ЦАГ ХУГАЦААНЫ ЧАНАД ТАЛААС...
Найруулагч Кристофер Ноланы “Од хоорондын аялал” (“Interstellar” 2014) нь кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тооцогддог. Шинжлэх ухааны гүн гүнзгий судалгаан дээр үндэслэгдэн бүтээгдсэнээрээ онцлогтой. Онолын физикч Кип Торн нь киноны бүхий л шинжлэх ухааны тооцоолол, томъёолол, таамаглал дээр нь ажилласан бөгөөд энэхүү туршлагаасаа улбаалан тэрээр “The Science of Interstellar” (“Од хоорондын аялал”-ын шинжлэх ухаан) бүтээлээ туурвисан ажээ.
Найруулагч Кристофер Ноланы “Од хоорондын аялал” (“Interstellar” 2014) кино нь урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тооцогддог. Шинжлэх ухааны гүн гүнзгий судалгаан дээр үндэслэгдэн бүтээгдсэнээрээ онцлогтой. Онолын физикч Кип Торн нь киноны бүхий л шинжлэх ухааны тооцоолол, томъёолол, таамаглал дээр нь ажилласан бөгөөд энэхүү туршлагаасаа улбаалан тэрээр “The Science of Interstellar” (“Од хоорондын аялал”-ын шинжлэх ухаан) бүтээлээ туурвисан ажээ.
Уг кинонд дэлхий цаг агаарын өөрчлөлтөөс болж сүйрч, мөхөхдөө тулсан учир “Эндюранс” хөлгийн багийнхан хар нүхээр дамжин “өтний нүх”-энд нэвтэрч ондоо одны аймагт (галактик) хүрч амьдрал тэтгэгч гарагийг хайж олох даалгаврыг биелүүлэхээр сансрын аянд гарна. Хөлгийн ахмад, нисэгч Күүпер өтний нүх буюу хар нүхэн дотор байхдаа өнгөрсөн цаг дахь охиныхоо бага насанд нь очин дэлхийг аврах томъёог эрж хайн илгээж байгаа нь киноны хамгийн чухаг цаг хугацааны талаарх өгүүлэмж болно. Кинонд хөндөгдөж буй цаг хугацааны тухай ойлголт нь гагцхүү уран зөгнөлийн төсөөлөл таамаглалынх бөгөөд шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл бодит амьдрал дээр хэрхэвч биелэх боломжгүй (боломжтой эсэхийг нь хүн төрөлхтөн нээж батлаж амжаагүй байна) зүйл юм.
Бидний мэдэх цаг хугацаа
Цаг хугацаа хэдийнээс эхлэлтэй вэ? Шинжлэх ухаанжсан ойлголтоор тайлбарлавал 13.7 тэрбум жилийн өмнөх “Их тэсрэлт”-ээр сансар огторгуй бий болж, тэр мөчид цаг хугацаа ч бас мөн адил үүссэн гэж үздэг. Тийм хэдий ч “Их тэсрэлт”-ээс өмнө цаг хугацаа оршин байсан үгүйг хэн ч нотлож чадаагүй юм.
Бидний таньж мэдсэнээр цаг хугацаа нь:
- Цаг хугацаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван ухагдахуунд хамаардаг.
- Харьцангуйн ерөнхий онол ёсоор орон зай, цаг хугацааг хамтад нь орон зай-цаг хугацаа гэгдэх нэгдмэл, дөрвөн хэмжээст орон зай гэж үздэг.
- Цаг хугацаа нь урагш ирээдүй рүү чиглэлтэй учир хүн төрөлхтөн өнгөрсөн рүү аялах боломжгүй зэрэг нийтлэг ойлголтуудаас бүрдсэн шинж чанартай байна.
Цаг хугацаагаар аялах хэлбэрүүд
Херберт Уэлсийн “Цаг хугацааны машин” хэмээх 1895 оны зохиол нь шинжлэх ухааны уран зөгнөлт төрөлд цаг хугацааны машины тухай дурдагдсан анхны бүтээл байв. Үүнээс цааш цаг хугацааны ер бусын зохиомжтой бүтээлүүд олноор төрөн гарах хүчин зүйл болон нөлөөлсөн байна. Цаг хугацааны аяллыг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдэд дүрслэхдээ.
- Өнгөрсөн өөрчлөгдөж буй цаг хугацаа
- Ирээдүйтэй холбоо тогтоогдож буй цаг хугацаа
- Урьдчилан таамаглагдаж буй цаг хугацаа (Deja Vu багтана)
- Цаг хугацааны давтамж буюу эхлэсэн цэгтээ эргэж буцах цаг хугацаа
- Цаг хугацааны хуудас буюу зорчигч санамсаргүй тохиолдлоор цаг үеийн аль нэг хэсэгт зочлох
- Өвөг эцгийн парадокс (Хэрэв зорчигч өнгөрсөнд очоод өөрийн өвөг эцэг болон эмгээ хөнөөвөл энэ нь цаг хугацааны парадокс болон хувирах бөгөөд түүний оршихуй үгүй болох эсэх)
- Ижил цаг хугацааны үед орших ертөнцүүд буюу салаалсан зэрэгцээ ертөнцийн цаг хугацаа
- Хоорондоо зөрүүтэй үеийн цаг хугацаануудын нэгэн цэг дэх давхцал
зэрэг цаг хугацааны уран сэтгэмжийн хэд хэдэн хэв шинжийг түүхэн хөгжлийнхөө явцад бий болгожээ.
Харимхай цаг хугацаа
”Одод хоорондын аялал”-д цаг хугацааны хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоос давсан таамаглалын тав дахь хэмжээсийн тухай өгүүлэгдэнэ. Нисэгч Күүперийг хар нүхэн дотор байх үед нь үл мэдэх учир шалтгааны улмаас бий болсон таван хэмжээс бүхий тессеракт түүнийг дэлхий дээрх гэрийнх нь номын шүүгээтэй холбоно. Күүпер тэндээс охиныхоо багын төрхийг олж харж байгаа нь тэр цаг хугацааг ухраан аялсныг илэрхийлж байгаа юм. Энэ тухай Кип Торн “Утаслагийн онол”-оор авч үзвэл дахин зургаан хэмжээс байх ёстой ч энэ нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд хэтэрхий хүнддэх тул бид “Од хоорондын аялал”-д нэг л хэмжээсийг зохиомжлон нэмж өгсөн. Зүүн баруун, дээш доош, урд хойд гэсэн орон зайн хэмжээс дээр хугацааг нэмээд дөрвөн хэмжээс бүрдэх бөгөөд харин тав дахь хэмжээс нь “гадагш” буюу (харимхай цаг хугацаа ч гэж болно) цаг хугацааг хөндлөн гулд туучих юм” хэмээжээ.
Охины бага ахуй үе нэгэнт ард хоцорсон хэдий ч тэр нууцлаг хүчний улмаас бүтээгдсэн таван хэмжээст ертөнцийн тусламжтай ирээдүйгээс өнгөрсөндөө нөлөөлөн өөрчлөлт хийж дэлхийг аврах томъёог дамжуулж байна. Тийм хэдий ч энэ нь тэрээр цаг хугацааны машины тусламжтайгаар өнгөрсөн он цаг руу биечлэн очиж үйл явдалд оролцдог буюу “Ирээдүй рүү буцсан нь 1985” (Back to the future) мэтийн кинонууд шиг цаг хугацаа руу бодитоор нэвтрэн аялсан гэсэн үг биш юм. Кино урлагт хараахан энэ талаар тоймлосон тодорхойлолт гаргаагүй хэдий ч “Од хоорондын аялал” нь өнгөрсөнд хөндлөнгөөс шууд оролцож өөрчлөх бус (Өөрөөр хэлбэл охин нь Күүперийг өнгөрсөн цагт өөртэй нь харилцаж байсныг тухайн үедээ мэдэхгүй ч аав нь ханын шүүгээний нүдэн дэх бугуйн цагаараа дамжуулж түүнд мэдээлэл өгснийг нь хожим хойно нээж мэддэг.) дам буюу хийсвэр байдлаар нөлөөлж буйг харуулсан кино юм.
“ОД ХООРОНДЫН АЯЛАЛ”-Д АШИГЛАСАН УРАН СЭТГЭМЖҮҮД
1. Өнгөрсөн өөрчлөгдөж байна (Шууд бус дам нөлөөлөл)
Күүпэр тессеракт дотроос өнгөрсөн цаг руу охиндоо хүн төрөлхтнийг аврах томъёоллыг дамжуулж байгаа ч түүнийг тухайн цагийн үйл явдалд оролцсоныг хэн ч тэр үед мэдээгүй учраас цаг хугацааны гажуудал үүсээгүй. Тэрээр тессеракт дотроос л харьцсан болохоос орон зайн хувьд нэвтрээгүйг харуулж байгаа юм.
2. Ирээдүйтэй холбоо тогтоож байна Күүпер тессеракт дотроос;
I. НАСА-гийн газар доорх байгууламжийн байршил
II. “ҮЛД” гэсэн захиас үг
III. Орчлон ертөнцийн БҮХ нэгдлийн томъёо гэх гурван мэдээллийг охиндоо дамжуулдаг. Түүнийг анхлан НАСА-гийн байгууламж руу хэн юуны зорилгоор аваачихын тулд байршлыг нь явуулсныг мэдэхгүй тул мэдэн будилахад нь НАСАийн доктор Брэнд “Тэд чамайг сонгосон учир чи энд ирсэн” хэмээхэд Күүпер “Тэд гэж хэн юм бэ?” гэж асуух ч доктор түүнд хариулахгүй өнгөрнө.
Хожим тэр хар нүхэн дэх тессеракт дотор байхдаа мэдээллүүдийг өөрөө өөртөө илгээснээ олж мэдэх бөгөөд “ТЭД” гэж нэрлээд байсан үл мэдэгдэх нууцлаг хүч нь хүн төрөлхтний хувь тавиланг түүнээр дамжуулан аврах гэсэн ирээдүй хойчийнхон байж гэдгийг ухаарч буй нь “Тэд бол Бид. Би Мурфид (охины нэр) тусласан шиг Тэд надад тусласан… Одоо биш ч хожим дөрвөн хэмжээсээс хальж сэтгэж чадсан хүн төрөлхтөн энэ бүхнийг бүтээх болно…” хэмээж буйгаас тод харагдаж байгаа юм.
3. Хоорондоо зөрүүтэй үеийн цаг хугацаануудын нэгэн цэг дэх давхцал Үүний өмнө дурдсанаас харвал тессеракт дотор Күүпер цаг хугацааны гурван шугам болох өнгөрсөн, одоо болон ирээдүйд нэгэн цэгт давхцан оршиж байгааг илтгэж байна.
Тэр нь:
Өнгөрсөн - Сансрын аянд явахын өмнө охинтойгоо салах ёс гүйцэтгэж буй дурсамж дахь Күүпер
Одоо - таван хэмжээст тессеракт дотор яг одоогийн цаг мөчид оршиж өнгөрсөнтэйгөө холбогдож буй Күүпер
Ирээдүй - одоогийн Күүперээр дамжуулан авралын томъёог илгээхээр тессерактан байгууламжид нэвтрүүлж тусласан “ТЭД” буюу “БИД”.
4. Цаг хугацааны давтамж (дахивар) буюу эхэлсэн цэгтээ эргэж буцах цаг хугацаа
Энэхүү ойлголтыг кино хэлэнд “Time loop” гэж нэрлэдэг. “Од хоорондын аялал”-ын хувьд Күүпер таван хэмжээст ертөнц буюу тессерактан байгууламжаас өнгөрсний өөртөө болон охиндоо мэдээлэл дамжуулахад тухайн өнгөрсөн цаг дахь Күүпер ирээдүйн өөрийгөө гэж мэдэлгүйгээр илгээсэн НАСА-ийн байршлын дагуу очиж сансрын аянд гарахаар болно. Аяллынхаа явцад Күүпер ондоо галактикийн өтний нүхээр дамжин хар нүхэн дотор орж таван хэмжээст ертөнцөөс эргэн өнгөрсний өөртөө мэдээлэл дамжуулна. Өнгөрсөн цаг дахь Күүпер сансрын аянд гарахдаа хар нүхтэй учирна гэх мэтээр энэ үйл явдал нь цаашид тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны нээлттэй гинжин холбоог үүсгэж байгаа юм.
“Од хоорондын аялал” дахь таван хэмжээст тессерактан байгууламж
Үүнээс үзэхүл бид таван хэмжээст тессерактан байгууламж нь Күүперийг цаг хугацааны хувьд хэрхэн яаж охиных нь бага ахуй насанд, орон зайн хувьд гэрийнх нь унтлагын өрөөнд, охиноо орхиж явахын өмнөх яг тэр эгзэгт агшинд аваачив гэдэгт хариулах шаардлагатай болно. Тэрээр энэ мөчид цаг хугацаанаас гадуур буюу бодол болон дурсамжийнхаа ертөнцөд нэвтэрч байна. Эцэстээ “ТЭД” гэгдэх нууцлаг хүчнийхэн нь харийнхан бус хүн төрөлхтөн өөрсдөө байж таардагтай ижил, тессеракт доторхи үйл явц нь ГАДААД сансар огторгуйд бус ДОТООД оюун санааны гүнд өрнөж байна хэмээн тайлж болно. Онолын физикч Кип Торн энэ тухайд “Күүпер тессеракт дотор цаг хугацааны урсгалаас хавьгүй хурдан хөдөлж чадахаас гадна хүссэн цагтаа унтлагын өрөөний аль ч хэсэгт, аль ч хугацаанд хүрч очиж чадна” хэмээснээс харахад Күүпер өөрийн далд ухамсар дахь хүсэл тэмүүлэлтэй шууд холбогдсоноор хүссэн цаг мөчөө өөрийн ухаанаар бүтээн амилуулж байна гэсэн үг. Энэ л таван хэмжээст “харимхай цаг хугацаа”-ны энгийн цаг хугацаанаас ялгагдах гол мөн чанар, онцлог шинж болж байгаа юм.
Ихрийн парадокс
“Од хоорондын аялал”-д дүрслэгдсэн цаг хугацааны бас нэгэн өвөрмөц ойлголт болвоос “ихрийн парадокс” мөн. Альберт Эйнштейний “харьцангуй онол”-д цаг хугацаа нь биесийн хувьд харилцан адилгүй шинжтэй бөгөөд цорын ганц тогтмол хурд нь гэрлийн хурд гэж заасан байдаг. Биет хэдий чинээ хурдан хөдөлнө, түүний хувьд цаг хугацаа төдий чинээ удааширна. Нэг ёсондоо дэлхий дээр амьдарч буй хүн, огторгуйн орчилд сансрын хөлгөөр аялаж яваа хүн хоёрын хувьд цаг хугацаа тэс ондоогоор үйлчилнэ гэсэн үг.
Энгийнээр бол “Дэлхий дээрх ихэр ах дүүгийн нэг нь гадаад сансарт өндөр хурдтай пуужингаар аялаж яваад буцаад ирэхэд дэлхий дээрх ихэр нь түүнээс хөгшин болж хувирна” гэх ойлголт юм. “Од хоорондын аялал”-д Күүпер дэлхийг орхихдоо 33 настай тэр үед Мурфи охин нь 10 настай байсан бөгөөд Күүпер сансраас ирэхэд Мурфи хэдийнэ 86-тай харин Күүпер охиноосоо залуухан 35 настай эргэж ирдэг билээ. “Эндюранс” хөлөг өтний нүхээр дамжин Миллерийн гариг дээр очиход тэнд өнгөрүүлсэн нэг цаг дэлхийн долоон жилтэй тэнцдэг байсан нь Гаргантюа гэгдэх цаг хугацааны тэлэлт өндөртэй хар нүхтэй маш ойрхон байрлалтайгаас нь шалтгаалсан хэрэг юм.
Бүхнийг таньж мэдэх бус өөрөө өөрийгөө таньж мэдэх
“Ертөнц санаанаас (идеа) үүссэн үү? Эсвэл материас үүссэн үү?” ээдрээт асуудлын гаргалгаа бүхий үзэл баримтлал нь субстанци юм. Эртний Грекийн Сократаас өмнөх үеийн философичдоос Фалес “ус”-ыг субстанци гэж үзсэн бол, Пифагор тоог, Демокрит атомыг субстанци шинжтэй буюу бүхний үүсэл гэж үзсэнээрээ энэ асуултад хариулах гэж оролдож байжээ. Хожмоо Иммануил Кант “Субстанци нь хязгаарлагдмал мэдлэгээр олж авч чадахгүй зүйл бөгөөд бид таньж мэдэж чадахгүй байгаа зүйлээ бурханчлан дагадаг” хэмээн үзжээ. Энэ тухайгаа тэр цаг хугацаа, орон зай аль аль нь сэтгэгдэшгүй хийсвэр шинжтэй бөгөөд ертөнц үүсэхээс ч өмнө оршин байсан гэж тайлбарлажээ. “Од хоорондын аялал” дээр хүн төрөлхтөн “ТЭД” гэж нэрлэгдсэн үл мэдэх нууцлаг хүчийг тайлж мэдэх оролдлого хийж байгаа нь энэ үзэлтэй нийцэж байна.
Харин Германы философич Гегель нь Кантын санааг улам боловсронгуй болгож хөгжүүлсэн бөгөөд “Ямар ч субстанци гэж байхгүй. Хүн төрөлхтөн мэдэхгүйгээ мэдэх хүсэлд хөтлөгдөн, үнэнийг олж мэдэхийг чармайж субстанци бий гэж итгэдэг. Мөн чанарын утга учир нь субстанцид бус субьектэд байгаа бөгөөд абсолют (туйлын) оюун санаа руу чиглэнэ” гэж үзсэн юм.
Кино онолч, профессор Тодд Макгован нь “Од хоорондын аялал” кинонд Хегелийн субстанцийн тухай философи агуулагдаж байгааг олж харсан байна. Өтний нүхийг үүсгэн бий болгогч нууцлагдмал эзэд нь харийн хүчнийхэн мэт үл тайлагдах байдлаар өрнөж байсан ч эцэстээ энэ нь Күүпер буюу хүн төрөлхтөн өөрсдөө байсныг олж мэддэг явдал юм. Туйлын оюун санаа нь буй бүхнийг таньж мэднэ гэсэн үг бус өөрөө өөрийгөө таньж мэдэх буюу мөн чанарын эрэлд гарахыг хэлж байгаа ажээ. Күүперийн тессеракт дотор орших боломжийг олж нээсэн нь туйлын оюун санааны илрэл болж байгаа юм. Тэрээр ямар ч гаднын хүчин зүйлийн нөлөөллөөс хальж, цаг хугацаа орон зайтай харилцан үйлчлэлцэн холбогдож байна. Туйлын (обсолют) мэдлэг гэдэг нь оюун санааны эрх чөлөө гэдгийг танихын нэр юм гэдгийг Кристофер Нолан үзэгчдэд тайлж өгчээ.
Сансраас илгээсэн санаа
Профессор Брэнд, Күүперийг НАСАийн нууц байгууламжийг олж ирсэн шалтгааныг нь үл таних нууцлаг хүчээр төлөөлүүлж “Тэд чамайг сонгосон” гэж дурдаж буйгаас үзэхэд ТЭД гэдэг нь эхэндээ хүний оюун санаа болон технологийн чадлаас хол давсан хүчирхэг оршихуйгаар төлөөлөгддөг. “Бид Туйлын (абсолют) оюун санааг алс холоос эрж хайдаг, үнэн чанартаа энэ нь бидний дотор оршиж байдаг юм. Хэдий бидний ухамсарт үүнийг бүрэн дүүрэн илэрхийлэх чадвар дутмаг ч гэлээ…” хэмээснээс нь үзэхэд бид оюун ухаанд мань танигдаж, мэдэгдээгүй зүйлийг субстанци чанартай хэмээн шүтэн эрхэмлэдэг талаархи Гегелийн философийн санаа харагдаж байгаа юм.
Энэ үзэл санаа нь хүн төрөлхтөн Бурханлиг санааг алсаас, дээд тэнгэрээс эрэх хэрэггүйг харуулж байгаа бөгөөд нэгэнтээ онолын физикч Стивен Хокинг энэ талаар “Орчлон ертөнцөд эхлэл байсан гэж бодохдоо бид түүнд бүтээгч байсан гэж боддог. Хэрэвзээ орчлон ертөнц хил, хязгаар үгүй бүрэн бие даасан байдалтай бол түүнд эхлэл ч, төгсгөл ч байхгүй байх ажээ. Тэр зүгээр л оршин байх юм. Ингэвэл бүтээгчид байр үлдэх болов уу?” хэмээн эргэцүүлж байсантай нь бид жишиж ойлгож болно. Төгсгөлд нь энэхүү идеалист үзэл санаагаа бид Профессор Брэндийн охин Амэлиа Брэндийн “Хайр бол хүн төрөлхтний ямар ч бүтээлээс хавь илүү хүчтэй зүйл. Зөвхөн ХАЙР л цаг хугацаа орон зайн гажуудалд өртдөггүй цор ганц зүйл байх” хэмээн хэлж буйгаар нь бататгаж болох юм. Энэ л найруулагчийн бидэнд “Од хоорондын аялал”-аар дамжуулан хэлэх гэсэн санаа, илэрхийлэх гэсэн тэр ТУЙЛЫН УТГА юм.
СУИС-ийн Жүжгийн зохиолчийн ангийн төгсөгч Э.Бүжинлхам
Үндэстний ТОЙМ сэтгүүл.
№ (475-476)
Лхагва
Зочин
Дангаа
Браво
Tugs