Егүүтгэл үг

Төрийн мэргэжсэн алба байхгүйгээс Монголын улс төр гэж аль ч намын өнгөн дээр нуль драм. Драм гэхээсээ нохойн наадам. Төр, засгаа сонгож байгуулж байгаа, огцруулж байгааг нь гадаадынхан элэглэн шоолох нь элбэг. Монголын ардчиллын экзотик үе аль хэдийнээ ард хоцорсон, 27 жил гэж ёстой хавааск хэмээн гадныхан хэлж ярьж байхыг хоёр чихээрээ сонссон хүн (би) бичиж байна л даа. 2016 онд УИХ-д 65-уулаа гарч ирээд засгаа эмхлэн байгуулж, тэр нь ажиллаж, популизмдэж, сайд нар нь эр бяр, аз жаргалдаа бялхаж явахыг хараад, саяхан ганцхан хоромын дотор гонгиносоор хөмрөөд өгөхийг нь хараад би “нохойн наадам” хэмээн нэрлэж байгаа хэрэг. Мэргэжлийн гээд байгаа Засгийн газрынх нь мэргэжлийн гэх Мөнх-Оргил нь Гадаад яамны дэргэд хүүхдийн ганц цэцэрлэг байгуулсан дүнтэйгээр халаагаа өгч байгааг нь харамсан харамсан тэмдэглэмээр. Өмнөх мэргэжлийн  сайдаасаа Мөнх-Оргил юугаар ч дээрдэж гялтайлгах гялайлгах юмгүй явж байгаад нь, нэг мэргэжилтэй Пүрэвсүрэнгээсээ бараагүй хол хаягдсаныг нь харьцуулаад би бичиж байна л даа.   

Ер нь энэ 27 жилд Жасрайн, Энхбаярын хоёр танхим л 4 жилээ арай ядан гүйцээсэн байх юм. Тэр нь эртэй сайндаа биш, тогтвортой харагдуулахын тулд хүчээр барьж тогтоосондоо байгаа юм. Бусад нь бүгд л хэдэн сараас жил хагас, сайндаа хоёр жилийн зам туулжээ.

Энэ юуных вэ? Мэргэжсэн, ядаж мэргэшсэн Төрийн алба байхгүйд, төлөвшөөгүйд байгаа юм. “НАМ” хэмээх хүн сүрэг УИХ-д сонгогддогт байгаа юм. “НАМ” хэмээх хүн сүрэг байгаа цагт Төрийн алба хэзээ ч мэргэжсэн болохгүй, тэгэх ч нөхцөл үгүй. Улс төрийн нам хэмээх хүн сүргийн идэвхтэй эд эс байж, ялагдсан үед нь намын бууриа сахиад гуриатаж, ялсан үед нь дарга даамал болж аван дараагийн хэдэн жилдээ идэх мөнгөө Төрийн албанаас  цуглуулах нь энэ сүргийнхний амин чухал зорилго ба аз жаргал нь. Тиймдээ ч УИХ-д нам ялсан байвал тэр намын түшмэд нь гайгүй сайжирч, хөлжиж бэлжиж аваад явдаг ба хар масс-ард иргэд ядуугаараа хоцордог нэг ёсны тамын эргүүлэг өнөөгийн Монголын нийгмийг ээрчээ. Төрийн алба залгамж чанартай байх тухай цаасан дээр л тунхаг үлдсээр байх болно.

НАМ-ын хүн сүрэг 200 жилийн өмнө АНУ-ыг хучиж байв

Болхидуу харьцуулалт хийх гэж байна. Гэхдээ 200 жилийн зөрүүтэй шүү. АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон (Andrew Jackson) 1829-1837 онд хоёр сонгууль дараалан Төрийн эрх барьж байжээ. Тэрээр дээд зэргийн популист Ерөнхийлөгч байсан хэмээн улс төрийн судлалын ном зохиолуулаад бичсэн нь бий. Ялалтаа ардчиллын ба ард түмний ялалт хэмээн нэрлэж, өөрийнхөө эрин үеийг “жирийн хүний эрин үе” гээд алдаршуулчихсан. Хорьтын америк долларт мөнхөрсөн энэ эр өөртөө итгэлгүйгээсээ болж явцуу хүрээнийхнээр өөрийгөө тойруулж, «гал зуухны кабинет» гэгчийг ажиллуулсан.

Ерөнхийлөгч болмогцоо л Холбооны түшмэдийг (2000 гаруй албан хаагч) хуйгаар нь өөрийн намын зүтгэлтнүүд, нэг ёсны НАМ хэмээх хүн сүргээрээ сольж, тэр нь тэр үедээ зөв үйлс хэмээн харагдаадахжээ. Төрийн  аппаратыг НАМ-ын зарчмаар төлөвшүүлсэн түүний практикийг «spoil system» (эсвэл «patronage system») гэх. Энэ тогтолцооны гажиг ба хор хөнөөлийг Америкийн нийгэм XIX зууны төгсгөл үеийг хүртэл хангалттай амсчээ. Бараг 60 жилийн драм энд үргэлжилнэ. Ганц НАМ гэх хүн сүргээс бус ах дүү хамаатан садан, амраг, танил тал, найз нар гэхчлэн Төрийн алба руу ёстой хошуурч байв. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим, Сенатын гишүүдийн дийлэнхийг цэргийн жанжид, генералууд, жүжигчид, дуучид, бүжигчид, тамирчид ер нь алдар нэртэй хэн л байнав бүрдүүлж байжээ. Одоогийн манай “76”-гийн 65 дотор алдар суутай бөхчүүд хэд хэдээрээ бий, 2020 онд араас нь бэлтгэгдэж байгаа бөх бас олон. Зохиолын дууны нэрт дуучид ч мөчөөгөө өгөхгүй. Хошин урлагийнхан УИХ-д өрсөлдвөл өрсөлдөгчгүй ялаад гараад ирэх магадлал нэн өндөр. Энэ бол 200 жилийн өмнөх АНУ-ын төрийн эмгэнэл байж шүү, монголчууд минь!  

АНУ-ын нөгөөх «patronage system»-ийнх нь ид шидийн гайгаар АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Гарфилд 1881 онд дипломат албан тушаалд амлуулсан нэг нөхөртөө егүүтгүүлж амиа алдаж байсан гашуун түүхээр Америкийн тэр нохойн наадам төгсгөл болох шалтгаа олжээ. Конгресс нь Иргэний албаны тухай хууль баталж байж, НАМ-ын зарчим, үнэнчийн шалгуураар төрийн албаа бүрдүүлдэгийг арай гэж болиулжээ. Өөрөөр хэлбэл Төрийн тэргүүнийхээ алтан амийг өргөж байж НАМ-ын хүн сүргийн гамшгаасаа салсан байгаа юм.  Авраам Линкольныг энд шууд хамаатуулахгүй ч популизмын гайгаар амиа алдсаныг бас санууштай.

Study of Administration


НАМ гэх хүн сүрэг, ах дүү амраг садан, найз нөхөд төрийн алба руу хошуурч, түүнийг нь Төрөөс өөгшүүлэн дэмжихийг АНУ-д авилгал гэж үздэг уламлал мөн л 200 жилийн тэртээ тогтсон байх юм. Авилга гэхгүй бол үүнийг өөрөөр юу гэж нэрлэх вэ? Энэ эмгэнэлийг америкчууд бултаараа ойлгон мэдэрч, засч залруулахын тулд 60 жилийн зовлон туулж, эцэст нь нийгэмд прогресив хөдөлгөөн үүсгэж тэмцсэнийг тооцохуйя манай туулсан 27 жил ч юу ч биш юм байна хэмээн үзэж болохгүй. Бид бол XXI зууны хөгжлийн хурдны зууны иргэд гэдэг утгаар өнөө маргаашгүй эцэслүүлэхгүй бол болохгүй гэдэг санаагаар Төрийн захиргаа судлал хэмээх шинжлэх ухааны салбар руу орж ярих гэж байна. Ийм салбар манай шинжлэх ухаанд бие даан цогцоор хөгжөөгүйд туйлаас харамсаж явдгийн хувьд бичиж байна.

АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вүдро Вильсон (Тhomas Woodrow Wilson) гэж 1913-1921 онд хоёр сонгууль дараалан төр барьсан эрхэм бий. Нобелийн энхтайвны шагналтан, Америкийн түүхэн дэх хамгийн өндөр боловсролтой Төрийн тэргүүн, НҮБ-ын анхны хувилбарыг дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлд санаачлагч гэх мэт олон алдар нэр энэ хүнийг дагадаг. Эдүгээ энэ лут хүний нэрэмжит төрийн захиргаа, улс төр судлалын сургууль, нэрэмжит тэтгэлэг, үндэсний болон олон улсын үйл хэргийг судалдаг судалгааны хүрээлэнгүүд олноороо буй.

Тэрээр их сургуулийн профессор байхдаа 1887 онд улс төрийн шинжлэх ухаан сэтгүүлд  Study of Administration гэх өгүүлэл бичсэн нь төрийн захиргаа буюу «Рublic Аdministration» гэх  нэгэн шинжлэх ухааны суурийг тавьсан гэж үздэг. Тухайн үед Вильсон нь нэр хүндтэй Принстоны Их сургуулийн Ерөнхийлөгчийн тушаалд ажиллаж, чингэхдээ Колумбийн их сургуулийн дэргэд шинээр байгуулагдаад удаагүй байсан Улс төрийн шинжлэх ухааны академиас эрхлэн гаргадаг “Улс төрийн шинжлэх ухаан” (улирал бүр) сэтгүүлийн хоёр дахь жилийн дугаарт эл бүтээлээ хэвлүүлсэн юмсанжээ.

Тэрхүү бүтээл хэвлэгдэж байх үед мөн л Эндрю Жексоноос хойш хэвшиж тогтсон нөгөө л тогтолцоо: ялсан НАМ-ын хүмүүс төрийн байгууллагын гол гол албан тушаалд очдог, авилга, хүнд суртал хавтгайрсан, танил тал, найз нөхдөө тал тохой татдаг, НАМ-даа үйлчилдэг, төрөөс илүүтэйгээр НАМ-даа үнэнч байх, ур чадвараас илүүтэйгээр улс төрийн НАМ-ын харъяалал хүчтэй үйлчилдэг тэр цаг үе байлаа. Үүнд зэвүүцсэн Сivil Service Reform–иргэний үйлчилгээний шинэчлэл хүссэн нийгмийн шаардлага хүчтэй цууриатаж, чадваргүй төрийн албан хаагчдын талаархи бухимдал, төрийн үрэлгэн байдлын эсрэг хүчтэй шаардлага нийгэмд бий болж байсан цаг. Чухам тэр үед цагийг нь олж Вүдро Вильсон цахиурын үгсээ дэлгэсэн нь тэр байлаа.

Тэр юу гэж номлосон бэ?


Ганц үгээр томъёолбол профессор Вильсон УЛС ТӨР ба ЗАСАГ ЗАХИРГАА хоёрыг салгах шаардлагатай л гэсэн юм. Тэрээр эл үзэл санаагаа түгээн дэлгэрүүлсний 130 жилийн ойг АНУ-ын эрдмийн хүрээнийхэн энэ 2017 онд тэмдэглэж байна. Ноён Вильсон тэрхүү үзэл  санаагаа тэрхүү нийтлэл өгүүллээрээ эхлүүлж, дараа нь Нюю-Жерси мужийн захирагч, АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа үйл хэрэг болгохыг хичээсэн юм.
 
Өнөөдөр Монгол Улсад үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, сүүлийн хоёр жил дараалан явагдсан сонгуулиуд, нэр дэвшигчид, мөн Монгол төрөөс иргэдийнх нь хүсч хүлээдэг тэр хүлээлт, Төрийн албыг НАМ-аар бус ур чадвар, туршлагаар бүрдүүлэх зайлшгүй шаардлага, бодлогын тогтвортой байдал, залгамж чанар (Төрийн ой санамж буюу “хар хайрцаг”), Төрийн бодлогын үр дүнтэй хэрэгжилтийн хэрэгцээ шаардлага гэдэг нь 1887 оны АНУ-ын улс төрийн нөхцөл байдалтай ихээхэн адилхан байгаа нь энэхүү нийтлэлийг бичих сэдлийг надад төрүүлсэн хэрэг.

Яг 130 жилийн өмнө бичигдсэн тэрхүү судалгааны өгүүллийг бид чадан ядан орчууллаа. Уншигчид, судлаачид, сонсогч оюутнуудад ойлгомжтой байхыг бодолцон хэсэг хэсгээр нь цуврал болгон зүүлт тайлбарынх нь хамт сайтаар болон хичээлээр хүргэх болно.



Вильсон: Засаг захиргаа судлал

Мэдэх шаардлагагүй атлаа судлагдаж байсан практик шинжлэх ухаан нэгээхэн ч байхгүй гэж би (Вильсон бичиж байна-Д.Баярхүү) үздэг. Засаг захиргааны шинжлэх ухааныг энэ улсын коллежийн сургалтын хөтөлбөрт тусгах болсон нь манай улсад уг шинжлэх ухааныг судлах хэрэгцээ буй болж байгаагийн нотолгоо юм. Гэсэн ч бид энэ баримтыг батлах гэж коллежийн сургалтын хөтөлбөрийг шагайгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Иргэний үйлчилгээний шинэчлэл (Сivil Service Reform) хэмээн нэрлэж буй өнөөгийн энэ хөдөлгөөн анхны зорилгоо гүйцэлдүүлсний дараа зөвхөн мэргэжилтнүүдийг төдийгүй байгуулага ба төрийн албаны аргачлалуудыг сайжруулах дараагийн түвшинд зорих болсон гэдгийг бид бараг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Учир нь мэргэжилтнүүдийн нэгэн адилаар төрийн албаны зохион байгуулалт ба арга зүйг сайжруулах гарцаагүй шаардлагатай гэдэг нь илэрхий байсан юм.

Тиймээс Засаг захиргааны судлалын зорилго бол юуны түрүүнд засаг төрийн хувьд амжилттай бөгөөд зохих түвшинд гүйцэтгэн хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаа гэж юу болох, хоёрт тухайн үйл ажиллагааг хэрхэн хамгийн бага зардлаар буюу мөнгө болон чармайлтын хувьд дээд зэргийн үр дүнтэй гүйцэтгэх арга замыг нээн илрүүлэхэд оршино.

Дээрхи хоёр зорилгын улмаас бидэнд судлан, мэдэх шаардлагатай олон асуудал гарч ирсэн ба үүний тулд нарийн судалгаа, шинжилгээ хэрэгтэй. Судалгаа шинжилгээнээсээ өмнө дараахи ойлголтыг авах нь чухал. Үүнд бусад эрдэмтэн, судлаачид энэ асуудлыг хэрхэн судалсан бэ? Өөрөөр хэлбэл судлагдсан түүхийг авч үзэх хэрэгтэй. Судлагдахуун чухам юуг хэлээд байгааг тодорхой болгох хэрэгтэй. Уг ойлголтыг хөгжүүлэхэд хамгийн оновчтой арга зүй болон цаашид тээж авч явахын тулд маш тодорхой улс төрийн үзэл баримтлал бүхий ойлголтыг бий болгох хэрэгтэй.

Эдгээр ойлголтыг мэдэж тодорхойлохгүйгээр хөдөлбөл бид луужин эсвэл газрын зураггүйгээр холын аялалд гарна гэсэн үг. Засаг захиргааны шинжлэх ухаан нь 2200 гаруй жилийн өмнөөс судлагдсан улс төрийн шинжлэх ухааны дотор хамгийн сүүлийн үр жимс нь хэмээн үзэж болно. Чухам л манай зууны, тэр дундаа бидний үеийнхний бүтээл гэхэд хилстэхгүй.

Яагаад уг шинжлэх ухаан хожуу судлагдсан бэ? Хэт завгүй зуунд амьдарч буй бидний анхаарлыг татах хүртэл энэ сэдэв хүлээгдсэний учир юу вэ? Засаг захиргаа нь засаг төрийн хамгийн анзаарагдахуйц хэсэг; Засгийн газрын үйлдэл, гүйцэтгэл, үйл ажиллагаа буюу өөрөөр хэлбэл засаг төрийн хамгийн ил үзэгдэх хэсэг юм. Мэдээж засаг төртэй адил урт настай. Ажиллаж ирсэн засаг төр гэдэг утгаараа систем бүхий онолын түүхийн эхнээс энэхүү судлал улс төр судлаачдын анхаарлыг татаж, судлуулж байсан гэж Та бодож байгаа бол үнэн хэрэгтээ тийм байгаагүй юм. Энэ XIX зуун эрийн цээнд хүрч, системчилсэн мэдлэгийн үр дүн танигдаж эхлэх үе хүртэл хэн ч Засаг захиргааг төрийн захиргааны салбар гэдэг утгаар нь системтэйгээр бичиж байсан удаагүй.

Биднийг хүртэл улс төр судлаачид зөвхөн засаг төрийг бий болгодог Үндсэн хууль, төрийн мөн чанарын тухай, халдашгүй эрх бүхий төр, олонхийн дэмжлэг бүхий  эрх мэдэл,  Хаант засгийн онцгой эрх, Засгийн газрын зүрхэнд орших хамгийн аугаа зорилгын талаар судалж иржээ. Мөн хүн ардын төрөлхийн араншин, хүмүүний тэмүүллээр засаг төрийн зорилгын өмнө тавигдсан дээд хүслийн талаар тэд тунгааж, мэтгэлцэж, тэгснээрээ өөрсдийн үзлээ зөв гэж бодсоор иржээ...  

Засаг захиргааг судлая гэвэл

Гүйцэтгэх удирдлагын төрийн захиргааны менежментийн магистр буюу Executive Master of Public Administration хөтөлбөрөө миний багшилдаг, ажилладаг “Гүрэн” дээд сургууль зарлаж байгааг уламжлая. Бид Та бүхнийг юугаар гийгүүлэх вэ гэвэл: НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн, Харвардын менежментийн сертификатын хөтөлбөр, Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургуулийн хөтөлбөрөөс бүрдэх 18 сарын магистрын хөтөлбөр англи, монгол хэл дээр зэрэг заана. Хичээлийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон, Нью-Йорк хотуудад академик аялал хийж, Харвардын Бизнесийн сургуулийн хичээл, семинарт сууж, хэлэлцүүлэг, бага хуралд  оролцоно. Хөтөлбөрийн хүрээнд мөн Колумбийн их сургуульд манлайллын сургалтанд   хамрагдах боломжтой, Та өөрөө хүсвэл. Бид ингэхэд хэнийг бэлтгэх гээд байна вэ гэвэл: Шинжээч бэлтгэнэ, Менежер бэлтгэнэ, Манлайлагч бэлтгэнэ. Ийм гурван үндсэн семейстерийн хүрээнд 60 гаруй хичээл заана. Бидний санал болгох сургалт 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригт 18:00 цагаас хичээллэнэ. Лекцийн болон кейсийн аргачлалаар хичээл заагдах бөгөөд цахим болон танхимын сургалтын холимог арга зүйг ашиглана.

Миний хувьд энд бичсэнүүдийг оролцуулаад “Манайлагч ба манлайллын түүх” (Leaders and Leadership in History) гэх хичээл проектороор дэлгэцэн дээр бүтэн нэг курс заана.