаа мэндлээд байсан хожмоо нэгдэж нийлсэн МСДН(Монголын Социал Демократ нам) ба МҮАН-ын хооронд үзэл баримлалын зөрүү гарч байсан нь ч содон. Олон намын систем тогтоод удаагүй байсан энэ үед МАХН-ын дангаараа үзүүлэх нөлөө үлэмж байсан нь гарчигнаасаа харагдана.

Монголын ууган олон намын төсөөлөл ба өнөөгийн тэдний бодит байдлыгхарьцуулануншихад бас сонин ажгуу.

Мөрөөдөх ба хөгжих нэг хэрэг, харин мөрөөдлөө хамгаалж хөгжих өөр хэрэг ажгуу.

Харин танд юу бодогдох бол?


Description: C:\Users\User\Desktop\ЭрхчөлөөСонин.jpg


НЭГ НАМЫН НОЁРХОЛ ТОГТСОН ЭНЭ ҮЕД...

МҮАН-ын Улаанбаатар хотын хорооны дарга
Цагаандарийн ЭНХТҮВШИН


Улс төрөөр хөөцөлдөх нь

Улс төр гэдэг угтаа эдийн засгийг хөгжүүлэх туйлын зорилготой. Жишээлбэл, нэг хэсэг хүмүүс малыг нийгэмчилсэн нь зүйтэй байсан юм. Тэгвээс бид олон сая малтай болж эдийн засаг хөгжинө гэж ярихад мань мэтийн нэг хэсэг улс; - Үгүй ээ! Малыг малчдад өгвөл мал өсч эдийн засаг дээшилнэ гэнэ. Малыг малчдад гэсэн хэсэг хүнийг «малыг нийгэмчилье» гэсэн хэсэг хүн муучилж байхад бид ч мөн тэднийг тэсч чаддаггүй юм. Биднээс, тэднээс болж эдийн засаг нурж байна гэдгээс үүдэн аль аль маань янз бүрийн хэлбэрээр тэмцэл явуулдаг. Чухам үүнийг улс төрөөр хөөцөлдөх гэдэг. Мэдээж ганцаараа хашгичаад тусыг олохгүй тул санаа нийлсэн хэдтэйгээ дуугаа нийлүүлдэг. Ингэж нийлсэн дуу хоолойг нам гэнэ. Нам нь өөрийн хүсээд байгаа (эдийн засгийг хөгжүүлэх) зүйлээ нэг хоёр гэж дугаарлаад цаасан дээр бичихийг мөрийн хөтөлбөр гэдэг. Энэ хөтөлбөр нь хүн амын дийлэнхийн сэтгэлд нийцвэл сонгуульд яллаа гэдэг. Ингэхээр улс төрийн нам, сонгууль, УИХ-ын суудал гэх мэт том том үгнүүд цөмөөрөө эдийн засгийг хөгжүүлэх гэсэн нэгэн үзүүрт нийлдэг.

Бид улс төрийн гол хүчин зүйл болох эдийн засгийг чөлөөт зах зээл гэсэн тодотгол утгаар тавьдаг учраас эрх чөлөө, эдийн засаг, улс төр гэсэн ойлголтууд хоорондоо ямар холбоотой байдгийг авч үзэх хэрэгтэй. Ер нь дэлхийн түүхийг бүхэлд нь авч үзэхэд жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй үе ховорхон байдаг. Улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн эрх чөлөөгүйгээр удаан оршин тогтнох нөхцөлгүй бөгөөд эдийн засгийн эрх чөлөө нь улс төрийн эрх чөлөөгүйгээр мөн алил оршин байх чадваргүй ажээ. Жишээ хэлэхэд улс төрийн эрх чөлөөний эхлэл болсон Горбачевын гласность, перестройка 1991 оны 8 дугаар сарын эргэлтийн үед амь тасардгийн даваан дээр Ельцин-Гайдарын эдийн засгийн реформист бүлэг аварч гарсан. Өөр нэг жишээ бол, БНХАУ-д Дэн овогтны нээлттэй эдийн засгийн бодлого ард түмэндээ эдийн засгийн эрхчөлөөг тавьж өгчихөөд Тяньанминий талбайд улс төрийн эрх чөлөөний тэмцлийг нухчин дарсан үйл явдал.


Намуудын араншин

Намуудыг явуулж буй бодлого, баримтлах зарчмуудад нь үндэслэж тэднийг баялаг үүсгэгч нам, баялгийг хуваарилагч нам гэсэн хоёр хэсэгт хувааж үздэг. Энэ нь бүр балар цагийн Грекээс эхэлсэн ойлголт бөгөөд баялгийг үүсгэн хуримтлуулах Аристотелийн философи, түүнййг нь хүн бүрт түгээн хуваарилах Платоны философиос гарал үүсэлтэй ажээ. Улс төр-эдийн засгийн ухааны энэхүү хоёр гол зарчим тэр эрт цагаас эдүгээг хүртэл хэлэлцэгдсээр ирсэн гэж бодоход хуримтлуулагч, хуваарилагчийн хоорондын тэмцэл бүхэл бүтэн түүх дамжин үргэлжилсэн байх нь.

Баялгийг үүсгэгч Аристотелийн намуудад Америкийн БНН. Германы Христосын ардчилсан холбоо. Японы Либерал-Ардчилсан нам гэх мэт орох бөгөөд Монголын Үндэсний Ардчилсан Нам өөрийгөө үндэслэн байгуулагч экс намуудынхаа бодлого, зарчмыг үргэлжлүүлбэл Аристотелиэр овоглох бүрэн эрхтэй билээ.

Баялгийг хуваарилахын төлөө Платоны гүн ухааныг дэмжигч намуудад Америкийн Ардчилсан Нам, Германы СДН, Японы Социалист нам гэх мэтчилэн орох бөгөөд манайхаас МАХН, МСДН-ууд энэ хүрээнд багтах байх. Байх гэдэг үгийг миний бие зөвхөн МСДН дээр хэрэглэх гэсэн юм. Платоны баялгийг хуваарилах үзэл санааг МАХН 70-аад жилийн турш үлгэр жишээчээр хэрэгжүүлж Монгол орныг идүүлсэн эрүү болгосон боловч одоо ч жанжин шугамтайгаа зууралдсаар байгаа нь сонин. 

МСДН-ын хувьд хэдийгээр Платоны үзэл санааг дэмждэг ч хуваарилах юмгүй үгээгүй Монголд хуваарилах баялагтай болтлоо баялгийг хуримтлуулах бодлогыг тууштай явуулахаас өөр замгүй учир мөрийн хөтөлбөр, баримт бичигтээ нэлээд болгоомжтой ханддаг болов уу.

Монголын эдийн засаг 90 оны эхээр туйлдан унаж, гүн гүнзгий хямралд орсныг эдүгээ нам-засгийн радио, телевиз, сонин хэвлэлээр “ардчиллаас боллоо”, “Бат- Үүл, Ганболдоос болсон” мэтээр улигладаг нь өвлийн зудад туйлдаж үхсэн малаа хаврын уринаас боллоо гэхтэй агаар нэг юм.

Баялгийг хуваарилах үзлээ тахин шүтсэн МАХН слон арван жил өвөг дээдсийн маань хуримтлуулсан хөрөнгийг үрэн таран хийж, цаашдаа хуваарилах юмгүй шахам болгосон 70-80-аад оноос Монголын эдийн засгийн сүйрэл хөгжлийн зогсонги байдлаар эхэлсэн билээ. Хэрвээ тэр үед МАХН-тай зэрэгцэн МҮАН тэгш эрхтэйгээр оршин тогтнож байсан бол ийм гачланд хүрэхгүй байх байсан. Нэг намын системтэй байсан коммунист системийн бүх орнууд эдийн засгийн уналт, нийгмийн сүйрэлд орсныг одоо бичиг үсэг тайлагдсан хэн бүхэн ойлгож байгаа.

МАХН-ын дангаар ноёрхох эрх мэдэл Монгол орныг сүйрлийн ирмэгт хүргэснийг сайтар ойлгохын тулд зарим нэг тайлбар өгүүлье.

Нэг намын систем олон түмний хэлэлцэж байгууштай өрсөлдөгч улс төрийн хүч, өөр замналыг үгүйсгэдэг учраас байгалийн шалгарлын хууль устаж, нөхөн сэргээх байгууламж нь зогсчээ. Энэ нь нийгмийн хувьд үхэж эхэлж байна гэсэн үг. Гэтэл Монголын коммунистууд социализм бол хамгийн сайн сайхан зүйл мөн бөгөөд түүнийг нь манайхан ойлгож хүлээн авах болоогүй байна. Эсвэл Цэдэнбал алджээ ч гэх шиг үүнийгээ тайлбарлаж, сэтгэлээ тайтгаруулцгаана.

Социализмын зохион байгуулалт нь нийгмийн туст хөдөлмөрт хандахдаа хувийн ашиг сонирхлыг боомилон хааж, зөвхөн амиа аргацааж зайлшгүй хийх ёстой зүйл болгож хувиргасан нь улс төр эдийн засгийн зарчмыг үндсээр нь нураажээ.

Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг өрнүүлэх ёстой байсан бие даасан хувийн аж ахуй, хоршоо, артель, ардын аж ахуйтан зэрэг салбаруудыг устгаж, хангамж үйлчилгээг зөвхөн улсад даатгаж орхисон нь амьдралыг тэтгэн хөгжүүлэгч олон хүчин зүйлийг нэг хэвийн саарал хэв загварт оруулж нийгмийн нөхөн сэлгэх нөөц бололцоо, оршин тогтнох чадварыг алдагдуулсан байна.

Дээр өгүүлснээр нэг намын системийг төрөөс нийгмийг ч, эдийн засгийг ч удирдан зохицуулж, зөвхөн өөрсдийнхөө үзэл бодолд бүхнийг захируулж байх гэсэн харгис дэглэм гэж ерөнхийд нь тодорхойлж болох байна. Иймээс ч эдийн засаг нь төрийнхөө хавсарга байсан нөхдөлд ардчилалд орон зай байхгүйтэй адил юм.

Тэд энэ зохион, байгуулалтаа алдчихгүйн тулд ардчилал, эрх чөлөөний өчүүхэн ч үзэгдлийг нам дардаг дэглэм, механизм, ухуулга сурталчилгааны машинаа байнга ажиллуулж байдаг, ажиллаж ч байна.


Цаашид яах вэ?

1989-1990 оны өвлийн хахир цагаар олон намын систем, хүний эрх, эрх чөлөөний төлөө, Монгол орныхоо улс төр-эдийн засгийн тогтолцоог түүхийн жам ёсны голдрилд оруулахын төлөө МоАХ гарч ирсэн билээ.

МоАХ тэргүүтэй ардчилсан хүч, улс төрийн шинэ, шинэ намуудын тэмцлийн үр дүнд Монгол оронд олон намын систем тогтож, ардчилсан төр, чөлөөт зах зээлийн эх суурь тавигдаж, ямар ч улсын өмнө нүүр улайхааргүй Үндсэн хуультай болсон. Гэхдээ ардчилсан хүчний удирдлагын тактикийн алдаа, тархай бутархай байдлаас болж 1992 оны сонгуулиар ялагдал хүлээсэндээ дүгнэлт хийж, тэмцэж сурах нь бидний цаашдын амжилтын үндэс болох билээ. Нэг намын ноёрхол дахин тогтож байгаа энэ үед бидний явуулж байгаа бодлого уг дэглэмийг баталгаажуулж өгч байгааг эцсийн эцэст ойлгох ёстой. Бидний энэ бодлогыг гагцхүү улс орон, ард түмний өнөөгийн эрх ашиг л ямар нэгэн хэмжээгээр зөвтгөж байж болох юм.

Бид тэмцлээ ялалтанд хүргэж, улс төрийн болон, хууль эрх зүйн аргаар баталгаажуулан ард түмэн, сонгогчдын дэмжлэг итгэлийг олохын тулд өөрсдийн бодлогоо төгс боловсруулж, түүнийхээ мөн чанарыг ойлгуулж мэдүүлсэн байх хэрэгтэй байна. Үүний тулд төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн асуудал болох төсөв, татварын бодлогыг манай намаас хэрхэн явуулах; баялгийг байнга өсгөн нэмэгдүүлэхийн тулд татварын дээд хэмжээ ямар байх; хувийн жижиг дунд үйлдвэрлэл дээр тулгуурлан хэрхэн үндэсний орлогоо дээшлүүлэх зэрэг олон асуудлуудад бид хариулж чаддаг байх ёстой. Үүнтэй уялдуулан манай намаас улс төр-эдийн засгийн бодлогодоо баримтлах зарчмын үндсийн үндэс нь: БАЛАР ЭРТНИИ ЦАГААС ЭДҮГЭЭГ ХҮРТЭЛ АЛИВАА ҮЗЭЛ СУРТАЛ, ХУУЛЬ ЖУРМАНД ҮЛ ЗАХИРАГДАХ ХҮМҮҮН ТӨРӨЛХТӨНИИ ЦОРЫН ГАНЦ НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР БОЛ ХУВИЙН ЭРХ АШГИИН ТӨЛӨӨ СОНИРХОЛ ЮМ. ГАГЦХҮҮ ЭНЭ СОНИРХОЛ ДЭЭР Л ТУЛГУУРЛАЖ БАЙМААЖ НЬ САЯ НИЙГЭМ ЭДИИН ЗАСГИИГ ХӨГЖҮҮЛЖ БОЛНО гэдгийг өндөр хөгжсөн орнуудын туршлага гэрчилж байна.