АН-ЫН ДАРГА ХЭМЭЭХ МАН-ЫН ШОГЛООМ
Байнга засаг нь солигддог улс төрийн тогтолцооны элемент болохын хувьд сөрөг хүчний хувь заяагаар эрх баригчид харалган тоглосон байна. Ирэх сонгуулиар сөрөг хүчин одоогийнх нь байр суурийг эзэлж магад гэдэг тооцоогоор тэднийг шоглосон. Гэвч энэ тооцоо нөхцөл байдлыг бүр дордуулжээ. Парламентдаа сөрөг хүчингүй болоод байна гэтэл гудамжинд бүрэлдүүлчихэж.
С.Эрдэнийн 2023.01.28-нд зохиосон АН-ын даргын цахим сонгууль гэдэгт “нэг Гүндалай, таван Эрдэнэ” өрсөлдөж Гүндалай ганцаархнаа ялагдаж таарав. Уулаасаа тэгж таарна. Хэн ялах нь нэгэнт тодорхой байсан сонгуулийг Л.Гүндалай луйвар гэж үзжээ. Тэрэндээ тулбал нэгэнт биччихсэн С.Эрдэнийн зохиолыг луйвардах гэсэн хүн нь Л.Гүндалай өөрөө юм. Ард түмний намын дарга Л.Гүндалай Ардчилсан намын даргын гэх цахим сонгуульд оролцсон саяхны явдлыг үл өгүүлэн Л.Гүндалай яагаад бүхэнд танигдсан түүхийг сөхье.
Далайгаас балай
Монголчуудын улс төрийн романтизмыг бөхөөсөн 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН 72 суудал авснаар парламентын үнэмлэхүй олонх болж билээ. Жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог тус бүрээс нэгжээд хүн сонгогдоход бусад улс төрийн эвслээс ганц ганц, бас нэг бие даагч парламентад орж ирсэн нь Ламжавын Гүндалай байлаа. Парламент хууль ёсны сөрөг хүчинтэй, тэр нь уртаашаа дөрвөн гишүүн. Сонгуулиар саналаа өгсөн нийт иргэдийн 49 хувийнх нь санал гудамжинд хаягдсан тийм нэгэн парадокс. Парламентын нэг жилийн ойн дээр УИХ-ын Дэгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа: “УИХ-д наймаас дээш суудал эзэлсэн нам бүлэг байгуулна. УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна бүлгийн дарга нар үг хэлнэ. Дөрвөн өөр харьяаллын дөрөвхөн сөрөг хүчинтэй УИХ-ын баталсан энэ хууль нэг талаар басамжлал, нөгөөтээгүүр сөрөг хүчний амыг барих ганц л санаатай байлаа.
2003.04.07. Даваа гараг. Төрийн ордон. УИХ-ын чуулганы нээлт. Нээлтийг шууд дамжуулах Үндсэний телевизийн явуулын станцын камер чуулганы танхимд байрлажээ. Уламжлал ёсоор гадаадын дипломат төлөөлөгчид үзэгчдийн суудалд... Дэгийн хуулиар УИХ-ын дарга чуулганаа нээж, Ерөнхийлөгч Н.Багабанди тааллаараа үгээ хэлсний хойно Ерөнхий сайд Н.Энхбаяр төрөө хэрхэн хямралаас гаргаснаа ярьж гарав. Гэтэл зурагтын дэлгэцэнд гартаа бичиг барьсан Л.Гүндалай гэнэт ороод ирлээ. “Би үгээ хэлье”, “Цөөнхийн үгийг сонс”, “Энхбаяр аа, танд хэн 500 саяыг амлав”... Үг хэлэх эрхээ хасуулсан цөөнхөд өөр арга байгаагүй. Ингэж Л.Гүндалай ардын баатар болсон юм. Гүндалайд бүргэдийн хүч байгаагүй, Гүндалайд шонхрын зориг байгаагүй, Гүндалай алтан гургалдай шиг дуулаагүй, Гүндалай үнэн ба амьдралтай нийлээгүй... Гэвч сөрөг хүчний дуу болсондоо, иргэдийн талд зогссондоо хан бүргэдийн далавчаар жигүүр хийж, харцага шонхрын зоригоор зүрх хийж, алтан гуралдайн дуугаар хоолой хийж, амьдрал үнэн хоёроор хүчээ сэлбэсэн... Эрх баригчид түүнийг “балай” гэхээс өөр үг хэл чадсангүй билээ.
Балайгаас далай
Энэ удаагийн парламентад МАН 20 жилийн өмнөх амжилтаа эвдээгүй ч үнэмлэхүй олонх. Одоогийн УИХ хууль ёсоор сөрөг хүчинтэй харагдавч хэрэг дээрээ сөрөг хүчингүй өдийг хүргэлээ. Улс төрийн сөрөг хүчин парламентын дотор гадна буйгаасаа үл хамаараад ардчиллын механизмыг ажиллуулдаг гол элемент. Гэтэл өнөөдөр АН-ын анхиагүй байдал, эрх баригчдын тоглоом шоглоомоос үүдээд ардчилсан Монголд сөрөг хүчин хууль эрхзүйн хувьд бүү хэл, бодитоор ч орших нөхцөл бүрэлдэхгүй байна. Ардчилсан намгүй Монголын төр амар амгалан тайван гэж эрх баригчид төсөөлж яваа нь даанч дэндүү эндүүрэл. Мөн чанарын хувьд парламент дан ганц найрлагатай инстүүц биш. Зүсэн зүйлийн сонирхол, санаа бодол илэрхийлэх олонх, цөөнхөөс бүрддэг нийгмийн тусгал. Цөөнх шийдвэр гаргах эрх дарх эдлэхгүй. Цөөнх улс орныг удирдах үүрэггүй. Цөөнх өөр үүрэгтэй. Яг таг тоочиход хэцүү ч улс төрийн өөр шийдэл гаргах, сонгогчдынхоо ашиг сонирхлыг илэрхийлэх басхүү хамгаалах, олонхын шийдвэрээс өөр хувилбар боловсруулахаас гадна маргаж, мэтгэлцэх замаар парламентын шийдвэр гаргах үйл явцыг төгөлдөржүүлдэг. Энэ бүхнээс гадна нэг гол үүрэгтэй. Парламентын легитим буюу парламентыг иргэд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, түүний үндсэн дээр нийгмийн улс төрийн амьдрал тогтвортой үргэлжлэх гол нөхцлийг нь бүрдүүлэгч.
Сөрөг хүчин гэдэг нэр томъёо үүргийг ч илэрхийлнэ, бас субъектийг ч илэрхийлнэ. Үүрэг гэдэгт нь парламентын олонхыг сөрөн зогсож буй бүх үйлдэл багтдаг. Субъектийн хувьд харин парламентад суудалгүй нам ч сөрөг хүчин болчихно. Сөрөг хүчний энэ хоёр агуулга ихэнхдээ давхцдаг. Давхцаж байвал нийгмийн амьдрал тогтвортой яваад л байна. Харин парламентын дотор хүчтэй сөрөг хүчин үгүй аваас парламентын гадна сөрөг хүчин хар аяндаа бүрэлдэнэ. Улмаар гудамжны улс төр буюу жагсаал цуглаан, мөргөлдөөн рүү шилжиж парламентад маргаан мэтгэлцээнээр асуудлыг зөв шийдэх боломж үгүй болно. Төрийн ордон руу дайрсан сүүлийн жагсаалыг зарим хүн түймрийг цурманд оруулсан эрх баригчдын мэх гэж харсан. Тийм байлаа ч дараа дараагийн жагсагчид төрийн ордныг эзлэхээс нааш сэтгэл нь ханахаасаа нэгэнт өнгөрсөн. Одоохондоо сөрөг хүчин нийгмийн сүлжээн дээр хуралдаж байна. Үүнийг анзаарсан Цахим хөгжлийн сайд нийгмийн сүлжээг хянах хууль санаачилсан ч Ерөнхийлөгч хориг тавилаа. Хувь, хувьсгалын бүх амьдрал ор хөнжлөөсөө аваад оюун санаатайгаа нийгмийн сүлжээнд шилжсэн өнөө цагт өдөр бүр хэд хэдэн балай ар араасаа төрдөг болж. Тэд нийгэмд нөлөөтэй. Нөлөөнд нь автагсад далай далай далай...
Үүцээс нөөц
Жагсаалын эсрэг жагсаалаар ардчиллыг угтсан МАН өөрөө өөрийнхөө эсрэг жагсаалаар ардчиллын амийг тасалдаг дээрээ байна. МАН-ын хийлгэсэн сүүлийн судалгаагаар тэд түүхэндээ үзээгүй бага дэмжлэгтэй яваагаа мэдэж авчээ. АН-ынхан тэднийхээс ч дор байх нь тодорхой. Ирэх сонгуулиар баримжаалсан эрх баригчдын улс төрийн тоглоом өөрсдөд нь шоглоом болохдоо тулжээ. Байнга засаг нь солигддог улс төрийн тогтолцооны элемент болохын хувьд сөрөг хүчний хувь заяагаар эрх баригчид харалган тоглосон байна. Ирэх сонгуулиар сөрөг хүчин одоогийнх нь байр суурийг эзэлж магад гэдэг тооцоогоор тэднийг шоглосон. Гэвч энэ тооцоо нөхцөл байдлыг бүр доруулжээ. Парламентдаа сөрөг хүчингүй болоод байна гэтэл гудамжинд бүрэлдүүлчихэж.
Улс төрийн нэг хүчин зүйл бол нөөц. Норвегийн улс төр судлаач Стэйн Роккан “санал мэдээж утга учиртай, гэхдээ нөөц бүхнийг шийднэ” гэсэн байдаг. Нөөц гэдэгт бүх төрлийн нөөц багтана. Нүүрс, зэсээс аваад улс төрийн дэмжлэгч ч нөөцтэй. Үүц базаах тэмцэлдээ МАН нөөцөө нэгэнт баржээ. Тэднийг эсэргүүцэх нөөц Сүхбаатарын талбайд ч багтахаа больсон. Нийгмийн уур бухимдлаас үүдэлтэй хийг парламентад хууль ёсоор гадагшлуулдаг сөрөг хүчингүй улс төрийн үр дүн энэ. Парламентад сөрөг хүчний багтах орон зайг ухаалгаар бүрдүүлж сурсан ардчилсан төрт улс орнууд сонгуулийнхаа босгыг намсгадаг атал парламент дотор амийг нь таслах гэсний лай. Маш товчхондоо бол шатар өрчихөөд даамны дүрмээр нүүж шогтсон тэнэглэлийн хариу. Удахгүй шатар, даам аль алийг нь мэдэхгүй нөөц маань чапаевдах* биз ээ.
*чапаевдах – шатрын богийг хөлөгт өрөөд харилцан нясалж хожигчоо тодруулах арга