Тал нутгаасаа тал нутагтаа...
(Ижил Торгуудын тэмдэглэлийн II хэсэг)
Хагас жарныг хагас өдөрт
Халимаг уг нь ердөө Хасагийн цаана бий. Гэвч тэнд хүрэхийн тулд тойрох хэрэг гарна. Улаанбаатараас Москва, тэндээс Волгоград хүртэл нисэв. Гурван цаг шахам нисээд онгоц доошлох үест Ижилийн үржил шимт тэгш тал дахь Оросын тариг дэлхийн улстөрийн газрын зураг мэт харагдана.
Улаанбаатараас нисэхдээ цаг агаарын мэдээ харвал дулаан, +9 орчим градус гэсэнд бараг халуун байх гэж бодоод гэнэдэх шахсан байв. Волгоградын нисэх буудал хүзүүвчгүй аж, онгоцноос буумагц бороо угтлаа. Улаанбаатарын энэ хаврын гангаас гарсан хүнд чийг үнэртсэн агаар их л таатай.
Тэгш тал тул салхи ихтэй, дээр нь чийглэг тул жиндүү. Жиндэх маягтай болоод ирсэнд ноосон цамцан дээр цув өмслөө. Нисэх буудлыг дамжин гарч автобус, таксины зогсоолд тосох машин хүлээнгээ сангаа уугиулан, тэнгэр ширтэн зогсохуйд агаар салхин сэржигнээд нэн таатай. Москвагийн Шереметевод тамхилах нэн ядаргаатай, явж явж гарч ганцыг татчихаад буцаад ороход төрийн ордонд орж байгаа аятай шалгаад байх юм билээ. Дэлхий ертөнц “Энэ хогийг хаядаг ч юм бил үү?” гэж бодтол тамхичны эрхийг хөсөрдүүлж байна. Уг нь хаявал таарах эд байгаа юм, ямар ч хэрэггүй. Зун гэхэд хүйтэн, хавар гэхэд бороотой тул энэ бие махбодь яахаа мэдэхгүй байгаа бололтой тархинд “яаралтай тодорхойл!” гэсэн дохио өгөөстэй. Зун гэвэл сайхан тавирчихмаар, хавар гэвэл дархлааны эсүүд хамгаалчихмаар байгаа бололтой! Удаан хямарвал ханиад хүрнэ.
Онгоцны буудал шинэхэн шилэн барилга, өмнө нь орчин үеийн сүрхий цэгцтэй уужим талбайтай. Цөөн машин харагдана. Харин эргэн тойрны цагаан эмжээртэй хөх саарал барилгууд сүрхий додомдсон Зөвлөлт маягийнх. Хуучин буудал нь болов уу гэж таамаглав. Манай аль нэг хотын вокзалд буусан мэт санагдана.
20 минутын дараа машин ирлээ. Монгол дахь Аэрофлотын төлөөлөгчийн газрын дарга байсан Дима Бурнинов ноосон цамц, жинсэн өмдтэй гарч ирлээ. Хаашаа явах вэ? Мамай курган уу? Элст үү? Мамайн толгод дахь Сталинградын ялалтын хөшөө хүртэл 70 километр, Элст хүртэл 300 километр тул оройтно, тиймээс шууд явах нь зөв гэлээ. Ингээд Мамайн толгодыг үзэх санаа хулжин одоод баригдаагүй билээ... Тутгаалжин шувуут (Куликовын) талд болсон тулалдаанд Алтан ордын Мамайг ялснаар Оросын тусгаар тогтнол эхэлж, сэргэн мандсан гэж хуучин Зөвлөлтийн түүхэнд бичдэг байсан билээ, гэтэл сүүлчийн их дайны хамгийн гол ялалтынх нь хөшөө Мамайн толгод дээр байдаг... Харин сүүлийн үед Ордын түүхийг өөрөөр үзэх болж, Алтан орд л хоорондоо тулалдаж, Орос оролцсон тал ялсан юм даг уу? Түүнээс хойш ч олон тулалдаан болсон... Хамгийн сүүлд Алтан ордыг залгамжлагчдын нэг Ногайн ордуудыг Халимгууд ирж дарсан тухай өмнөтгөлд бичсэн.
Волгоградаар дайран өнгөрөх зуур хотыг харвал Зөвлөлт маягийн хот, эндэхийн цагдаагийн сургуульд сурч байсан хүмүүс сайн мэдэх газар. Зам зуурт Волгоградын захад Ижил-Доныг холбосон усан суваг бүдэг бадаг харагдаад өнгөрлөө. Голын орчим зэгсэн шугуй харагдана, зарим газар шатаажээ. Зэгс 5 метр хүртэл өндөр ургадагт итгэдэггүй байсан үнэн юм билээ. Зам урт тул “хулс биш зэгс” гэхчлэн маргасаар явав. Бас дэрс гэж бий. Ойрад аялгад “түнгэ” гэдэг л дээ. Нууц товчооны “Түнхлэг горхин” бол “Түнгэлэг горхи” байж магадгүй гэх таамаг санагдана. Гэхдээ дэрс голгүй газар ч ургана. Удаан суухад бодол тэнэдэг хойно...
Халимагт “мөрөн” гэсэн үг байхгүй, Ижил гол, Дон гол гэнэ. Мөрөн бол манж үг л дээ, гэхдээ Монгол хэлнээ баттай шингээд далай тэнгист цутгадаг том голыг ялгаж нэрлэдэг болчихсон билээ. Харин буриадад голыг “горхон” буюу “горхи” гэх юм билээ. Намдагийн Даш дарханы төрсөн тосгонд очиход нутгийнхан голоо “Хялга горхон” гэж байсан.
Замдаа нэгэн багашаархан хоолны газарт хооллов. Сүүтэй цай, өөх алагласан үхрийн чанасан мах, шөл, чанасан гурил орж ирлээ. Махаа ялз чанах юм даа! Ер нь Монголоос өөр газарт махыг ялз чанах юм, хасгууд ч... Манайд яахав дээ, өндөрлөг газар, хойд зүгийн хэдэн голыг эс тооцвол ус бага тул борлуулаад л иднэ. Тэгэхдээ хутганы тусламжтайгаар... Өвөрмонголд нэг хорчин тогооч хонины зум хийж өгөөд “Амттай байна уу?” гэж асуухад С.Ламбаа сайд “Зажлуургүй л юм” гэж дурамжхан хэлсэн санаанд оров. Тиймээс жаахан зажлууртайг сонгох хэрэг гарав... Хоолыг “хот” гэдэг нь торгуудтай адил.
Волгоград-Элстэйн зам харин сайхан. Хоёр урсгалтай, хөдөлгөөн багатай юм. Халимаг Тангчийн хил дээр нэгэн хөшөө байх ба тал нутгийн баялгийг дүрсэлжээ. Бууж зураг авах гэсэн авч нэгэнт харанхуй болж, бороо орсоор тул саатсангүй, цааш давхилаа. Хил давмагц “энэ олон бурхан шажин дэлгэрсэн, сэр сэр салхитай, бур бур бороотой бумбын оронд оо...” гэж ерөөгөөд сэржим өргөв. Ер хүртэх дуртайдаа биш, сэржимдээ юм. Газар усны эздийг баясгаж явбал ажилд саадгүй, биед өвчингүй тул өгөх хэрэгтэй! Эртний ёс юм даа, дээжийг өргөөд доожийг хүртээд түүгээрээ газар усны эзэдтэй “холбогдчихно”, тэгэхээр явдал үйлийг засаж, саад тотгорыг зайлуулж өгнө гэдэггүйсэн бил үү?
Волгоградаас таван цаг гаран давхиад Элстэйн бараа харлаа. Тал нутагт холоос гэрэлтэн харагдах Элст. 1850-иад онд байгуулагдсан суурин өргөжсөөр Халимгийн нийслэл болжээ. Өмнө нь Астраханид төвлөдөг байж. 1930-аад оноос Халимагууд төвлөдөг болж, нэгэн үед “Талын” гэсэн нэртэй ч байж. Сталины цөллөгийн дараа Халимагийн автономийг буцаагаад байгуулснаар Халимагийн нийслэл болжээ. Илүү нарийн мэдээллийг википедиагаас үзчихнэ биз дээ...
Өндөр өндөр ууланд
Өнгийн будан татна
Өнө их Торгууд нутаг
Өнөд манд санагдана гэж дуулдаг тэр дуу лав Халимагийн тал нутгийн тухай биш, харин Халимагууд Алтай, Тэнгэр уулын нутгаа санан дуулсан дуу гэдэг нь үнэн байх гэж бодогдлоо. Эзнээн торгууд, дуучин Халин “Өрүн, асгангүй (өглөө, оройгүй) санагдана” гэж дуулах юм. Хэн тэгээд заагаад өгчихсөн юм, “Күүкээн боджаах юмн кэвтэ” гэж нэг хэльюү гэж бодсон мартчихаж...
Хотын дундуур, төв замаар нь нэвт гараад нөгөө захад байдаг “Шатар” хотхонд буусан билээ. Зам зуур “Элст” зочид буудал, “хурул” харагдав. “Это наш хурул” гэхээр нь парламент нь байх гэж бодтол шарын хийдийг ингэж нэрлэдэг ажээ. Дэлхий дахинаа алдаршсан “Шатар хотхон”-д О.Цагаанзам жангарч хүлээж байв. Биднийг нэгэн хауст буулгав. Бороо зогсчээ, автобусанд дугхийсэн биднийг жихүүн салхи жиндүүлнэ. Гэвч ирж яваа цаг тул дулаан байсан.
Хамгийн түрүүнд “wifi..?” санагдан утсаа шүүрвэл, байна аа. Жаахан хуучны маягтай юм, утас шөрмөсөө далдалчихгүй гэхчлэн банжтал нээрээ хотхоныг коммунизм нуран унасны дараахан барьсан нь санаанд оров... Дэлхийн шатрын XXXIII олимпиад, Дэлхийн шатрын холбооны 69-р конгресст зориулж 1998 онд барьсан хотхон юм. Улсын мэдлийнх аж.
Цагаанзам гуай, Дима гурвуул жаахан ярьж суув. Жаахан ойлгомжгүй болмогцоо оросоор давхар тайлбарлаж эхэлдэг торгууд аялга. Манай хоёр ч яахав, Монголд удсан тул ойлгомжтой ярьж байна, харин бусад нь ямаршуухан хэлтэй бол гэсэншүү юм бодсоор унтлаа. Сэрүүлэг тавихаар утсаа үзтэл Элст Москватай нэг цагийн бүст байдаг аж. Хоорондоо 1250 километр зайтай ч босоо тэнхлэгээр жаахан баруун урагш маягтай. Гэтэл Мосвкад илүү ойрхон Волгоград нэг цагийн зөрүүтэй байсансан.
Улаанбаатараас өглөө 6.00-д нисээд шөнийн 23 цагт Элстэд ирж. Гэтэл XVII зуунд өвөг дээдэс маань энэ хүртэл 34 жил байлдсаар ирсэн билээ л...
Хуарангаа эргэв
Өглөө яагаа ч үгүй эрт сэрчихэв. Агаар цэнгэг, чийглэг тул сайхан амарчээ. Зүүн талд ойрхон Хазарын (Каспийн) тэнгис бий. Энэ нутагт Монголын Алтан ордын өмнө Хазар-Булгарын хүчирхэг хаант улс байсан. Харин баруун талд нэлээд алсхан Хар тэнгис бий. Яагаад ч юм энэ орчмын хар, цагаан, улаан тэнгисийн нэр эртний нүүдэлчдийн зүгийг өнгөөр илэрхийлдэг уламжлалтай холбоотой юм шиг санагддаг. Эфталитийн (Цагаан хүннү) үеийн нэр үү? Түрэгийн үеийнх үү? Хоёр тэнгисийн дундах хүзүүвчинд 400 шахам жилийн өмнө Торгуудууд нүүж иржээ. Тэгэхэд ч үймээн бужигнаантай байсан энэ бүс нутаг өдгөө ч хэвээр. Заримдаа ийм газрын шороон дээр гишгээд эртний явдлыг дүрслэн бодоод алхахад дотор мансуурч, домог амилах шиг бодит орчноос тасардаг, хаагуур хэрхэн явснаа ч мэддэлгүй хол алхсан байдаг! Хуучин цагт аргал түүж, хонь хариулахын үест ингэж хорвоогийн хойд, урдыг бясалгадаг байж дээ...
Монгол хүний нөгөө цэрэг араншин нь байх л даа, хаа ч очсон хамгийн түрүүнд буусан газраа шинжиж, шиншиж явдаг нь. Харин заримдаа чоно, нохой мэт нууцхан газар хаяглачихдаг муухай зангаа харин больсон нь дээр. Шатрын хотхоноор жаал алхав. Төвд нь байдаг “Шатрын ордон” нь нүсэр том агаад нэгэн буланг нь үзүүр нь дээш харсан харандаа хэлбэрт баганаар тулчихаж. Түүнийг тойрсон 87 хаус, бусад байгууламжийн цогцолбор аж. Коммунизмын дараах үе тул үндэсний оюун санаа, соёлын сэргэлт голлох барилга байшингуудын төрхөд сүрхий тусчээ. Шатрын ордонг Халимаг гэр маягтай барьжээ, гэхдээ л оройг шовойлгож орхисон байна. Ер нь энэ орчим исламын соёлын нөлөө юунаас ч болов илрээд байх юм. Хотын зах тул зэгс шаргалтсан нов ногоон хотгорын цаадахь сунасан тэгш толгодын дээгүүр Астраханийг зорьсон автозамаар машин цувж харагдана.
Оросын нутгаас Халимагт хамгийн эрт зун ирдэг ажээ. Ердөө Волгоградын орчим нисэж явахад онгоцны цонхоор бор хүрэн тал харагдаж байсан бол Халимагт хэдийнээ ногоон өвс ногоо сөөм ургаж, үзэсгэлэнт цэцэгс дэлгэрчээ. Элст гэхээр нуль элстэй газар, зүйрлэвэл Цонжин болдогийн наадахь Элстэй шиг гэж төсөөлж байсан маань буруу байж. Хэрэв Элст хотыг элс ихтэй гэвэл манай Улаанбаатар цөлийн хот болох байх. Халимагийн тал нутаг цөлжиж байгаа нь тулгамдсан асуудал гэгддэгсэн, миний харахаар асуудал арай л өөр шиг. Харьцуулбал манайд цөлжилт үнэхээр гамшиг болж байгаа юм байна гэдгийг голдоо ортол ойлгов.
Шатрын ордны өмнөх талбайд Далай лам, Потала ордны зурагтай самбар байна.
Энэ талбай Халимгийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюжиновын 50 насны нь ойгоор нэрэмжит болгосон тэр талбай мөн байх. Зарим арай гоёмсог сонгодог хэлбэртэй байшингуудад шатрын, судалгааны байгууллагууд, музей, рестораны хаяг харагдана. Ерөнхийдөө эл хуль газар юм. Хотхоны хашааны орох хаалганы зүүн гар талд “Марко Поло” хэмээх зочид буудал харагдана. Марко Поло эзэнт гүрний нийслэлд хүрэх “виз” авах гэж энэ орчмоор явсан ба буцахдаа ч дайрч өнгөрчээ, тэгэхээр түүний нэртэй буудал байлгүй яах вэ!
Буудлаас холгүй үнэн алдартны нэг хуучин жижиг дуган байна. Буудлаас 300 орчим метр зайд гурван гэр чандмалж барьжээ. Хуучны хот айл ингэж чандмальж буудагсан. Ойртвол угсаатны үзмэр ба бэлэг дурсгалын дэлгүүрүүд бололтой, өглөө эрт тул хаалттай байна. Нэг нь манай Увсынхны 8 ханатай том ханхар гэр, нэг нь Тэнгэр уулын орчмынхны барьдаг хасаг бурдуудынх шиг шовгордуу оройтой гэр, нэг нь хуучин халимаг гэр бололтой байна. Монгол гэрийн бүрээс жаахан хуучирчээ...
Гэрийн талаар хэрэг болгож асуусан юм. Ер нь музейд л үзэхээс ахуйд байхгүй болжээ. Малчид цөөрч, байгаа нь байшинд суудаг болж, нүүдэлчин малчин бол байхгүй, аж ахуйнууд, аж ахуйтнууд л болсон хэрэг. Музейд “Юрта” гэхгүй “Калмыцкая кибитка” гэсэн тайлбартай байх ба өөрсдөө “Хальмг ишкя гэр” гэх ажээ. “Кибитка” гэдэг нь бүрхүүлтэй том тэрэг, тэргэн дээрх майхан гэсэн утгатай түрэг үг. Түрэгүүд “кибет”, Арабууд асараа “коуббет” гэдэг.
Үдийн зуурт үг сонсов
Хуарангаа эргэж ирээд, өглөөний ундандаа явцгаалаа. Хоёр хуучивтар машинтай залуус ирж биднийг авч явлаа, таксинд явдаг бололтой. “Элстэй” зочид буудлын нэг давхарын кафед ундлав. “Репортёр” гэж байсан санагдана, бодвол биднийг телевизийн талын хүмүүс тул “өнгө ижилсүүлээ” биз. Тэр зуур буудлын сувенирын мухлагуудыг нэг эргэж амжив. Мухлагийн худалдагч оросжуу царайтай бүсгүй “гадны” хүн гэж анзаарсан бололтой англиар “Хаанаас ирэв?” гэж асууж байна. “Монголоос...” гэвэл их л сонирхон олзуурхаж “Хальмг келн мэднт?” гэж байна. “Говорить хуже, лучше понимать...” (Манай нэг нөхөр “Полохо говорю по-русский, потому что грамматику не знаю” гэж шүлэглэсэн санаанд орж ирээд хүрэв) гэж хошигновол төвөг удаж буйдаа уучлал гуйн наманчлаад, гар утсаа гаргаж ирээд л Монголд болж буй үйл явдлын талаарх мэдээллүүдийг тодруулан асууж гарлаа. Халимгаар ярьж байгаад түгдрэхээрээ л оросоор ярьж эхлэх юм. Ер нь халимгууд фэйсбүүкт хэд хэдэн монгол найзтай байдаг ажээ. Бас Монголын талаар их л сонирхон уншдаг бөгөөд халх, халимаг аялгын ялгаанаас болоод мэдээллийг бүрэн ойлгодоггүй ч гол санааг бол “бариад” байдаг аж. Энэ удаад Чингис хааны шарил олдсон эсэх, “Чингис хаан судлалын төв” байгуулах тухай ЗГ-ийн тогтоол ямар учиртай, цогцолборыг хэзээ барих, эсвэл барьчихсан уу? зэрэг “өндөр” ач холбогдолтой асуудлаар ярилцав. Жаахан удаан яривал ахуй руу орох нь дамжиггүй л дээ.
Бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд Монголын бүтээгдэхүүн олон харагдана. Чингис хааны хөрөг, эртний Монгол баатадын зурагтай хөргөгчний наалт бас бурхан шашны эд өлгийн зүйлс. Дорно дахинд бол байдаг л эд байх л даа, гэтэл энэ бол Европ, тэр тусмаа Оросын алс хязгаар бөгөөд өмнөд талаараа Исламын иргэншилтэй залгадгийг санавал биднээс бусад жуулчин аялагчдад их л сонин содон зүйлс гэдгийг хэлэх хэрэгтэй! Өөрийн урлал ч байна, Халимагууд европчуудтай адил шил, шаазан эдлэлд их дуртай болсон юмдаг уу? Хөөрхөн, үндэсний хувцастай хүүхэлдэйнүүд олон байх юм.
Яаж удаан ярих вэ, цайндаа оров. “Репортёр”-ын дотоод тохижилт тун давгүй, хуучны эд зүйлсээр, орчин үеийн заслаар кафегаа тохижуулжээ. Хуучны бичгийн машинууд, бичгийн хэрэгслүүд, жаазтай гэрэл зураг, бас бус зүйлсийг гэрэл, будгийн зохиомжтой хослуулан ханаар тавьж, аргагүй л “Репортёр” юм. Халимгийн аль ч уушийн газарт заавал “боорцог” байдаг. Бас тэр дөрвөлжин талхны нь амттайг... цөцгийтэй л өгөх юм. Өрөмтэй бол сайхан санж. Талханд нь түрүүлж цадчих гээд хэцүү юм билээ.
Зочид буудал Элстэйн төвд байх агаад цэмцгэр сонгодог загвартай парламент, Засгийн газрын цагаан ордон холгүй харагдана. Европт анх авчирсан бурхан багшийн сэрэг дүрийг гоёмсог асар дор залжээ. Мөнхүү долоон давхарлаг асар ба усан оргилуур, гудамжны гэрэл чимэг, төмөр хаалга, шар голдуу өнгөтэй сувенирын дэлгүүр сэлт орчинтойгоо сүрхий зохицохгүй ч, хуучны Зөвлөлт маягийн хотыг дорножуулах эрмэлзлийг тодотгоно. Үүгээрээ тэр бүсэд тун чиг онцлог сонин хот санагдана!
Хэдэн жилийн өмнө Халимагт барилдахаар ирсэн Дагестаны бөхийн шигшээ багийн нэг тамирчин шөнө зугаалж яваад энэ бурхны нүүр лүү өшиглөж байгаа зургаа интернетэд тавьснаас болж алуулангаа алдсан. Халимаг залуус буудлын өмнө цуглаад бурхан, шашныг нь доромжилсон нөхдөд заналхийлж, цагдаа нар хамгаалаад хүчрэлгүй үймээн болоход Дагестаны Ерөнхийлөгч яаран нисч ирээд, Халимагийн Ерөнхийлөгчтэй уулзаж уучлал гуйгаад тамирчдаа авч явж байсан.
Халимгууд дайчин, эрэмгий, аливаа доромжлолд хариуг нь дор нь өгдөг. Үнэт зүйлээ үхэн хамгаалдаг ард түмэн, үгнээсээ өмнө үйлдэл хийчих магадлалтай юм билээ. Иймдээ л энэ газарт 400 жил оршин тогтносон байх. Гэтэл бид хэтэрхий тайван, амгалан, амирлангуй болжээ. Залуус, цовоо сэргэлэн хүүхдүүдээ хүртэл загнаж зандачсаар өөрсөд шигээ амарлингуй болгож орхидог мэт. Тэгээд насанд хүрч, аав ээжийн гараас гараад ууж согтохоороо хүчээр суулгасан ухамсар хүмүүжил нь арилж, унаган зан, төрмөл араншин нь гарч ирээд байдаг бололтой. Хуучин манай хөгшчүүд “Хормойгоо мушгиад өндөлзөөд байлгүй, суу” гэдэгсэн, ер нь тийм байсан нь дээр ч юм шиг.
Идэх гэж ирсэн биш, цайлах зуур гарч, ганц нэг хүмүүстэй уулзав, таван үг солив. Бас нөгөө цээж баримлаа сураастай. Ая олдвол халимаг “Жангар” нэгийг олоод авчих ч санаа бий. Бас бус аман домог сонсчих гээд л...
Халимагууд мэндлэхдээ “Мэндүт” л гэдэг. “Мэнд үү, Та?” гэсэн үг. “Мэндүч көүн” гэвэл “Мэнд үү чи, хөвгүүн” болно. Ойрд аялгын төгсгөлийн “-т, -ч” нас, эрэмбэ заадаг. “Мэндээ, Та амархан сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?” гэж халх аялгаар сунжруулан мэндэлбэл жаахан гайхасгээд “Байна, байна” гэх. Уг нь бол “мэнд, мэнд” гэх л ёстой. Өөрсдөө огцом аялгатай тул намайг уртхан мэндлэхэд яг алинаар нь голлож хариулахаа мэдэхгүй, хамгийн төгсгөлийн үгээр баримжаалж байгаа хэрэг. Монгол хэний онцлог төгсгөлдөө зангидагддаг тул аргагүй.
“Уулынхан урьд жаахан догшин, хэцүү улс уу?” гэвэл “Өө, гэмгүй” гэнэ. Хууччуул эрт цагт черкесс л хэцүү дайчин улс байсан гэлцдэг. “Черкесс харваа мэднч?”, “Уга, мэдхшв” (манай торгуудын “мэдхшв” гэдгийг өнөө цагийн халх аялгаар задалбал “мэдэх биш би” гэсэн гурван үг, харин Халимгууд “мэдх уга” (мэдэхгүй) гэнэ. Бидний “биш”, хятадуудын “бүши” гэдэг үгийг тэнд “мэдх уга”)
Черкессүүд дайтахдаа эсрэг талын жагсаалын өмнүүр тойрч давхилдаад, маш цэцэн харвах ба их хохироодог байж. Харвахдаа мориныхоо цаад тал руу налж унаад хариу суманд оногддоггүй. Түүнийг арамаар л таслана. Арам гэдэг нь урт иштэй олон иртэй жад, иш нь заримдаа 6 метр хүрдэг, хугарахгүй гэж хулсаар ишилдэг байж. Черкессүүд тойрч харваж эхэлмэгц халз дайрч жадлаад эмээлийнхээ урд бэхэлсэн дэгээнд хөшиж хүнийг нь, мориноос хагацахгүй бол хүнтэй морьтой нь шидэж тойргийг нь эвддэг байж. Туульд хэлдэг “Байр байрлах, байрын ам эвдэнэ” гэдэг нь “байлдах, дайсны жагсаал эвдэх” гэсэн үг. Заримдаа хүн нь дээш шидэгдээд “нисч оддог байж” гэлцээд инээлдэнэ. Арамд дассан морьд дайснаа жадалмагц сууж, эргэж өгдөг байж. Морины албин сайн гэнэ. Жангар туульд “Аав тань танаас арав дахин сайн арамч авч морины албинд арай давхилтай гарлаа” гэж хайлдаг нь ийм учиртай аж.
Эрт цагт дайчин явж, одоо ямар? гэвэл “Энэ Астраханийн наахан нэг зоогийн газарт манай нэг өвгөн халамцаад, өөр ширээнд суугаа уулын дөрвөн залуу дээр очиж “Уулынхаан, та нар халуун цустай гэл үү?” гэж асуугаад нүүр лүү нь хараад тойроод байсан гэнэ. Хэрэв нүүр рүү эгцэлж харвал, нүдэнд нь өдсөн оч харагдах л юм бол буруугаар эргэнэ. Өнөөдүүл нь чимээгүй л суугаад байж, нэг л үг хэлбэл сөргөлдөх гээд... өвгөн бүр өдөж ядаад “Та нар халуун цустай бол Халимгуудын цус буцалж байдаг юм шүү! гэж хашгирсан гэнэ...
Манай Монголчууд зоригтой ч золбоо муутайхан болчихож дээ гэж тэдэнтэй ярих зуур бодогдов. Тэгээд Цагаанзам гуайд бодсоноо хэлтэл Монголчуудад ер буруу өгөх шинжгүй “Тэгэлгүй яах вэ? Бид Европейц улсад ирснээс хойш томыг дурдвал 28 дайнд оролцсон улс шүү! Жижиг бол тоо томшгүй. Турк, Швед, Орос (Иргэний дайнд), Франц, Германтай дайтаж үзсэн. Гэтэл Монголчууд тайван амар амьдарсан. Халх гол, чөлөөлөх дайн л орсон. Тийм болохоор аргагүй” гэж байна.
“Репортёр”-аас гараад Хурулыг үзсэн юм, түүнийг тусад нь бичье! Дараа нь хотын театраар орж нэг Халимаг эрэгтэйн хувцас авах гэсэн авч тайзны, гял цал, үс залаа болсон хувцас байсанд болиод Халимгийн үндэсний түүхийн музейд очив.
Музейд
Музейн үүдэнд Халимгийн Соёлын яамны орлогч сайд Жамбалын Николай гуай угтаж авлаа. Костюм өмсөж, толгойдоо халимаг хар тоорцог тавьжээ. Өдөр тутам өмсдөг хувцас нь бололтой. Тоорцгийн оройд улаан залаа хадсан байна. Халимгууд энэ улаан залааг их эрхэмлэдэг ба Монголын бэлгэ тэмдэг билээ л. Цагаанзам гуай, Дима Бурнинов нар Б.Баатар найруулагчийг Ерөнхийлөгчийн зөвлөх, бас Олимпийн аварга Х.Түвшинбаяр, Халимагт Монголоос дутахгүй алдартай нь илт мэдрэгдэх ”Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан гавъяат нар явааг мэдээлсэн нь ойлгомжтой тул Халимагууд ёс төрийг эрхэмлэн хүндэтгэж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Халимаг улсын Үндэсний музей шинэхэн бөгөөд сайхан байшинтай нь атаархмаар. Өмнөө том зогсоол, уужим талбайтай. Монголд бид их түүхтэй гэж цээжээ дэлдэх, гэтэл ядаж нэг ийм ч байшин үгүй, уурхай ухахын өмнө ухах газрыг нь “цэвэрлэж” бэлтгэж өгөхдөө үй олон олдвор оловч хадгалах савгүй, жаахан арчаагүй л байна даа гэж бодов. Музей зэргийг ямар хувийн хөрөнгөөр хийх биш, Халимгууд л хөөцөлдөж холбооны болоод улсын төсвөөр барьсан байж таараа. Уг үндэс, угсаа гарвал, бахархах түүхийг нь өгүүлэх музейтэй байхын тулд яаж ийгээд аргалж чадсан л байна...
... Нэвтрүүлгийн баг нэгэн нээлтийн үеэр бүжгийн зураг авахаар явсан тул музейг үзэнгээ тэнд орж гарч буй хүмүүсийг ажиглав. Хаа газар байшин сав, хөшөө дурсгал бий л дээ, би бодохдоо Халимагт очвол хүмүүсийг нь л сайн харъя гэж бодож байсан юм. “Үсэрсэн цус, тасарсан мах” болсон тэдний тухай, зан заншил, хэл соёл, авир араншинг Монголчууд их сонирхож байгаа. “Би Халимаг явлаа” гэж их л гайхуулж ярьсан, найз нөхөд сонирхож байсан нь “Халимаг хүн” гэж ямархан хүн байгааг л сайн харж, бичээрэй гэж байсан. Адилхан талын нүүдэлчин бид байшин барьж, бурхан бүтээж, хот байгуулж явсан түүхгүй. Харин буй биедээ өөрийн үндэс язгуураа тээж явдаг хүмүүс...
Халимаг залуусыг хараад байхад ер нь нэг тийм галтай, эрэмгий, омголон төрх илт харагдана, огцом, хөнгөн хөдөлгөөнтэй, залуус гэлтгүй нас тогтсон нь ч ялгаагүй. Харин хүүхнүүд нь зөөлөн, тэвчээртэй, анхааралтай... эрчүүлээ хараад л байна. Ялалт, ялагдлын дараа л унасныг нь халамжилж, ялсныг нь тайвшруулдаг бололтой. Гэхдээ тэднийг амар үзэж болохгүй. Дийлшгүй дайсан ирлээ гээд гэртээ ороод буруу хараад хэвтчихсэн нөхрөө “Баатар хүн гэгдэж явсан биш үү? Гэртээ үхэж амьтны доог болох нь уу? Гэрээс гарч, үхвэл хол үх” гэж хөөгөөд гаргасан домог энэ тэрийг сонсвол эд нар нь тийм ч “амар амьтад” биш л дээ... Энэ мэт домог туужийн талаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох тул би орхиод бичье, нэвтрүүлгээ үзээд сонсоно буй за, харин орохгүйг энд бичье!
Манай эхнэр ч заримдаа хэд хоног гэртээ хэвтчихээр “Гэрийн мухар сахиж, эм хүн шиг үглээд суулгүй мөнгө аваад гараач! Найз нөхөдгүй юм шиг...” гэж хөөдөг юм. Монгол хүүхнүүд ч “эмийн эр” болсон амьтад. Харин бид “эрийн эр” болж чадаж байна уу? Эр хүн гэрээс хол, төрөөс сул явах ч бахтай л даа...
Агираад одох атга цагаан яс
Асгараад одох аяга хар цус
Жил, нас хоёроо жидийн (жад) үзүүрт өлгөсү
Жилбэ, бах хоёроон ганцхан Жангартаа өргөсү...
Халимгууд “Хүүхнүүд гэртээ хүүхдээ хараад суух хэрэгтэй, эрчүүл харин бор чоно мэт олз хайж явах ёстой” гэлцэнэ. Торгууд хүүхнүүд хэзээнээс чанга, ямар муудаа л Байтагийн тулааны үеэр үүрэг гүйцэтгэж яваад гэртээ ирэхэд эхнэр нь гэрээ ачаалж, малаа туугаад өөр газар оччихсон байдагсан гэлцэх вэ? Гэхдээ бас болоогүй ээ, бидэнтэй хамт явсан Халимаг бүсгүй “Манай торгууд хүүхнүүд илүү халамжтай, сайн эхнэр болдог. Дөрвөд хүүхнүүд их чанга, нөхрөө атгадаг, нөхөр мөнгө олбол инээгээд л байна, үгүй бол хэцүү...” гэж сонирхуулж ярьсан юмдаг. “Та аль нь вэ?” гэвэл “Би торгууд” гэсэн билээ. “Хошууд хүүхнүүд ямар?” гэвэл “Торгуудтай адил” гэсэн.
Музей үзээд гарч байгаа 15, 16-тай залуусыг ажихад ер холилдсонгүй эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгарав. Залуус нь ноцолдоод л, охид нь холхон нэгнээ хүлээж зогссоноо яваад өгөв. Түрүүхэн шатан дээр зураг авахуулахаар бужигнаж байхад хөвгүүд нь охидоо “тэг, ингэ” гээд өөрсдөө бужигнаад, багш нь загнаад... Багш нь нэрийг нь дуудмагц царай нь хувьсхийгээд, орос эмэгтэй багшаа нэг тийм эзэрхүү нүдээр харахад ахиж юм хэлсэнгүй, бодвол халимгуудын зан араншинг мэдэх тул илүү үглээд хэрэггүй бололтой. Хөвгүүд зогссоны дараа охид нь өмнүүр нь зогсоод зургаа авахуулж байсан.
400 жил өнгөрсөн гэхэд Халимгууд царай төрхөө сайтар хадгалжээ. Бас хэлээ. Үүнийгээ хадгалж үлдэхэд тулсан хоёр багана нь буддын шашин, “Жангар” тууль хоёр мэт. 250 шахам жилийн өмнө салсан Халимгуудын хэлийг Монголын торгууд би ойлгож байна гэдэг гайхамшиг л даа. Гайхамшиг нь ойлгож байгаа би биш ярьж байгаа тэд! Жангарын 550 жилийн ойгоор хэвлэсэн Халимаг “Жангар” нэг муу оюутан надад бэлгэнд ирсэн юм. Одоо “Чингис хаан” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн багш бэлэглэсэн юм. Аваад уншихад бүрэн ойлгож байсан, уншсаар “Жангар”-ыг ойрдоор уншсан нь илүү амттайг мэдэрдэг болчихоод байгаа билээ. Тэр ном ирсэн учраас бэлгэшээж том хүүдээ Хонгорын нэрийг өгсөн юм. Басхүү Хошуудын таван барсын ах Ханхонгор гэж ноён байсан билээ.
Залуус нь манай залуусаас арай голшиг, цайвар царайтай юм... Энэ Монголоид төрх бол дан торгуудаас гадна энд байсан мангуд цусных. Торгуудууд мангудыг эв найраар нэгтгэсэн гэдэг. Хэрэв эднийг буцаагаад Монголд аваачаад хольцолдуулчихвал ямархан идэвхтэй дайчин шинэ үндэстэн төрөх бол оо?