УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын сайд нараас бүрэлдсэн ажлын хэсэг Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран нэгэн “шинэлэг” гэхээр хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд Даланзадгад хотод зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүд, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийн төлөөлөл, орон нутгийн иргэд оролцов.

УИХ, Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг энэ онд багтаан шинэчлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд үүний тулд иргэд, ААН-үүд, төрийн байгууллагуудаас санал авах ажлыг Өмнөговь аймгаас эхлүүлсэн нь энэ. Өмнө нь манай парламент, Засгийн газар баталсан хуулиа л танилцуулахаар иргэд, олон нийт дээр очдог байсан бол энэ удаад “Бид ийм хуульд ингэж өөрчлөлт оруулмаар байна, та нарын санал ямар байна?” гэж очсон анхны тохиолдол болов.

Тодруулахад, Өмнөговь аймаг бол Монгол Улсын эдийн засаг, төсөвт ихээхэн жин дардаг, уул уурхайн томоохон үйлдвэрлэлүүд төвлөрсөн, хилийн боомтууд олонтой, эдийн засгийн том бүс нутаг. Энэ жил гэхэд Өмнөговь аймаг дангаараа улсын төсөвт 1 их наяд 769 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ийм хэмжээний төсөв төвлөрүүлдэг аймаг өөр байхгүй. Дээр нь энэ төсвийг төвлөрүүлэхэд төрийн худалдан авалт мөн тодорхой хувийг эзэлдэг. Энэ онд жишээ нь тус аймагт 4000 гаруй удаагийн тендер шалгаруулалт, төрийн худалдан авалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ тооны ААН ажил үйлчилгээ гүйцэтгэнэ, тэндээсээ орлого олж, татварын орлого бүрдүүлнэ гэсэн үг.

Тэр ч үүднээс парламент, Засгийн газрын зүгээс уг хуулийн өөрчлөлт дээр санал авахын тулд хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус аймгаас эхэлж, орон нутгийн иргэд, байгууллага, ААН-үүдтэй хамтран эхний хэлэлцүүлгийг хийсэн байх.

Товчхондоо, бидний “Тендерийн хууль” гэж нэрлэж заншсан энэ хууль болон хуулийн хэрэгжилт нь анх батлагдсан цагаасаа л муруй хазгай гишгэж ирсэн. Шалгаруулалтад хамгийн доод үнийг чухалчилдгаас чанар, стандартыг үгүйсгэдэг, цаасан дээрх компаниар тендерт оролцдог, эрх мэдэл бүхий нөхдийн хамааралтай компаниуд л тендерээс хувь хүртдэг, өрсөлдөөнийг хязгаарладаг, үр дүнд нь төрийн үйлчилгээний чанарыг дордуулдаг, иргэдийг хохироодог гэх мэтчилэн. Өмнөх парламентын үед уг хуульд өөрчлөлт оруулсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй, хангалттай зохицуулж чадаагүй гэдгийг иргэд шүүмжилж, хууль тогтоогч нар ч хүлээн зөвшөөрч байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь маш төвөгтэй болсон төдийгүй гомдол хянан шийдвэрлэх хугацаа урт байгаагаас болж иргэдийн эрх ашигт хохиролтой тусч байгаа баримт олон. Тухайлбал, Дархан-Уул аймагт зүрхний стент суулгадаг ангиографийн аппарат худалдан авах тендер зарласан боловч тендерт шалгараагүй компани гомдол гаргаснаар аппаратаа худалдан авч чадалгүй он дуусгасан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж чадалгүй хугацаа алдсан зэрэг харамсалтай тохиолдол цөөнгүй.

Хуулийг өөрчлөх, шинэчлэх ёстой болсон өөр нэг шаардлага нь тендерийн хороо, үнэлгээний хороонд ажилласан төрийн жинхэнэ албан хаагчдын ял эдэлсэн статистик. Маргаан гарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Төрийн албан хаагч эрх мэдлээ ашиглах” гэдэг зүйл ангиар маш амархан яллах нөхцөл бүрдсэн. Төрийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэсний төлөө эрүүгийн ял авах ёсгүй гэдгийг онцолж байгаа тохиолдлууд олон. Энэ мэтчилэн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан, худалдан авах үйл ажиллагаанд оролцсон талууд болон үр дүнг хүртэж байгаа иргэдийн аль алинд нь ялтай, хортой хууль батлаад байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон нэг бус хүн хэлж байна.

Тиймээс шинээр боловсруулах хуулийн төсөл нь нэг талаас төрийн худалдан авах ажиллагааг чанар, үр ашигтай болгох, нөгөө талаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг, үнэлгээний хороонд ажиллаж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдыг хамгаалахад чиглэх ёстой. Төрийн худалдан авах ажиллагааг илүү чанартай, судалгаа хийх боломжтой байдлаар өргөн хүрээнд зохицуулах шаардлагатай гэдгийг Засгийн газрын ажлын хэсгийн дэд дарга, “Хорин минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн ярьж байна.

Жишээлбэл, сүүлийн үед тендерийн шалгаруулалтыг хүний хүчин зүйлээс ангид байдлаар зохион байгуулах, хиймэл оюуныг ашиглах тухай зарим нөхөд ярьж эхлээд байгаа. Төсөөлөхөд, хиймэл оюун буюу дата, өгөгдөлд суурилна гэдэг нь шалгаруулалт зөвхөн тендерийн хороо хүлээж авсан цаасан дээрх баримтаар шийдвэрлэгдэхгүй, зах зээл, үнийн мэдээлэл болон чанар, стандартыг бүрэн хамруулна гэсэн үг байх л даа.  

Мөн гишүүн Г.Ганбаатар “Энэ удаагийн парламентын 82 нь шинэ гишүүн тул ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд илүү боломж олгосон гэж үзэж байна. Хууль сайн болох нь иргэдийн дуу хоолой, амьдралын бодит практикт тулгуурладаг” гэсэн нь бас л нэг өнцөг. Өмнө нь ямарваа тендер, худалдан авалтын дараа “тэр гишүүний, энэ сайдын, тэр даргын эхнэрийн, нөхрийн, дүүгийн, хүүхдийн тийм компани...” гэдэг хов жив, баримт сэлт байнга дагалддаг байсан. Одоо ч хэвээрээ. Тодорхой хэмжээгээр хууль баталж байгаа нөхөд өөрсдийн эрх ашгийг шингээдэг, шалгуураа тавьдаг байсныг үгүйсгэх аргагүй. Тэгээд баталж өгсөн шалгуураар нь тендер шалгаруулахаар шалгаруулсан этгээд нь гэмт хэрэгтэн болж үлддэг. Хууль баталсан нөхөр бол хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.

Энэ мэт буруу жишгийг халахын тулд хуулийг боловсруулсныхаа дараа бэлэн төсөл дээр санал авдаг, эсвэл баталсныхаа дараа шууд тулгадаг биш, харин хуулийг хийхдээ эхнээс нь иргэдээсээ асуудаг, “сонирхол бүхий” гэж нэрлэдэг уг харилцаанд оролцогч этгээдүүдийн саналыг авдаг ийм жишиг тогтвол нийтээрээ “ниргэсэн хойно нь хашгирч” суухаас сэргийлэх юм даа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр гэхэд,

-Маргаан шийдвэрлэх процессийг орон нутагт өөрт нь өгдөг болох

-Тендерт оролцогчдын үйл ажиллагаа явуулсан хугацаанаас илүү чадамжийг нь үнэлэх

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулах хугацааг богиносгох

-Орон нутагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтад магадлал хийлгэдэг болох... гэх мэт маш олон тооны саналыг хуулийн төсөлд тусгуулахаар иргэд, ААН-үүдээс гаргасан байна.

inews.mn