Хайнаа хагарлаа
-МАХН САНААНДГҮЙ АМЖИЛТАД ХҮРЧ, АН САНАСАНДАА ХҮРСЭНГҮЙ-
Ямар ч улстөрийн хүчин, албан тушаалтан үл өөрчилж чадах сонголтоо монголчууд хийлээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн ард түмний сонголт замын дунд төөрөөгүй, цаашид төөрчихгүй байгаасай гэдэгт найдах л үлдэв. Энэ удаагийн сонгууль зарим хүний хувьд 2004 оныхтой адил санаандгүй үр дүн авчрав. МАХН санаандгүй амжилтад хүрч, АН санасандаа хүрсэнгүй. Тус нам маргаантай тойргуудад дахин санал тоолох шаард лага тавиад байгаа. Саналын хуудсыг дахин тоолох нь сонгууль шударга боллоо, луйвар боллоо гэх маргааныг хагалах аргуудын нэг мөн. Бидний жишээ болгох дуртай АНУ-аас эхлээд ардчилал өндөр хөгжсөн зарим оронд саналын хуудсыг дахин тоолж л байдаг. Хэрвээ МАХН сонгуульд шударгаар ялсандаа итгэлтэй байгаа бол санал хураалтыг дахин тоолууллаа гээд муудахгүй. Харин ч ялалтаа давхар баталгаажуулна. Гэхдээ хуурамч хуудсыг хайрцагт олноор хийсэн гэдэг АН-ынхны таамаг үнэн бол саналын хуудсыг хэд ч тоолсон өнөөдрийн үр дүн өөрчлөгдөхгүй. АН-ын хувьд луйвардуулсан гээд байгаа сонгуулийнхаа дүнг харин ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн болно. Тийм учраас сонгуулийн үр дүнд гомдолтой яваа АН-д үлдэж буй ганц гарц нь дахин сонгууль явуулах. Гэтэл тэдэнд толгойн шинэ өвчин нэмэгдсэн. МАХН-ын байрны өмнө болсон хүчирхийллийн дараа явуулсан сонгуульд АН өнөөдөр аваад байгаа 27 суудлаа ч хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ онц байдал нэртэй, хагас ардчилал бүхий энэ өдрүүд удаан үргэлжилбэл олны дургүйцэл харин МАХН-д аажмаар шилжиж, хүчирхийллийн дараахь АН-ын үнэгүйдэл саармагжиж магад.
Хамгийн чухал нь Монгол Улс эрхзүйт төртэй нь үнэн л юм бол сонгууль шударга, эсвэл луйвар болсон эсэхийг хуулийн хүрээнд эрх бүхий байгууллага нь эхлээд тогтоох учиртай. Үүний дараа санал дахин тоолох, дахин сонгуулийн тухай ярих нь шударга ёсонд нийцнэ. Түүнээс бус АН-ынханд, иргэний хөдөлгөөн сонгуульд бэлтгэж байгаад зорьсон саарал ордондоо орж чадаагүй, санасан суудалдаа сууж чадаагүй хэдэн залууст сонгуулийн дүн таалагдаагүйн төлөө дахин сонгууль явуулах, саналын хуудсыг дахин тоолох нь жинхэнэ шударга бус явдал болно.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг эцэслэн албан ёсоор зарласан зарлаагүй 2008 оны УИХ-ын сонгуулийн ерөнхий хана нэгэнт гарлаа. Тиймийн учир саналын хуудсыг ахин тоолсон, тоолоогүй энэ удаагийн сонгуулийг тойруулж зарим дүгнэлт хийж болж байна.
Хэрвээ сонгууль шударга болсон нь батлагдвал нэг лидерийн нэр хүндээр бүхэл бүтэн улстөрийн нам сонгуульд ялж болдгийн амтыг МАХН мэдэрлээ, үзлээ. Тус намын хувьд энэ удаагийн сонгуулийн гол тактик 2004 оныхтой ерөнхийдөө төстэй байв. Хүрсэн үр дүн нь л өөр өөр байлаа. МАХН 2004 онд Н.Энхбаярыг сонгуулийн туг болгож ороод 72 суудлаа 38 болгосон бол энэ удаа С.Баяраар бамбай хийж сонгуульдаад 38 суудлаа дөч хол гаргаж чадлаа. Одоогоор УИХ-ын 76 суудлын 46-д МАХН, 27 мандатад нь АН ялалт байгуулаад байна. Ингэснээр хоёр том нам болох МАХН, АН-ын 2004 оны сонгуулийн хайна хагарч, ялалтынхаа төлөөсөнд намын байраа галдан шатаалгасан “ах” намынхан парламентад албан ёсны олонхи болох боломж бүрдэв. АН ч “зөвлөл” гэх хачиргүйгээр хуульд заасан албан ёсны цөөнх боллоо. АН нэр дэвшүүлэлтийн бодлого дээр алдаа гаргасныхаа горыг амсав. Орон нутагт цөлөгдөж, тухайн тойргийнхны хэрэггүй гэж үзсэн Да.Ганболд, Б.Дэлгэрмаа, Д.Дорлигжав, К.Сайраан нарыг намын бодлогоор хотын тойрогт нэр дэвшүүлсэн бол тэд өнөөдөр ялалтын мэдээ, баярын цэцгэнд умбаж суух байлаа. Сонгуульд ялагдлаа гээд тэд лааз өшиглөхгүй нь тодорхой ч, Монголд хэрэгтэй тэднийг дөрвөн жил төрийн гадна үлдээсэн нь энэ удаагийн сонгуулийн харамсал юм.
Сонгуулиар зөвхөн МАХН 2004-2008 оны гавьяагаа үнэлүүлсэн гэвэл өрөөсгөл. АН ч энэ цаг хугацаанд үнэлэгдэх гавьяатай. Магадгүй МАХН-аас ч илүү байж мэдэх. Тэгээд яагаад ардчиллынхан ялагдал хүлээв ээ гэвэл Монголын улстөр “МАХН ба бусад нам” гэж хуваагддаг хандлага ерөнхийдөө хэвээр байна. Энэ нь өнгөрсөн үйл явдлаар ч баталгааждаг. АН 1996 оны сонгуульд олонхи, 2004 оны парламентад бараг олонхи болсон. Тэр бүрт ардчиллын төлөөх намууд АН-ын туган дор эвсэн нэгдсэн. Энэ жилийн сонгууль бол АН-ын хувьд нэг суудал авсан 2000 оныхтой адил дангаараа орсон хоёр дахь сонгууль нь. 2004 оны парламентад бараг олонхи болж байсан сонгуулийн нэг субъект өнөөдөр буюу 2008 оны сонгуульд АН, ИЗН, Эх орон, Үндэсний шинэ нам гэж дөрөв тасарч, хоорондоо өрсөлдөв. Тэр хэрээр ардчиллынхны санал хуваагдлаа. Багцлах ёстой соногчдынхоо саналыг ардчиллынхан өөрсдөө нэг биш, дөрвөн сагсанд хуваасан нь олон тойрогт ялагдал хүлээхэд хүргэлээ. Түүнээс бус, СЕХ-ны мэдээг харвал МАХН Монголын улстөрд багцалдаг 40 хувийнхаа л рейтингийг цуглуулжээ.
Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн ирээдүйд байгалийн баялгаас хуваарилах хишиг нэртэй 1.5 сая, нэг сая төгрөг дээр өрнөж, тооны илүүгээр МАХН ялж, олон жижиг нам, бие даагчидтай саналаа хувааснаар АН ялагдал хүлээлээ. Цөөнх болгосноор Монголын ард түмэн АН-д асар их хариуцлага үүрүүллээ. Өнгөрсөн сонгуулиудаас харвал МАХН ч, АН ч сөрөг хүчин байж үзсэн. Түүхэн үнэн гэвэл 1996-2000 онд МАХН гацаах, 2005-2008 онд АН бүтээлч талдаа сөрөг хүчин байсан. Тийм учраас ард түмэн сөрөг хүчнээр гацаадгийг бус, бүтээлчийг нь сонгосон байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, тооны олон цөөндөө бус, хүчтэй сөрөг хүчин байх чадвар, туршлага АН-д илүү гэж үзэж сонголтоо хийсэн сонгогчид хэдэн мянгаараа байсныг хэн ч таашгүй.
Сонгуулийн нэг үр дүнд олзуурхах, эс олзуурхахаа сайн мэдэхгүй байна. Өмнөх долоон намын төлөөлөлтэй парламентыг гурван нам /МАХН, АН, ИЗН/, нэг эвслийн /Иргэний эвсэл/ бүхий төлөөлөлтэй УИХ залгамжлах нь. Үүгээрээ ард түмэн энэ удаа Монголын улстөр дэх тохиолдлыг ямар нэгэн хэмжээгээр цөөрүүлж чадлаа. Чухамдаа 2004-2008 онд олонхи болсон эвслийг тохиолдлууд задалж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг жижгүүд огцруулж, М.Энхболдын танхимыг мөн л жижгүүд үнэгүйдүүлсэн атлаа эцсийн хариуцлагыг том намууд нь үүрсэн. Харин энэ удаа жижгүүд парламентаас шахагдсанаар “эрхий хуруу”-гаа сайдын суудлаар үнэлдэг жишиг ирэх дөрвөн жилд ямар ч гэсэн гарахгүй сайн талтай. Олонхи, цөөнх хамтаараа УИХ-ын нэг суудлын барьцаанд ордог түүх ард үлдэв бололтой. Үүгээрээ Монголын улстөр хоёр намын тогтолцоо руу эрчимтэй явж эхэлж байж ч мэдэх. Гэхдээ өмнө нь 62-ын бүлэг гэх зэргээр эвсч хуйвалдаж байсан туршлагатай МАХН, АН-ыг давхар хянах гуравдагч хүчин парламентад бараг л үгүй боллоо. Хоёр том намын аль нэг нь хуульд заасан олонхи болох нь хүчний харьцаа тэнцүү байснаар илүү дээр гэдгийг өнгөрсөн хугацааны улстөрийн амьдрал бидэнд мэдрүүлсэн билээ. Хоёр бух мөргөлдөж байгаа юм шиг тулаад зогсчихсон хүчний харьцаа тэнцүү парламентыг албан ёсны олонхи цөөнхтэй болгосон нь энэ сонгуулийн бас нэг давуу тал. Улс орны хөгжил удаан, будлиу ч гэсэн урагшаа явах нь зогсч байснаас хавьгүй дээр шүү дээ.
Ямар ч гэсэн 2008 оны сонгууль тус бүр 100 гаруй мянган гишүүнтэй гэх атлаа боловсон хүчний бодлого нь бүлэглэлд хуваагдсан цөөн хэдхэн хүнийг тойрч эргэлддэг нь явуургүй болж байгааг МАХН, АН-д санууллаа. МАХН, АН-ын араас жагсах гуравдагч хүчний улстөрийн орон зай Монголд байхгүй, харин эвсч нэгдээд тэдэнтэй нэг, хоёрдугаархийг булаацалдах шаардлагатайг жижиг гэх намуудад ойлгуулах шиг боллоо. Ялагдал хүлээсэн зарим хүний улстөрийн карьерт цаг хугацааны эрхээр цэг хатгалаа, 2008 оны сонгууль.
УИХ-ын сонгууль дууссанаар Монголын улстөрийн халуун өдрүүд эхэлж байна. Хуягттай цэрэг, буутай цагдаагаар мануулж сонгуулийн албан ёсны дүнг сонсч байсан түүх Монголын ард түмэнд байсангүй. Онц байдлыг цуцалсны дараа УИХ-ын гишүүний суудлаар дамжиж сайдын суудал руу мацах, ялсан ялагдсан, намын суудал алдсан алдаагүй хамаагүй төрийн албанд очиж сонгуулийн шархаа нөхөх их тулаан эхэлнэ. МАХН доторхи бүлэглэлийн тэмцэл, нам дотроо парламентын олонхи болсон “Алтан гадас”-ынхан, бас Ерөнхийлөгчийн сонирхол ч шинэ Засгийн газрыг тойрч эргэлдэнэ. УИХ-ын дарга, бүлэг бүрээс сонгогдох парламентын хоёр дэд дарга, Ерөнхий сайдын суудал шинэ парламентаас эзнээ хүлээж байгаа. Хэрвээ Засгийн газрын гишүүдийн гуравны нэг ч юм уу, тодорхой хувийг УИХ-ын гишүүн байж болохыг хязгаарласан хууль батлахгүй бол бүх сайдын суудлын өрсөлдөөн парламент дотор ч өрнөнө. Хэдийгээр одоогийн эрх баригчид засаглалаа үргэлжлүүлэх ч, Засгийн газрыг байгуулах гэж бага орон зайд сонгуультай дүйцэхүйц их өрсөлдөөн өрнөхийг үгүйсгэхгүй. Харин Ерөнхийлөгчийн зарлигаар хуралдах шинэ парламентын анхдугаар чуулган хэзээ бол гэдэг нь олныг хүлээлтэд орууллаа.
Хуулиар бол УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57 нь оролцож байж анхдугаар чуулган хуралдаж гишүүд тангаргаа өргөх учиртай. Хэдийгээр олонхи болсон ч МАХН дангаараа анхдугаар чуулганы ирцийг бүрдүүлж чадахгүй. Тийм учраас сонгуулийн дүнгээр МАХН, АН-ынхан ойлголцсоны дараа л анхдугаар чуулган хуралдах нь.