Ц.Даваасүрэн нь Б.Жавхлангаа дуэльд дуудав. Сөргүүлээд Сангийн сайд нь "Энэ парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулж байна. Туршлага нь цөмөрчихсөн" хэмээн Ц.Даваасүрэнгээ цоллож, гэдийв. Уг нь тэд хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Нэг нь Сангийн яамны мэргэжилтнээс газрын дарга, УИХ-ын гишүүн, Төрийн сайд болтлоо дэвшсэн намтартай. Нөгөөх нь Төв банкны мэргэжилтнээс ахлах, Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Сангийн сайдын хүртэлх албыг хашиж яваа туршлагатай. Ц.Даваасүрэн нь 2008 оноос тасралтгүй сонгогдсон бол Б.Жавхлан нь 2016 оноос хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Б.Жавхлан нь Сангийн сайд гэсэн "давхар дээл"-тэй л болохоос хоёулаа нэг намын туган дор, нэг танхимд, нэг мөрийн хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлж яваа парламентчид. Гэвч ирэх оны төсвийг хэлэлцэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд нарын хооронд үүссэн маргаан нийгмийн гол сэдэв болсоор удлаа.

Эхлээд Ц.Даваасүрэн нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг доголдуулсан, хамаарал бүхий хүнээрээ дамжуулж, "Чингис хаан" банк руу 40 тэрбумыг шилжүүлээд үгүй хийсэн гэж Б.Жавхлан руугаа ноцов. Араас нь Засгийн газрын тусгай сан болгон руу гараа дүрсэн, зээлээр мэргэшсэн хүн гэж томъёолж, энэхүү мэдэгдлээ чуулганы нэгдсэн хуралдаанаас давхар лайв хийж, нийгмийн сүлжээнээс "дэмжлэг хүсэв". Хариуд нь сайд Б.Жавхлан 2012-2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажилласан нэгнийг "Дарханы арьс шир цогцолбор” ТӨҮГ-ын захирлаар томилуулж, 10 сая арьс шир боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 4.4 сая болгож бууруулсан буруутнаар Ц.Даваасүрэнг нэрлэлээ. 90 сая ам.долларын ТЭЗҮ-тэй үйлдвэрийг 160 сая евро болгож нэмэгдүүлсэн. Үүнд нь Ц.Даваасүрэн гишүүний журмын нөхөр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гарын үсэг бүхий Засгийн газрын баталгаа гаргуулах хүсэлт ирүүлсэн гэдгийг илчлэв.

Асуудал ингээд намжсангүй. 2008 оноос төр түшилцэж яваа Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдын үгэнд шаралхаж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хаяглаж амжлаа. Шаардлагыг хангахгүй бол Засгийн газрыг огцруулна хэмээн ярьсан ч олон нийтэд түгэв. Ардын Намын хоёр гишүүний зөрчил эцэстээ нэгнийгээ сайдын суудлаас буулгахдаа тулсан нь энэ. Нэг гишүүн шаардлага хүргүүлснээр нөгөө сайдыг огцруулсан түүх Монголын улс төрд үгүй. Чуулганы хуралдааны танхимд тохой нийлүүлэн суугаа Х.Болорчулуун нь хоёрхон сарын настай сайдын суудлаасаа буухыг лав хүсэхгүй. Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын нэгэн рүүгээ нүүлгэсэн чулуу "бай"-даа тусах магадлал нь бага, тэгсхийгээд намжина гэсэн үг. Тэгээд ч УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх хуулийн заалттай.

Гэхдээ энд орхиж болохгүй, анхаарал татах асуудал бий юу гэвэл мэдээж байна. Нэгдүгээрт, 1997 оноос хойш банкны салбарт ажилласан туршлагатай Сангийн сайд Б.Жавхлан зээлээр мэргэшиж, Тусгай сан болгон руу гар дүрсэн нь үнэн л юм бол түүнийг нь Ц.Даваасүрэн гишүүн нотлох ёстой. "Чингис хаан" банк руу 40 тэрбумыг шилжүүлээд гарын салаагаараа урсгасныг нь ч баримттай нь гаргаж тавих учиртай. Төрийн албыг наймаалцсан гэх "60 тэрбум"-ын схем гаргаснаараа М.Энхболд хариуцлага хүлээж, түүнийг тойрон хүрээлэгчид нь бүхэлдээ улс төрийн орон зайгүй болсон шиг. Эсрэгээрээ Б.Жавхлан сайд ч "Дарханы арьсан шир цогцолбор"-ын захирлаар төлөөний хүнээ томилуулж, төсөвт өртгийг нь 160 сая евро болгон нэмэгдүүлж, 103 сая еврод Засгийн газрын баталгаа гаргуулахаар лобби хийснийг нь олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Үүнд Ц.Даваасүрэн гишүүн ямар хамааралтай, яагаад төсөвт өртөг нь нэмэгдсэнийг ч адилхан мэдээлэх ёстой.

Эс бөгөөс хоёулаа бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолго. Ингэж байж хэн нь үнэн ярьж, хэн нь хуулиар олгосон эрх мэдлээрээ дамжуулж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн эсэх нь нэг талдаа гарна. Сануулахад Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар "Нийтийн эрх ашгийн төлөө аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг гаргаж ирж төрийн эрх бүхий байгууллага болон олны анхааралд оруулж, түүнийг шалгаж, шийдвэрлэх процессыг тавьж буй этгээдийг "Шүгэл үлээгч""-д тооцож, 1.5 тэрбум хүртэлх урамшуулал олгохоор тусгасан. Үүгээр Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын харилцан өөр хоорондоо хаягласан мэдэгдэл тэднийг "Шүгэл үлээгч" болгоод зогсохгүй тэрбум төгрөгийн урамшуулал авах боломжийг ч бүрдүүлж мэдэх үнэ цэнтэй байхыг үгүйсгэхгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар л хууль хяналтын байгууллага олж мэдэх боломжтойгоос бусдаар "хөшиг"-ний, "хаалга"-ны" ард цөөхөн хүний хүрээлэлд хийдэг авлига, албан тушаалын гэмт хэргийг "шүгэл үлээгч"-ийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцуулах, урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн онцлог, зорилт нь.

UZEG.INFO