Монголчуудын сагсалзсан занг дарахгүйгээр метро хөгжихгүй!
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж манай Ганхүү депутат ярьжээ. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байжээ. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан гэж байна. Би бас тэгэх гэж энэ нийтлэлийг бичээгүй гэдгээ учирлая.
ярилцсаныг сөргүүлж хэлэх хэдэн тайлбар
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж манай Ганхүү депутат ярьжээ. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байжээ. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан гэж байна. Би бас тэгэх гэж энэ нийтлэлийг бичээгүй гэдгээ учирлая.
Метро байгуулснаар замын түгжрэл, утаа униар, авто осол буурна гэдгийг би хүлээн зөвшөөрөхийн цаагуур зөвшөөрнө. Хорт хийг 18 хувь хүртэл бууруулах тооцоо гарсныг сонсоод, төв замаар автобус, троллейбус, бага оврын автобус явуулах шаардлагагүй болно гэхлээр нь би хязгааргүй баярлаж байна. Мөн 150 мянган монгол иргэн ажлын байраар хангагдаж, олон аж ахуйн нэгжүүд шинээр бий болж, нийслэлийн төсөвт жилд 250-260 сая ам.доллартай тэнцэх татварын орлого орно гэхлээр баярлахгүй хэн байх билээ дээ, тийм ээ Ганхүү ээ? Нэг үгээр бол би “Метро” төслийг дэмжихийн цаагуур дэмжинэ. Очсон газар бүртээ метрог нь үзэж сонирхож, бүр шүтэж явсан хүний нэг нь би байна.
2020 он гэхэд монголчуудын, тэр дундаа нийслэлчүүдийн сэтгэхүй ямар болсон байхыг одоо хэлж таашгүй. Гэхдээ одоогийн 2013 оныхоосоо хол тасраад хөгжчихсөн байна гэдэг юу л бол? Шилжилтийн үеэ дуусгаагүй, маш удаа шилжиж яваа ард түмэн шүү дээ бид. Сэтгэхүй талаас нь би ярьж байна. Холын жишээ татахгүй ердөө хэдхэн сарын өмнөх жишээ байна. 2012 оны намар. Төрийн албан хаагчдыг албандаа хувийн машинаараа бүү очоо, нийтийн тээврээр ирж буцаж байгаач хэмээн нийслэлийн удирдлагууд мөн ч их уриалан дуудсан даа. Санаж байна уу? Уриалга хэрэгжсэн үү? Нийтийн тээврээр хэн зорчсон юм бэ? Нийслэлийн төвд буй төрийн яамд, албан байгууллагуудын ажилтан албан хаагчдын хичнээн хувь нь автобусаар (троллейбусыг ярихаа больё) зорчоод, замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулчихсан юм бэ? Тооцоо судалгаа байна уу?
Сэхээтэн царайтай, гонжоомтой нэг нөхрийг автобусанд яваад ороход эвэртэй туулай үзсэн аятай хөл толгойгүй сонжиж гайхдаг араншин яг хэвээрээ. Энэ автобус гэдгээр чинь тэтгэврийн хөгшид, оюутан, ажилгүй, шуудай үүрсэн, ядуу золбин, мөнгөгүй согтуу иргэд л зорчсоор байгаа. Худлаа гэж үү? Төрийн яамдын түшмэд ичиж нэрэлхээд, бас хувцсаа хиртүүлэхгүй, гутлаа баллуулахгүй гээд энэ нийтийн тээвэрт чинь суудаггүй юм шүү дээ. Тэд хөлсний таксигаар л жирийлгээд байх нь тэр. Сэтгэхүй нь тэгээд төлөвшчихсөн. Бүр эргэлтгүйгээр шүү!
Нийслэлийн шинэ удирдлага 7 хоногт зорчдог машиныг дугаараар нь хязгаарлаад, нийтийн тээвэрт суу гэж ятгаад ятгаад хотын түгжрэл багассан гэхээс зогссон уу, эрс буурсан уу? Энэ хэдэн сард зэрэгцээд худалдагдсан, гаднаас оруулж ирсэн машин гэвэл ёстой толгой эргэм тоо гарна. Хувийн машины тоо гэрлийн хурдаар өсч байна. Машин зардаг ил далд захууд хүрээгээ тэлсээр байна. Машин монголчуудын гангараа хэвээрээ байна. Худлаа гэж үү?
Хүлэг морь шүтэх сэтгэхүйгээс үүдэлтэй “Хөл дүүжлэх унаа” гэх энэ сүргийн сэтгэхүйг арилгаагүй цагт метро хөгжинө гэх итгэл надад алга. Унаж яваа машинаараа гангардаг, өрсөлддөг, сагсалздаг монгол занг үгүй хийгээгүй цагт шүү дээ! Мөнгө нь ихэдсэн нэг гэр бүлд хүний тоогоор жииптэй болчихсон айлууд тоймоо алдаж байгаа одоо цагт метрогоор тэд зорчино гэж үү?
Баахан зардал гаргаад метро байгуулчихдаг бас л тэтгэврийн хөгшид, оюутан, ажилгүй, ядуу золбин, мөнгөгүй согтуу иргэд зорчигчдын олонхи нь болчихвол хэн зорчих вэ? Хүйтрэхээр нийслэл хотын траншейнуудад өвөлждөг маш олон иргэд манайд байгаа. Тэд 2020 онд алга болоод дуусна гэх тооцоо байхгүй. Тэд маань газар дорхи нөгөө хот руу чинь явж орно доо. Өвөлжих сайхан байр бэлтгээд өгч байгаа нь тэр.
Хэрэв бид метро хөгжүүлье гэвэл юуны өмнө монголуудын сагсалзсан, цамаан занг дарах хэрэгтэй. Аж ахуйн ажлыг хийх нь мэдээж, сэтгэл зүйн маш том кампанит ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Автомашинаараа гангардаг, гайхуулдаг, өрсөлддөг монгол занг үгүй хийх хэрэгтэй. “Хөл дүүжлэх унаа”-ны нэр хүндийг навс унагах хэрэгтэй. Төрийн түшээд, сайд дарга нараасаа эхлээд бүгд нийтийн тээврээр явж хэвших хэрэгтэй. Хорь гаруй жил нийтийн автобусанд сууж үзээгүй яваа иргэдийн тоог эрс цөөлөх хэрэгтэй.
Шведийн Ерөнхий сайд Улоф Пальме гэж эгэлгүй нэгэн байв даа. Нийтийн орон сууцанд сууна, ажилдаа нийтийн тээврээр ирж очно. Гудамжинд явган явна, эхнэртэйгээ зах хэснэ. Хөөрхий тэр нь хэтрээр эхнэртэйгээ кино театрт кино үзэхээр олон хүнтэй чихэлдэж яваад нэг мусульман нөхөрт алуулчихсан. Тэгэхээ больё л доо. Ядаж НИТХ-ын төлөөлөгч Та нар минь 2020 оныг хүлээлгүй яг одоо автобус, троллейбус, бага оврын автобусаар зорчицгоо! УИХ-ын эрхэм гишүүдийг тэг гэж уриалцгаа! Тэгж үлгэрлэж байж л нийтийн тээврийн (мөн метроны) нэр хүнд өснө шүү дээ!