Ижил торгуудын тэмдэглэл-3

Бурхны шажны өрнөд хязгаар

Жангарын туульд “Арван жилийн өмнөх араалжийн мөр даган, хорин жилийн өмнөх хорхойн мөр даган...” балар шугуйг гаталсан тухай өгүүлдэг. Чухам Халимгийн шажны мөр дагах нь 400 жилийн өмнөх балархай жимийг сэргээн бясалгахтай адил аа...

“Репортёр”-аас гараад “Хурул”-д одсон тухайгаа хожим хүүрнэхээр орхисон билээ. Элстэйн гол “Хурул” буюу Бурхан багшийн алтан сүмийг хуучин барилгын материалын үйлдвэрийн талбайд барьжээ. 

Халимгууд хүндтэй хөшөө дурсгал, сүм барихдаа заавал газрыг нь өндөрлөж барих юм. Хурлын сүм мөн л өндөрлөсөн хиймэл ногоон довцог дээр үзэсгэлэнтэй харагдана. Ерөнхий хэлбэр нь манай “Жанрайсиг”-тай адилавтар. Гэхдээ хэмжээгээрээ багцаагаар 4-5 дахин том болов уу. Гол дуганын дээврийн дөрвөн буланд нь өндөр суварга барьсан нь хальт харахад буддын гэхээсээ орос, исламын сүмийг санагдуулна. Их олон оройтой мэт харагдаад тэгж санагдсан болов уу!? Бусдаар цэвэр шарын хэв маягтай сүм орчин үеийн барилга ажээ.


Хийдийн зүүн этгээдэд автобус зогссон тул төв хаалгаар орохын тулд хашааг тойрч алхах хэрэг гарлаа. Төмөр сараалжин хашаанд олон өнгийн хийморийн дарцаг завсаргүй уяжээ. Төвөдийн нөлөө их бололтой юм, учир нь Монголчууд шашны зан үйлд хадаг голдуу хэрэглэдэг бол Төвдүүд дарцаг хэрэглэдэг. Бас манайд цэнхэр хадаг эрхэмлэдэг бол энд цагаан хадаг голлодог ч шар, цэнхэр хадаг ч хэрэглэнэ. Төвдүүд цагаан хадаг голлож барьдаг.

Хашааны гоёмсог, нүсэр гол хаалгын дээр сүмийн нэрийг Халимаг кириллээр “Бурхн багшин алтн сүм” гэж бичээд дор нь жижгээр оросоор, баруун зүүн самбарт англи төвдөөр бичсэн байна. Харин энэ ёс бол манайхаас эсрэгээрээ юм. Манай хийдүүд нэрээ Төвдөөр голлож бичдэг.

Хийдийн ногоон довцог өөд өгсөх шатыг 108 гишгүүртэй хийсэн гэв, тоолсонгүй. Хоёр талын өргөн шатны дундуурх сувгаар усан оргилуурын ус урсана. Гал ба усанд дундуур хүний нүгэл хилэнц, муу санааг угааж, ариутган гэр, сүмд оруулдаг нь эртний Монгол ёс оо.

Өгсөх зуур “Цагаан өвгөн”-ийг боржин чулуугаар урлаж тавьсан нь Монгол цагаан өвгөнөөс өөр, хөхийн шашных ажээ. Чулуун өвгөний таяг, энгэрт бас хадаг, дарцаг уяжээ. Ер нь Халимагт Хятадын соёлын нөлөөнөөс нэг их болгоомжилдоггүй алс хол тул ер нь буддизмтай холбоотой л бол теравада-хөхийн байна уу, улаан, шарын байна уу, бурхан шүтээнийг урлаж тахидаг гэж анх таамаглав. Уг нь нэг л шашин л даа. Гэвч энд Сингапур, Япон, Солонгосын жуулчид их ирдэг учраас тэр цагаан өвгөнийг урлаж тавьсан бололтой. Учир нь Халимаг бол буддын шашны хамгийн өрнөд хязгаар билээ.

Аюук хаан

Цагтаа Далай лам Ойрдын тэлэлт, Халимгийн нүүдэлд олзуурхаж, Хо өрлөгийн хөвгүүн Шүхэр Дайчинд “хаан” цол өргөжээ. Энэ нь шарын шажин өрнөөс өрнөд тэлэхийг тэтгэх санаа биз. Гэвч Шүхэр дайчин “Надтай адил олон, би ямар хаан болмуй?” гээд гэдрэг буцаажээ. Жангарын туульд “Ордноо огторгуйд тулгаж баривал “ик дурн болх” гэж хоёр хуруу дутуу барилаа” гэдэгтэй адил мэт. Тухайн цагтаа Зүүнгарыг “Ойрадын хаант төр” гэж бодож байсан мэт санагдана. Тэгээд тэр аавын хүслийг гүйцээх гэж Астраханийг уулгалж ялагджээ. Астраханийг бүслээд зад барьж хотыг зутраасан ч Оросын лам нар хариу арга хийж, зад Халимагийн хүрээнд буусан гэх домог ч бий.

Тэгж эс хүчрээд “Оростой эвсэе” гэж 1655 онд Дархан, Цэрэн, Цөхүрийг элч болгон Москвад зарж, “Халимагийн тайш Шүхэр дайчин ба хамаг ноёд ба бүгд Халимаг улс нь Оросын Алексей Михайлович хааны итгэлт албат болъё, Астраханийг бүү довтлоё, ямарваа хүнийг бүү талъя” хэмээн ам өгч, андгай тангараг тавьжээ. Энэ бол харин Халимагууд Оросод орохын эхлэл байсан мэт.

1661 онд Орос Крымтэй байлдах болж, Шүхэр дайчингаас өмөг цэрэг (туслах цэрэг) гуйсанд хөвүүн Пунцагтайгаа мордож, Крымын Татарыг ялаад “Аливаа авсан олзыг цагаан хаанд илгээе” хэмээж, ахин андгайр тавьжээ. Тэгэхэд Дайчинг залгамжлагч Пунцаг бурханд мөргөөд шүтээн судар үнсэж, хутгаа долоогоод хоолойдоо хүргэж андгайлсан гэдэг.

1670 онд Пунцаг нөгчсөнд залгамжлагч Аюук 1673 онд Шарцэхээ гол дээр “Орос балгадыг Халимаг бүү довтлоё, Туркийн султан, Крымын хаан, Кызыльбашийн хаантай бүү нөхцөе, Орос газрыг дайснаас харсъя (харж хамгаалъя) хэмээх ам өгчээ. Оросууд Аюукт итгэлгүй дахин тангараг өргүүлсэн боловч Башкирууд Оростой эвдрэлдэхэд Аюук Башкируудтай нэгдэж 1681 онд Казань, Оренбург мужид довтлон талж, олон тосгоныг түймэрдэж, маш олон хүнийг олзолж буцжээ. Үүний дараа Оросын талаас Халимагийн довтолгоог зогсоох, ноёдыг нь бусад улсын хаадтай үл нөхцөлдүүлэх аргыг хайж элч А.И.Голицыныг илгээж, мөнөөх Шарцэхээ голд хэлэлцээ хийжээ. Орос санасандаа хүрэв.

Торгууд хаадын туужид “Оросыг довтлохоо уураад (болиод) Хасагба Туркмен улсыг дарж, албат болгосноор тэр оронд маш алдаршиж, Далай ламын гэгээн Аюукад хаан цол хайрлаж, тамга барьсан бүлгээ. Аюук... өөрийн чадлаар, хэдий албат боловч Оросын хаанд мэдүүлэл үгүй цолыг авчээ. Аюук хаан ах дүү Зүүнгарын Ойрадыг үл умартан тэдэнтэй ураг элгэн бололцож, охиноо Цэвээнравдан хаанд өгөөд даруйд өөрөө Зүүнгарт өөд болж одож, тэнд үлдсэн Торгууд улсыг Ижилд авч ирэв” гэсэн байдаг. Чухамхүү Аюук хааны үе бол Халимгийн хаант улсын хүчирхэгжлийн оргил үе байсан ба тэрээр бие даасан бодлого явуулахыг эрмэлзэж байв.

Петр хаан өрнөдөд сураар одохдоо чухам Аюук хаанд “Өмнөд нутагт минь дайсан оруулалгүй харж байгтун” хэмээн захижээ. Аюук эс хөдөлбөл Чечень, Ногай, Куминчүүд нэгдсэн хүч, Кубанийн хааны цэрэг Оросын хязгаарын хотуудыг түйвээж байв. Харин Петр хааны хүсэлтээр Орос, Туркийн дайны араар Оросыг довтолсон Башкирыг 5 мянган торгууд цэргээр, Доны казахын босогчдыг дөрвөдийн түмэн цэргээр дарж өгч байсан ажээ. Мөн Оросын талаас Халимгуудыг аргадаж Бухар, Харахалпак, Хасгийг довтолбол их буу, жил бүр 20 пүү дарь, 10 пүү хорголж өгөх, Кубань, Крымыг довтолбол Оросууд хориг саад хийхгүй байх, Халимгууд ялагдаад Оросын хотуудад очвол хөөхгүй, хамтрах гэрээ байгуулжээ. 

Аюук хүч нөлөөгөө мэдрүүлэхийн тулд чухамхүү Петр хааны эш, саналаар л дайнд орж, бус цагт хүчээ нөөж байжээ. Тиймээс хязгаарын муж, хотын захирагч нартай төдийлөн харилцаж байсангүй. Аюук хаан бас сүрхий өсөрхүү хүн байсан бололтой. 1715 онд Астраханий ойр нутаглаж байсан Аюукийн өргөөг Кубанийн хаан Бахты Гирей гэнэдүүлэн довтолсонд Аюук хатантайгаа зугтаж, Хиваг хянаж байсан Оросын цэрэгт очиж нийлжээ. Цэргийн захирагч А.Черкасский нэхэж ирсэн татарууд зогсоосонд Аюук хаан түүнд “Бууд” гэсэнд “Дээрээс тушаалгүй тул байлдахгүй” гэжээ. Кубаньчууд Аюукийн харъяат татар, ногайчуудыг элсүүлэн авч оджээ. Аюук А.Черкасскийд “Оросууд хэлэлцээ ёсоор намайг хамгаалсан ч миний албат иргэдийг хамгаалсангүй, намайг хүндэлсэнгүй” гэж өшжээ. Тэгээд Кубанийн хаантай найрамдаж, түүний эсрэг боссон Хэтэй Кивчааг, Их Ногайн ордыг хүү Чагдаржавт цэрэг өгч илгээн дарж, хариуд нь өмнө булаагдсан харъяат албатаа буцааж авчээ. Мөн А.Черкасский Кубаний хаантай хэлэлцээр хийхээр явсныг мэдээд нэгэн мангудыг илгээж, “Элч гэж хуурмаглан Таныг дайлъя гэж одов” хэмээн мэдээ оруулсанд замд нь алжээ. Тэгээд Гирейг хатган, 170 хүн илгээж газарчлуулан Кубаньчуудаар Оросын Пенза, Симбирск мужийг тонуулжээ. Тэгэхэд Оросын жанжин Аюукаас өмөг цэрэг гуйсанд “Би Оросын дээд хаанаас эшгүй татаруудтай байлдаж чадахгүй” хэмээн “Оюун ба эрдмийн үйлсээр олж авсан хаан цолоо эс хүндэлсний хариу өшөөгөө тэр мэт авав” гэнэ. Үүнийг “Үгийг нь гарт нь бариулах...” гэдэг агаад1717 он байсан юм.

Тэрээр бурхан шажныг бататгахын тулд ач хүү Равжираа Төвдөд илгээж лам нар залж ирэхийг даалгажээ. Равжир Төвдөд очихын тулд Энх-Амгаланд бараалхсанд түүнийг саатуулжээ, шалтаг нь “Хасгийн нутгаар буцах аюултай тул амь биеийг хамгаалахын тулд” гэжээ. 10 жил өнгөрсөнд, Петр хаанаас гуйж, Самдан хэмээгч элчийг ач хүүгээ албат ардтай нь Оросын Сибирээр дамжуулан авах учрыг хэлүүлэн илгээсэнд Манж нар мөн хариу тандуул элч илгээж, Орос ба Аюук, Аюук ба Зүүнгарын хооронд яс хаяхыг оролджээ. Торгууд хаадын туужид “Аюук хаан нь харь яст Манжийн мэхэнд орж, халуун төрлөө-Зүүнгарыг огоорох тийм охор ухаант хүн бус агсан бүлгээ... хятад элч нар санасандаа хүрэлгүй, дэмий явдал хариуцалгүй буцав” гэсэн байна. 

Равжирын албатыг Манж нар өгсөнгүй, Эзнээ голд нутаг заан суулгасан ба Равжирын угсааны Эзнээ торгуудын гүнж дуучин Халин бүсгүй бидэнтэй хамт мөн Халимагт очсон нь бас сонин давхцал бөлгөө... Бурхан шажныг Халимгийн хаад энэ Халимагт батжуулж байжээ.

Гол дуганд мөргөв

Сүмийн үүдээр ормогц өргөн угтах гудамтай, гудмын нэг буланд улаан хүрээтэй шилэн хорго бүхий шашны эд өлгийн лангуу байна. Сахиус, бурхан, эрхи, утлага тэргүүтэн зардаг ажээ. Худалдагч орос, халимаг хоёр бүсгүйд бурхны дүртэй, улаан оосортой жижиг зэс хөөмөл сахиусыг чухам ямар зүйлд тустайг хичээнгүйлэн тайлбарлаж байна. Оросууд буддизмыг их сонирхож, ид шид, далд ивээл хүч ихтэй гэж үздэг бололтой байдаг. Тиймээс их сонирхож хүндэлдэг, буддын сүм хийдүүдээр чөлөөтэй явж харагддаг. Бодвол орос бүсгүйд халимаг найз нь ивээн хамгаалагч сахиус авч өгөх гэж хамт ирсэн байх. 

Үүдний гудамд гутлаа тайлаад дуганд оров. Хурул хурж байна. Хойморт цэвэрхэн хийцтэй том алтадмал Бурхан багшийг тахижээ. Түүний зүүн талд үзүүр тохой хэрийн алтадмал Зонхова бурхан, баруун талд өндөр сэнтийн дээр Далай ламын хөргийг залсан байна. Их олон бурхангүй юм. Гүнгэрваатай арав орчим бурхан тахисан байна. Бурхдын өлмийд гоёмсог, өндөр ваартай ваартай цэцгүүдийг завсаргүй тахил болгон тавьжээ. 

Бурхны өмнөх жавданд лам нар суугаад хурж байна. Нүсэр баганаар тусгаарласан дуганын баруун хагаст лам нар, зүүн хагаст нь сүсэгтэн олон суух вандан сандал эгнүүлэн тавьжээ. Шалыг битүү хивсэнцэрээр бүржээ. Наманчлан залбираад зураг аваад гарав. Цөөнгүй хүн сууж байна. Монголын сүм, дуганд ороход, арц хүжийн үнэр ханхалж, утлагын утаа суунаглаж байдаг бол энд төдийлөн мэдэгдсэнгүй, магадгүй шинэ бөгөөд том танхимтай, агаар сэлгэлт сайтайн учир ийм болой. Салхи савир байнга оруулж, ариун цэврийг сахидаг шинжтэй. Гял цал, цэвэрхэн, саруул бөгөөд уужим дуган юм. Хананд нь бурхан багшийн зохионгуй ба шарын шашны гэгээнтнүүд тэргүүтэн номын зургийг гоёмсогоор зуржээ. 

Гол дуганаас гарах зуурт бодсон нь “Тайш Пунцагийн тангараг тавихдаа мөргөсөн бурхан нь одоо Гандантэгчлэн хийдэд Өөлдийн таван нандин шүтэнтэй хамт тахисан Вангийн торгуудын “Дашпандэлин” сүмийн Зонхов байх даа?” гэж... 

Надаас бас асууж байсан билээ, “Халимгаас очсон мөнгөн Зонхов Ганданд залаатай байгаа биз?” гэж. Тийм ээ, манай торгуудууд жил бүр сар шинийн 15-нд цуглаж тахидаг уламжлалтай болсон гэвэл “Тэр бурхныг ядаж хувилаад ч болов нааш ирүүлж болдоггүй юм болов уу?” гэж асууж байсан. Манай Гандантэгчилэн хийдийнхэн бас хөрөнгөлөг торгуудууд уг нь үүнийг л хийчихвэл зүгээрсэн гэж санагдав. Их төрийн голомтоос энэ хэр “бэлэг” илгээвэл Халимаг түмний нааш харсан магнай тэнийх байх. 

Тэр Зонхов бурхныг торгуудууд баян хүчирхэг цагтаа хөрөнгө гаргаж, Лхасад мөнгөөр цутгаж, алтаар шарж урлаад, Далай ламаар равнай өргүүлж залж авсан гэж сонсож байсан юм. Тэгээд Ижилд авч очоод хожим 1771 онд буцаж нүүхдээ бурхнаа аваад явсан ба Шинжаанд нүүдлийн гэр сүмд залж яваад 1940-өөд оны сүүлээр Монголд авч орсон байдаг. Тэр үеэр Улаанбаатараас төлөөлөгчид очоод Зонховыг “Гандантэгчилэнд залъя” гэсэнд баяртай зөвшөөрч, хийдийн лам нар дагалдаж, цагаан тэмээгээр залж хүргэж иржээ. Одоо тэр тэмээний хом тохош, ногт сэлт Ганданд хадгалагдаж байдаг ба Гантэгчинлэн сүмийн гол шүтээн болгож Зонхов бурхныг тахисан байдаг билээ. Их хэлмэгдүүлэлтийн үед олон нандин шүтээн устсан тул, хийдийг дахин сэргээхдээ энэ мэт хилийн гадна коммунист сүйтгэлд өртөлгүй үлдсэн олон шүтээнийг зүүн баруун хилээр орж ирэхэд нь угтан Ганданд залж авсан түүхтэй юм билээ.

Хэрэв Гандангийн Зонхова бурханы хувилбар Халимагт очвол гол сүмийн гол шүтээний нэг болох нь дамжиггүй. Урд өмнө манай торгуудууд Увш хааны хөшөөг Халимагт аваачаад барьчихсан юм. Одоо Ховдын Булганд байгаа Увш хааны хөшөө, Элстэйд байгаа хөшөө хоёр яг ижил бөгөөд өөд өөдөөс нь харуулан барьсан юм билээ... 

Өнөөгийн Оросын төрийн шашны бодлого аядуу бөгөөд өгөөмөр, хөрөнгө гаргаж, тэр дундаа Монголчуудын амьдран буй газруудад сүм хийд, суваргыг төрийн мөнгөөр тэтгэн босгож байгааг бид бүр Буриадад энэ мэт зорилгоор аялж явахдаа анзаарсан билээ. Монгол хүн байгаа газар суварга байдаг нь өдгөө ёс болж дээ! Монгол, Халимаг, Буриадын дацангуудын хөрөнгөөр босоод улаан засаг ба дайны хөлд сүйдсэн Санкт Питербургийн буддын сүмийг ч бас сайхан сэргээснийг очиж үзсэн юмдаг. Агваан лхарамбыг Лхаст одож, Далай ламыг оргуулан Орост аваачих ажлыг Халимаг, Буриадын дацангууд санхүүжүүлж байсан ба хожим 1920-иод оны дундуур бас нэгэн тийм оролдлого хийсэн ч Хүрээнээс цааш ахилгүй Оросын коммунист засгийн цалманд татагдан зогссон түүх бий...

Иймэрхүү юм бодох нь бараг тарни уншлага болоо биз, гол дуганыг тойруулсан найдангууд ба бурхдын сэрэг дүрийг вааран дээвэртэй гоёмсог саравчин дор байрлуулсныг үзэн явах зуур аа..! Мөн тарни бичсэн улаан өнгөт хүрдүүд байна. Энэ бүхнийг цементэн явган замаар холбожээ. Цэвэр цэмцгэр бөгөөд сүрлэг байхыг бодож байгуулсан нь санаандаа хүрч, Орост хамгийн түрүүн айлчлан ирдэг зуны, Халимагийн тал нутгийн хураар угаагдан ариусна. 

Халимгийн гол хурул бол Европ тивийн хамгийн том буддын сүм юм байна. Эндээс дорно зүгт ойрхон байгаа Зай голыг (Урал мөрөн) гатлаад Ази эхэлдэг. Элстэйн хуучин “хурул”, багавтар дуган хотын хойд захад байхыг зам зуур машины цонхоор хараад л өнгөрсөн. Бас “Шатар” хотхоны ойролцоо хоёр шинэ сүм зэрэгцүүлэн, нэгэн суваргын хамт барьсныг нэг өглөө хэрэг болгон очиж үзсэн. Төвдүүдийн барьсан сүм байсан ба давхар бясалгалын төв болгосон байв. Уншлагатай эсэхийг мэдээгүй, өглөө эрт очсон тул цоожтой байсан. Гадаа нь хурлын хуваарь ч алга.

Халимгийн хоёр дахь том хот, Каспийн эргийн Лаганьд ч буддын сүм бий гэнэ. Хаа сайгүй л бурхан шашны сүм барьжээ. Халимгууд бурхны шашнаа сэргээхэд ихээхэн анхаарсан ба Оросын тухайд ч Халимаг Тангч бол ислам ба загалмайтны уламжлалт иргэншлийг заагласан, үймээн бужигнаан дэгдэх дуртай хязгаар дахь амар амгалангийн “буфер” болох тул энэ тал дээр гар таталгүй, сэтгэл харамгүй хандаж байгаа нь цавхийтэл нийлж буй бололтой байна. Загалмайн үнэн алдартан оросууд ба исламын үндэстнүүд эргэн тойрон завсаргүй хүрээлсэн ертөнцөд буй цөөн Халимгууд үндэсний онцлогоо хадгалахад шарын шашин тустай. Бүр Волгоградын ойролцоох Дөрвөдийн Их бухас тосгонд очиход тэндэхийн хүн манайд “хурул” бий гэж зааж байсан билээ. Бидний байгаагаас өөр ертөнц, өөр орчин. Каспи ба Хар тэнгисийг Кавказын нуруу ган татлага, их хэрэм мэт холбож байдаг, чухам энэ хэрэм мөрөн зогссон хоёр иргэншлийн хил болон тогтсон байдаг.

Монгол, Төвдийн хийдүүд олон дацантай (коллеж, факультет) лам нарын орон байр, уншлагын дуган, дагалдах сүмүүдтэй хийд буюу хотхоны хэлбэртэй бол Халимагийн сүм уншлагын гол дуганд түшсэн шүтээний газар маягтай юм. Чухам хэдэн дацантай, хэдэн ламтайг асуух боломж гарсангүй, лам нар хурал хурж, хэзээ гадаалах нь тодорхойгүй, мэдэх хүн таарсангүй. Яаруу яваа тул үзэхийн зуурт санаанд тогтсон нь энэ!

Харин гол хаалганы зүүн талд Зонхов гэгээний аавын хувилгаан Хөх нуурын Ажаа ринбүчийн уг сүмд морилох хугацаа ба айлдах номын хуваарийг хулдаасан хэвлэлээр хэвлэж дэлгэсэн байв. Ажаа ринбүчийг “Арджа Ринпоче” гэж орос дуудлагаар бичжээ. 

Гарах зуур нэгэн өвгөн, бидний хаанаас явааг сонирхон асуув. Монголоос гэвэл их л элгэмсүү мэндэлж, өөрийгөө хошууд хүн гэж танилцуулав. Өвгөн “Арджа ринпоче Халимагт ирсэн, ямар учиртайг мэднэ үү?” гэж асууж байсан, мэднэ ээ “Зонхова гэгээний аавын хувилгаан” гэвэл бас “Хөх нуурын хошууд хүн шүү!” гэж байна. Хошууд хүн гэдэг нь өвгөнд илүү чухал бололтой! 

Халимагт лам хуврагууд ихээхэн нэр нөлөөтэй байсан ба чухамхүү олон зайсан, ноёд ба тэдэнтэй зөвлөлдсөнөөр “...Нэг шашин, нэг хэлт эртний ах, дүү Монгол ба энэ, хойд хоёр төрлийн жаргалын шүтээн болсон рашааны далай Түвд орон хийгээд үлэмж адист Богд нарын гэгээний шадар оршиж, хорт дайсанд хэрчигдсэн Ойрадын голомт дээр бууя...” гэж шийдсэн тухай Торгууд хаадын туужид бичсэн бий... 

Хошуудын хурул

... Батын Сарай хотын тууринаас буцах замдаа Астрахань мужийн Харабалинский районы Речное тосгонд байдаг “Хошуудын хурул” очиж мөргөв. 

Тосгоны захад Ижил мөрний эргийн далангийн дэргэд сүм байна. Хашаа хороогүй, ганц сүм байх агаад урьд өмнө ийм бурхны шажны сүм үзэж байсангүй. Учир нь энэ сүмийн хоёр оройгоос бусад нь үнэн алдартны сүмийг санагдуулах агаад шар зосоор будаж, багана, түүний бад, байшингийн чимгийг цагаанаар буджээ. Хээ хуар бүхий төмөр сараалжаар цонхуудыг нь хаажээ. Сүмийн эргэн тойрныг хашаагүйгээс машин явсаар өвс ногоогүй болж талхлагджээ.

Гэхдээ сүмийг будаж додомдсон нь илт, сүүлийн засвараас хойш удаагүй бололтой, хурц өнгө жавхаа нь буураагүй байна. Харахад их ганган, гоёмсог сүм юм. Дорнын маягийг илтгэсэн хоёр оройн нэг нь хоёр, нөгөө нь дөрвөн давхарлагийн дээр алтадмал, өндөр ганжир гялалзаж, үзүүртээ нар, сарыг асаажээ. Сүмийн зургийг авч явах зуур нэгэн халимаг өвгөн тэрхүү нар, сарыг зааж “Энэ лалын шажных биш үү?” гэж их л чухалчлан асуулаа. Үгүй, Монголынх, дээш харсан саран дээр нар байна, Монголын төрийн далбаан дээрх соёмбод ч үүнийг дүрсэлдэг, ялгаатай нь дээрээ галтай гээд утсаараа соёмбоны зураг “гүүглдэж” үзүүлсэнд их л санаа амарсан байртай талархаад миний зургийг авч өгөв. “Зураг татна” гэж ярих юм. 

Хоёр хавтсыг дэлгэсэн зузаан хүрэн модон хаалгаар сүмд оров. Банзан шалтай, хүнхэр адартай, нуман холбоос бүхий багануудаар дотор талыг тууш гурван эгнээ болгон тусгаарласан дуган байна. Ханыг цагаан шохойгоор будсан, олон өндөр цонхнуудтай тул саруулхан юм. Сүмийн хоёр талын эгнээ хов хоосон, нэгний буланд хаалга нь онгорсноос эвдэрхий мэт санагдам шкаф харагдана. Голын өргөн эгнээнд вандан сандал эгнүүлэн тавьсанд сүсэгтэн олон сууж залбирах учиртай. 

Голын эгнээний зүүн талд баганын дээр Баян Намсрай буюу Гүвираа (Кубера) тэнгэрийн торгон зураг, зүүн этгээдэд цагаан Дарь эх ба Манал бурхны торгон зургийг өлгөжээ. Тэр жижгэвтэр бурхад дуганд сүр оруулахаас илүүтэй хоосон орон зайг улам тодруулна. Харин хойморыг танхимаас баганаар тусгаарлаад, улаан булангийн тайз мэт өндөрлөж, цээжээр татам маажиндсан модон тавцан засаад дээр нь шар торгон орхимжтой дэлэм хэр өндөр, бадамлянхуа дээр завилсан алтадмал бурхан багшийг голлуулан тахижээ. Бурхны дээр өндөр хананд, гол нь бурхан багш, хоёр талд Очирваань ба ногоон Дарь эхийн торгон хөрөг хадсан байна.

Тавцан дээрх Бурхан багшийн араар улаан хүрэн жаазтай хуучны бурхдын хөрөг эгнүүлсэн тавьсан байх ба өмнө нь жижигхэн жаазтай Зонхова, Далай ламын хөргийг залжээ. Тав, зургаан жижигхэн цутгамал бурхан харагдана. Өмнүүр нь зулын цөгц, арц хүжийн бойпор, ваартай цэцэг, суварга тэргүүтэн тахил ном ёсоор өржээ. Хүмүүс бурхан багшийн өмнө залбирч мөргөн, зоосон мөнгө өргөөд буцаж вандан сандал дээр наманчлан суух аж. Халимаг царайтай 10 шахам хүн байна. Басхүү нэг хоёр орос хүн ч мөргөөд гарлаа.

Харин лам харагдсангүй. Тайзны дорхи намхан ширээн дээр утлага, рашаан харагдавч өгдөг эсэхийг мэдэх аргагүй. Улаан даавуугаар бүтээсэн урт ширээ, модон жавдан байхыг харвал 2-3 уншлагын лам байдаг болов уу гэмээр...Ер бурхан тахилыг харвал их л ядуухан сүм ажээ.Монголд элбэг дэлбэг байх зурмал бурхан тахил тэргүүтнийг үзэх хүн авч очоод бэлэглэсээр дуганыг дүүргэвэл загалмайтны сүм мэт санагдах нэлэнхүй цав цагаан дотор орчинг их л өөрчилж болмоор... Хэрэв Халимаг лам байсан бол энэ мэтийг тавтай хүүндэхсэн гэж бодовч таарсангүй л.

Манай сумын төвөрхүү гэхдээ илүү цэгцтэй орос тосгоныг энэ сүм сүрхий чимдэг агаад Халимгууд ихэд эрхэмлэдэг бололтой, тиймээс ч хэрэг болгож биднийг аваачсан хэрэг билээ. Басхүү алс холын жуулчид олноор ирдэг байж магадгүй. Орчмыг тойрч үзээд сүмийн арын даланг давж Ижил мөрний эрэгт хүрвэл гурав, дөрвөн төмөр завь аргамжаад орхиж. Дэргэдүүр нь орос жаалууд шулганалдан гүйлдэнэ. Хэсэгхэн зураг аваад буцахдаа лам хүн таарах болов уу гэж горвдож сүмд буцаад очтол цоожлоод явчихаж...

Энэ сүмийг 1812 оны Францтай хийсэн дайнд амь үрэгдсэн Халимаг дайчдын хойдын буян, гэгээн дурсгалд зориулж босгосон түүхтэй тул Халимгууд хүндэтгэдэг нь аргагүй. Халимгийн Хошуудын улусын эзэн 1812 оны дайны баатар, дэд хурандаа Түмэний Цэрэвжав вантан бөлгөө, Питербургт уг дайнд үрэгдсэн Оросын цэргийн дурсгалд зориулсан Казанийн сүмийг үзээд энэ сүмийг барихаар шийдсэн гэдэг. Тэгээд ах Баатар Увшаас сүмийн зургийг гаргахыг хүссэнд Гаван Жимбэ (Гаваагийн Жамба) ламын хамт зохиож өгчээ. Хуучин бурхны шажны нүүдлийн сүмийн буурин дээр 1814 оноос эхлэн чулуугаар барьсан сүм 1818 онд дуусчээ. Түүнээс хойш ч өргөтгөж байжээ.

Энэ сүмийн цэвэр цэмцгэр, сүрлэг сайхныг олон алдартан зочлон очоод очиж шагшин бичиж байсны дотор Францын алдарт зохиолч Александр Дюма, их эрдэмтэн А.Хумболдт ч бий. 

Коммунист хувьсгалын дараа 1920-иод онд хурлыг хаасан ба 1930-аад онд соёлын төв болгон ашиглаж байж. Халимгуудыг Сибирьт цөлж, нутаг эзгүйрээд харж хайхрах хүнгүй болж. 1957 онд Халимагийн автономит улсыг сэргээн байгуулахад буруу номтнууд тарианы агуулах, малын сарай болгосон байжээ. Тэгэхэд Хошуудын улусын нутгийг Астрахань мужийн харъяанд оруулсан байна. Удтал завсарлаж зориулалтаар ашиглаагүй дуган эцэстээ бүрэн сүйджээ. Тэгсээр 2004 оноос Хошуудын сүмийг сэргээн барьсан нь энэ ажээ. Халимгууд улсын сангаас мөнгө гаргасан гэж ярих юм, басхүү чинээлэг иргэд ч хандив өргөсөн бололтой.

Сена мөрнөөс морио усласан Монголчууд

Напольеоны эсрэг дайнд Оросын хааны зарлигаар байгуулсан Халимагийн гурван морьт хороо оролцсон бөгөөд баатарлаг тулалдсан юм. Нэгдүгээр хороог тайж Тундэвийн Жамба, хоёрдугаар хороог энд өгүүлсэн ван Түмэний Цэрэвжав, гуравдугаар хороог Зүүнгараас очсон Жамъяан, Цэвэгжав нар удирдан оролцжээ. 

Бородиногийн тулалдааны үеэр Наполеон Бонапарт Халимгуудын дайтах арга ухаанд ихэд хохироод, цухалдан тэчъяадаж Оросын хаан I Александрт захидал бичиж байжээ. Халимгуудын дурсан ярих нь: Морьт хороод Монгол цэргийн тактикийг тэгэхэд үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. Бууны тусгал шулуун тусдаг тул жалга, далангаар халхалж нумаар харвах, их буу, офицеруудыг цаламдах, их бууны бялтны нүхэнд хулсан хадаас шааж, аманд ньэлс чихэж эвдэх зэргээр ихээхэн хохирол учруулжээ. 

Н.Бонапартын цухалдан бичсэн нь: "Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед бөмбөрийн хэмнэл, цэргийн хувцас, жагсаалаараа цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Танай армийн дотор байгаа зэрлэгүүд, махчидаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та энэ зэрлэгүүдийг турхирчихаад ард нь Оросын армийн хүч чадал гэж ярьж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ" гэжээ. 

Хожим 1814 оны эхээр Н.Бонапарт Халимгийн довтолгоонд өртөж, торгон цэргээ толгой дараалан хядуулаад золтой л олзлогдолгүй амь дүйн мултарсан байдаг. Л.Гумилёв “Өрнөдийнхөн дайныг хөнгөн бодож, буянт үйл, алдар нэрийн үйлс гэж баярхдаг бол Монголчууд өөрөөр хардаг. Тэд аль болох дайтахгүйг хичээх хэрэгтэй, хэрэв дайтвал мохоол мушгилгүй болгох ёстой гэж үздэг” гэж бичжээ. 

Монголчуудаас Халимгууд л өрнийн шилдэг, хөгжин буй технологийг эзэмшсэн армиудтай бараг нэгбүрчлэн тулалдсан билээ. А.Блокийн бичсэнчлэн “Өндөр хамартан, өргөн шанаатантай тулалдахад” Халимгууд нэр төрөө мандуулан гарсан юм. Чухам тиймээс “Хошуудын хурул” бол Халимагийн бахархал байхаас аргагүй.

Их яруу найрагч А.С.Пушкин шүлэгтээ "Талын нөхөр Халимаг" гэж дотночилон бичсэн бол яруу найрагч Ц.Глинкийн шүлэгт 

Тьюльрийн цэцэрлэгт
Оросын тугийн ганжир гялбалзахад
Талын Халимаг
Сена мөрнөөс морио услахыг
Би үзлээ... гэсэн нь ч бий.

Парисын гудамжаар Оросын цэргийн дотор шар бөс бүс, дөрвөлжин шар оройтой тоорцог малгай, хөх дээлтэй, жад сунгаж, эмээлийнхээ урд бүүрэгт цалам эвхсэн морьтон, Монгол царайт дайчид орж ирсэн нь содон байсан гэдэг. Улаан хөвөөтэй шар, шар хөвөөтэй цагаан торгон туг нь бурхны шашны хачин сонин догшин дүрт бурхадын зурагтай нь содон агаад цагаан туган дээрээ Балданлхам бурхан, Далха тэнгэр, шар туган дээрээ Да лха тэнгэрийн дор чоно, өтөг, барс, зээх зэрэг араатан амьтдыг дүрсэлсэн байв. 

Европчуудын сонсоо ч үгүй гэлүгва ёсны шүтээн, Сайн цагийн мянган бурхны сахиус, хангал бурхдын нэг Балданлхам нь бараан хөх бие, догшин дүрт эмэгтэй бурхан юм. Монголчууд өдгөө ч цагаан сарын битүүний орой энэ бурханы хөлөгт зориулж гэрийн тотгон дээр гурван мөс тавьдаг. Ер нь Төвөдүүд Лхам бурхныг өөрийн үндэсний шүтээн бурхан гэдэг. Монголчууд “Хоржийлоо” гэдэг шиг “Лха жияло” буюу “Лхам бурхан яллаа” гэж уухайлдаг. 

Да Лха буюу дайны тэнгэр нь амирлангуй цагаан өнгөтэй, баруун мутартаа жад, зүүндээ цалам барьсан, цагаан морь хөлөглөснөөр дүрсэлсэн байна. Дайны тэнгэр нь Говилха буюу Таван тэнгэрийн нэг гэгддэг. Эртний Персийнх ч байж магадгүй энэ тэнгэрийг торгуудууд их шүтдэг асан бөгөөд манай ээж ярихдаа “Аав минь шар шувтлаад шашныг хавчих нь их болсонд хүүхдүүдэд гай болуузай гээд Говилха шүтдэг байснаа шар тосоор тослоод цэвэр гэж галдаа өргөхийг нүдээрээ харсан...” гэдэг байж билээ. Говилха шүтдэг айл эрчүүлийг их хүндэтгэдэг. 

Аль аль нь Халимагийн цэргийн аюулт зэвсэг жад, бас цаламтай байгаа нь сонирхолтой. Халимгуудын хэрэглэдэг цалам үзүүртээ нарийн төмөр гогцоотой хэрэв дайсан этгээдийн толгойд цалам орвол морьд нь суух буюу эргэдэг учраас толгойг нь таслаад үлддэг нь дайснуудад нь ихээхэн айдас төрүүлдэг байжээ. Зэрэгцэж явсан нөхрийн нь толгой гэнэт алга болохыг харах ямар л олиг байх вэ дээ!

Гэхдээ Халимагууд хэдий дайчин эрэмгий боловч дайн дажинд дургүй, энх амгалан, амар жимэр амьдралыг эрхэмлэгч ард түмэн билээ. Хэдэн зуун дамжин олон дайнд оролцож, их ч хохирсон билээ. Дайсныг ялж болох ч хохиролгүй өнгөрнө гэж үгүй. Ер нь яагаад ч юм Монголчууд ялангуяа Ойрадын язгууртнууд “Шажныг хамгаалагч, шажныг мандуулагч” гэх мэт цол Далай ламаас олныг авчээ. Магадгүй дайчин Монголчууд хүлцэнгүйн хүлээсэнд оршсон бурхны шажинтнуудын хувьд өмөг түшиг, хамгаалагч мэт санагддаг байсан биз. Тиймээс хамаг догшид сахиуснуудаа харамгүй өгсөн гэлтэй...

Халимаг хөгшид ярьж байна. Уулынхан, Кавказын ард түмэн бөмбөр их тоглодог. Харин манай Халимгууд бөмбөр үгүй. Яагаад гэвэл гар хуруугаар товших, бөмбөр тоглох зэрэгт их дургүй, тийн үйлдсэн залуус, багачуулыг “Дайн дуудлаа”гэж зэмлэдэг ёсон тогтсон гэв. Тэр ёс манайд ч бий. Миний багад хөл гар савчих, гар хуруугаа товшиход яг ингэж дургүйцдэн болиулдаг байсан билээ, одоо ч тийм болов уу. Орос, Европт зохиолч, яруу найрагчид Халимагийн дайчин алдрыг шагшин байх ахуйд Халимагууд гунигт дуугаа дуулж байв. Олон дайнд явж, их ч хохирсон аж.

Сөөм хамартай Францтай
Сөө (шөнө) өдөргүй цавчилдав
Цавчилдъя гэж цавчилдсангүй
Оросын төлөө цавчилдлаа

Төгрөг нуурын хөвөөгөөр
Төгөөлөн (тойрон) байж алалдав
Алалдъя гэж алалдсангүй
Амьд үлдэхийн эрхэнд алалдлаа...

Жавзандамбын хараал

Торгуудууд төр, төрөл Монголынх, шажин ном Төвдийнх гэж ойлгож байсныг өмнөхөөс харж болох. Чухамдаа газрын ойроор шажныг Монголоос бус Төвдөөс зэрэг авч байжээ. Тэнэс мэргэн Тэвнэ ноёны үеэс эхтэй энэ уламжлал өнөөг хүртэл баттай хадгалагдаж байна. Гэвч өнөө цагт Төвдийн шажин Хятадын коммунист дарангуйлал дор доройтож, тиймээс Халимгийн шажин соёлд хангалттай тус болж чадахгүй байна, харин Монголд шажин дэлгэрэхийн үүд нээгдсэн ба Буриадад энэ нь их нөлөөлж байна. Буриадаар дамжин Халимагт ч зарим талаар хүрч байна. Монгол, Орос хоёр орны харилцаа сайн сайхан тул Халимаг Монголын шажин ойртоход бэрхшээлгүй болжээ.

Ажихад Төвөдүүд Халимагт шажны бизнес эрхэлдэг бололтой юм. Гэвч бас хөдөө нутагт “Алтан зул” цэцгийн зураг авч явахад Монгол лам ч таарсан билээ. 

Би л болсон хойно, номхон томоотой явах биш, элдвийн юм асууж сурж, зөрж маргаад хүнд яршиг болох нь олонтаа. Түүнээс ойлголцохгүй, бүтэхгүй бол өөрөө ч бухимдаад хамт яваа хүмүүстээ ч лай болох. Бурниновгуай Халимгийн сэтгүүлч зохиолчидтой уулзуулна гээд, Цагаанзам гуай хориглоод дунд би шийрэгнэх. Элдэв долоон юм донгосч магадгүй гэж болгоомжилдог биз. 

Халимагт шажин буураагүй цагт, Октябрийн хувьсгалын өмнөхөн “Жавзандамбын хараал” хэмээх нэгэн лүндэн гарч ирээд “алга болжээ”. Хамгийн сүүлд Номт Очиров 1915 оны орчим энэ лүндэнг чулуун бараар цөөн хэвлэсэн нь олдохгүй болжээ. Тэр лүндэнд цөвүүн, муу цаг ирэхийг сануулж байжээ. 

Хэдэн жилийн өмнө бурханч Пүрэвбат ламтай Аглагийн хийдэд нь ярилцаж байхад лүндэнгүүдээс “Торгуудын хараал” гэгч олдохгүй байна гэж байсан. Тэгэхэд Торгуудын хараал бус Жавзандамбын хараал гэж лүндэн байсан гэсэн, магадгүй Зүүнгараас хожуу очигсод Халимагт авч одсон байж магадгүй, Галдан бошигтын Халхад хийсэн түйвээнтэй холбоотой тийм нэр, лүндэн тархсан байж магадгүй гэхчлэн ярьж байсан билээ. Би бас Халимагт битүүхэн энэ лүндэнг сурж явсан боловч Төвөд хэл дээрх лүндэн байтугай хуучны ном судар олдохуйяа бэрх, халимаг хэлний хэвлэл ч ховор живэр нь илт байв. Миний таамаглах нь олон хувилбараар тархсан Богдсын лүндэнгийн нэг байх магадгүй юм. Лүндэнгүүд дэх дүрслэлүүд Халимгийн ард түмний XX зуунд туулсан зовлонг ширхэгчлэн өгүүлэх мэт санагдаж болох үндэстэй.

Үнэндээ хуучны Төвөд үсгийн судар байтугай олдохгүй, харин хуучин номын худалдаанаас Жангарын 550 жилийн ойгоор халимаг хэлээр хэвлэсэн “Жангар” тууль арай гэж хоёрыг олж авснаас хэтэрсэнгүй билээ.

Хэрэв анзаарвал шарын шажин дэлгэрэхээс өмнөх үеийн домог яриа ч сонсогдоно. Жангарын туулийн “Энэ олон бурхдын шажин дэлгэрсэн цагт...” гэдэг мөр “Энэ олон бурхдын шажин дэлгэрээд үгүй цагт...” гэж байсан ч гэлцэнэ. 

Чухам өнөөгийн Халимгуудын цусанд Ойрадын, торгууд голлосон бусад аймгийнхны дээрээс хуучин Их Ногайн мангуд зэрэг монгол аймгуудын цус ч урсан буцалж буй юм. Ижилийн эрэгт ирээд Ногайн их, бага хоёр аймгийг Хо өрлөгийн хоёр хөвгүүн эвээр нэгтгэсэн байдаг. Ирж дайтаад ялсан торгууд ноёдоос мангуд нар “Нэгэн үндэстэй атал биднийг ингэх чинь юув?” гэж асуусан гэдэг. “Хэрэв хадаг бариад тоссон бол байлдах хэрэг юун, жад бариад чичвэл бид ч бас тэгэх биш үү?” гэлцээд Халимгийн овгууд Ногайн монгол овгуудыг хувааж нэгтгэсэн гэдэг. 

МНТ-д эрийн эр болсон, цусан тоногчин гэгддэг мангуд л даа. Халимагийн овог бүрийн тухай уриа, цол байх. Мангудын магтаалтай ижил магтаал торгуудын яргачин эрхтэнд овогт (элкэн) байх юм. “Эрхтний хөвгүүн бүстэйгээ хонодог, эмээлт морь нь тохоотой хонодог” гэх энэ уриа Түрэгийн янычаруудын “Бид мориндоо эмээлтэй, бүсэндээ сэлэмтэй хонодог” гэх домог яриатай ижил.

Алтан ордын бууринаас салаалж салбарласан олон аймаг улс дунд нүүдэллэн очоод оршин үлдэхийн тулд эр цэрэг, баатар дайчдаас гадна үр хүүхэд, удам судраа ч хамгаалах ёстой байж. Удам судраа өөрөөсөө муу төрөх вий гэж хүүхдээ хөнөөдөг баатар эрийн үлдсэн ганц хөвгүүний тухай хамар шархирам домгийг ”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс сонсож, үзэх тулорхиё! Басхүү ”Хэрээний өндгийг үүрэнд нь авдаг, Хэрэйдийн хөвгүүнийг өлгийд нь алдаг” гэх үг ч айдас төрүүлнэ... 

Гэснээс үүнтэй адил нэгэн сонин домог сонсов. Халимаг-торгууд доройтож, гай гамшиг нүүрлэхэд магнайдаа нэг нүдтэй хүүхэд төрнө, тэр хүүхэд зовлонгоос зайлуулна гэж ярьдаг байжээ. Халимагийн хууч мэдэх хөгшдийн үзэхээр Дөрвөн ойрд бол Дува сохорын дөрвөн хүүхдийн удам агаад Торгууд бага хүү Эрхийн удам аж. Тэр дахин төрөх хүүхэд бол дөрвөн Ойрдын эцэг Дува сохорын дүр агаад ахин төрсөн цагтаа аюул гамшгаас үр хүүхдээ хамгаалах учиртай ажээ.

1910 онд Халимагт, бүр аялан бүхүй Хошуудын улуст яг тийм хүүхэд төрсөн гэнэ. Гэтэл тэр цагт лам нар тийм хүүхэд төрж магадгүй, хэрэв төрвөл эхийн нь сүүг амлуулалгүй авчир гэж зарласан байжээ. Тэр ёсоор хүүхдийг төрмөгц хийдэд хүргэсэнд “эхийнхээ уураг амлаагүй бол бид дийлэх” гээд салаа замын дунд том ширмэн тогоогоор хөмрүүлж дараад, дээр нь их гал түлж хүүхдийг хөнөөжээ. Тэр хүүхэд уйлахад ширмэн тогоо хангинаж, дэргэдэх хүмүүсийн чихний хэнгэрэг хагарах шахам дуу хадаасанд чихээ таглаад зугтаж байж гэнэ. Гэтэл нэгэн унага давхин ирж, хүмүүсийн дундуур дайран хүүхдийг гаргахаар өнөө ширмэн тогоог туурайгаараа цавчилсан ч тогоо эргэсэнгүй аж. Тэгээд унага зугтаж одоход барьж авч чадсангүй гэнэ. Хожим үзтэл тогоон дээр унаганы цавчсан мөрөөр алтан судал татсан байжээ...

Дараа нь мөн тийм хүүхэд 1926 онд Шинжааны торгуудын дунд бас төрсөнд мөн ёсоор хөнөөжээ. Түүнээс их гай гамшиг нүүрлэж, Халимгийн ард түмний 100 жилийн амар амгалан эцэс болж коммунист засаглал, иргэний дайн, Ижил мөрний их өлсгөлөн, дэлхийн хоёр дайн, Сибирийн цөллөг зэрэг их гай гамшиг Халимгийн ард түмэнд нүүрлэжээ. 

Харин Алтайн торгуудын дунд мөн л тэр цагаас их тахал гарч, Баруун Цонж, Тэнгэр уул хүрсэн их нүүдлүүд, Шинжааны үймээн, Хасгийн бослого, Байтагийн тулаан зэрэг олон гамшиг нүүрлэжээ. Харин “Жавзандамбын хараал” лүндэнд одоо бодоход сайн нь энэ бүхний дараа урьд өмнийн хараалыг элдэн дуусч, торгууд хамаг олон бүгдээр амар жаргаланг үзэж, баян сайхан амьдрах сайн цагтай золгоно гэсэн байжээ. Алс тэртээх Ижилийн эрэг, Алтайн хооронд 400 жилийн өмнө хагацан салсан нэгэн аймаг-улсын олны дотор энэ мэт үл үзэгдэм хувь тавилангийн хэлхээ холбоо оршсоор байсан нь гайхалтай. Өдгөө ч Халимгууд өөд бологсдоо “Алтай давж одлоо” гэж ярьдаг аж. Эх түүхийн улбаа, их гүрний үр саданг холбосон далд шижим тасрахгүй ажээ.

Чухамхүү энэ шалтгаанаар Ижилд очоод буцаж, Их хүрээнд тогтсон Зонхова гэгээний дүрийг хувилан залахыг сайн цагийн эхэн гэж Халимагууд хүсэх мэт ээ... Буян номын мөрийг бузгай илүү бичихийг хичээвч тасарсан мах, үсэрсэн цус болсон энэ ард түмний түүх эрхгүй дайны түүх рүү зална. Халимагуудад өөрийн төлөө бус Оросын төлөө дайтах хувь тавилан оногдсон юм. Тиймээс тэд энгэртээ эрхитэй, эмээлдээ цаламтай дөрвөн зууныг өнгөрөөжээ...


(Үргэлжлэл бий)