-Фельетон-
Сонгууль ойртох тусам айдас төрөөд байна. Санапаа луйвардуулах, хууртах энэ тэрээс айж байгаа юм биш ээ. Ямар тэгүүлж үзээгүй хүн байх биш, болоод л өнгөрдөг эд. Хамгийн гол нь намууд болоод нэр дэвшигчид энэ жил биднийг юугаар дарамталж айлгах бол гэхээс л зүрх үхээд байгаа хэрэг. Ер нь даралт ихтэй сонгогчийг бол харватал айлгаж суртачилна шүү.
Хүний судас барьж үзээд аймаар аймаар өвчний нэр хэлээд, өөрөөр нь эмчлүүлэхээс өөр замгүй, байгаа эмийг нь байсан мөнгөөрөө авч уухаас аргагүй болгоод хаядаг "ардын эмч" нар байдаг даа. Нэр дэвшигчид ч тэднээс ялгаагүй болцроод байгаа хэрэг.

Манай нэр дэвшигчид эхэн үедэз ингэж хуурвал дээр үү, тэгж зальдвал ашигтай юу гэж боддог байснаа болиод байна. Цаадуул нь олигтой зальдуулж өгөхөө больсон юм болов уу даа. Ингээд манай улстөрч, сонгуульч нар энэ удаа олон түмнээ юугаар айлгах вэ гэж тархиа гашилгаж суух болжээ. Хүмүүс хууртахаа болин хэрсүүжих боловч юмнаас айхаа болино гэж үгүй юм гэнэ.

Ерөнхий агуулга гэвэл нэр дэвшигч нар өөрийн бодож олсон сэдвээр сонгогч олноо сүнсийг нь зайлтал айлгана. Дараа нь зайлж яваа сүнсийг нь барьж аваад "би л энэ аюулаас аварна" хэмээн хэлж ойлгуулна. Тэгээд хүмүүс сүнсээ бүрмөсөн зайлуулчихгүйн тулд түүний төлөө саналаа өгнө. Үлгэрлэвээс хэдэн поошиг ус бэлдэж аваад айлын хашаанд гал тавина. Тэгээд хажуугаар нь санаандгүй байдлаар "ард иргэдийн маань гэр орон шатаж барих вий" хэмээн сэрэмжлэн харж явахдаа гал илрүүлнэ. Тэгээд айлын хүнийг дуудаан сэрээж "Танайх шатах аюулд орсон байна. Надад ус байгаа билээ. Намайг сонговол галыг унтрааж өгнө" гэж хэлээд сонгогдох юм. Сонгогдсон хойно галыг унтарсан эсэх нь ёстой сонин биш. Харин дараагийн ээлжинд тэр айлынхаа хашаа руу шуудуу татчихаад "Танайхыг үерээс аврахад бэлэн байна" гэж дарамталсаар сонгогдох юм.

Заримдаа биднийг зүгээр "Май чи, саналаа өгөхгүй байгаад үзээрэй" хэмээн зодчихвол нэг л удаа өвдөөд өнгөрнө шүү дээ гэж бодмоор байдаг юм. Сонгуулийн компанийн туршид айж ширвээдэн, аврагчаа "за" гэхийг хүлээж шар наран бор хоногийг үдэх ч бас хэцүү дээ.

Бидний айдсын чанарт өнгөрсөн хугацаанд ахиц гарч байна. Эхэн үедээ "Улс орон сүйрч байна. Ардчилсан холбооныхон мал хувьчлаад дуусгалаа", "Залуучууд алт дилерийг иджээ" гэхчилэнгийн юмнаас айж байж. Одоо бол ийм юмнаас цочоо нь гарчээ. Бидний цочоо гарахын хэрээр улстөрчид цочихоос өөр замгүй шинэ шинэ юм бодож олсоор байх юм. Ингээд энэ жил бид юунаас айж зүрхээ дэлсүүлсээр сонгуулийг дуусгадаг шүү юм билээ хэмээн одооноос эмээж байна. Түрүүч нь гарч ирэв бололтой. "Улаанбаатарын ус ус биш болсон байна" гэнэ ээ. Энэ аюулыг лав өчигдөр нэг намынхан сонгоодохов болтой. Хөвсгөлөөс эхэлсэн түймэр өөрийг нь эзэмдэх нам, нэр дэвшигчээ түрхэн зуур хүлээзнэж байна. Удахгүй дээ, удахгүй. Шалаанк барьсан нэр дэвшигчид мөдхөн л Хөвсгөл болон бусад нутагт тэрэнтэй, тэрэнгүй дэгддэг түймрийг түшиглэн босоод л ирнэ л дээ. Хонгор энэ тэрийг бол томчууд л хэрэглэхээс жижиг гаруудад томдоно.

Энэ улс төрчид өө гэж. МАХН өмнө нь бурхан болооч болсон хүнийг сонгуулж хүртэл байв даа. Одоо бол жижигхэн гаруудын ажил болж. Сүүлийн үеийн нэр дэвшигч нар бүрлээчээр ухуулга хийлгэж, өөрийнхөө төлөө саналаа өгүүлдэг болжээ. Яаж гэж үү? Зарим нэр дэвшигч сүүлийн үед хүн нас барж байгаа сум суурингуудын эрэлд мордсон болтой байна. Тэд чинь "Зарим газарт хүн нас барсан ноцтой явдал гарчээ. Намайг сонговол нас баралтыг зогсооно" гээд ухуулж эхэлнэ шүү дээ. Хүн болгон л өөрийгөө өнөөх "нас баралтыг зогсоох хөтөлбөрт" хамрагдана гэж үзээд түүний төлөө саналаа өгөх болно.

Зурагт болон араажав хэвлэлийн мэдээлэл бүгд "аюул ба аврагч" гэдэг хоёрхон горим дээр ажиллана. Бид айн айн айсаар аврах болов уу гэсэндээ л саналаа өгнө. Амьдралаа цаашаа хэвийн үргэлжилж 2012 оны айдас хүртэл жаахан амсхийнэ.

Гэхдээ юмыг дан харлуулах муухай. Сайхан юм зөндөө байна. Саяхан нэг хөөрхөн хархүү, түмпэн барьсан бүсгүй хоёртой тааралдлаа. Хархүү нь нэр дэвшигч, хүүхэн нь туслах нь юм байна. Яасан гэхээр хархүүгийн ухаан ундраад, тархиараа хальж асгарч яваа юм байна. Туслах нь хайран сайхан илүүдэл ухааныг нь хаяад байлтай биш гээд түмпэн тосоод дагаж буй хэрэг гэнэ. Тэр хөвүүн мөнгөний ханш унаад байгаагийн ухааныг олсон байна. Манайхан долпараар наймаа хийснээс болж монгол төгрөг гомдоод ханш унан юмны үнэ өсөөд оайгаа юм байх. Монгол төгрөг баярлаад ирэхийн цагт дэлхийн биржүүдэд өсч байгаа будаа, бензиний үнэ манайд ямар ч падлийгүй болох төдийгүй эсрэгээрээ хямдрах гэнэ.

Ингээд тэр хүү төгрөгөө баярлуулан долларыг Монголоос шахах санаа сэдсэн байна. Монголд доллараар наймаа хийхийг хориглохоос эхлээд юмны үнийг "энэ хэдэн доллар вэ" гэж асуусан хүнийг хүртэл гянданд суулгах чанга хууль санаачлаад яваа гэнэ. Ингэээд ирэхээр төгрөг чангараад доллар унаад өгөх тухай "Нэр нь үл мэдэгдэх баатарлаг судар"-

ын дугааргүй хуудсанд байдгийг ишлэн ярьж байна. Түүн дээр хэд хоногийн өмнө Европын холбооноос хүмүүс ирж "Манай еврог л битгий хориглож үзээрэй. Таныг "үгүй" гэвэл бид эндээ хэвтээл үхнэ шүү. Шенгений орнуудын хувь заяа чиний л гарт байна. Холын Америкийг яахав хөнөөдөг л юм байгаа биз, ойрын Европыгоо л бодоорой хүү минь. Түлхээд хаяна уу, түрээд авна уу, өөрөө мэдээрэй" гээд цурхирч суусан байна. Ийм л байгаа юм, ямрав дээ, аан.

Нээрээ сүүлд санахнаа энэ гайхамшигт санаа тэр хүүгийн гавалд үлдсэн тархинд нь орж ирсэн үү? Түмпэнд байгаа тархинд нь гялхийсэн үү гэдгийг асуухаа мартсан байсан.