Үүрийн туяа гийж, тогорууд уянга төгөлдөр сэрэх үес дорнын номин талд наран авхай тэнгэр, газрын завсраас ургалаа. Мандах нарны өнгө нь зүйрлэх аргагүй чамин, зөөлөн шаргал цацраг нь дүрслэх аргагүй уран, шиврээ бороонд сэргэсэн толгодын шүлтэм үнэр ханах аргагүй нандин. Өвөгтийн анир, голын шивнээ, нялх цэцэгсийн үнэрт сэрэхийн жаргалыг онож хэлэх үг эс олдох. Майхнаас минь саахалтын дайд өвөгтийн сүрэг гунхалзан солбилдож, голын урсгалд буурал галуу, хошуу галуу, гэзэгт нугас, хурган шунгуур тэргүүтэн хөвж, цаана нь ганц нэг халбаган хошуут тонголзож харагдах. Боролзой болжмор, дөлөн цэгцүүхэй жиргэж, алсад хөхөө хөг нэмнэ.

Зүүнтэйгээс хос өвөгт гол руу чиглэв. Тэд нэг амсхийж, нэг тонгосхийж, бас түшилцэсхийж алхална. Би ч майхнаасаа сэмхэн сугарч, тэднийг дурандаа оруулж дагав. Нөгөө хоёр гол дотор тонголзож байснаа эрэг дээр цувран гарч салхи сөрөн бүжиж эхлэлээ. Тэр хоёр дээр нарны тусгал театрын тайзны гэрэл шиг таарсан нь азтай. Тэрхэн мөчид хос хоёр “танго” -дов. Тэд цэнхэр торгон нөмрөг, хар дурдан алчуураар гоёсон юм шиг харагдах. Эргэн тойрны шувуудын анир, жиргээ найрал хөгжим лугаа уянгалаг сонсдоно. Амьд байгалийн гайхамшигт зохицол. Хайр гийсэн хос харц нь нэн жаргалтай, өвөг цагаан залаа нь үл ялиг цацраастай, зогдор лугаа хар өдний үзүүр нь намираастай, гоолиг чилгэр хүзүүн бие нь уян налархай, урт савхан хөлийн тавьц нь үнэн донжтой. 

“Танго”

Тэрхүү “тогоруун танго”-ноос хойш өвөгт тогорууг миний бие цэнхэр торготой шидтэн гэж өхөөрдөх болсон юм. Энэ шидтэн манай оронд хавар ирж, намар үрсээ дагуулсаар өмнөд рүү оддог. Олон төрлийн тогоруудаас хүн, мал хоёрт илүү ойрхон оршдогоороо онцлог. Гэхдээ хүн, малын хөлөөс зайдуу хайргатай сайр, халцгай хонхор, бут сөөг, бөөрөг дунд ил өндөглөдөг сонин жигүүртэн. Өөрөөр хэлбэл, үүр засдаггүй гэсэн үг. 

Гэхдээ эхлээд өндгөө, дараа нь ангаахайгаа, тэгээд дэгдээхэйгээ өдөр, шөнөгүй манана. Үнэг, хярс, мануул, элээ, хэрээ мэтийн хулгай зэлгийнээс харамлана. Малын хөлөөс сэрэмжилнэ. 

“Үүргүй баатар”

Өвөгтийн хувьд ил газар төрж, торнидог “баатар” үрсээ өсгөж торниулах нь амаргүй. Харин түүнээс бусад төрлийн тогорууд үүр засч өндөглөдөг. Энэ тухай азнаж манай оронд ирж зусдаг тогоруудын тухай товч өгүүлье. Тэдний дотроос цaгаан тогоруу нэн ховор шувуу.


“Танан цагаан”                                                                               “Танан, цэн хоёр” 

Түүнийг зориуд эрж олохгүй бол тааралдах нь ховор, манай оронд. Энэхүү өндөр гоолиг биетэй, танан цагаан зүстэй, гадас ягаан хөлтэй, хуван шар нүдтэй тогоруу бээр Энэтхэгийн хойд, Хятадын өмнөд нутагт өвөлжиж, Оросын Сибирьт зусдаг бөгөөд зуны улиралд манай Хэнтийн зарим голын сав, нууранд цөөхөн үзэгддэг. Тэд амьдралаа үнэнчээр хосолж туулдаг, эвсэлцэхдээ нэн уран, үрсдээ машид элгэмсэг гэж судлаачид өгүүлжээ. Америкийн судлаач Александр Хюмь энэ тогорууг “Лусын дагина” гэж нэрлэсэн байна. Манайхан цагаан тогоруу л гэдэг. Түүний эрэлд бэдэрч явахдаа цэн тогоруутай наадаж байх ховор агшинтай таарсан юм. 

Танан цагаанаас гадна ганган хар тогоруу бас байх. Хэнтий, Дорнодын зарим гол мөрөн, нууранд цөөхүүлээ ирж зусаад Япон, Солонгос, Хятадын зүүн нутаг, мөн Тайвань руу нүүж өвөлждөг. Ихэнх сүрэг нь Сибирьт зусдаг гэнэ. 



“Хар сувдан гурвуул”                                                                    “Хөөрөх урлаг”

Харин шинжлэх ухаанд тэмдэглэгдсэн латин нэрийг сөхвөл “Grus” гэдэг нь тогоруу, “Monacha” гэдэг нь гэлэнмаа гэсэн үг санж. Учир нь цагаан юүдэнтэй хар хүрэн орхимж өмсчихсөн мэт харагдах учраас түүнийг гэлэнмаа тогоруу гэсэн домогтой. 

Англи хэлэнд ч түүнийг юүдэнтэй тогоруу гэдэг байна. Гэхдээ тэднийг хар сувдан тогоруу гэж гоёмсог нэрлэмээр. Хүзүү, толгой нь чандаган цагаан. Магнай, нүдний ухархай нь хар бөгөөд зовхиныхоо дээгүүр улаавтар нүцгэн арьстай, нүд нь бор шаргалдуу, хошуу нь цайвар ягаан агаад хөл, сарвуу нь хар саарал. Нэлэнхийдээ хар зүстэй. Эр, эм хоёрын зүс царай нэн төстэй, гэхдээ эр нь арай илүү чацтай. 

Сонирхолтой нь хар тогоруу, хархираа тогоруу хоёр эвсэлцэж эрлийз дэгдээхэй хөтлөсөн цөөнгүй тохиолдол Японд бүртгэгдсэн гэнэ. 

Хархираа тогоруу бээр гол төлөв өмнөд Хятадаас, заримдаа хойд Африкаас манай Алтай, Хангай, Хэнтий болоод дорнын тал нутагт ирдэг. Ихэнх нь хойд ба зүүн Европ, баруун Азид зусдаг, тэндээс өмнөд Европ, Африк руу нүүж өвөлждөг гэж бичжээ. 

“Үдшийн тонголзоо”

Хархираа бол лагс биетэй, өргөн хондлойтой, бүдэгхэн ягаан саарал хошуутай бөгөөд нүүр, эрүү, хоолой, хүзүү нь хар бэхэн өнгөтэй, зулай дээрээ нүцгэн улаан арьстай, улбардуу шар нүднийхээ араас шилэн хүзүүгээ дагасан тод цагаан судалтай тогоруу. Өнгө зүсний гайхалтай хослол. Тэднийг зэрвэс харвал цайвар саарал тэрлэгтэй юм шиг санагдах. 

“Хээнцэр”

Хархираагаас ч өндөр, том биетэй алаг буюу япон тогоруу гэж бас нэг үзэсгэлэнт жигүүртэн манай зүүн хязгаар, хил орчмын нутгийг дайрч хонож өнжөөд л оддог. Дэлхийд ховор тогорууны нэг бөгөөд нийт 2000 орчим тоотой, түүнээс хагас нь Японд өвөл, зунгүй суурин нутагладаг. Үлдсэн хэсэг сүрэг нь хойд Хятад, Оросын Сибирьт зусч, зүүн Хятад, хойд ба өмнөд Солонгос руу нүүж өвөлждөг аж. Хоёр Солонгосын хилийн завсар цэрэг хамгаалалттай бүс тэдний хувьд диваажин гэдэг. Учир нь тэнд айж ичих аюулгүй.

Японы Хоккайдо арлын уугуул иргэд энэ тогорууг “Намгын бурхад” хэмээн шүтэж ирсэн уламжлалтай. Япончуудын хувьд алаг тогоруу бол хайр дурлалын шүтээн, урт удаан наслахын бэлэг тэмдэг аж. 

“Хайрын шүтээн” (Күширо арал)

Зулай дээрээ бараг алга дарам том нүцгэн улаан арьстай учраас англи хэлэнд улаан залаат нэртэй, тэр нь үржил эвсэлцлийн үед улам тодорч час улаан харагддаг. Толгой, хүзүү, далавчны угийн дэвүүр, хөл нь хилэн хар, дагз болоод их бие нь сүүн цагаан өнгө хосолсон алаг зүстэй болохоор манайхан алаг гэжээ. Алаг тогоруу болбоос зургаан ханатай гэрийн тэрэмтэй бараг чацуу өндөр, хос далавчны дэлхэц нь бүтэн хагас алд урт. Амьдын жин нь бараг нялх тугалынхтай дүйхүйц гэнэ. Энэ ховор шувуутай Монголдоо эдүгээ хүртэл тааралдах аз тохиогүй л явна. 

Алагаас давах үзэсгэлэнтэй тогоруу бол цэн. Бурханы урлангаас төрсөн ховор нэгэн бүтээл.


“Дэгжин харц”                                                                 “Хослохын жаргал”

Тэр биеийн чац, нуруу туруу, жин даацын хувьд алаг тогоруунаас эс дутна. Эд манай зүүн нутаг, зүүн хойд Хятад болоод Оросын Амур ба Уссурь мөрний сав газар зусч үрждэг. Тэндээс Японы зүүн этгээд, өмнөд Хятад ба Тайвань руу очиж өвөлжинө. 


“Үзэсгэлэнт”                                                                     “Өндөг дарах цаг”

Цэн тогорууны царай зүс, түүний өд сөдний өнгө толионы нарийн ширийнийг тоочих аргагүй ганган. Шав шар дугираг нүд нь үртэсний чинээ тас хар цөцгийтэй, шулуун шовх хошуу нь шаравтар туяатай, савхан нарийн шилбэ нь бүдэг ягаавтар гээд л муйхар миний үгсийн сан шавхагдах. Цэн гэдэг үгийг ухаж үзэхүл үнэ цэнтэй ховор зүйл, чухаг хэрэгцээтэй эд, ховор нандин юмс гэх утгатай аж. Цэн тогоруу гэсний учир нь энэ. Түүний ховорыг ойлгуулах гэсэн эртний монгол ухаан, хайрлаж хамгаалах уламжлалт соёлын илрэл. Харин англи хэлэнд бол зүгээр л цагаан хүзүүт тогоруу гэх. Амьд байгальтай харьцах соёлын ялгаа энд харагдана гэвэл дэгсдэхгүй болов уу. 

Цэн тогорууг шашинд сүжигтэй, уул усанд шүтлэгтэй шувуу гэж миний бие итгэдэг. Балданбэрээвэнгийн хийдийн зүүн биед ургамал цэцэг, ус намаг, энх амгалан бүрдсэн орчинд ирж өндөглөж зусахдаа бурханы номын дуу, мөргөлчдийн залбиралын хөгийг таашаан сонсох дуртай нэгэн хос байдаг. Хэдэн жилийн өмнө Дарьганга нуурын зэгсэнд хос цэн намаржиж байхыг олж үзээд алс нүүдэлд мордохынхоо өмнө Шилийн богдоос эрч хүч, од хийморь хүртэж байна даа гэж бодож суусан юм. 

Тогорууд голдуу ургамлын үр, үндэс, жимс жимсгэнэ, хорхой шавьж, загас, мэлхий, шанаган хорхой зэргээр хооллож, зарим нь тариан талбай бараадаж идээшлэдэг. 

Тэд гол төлөв хоёр өндөг төрүүлж, гуч гаруй хоног дардаг боловч зөвхөн нэг нь л эсэн мэнд өсч бойждог гэж судлаачид тэмдэглэжээ. Үржилд таван нас хүрч байж ордог бөгөөд байгаль дээр 20-30 насладаг. Гэхдээ гэршүүлсэн нэгэн цагаан тогоруу 83 насалсан тухай түүх үлджээ. 

Тогоруудад янз янзын дайсан мундахгүй, энэ орчлонд. Гэхдээ хамгийн аюултай, ихээхэн зэрлэг, шуналтай нь хүмүүн. 

“Үргээлт”

Тэд үр садаа аюулаас хамгаалахын тулд сүржин дүртэй хатирах, өд сөдөө өрвийлгэж сүгсэлзэх, далавчаа бүтэн дэлгэж явгалан давшихаас гадна дайсан этгээдийн анхаарлыг сарниулахын тулд хоёр далавчаа хүнхэрлэж дэвэх, эсвэл өрөөсөн далавчаа гэмтээсэн мэт дүр эсгэж “жүжиглэх” аргатай. Жүжиглэх, бүжиглэх нь хоёр өөр үйлдэл. Тогоруудын бүжиг бишрэм гоё. Хүмүүн ч, тогоруу ч жаргалтай үедээ л цэнгэн бүждэг. Жаргалтай тогоруудын царай зүс нь өнгөлөг чамин, дуу хоолой нь уянга төгөлдөр агаад явгалах, нисэх нь хүртэл уран бүжиг. 

Тэд нүүдэлчин монголчуудын энэрэнгүй хүнлэг сэтгэл, диваажин лугаа амгалан нутаг оронд татагдаж тив алсалган зориуд ирдэг нь юутай өгөөмөр завшаан. 

Хар ба алаг тогорууд бээр нэн ховор бөгөөд манайхыг зөвхөн дайрч өнгөрдөг. Цөөхөн тооны цагаан бөгөөд цэн тогорууд, мөн сүрэг сүрэг хархираа ба өвөгт тогорууд манайд зусдаг. Гэхдээ тэдэнд хүнлэг бус хандвал манайхыг үтэр орхиж Сибирьт зусахаар одож ч мэднэ. Тэгээд тогоруудын бараа ч үгүй, анир чимээ ч үгүй уйтгартай зун, намартай учрах бий гэхээс зүрх шахирна. Чингэвэл ирээдүйн хүүхэд, залуусын хувьд тогоруудыг зөвхөн амьтны хүрээлэнд үзэхээс өөр аргагүй болно. 

Монголд минь эдгээр тогорууд айлчлан ирэх, зарим нь тухлан зусах буян заяа оршжээ. “Энэ бол нэн ховор аз завшаан, монголчуудын хувьд. Ихэнх улс оронд ганц, хоёр төрлийн тогоруу зусдаг, эсвэл суурин нутагладаг” гэж шинжлэх ухааны доктор Жорж Арчиболд нэгэнтээ ярьсан юм. Тэрбээр тогорууны судалгаанд дөч гаруй жил зарцуулж гаршсан, түүгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, тогоруудыг хамгаалах, өсгөн үржүүлэх үйлсээрээ алдаршсан хүн. Монгол орон, манай тогоруудыг үргэлж зүрхэндээ тээж явдаг буянтай эрхэм.

Түүний гарын шавь доктор Б.Нямбаяр, доктор Н. Цэвээнмядаг нар ч монгол тогоруудынхаа төлөө зүтгэсээр яваа эгэл гавъяатнуут.

Харин мань мэт нь дэлхийн 15 төрлийн тогорууны бараг тэн хагасыг эх орондоо үзэж, дүр зургийг нь фото урландаа үлдээх аз тохиосонд баярлаж эс ханах, олон жил бэдэрсний эцэст шүү дээ. Тогоруудыг эс хайрлахын аргагүй. Тэднийг хайрлаж, шүтэж явбал буян хүртдэг сайхан ерөөлтэй. Гэхдээ “Тогоруу бээр төмөр дөрөө тасартал хараадаг” догшин домог бас бий. Үүнийг санаж явахад илүүдэхгүй буйзаа.

2019.06.28
(“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС)