“ЭВШЭЭЛТ”


Танзани бол бүхэлдээ түмэн шидийн  зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын диваажин. Тэнд хүн, амьтан хоёр эрх тэгш, энх амгалан зэрэгцэн оршдог нь манайхаас ялгаатай. Манайд бол амьтан, шувуудыг хурдан буу, оньсон хавх, гох дэгээ агссан сайн эрс зоосны нүхээр шагайдаг учраас Танзанитай жиших аргагүй. 

“Хиппопотамус” буюу “усны адуу” хэмээх түнтгэр том, ланжгар хүнд амьтаны хөрөг буулгах гэж Танзанид хэдэн өдөр ноцолдсон юм. Усны адуу гэж мэдэмхийрсэнд гайхах нь мэдээж,  уншигч авхай. Монгол хэлний толь бичигт түүнийг “армана” гэсэн нь учир утгатай байж таарна, гэхдээ төсөөлөхөд амаргүй. Тайлбарт нь “халуун орны усанд амьдардаг балхгар биетэй нэгэн зүйл дэлэнтэн” гэж тэмдэглэжээ. Гэхдээ эртний грек хэлэнд hippo нь адуу, харин pоtamus нь ус, гол мөрөн гэсэн утгатай аж. Энэ амьтаны нэрийг тийнхүү грек язгуураас нь хөөж усны адуу гэж “монголчилсон” ухаантай.Харин жинхэнэ адуу, энэ усны адуу хоёр хоорондоо ямарч холбоогүй төрөл зүйл. Халим, далайн гахай мэт нь усны адуунд хамгийн их дөхөж очих төрөл зүйл гэж зарим судлаачид үздэг аж.

“ТҮНТГЭР БОР”


Усны адуу бор саарал зүстэй, нүцгэн чилгэр биетэй, эрүү амандаа цөөхөн босоо сахалтай. Зантгар том толгойтой, онигордуу жижигхэн нүд, хулгардуу сөөм чих, сартгардуу хамартай. Эдгээр нь түүний зулай дээр заяасан юм шиг харагдах. Энэ амьтан бол хөхтөн бөгөөд хоёр нутагтантай бас төстэй. Арьс нь нимгэн агаад маш мэдрэмтгий, тэр нь наранд амархан түлэгддэг учраас амьдралынхаа ихэнх хугацааг усанд өнгөрөөдөг, тэндээ зүүрмэглэх, зүүдлэх, унтах хоорондоо зөвхөн хоншоор, нүд, чихээ үе үе цухуйлган амьсгалж харагддаг. Түүний арьсанд суух, шигдэх ялаа, шумуул, хорхой шавьжийг түүж иддэг тоншуул ч байх. Аль алинд нь буянтай үйлс юм хөөрхий.

“ЯНАГЛАН ЗҮЙРМЭГЛЭХҮЙ”

Тэдний арьснаас улаавтар даавар ялгарч, тэр нь нарны туяа, агаарт исэлдэн улаан хүрэн өнгөтэй болдог. Чингэх нь арьсаа хамгаалах арга санж. Үүнээс улбаалж усны адуу “цусаар хөлөрдөг” тухай домог африк тивд мөнхөрчээ.Харин энэ хөлснийх нь үнэр бол хүмүүний ам, хамрыг саахалтын газраас исэлдүүлэх нь нэн зовлонтой. Ойртох тусам асар эхүүн. Зургийн шуналд автсан мань мэт нь эс тэвчих гээд яах билээ.  Яг тийм гэж хэлэх аргагүй үнэр, лав л манай орны ямарч амьтанд байхгүй шүү. Усанд байхдаа тийм хэцүү, наранд ил гармагцаа бүр хурц. Тэд гол төлөв энд тэндэхийн цөөрөм,  балчир нуур,  гол мөрний тохойд өдөрт дугжирч, шүргэлдэж, гишгэлдэж өнждөг. Тэгээд үдшийн гэгээ тасрахтай зэрэгцэн бэлчээрт гарч өвс ногоо хөөж идээшилнэ. Гол төлөв зэгс, гөлгөн нахиа зэрэг тачир ногоо хөөж зууван уруулаараа зулгааж залгина. Хоёр
уруул нь лухгар, дээдэх нь бүр мухар тохой зузаан. Гэхдээ аль аль нь мундаг уян хатан, эрч хүчтэй аж. 

“ДЭГЖИН УРУУЛТ”


Сүрлэг том цогцос, бие махбод, зүс царай нь махчин араатан лугаа харагдах боловч адуутай адил өвс хөөж амьдардаг нь үнэн. Амьдын дундаж жин нь 2.5-3.0 тонн, манайхаар үзэхүл өвөл цагийн хамгийн тарган 5 атан тэмээтэй дүйцэхүйц амьтан. Хоногт 70 орчим кг өвс иддэг гэж судлаачид  тогтоожээ. Аварга том биетэй мөртлөө тийм ч ховдог амьтан биш санж. 

Хөл нь богинохон боловч бахим, дөрвөн хуруутай.Түүгээрээ нуур, цөөрөм, голын ёроолыг тэмтрэн гишгэлж, тулж зогсоод унтах дуртай амьтан. Гэхдээ усны адуунд усанд сэлэх, хөвөх  чадвар эс заяасан нь хачирхалтай, өдөржин усанд орших атлаа шүү дээ. Гэвч усанд хөнгөхөн алхалж, торгон жороолж, зөөлөн хатирах нь гайхалтай харагдах. Өвөрмөц авьяас гэлтэй. 

Тэд өдрийг усны ургамал дунд барах боловч заавал хуурай газрын өвс иддэг шалтгааныг  эрдэмтэд эдүгээ хүртэл тайлж чадаагүй л байгаа гэнэ. Шөнө идэшний эрэлд 4-5 цаг зарцуулж  10 гаруй км бэдэрдэг аж. 

Тэд усан дор амьсгалаа 7 орчим минут барих чадвартай боловч 3-5 мин тутамд хамраа ил гаргаж агаар сорох бөгөөд унтаж байхдаа ч ингэж амьсгалдаг нь сонин. Энэ нь рефлекс буюу төрмөл дасал гэнэ. Ер нь ус бол тэдний аж амьдралын маш чухал орон зай.  Аливаа аюул занал учирвал ус руу л давхидаг. 

“ҮНСЭЛТ”


Тэд усан дотор 'үүлэн борооны явдал' үүсгэж, үйлдэж, үр удмаа ч усан дотор төрүүлдэг. Нялх “унага” ч усан дотор чих, хамраа бүрэн хаадаг увьдастай төрж, тэндээ л эхийгээ хөхөж торнидог аж. Эр нь долоо, эм нь есөн нас хүрч байж аав, ээж болох зиндаанд очдог. Үрээ 8 сар тээж 30 гаруй кг жинтэй ганцхан “унага” төрүүлдэг. Гэхдээ жил өнжиж хээлтдэг.

Усны адуу онцгой том амтай. Усанд тухалж байх ахуйдаа үе үе эвшээх аятай алд дэлэм ангайж харагдана. Тэр нь бараг нэг метр хагас “ангайлт”, гэхдээ дугжрахын өмнө эвшээж буй хэрэг огт биш. Харин хураасан сүргээ харамлах, хамгаалах, сүр хүчээ гайхуулан бардамнах ааш авир нь гэнэ. 

“СҮРЖИН АВИР”


Тэнхээ, чалх сайтай “азарга” бээр зуу гаруй“гүү” ч хураадаг аж. Уур уцаар, эгдүүцлээ “янцгааж” илэрхийлэх бөгөөд тэр нь эрийн цээнд хүрсэн арслангийн архиралтай тэнцэхүйц сүрлэг цуурайтай гэнэ. Чингэсэн үед “гунж, дөнж, соёолон” мэт нь сүүлээ хавчин зайлж одно. Ер нь болхи, удаан хөдөлгөөнтэй, тайван маягийн амьтан мэт харагдах боловч хуурай газар дээр 50 хүртэл километр хурдалж таваргадаг шидтэй гэж бичжээ. Танзанид хүн рүү дайрч бүрэлгэсэн тохиолдол цөөнгүй гарсан гэж манийгаа айлгаж олигтой ойртуулах ч үгүй зовлон болж байж билээ, газарч залуу маань.

“ЭЗНИЙ ТӨРХ”


Усны адууны шүд, соёо нь “эвшээх, янцгаах” үед ил гарах нь сүртэй. Гурван метр урт матар, эсвэл тэр орчим урт завийг ганцхан зуултаар хоёр хувааж хаях хорлонт шидтэй аж. Нигери улсад 2014 онд зорчигчидтой завь руу дайрч сүйтгэхдээ 12 хүүхдийг багштай нь хамт бүрэлгэсэн тохиолдол гарсан байдаг. Эрүүний соёо нь зааныхаас бараг дутахгүй үнэ цэнэ хүрдэг учраас Уганда улсад хулгайн анчид усны адууг намнах явдал газар авч буй дуулдана. Нэг адуунаас 4 соёо сугалж, бас 1.5 тонн орчим мах шулж далдуур наймаалдаг гэлцэнэ. Том соёо нь бараг хагас метр урт ургадаг, өнгө ба чанар нь зааныхтай тун төстэй гэнэ. Өдгөө африк тивд 140-өөд мянган толгой усны адуу үлдсэн гэх тооцоо гарчээ. Хэрэвзээ хулгайн анчны гарт эс өртвөл энэ адуу 35-36 насалдаг. Учир нь түүнийг барьж зооглох махчин араатан Африкт эс заяажээ. 

Зүс царай, хэлбэр галбирын хувьд гойд үзэсгэлэнтэй биш боловч африкийн хөхтөн амьтдын дотроос өвөрмөц бөгөөд хачирхалтай нэгний тухай товчхон өгүүлэх гэж оролдов. Хүүхэд, залуусын сонирхол татах болов уу гэж найдна. Харин түүнийг “усны адуу” гэх үү, эсвэл “армани” гэх үү гэдэг нь мэргэдийн хэрэг. Гэхдээ өчүүхэн миний эрмэлзлэл бол нэр онооход биш, алс тивийн өвөрмөц амьтныг фото зургийн урлагаар сонирхуулахад оршсон юм.

Манайд угалз, янгирын тэх, буга, гур ч эврээсээ болоод африкийн заан, усны адууны тавилантай учран зүдэрч буйг эцэст нь тэмдэглье. Төрийн мэргэн хараанаас хол эдгээр гайхамшигт амьтан бүрмөсөн сөнөх өдөр ойртсоор байгаа нь эмгэнэлтэй.

Г. Батсүх
“Африкийн дурсамж” цувралаас. 2019.10.15